info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-09-08

Дугаар 107

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, өргөдөл гаргагч Л.С, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Л.С өргөдөлдөө: “...би олон нийтэд эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг ба 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагаас Хөвсгөл аймгийн ...сумын иргэн Р.Б-ийн нэхэмжлэлтэй, иргэн Д.Ц-тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох хэрэгт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох байсан. Гэтэл шүүгч С.Оюунжаргалын зүгээс хаалттай хэрэгт оруулахгүй гэж хэлэн танхимаас гаргаж, дараа нь дахин орохыг хүсэхэд шүүх танхимын хаалгыг цээжээрээ хааж байгаад хаалгаа хаан шүүх хуралдаанд оролцуулалгүй миний эрхийг илт зөрчсөн бөгөөд энэ нь санаатай шинжтэй, ноцтой сахилгын зөрчил мөн гэж үзэж байна. Үүнээс өмнө ч шүүгчийн туслах нь “шүүгч таныг шүүх хуралдаанд оролцуулахгүй” гэж удаа дараа хэлсэн гэж байсан ба тэрээр өөр хэрэг дээр намайг итгэмжлэгдсэн төлөөлөгч байхад шүүхийн баримтыг надад олгохоос татгалзах, итгэмжлэлийг буцааж өгөх, итгэмжлэгдсэн  төлөөлөгч авч болохгүй гэж үйлчлүүлэгчдийг ятгах зэргээр доромж, зүй бусаар харьцаа удаа дараа үзүүлж байсныг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний зүгээс зарим нэг шүүгч нарын илт дээрэлхүү харьцаа, шүүх хуралдаанд оруулахгүй байх зэрэг зүй бус үйлдлийг маш олон удаа тэвчиж ирсэн болно. Шүүхийн тамгын хэлтсийн дарга ч гэсэн намайг камераар мөрдөн мөшгөх, хэдэн хэрэгт оролцож байгаа зэргийг шүүгчийн туслахуудаас асуух зэргээр дарамтлах байдлаар харьцдаг нь нууц биш. Энэ бол Хөвсгөл аймгийн шүүх дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч миний амьдралд бодитоор тохиолдож байгаа үзэгдэл учраас бодит байдлыг тайлбарлалаа. Иймд шүүгч С.Оюунжаргалын хууль бус үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулахыг хүсэж  байна.

Одоо гомдолтой холбоотой бодит үйл баримтын талаар бичье. Тухайн хэрэг 2026 оны 10 дугаар сард үүссэн гэж нэхэмжлэгч надад хэлэхэд би маш их гайхсан ба тэрээр болсон үйл явдлыг ярьж, надаас эрх зүйн туслалцаа үзүүлж өгөхийг хүссэн. Ингээд итгэмжлэлээ хийлгэн шүүгчийн туслахад өгч миний бие шүүх хуралдаанд бэлтгэж, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахын тулд түүний хэрэгтэй танилцсан. Гэтэл 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн өглөө шүүх хуралдааны зарын дагуу 09 цагт шүүх хуралдаанд оролцохоор нэхэмжлэгчийн хамт ирэхэд шүүх хуралдааныг хаалттай гэх үндэслэлээр миний оролцоог шүүгч шууд хориглосон. Миний зүгээс шүүх хуралдаанд оролцохоор биечлэн ирсэн, итгэмжлэл хүчинтэй байхад шүүгч С.Оюунжаргалын татгалзсан шалтгаан нь зөвхөн “хаалттай хуралдаан” байсан.

Хаалттай хуралдаан нь олон нийтэд хамаарах хязгаарлалт болохоос хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хасах үндэслэл биш байтал шүүгч уг ойлголтыг хууль зүйн хувьд буруу тайлбарлан, миний шүүх хуралдаанд оролцох эрх, нэхэмжлэгчийн төлөөлүүлэх эрхийг хууль зөрчин үгүйсгэлээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт оролцогчийн бүрэлдэхүүн тул хасах боломжгүй ба төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох эрх нь бие даасан процессын эрх байдаг. Хэрвээ шүүгч С.Оюунжаргал тухайн нэхэмжлэлийг хувь хүний нууцтай холбоотой гэж үзсэн бол надад нууцыг хамгаалах үүргийг хүлээлгэх боломжтой болохоос биш итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүй байх үндэслэл биш гэж үзэж байна.

Шүүгч С.Оюунжаргалын энэхүү үйлдэл нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан эрх, нэхэмжлэгчийн төлөөлүүлэх эрхийг санаатайгаар хязгаарласан, тэгш эрх мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, шударгаар шүүлгэх эрхийг алдагдуулсан гэж үзэж байгаа тул сахилгын хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй. Үүнээс шалтгаалан миний иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх үйл ажиллагаа ноцтойгоор хязгаарлагдаж, нэхэмжлэгчийн эрх ашиг бодитойгоор зөрчигдөн, олон нийтийн дунд шүүхийн шударга байдалд эргэлзээ үүсэж байна” гэжээ.

Шүүгч С.Оюунжаргал тайлбартаа: “...Нэхэмжлэгч Р.Б, хамтран нэхэмжлэгч Д.Ц нарын нэхэмжлэлтэй, хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 9 цаг 00 минутад товлосон.

Миний бие уг иргэний хэргийн шүүх хуралдаанд ороход шүүгчийн туслах Н.А надад “Шүүгчээ энэ гурван хүн гурвуулаа хүрээд ирлээ” гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн ширээнд нэхэмжлэгч Р.Б, хамтран нэхэмжлэгч Д.Ц нар суусан. Гомдол гаргагч Л.С шүүх хуралдааны танхимын арын суудалд сууж байсан. Би нэхэмжлэгч Р.Б-аас “Та шүүх хуралдаандаа орох юм уу, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орох юм уу” гэж асуухад нэхэмжлэгч Р.Б “Би орно” гэж хэлэхээр нь “Та шүүх хуралдаанд оролцохоор бол итгэмжлэлээсээ татгалзсан тайлбараа бичиж өгнө” гэж хэлсэн. Тэгээд нэхэмжлэгч Р.Б итгэмжлэлээсээ татгалзсан тайлбараа бичиж өгсөн. Харин гомдол гаргагч Л.С-т “энэ шүүх хуралдаан хаалттай” гэж хэлэхэд гомдол гаргагч Л.С нь шүүх хуралдааны танхимаас гарсан. Гомдол гаргагч Л.С нь дахин шүүх хуралдаанд орохыг хүсээгүй.

Шүүгч миний бие шүүх хуралдааны танхимын хаалгыг цээжээрээ хааж байгаад хаалгаа хаасан үйлдэл огт болоогүй. Шүүх хуралдаан “Б” танхимд болсон бөгөөд би шүүх хуралдааны танхим руу орохдоо зөвлөлдөх танхимаар дамжин шүүх хуралдааны танхимд орсон. Хэргийн оролцогчдын шүүх хуралдааны танхим руу ордог хаалгаар ордоггүй.

Би шүүгчийн туслахдаа гомдол гаргагч Л.С-ийг шүүх хуралдаанд оролцуулахгүй гэж огт хэлж байгаагүй. Ямар ч хэрэг дээр ийм үйлдлийг шүүгчийн зүгээс гаргахгүй.

Гомдол гаргагч Л.С нь ...өмнө нь нэг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан. Мөн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр М.М-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн .....-т холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, уг хэргийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэсэн.

Одоо Л.Г-ын нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаад 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г нь өөрөө шүүх хуралдаанд биечлэн оролцохоор итгэмжлэлээсээ татгалзсан тайлбараа өгөөд шүүх хуралдаандаа оролцож, нээлттэй шүүх хуралдаанд байсан тул  Л.С шүүх хуралдааны танхимд ажиглагчаар суусан.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно” гэж заасан.

Хэргийн оролцогч болох нэхэмжлэгч Р.Б нь шүүх хуралдааны өмнө итгэмжлэлээсээ татгалзсан бичгийг шүүхэд өгсөн. Энэ үеэс эхлэн гомдол гаргагч Л.С-ийн төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон.

Иймд шүүгч С.Оюунжаргал миний бие гомдол гаргагч Л.С-ийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох эрхийг нь зөрчсөн болон шүүгчийн ёс зүйг зөрчсөн үйлдлийг гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд “…гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзвэл 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Б, Д.Ц нар биечлэн оролцохоор ирсэн тул шүүгч хэн нь шүүх хуралдаанд оролцохыг тодруулж, нэхэмжлэгч өөрөө оролцох хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухай тайлбар бичүүлж авсан нь хуульд нийцжээ. Тодруулбал, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрх, нэхэмжлэгчийн төлөөлүүлэх эрхийг санаатайгаар хязгаарласан гэж үзэхгүй. Түүнчлэн, өргөдөлд дурдсан “шүүх танхимын хаалгыг цээжээрээ хааж байгаад хаалгаа хаасан” гэх үйл баримт шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй бөгөөд тухайн өдрийн шүүх хуралдаан хаалттай явагдсан байх учир шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулаагүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь Д.Ц-тэй хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч С.Оюунжаргал хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0...1 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ц нь хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0...1 дүгээр захирамжаар хангасан.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0...6 дугаар тогтоолоор шүүгч С.Оюунжаргал ээлжийн амралтаа авч байгаатай холбогдуулан тус иргэний хэргийг шүүгч Б.М-д, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0...8 дугаар тогтоолоор шүүгч С.Оюунжаргал ээлжийн амралтаа эдлэн ажилдаа орсонтой нь холбогдуулан буцаан түүнд хэргийг шилжүүлсэн, мөн өдрийн 0...0 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгажээ.

Ерөнхий шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0...5 дугаар захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.Оюунжаргалыг томилсон шийдвэрийг албажуулсан.

Шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0...5 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цагт хийхээр товлон зарласан боловч үзлэг хийх, нэмж нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, улмаар 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 0...2 дугаар шийдвэрээр Д.Ц, Р.Б нарыг Хөвсгөл аймгийн ...сумын ...дугаар багт 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ.

Дараах үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно”, 32.4-т “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно”, 32.5-д “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч Р.Б 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л.С-ийг томилжээ.

Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Б, Д.Ц нар биечлэн оролцсон бөгөөд нэхэмжлэгч Р.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан тухай тайлбараа шүүхэд бичгээр гаргасан байна.

Шүүгч тайлбартаа “...Миний бие уг иргэний хэргийн шүүх хуралдаанд ороход шүүгчийн туслах Н.А надад “Шүүгчээ энэ гурван хүн гурвуулаа хүрээд ирлээ” гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн ширээнд нэхэмжлэгч Р.Б, хамтран нэхэмжлэгч Д.Ц нар суусан. Гомдол гаргагч Л.С шүүх хуралдааны танхимын арын суудалд сууж байсан. Би нэхэмжлэгч Р.Б-аас “Та шүүх хуралдаандаа орох юм уу, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орох юм уу” гэж асуухад нэхэмжлэгч Р.Б “Би орно” гэж хэлэхээр нь “Та шүүх хуралдаанд оролцохоор бол итгэмжлэлээсээ татгалзсан тайлбараа бичиж өгнө” гэж хэлсэн. Тэгээд нэхэмжлэгч Р.Б итгэмжлэлээсээ татгалзсан тайлбараа бичиж өгсөн...” гэсэн.

Өргөдөл гаргагч Л.С “...Анх Р.Б надтай тохиролцохдоо хамтран нэхэмжлэгч Д.Ц өөрөө биеэр оролцоод, та намайг төлөөлөөд оролцоорой гээд итгэмжлэл өгсөн. Гэтэл хурлын товыг бүгдэд нь мэдэгдсэн учраас ирсэн. Р.Б-ийн татгалзсан тайлбарыг бол би хараагүй. Би анхнаасаа нэхэмжлэгчийн суудал дээр суугаагүй. Р.Б, Д.Ц нарт юу ярихыг нь зааж өгөөд арын ажиглагчийн суудал дээр сууж байсан. Гэнэт шүүгч ороод ирсэн байсан, энэ хаалттай хуралдаан, та гар гээд гараа алдлаад эвгүй байдалтай хэлсэн. Би тэр байдлаас их эвгүй мэдрэмж авсан...” гэж,

Шүүгчийн туслах Н.А “...Тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Б өөрөө хүрээд ирсэн байсан. Тэгээд шүүгч та өөрөө орох уу, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах уу гэж асуусан чинь Р.Б өөрөө орно гэж хэлээд итгэмжлэлээсээ татгалзсан тайлбар бичиж өгсөн. Тэгээд хуралд өөрөө орсон. Та тайлбараа бичиж өгөөрэй, энэ хурал хаалттай хурал болохоор ажиглагчаар суух боломжгүй шүү гэж төлөөлөгчид хэлж байхыг сонссон. Тэгээд л би гарч явсан. Харин хурлаас хойш хэд хоногийн дараа орж ирэхдээ “чи яагаад намайг хуралд оруулдаггүй юм” гэхээр нь “би тэгээгүй, танд хурлын тов мэдэгдсэн, хэргийн материал танилцуулсан шүү дээ. Миний эрхийн асуудал биш, надаас хамаарсан юм огт байхгүй” гэж хэлсэн. ...Нарийн бичгийн дарга надаас цаас аваад нэхэмжлэгчээр тайлбар бичүүлээд хэрэгт хийсэн. Шүүгч суудлаасаа босож ирээд тийм асуудал болсон зүйл огт байхгүй. Хурал эхлэх гээд шүүгч зааланд орж ирээд суусны дараа л яагаад гурван хүн байгаа билээ гэж асуугаад ийм зүйл болсон...” гэж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У: “...Яг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгч орж ирээгүй байхад шүүгчийн туслах нэхэмжлэгч 2 хүн, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт 3 хүн дагуулаад орж ирсэн. Тэгээд нэхэмжлэгч Р.Б, Д.Ц гуай 2 нэхэмжлэгчийн суудал дээр суугаад нөгөө хүн нь ажиглагчийн суудал дээр суусан. Цаг болоод шүүгч зөвлөлдөхөөс орж ирсэн. Орж ирээд суудалдаа сууж байхдаа нэхэмжлэгч Р.Б-аас “та өөрөө орох гэж байгаа юм уу, төлөөлөгчөө оролцуулах юм уу” гэж асуухад Р.Б гуай “би өөрийн биеэр оролцоно” гэсэн. Тэгэхэд нь “та итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж байгаа бол тайлбараа өгөөрэй” гэж шүүгч хэлсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нь “энэ хурал хаалттай хурал болохоор та гараарай” гээд гаргасан. Ийм л зүйл болсон. Гараа алдлаад хаасан зүйл огт болоогүй. Шүүгч хурлын хүмүүсийн ордог хаалгаар биш зөвлөлдөхийн хаалгаар дамжиж орж ирдэг болохоор тэгэх боломжгүй...” гэж тус тус гэрчээр мэдүүлжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Б, Д.Ц нар биечлэн ирсэн тул шүүгч нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэн нь шүүх хуралдаанд оролцохыг тодруулахад нэхэмжлэгч биечлэн оролцохоо илэрхийлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С-ээс татгалзсан тухай тайлбараа шүүхэд бичгээр гаргасан байна.

Иймд шүүгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрх, нэхэмжлэгчийн төлөөлүүлэх эрхийг санаатайгаар хязгаарласан гэж үзэхгүй бөгөөд шалгах ажиллагаагаар шүүгч С.Оюунжаргал нь Л.С-ийг хуралдааны танхимаас гаргаж, дахин орохыг хүсэхэд шүүх танхимын хаалгыг цээжээрээ хааж, шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй, түүнчлэн  шүүх хуралдаан хаалттай явагдсан тул шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулаагүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.             

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                         Г.ЦАГААНЦООЖ

                                    ГИШҮҮН                              Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН