
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-09-21
Дугаар 116
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох” саналд: Өргөдөл гаргагч нар үндэслэлээ Ц.Э-гийн нэхэмжлэлтэй, Л.Д-д холбогдох “гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгийн оногдох хувь хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид холбогдуулан тодорхойлсон байх бөгөөд шүүгч Р.Үүрийнтуяа шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан, хахууль авсан байж болзошгүй гэжээ.
Гомдол шийдвэрлэх хуралдааны “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай” 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн СХТ/2026/0060 дугаар тогтоолд:
“...Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Э-гийн нэхэмжлэлтэй, Л.Д-д холбогдох “гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгийн оногдох хувь хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж байх хугацаанд хариуцагч Л.Д-аас “нэхэмжлэгч Ц.Э-г хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тусдаа амьдрахыг даалгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг шүүгч Р.Үүрийнтуяа 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дүгээр захирамжаар хангаж, хариуцагчаас тусдаа амьдрахыг нэхэмжлэгчид даалгажээ.
Уг үйл баримттай холбогдуулж “ ...нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн” гэх өргөдлийг холбогдох нотлох баримтад тулгуурлан шалгах шаардлагатай бөгөөд илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзахдаа гагцхүү өргөдөлд дурдагдсан үйл баримтаар дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзлээ.
Түүнчлэн, шүүгч захирамжийн үндэслэлдээ зөрчлийн хэрэгт авагдсан баримтыг үнэлсэн талаараа дурдсан ба уг зөрчлийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан талаар өргөдөлдөө дурджээ.
Иймд зөрчлийн хэргийн гэм буруу нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй баримтыг үнэлсэн гэх шүүгчийн ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Мөн өргөдлийн “шүүгч хүсэлт шийдвэрлэх үедээ нэхэмжлэгч талын хариу тайлбарыг авч үзээгүй” гэх үндэслэлийг шалгаж дүгнэх шаардлагатай гэж бүрэлдэхүүн үзлээ” гэжээ.
Уг тогтоолд холбогдуулан өргөдөл гаргагч нараас 2026 оны 07 дугаар сарын 03, 08-ны өдөр “...“Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай" 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №СХТ/2026/0075 дугаартай тогтоолын Үндэслэх хэсэгтээ хуралдаан даргалагч гишүүн Д.Мягмарцэрэн болон Д.Эрдэнэчулуун гишүүн нар нь гомдол гаргагч миний гомдол хэлэлцэх хурал дээр дурдаж, мэдэгдэж ярьсан 3 зөрчлөөр шалгах ажиллагаа явуулахыг бичилгүй орхигдуулсан байх тул эдгээр зөрчлүүдээр зайлшгүй шалгах ажиллагаа явуулж, 2026.06.04-ний №СХТ/2026/0075 дугаартай тогтоолд засвар хийж, нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус ирүүлсэнд, даргалагч гишүүний 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/160 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн нь сахилгын хэрэгт /с.х-ийн 192-196 дахь тал/ авагдсаныг тэмдэглэв.
Өргөдөл гаргагч нараас ирүүлсэн өргөдлийн зарим хэсэг буюу “шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтаар үнэлсэн, хариуцагчийн хүсэлтийг хангаж, гэр бүлийн зөрчлийн хэргийн хохирогч буюу нэхэмжлэгчийг хариуцагчаас тусад нь амьдруулахыг даалгаж шийдвэрлэсэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дүгээр шүүгчийн захирамж нь хууль зөрчсөн, уг шийдвэрт гомдол гаргах эрхийг хангаагүй, шүүгчийн туслах н.О-т албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсний улмаас ажлын бус цагаар шийдвэр гардуулсан” гэх үндэслэлээр шалгах ажиллагаа явуулж, улмаар шүүгч Р.Үүрийнтуяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний саналыг Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2024/0130 дугаар магадлал /с.х-ийн 230-248 дахь тал/-аар сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “... Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан нь хүчин төгөлдөр эрхийн актаар тогтоогдсон үйл баримт байхыг ойлгох тул өргөдлийн давхцаж буй агуулгад дахин дүгнэлт өгөхгүй.
Тус хороонд ирүүлсэн өргөдлийн давхцаагүй агуулга болон тогтоолд дурдсан үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан одоо тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяад холбогдох сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Ц.Э-гийн нэхэмжлэлтэй, Л.Д-д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, дундын хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэл /с.х-ийн 79-80 дахь тал/, хүсэлт /с.х-ийн 83 дахь тал/, тайлбар /с.х-ийн 113-119 дахь тал/ хариуцагчийн хариу тайлбар болон хүсэлт /с.х-ийн 96-98 дахь тал/-д хэргийн оролцогч нарын хооронд удаа дараагийн маргаан, зөрчил үүссэн талаар талуудын хэн аль нь тодорхой дурдсан, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” ... дүгээр шүүхийн шийдвэр, зөрчлийн 2225000636 дугаартай хэрэгт авагдсан баримтаас гаргуулан ирүүлсэн баримт, талуудын өмчлөлд буй гэх үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь уг иргэний хэрэгт авагдсан байна.
Маргаан бүхий иргэний хэргийн хариуцагчаас гаргасан “нэхэмжлэгч Ц.Э-г хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тусдаа амьдрахыг даалгаж өгнө үү” гэх хүсэлтийг шүүгч Р.Үүрийнтуяа “гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, бусад нөхцөл байдлын хувьд хохирол учруулж болохоор байх тул” хэмээн дүгнэж, “хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагч Л.Д-аас тусдаа амьдрахыг нэхэмжлэгч Ц.Э-д даалгаж” 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ.
Уг захирамжийн “Үндэслэх нь” хэсэгт “хариуцагч Л.Д-д ... дугаар шүүхийн шийтгэврээр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Эд агсам тавьж, цээж тус газарт 2 удаа цохиж, архины шил хагалаад ална гэж орилж, хашгирсан” зөрчил үйлдсэн үндэслэлээр ...шийтгэл оногдуулсан нь тогтоогдож байна..., Мөн Ц.Э, Г.З нарын гомдлоор хариуцагч Л.Д-ад холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь ... шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот албан бичгээр ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны тогтоол, Ц.Э-гийн өргөдөл, гэрч, хохирогчдоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны санал зэрэг баримтуудаар тогтоогдож байна” хэмээн дурдсан байна.
Ийнхүү зохигчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэсэн, хууль зүйн үндэслэлээ тодорхой дурдан тайлбарласан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.
Шүүхэд ирүүлсэн баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтад агуулагдаж буй мэдээллийн уг маргаанд хамааралтай байдал, тухайн баримтаар ямар нөхцөл байдлыг тогтоож байгааг зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч үнэлж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 -т заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэх зөрчилд хамаарахгүй.
Тодруулбал, шүүгч хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн, шийдвэр гаргах эрх хэмжээ гагцхүү шүүгчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид олгосон онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хэргийн оролцогчийн гаргасан гомдлын дагуу гагцхүү эрх бүхий этгээд нь хянах бүрэн эрхтэй.
Шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч…” гэдэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хуурамч байсан, орчуулга худал ташаа байсан, эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь зохих журмын дагуу шалгагдан тогтоогдож гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүгч Р.Үүрийнтуяа шийдвэрлэхдээ иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан үйлдлийн улмаас шийтгэл хүлээсэн, дахин зөрчилд холбогдон шалгагдаж буй нөхцөл байдал үүссэн, хариуцагчийн өмчлөлд өөр үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй орон сууц байгаа гэх зэрэг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүгч дүгнэлт өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг хэргийн оролцогч эдлэх бөгөөд түүний шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ дурдсан үндэслэл, гаргаж ирүүлсэн цаг хугацаа зэрэг үйл баримтаар шүүгчийг буруутгах боломжгүй.
Монгол Улсад эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнасан шүүхүүд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлан зохицуулсан хуулийг хэрэглэж, шийдвэр гаргадаг бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан үндэслэл журмаар эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын нэг хэлбэр нь “ял” юм.
Иймд иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шийдвэр нь “ял оногдуулах” гэх ойлголтод хамаарахгүй.
Сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар холбогдох шүүгч, хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй байх ба хэргийн нэг талд давуу байдал олгосон эсхүл ялгаварласан гэж дүгнэх нөхцөл байдал бий болоогүй нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэрлэн заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчлийг сахилгын зөрчил гэж үзэх бөгөөд зөвхөн уг хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.6. ”авлигын холбогдолтой өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгах”, 18.4.7. ”хуулиар харьяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах” гэж заасан чиг үүрэг Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй ба “авилга авсан байж болзошгүй” гэх үндэслэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтад хамаарахгүй.
Дээрхийг нэгтгэвэл, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүгч Р.Үүрийнтуяа ирүүлсэн тайлбартаа “...“Нэхэмжлэгч Ц.Э, гуравдагч этгээд Г.З нарын шүүхийн Сахилгын хороонд гаргасан гомдолтой хэрэгт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, надад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэхээр шийдвэрлэсэн 75 дугаар тогтоолыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гардаж аваад тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Э, гуравдагч этгээд Г.З нар "...шүүгч Р.Үүрийнтуяа нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дүгээр хүсэлт шийдвэрлэсэн буюу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагч Л.Д-аас тусдаа амьдрахыг нэхэмжлэгч Ц.Э-д даалгаж" шийдвэрлэсэн захирамжтай холбогдуулан хариуцлага тооцуулахаар гомдол гаргажээ.
Намайг анхан шатны шүүхэд ажиллаж байх үед буюу 2021 оны 08 дугаар сарын 22-нд нэхэмжлэгч Ц.Э шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаас хойш зохигчдын хүсэлтээр хүсэлт шийдвэрлэж, одоог хүртэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй 5 жил шахам хугацаа өнгөрчээ.
Шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д Илтгэгч гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана: 104.1.2-д өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа гэж заажээ.
Гуравдагч этгээд Г.З 2023 оны 12 дугаар сард мөн ...хариуцагч Л.Д-аас тусдаа амьдрахыг нэхэмжлэгч Ц.Э-д даалгаж шийдвэрлэсэн ... дугаар захирамжтай холбогдуулан "....нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай захирамжийг гаргуулахад хүчин зүтгэсэн Л.Д, түүний өмгөөлөгч Д.О, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Х-тай холбоотой ноцтой сахилгын зөрчлүүд үйлдсэн..." гэсэн агуулгаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Х нарт холбогдуулан гаргасан өргөдлийг сахилгын хороо хянаад 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/0133 захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, Д.А шүүгчид холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 2024/0003 нотлох дүгнэлт гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2024/0130 дугаар магадлалаар шийдвэрлэж, нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэхдээ "...нөгөө талаар, шүүгч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэх нь түүнд хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж зааснаар тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан тоотоор ирүүлсэн баримтыг шүүгч Р.Үүрийнтуяа үнэлж захирамж гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй... гэж дүгнэсэн.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт бүрийг нөгөө талд танилцуулж, тайлбар авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулдаг бөгөөд Л.Д-аас тусдаа амьдрахыг нэхэмжлэгч Ц.Э-д даалгах тухай хүсэлтийг нэхэмжлэгч Ц.Э-д танилцуулсан, тэрээр хүсэлттэй холбоотой тайлбар гаргасан нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай захирамжаар нотлогдож байгаа болно.
Иймд нэхэмжлэгч Ц.Э, гуравдагч этгээд Г.З нарын шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн Сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2024/0130 дугаар магадлал хүчин төгөлдөр байгаа тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Г.З, Ц.Э нараас “...Үүрийнтуяа шүүгч нь нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулсан, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёсгүй, гэм буруу нь шүүхээр тогтоогдож, шийдвэрлэгдэж дуусаагүй хэргийн нотлогдоогүй баримтуудыг “урьдаас хөдөлбөргүй үнэн” гэж иргэний хэрэгт шууд нотлох баримтаар хүлээж авч, үнэлж, түүнд үндэслэж шийдвэр гаргаснаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана", 40 дүгээр зүйлийн 40.1-т "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", 40.3-д "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй", 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна", Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "Хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх", 4.1.4-т "Шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах", 50 дугаар зүйлийн 50.1.1-т "Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох" гэсэн заалтуудыг тус тус маш ноцтойгоор зөрчсөн нь нотлогдож байна.” гэх агуулгаар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяад холбогдуулан гаргасан өргөдөлд илтгэгч гишүүн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ГЗТ/2026/0082 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Тус захирамжийг эс зөвшөөрч гаргасан өргөдөл гаргагчийн гомдлыг Гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцээд, 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн СХТ/2026/0075 дугаар тогтоолоор “...өргөдлийг нөхцөл баримтад тулгуурлан шалгах шаардлагатай бөгөөд илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзахдаа гагцхүү өргөдөлд дурдагдсан үйл баримтаар дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзлээ. ...зөрчлийн хэргийн гэм буруу нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй баримтыг үнэлсэн гэх шүүгчийн ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй. Мөн өргөдлийн “шүүгч хүсэлт шийдвэрлэх үедээ нэхэмжлэгч талын хариу тайлбарыг авч үзээгүй” гэх үндэслэлийг шалгаж дүгнэх шаардлагатай...” гэж дүгнэн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэсний дагуу илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2024/0130 дугаар магадлалаар дээрх өргөдөлтэй ижил агуулга бүхий Г.З-ийн өргөдөлтэй шүүгч Р.Үүрийнтуяад холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэж, шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул илтгэгч гишүүн өргөдлийн давхцаж буй агуулгад дахин дүгнэлт өгөхгүй гэсэн нь үндэслэл бүхий байна.
Мөн илтгэгч гишүүн өргөдлийн давхцаагүй агуулга болон тогтоолд дурдсан үндэслэлээр шалгах ажиллагаа явуулан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.
Тодруулбал, Ц.Э-гээс Л.Д-ад холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд “гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүгч Р.Үүрийнтуяа хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан байх ба шүүгч 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дүгээр захирамжаар “...хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагч Л.Д-ад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 239 дүгээр шийтгэврээр “гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Э-д агсам тавьж, цээж хэсэгт 2 удаа цохиж, архины шил барьж хагалаад ална гэж орилж, хашхирсан” зөрчил үйлдсэн үндэслэлээр 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан болох нь 239 дүгээр шийтгэврээр нотлогдож байна. Мөн Ц.Э, Г.З нарын гомдлоор Л.Д-ад холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот албан бичгээр ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, Ц.Э-гийн өргөдөл, гэрч, хохирогч, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны санал зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлийн эрүүл мэнд /бусад нөхцөл байдлаар/-ийн хувьд хохирол учруулж болохоор байх тул” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т заасныг баримтлан хариуцагч Л.Д-аас тусдаа амьдрахыг нэхэмжлэгч Ц.Э-д даалгаж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шүүгч хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хянан шийдвэрлэснийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг харгалзан, өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргах нь түүний хараат бус бүрэн эрхэд хамаарах бөгөөд Шүүхийн сахилгын хороо шүүгчийн захирамжийг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй.
Энэ талаарх илтгэгч гишүүний “...Ийнхүү зохигчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэсэн, хууль зүйн үндэслэлээ тодорхой дурдан тайлбарласан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ. Шүүхэд ирүүлсэн баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтад агуулагдаж буй мэдээллийн уг маргаанд хамааралтай байдал, тухайн баримтаар ямар нөхцөл байдлыг тогтоож байгааг зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч үнэлж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэх зөрчилд хамаарахгүй. Тодруулбал, шүүгч хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн, шийдвэр гаргах эрх хэмжээ гагцхүү шүүгчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид олгосон онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хэргийн оролцогчийн гаргасан гомдлын дагуу гагцхүү эрх бүхий этгээд нь хянах бүрэн эрхтэй.” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байх ба аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдгийг дурдах нь зүйтэй.
Иймд, илтгэгч гишүүний Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ГС/2026/0092 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
БҮРЭЛДЭХҮҮН С.ЭНХТӨР
Д.МЯГМАРЦЭРЭН