info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-09-16

Дугаар 114

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

       

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч Б.О нарыг оролцуулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэгт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2026/0091 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-д “Монгол Улсын шүүхийн болон гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж, гадаад улстай байгуулсан буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхойлогдоно”, 190 дүгээр зүйлийн 190.1-д “Монгол Улсын шүүх дор дурдсан олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн онцгой харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна: ...190.1.5.”Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга хэмжээ авсан буюу холбогдох этгээд ийм арга хэмжээ авахуулахаар өргөдөл гаргасан бол” гэж, мөн 1989 оны “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 1-т “Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Хэлэлцэн тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцаж байна”, 2-т “Энэ зүйлийн 1-д заасан ”төв байгууллага” гэж БНМАУ-ын хувьд БНМАУ-ын Хууль зүй, арбитрын Яам, БНМАУ-ын Дээд шүүхийг; БНХАУ-ын хувьд БНХАУ-ын Шүүх Яам, БНХАУ-ын Ардын дээд шүүхийг тус тус хэлнэ”, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай хүсэлтийг уг хэргийн талаар анхан шатны журмаар шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагад хандаж тавина. Уг эрх бүхий байгууллага хүсэлтийг даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын энэхүү Гэрээний 3 дугаар зүйлд заасан төв байгууллагад хүргүүлнэ. Хэрэв хүсэлт тавьсан этгээд даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаг бол хүсэлтээ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх шүүхэд шууд тавьж болно” гэж тус тус заажээ.

            Дээрхээс үзэхэд, гэрээнд өөрөөр заагаагүй бол эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт нь Хууль зүйн яам, Улсын дээд шүүхээр дамжиж хэрэгжүүлэхийг харилцан тохиролцжээ.

            Харин дээрх байгууллагаар дамжуулахаас өөр нөхцөлийг гэрээнд заасан тохиолдол нь гэрээний 20 дугаар зүйлд тусгагдсан ба шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлтийг тухайн улсын шүүх нь Дээд шүүх болон Хууль зүйн яамаараа дамжуулан гаргахаар, эсхүл хүсэлт тавьж байгаа этгээд даалгавар хүлээн авсан талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаг бол хүсэлтээ шууд шүүхэд гаргаж болохоор зохицуулсан байна.

            Нэхэмжлэгч нараас *** байнга оршин суух хаягтай Н.Н-д  БНХАУ-ын ардын шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхийг олгосон итгэмжлэл, түүнийг баталгаажуулсан апостиль гэрчилгээний дагуу  шүүхэд хүсэлт гаргажээ.

            Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, түүнд тус хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг хуульд заасан хэлбэрээр олгосон байгаагаар Н.Н-ыг гэрээнд заасан “... хүсэлт тавьсан этгээд ...” гэж үзэх тул Н.Н нь гэрээний 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

            Мөн төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн *** нь *** тоот хаягт амьдарч байгаа болох нь Гадаадын иргэн, харьяатын газар Өмнөд бүс дэх газрын *** дугаар албан бичгээр тогтоогдсон  байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Төлбөр төлөгч-иргэнд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа, ... нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ” гэж заасан гүйцэтгэх харьяаллын дагуу уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх шүүх болох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүсэлт гаргасан нь хууль болон гэрээнд нийцжээ.

            “Бүгд найрамдах Монгол ард улс, Бүгд найрамдах Хятад ард улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний 21 дүгээр зүйлд хүсэлтэд, а/ шүүхийн шийдвэр буюу түүний баталгаатай хуулбар, Хэрэв шийдвэрт өөрт нь уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох тухай болон түүнийг биелүүлж болохыг тодорхой заагаагүй бол уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд түүнийг биелүүлбэл зохих тухай албан ёсны баримт бичиг”-ийг хавсаргана гэж зааж, Улсын дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр “Монгол Улсын олон улсын гэрээ болон олон Улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай” тогтоолын 12-т “... Албадан гүйцэтгүүлэх шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдвэрийн үнэн зөв байдал нь түүнийг гаргасан шүүхээр баталгаажсан, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг тухайн шүүх зөвшөөрөн дэмжиж байгаа, шийдвэрийн эх албан ёсоор орчуулагдсан, зохих журмын дагуу ирүүлсэн байх шаардлагатайг шүүхүүд анхаарвал зохино” гэж тайлбарласан байна.

            Хүсэлтэд БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотын Дунд шатны ардын шүүхийн *** дугаар шийдвэр, *** дугаар шийдвэр, тэдгээрийг баталгаажуулсан БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотын Чэннань нотариатын газрын ***, *** дугаар апостиль гэрчилгээнүүд, тус шийдвэрүүдийн хүүгийн тооцооны тайлбар, тэдгээрийг баталгаажуулсан ***, *** дүгээр апостиль гэрчилгээнүүд, ардын шүүхийн *** дугаар шийдвэрийг гүйцэтгэх *** тогтоол, *** тогтоол, ардын шүүхийн *** дугаар шийдвэрийг гүйцэтгэх *** тогтоол, *** тогтоол, тэдгээрийг баталгаажуулсан ***, ***, ***, *** дугаар апостиль гэрчилгээнүүд  зэрэг баримтуудыг хавсаргажээ.

            “Гадаадын албан баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай” 1961 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталсан конвенцод (Апостилийн конвенц) Монгол Улс нэгдэн орсныг 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр соёрхон баталсан бол БНХАУ нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нэгдэн орсон . Тус конвенцоор улс орнуудын хооронд албан бичиг солилцохдоо давхар консулын баталгаа хийлгэх шаардлагыг болиулж, апостиль гэрчилгээгээр хүлээн зөвшөөрөх тухай харилцааг зохицуулсан бөгөөд апостиль нь тухайн баримт бичгийн гарын үсэг, тамга, тэмдгийн үнэн зөвийг баталгаажуулж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусгай гэрчилгээ тул гэрээний 21 дүгээр зүйл болон Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 09 дүгээр тогтоолын шаардлагыг хангасан гэж үзнэ.

           Мөн БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотын Дунд шатны ардын шүүхийн *** дугаар шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болсныг тус шүүхийн *** дугаар тогтоолуудаар тус тус тогтоогдсон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байх хугацааг хэтрүүлээгүй гэж үнэлэн, шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

            Түүнчлэн, өргөдөлд “... Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1.1 гэж хуульд байхгүй зүйл, заалт бичсэн...” гэж дурдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны “илт үндэслэл муутай” гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөмжид "… маш тодорхой, хэн ч маргахгүй …" энгийн үгээр бол "... мэдээжийн …", эсвэл "... тооцооны …" алдаа байхыг ойлгоно гэж тайлбарласнаас үзэхэд, шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт дээрх хуулийн зүйл, заалтыг зөв бичсэн боловч захирамжлах хэсэгт удирдлага болгон бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

 

Шүүгч Ц.Оюунбилэг Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“...1. Шууд хүсэлт гаргах үндэслэл болон Төв байгууллагын харилцааны тухайд:

1989 оны “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний 3, 20 дугаар зүйл болон Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн (ИХШХШТХ) 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсгүүдийн харилцан хамаарал, хууль хэрэглээний тухайд:

1.1.Олон улсын гэрээний заалтууд (1989 оны МУ-БНХАУ-ын гэрээ) 3 дугаар зүйл (Харилцах журам - Ерөнхий хэм хэмжээ):

1 дэх хэсэг: "Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Хэлэлцэн тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцаж байна."

2 дахь хэсэг: Төв байгууллагад Монгол Улсын хувьд Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын хувьд Ардын дээд шүүх, Шүүхийн яамыг тус тус хамааруулна.

3 20 дугаар зүйл (Шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх хүсэлт - Тусгай хэм хэмжээ):

"Шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай хүсэлтийг уг хэргийн талаар анхан шатны журмаар шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагад хандаж тавина... Хэрэв хүсэлт тавьсан этгээд даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаг бол хүсэлтээ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх шүүхэд шууд тавьж болно" гэж тус тус заажээ.

Олон улсын гэрээний 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь "Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол..." гэсэн тайлбартай байна. Энэ нь 3 дугаар зүйл бол харилцааны Ерөнхий хэм хэмжээ болохыг хууль зүйн хувьд шууд заажээ. Харин 20 дугаар зүйл нь "Шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх" тусгай ажиллагааг зохицуулсан тусгай хэм хэмжээ юм.

20 дугаар зүйлийн сүүлчийн өгүүлбэр нь ерөнхий буюу Төв байгууллагаар дамжих журмаас визуал болон агуулгын хувьд гажиж, "даалгавар хүлээн авсан талын нутаг дэвсгэрт оршин суугаа бол шууд хандах" боломжийг онцгойлон олгосон. Энэ нь тусгай хэм хэмжээ нь ерөнхий хэм хэмжээнээс давуу үйлчлэх эрх зүйн зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл Ерөнхий журам (3 дугаар зүйл): Гэрээний 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол... өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцаж байна" гэж заасан нь эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ерөнхий зарчим, дипломат сувгийг тодорхойлсон хэм хэмжээ юм.

Тусгай журам (20 дугаар зүйл): Харин 20 дугаар зүйлд заасан сүүлийн өгүүлбэрт "Хэрэв хүсэлт тавьсан этгээд даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаг бол хүсэлтээ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх шүүхэд шууд тавьж болно" гэж тусгайлан заажээ.

Тусгай хэм хэмжээ нь ерөнхий хэм хэмжээг илүү нарийвчлан зохицуулсан заалтыг хэрэглэх зарчим үйлчилдэг тул хүсэлт гаргагч тал даалгавар хүлээн авсан улсын (Монгол Улсын) нутаг дэвсгэрт байгаа тохиолдолд Төв байгууллагаар (УДШ, ХЗДХЯ) дамжих ерөнхий журмыг хэрэглэхгүй, харин шүүхэд шууд хандах тусгай эрхийг олон улсын гэрээгээр олгосон байна. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 35 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан энэхүү процессын эрхийг эдлэх нь дотоодын процессын хуульд бүрэн нийцнэ.

Өөрөөр хэлбэл, тухайн хүсэлт БНХАУ-ын иргэн ***, *** компани нь Монгол Улсад оршин суугаа, өөрийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-аар дамжуулан хүсэлтээ гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхтэй. Төлөөлөгч Н.Н нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа тул Төв байгууллага буюу Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжих шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн нь олон улсын гэрээ болон дотоодын процессын хуулийг уялдуулан хэрэглэсэн шүүгчийн дотоод итгэл, хууль тайлбарлах бүрэн эрхийн асуудал юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-д зааснаар Монгол Улсын олон улсын гэрээ нь дотоодын хуулиас давуу хүчин чадалтай байхаар заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194.1-д гадаад улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэх анхдагч үндэслэл нь "...Олон улсын гэрээ..." байна гэж хуульчилсан. Монгол Улс, БНХАУ-ын хоорондох 1989 оны гэрээ нь дотоодын процессын хууль тогтоомжийн бүрэлдэхүүн хэсэг болж шууд хэрэглэгдэх бөгөөд уг гэрээний 20 дугаар зүйлээр олгогдсон "шууд хандах" эрхийг анхан шатны шүүгч хязгаарлах, эсхүл заавал Төв байгууллагад ханд гэж шаардах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194.1-д заасан "олон улсын гэрээг дагаж мөрдөх" заалтыг зөрчсөн үйлдэл болох тул өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

2. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын 1989 оны Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний 3, 20, 21 дүгээр зүйлийг тайлбарлан хэрэглэсэн шүүгчийн хууль тайлбарлах эрх мэдэл болон сахилгын зөрчлийн зааг ялгааны тухайд:

2.1.Төлөөлүүлэгч ба Төлөөлөгчийн эрх зүйн статус, харьяалал (Гэрээний 20 дугаар зүйл) - Материаллаг болон Процессын эрх зүйн зааг ялгаа:

Гэрээний 20 дугаар зүйлийн сүүлчийн өгүүлбэрт "Хэрэв хүсэлт тавьсан этгээд даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаг бол хүсэлтээ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх шүүхэд шууд тавьж болно" гэж заажээ.

"Хүсэлт тавьсан этгээд" гэх ойлголтод материаллаг эрх зүйн хувьд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн, хуулийн этгээд хамаарах боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны (процессын) хувьд тэдгээрийг хууль ёсоор төлөөлж буй Монгол Улсын иргэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь процессын эрхийг биечлэн хэрэгжүүлэгч субъект юм. Энэ нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 35 дугаар зүйлээр зохицуулагддаг төлөөллийн институт нь материаллаг эрхийн эзэмшигчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх процессын эрхийг биечлэн хэрэгжүүлэгч. Эндээс үндэслэн "Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн оршин суугаа газрыг шууд орлоно" гэж материаллаг статусыг адилтгах нь эрх зүйн онолын хувьд маргаантай байж болох ч, дотоодын процессын хууль тогтоомжоор олгогдсон төлөөлөх эрхийн хүрээнд шүүхэд хүсэлт гаргах үйл ажиллагааг (процессыг) хэрэгжүүлж байгааг олон улсын гэрээний тусгай заалттай уялдуулан тайлбарласан шүүгчийн арга зүй нь дотоод итгэл, хууль хэрэглээний логик тусгал юм.

Олон Улсын Гэрээ ба Дотоодын процессын хуулийн коллизи (Зөрчил)-ийн тухайд:

Гэрээний 20 дугаар зүйлийн сүүлчийн өгүүлбэрт заасан "Даалгавар хүлээн

авсан талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаг бол..." гэх заалт болон 3 дугаар зүйлийн "Төв байгууллагаар дамжих" ерөнхий журмын харилцан хамаарлыг тайлбарлахад дараах хоёр өөр хууль зүйн тайлбар үүсэх боломжтой:

Явцуу тайлбар: Олон улсын гэрээний 20 дугаар зүйл нь зөвхөн материаллаг эрх эзэмшигч өөрөө тухайн нутаг дэвсгэрт биечлэн оршин сууж байгаа тохиолдолд шууд хандах эрхийг олгосон гэж үзэх;

Өргөн буюу процессын тайлбар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан процессын бүх эрхээ эдэлдэг тул тухайн улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа, апостиль бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд хандаж байгаа нь процессын хувьд шууд хандсантай адил үр дагавар үүсгэнэ гэж уялдуулан хэрэглэх.

Нэгэнт тухайн хэм хэмжээ нь хууль зүйн хувьд хэд хэдэн өөр өнцгөөр тайлбарлагдаж болох, онол болон практикийн хувьд маргаан дагуулдаг коллизийн шинжтэй заалт тул үүнийг "Илт тодорхой, маргаангүй заалт" гэж үзэх эрх зүйн боломжгүй.

Түүнчлэн төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн *** нь *** тоот хаягт амьдарч байгаа болох нь Гадаадын иргэн, харьяатын газар Өмнөд бүс дэх газрын *** тоот албан тоотоор тогтоогддог тул тус тойргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх хууль ёсны эрх бүхий субъект болно. Учир нь төлбөр төлөгч Хан-Уул дүүрэгт байхад Баянзүрх, Сүхбаатар.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх захирамж гаргавал, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн харьяалал зөрчсөнөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасан "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчийн оршин суугаа /байгаа/ газар ... явуулна" гэх заалтыг зөрчихөд хүргэнэ.

Дээрх заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон императив шинжтэй хэм хэмжээ бөгөөд эрх зүйд дараах суурь зарчмуудад үндэслэгддэг. Үүнд:

  1. Бодит үр нөлөөний зарчим: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь

хэргийг хянан шийдвэрлэх шатнаас ялгаатай нь төрөөс зөвшөөрөгдсөн албадлагын шинжтэй бодит үйлдлүүд (хөрөнгө битүүмжлэх, данс хаах, албадан албажуулах)-ээс бүрддэг.

Хууль тогтоогч "төлбөр төлөгчийн оршин суугаа газар" гэж заасан нь албадлагын арга хэмжээг хамгийн бага зардлаар, хамгийн шуурхай бөгөөд бодитой хэрэгжүүлэх газар зүйн цэг нь тухайн субьектын байршил мөн гэж хуульчилжээ.

2. Хязгаарлагдмал эрх мэдлийн зарчим: Шийдвэр гүйцэтгэгчийн албадлага хэрэглэх бүрэн эрх нь зөвхөн өөрийн харьяалагдах нутаг дэвсгэрийн тойргоор хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Баянзүрх дүүрэгт очиж албадлагын ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй бөгөөд энэ нь төрийн албаны эрх мэдлийн хуваарилалтыг зохицуулж буй хэлбэр юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 (Хариуцагчийн шүүхийн зарчим) болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130.1 нь нэг зорилготой, салгаж үл болох процессын нэгдмэл гинжин хэлхээг үүсгэдэг. Төлбөр төлөгчийн оршин суугаа газрын шүүх хэргийг /хүсэлтийг/ шийдвэрлэнэ. Үүнд:

1. Шүүгчийн захирамж-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-ийн зөвшөөрөл

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130.1-Гүйцэтгэлийн харьяалал.

Хэрэв шүүх гадаад улсын шүүхийн шийдвэрийг баталгаажуулахдаа төлбөр төлөгчийн оршин суугаа газрын харьяаллыг зөрчвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130.1-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалалтай шууд зөрчилдөх ба шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм.

БНМАУ, БНХАУ-ын 1989 оны Эрх зүйн туслалцааны гэрээний 20 дугаар зүйлийн сүүлчийн өгүүлбэрт хүсэлтийг "уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх шүүхэд шууд тавьж болно" гэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130.1-тэй холбогдож тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл "Биелүүлэх шүүх" гэх ойлголтод тухайн шийдвэрийг албадан гүйцэтгэх бодит боломжтой газар буюу төлбөр төлөгчийн оршин суугаа газрын шүүх гэж тайлбарлагдана.

Төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн Монгол Улсын аль нэг дүүрэгт байнга буюу түр оршин сууж байгаа үйл баримт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130.1 болон Олон улсын гэрээний 20 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөлийг нэгэн зэрэг хангаж байгаа юм. Иймд шүүгч нь БНХАУ-ын шүүхийн шийдвэрийг баталгаажуулахдаа төлбөр төлөгчийн оршин суугаа дүүргийн харьяаллыг баримталсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130.1-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа саадгүй, хууль ёсны дагуу явагдах процессын зөрчилгүй, хууль хэрэглээ эрх зүйн системчлэлийн хувьд алдаагүй, хууль зөрчөөгүй болно.

  1. Апостиль (Apostille) гэрчилгээ ба Гэрээний 21 дүгээр зүйлд шүүхийн

шийдвэрийн үнэн зөв байдлыг баталгаажуулсан байхыг шаарддаг. БНХАУ нь 2023 онд “Гадаадын албан баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай” Гаагийн конвенцод (Апостилийн конвенц) нэгдсэн. Шүүгчийн захирамжид дурдсанаар БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас тухайн шүүхийн шийдвэр болон гүйцэтгэлийн баримтуудад Апостиль гэрчилгээ олгож баталгаажуулсан байна. Апостиль нь тухайн баримт бичгийг гаргасан байгууллагын гарын үсэг, тамганы үнэн зөв байдлыг эцэслэн гэрчилдэг тул гэрээний 21 дүгээр зүйл болон Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 09 дүгээр тогтоолын шаардлагыг хангасан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 12-т гадаад улсын шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд “...шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдвэрийн үнэн зөв байдал нь түүнийг гаргасан шүүхээр баталгаажсан... байх шаардлагатайг шүүхүүд анхаарвал зохино” гэжээ.

Тухайн хэрэгт БНХАУ-ын шүүхийн шийдвэр, холбогдох баримтууд нь Гаагийн конвенцын дагуу Апостиль гэрчилгээгээр эцэслэн баталгаажсан байсан тул шүүгч нотлох баримтыг үнэлэх хууль ёсны эрхийнхээ хүрээнд Улсын дээд шүүхийн тус тогтоолын шаардлагыг хангасан гэж үзсэн.

БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотын Дунд шатны Ардын шүүх *** дугаартай шийдвэр гүйцэтгэх тогтоол олгож, апостилиор баталгаажуулсан байна. /119-122 тал/ Энэ нь БНХАУ-ын процессын хууль тогтоомжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа дуусаагүй болохыг гэрчилж буйг шүүх хүсэлтэд авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлсэн байна.

Өмгөөлөгчийн гомдол: Анхан шатны шүүхийн шүүгч Монгол Улсыг төлөөлөх эрх эдэлсэн нь тусгаар тогтносон улсын хувьд ичгэвтэр явдал, нийтийн эрх зүйд харш гэх асуудалд:

Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд "Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй, Монгол Улсын нийтийн эрх зүйн дүрэмд харш" бол хангахаас татгалзана гэж заасан.

Иргэний маргааны дагуу төлбөр төлөгч Guan Jiaomei-ээс хууль ёсны дагуу мөнгөн хөрөнгө гаргуулахаар гадаад улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхийг зөвшөөрсөн шүүгчийн үйлдэл нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүй. Харин ч олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж буй (Pacta sunt servanda зарчим) эрх зүйт төрийн үйлдэл юм. Шүүгч Монгол Улсыг гадаад улсад төлөөлөөгүй, харин дотооддоо хууль хэрэглэх шүүх эрх мэдлийг хэрэгжүүлсэн тул өмгөөлөгчийн гомдолд дурдсан дүгнэлт үндэслэлгүй.

Улсын дээд шүүхийн 09 дүгээр тогтоолын 12 дахь заалтад заасан татгалзах үндэслэлүүд (хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх, баримт бичгийн бүрдэл хангагдсан эсэх) тогтоогдсон уу, үгүй юу гэдгийг шүүгч хүсэлтэд авагдсан нотлох баримтыг үнэлэх замаар тогтоодог. Шүүгчийн гаргасан захирамж нь Улсын дээд шүүхийн 2008 оны 09 дүгээр тогтоолын 12 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хүсэлтэд авагдсан Апостиль бүхий гүйцэтгэх баримтуудыг үндэслэсэн тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчөөгүй болно.

  1. Монгол  Улсын  шүүхийн  тухай  хуулийн  50  дугаар  зүйлийн  50.1.23-т

“хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн ...” гэх тайлбарын тухайд:

Энэхүү заалт нь шүүгчийн хараат бус байдал болон шүүгчийн хариуцлага гэх хоёр суурь зарчмын тэнцвэрийг хангахад чиглэгддэг.

"Илт тодорхой заалт" зөрчсөн гэх тайлбарын тухайд: Заалт нь үг хэллэг, бүтцийн хувьд ямар нэгэн системчлэлийн болон логикийн нэмэлт тайлбар шаардахгүй, шууд хэрэглэгдэх хэм хэмжээ байх ёстой.

Харин Гэрээний 20 дугаар зүйлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн Төлөөлөл-ийн институт болон 194 дүгээр зүйлийн олон улсын гэрээг дагаж мөрдөх хэм хэмжээнүүдтэй системийн болон зорилго заасан тайлбарын аргыг хэрэглэн уялдуулсан нь шүүгчийн хууль тайлбарлах, нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх бие даасан бүрэн эрхэд хамаарна.

"Ноцтой зөрчсөн" гэх тайлбарын тухайд: Зөрчлийн материаллаг тал нь хэргийн оролцогчийн үндсэн эрх (шүүхээр хамгаалуулах эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх)-д шууд хохирол учруулсан, эсхүл шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан үр дагавартай байхыг шаарддаг. Субьектив талын хувьд шүүгч уг заалтыг мэдэх ёстой байсан (санамсаргүй боловч бүдүүлэг алдаа) эсхүл мэдсээр байж санаатайгаар зөрчсөн үйлдэл үүнд хамаарна.

Шүүгч нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр биелэгдэх бодит нөхцөлийг хангаж, хэргийн оролцогчийн эрхийг хамгаалах зорилгоор дотоодын процессын хуулийг системчлэн тайлбарласан. Энэ нь хуулийг санаатайгаар мушгин хэрэглэсэн эсхүл бүдүүлэг алдаа гаргасан үйлдэлд хамаарахгүй юм.

“Хууль тайлбарлах эрх мэдэл ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны”-ны тухайд: Шүүгч хуулийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжийн коллизи (зөрчил)-ийг тайлбарлах явцад гаргасан дүгнэлтийг хуульд зааснаар шүүх өөрөө хянаж, өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй бөгөөд өмгөөлөгчийн гомдол нь шууд сахилгын хариуцлагад татах үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан эсэхийг зөвхөн шүүгч өөрөө хянан шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт өгөх замаар шүүгчийг буруутгах боломжгүй тул өмгөөлөгчийн гомдол үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Гэрээний 20 дугаар зүйлийн сүүлчийн өгүүлбэр нь: "Хэрэв хүсэлт тавьсан этгээд даалгавар хүлээн авсан Талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаг бол хүсэлтээ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх шүүхэд шууд тавьж болно" гэж заасан.

Энд "Хүсэлт тавьсан этгээд" гэдэгт зөвхөн материаллаг эрх эдлэгч үү, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч хамаарах уу гэдэг нь шүүгчээс дотоодын хууль болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл (Төлөөлөл)-тэй уялдуулан логик дүгнэлт хийхийг шаардсан заалт юм. Шүүгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-аар дамжуулан гадаад улсын шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг "Шууд шүүхэд хандах эрхтэй" гэж тайлбарласан. Энэхүү заалт нь өөрөө "илт тодорхой, маргашгүй" шинжгүй тул шүүгчийг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэх үндэслэлгүй.

Апостиль гэрчилгээ ба Нотлох баримтыг үнэлэх шүүгчийн хараат бус байдал: Захирамжид дурдсан гэрээний 21 дүгээр зүйлийн "шийдвэрийг тухайн шүүх зөвшөөрөн дэмжсэн баримт бичиг" байх шаардлагыг Апостиль гэрчилгээ орлож чадах уу үгүй юу гэдэг нь нотлох баримтыг үнэлэх шүүгчийн дотоод итгэлийн асуудал юм. БНХАУ нь Апостилийн конвенцод нэгдсэн тул тус улсын шүүхийн шийдвэрт Апостиль дарагдсан нь түүний үнэн зөв байдлыг олон улсын хэмжээнд гэрчилж буй хэлбэр мөн гэж шүүгч дүгнэсэн.

БНМАУ, БНХАУ-ын хоорондын 1989 оны Эрх зүйн туслалцааны гэрээний 20 дугаар зүйлийн сүүлчийн өгүүлбэрт заасан "Хүсэлт тавьсан этгээд даалгавар хүлээн авсан Талын нутаг дэвсгэрт оршин суудаг бол..." гэх заалтад хамаарах "хүсэлт тавьсан этгээд"-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд шууд хандах процессын эрхтэй уялдуулан тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүгчийн ажиллагаа нь хууль зүйн хувьд өөр өөрөөр тайлбарлагдах, маргаан дагуулж болох хууль хэрэглээний асуудал мөн.

Гэвч тухайн зохицуулалт нь өөрөө нэг мөр, шууд хэрэглэгдэх, өөрөөр тайлбарлах боломжгүй "илт тодорхой" шинжийг агуулаагүй бөгөөд шүүгч олон улсын гэрээ ба дотоодын хуулийн системчлэлийг өөрийн дотоод итгэл, хууль тайлбарлах хараат бус бүрэн эрхийн хүрээнд хийсэн байна.

Иймд шүүгч Ц.Оюунбилэгийн үйлдэлд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн" гэх сахилгын зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотын Дунд шатны ардын шүүхийн *** дугаар шийдвэр, БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотын дүүргийн ардын шүүхийн *** дугаар шийдвэрийг гүйцэтгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *** болон *** Co.,Ltd нараас олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлөгч Н.Н нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” *** дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай гүйцэтгэх хуудас олгосон үйл баримт тогтоогдоно.

            Дээрх захирамжийг гаргасан шүүгч Ц.Оюунбилэгт холбогдуулан БНХАУ-ын иргэн ***-н өмгөөлөгч Б.О гомдол гаргаж, үндэслэлээ “...Монгол Улсын хоёр талт олон улсын гэрээний 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ зүйлийн 1-д заасан “төв байгууллага” гэж БНМАУ-ын хувьд  ...БНМАУ-ын дээд шүүхийг, БНХАУ-ын хувьд ...БНХАУ-ын Ардын дээд шүүхийг тус тус хэлнэ" гэсэн хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, дотоодын төв байгууллага нь гадаад орноос аливаа хүсэлт хүлээн аваагүй байхад, гадаад улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт анхан шатны шүүхийн шүүгч эхлүүлсэн нь олон улсын гэрээний 20 дугаар зүйлд заасныг буруу ойлгож хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1.1 гэж хуульд байхгүй заалт бичсэн тул албадан гүйцэтгэх захирамж хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөнийг тогтоож, дүгнэлт бүхий шийдвэр гаргаж өгнө үү...” гэх агуулгаар тодорхойлжээ.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь энэ хуулиар тодорхойлсон шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага тул шүүгчийн ёс зүйн зөрчлийг хэлбэршүүлэн хуулиар нэрлэн заасан сахилгын зөрчил гарсан эсэхийг тогтоох үүрэгтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-д “Монгол Улсын шүүхийн болон гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж, гадаад улстай байгуулсан буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхойлогдоно” гэж заасан бөгөөд 1989 оны “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 1-д “Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Хэлэлцэн тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцаж байна”, 2-т “Энэ зүйлийн 1-д заасан “төв байгууллага” гэж БНМАУ-ын хувьд БНМАУ-ын Хууль зүй, арбитрын Яам, БНМАУ-ын Дээд шүүхийг; БНХАУ-ын хувьд БНХАУ-ын Шүүх Яам, БНХАУ-ын Ардын дээд шүүхийг тус тус хэлнэ”, 20 дугаар зүйлд “... Хэрэв хүсэлт тавьсан этгээд даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаг бол хүсэлтээ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх шүүхэд шууд тавьж болно” гэж тус тус заасан.

Дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 1-д “Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Хэлэлцэн тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцаж байна”, 2-т “Энэ зүйлийн 1-д заасан “төв байгууллага” гэж БНМАУ-ын хувьд БНМАУ-ын Хууль зүй, арбитрын Яам, БНМАУ-ын Дээд шүүхийг; БНХАУ-ын хувьд БНХАУ-ын Шүүх Яам, БНХАУ-ын Ардын дээд шүүхийг тус тус хэлнэ” гэж заасан нь хэлэлцэн тохирогч улсуудын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхдээ харилцах журмыг тодорхойлсон ерөнхий зарчим байх бөгөөд иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх болон биелүүлэхээс татгалзах, хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай хүсэлт гаргах болон хүсэлтэд хавсаргах баримт бичгийн шаардлага, хүчин төгөлдөр болох зэрэг нь гэрээний 17-22 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулагджээ.

Шүүгч нь 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ”-ний 20 дугаар зүйлд заасан “хүсэлт тавьсан этгээд” гэдэгт төлбөр хүлээн авагч болох БНХАУ-ын хуулийн этгээд *** Co.,Ltd, БНХАУ-ын иргэн *** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсын иргэн Н.Н-ыг хамааруулан тайлбарлаж, олон улсын гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн байна.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “илт тодорхой заалт” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно” гэж тайлбарласан.

            Иймд шүүгч олон улсын гэрээний заалтыг дотоодын хууль тогтоомжтой уялдуулан хэрэглэснийг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1.1 гэж хуульд байхгүй заалт бичсэн гэх өргөдлийн үндэслэлийн талаар “техникийн шинжтэй алдаа тул сахилгын зөрчилд хамаарахгүй”  гэх агуулгаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт зөв байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, хүсэлтэд хавсаргасан нотлох баримтыг үнэлэх, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэхийг тогтоох эрх Сахилгын хороонд хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Ц.Оюунбилэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2026/0091 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    О.НОМУУЛИН

 

                                    ГИШҮҮН                                          Ц.ДавхаРБАЯР

                                                                                                Д.Эрдэнэчулуун