
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-09-02
Дугаар 106
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, холбогдох шүүгч И.Амартөгс, ажиглагчаар өргөдөл гаргагч Ю.Ц нарыг оролцуулан, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлж тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ГС/2026/0087 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр ... талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.Б-ийг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч О.Б-д гаргаж өгөхийг хариуцагч “Д Т Ч” ХХК-д даалгаж, хариуцагч “Д Т Ч” ХХК-аас алданги 7,786,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг “...орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч О.Б-д шилжүүлэхийг хариуцагч “Д Т Ч” ХХК-д даалгаж, хариуцагч “Д Т Ч” ХХК-иас 7,786,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тогтоолоор хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор “Д Т Ч” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяагийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ... дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.М-ын, хариуцагч “Д Т Ч” ХХК-д холбогдох “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтуудыг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон,
“Д Т Ч” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.М-ын нэр дээр гаргуулах хүсэлт гаргасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.М-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.Б-ийн нэр дээр шилжин, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан.
3. Нэхэмжлэгч О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ц нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “... орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.М-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, О.Б-ийн өмчлөлд бүртгэхийг даалгах” нэхэмжлэл гаргасанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн, 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дүгээр захирамжаар “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шийдвэрийг биелүүлэхгүй залилсан, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд саад учруулсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
4.О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ц Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ... дүгээр захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж, шүүгч Л.Золзаяагийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар “...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот шийдвэрээр маргаан бүхий ... талбай бүхий 3 өрөө, “F” тоот орон сууц буюу одоогийн олгосон хаягаар ... тоот орон сууцны өмчлөгчөөр О.Б-ийг тогтоосон байхад тус шүүхийн ... дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.М-ыг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон талуудын эвлэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан дээрх захирамжийг хүчингүй болгосныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч гомдол гаргасан,
Тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр тогтоолоор “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагавартай, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай тул захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ нь шүүхийн шийдвэр тогтвортой байх зарчмаар хязгаарлагдана. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг дээр дурдсан техникийн болон утга найруулгын алдаатай гарсныг зарчмын хувьд хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хянаж болно гэж Улсын дээд шүүхийн 2023 оны 17 дугаар тогтоолоор тайлбарласан...” гэж дүгнээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, ... дугаар захирамжийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдоно.
Дээрх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнд холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ц гомдол гаргаж, үндэслэлээ “...3 шатны шүүхийн шийдвэр хэрхэн яаж биелэгдэх нь тодорхойгүй болж шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж алдагдаж эрх ашиг ноцтой зөрчигдсөн, шүүх хуралд бидний үг хэлэх эрхийг хааж зөвхөн ажиглагчаар оролцуулснаар гомдол гаргасан талууд бодит байдлыг гуйвуулан илт худал мэдүүлэг өгч хуулийн байгууллагыг мэхэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1 дэх хэсэгт заасан хугацааг 2 сар гаруй хэтрүүлж гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцээд захирамжийг хүчингүй болгож бусдад давуу байдал бий болгосон” гэх агуулгаар тодорхойлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тогтоолд хууль зүйн дүгнэлт хийх, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх эрх Сахилгын хороонд олгогдоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасныг тайлбарласан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор тайлбарлахдаа: 5.2. “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагавартай, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай тул захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ нь шүүхийн шийдвэр тогтвортой байх зарчмаар хязгаарлагдана. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг дээр дурдсан техникийн болон утга найруулгын алдаатай гарсныг зарчмын хувьд хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хянаж болно...”, “илт үндэслэл муутай” гэдгийг Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно. Илт үндэслэл муутай гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхийг үл харгалзан залруулж болно. “тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгч” гэдэгт шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргасан шүүх бүрэлдэхүүн, шүүгчийг ойлгоно. Шүүгч тус шүүхэд ажиллахгүй болсон, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас удаан хугацаагаар эзгүй байгаа тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу хуваарилагдсан шүүх бүрэлдэхүүн, шүүгчийг тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгчтэй адилтган үзнэ...” гэжээ.
Ийнхүү Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг үндэслэл болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг хэрэглэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр тогтоол хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй, тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнийг сахилгын зөрчилд буруутгах боломжгүй.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ.”, 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан зохицуулалт зөрчигдөөгүй байна. Тодруулбал,
О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Д Т Ч” ХХК-д холбогдох “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтуудыг гаргуулах” тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч болон гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцоогүй тул гомдлын хуралдаанд хэргийн оролцогчийн эрх зүйн байдалтай оролцуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 02 дугаар сарын 13-ны өдөр тус тус гардан авч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 02 дугаар сарын 16-нд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус гомдол гаргасан болох нь “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр гардуулсан, хүргүүлсэн мэдэгдсэн тухай” Баримт №7, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдлын бүртгэл”-ээр тогтоогдож байх тул “2 сар гаруй хэтрүүлж гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцсэн” гэх гомдол үгүйсгэгдэнэ. Дээрхийг нэгтгэн дүгнээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Д.Батхуяг, Л.Энхжаргал нарыг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргаагүй үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч И.Амартөгс, Л.Энхжаргал нар Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжаар Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Д Ч” ХХК-д холбогдох Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтуудыг гаргуулах” тухай хэргийг Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Хариуцагч нь ... 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгуулах, тус байрыг улсын эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад нэхэмжлэгч Б.М-ын өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг "Д Т Ч” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эвлэрсэн болохыг дурдсугай гэжээ. Уг Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Тухайн хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нарын гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар хянан хэлэлцсэн.
Дээрх гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.Х, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ц, түүний өмгөөлөгч Б.Б нар оролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1- д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж зохицуулсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1,4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ.” гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн маргаанд зохигч болон гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцоогүй байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар уг хэрэгт хэргийн оролцогч буюу зохигч, гуравдагч этгээдээр оролцсон этгээд биш байсан тул дээрх эрх зүйн байдлын хувьд оролцуулах боломжгүй байсан тул шүүх ажиглагчаар гомдол хэлэлцэх маргаанд оролцуулсан.
2. Гомдлыг тус шүүхэд нэхэмжлэгч Б.М-ын өмгөөлөгч 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байна. Уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Д.Батхуяг, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар хэлэлцэж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” тухай захирамжийг хүчингүй болгож, зохигчдын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу захирамжийг гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Шүүгчийн захирамжийг хариуцагч талд 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өдөр мэдэгдэж 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гомдлоо гаргасан, нэхэмжлэгч талд 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэж, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байдаг.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн гомдол гаргах зохицуулалт хамаарах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гарсан өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд тухайн эрхийн акт гарсан талаар зохигч, гуравдагч этгээдэд мэдэгдээгүй бол мэдсэн өдрөөс нь хойш 10 хоногт гомдол гаргах хугацааг тооцох ба тухайн мэдсэн хугацаанаас тооцож гомдлыг хэлэлцсэн болно. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Амартөгс, Д.Батхуяг, Л.Энхжаргал нар Монгол улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй тул өргөдөл гаргагч О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ц-ын гаргасан өргөдөлд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ю.Ц-ын гаргасан өргөдлийн дагуу Сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ГЗҮ/2026/0060 дугаар захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Д.Батхуяг, Л.Энхжаргал нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Өргөдөл гаргагчаас дээрх шүүгч нарт холбогдуулан хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авч хэлэлцсэн, шүүх хуралдаанд үг хэлэх эрхийг хааж зөвхөн ажиглагчаар оролцуулсан, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, бусдад давуу байдал бий болгосон гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяагийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ... дүгээр захирамжаар Б.М-ын нэхэмжлэлтэй “Д Т Ч” ХХК-д холбогдох “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтуудыг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Улмаар Ю.Ц-аас дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж, шүүгч Л.Золзаяагийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар “...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар шийдвэрээр маргаан бүхий Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан ... орон сууц буюу одоогийн олгосон хаягаар ... тоот орон сууцны өмчлөгчөөр О.Б-ийг тогтоосон нь хүчин төгөлдөр байхад тус шүүхийн ... дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.М-ыг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон талуудын эвлэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан захирамжийг хүчингүй болгосон байх ба уг захирамжид зохигч гомдол гаргасан үйл баримт тогтоогдож байна.
Нэг. Хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авч хэлэлцсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан.
Тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардан авч, 4 хоногийн дараа буюу 16-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн сарын 13-ны өдөр гардан авч, 10 хоногийн дараа буюу 23-ны өдөр тус тус гомдол гаргасан болох нь “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр гардуулсан, хүргүүлсэн мэдэгдсэн тухай” Баримт №7, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдлын бүртгэл”-ээр тогтоогдож байна.
Дээрх шүүгчийн захирамжийг шүүх хуралдааны явцад гаргаагүй тул зохигчийн гомдол гаргах хугацааг шүүгчийн захирамжийг гардан авсан өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Иймд зохигчийн хэн аль нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан болох нь тогтоогдож байх тул хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авсан гэх үндэслэлээр гомдол хэлэлцсэн бүрэлдэхүүнийг буруутгах боломжгүй.
Хоёр. Шүүх хуралдаанд үг хэлэх эрхийг хааж зөвхөн ажиглагчаар оролцуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Дээрх шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн байх ба тус хуралдаанд өргөдөл гаргагч Ю.Ц болон түүний өмгөөлөгч ажиглагчаар оролцсон болох нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, ... дүгээр шүүхийн тогтоолоор тогтоогдож байна.
Тус хуралдаанаар Б.М-ын нэхэмжлэлтэй, “Д Т Ч” ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн байх ба уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ю.Ц нь зохигч болон гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцоогүй тул гомдол шийдвэрлэх хуралдаанд үг хэлүүлээгүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.
Шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч И.Амартөгс нь Ю.Ц нь дээрх хэргийн оролцогч биш тул үг хэлэх эрхгүй, шүүгчийн захирамжийг түүний хүсэлтээр хүчингүй болгосон тул ажиглагчаар оролцуулж буй талаар тайлбарласан байна.
Гурав. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, бусдад давуу байдал бий болгосон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлд заасан ба мөн зүйлийн 171.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянаж, 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр тогтоолоор 171.1.3-т заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйл заалтыг тайлбарласныг үндэслэсэн байх ба шүүх бүрэлдэхүүн хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянаж, тогтоол гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ГС/2026/0087 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Ю.Ц-аас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Д.Батхуяг, Л.Энхжаргал нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР