info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-09-08

Дугаар 108

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийн бүхэлд нь хүлээн авч,

шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Д.Баттулгыг цахимаар оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Баттулгад  холбогдох Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ГНД/2026/0032 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний дүгнэлтдээ:

     “ ... Нэг. "Хэргийн материал судлах үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан" гэх гомдлын тухайд:

            2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон.

            Хэргийн оролцогчдыг нотлох баримт шинжлэн дууссаны дараа

            Даргалагч: Нэхэмжлэгч талаас асууя. Барилга засварын цехийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож байна. Энэ хороо хэзээ, хаана, яаж байгуулагдсан бэ? Өмгөөлөгч энэ талаар судлах болов уу гэсэн нэг ч баримт дурдагдсангүй гэхэд

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Энэ хорооны гэрчилгээ хэрэгт авагдсан гэв.

            Даргалагч: Та шинжлэн судлаагүй учраас асуусан юм. Үйлдвэрчний эвлэлийн хороо гэж байгаа бол хамтын гэрээгээ хэзээ, хаана, хэнтэй байгуулсан бэ гэхэд

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н: Э-т Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэж байдаг. Тэр нь Э-ийн захиргаатай 2 жил болгон гэрээ байгуулдаг. Манайх Э-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа Барилга засварын цехийн үйлдвэрчний эвлэлийн хороо юм гэв.

            Даргалагч: Хамтын гэрээгээ авч үзсэн үү гэхэд

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н: Бүгдээрээ хэрэгт байгаа даа гэв.

            Даргалагч: Шинжлэн судлаагүй учраас асууж байна. Танай Барилга засварын цехийн үйлдвэрчний эвлэлийн хороог н.Г төлөөлж байгаа. Энэ хүнийг ямар журмаар сонгосон бэ? Шүүхэд төлөөлөх эрхийг ганцхан н.А-д олгосон гээд итгэмжлэл танилцуулсан. Хамтын гэрээнд заасан ямар заалт болон хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн учраас бид нарын эрх зөрчигдсөн гэж үзээд байна вэ? гэхэд

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Энэ талаар н.А сайн мэдэхгүй. Энэ бол өмгөөлөгчийн туслах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ирж байгаа. Бусад 3 төлөөлөгчтэй адилхан Барилга засварын цехийн ажилтан биш учраас шууд тодорхой хариулж мэдэхгүй гэв.

            Даргалагч: Бусад төлөөлөгч нарт тайлбар байна уу гэхэд

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н: Хавтаст хэргийн 90-91 хуудсанд байгаа. Э-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээнд нийт ажилчдыг ялгаварлаж цалин хөлсийг олгосон байдлаар заагаагүй байдаг. Үйлдвэрчний эвлэлийн 1 дүгээр заалтад инфляцтай уялдуулж Э-ийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлнэ гэж зааснаас биш Э-ийн ажилчид ялгаатай байдлаар цалинжина гэсэн үг байхгүй гэв.

            Даргалагчаас: Үйлдвэрчний эвлэлийн хороо ямар журмаар байгуулагдсан бэ? гэхэд

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н: Э-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяанд байдаг гэв.

            Даргалагч: Барилга засварын цехийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид гэж өөрсдийгөө тодорхойлсон. Үүнийг ямар шугамаар, ямар эрх зүйн актаар байгуулсан бэ? гэхэд

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н: Эрх бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. н.Г даргыг нийт гишүүдийн хурлаар сонгосон гэхэд

            Даргалагч: Тэр баримт нь хаана байна вэ? Үйлдвэрчний эвлэлийн хуралдаан гэсэн баримтууд хэрэгт байна. н.Г гэдэг хүн Барилга засварын цех дээр очоод Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан юм уу? гэхэд

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Барилга засварын цех дээр тусдаа Барилга засварын цехийн ажиллагсдын үйлдвэрчний холбоо гэж байгуулсан байгаа гэв.

            Даргалагч: Үүнийгээ ямар баримтаар яаж тодорхойлоод байна вэ? гэхэд

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Улсын бүртгэлд бүртгүүлээд гэрчилгээ авсан. Итгэмжлэлийн ард хавсаргасан байгаа гэв.

            Даргалагч: Нотлох баримт шинжлэн судлахад энэ баримт дурдагдаагүй, "Э"-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Барилга засварын цехийн Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулаад эдгээр нэр бүхий хүмүүс төлөөлөөд нэхэмжлэл гаргах эрхтэй гэснийг нотлох баримт нь хаана байна вэ? гэхэд

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Анх нэхэмжлэл гаргах үед н.У дарга нь байсан учраас энэ хүнээр гаргасан. 1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар хуудсанд н.Г-аас н.Н-д олгосон итгэмжлэлүүд байна гэв.

            Даргалагч: "Э”-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо хэзээ яаж байгуулагдсан, тэр эрх зүйн баримт нь хаана байгаа юм бэ? гэхэд

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байх ёстой гэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх гэрч, шинжээчээс мэдүүлэг авах цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг энэ хуулийн 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна", 112 дугаар зүйлийн 112.1-д "Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна” гэж заасан.

            Шүүх хуралдаан даргалагч нь хэргийн оролцогчид нотлох баримт шинжлэн судалсны дараа нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгчөөс нотлох баримт шинжлэн судлахдаа дурдаагүй "Э" газрын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх зүйн байдалтай холбоотой тодруулж асуусан нь хууль зөрчөөгүй тул "хэргийн бодит байдалд үнэлэлт өгөх чадваргүй, хэргийг уншиж судлаагүй, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулсан, шүүгчийн мэргэжлийн ёс зүйн мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлтэй байх зарчмыг зөрчсөн" гэж дүгнэх боломжгүй.

            Хоёр. "Шийдвэрийн үндэслэлийг дур мэдэн өөрчилж, нэхэмжлэгч нарыг өөр хуурч, эрх ашиг сонирхлыг зөрчсөн" гэх гомдлын тухайд:

            "Э” газрын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Ё.М нарын 102 иргэний нэхэмжлэлтэй, "Э” газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүгч шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.2-д зааснаар ажилтны цалин хөлсийг тогтоох нь ажил олгогчийн эрхийн асуудал байна. Иргэний хуулийн 76.2-д зааснаар маргаан бүхий 2 орон тооны хуваарьтай холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна..." гэж хэлсэн нь бичигджээ.

            Харин бичгээр албажиж гарсан шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 76.2-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох шаардлагын талаар дүгнээгүй, уг хуулийн зохицуулалтыг баримтлаагүй.

            Банглорын зарчмын 3.1 "Энгийн хүний байр сууринаас харахад, шүүгч нь элдэв шүүмжлэлд өртөхөөргүйгээр шүүгчийн ёс зүйг сахиж, хэвшүүлнэ", 107-д "Шүүхэд тогтсон дэг журам өөр өөр байдаг боловч шүүгч нь амаар гаргасан шийдвэрийн агуулгыг өөрчлөх ёсгүй. Нөгөө талаар, шийдвэрийн агуулгыг амаар танилцуулахад гарсан үг үсэг, хэлц үг хэллэг, дүрэм, өгүүлбэр зүйн алдааг залруулах, орхигдсон эшлэлийг оруулах зэргийг зөвшөөрдөг. Үүнтэй адилаар, шүүгчийн хэлснийг буруу бичсэнээс бусад тохиолдолд, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн санал, шүүгчийн эцэслэн хэлсэн үгийн бичвэрийг ямар нэг байдлаар өөрчилж болохгүй” гэж заасан бөгөөд амаар танилцуулсан шийдвэрийн агуулгыг бичгээр албажуулсан шийдвэрт тусгаагүй нь шүүгчийн ёс зүйн шударга байдлын зарчимд нийцэхгүй.

            Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үйлдэлтэй холбоотой тусгайлан шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон шинжтэй зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана", 119.2-т "Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно" гэж заасныг зөрчсөнд хамааруулах боломжгүй байна.

            Гурав. "Хамтран нэхэмжлэгч нарын шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулж хохироосон" гэх гомдлын тухайд:

            Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл "Э” газрын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Э” газарт холбогдуулан "Э" газрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь", "Э" газрын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан "Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь"-ийг тус тус хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасанд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

            Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 102 иргэн хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 78, 05 дугаар сарын 19-ний өдрийн 09, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16, 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Г, М.Н, Б.А, Д.Г нар оролцож зарим нэр бүхий нэхэмжлэгч нар цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д "Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана..." гэж заасан.

            Шүүгч нь дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ зарим нэр бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан болох нь *** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаар магадлалаар "...шүүх 102 нэхэмжлэгчийн 20 нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 36 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба 47 нэхэмжлэгчийн ...нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй" гэж дүгнэснээр тогтоогдоно.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор "илт тодорхой заалт" гэдгийг "тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно", "ноцтой зөрчих” гэдгийг "процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно" гэж тайлбарласан.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заалт тодорхой бус ойлголт агуулаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон эсэх, нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгахыг шүүгчид үүрэг болгосон хуулийн илт тодорхой заалт мөн бөгөөд шүүгч нь зарим нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд хамаарна.

            Түүнчлэн, энэхүү иргэний хэрэг маргааныг анх шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг *** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 89 дүгээр магадлалаар “шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй" гэж дүгнэн хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, 2 дахь удаагаа шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаар шийдвэрийг *** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр магадлалаар дахин хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаахдаа “...нийт 96 нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзвэл шүүх 42 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан, үлдэх 54 нэхэмжлэгчээс 21 нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах хүсэлтээ илэрхийлсэн бол бусад 33 нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж эсхүл татгалзаж байгаа эсэхийг тодруулалгүй, хэргийг шийдвэрлэжээ. ...Ийнхүү дээрх нэр бүхий 33 нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ дэмжиж эсхүл татгалзаж байгаа эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлд хамаарч байна" гэж дүгнэсэн.

            Гэтэл уг иргэний хэргийг шүүх 3 дахь удаагаа шийдвэрлэхдээ дахин ижил төрлийн алдаа гаргаж, зарим нэр бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан нь давж заалдах шатны шүүхээс шийдвэр хүчингүй болох үндэслэл болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, хэргийн оролцогч нарт хүндрэл учруулах нөхцөл байдлыг бий болгосон байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т заасан "...шударга шүүхээр шүүлгэх" иргэний үндсэн эрх зөрчигдсөн гэж үзнэ. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан "ноцтой" гэх урьдач нөхцөлийг хангасан.

            Дээрхийг нэгтгэн дүгнээд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулгыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23- д заасан "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ...зөрчсөн" зөрчилд буруутган нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.

 

            Шүүгч Д.Баттулга Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: 

            “...1. Шүүгч хүн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж байгаа хэргээ уншиж, танилцахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ямар ч боломж байхгүй. Шүүгч миний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаан явуулах дэгийг танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг судалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн шинжлэн судлуулсан. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой нотлох баримтын талаар тодруулж асуусан. Түүнээс өргөдөлд дурдсан үгүйсгэсэн агуулгаар асуугаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар зохигчид нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргийнх нь хүрээнд тодруулж асуусан.

2. "...Шийдвэрийн үндэслэлийг дур мэдэн өөрчилсөн асуудал огт байхгүй болно. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.2- т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт авагдсан.

...Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар тайлбарлаж, хэрэгсэхгүй болгосон гэж байна. Тухайн хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа "Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан" талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн үйл баримтыг л тайлбарласан. Түүнээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шийдвэрлээгүй. Харин шүүгч намайг Эрдэнэт үйлдвэрийн талд үйлчилсэн гэж хардаж байгаа нь огт үндэслэлгүй, шүүгчийн нэр төрд халдсан үйлдэл гэж үзэж байна.

3. "...Шүүгч миний бие шүүхийн хэлэлцүүлгийн өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас төлөөлж буй этгээдүүдийн нэрийг нэг бүрчлэн уншиж танилцуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэж шийдвэрээ гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нь 57 иргэнийг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь 25 иргэнийг, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нь 14 иргэнийг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь 6 иргэнийг нийт 102 иргэн нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэж, шийдвэрлэсэн.

  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул урьдчилан төлсөн хураамжийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Түүнээс хэн нэгний эрх, ашгийг хохироох, аливаа асуудалд хувийн байдлаар хандах хандлага, эрх шүүгч надад байхгүй болно" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Д.Г, М.Н нараас Орхон аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулгад холбогдуулан өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ГЗҮ/2026/0042 дугаар захирамжаар холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Дээрх өргөдлийн дагуу шүүгч Д.Баттулгад холбогдуулан сахилгын хорооны гишүүн шалгах ажиллагаа явуулж 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2026/0058 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргасныг Сахилгын хорооны хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн СХТ/2026/0065 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан.

Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн дараах үндэслэлээр илтгэгч гишүүний дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, холбогдох шүүгч Д.Баттулгад сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            1. Өргөдлийн: “...хэргийн материал судлах үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан” гэх үндэслэлийн тухайд:

     Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Э” газрын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Э " газарт холбогдуулан "Э " газрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь", "Э” газрын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан "Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь”-ийг тус тус хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

            Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 102 иргэн хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 78, 05 дугаар сарын 19-ний өдрийн 09, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16, 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Г, М.Н, Б.А, Д.Г нар оролцож, эдгээр нэхэмжлэгч нараас нэр бүхий 54 нэхэмжлэгч цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

     Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09- ний өдрийн 81 дүгээр шийдвэрийн

            1 дэх заалтаар: "Э " газрын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Ё.М нарын 102 иргэний "Э" газарт холбогдуулан гаргасан "Э" газрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, “Э" газрын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох",

            итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэмэгдүүлсэн "...хариуцагчаас нэхэмжлэгч Б.О, 3.Г, Б.Г, Б.Ч, М.Г, Ж.Ж нарт тус бүр 17.030.000 төгрөг, нэхэмжлэгч Г.Г, Ж.Н, Т.Б, Х.Б, Ё.М нарт тус бүр 18.806.000 төгрөг гаргуулах",

            итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдүүлсэн: "...хамтран нэхэмжлэгч Э.А, Г.Б, Б.Б, Э.Ц, Ц.А, М.М, О.У, Г.М, Б.Б нарт тус бүр 15.760.000 төгрөг, Э.Э-д 14,496,000 төгрөг, Д.Б, Б.Э нарт 13 601 820 төгрөг, М.Б-д 9 839 160 төгрөг гаргуулах",

            итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдүүлсэн: "...хамтран нэхэмжлэгч Д.Э, Ц.У, Э.Э, И.Г, Б.Э, В.Б, Г.Э, Н.А, Г.Э нарт тус бүр 15.760.000 төгрөг гаргуулах",

            итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэгдүүлсэн: "...Л.Э-т 15.760.000 төгрөг гаргуулах",

            итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн нэмэгдүүлсэн: "...хариуцагчаас нэхэмжлэгч Н.Н-д 18.806.000 төгрөг гаргуулах",

            итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн нэмэгдүүлсэн: "...хамтран нэхэмжлэгч, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан П.Б, Б.М нарт 15,760,000 төгрөг гаргуулах",

            итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэмэгдүүлсэн: "...хамтран нэхэмжлэгч П.Л-д 18,806,000 төгрөг, Д.Г-д 15,760,000 төгрөг гаргуулах” тухай үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            2 дахь заалтаар: Нэхэмжлэгч Б.Г, Ё.М, Э.Э, Н.А, Г.Э, Б.Н, Ү.М, Э.Э, О.Д, Б.О, В.Б, Д.Ө, Б.Э, Б.Б, П.Ж, Ж.Н, Ц.М, М.Г, М.С, И.И нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар магадлалаар "...шүүх 102 нэхэмжлэгчийн 20 нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 36 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба 47 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна..." гэж дүгнэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасан байна.

            Үүнийг илтгэгч гишүүн дүгнэлтдээ “...Шүүх хуралдаан даргалагч нь хэргийн оролцогчид нотлох баримт шинжлэн судалсны дараа нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгчөөс нотлох баримт шинжлэн судлахдаа дурдаагүй "Э" газрын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх зүйн байдалтай холбоотой тодруулж асуусан нь хууль зөрчөөгүй тул "хэргийн бодит байдалд үнэлэлт өгөх чадваргүй, хэргийг уншиж судлаагүй, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулсан, шүүгчийн мэргэжлийн ёс зүйн мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлтэй байх зарчмыг зөрчсөн" гэж дүгнэх боломжгүй” гэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх гэрч, шинжээчээс мэдүүлэг авах цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг энэ хуулийн 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна", 112 дугаар зүйлийн 112.1-д "Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна” гэж заасан.

            Нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааны нэг хэлбэр нь асуулт тавих юм. Нотлох баримтыг хуулиар тогтоосон дарааллын дагуу судалсны дараа нэмж тодруулах зүйл байж болох тул энэ талаар хэргийн оролцогчоос шүүгч асуулт асууна. Шүүгч нотлох баримтыг нэмж тодруулж буй нь тайлбараа нотлох, мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажиллагаа тул энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэсэн байна.

            2. Өргөдлийн: “...Шийдвэрийн үндэслэлийг дур мэдэн өөрчилж, нэхэмжлэгч нарыг хуурч, эрх ашиг сонирхлыг зөрсөн” гэх үндэслэлийн тухайд:

            Шүүгч Д.Баттулга 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа “...Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.2-т зааснаар ажилтны цалин хөлсийг тогтоох нь ажил олгогчийн эрхийн асуудал байна. Иргэний хуулийн 76.2-т зааснаар маргаан бүхий 2 орон тооны хуваарьтай холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна...” гэжээ.

            Харин шүүгч Д.Баттулгын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дугаар шийдвэрт Иргэний хуулийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнээгүй.

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.1-д “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” , 119.2-т “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно” гэж тус тус заажээ.

            Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэр гарсан болохыг шүүх хуралдаанд хэргийн оролцогчдод танилцуулах үүрэгтэй. Шийдвэрийг танилцуулахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр, хэрхэн шийдвэрлэснийг тогтоох хэсэгт тусгагдсанаар тайлбарлана.

            Гэхдээ шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод сонсгож, тайлбарласнаар өөр утга, агуулгаар шийдвэрт тусгаж болохгүй.

            Банглорын зарчмын 3.1 "Энгийн хүний байр сууринаас харахад, шүүгч нь элдэв шүүмжлэлд өртөхөөргүйгээр шүүгчийн ёс зүйг сахиж, хэвшүүлнэ", 107-д "Шүүхэд тогтсон дэг журам өөр өөр байдаг боловч шүүгч нь амаар гаргасан шийдвэрийн агуулгыг өөрчлөх ёсгүй. Нөгөө талаар, шийдвэрийн агуулгыг амаар танилцуулахад гарсан үг үсэг, хэлц үг хэллэг, дүрэм, өгүүлбэр зүйн алдааг залруулах, орхигдсон эшлэлийг оруулах зэргийг зөвшөөрдөг. Үүнтэй адилаар, шүүгчийн хэлснийг буруу бичсэнээс бусад тохиолдолд, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн санал, шүүгчийн эцэслэн хэлсэн үгийн бичвэрийг ямар нэг байдлаар өөрчилж болохгүй” гэж заажээ.

            Дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд шүүгч шүүх хуралдаанаар гаргасан эцэслэн хэлсэн үгийг албажуулан бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт тусгаагүй. Тус шийдвэрт Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнээгүй нь шүүх хуралдаанаар эцэслэн хэлсэн үг болон албажуулан гаргасан шүүхийн шийдвэрийн агуулга хоорондоо зөрүүтэй болсон байна.

     Үүнийг илтгэгч гишүүн “...амаар танилцуулсан шийдвэрийн агуулгыг бичгээр албажуулсан шийдвэрт тусгаагүй нь шүүгчийн ёс зүйн шударга байдлын зарчимд нийцэхгүй. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үйлдэлтэй холбоотой тусгайлан шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон шинжтэй зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана", 119.2-т "Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно" гэж заасныг зөрчсөнд хамааруулах боломжгүй байна” гэж илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            3. Өргөдлийн: “...Хамтран нэхэмжлэгч нарын шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулж хохироосон” гэх үндэслэлийн тухайд:

            Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжаар “Э” газрын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй, “Э” газарт холбогдох иргэний хэргийг үүсгэжээ.

               Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 102 иргэн хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 78, 05 дугаар сарын 19-ний өдрийн 09, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16, 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Г, М.Н, Б.А, Д.Г нар оролцож зарим нэр бүхий нэхэмжлэгч нар цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

             Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар магадлалаар "...шүүх 102 нэхэмжлэгчийн 20 нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 36 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба 47 нэхэмжлэгчийн ...нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй" гэж шүүгч иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ зарим нэр бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан болох нь тогтоогджээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана...” гэж заасан.

            Тухайлбал, шүүхийн шийдвэр нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир түүний тогтоох хэсэгт шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтийн үр дагаврыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байвал зохино. Мөн хэргийн оролцогчдын шаардлагыг бүхэлд нь эсхүл заримыг нь хэрэгсэхгүй болгож байгаа бол  шүүх хэнд хамааралтай, хэний, ямар шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг тодорхой заахаас гадна хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтална.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэж заажээ. 

            Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд:

            "илт тодорхой заалт" гэдгийг "тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно",

            "ноцтой зөрчих” гэдгийг "процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно" гэж тайлбарласан.

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг иргэний хэргийн талаар гаргасан шийдвэрийн тогтоох хэсэгт тусгагдах асуудлын хүрээг хуульд илт тодорхой заажээ.

            Түүнчлэн, энэхүү иргэний хэрэг маргааныг анх шийдвэрлэсэн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 89 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг хянан хэлэлцээд, “шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнээгүй” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан байна.

            Харин 2 дахь удаагаа Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг хянан хэлэлцээд, ““...нийт 96 нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзвэл шүүх 42 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан, үлдэх 54 нэхэмжлэгчээс 21 нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах хүсэлтээ илэрхийлсэн бол бусад 33 нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж эсхүл татгалзаж байгаа эсэхийг тодруулалгүй, хэргийг шийдвэрлэжээ. ... Ийнхүү дээрх нэр бүхий 33 нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ дэмжиж эсхүл татгалзаж байгаа эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлд хамаарч байна” гэж дүгнэн хэргийг дахин хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаажээ.

            Уг иргэний хэрэг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж, шүүгч Д.Баттулгад хуваарилагджээ. Шүүгч тус хэргийг шийдвэрлэхдээ дахин ижил төрлийн алдаа гаргаж, зарим нэр бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, хэргийн оролцогч нарт хүндрэл учруулах нөхцөл байдлыг бий болгосон гэж үзнэ.

            Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “шударга шүүхээр шүүлгэх” гэж зааснаар шүүгч хэргийн оролцогч нарын иргэний үндсэн эрхийг зөрчсөн байна. Шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөвхөн хуулийн дагуу байгуулагдсан, хараат бус, төвийг сахисан шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх эрхээр хязгаарлагдахгүй бөгөөд шүүхийн өмнөх, шүүх хуралдааны болон шүүхийн шийдвэр гарсны дараах үе шатыг хамарсан цогц эрх юм. Тус эрхийн хүрээнд нотлох баримтаа шалгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд эрх тэгш байх, тэгш боломжоор хангагдах зэрэг процессын баталгаанууд хамаарна.

             Дээрх хэргийн тухайд илтгэгч гишүүн “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “ноцтой” гэх урьдач нөхцөлийг хангасан” гэж зөв дүгнэлт хийжээ. 

            Харин шүүгч Д.Баттулга нь сахилгын хорооны хуралдааны гаргасан тайлбартаа даргалагч шүүгчийн хувьд шийтгэх тогтоолыг хууль болон аргачлалд заасан шаардлагад нийцүүлэн бичиж албажуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд тэрээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасныг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

            Иймд шүүгч Д.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа зөрчил гаргасан зэргийг тус тус харгалзан “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ГНД/2026/0032 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Баттулгад “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

            4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

                                    ГИШҮҮД                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН