info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-14

Дугаар 116

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатарыг  оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Тус хуралдаанаар иргэн А.Ш-ийн өргөдлөөр, ... шүүхийн Ерөнхий шүүгч М.Б-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Илтгэгч гишүүн Х.Хашбаатар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

 Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар би,  иргэн А.Ш-аас  ... шүүхийн Ерөнхий шүүгч М.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

Сахилгын хэргийн талаар:      

Өргөдөл гаргагч А. Ш-гаас 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Шүүхийн сахилгын  хороонд гаргасан өргөдөл /гомдол/-дөө:

"...... шүүхийн Ерөнхий шүүгч М.Б нь нэхэмжлэлийг буцаасан захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн ...захирамжийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх, ашигт үйлчилсэн ...албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж", "...Ерөнхий шүүгч М.Б- нь хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хууль зөрчин хүчингүй болгож, нэхэмжлэгч талд дахин давуу байдал бий болгосон ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгийг худал тайлбарлаж ...нэхэмжлэгчийн эрх, ашигт нийцүүлэх зорилгоор дахин хүчингүй болгон шийдвэрлэж", "...Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох, мөн хуулийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн", "...мөн хууль дээдлэх зарчим болон Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ гэснийг, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.1-д шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэйг тус тус зөрчсөн" гэжээ.

 ... шүүхийн Ерөнхий шүүгч М.Б-д 2021 оны 06 дугаар сарын 28-ны, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн хариу тайлбартаа:

1.Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй О.Х-ын нэхэмжлэлтэй, А.М-д холбогдох, иргэний хэрэгт шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд гомдол гаргасан.

Шүүх гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гомдлыг хянан хэлэлцэж, мөн зүйлийн 171.1.3-т зааснаар шүүхийн ... дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд миний бие уг гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг даргалсан.

2.Мөн тус иргэний хэрэгт шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар уг захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан журмын дагуу 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасан.

Шүүх гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан журмын дагуу 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гомдлыг хянан хэлэлцэж, мөн зүйлийн 171.1.3-т зааснаар шүүхийн ... дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд миний бие уг гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг даргалсан.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... дүгээр тогтоолын 5-д, мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүхэд нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, гомдол, даалгавар, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам"-ийн 18-д, мөн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тогтоолын 1-д, мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам"-ийн 18-д тус тус заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан журмын дагуу гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилж, Ерөнхий шүүгч гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг даргалж байхаар тогтоосон.

Ийнхүү дээрх тогтоолын дагуу нэхэмжлэлийг буцаасан болон хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжуудад гаргасан гомдол надад хуваарилагдаж, миний бие гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг даргалсан.

Шүүгчийн дээрх 2 захирамжийг хүчингүй болгосон шүүхийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, миний бие гомдлыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн буюу даргалагчийн хувьд дээрх шийдвэрүүдийг гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, ашигт үйлчлээгүй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, нэхэмжлэгчид давуу байдал бий болгоогүй, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Мөн хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ гэснийг зөрчөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүргийг мөн зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, миний бие гомдолд дурдсанчлан Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, мөн хуулийн 50.1.23 дахь хэсгийг, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 3 дугаар зүйлийн 3.3.1 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй. Иймд гомдолд "...Ерөнхий шүүгч М.Б нь нэхэмжлэлийг буцаасан захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн", "...Ерөнхий шүүгч М.Б нь хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг мөн л хууль зөрчин хүчингүй болгож" гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр А.Ш-ийн гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны талаар:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаар захирамжаар шүүгч М.Б-д сахилгын хэрэг үүсгэн, дараах ажиллагааг явууллаа.

            1.Шүүгч М.Б-д сахилгын хэрэг үүсгэсэн гишүүний захирамж, оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримт гардуулж,  оролцогчийн хариу тайлбар, хавсралт материалын хамт нотлох баримтын шаардлага хангаж ирүүлсэн,

2.2022 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дугаартай гишүүний нотлох баримт гаргуулах, үзлэг хийх даалгавар бүхий захирамжийн хүрээнд Иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл эдгээр болно. 

Сахилгын хэрэг шалгах ажиллагааны дүгнэлт:

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл, мэдээлэл гишүүдэд хуваарилагдсан тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан талаар гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл,

1. О.Х-ын нэхэмжлэлтэй, А.М-д холбогдох, иргэний хэрэгт шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд гомдол гаргажээ.

Шүүх гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гомдлыг хянан хэлэлцэж, мөн зүйлийн 171.1.3-т зааснаар шүүхийн ... дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2. 2022 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дугаартай гишүүний нотлох баримт гаргуулах, үзлэг хийх даалгавар бүхий захирамжийн хүрээнд Сахилгын хорооны Ажлын албаны ахлах шинжээч Э.Марал үзлэг хийхэд:

“С.Х-ын нэхэмжлэлтэй, А.М-д холбогдох 1 хавтас, 245 хуудастай иргэний хэргийн 90 дэх талд ... шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хэргийн болон бусад оролцогчдод шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13.30-д болохыг мэдэгдсэн байна. Хавтаст хэрэгт 2020 оны 10 дугаар  сарын 30-ны өдрийн өдрийн шүүх хуралдаан болон шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн хүсэлт байхгүй.  Хавтаст хэргийн 96 дах талд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. Энхбатаас ... шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан гомдол байх ба гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд өөрөө оролцоно гэж гомдолдоо дурдсан байна. Хавтаст хэргийн 103 дах талд гомдол хэлэлцэх шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт байна. Уг баримтад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат нар нэхэмжлэгч  талын эзгүйд  гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэж тэмдэглүүлсэн байна. Хавтаст хэрэгт 2020 оны 11 дугаар  сарын 24-ний өдрийн өдрийн шүүх хуралдааны  болон шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн хүсэлт байхгүй” гэжээ.

3. О.Х-ын нэхэмжлэлтэй, А.М-д холбогдох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан Баянгол дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.К-ийн  2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамж гарсан,  хуралдааны товыг  зохигчид болон тэдгээрийн өмгөөлөгчид мэдэгдсэн баримт байх бөгөөд , нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шийдвэр үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд гомдол гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гомдлыг хянан хэлэлцэж, мөн зүйлийн 171.1.3-т зааснаар шүүхийн ... дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ: ҮНДЭСЛЭХ хэсэгт ... “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгааны  улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 433 дугаар тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх учир дутагдалтай байна” гэж агуулгын хувьд зөрчилтэй, ойлгомжгүй, илт үндэслэлгүй шийдвэр гаргажээ.   

4. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч энэхүү дүрмийг зөрчсөн бол Шүүгчийн  эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээнэ”, 2-т “Зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ” гэж заасан.

2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  Монгол улсын  Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйл 1. Шүүгч нь хүний эрх, эрх чөлөөг, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг  сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх,  зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ, 3.2 дугаар зүйлийн 1. Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна, 3.3 дугаар зүйлийн 1. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй . гэсэн заалтыг  тус тус зөрчсөн байх тул ... шүүхийн Ерөнхий шүүгч М.Б сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.  

5.Уг дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1. Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байх тул  шүүгч М.Б-д холбогдох  сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа өнгөрсөн  байх тул тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Сахилгын хорооны гишүүний ... шүүхийн Ерөнхий шүүгч М.Б-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг бүрэлдэхүүн хянаад, илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

1. ... шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар О.Х-ын нэхэмжлэлтэй, А.М-д холбогдох нэхэмжлэлийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг удирдлага болгон “... нэхэмжлэгч ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй”  гэж  үндэслэн, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар хуульд заасан журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд гомдол гаргасныг ... шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн  ... дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байна.

Өргөдөл гаргагч А.Ш-, "...... шүүхийн Ерөнхий шүүгч М.Б- нь нэхэмжлэлийг буцаасан захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн ...захирамжийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэн” гэжээ.

Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гомдлыг хянан хэлэлцэж, мөн зүйлийн 171.1.3-т зааснаар шүүхийн ... дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ: ҮНДЭСЛЭХ хэсэгт ... “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгааны  улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 433 дугаар тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх учир дутагдалтай байна” гэж агуулгын хувьд зөрчилтэй, ойлгомжгүй, илт үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: ... шүүхийн  2020 оны 11 дүгээр сарын 24-ний ... дугаар тогтоолд “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгааны  улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 433 дугаар тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна” гэсэн байх ба сахилгын хэрэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 433 дугаар тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байх ба уг баримтыг үндэслэж 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн тогтоол гарсан нь хууль зөрчөөгүй, шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.  

2. Өргөдөл гаргагч, ...2021 оны 4 дүгээр сарын 07-оны өдрийн зарлагдсан шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, С.Х-оос гаргасан нэхэмжлэлийн үндэслэл буюу ... өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

“... Гэтэл  ... шүүхийн Ерөнхий шүүгч М.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг илт худал тайлбарлаж, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн захирамжийг нэхэмжлэгчийн эрх ашиг нийцүүлэх зорилгоор дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад өргөдөл гаргагчийн өргөдөлдөө дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна.

... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай   тогтоолын баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Б- 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолтой гомдол хянан шийдвэрлэх тухай шүүх хуралдааны даргалагчаар томилогдсон байна.

Иргэний хэргийн гуравдагч этгээд болох А.Ш ... дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 46 дугаар байр, 99 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг өөр этгээдэд өвлүүлсэн нотариатчийн хууль бус үйлдлийг шалгуулахаар өргөдөл гаргажээ. Үүнийг үндэслэн, ... шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04792 дугаар захирамжаар дээрх иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улмаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” заасан. Тус захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн, ... шүүхийн  2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолтой гомдол хянан шийдвэрлэх хуралдаанаар эрүүгийн журмаар шалгаж байгаа хэрэг нэхэмжлэгч болон хариуцагчийн харилцаанаас үүссэн иргэний маргаантай холбоогүй гэж үзэж шийдвэрлэсэн нь иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

... шүүхийн Ерөнхий шүүгч М.Б-д холбогдуулсан тус шүүхийн  2020 оны 11 дүгээр сарын 24-ний ... дугаар тогтоолтой холбоотой үйл баримт 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээг хэрэглэх ба уг хуулийн хүрээнд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгч хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан байх тул шүүгч М.Б нь тус хуулийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгч М.Б-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох  гишүүний санал нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэн А.Ш-гийн өргөдлөөр ... шүүхийн Ерөнхий шүүгч М.Б-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаар сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                     С.ЭНХТӨР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН