
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-10-13
Дугаар 119
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаярыг оролцуулж, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Маралаар тэмдэглэл хөтлүүлэн, тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндуламд холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2026/0096 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүний тус саналд:
“...1. Өргөдөлд “...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлах хуулийн цаг дээр “бие чинь гайгүй юу, зүгээр үү, согтуу юм уу” гэж 3 удаа таслан зогсоосон дарамт үзүүлсэн...” гэсэн.
Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээс үзэхэд, хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, өмгөөлөгч М.У нар оролцсон байх ба 0:06:23-0:12:22 хормоос, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага тайлбарласан үйл баримт тогтоогдоно.
Бичлэгийн 0:12:22-00:12:28 дахь хэсэгт, даргалагч “ ... та ингэхэд хэвийн байна уу, зүгээр байна уу, эрүүл мэндийн хувьд асуудал байна уу гэсэн,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Юм аа л ярьж байна гэхэд
Даргалагч: Ер нь орж ирсэн цагаас хойш, өмнөх хуралдаанаас шал өөр байгаад байна л даа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байна уу, үгүй юу гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үгүй гэв.
Даргалагч: Байхгүй байгаа юу гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үгүй, би даруухан л байна ш дээ. Даруухан л юмаа яриад дуусгачихъя гэсэн чинь болох юм уу, дуусгаж болох юм уу гэсэн,
Даргалагч: Өмнөх хуралдаан дээр байсан биеийн байдал, хэлэмжээс өөр байгаа болохоор би таныг биеийн эрүүл мэндийн байдал зүгээр байна уу гэж асууж байгаа юм. Хэрэв архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол түүнийгээ хэлнэ гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би даруухан юм аа ярьж байна. Ярьж болох юм уу, болохгүй юм уу гэхэд
Даргалагч: Даруухан гэдгийг юу гэж ойлгох юм. Та танхимд тогтоосон дэг журмыг сахих үүрэгтэй гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би ярьж л байна ш дээ. Яагаад намайг яриулахгүй байгаа юм гэв.
Даргалагч: Та өмнөх шүүх хуралдаан дээр оролцсон биеийн хэлэмж өөр байгаа учраас асуусан. Тийм зүйл байхгүй гэж байгаа бол үргэлжлүүлье гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Мэдэхгүй, би өөрийгөө тэгж ажиглахгүй байна гэв.
Даргалагч: За тайлбараа үргэлжлүүлье ... гэсэн нь тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан.
Өмнөх шүүх хуралдаанд оролцож байснаас өөр байдалтай байна гэх тул 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийж, харьцууллаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон байдлаас илтэд ялгаатай, зөрүүтэй гэхээргүй боловч яриа нь арай удаан, хэл нь /бага зэрэг/ орооцолдсон гэмээр үйл баримт ажиглагдана.
Шүүх хуралдааны танхимд, нэхэмжлэгч, хариуцагчийн өмнөөс шүүгч харж суусан байсан учраас шүүгч оролцогчийн биеийн байдлыг шууд ажиглах боломжтой, харин шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг нь шүүгчийн харуулсан болон хэргийн оролцогч нарыг дээрээс харуулсан байдлаар бичигдсэн тул оролцогчдын биеийн байдал, хөдөлгөөнийг хөндлөнгөөс (бичлэгээс) бүрэн гүйцэд тодорхойлж, дүгнэлт хийх боломжгүй байна.
Хуралдаан даргалагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биеийн байдлыг ажиглан, түүний оролцсон 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаантай харьцуулан лавлан асуусан нь шүүх хуралдааныг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх үүднээс тодруулсан шинжтэй, хэргийн оролцогчид дарамт, шахалт үзүүлсэн гэж үзэхээргүй байна.
Хуралдаан даргалагч шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хэргийн оролцогчийн тайлбар хэлэх эрхийг хязгаарласан, үл хүндэтгэсэн, тэдгээртэй зүй бус харьцсан гэх байдал тогтоогдсонгүй.
2. “ ... хэргийн материал шинжлэн судлах цаг дээр хавтаст хэргийн 15-р хуудсанд байх баримтыг бүхэлд нь мөнгөн дүнг уншиж өгөхгүй хариуцагч талд давуу байдал бий болгосон... гэх тухайд,
Дээрх шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн 0:15:49 хоромд даргалагч: Дараалал ёсоор нотлох баримтыг шинжлэн судлах буюу нэг бүрчлэн уншиж танилцуулна. Тухайн нэрлэн зааж баримтуудаас тухайлан уншиж судлуулах баримт байвал талууд мэдэгдээд явна гээд хэрэгт авагдсан баримтыг уншин танилцуулахад, талууд холбогдох хэсгийг шинжлэн судалсан.
Бичлэгийн 0:24:42 дахь хоромд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 17 дахь хуудас дахь баримтыг бүтэн уншиж судлуулъя, үнийн дүнг уншиж судлуулъя гэхэд даргалагч: Дизель түлш 2025 оны 10 сар гэж байна. тоо 1, нэгжийн үнэ 24,628,500 төгрөг захирал Я.Э гэсэн байна. “Б” ХХК нь 10 дугаар сарын 30-нийг хүртэл хэрэглэсэн шатахууны нэгдсэн дүн гээд Ш ХХК захирал Я.Э гэсэн байна.
0:35:43 дахь хоромд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би судлуулж болох уу гэхэд, даргалагч: за, та аль баримтыг судлуулах уу? гэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 17 дахь талд байгаа. Би өөрөө хардаг юм бил үү. Энэ 55 сая төгрөгтэй, алданги тооцсон баримт байгаа даа гэхэд даргалагч: 17 дахь талд нэхэмжлэх гэж байна. 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн огноотой. Зөв үү. Танд өөрт байгаа 17 дахь талынхаа баримтыг хардаа гэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би тэмдэглээд авсан байна гэхэд даргалагч: Огноо нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 24,628,500 төгрөгийн үнэлгээтэй нэхэмжлэх байна гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би өөрөө харж болох уу гэсэн /нарийн бичгийн дарга хэргийн материалыг нэхэмжлэгчид өгөхөд/ уншчих уу шүүгчээ 15 дахь талд байгаа юм байна гэхэд даргалагч: За, наашаа явуулчихаа. 15 дахь талд авагдсан баримтыг шинжлэн судлуулах юм уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм гэв.
Даргалагч: /Хэргийн материалыг аваад уншиж байна/. “Б” ХХК нь Өмнөговь аймгийн М авсан төлбөрийн үлдэгдэл болон алдангийн тооцоо гээд тооцоо гаргасан Б.М, захирал Я.Э, “Ш” ХХК-ны санхүү Говь-Алтай аймаг гээд тамга дарсан баримт байна. Үүнээс юуг судлуулах вэ гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бүх тоог нь гэв.
Даргалагч: Үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 55,962,200 хугацаа хэтэрсэн төлбөр 55,962,200, алданги 0,3 хувь 47,211,976 нийт 103,374,176. Тооцоотой танилцаж хүлээн зөвшөөрсөн гэсэн хэсэг нь гарын үсэг зурагдаж, тамга дарагдаагүй байна гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аан за гэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна” заасанд нийцүүлэн, шүүгч нь нотлох баримтыг нээлттэй шинжлэн судалж, талуудын мэтгэлцэх эрхийг хангах хууль ёсны үүргээ биелүүлсэн нь тогтоогдоно.
Өөрөөр хэлбэл нотлох баримтыг уншиж танилцуулах, шинжлэн судалсан нь (шүүх) шүүгчийн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй хэрэг бөгөөд үүнийг хэргийн оролцогчийн хэн нэгэнд давуу байдал олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
3. “ ... Албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан хөөж гаргана гэж алх цохисон, зэрэг шүүгчид хориглосон үйлдэл гаргасан. Настай хүн гэж ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн...” гэх тухайд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй” гэж тус тус заасан.
2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд, даргалагч шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хэргийн оролцогчийг үл хүндэтгэсэн, тэдгээртэй зүй бус авирласан, хөөж гаргана гэж алх цохисон үйл баримт шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй болно.
Харин шүүх хуралдааны явцад, нотлох баримт судалсны дараа асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Э өөрөө биечлэн оролцоно гэж хүсэлт өгсөн юм билээ. Тэгэхээр шүүх хуралдааныг хойшлуулъя гэж, ...би шүүгчээс татгалзаж байна ... туслахаасаа асуу ... зэргээр шүүх хуралдааныг дараалал дэг алдагдуулсан тул хуралдаан даргалагч шүүхтэй мэтгэлцэхгүй байхыг, хуралдааны дэгд захирагдахыг сануулж алх цохисон үйл баримт болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэг дуусах үед, үндэслэл хэлэлгүй шүүгчийг татгалзах, маргаж байгаа хуулийн этгээдийн захирлыг биечлэн оролцуулах хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны дараалал дэг алдагдуулсан үйлдэл болсон тул шүүгчээс дэг сахихыг анхааруулж алх хэрэглэсэнд шүүгчийг буруутгахгүй.
Нэгтгэн дүгнэвэл, холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдоогүй тул Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндуламд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүний шалгах ажиллагаа, сахилгын хэрэгт авагдсан баримтаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, маргаан бүхий иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, өмгөөлөгч М.У нар мэтгэлцэх эрхээ эдэлсэн нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайлан уншиж судлуулахаар нэрлэн заасан баримтыг шүүх хуралдаан даргалагч уншиж, танилцуулжээ.
Дээрхээр шүүгч Д.Янжиндулам нь нотлох баримтыг нээлттэй шинжлэн судалж, талуудын мэтгэлцэх эрхийг хангах хууль ёсны үүргээ биелүүлсэн байх тул илтгэгч гишүүн “шүүгчийн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй хэрэг бөгөөд үүнийг хэргийн оролцогчийн хэн нэгэнд давуу байдал олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэж зөв дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан ба хуульд заасан журмын дагуу алх хэрэглэсэн үйл баримтыг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй.
Иймд шүүх хуралдааны явцад, нотлох баримт судалсны дараа асуулт хариултын шатанд хэргийн оролцогчоос гаргасан “шүүх хуралдааныг хойшлуулах, шүүгчээс татгалзах” зэрэг хүсэлт гаргасанд холбогдуулан хуралдаан даргалагч хуралдааны дэг сахихыг сануулж алх хэрэглэсэнд шүүгчийг буруутгахгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасан.
Энэхүү “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах” гэсэн нь шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогчийг доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, бусдад илт сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц биеийн хэлэмж, үйл хөдлөл гаргах зэргийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгох ба, сахилгын хэрэгт авагдсан баримтаар холбогдох шүүгч зөрчил гаргасан гэх үйлдэл тогтоогдоогүй.
Дээрхийг нэгтгэвэл, илтгэгч гишүүний ГС/2026/0096 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг бүхэлд нь хүлээн авч шүүгч Д.Янжиндуламд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндуламд холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” ГС/2026/0096 дугаар саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Х.ХАШБААТАР