
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-10-15
Дугаар 122
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, өргөдөл гаргагч Я.Б /цахимаар/ нарыг оролцуулан хийж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ГС/2026/0098 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“Шүүгдэгч Я.Б, Г.С, А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2026/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.Б-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ял, шүүгдэгч Г.С-т нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 14 сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.М-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Б.Г болон Нийслэлийн прокурорын газраас давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тул хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
Тус эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалан, шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн байх ба даргалагчаар томилогдсон шүүгч холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу шүүх хуралдаан даргалах, хэргийн хөдөлгөөнийг удирдахтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.
Шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухайн үйлдэл, эс үйлдэл нь хувь шүүгчээс өөрөөс нь шууд хамаарах шалтгаант холбоотой байж зөрчилд тооцогдох учиртай тул холбогдох шүүгчийн тайлбарт: “...тухайн хурлыг даргалсан шүүгч Г.Ууганбаатар миний хувийн зохион байгуулалт тааруу, ажлын дадлага, туршлага дутуу зэрэгтэй холбоотой, ...шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгч нартай хугацаа хэтрүүлсэн асуудал огт хамааралгүй” гэснийг үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэрийг хүргүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9-д “Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар, эсхүл цахимаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна” гэж, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.17.2-т “шүүгчийн туслах шийтгэх, цагаатгах тогтоолыг гардан авах талаар хэргийн оролцогчдод мэдэгдсэн боловч, хуульд заасан хугацаанд гардаж аваагүй бол ... хаягаар хүргүүлэхээр бичиг хүргэгчид Баримт №12 хамт хүлээлгэн өгнө” гэсэн.
Сахилгын хэрэгт авагдсан Баримт №12а буюу “Шийтгэх тогтоол танилцуулсан, гардуулсан /хүргүүлсэн/ тухай баримтад тэмдэглэгдсэнээр 2026/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр улсын яллагч болон шүүгдэгч Я.Б нарт, бусад шүүгдэгч нар болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нарт 07 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүргүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор бичгээр гаргаж, гардуулан өгөхөөр байх атал шүүгдэгч Я.Б болон улсын яллагчид 2026 оны 07 дугаар сарын 09-ий өдөр гардуулж, хуульд заасан хугацааг 58 хоногоор хэтрүүлсэн байх ба ийнхүү хуульд заасан хугацаа хэтрүүлсэн алдаа гаргаснаа холбогдох шүүгч хүлээн зөвшөөрсөн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “Шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих" гэж заасан зөрчлийг гаргасан бол сахилгын шийтгэл оногдуулахаар байх бөгөөд уг сахилгын хэрэгт цугларсан баримтаар, холбогдох шүүгчийн гаргасан үйлдэл нь 60 хоногоос доош хугацаатай, нэг удаагийн зөрчил байна.
Иймд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан зөрчлийг гаргаагүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Ууганбаатар Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... би шүүгдэгч Я.Б, Г.С, А.М нарт холбогдох хэргийг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүгч М.О, шүүгч М.Т нарын бүрэлдэхүүнтэйгээр иргэдийн төлөөлөгч, улсын яллагч, гэрч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан нээлттэйгээр хянан хэлэлцэж ... дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Я.Б нарт холбогдох хэргийг өмнө анхан шатны шүүх 1 удаа хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байсан ба дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж, 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн тогтоолоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж хэргийг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж байсан.
Шүүгдэгч Я.Б нарт холбогдох хэрэг нь 14 хавтас болон мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан материал 1 хавтастай, ээдрээ төвөгтэй, оролцогчийн тоо их, шийтгэх тогтоол нь 29 хуудас болсон зэргээс шалтгаалж шийтгэх тогтоолыг хуулийн хугацаанд албажуулж чадаагүй нь тухайн хурлыг даргалсан шүүгч Г.Ууганбаатар миний хувийн зохион байгуулалт тааруу, ажлын дадлага, туршлага дутуу зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.
Харин шийтгэх тогтоолыг хуулийн хугацаанд албажуулаагүй нь тодорхой хувийн болон аливаа хууль бус ашиг сонирхол байгаагүй болно.
Шийтгэх тогтоолыг 2026 оны 7 дугаар сарын 07-ны өдөр албажуулж шүүгдэгч Я.Б-д 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гардуулсан ба шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгч М.О, М.Т нартай хугацаа хэтрүүлсэн асуудал огт хамааралгүй болохыг тайлбарлаж байна.
Тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж шүүгдэгч Г.С, А.М нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болохыг шүүхийн шууд дамжуулалтаас мэдсэн болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Я.Б нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатарт холбогдуулан “... надад шийтгэх тогтоолыг уншиж танилцуулан, цагдан хорьсноос хойш 80 хоног /5 дахин илүү хугацаа/ өнгөрсөн боловч бичгээр гардан аваагүй ...” гэж өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ГЗҮ/2026/0082 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж, шүүгч М.О, М.Т нарын бүрэлдэхүүнтэйгээр Я.Б, Г.С, А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2026/ШЦТ/... дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.Б-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ял, шүүгдэгч Г.С-т нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 14 сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.М-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 4 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2.4-д зааснаар эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч шүүх хуралдааныг даргалах ба даргалагчаар томилогдсон шүүгч нь тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд бичгээр үйлдэн албажуулах зэрэг холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
Үүний дагуу даргалагч шүүгчийн тайлбарт дурдсанаар, тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/... дүгээр шийтгэх тогтоолыг хувийн зохион байгуулалт тааруу, ажлын дадлага, туршлага дутуу зэрэгтэй холбоотойгоор хуулийн хугацаанд албажуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн байх ба улмаар шийтгэх тогтоолыг 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр албажуулж, шүүгчийн туслах 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр улсын яллагч болон шүүгдэгч Я.Б нарт, бусад шүүгдэгч болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нарт 07 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүргүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасан шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, гарын үсэг зурж албажуулан, гардуулах 15 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” зөрчилд тооцно.
Шүүх хуралдаан болсон 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс шийтгэх тогтоолыг албажуулан гардуулах 15 хоногийн хугацаа 05 дугаар сарын 12-ны өдөр дууссан ба үүнээс 56 хоногийн дараа шийтгэх тогтоолыг албажуулан, шүүгдэгч Я.Б-д 58 хоногийн дараа гардуулсан нь шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан зөрчлийн “нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэх нөхцөлд хамаарахгүй байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар нь шийтгэх тогтоолоо хугацаандаа албажуулж гардуулаагүй үйлдэл нь хуульд заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байх тул саналыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Харин шүүгчийн дээрх хугацаа хэтрүүлсэн үйлдэл нь “удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар зөрчих” зөрчлийн урьдач нөхцөлд хамаарахыг тэмдэглэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ГС/2026/0098 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР