
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-09-17
Дугаар 115
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг, тус шүүхийн шүүгч Ц.Сувдмаа нарт холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ГНД/2026/0033 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-д:
“... Шүүгч С.Сайнбилэгийн тухайд:
1. Өргөдөлд “... 2015 онд өрөөндөө дуудаад хүргэн ах Н.У-н нэхэмжлэл байгаа юм чи хэрэг үүсгэчих цаашхыг би зохицуулах юм гэж хэлсэн..., ...уг хэргийг өөртөө хуваарилж аваад шийдсэн, ...байгууллагын баярын үйл ажиллагаа болон бусад /согтууруулах ундаа хэрэглэсэн/ үед ...бусдын өмнөөс нулимах, үл ялиг зүйлээр шалтаглан хэнд ч хамаагүй агсам тавьдаг, архидан согтуурч, гараа хугалан ажлаа хийдүүлэх нь одоо ч үргэлжилж байгаа, ажлын байран дээр эд бараа, хувцас бусдад худалдах, өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтанд зээл авч өгөх, энэ байдлаараа эрхшээлдээ байлгадаг, ажилтанд хүүтэй мөнгө зээлүүлдэг...” гэжээ.
Холбогдох шүүгч тайлбартаа “...2018 онд аав нас барахдаа дүүгээ сургууль заавал төгсгөөрэй гэж захисан, дүү С.Э 2022 онд Герман улсад суралцахаар явсан, 4 жилийн сургалтын төлбөрт жилд 7000 евро энэ нь дунджаар жилд 28 сая төгрөг болдог. ...
Үйлчлэгч Д.Х-н хүсэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүүгүй 100,000 төгрөг зээлүүлсэн, бичсэн чат нь байгаа, Г.М нэг хоёр удаа мөнгө зээлсэн, хүүтэй мөнгө зээлүүлж байгаагүй, хүн чанарын үүднээс зээлүүлсэн, ингэснээр миний эрхшээлд орно гэж огт бодохгүй байна, ...5-6 жилийн өмнө Шведэд амьдардаг эгч н.О хавар намрын гутал, өмд, сувдан зүүлт гэх мэтийг явуулаад дүүгийн сургалтын төлбөрт нэмэрлээрэй гэснийг үзүүлсэн, зарсан өөр хүнд зараагүй. Ингэхдээ учраа хэлсэн, дүүдээ тус болох гэж зарсан нь үнэн, ашиг хонжоо олох гээгүй..., хүргэн Н.У-н нэхэмжлэлийг үүсгэ гэж ярьж байгаагүй, Н.У төрсөн эгчтэй гэр бүл байж байгаад 2000 онд шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан, ...архи ууж агсан тавьсан тохиолдол байхгүй, ... 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ажил хүлээлцэхээр ирсэн. Ажлын цаг дууссаны дараа гаргаж өгөхдөө Монгол хүний ёсоор ааруул цагаан идээний дээж өгч нэг шил архи задалсан. Тэгээд бид шууд хөдөлсөн, ...хамгийн түрүүнд намайг хүргэж өгөхөд буугаад гэртээ орсон. Ням гарагт 16 цаг өнгөрч байхад гэртээ гал тогооны өрөөний хөргөгчийн урд талд шалан дээр ус асгарсныг мэдэлгүй халтирч унасан. Шөнө маш ихээр хавдаж, маш их өвдөж хоносон. Өглөө хүүтэйгээ хамт эмнэлэг ороод эмчийн цаг авч, үзүүлээд гарын зургийг 2 удаа авхуулаад хугарсан гэдгийг мэдсэн. ...Сүүлийн 2-3 жил би шүүхээс зохион байгуулсан шинэ жил, мартын 8 гэх мэт баяр ёслолын үйл ажиллагаанд огт оролцоогүй, ... ажлын цаг тасалж байгаагүй...” гэжээ.
1.1. Сахилгын хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/1 дүгээр шийдвэрээр С.С, Н.У нарын гэрлэлтийг цуцалжээ. Энэ тохиолдолд шүүгч С.Сайнбилэгийг Н.У-тай гэр бүл, төрөл садны холбоотой, мөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй. Иймд тухайн хэргийг хянан шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1.5-т зааснаар татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.
1.2. Гэрч Д.Б “...Шүүхийн Тамгын газраас шинэ жил, мартын 8 зэрэг тэмдэглэлт өдрүүдийг нийт шүүгч ажилтнуудын дунд зохион байгуулдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын Дээд шүүхээс шүүгч ажилтнуудын дунд урлаг спортын наадам уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнд бүгд оролцдог. Шинэ жил, мартын наймны арга хэмжээ шүүхийн байрнаас гадуур зориулалтын ресторан, спорт зааланд болдог. Миний хувьд С.Сайнбилэг шүүгч эдгээр арга хэмжээнд оролцож байсныг огт хараагүй, ерөнхийдөө нийгмийн идэвх их муутай гэж боддог. Энэ шүүгчийг архи дарс уугаад агсам тавьж байсныг огт хараагүй. Хэдийгээр бид нэг давхарт байрлаж ажилладаг боловч мэнд мэдэхээс цаашгүй. Хамт ажилладаг шүүгч, ажилтнуудаас архи дарс нэхдэг, согтуурсан үедээ бусдын өмнөөс нулимдаг, үл ялих зүйлээр шалтаглан агсам тавьж байсан талаар огт сонсож байгаагүй, хараа ч үгүй, надад ч тийм зүйл тохиолдоогүй.
Хэн гэдгийг нь мэдэхгүй цагаан сар, шинэ жил гэх мэт баяр ёслолын үеэр ийм тийм юм байна сонирхох уу гэсэн яриа байдаг л юм. Чухам хэн зарж байгаа гэдгийг сонирхож байгаагүй. Гэхдээ энэ бол байнга давтамжтай болж байсан явдал огт байхгүй. Ажил хүлээлцүүлэх комисс Говь-Алтайгаас ирээд ажлаа хийж гүйцэтгээд буцах болоод гаргаж өгөхөд би өөрийн машинаар хамт явсан. Намайг очиход С.Сайнбилэг шүүгч гаргаж өгөх газар очсон байсан. Тэнд 1, 2 шил архи задлаад олон хүн байсан учраас тойруулсан. Зарим нь амссан, зарим нь хангай дэлхийд өргөсөн тэнд ажил хэргийн асуудал яригдаад комисс явсан. Буцах болоход С.Сайнбилэг миний машинд суусан. Гэрийнх нь гадаа очиход буугаад гэртээ орсон, тэр үед хөл гар нь зүгээр байсан. Тэнд архи ууж согтуураад агсам согтуу тавьсан явдал огт болоогүй. Машинаас буухгүй гээд гараа хугалсан асуудал болоогүй, сайхан амраарай гээд буугаад явсан.
Шүүгч нар тусгай төхөөрөмжид өөрийн код хийж цагаа бүртгүүлдэг. Ийм тохиолдолд шүүгчийн өмнөөс цагийг нь бүртгэх боломж байхгүй гэж бодож байна. Миний хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар хоорондоо хир таарамжтай байдаг талаар мэдэх зүйл алга. Харин тус аймгийн шүүхийн шүүгч нар хоорондоо их эвтэй байдаг гэж боддог. Шийдвэрлэж байгаа хэргийн хувьд хоорондоо санал зөрдөг эсэх талаар мэдэхгүй” гэж,
Гэрч Г.М “...шүүгч С.Сайнбилэгтэй ажил үүргийн харилцаатай. ...орон сууц худалдан авах шаардлага гараад урьдчилгаа төлбөр дутсан тул энэ тухайгаа хэлээд 2024 оны 01 дүгээр сард 2 сая төгрөгийг сарын хугацаагаар, хүүгүй зээлээд хугацаандаа мөнгөө буцааж өгсөн. Дараа нь 2025 оны 06 дугаар сард хувийн ажлаар хот явах болоод 500.000 төгрөгийг зээлсэн. Цалин буугаагүй байсан тул түр зээлээд хугацаанд нь буцааж өгсөн. Ямар нэгэн хүү тохироогүй. Өөрөөр энэ шүүгчээс мөнгө зээлээгүй. Урьдчилгаа төлбөр хэрэгтэй болсон тухайгаа ярихад С.Сайнбилэг шүүгч банкнаас зээл аваад өгөх үү гэж байсан боловч тэгэх шаардлага гараагүй. Зээл өгсөн гэдгээр С.Сайнбилэг шүүгч өөрийн эрхшээлд байлгах, ямар нэгэн байдлаар өөртөө давуу байдал үүсгэх нөхцөл болгож байсан тохиолдол байхгүй. 2023 оны 08 дугаар сард хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл хийх гээд Ч.О шүүгчээс 2 сая төгрөг зээлсэн, хугацаанд нь буцааж өгсөн. Өөр хүнээс мөнгө зээлж байгаагүй. Ер нь бол хааяа нэг шүүгч болон захиргааны ажилтан ийм тийм юм байна, сонирхоорой гэж байдаг явдал байдаг. С.Сайнбилэг шүүгч 2022 онд тиймэрхүү зүйл хийж байсан. Түүнээс хойш юм зарж байгаагүй. Ч.О, Ц.С, н.Г шүүгч нар хааяа нэг ийм тийм юм байна сонирхоорой гэж л байдаг. Миний хувьд хэн алинаас нь өөрт хэрэгтэй гэсэн юмаа авч байсан. Шүүгч нар цагаа Тамгын газраас байрлуулсан төхөөрөмж дээр кодоор бүртгүүлдэг. Энэ журам 2023 оноос хэрэгжсэн. Энэ хоёр шүүгчийн хувьд шалтгаангүй ажил тасалсан асуудал одоогоор гараагүй байна. Өвчтэй, чөлөөтэй үед энэ тухайгаа мэдэгдээд холбогдох баримтаа Тамгын газарт өгсөн гэдгээ надад хэлдэг байсан. Тус шүүхийн гурван шүүгч надад кодоо өгөөд цагаа бүртгүүлж байсан удаа байхгүй. 2024, 2025 онуудад тус шүүх хамт олны хүрээнд ямар ч баяр тэмдэглээгүй. Миний хувьд шүүгч нартай нийлээд баяр тэмдэглээд архи дарс уусан явдал байхгүй. 2023 оны шинэ жил шиг санаж байна энэ арга хэмжээн дээр бүгд л архи дарс хэрэглэсэн, гэхдээ агсам тавьж байгааг хараагүй. Шүүгч нар хамт олны арга хэмжээнд барагтаа бол ордоггүй. Энэ шинэ жил зориулалтын газар буюу ресторанд болсон. Шүүхийн байранд ямар нэгэн баяр ёслолын арга хэмжээ тэмдэглээд шүүгч нар архи дарс уугаад агсам тавиад байсан явдал байхгүй.
Ажил хүлээлцэхээр ирсэн хүмүүсийг аймгаас гаргаж өгөхөөр /хуучин байсан хаалга/ давахын Ерөнхий шүүгч н.Г, сум дундын Ерөнхий шүүгч Д.Б, шүүгч С.Сайнбилэг, зохион байгуулалтын хэлтсийн дарга н.У, нягтлан н.М, туслах н.С, н.С, жолооч н.Б, миний бие хамт байсан. Тэнд 2 шил архи задалсныг н.С, жолооч, н.Г шүүгч гурваас бусад нь уусан. Тэнд агсам тавьсан муудалцсан асуудал огт болоогүй. Тараад явцгаасан. Шүүгч С.Сайнбилэг агсам тавьж хэрүүл болсон явдал огт гараагүй. Сүүлд сонсоход гэртээ халтирч унаад гараа гэмтээчихлээ эмнэлэгт үзүүлж байна гэж хэлсэн...” гэж,
Гэрч Д.С “2017 оны 9 сараас хойш шүүгчийн туслахаар ажиллаж байна. С.Сайнбилэг шүүгчтэй төрөл садан ах дүүгийн холбоо байхгүй. Тамгын газрын зүгээс шинэ жилийн баярыг тэмдэглэдэг, сүүлийн үед март цэргийн баяр тэмдэглээгүй. Цагаан сараар нийтийн золголт хийдэг. Иймэрхүү арга хэмжээнд С.Сайнбилэг шүүгч их идэвхгүй бөгөөд бараг оролцдоггүй. Золголтод цөөхөн оролцож байсныг санаж байна. Миний хувьд С.Сайнбилэг шүүгч баяр ёслол болон ердийн үед архи дарс хэрэглэж агсам тавьж байгааг огт хараагүй. Ажил хүлээлцсэн хүмүүсийг гаргаж өгөхөд би Д.Б шүүгчийн машиныг бариад очсон. Бид хоёрыг очиход С.Сайнбилэг шүүгч түрүүлээд гаргаж өгөх газар очсон байсан. Д.Б шүүгч буугаад тэр хүмүүс рүү очсон. Би машинд үлдсэн. Намайг харахад хүмүүс архи гаргаад тойруулж байсан гэхдээ сайн анхаарч хараагүй. Миний хувьд С.Сайнбилэг шүүгч тэнд архи уусныг сайн мэдэхгүй байна. Агсам тавьсан зүйл байхгүй. Буцахдаа С.Сайнбилэг шүүгч Д.Б шүүгчийн машинд сууж явсан. Бид шууд яваад С.Сайнбилэг шүүгчийн гэрийн гадаа очоод буулгасан. Шууд гэр рүүгээ орсон. Энэ үед архи уусан агсам тавьсан асуудал огт байгаагүй. Бид нартай хамт явж байхад зүгээр байсан. Машинаас буугаад гэртээ ороход ямар нэгэн гэмтсэн барьсан явдал байгаагүй. Цааш юу болсныг би огт мэдэхгүй. С.Сайнбилэг шүүгч ажлын байран дээрээ элдэв бараа тааваар зардаг асуудлыг миний хувьд огт мэдэхгүй. Миний хувьд мөнгө зээлж байсан явдал огт байхгүй. Өглөөд таарахад цагаа өөрөө бүртгүүлээд явж байгааг харсан. Би сум дундын шүүхийн шүүгчийн туслах бөгөөд С.Сайнбилэг шүүгч надад кодоо өгөөд цагаа бүртгүүлж байсан тохиолдол байхгүй” гэж,
Гэрч Ж.Б “...2007 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. С.Сайнбилэг шүүгчтэй төрөл садан ах дүүгийн холбоогүй. Тамгын газар хааяа шинэ жил, март, цэргийн баяр тэмдэглэдэг. Цагаан сараар нийтийн золголт хийдэг. Миний хувьд энэхүү арга хэмжээнд зарим үед оролцдог. Иймэрхүү арга хэмжээнд шүүгч С.Сайнбилэг бараг оролцдоггүй, огт харж байгаагүй. Миний хувьд шүүгч С.Сайнбилэг архи ууж агсам тавьж байсныг огт хараагүй. Манайх С.Сайнбилэгийн шүүгчтэй нэг чиглэлд байдаг. Би өөрийн машинтай болохоор өглөөд шүүгчийг өөрийн машинаар зөөдөг. Шүүгч замын зардлаа надад төлчхөөд явдаг. Өглөө болгон ингэж хамт ирдэг болохоор ажил тасалж байсныг мэдэхгүй. Шүүгч өглөө ирээд 1 давхарт байдаг цагийн бүртгэлд цагаа бүртгүүлээд өрөө рүүгээ ордог. Захиргааны ажилтнууд тусдаа утсаараа бүртгүүлдэг. Одоогоос 4-5 жилийн өмнө хүүхэд нь гадаадаас явуулсан гээд цагаан сараар хүнд бэлэгт өгдөг юм зарж байсан. Сүүлийн үед бараа зарж байгаагүй. Хүүхэд оюутан байхад 2015 он шиг санаж байна мөнгөний хэрэгцээ гараад 100.000 төгрөг хүүгүй зээлээд цалин буухаар буцааж өгсөн. Өөрөөр мөнгө төгрөг зээлсэн асуудал байхгүй. Шүүгч нар кодоор бүртгүүлдэг би яаж шүүгчийн өмнөөс цаг бүртгүүлэх вэ тийм юм байхгүй” гэж,
Гэрч Д.Х “2016 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Шүүхээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд боломжоороо оролцдог. С.Сайнбилэг шүүгч бараг оролцдоггүй, харж байгаагүй. Миний хувьд хүмүүсээс түрүүлж ирээд цэвэрлэгээ хийдэг. С.Сайнбилэг шүүгч цагтаа л ажилдаа ирдэг, бараа зарж байгаагүй. ... Ямар ч байсан хувийн хэрэгцээ гараад 100.000 төгрөг хүүгүй зээлээд цалин буухаар буцааж өгсөн. Өөрөөр мөнгө төгрөг зээлсэн асуудал байхгүй, тэглээ гээд эрхшээлдээ оруулсан явдал байхгүй. Ч.О шүүгчээс нэг удаа зээлээд буцааж өгсөн” гэж,
Гэрч А.У “...Шүүгч С.Сайнбилэг өглөө цагтаа ирдэг бөгөөд цагаа өөрөө программд уншуулж бүртгүүлдэг. Миний хувьд шүүгчийн өмнөөс код хийгээд цагийг нь бүртгүүлж байсан тохиолдол огт байхгүй. Би 2025 оны 4 сард ажилд орсон. Үүнээс хойш шинэ жил, март гэх мэт баяр ёслол тэмдэглэж байгаагүй. Цагаан сараар нэгдсэн золголт хийдэг. Харин сар бүрийн сүүлийн өдөр төрсөн өдөр тэмдэглэдэг боловч архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Би ажилд орсноос хойш С.Сайнбилэг шүүгчийг архи ууж агсам тавьж байгааг хараагүй...” гэж мэдүүлжээ.
Шүүгч С.Сайнбилэг нь байгууллагаас зохион байгуулсан баярын болон бусад үйл ажиллагаанд оролцохдоо архи ууж, агсам тавьдаг гэх байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.
Тус шүүхийн зарим шүүгч, ажилтнууд 2026 оны 03 дугаар сарын 20 /баасан гараг/-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ирсэн ажил хүлээлцүүлэх гишүүдийг аймгийн төвийн угтах хаалганаас гаргаж өгөхөд 1-2 шил архи задалсан нь тогтоогдож байх боловч энэ үед шүүгч С.Сайнбилэг архи ууж, агсам тавьж гараа хугалсан гэх байдал мөн тогтоогдсонгүй.
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн бүртгэлээс үзэхэд тэрээр 2026 оны 03 дугаар сарын 23 /даваа гараг/-ны өдөр эмчид үзүүлж, гарын рентген зураг авхуулсан байх тул түүний “...бүтэн сайн өдөр гэртээ халтирч унасан” гэх тайлбарыг буруутгах боломжгүй.
1.3. Шүүхийн Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 270 дугаар албан бичигт “...Ерөнхий шүүгч С.Сайнбилэг нь 2023 оны 01 дүгээр сард 22 өдөр, 02 дугаар сард 3, 03 дугаар сард 20, 2025 оны 04 дүгээр сард 21, 05 дугаар сард 21 өдөр, шүүгч Ц.Сувдмаа 2024 оны 02 дугаар сард 8 өдөр, 03 дугаар сард 17 өдөр, 04 дүгээр сард 19 өдөр, 2025 оны 04 дүгээр сард 21, 05 дугаар сард 16 өдөр тус тус цаг бүртгүүлсэн. 2023 оноос 2025 оныг хүртэл ашиглаж байсан цаг бүртгэлийн төхөөрөмж гацалттай, бүртгэл дутуу бүртгэгдэх зэрэг байдлаас шалтгаалан 2023, 2024, 2025 оны зарим саруудад цагийн бүртгэл гаргаагүй архивд хүлээлгэн өгөөгүй байна” гэжээ.
Шүүгч нар ажлын цагаа программаар бүртгүүлдэг бөгөөд цаг бүртгэлийн төхөөрөмжийн ажиллагаатай холбогдон бүртгэл бүрэн гүйцэд хийгдээгүй байх тул ажлаа тасалсан, туслахаараа ирцээ бүртгүүлдэг гэх байдал тогтоогдоогүй.
1.4. Тус шүүхийн ажилтан Г.М, Ж.Б, Д.Х нар хувийн хэрэгцээнд холбогдох шүүгчээс 1-2 удаа хүүгүй мөнгө зээлж, цалингаасаа хугацаанд нь буцааж төлснөө мэдүүлсэн бөгөөд үүнийг “эрхшээлдээ байлгасан” гэж үзэх боломжгүй.
1.5. Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйг зохицуулж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1-т “...шүүгч ... хувийн амьдрал мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос ямагт зайлсхийх”-ээр заасан.
Дүүгийнхээ сургалтын төлбөр төлөх зорилгоор эгчийнхээ явуулсан барааг 2020-2021 онуудад ажлын байран дээр авчирч зарснаа холбогдох шүүгч үгүйсгээгүй.
Энэ нь шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нийцэхгүй, ёс зүйн зөрчилд хамаарахаар байх боловч сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн байна.
Гэхдээ энэ төрлийн үйл ажиллагааг цаашид явуулахгүй байхыг нийт шүүгч, ажилтнуудад анхааруулах нь зүйтэй.
2. Өргөдөлд “... өөрийн туслахыг шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн даргаар томилуулахын тулд Тамгын газрын үйл ажиллагааг сайн үнэлж, Тамгын даргатай эвтэйхэн байх хэрэгтэй байгаа тухайгаа өөр аймгийн шүүхийн шүүгчид ярих зэргээр шүүгч хүнд байх ёсгүй зан үйлдлийг гаргаж, асуудалд бодитой, хуулийн үндэслэлтэй хандах чадваргүй, ...шүүхийн шийдвэрт хүчингүй болсон хуулийн заалтыг баримтлах, өөр хэргийн нэхэмжлэлийг шийдвэрт хольж бичих зэргээр шүүгчийн мэргэжлийн тодорхой алдааг байнга гаргадаг ... гэх гомдлын тухайд
2.1. Шүүгч С.Сайнбилэг тайлбартаа: “...Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шалгалт зарлаж, Г.М шалгалтад орж хууль журмын дагуу томилогдсон, энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан ...” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, тус шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Г.М-г хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор, Увс, Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг байршуулж, тусгай шалгалтыг зохион байгуулсан.
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн газраас 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 100 оноо авахаас 67.2 оноо авч тэнцсэн Г.М-г тухайн албан тушаалд нэр дэвшүүлж, томилуулахаар тус шүүхийн Тамгын газрын дарга М.М-д санал болгосон.
Тус шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Г.М-г хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар томилсон /1хх 176 тал/ нь тогтоогдож байна.
Шүүхийн Тамгын газрын дарга нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2-т зааснаар Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй тул Г.М-г Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар томилсонд Ерөнхий шүүгч С.Сайнбилэг хамааралгүй байна.
2.2. Өргөдөл гаргагч нь шүүгч С.Сайнбилэгтэй адил шатны шүүхэд ажилладаг тул бусад шүүгчийн шийдвэрлэсэн хэргийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхгүй.
Нөгөө талаар дээд шатны шүүх нь давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн алдааг залруулахаар хуульд заасан тул энэ талаарх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
3. “...Татгалзан гарах хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэдэггүй...” гэх гомдлын дагуу өргөдөлд дурдсан хэргийг шалгав.
Нэхэмжлэгч Ц.М 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “төрсөн дүү Ц.М хариуцагчийн удирдлага дор ажилладаг” гэсэн үндэслэлээр шүүгч Ц.Сувдмаагаас татгалзан гарах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0036 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ.
Шүүгч С.Сайнбилэг тус захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гуравдагч этгээдээр оролцож байгаа Д.Ц-н төрсөн эгч Д.Т-тэй найз нөхөд, хувийн харилцаатай гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасныг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ /1хх 134-136 тал/.
Хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-т заасан бөгөөд хэргийн оролцогчийн шүүгч Ц.Сувдмааг татгалзан гаргах хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн уг хэргийг шийдвэрлэх явцад Ерөнхий шүүгч С.Сайнбилэг өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасныг адил шатны өөр шүүх буюу Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
4. Өргөдлийн 1-т “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бүрэлдэхүүнтэй хянан хянан шийдвэрлэсэн. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хойшлуулсан асуудлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-тэй утсаар ярьсан...” гэх гомдлын тухайд:
Гэрч Б.Т “... “Э” ХХК нь аймгийн Засаг даргад холбогдуулан /2019 онд шиг санаж байна/ нэхэмжлэл гаргасан, шүүгч Ц.Сувдмаа захиргааны хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, давахаас анхан шатны шүүхэд буцаахад бүрэлдэхүүнтэй буюу Ч.Оюунсайхан шүүгч даргалагчаар, илтгэгч нь С.Сайнбилэг шүүгч, бүрэлдэхүүнд Ц.Сувдмаа шүүгч байхгүй байсан тул Өвөрхангай аймгийн шүүхийн шүүгч н.Н оролцож, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн. ...энэ хэргийг шийдвэрлэх үед С.Сайнбилэг шүүгч надтай утсаар ярьж байсан тохиолдол байхгүй. Одоо санахад шүүх хуралдаанд оролцохоор 13-ны өглөө очоод шүүгчийн туслах н.М-тэй уулзахад шүүх хуралдаан бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гэдгээр хойшлогдсон гэж хэлсэн. Холоос зорьж ирж байхад энэ байдлаа өмнө нь хэлэхгүй яасан юм бэ гэхэд Өвөрхангайн шүүгч ирэх ирэхгүйг бид мэдэхгүй байсан гэж хэлж байсан. Дээрх хэргийг шийдвэрлэх явцад тус шүүхийн шүүгч нар надтай утсаар ярих зэргээр холбоо тогтоож байгаагүй” гэж,
Гэрч Г.М “...Энэ хэргийг сайн санаж байна. Шүүгч нар хэргийн оролцогчтой утсаар ярьдаггүй. Миний хувьд шүүгч нэхэмжлэгч Б.Т-тэй утсаар яриагүй” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-тэй утсаар ярьсан...” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
5. Өргөдлийн 2-т дурдсан гомдлын талаар холбогдох шүүгч тайлбартаа: 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчийн сонгууль, мөн Ж.Р-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-н нэхэмжлэлтэй, Ө, Ө тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн томилох асуудлууд орсон. Тэгээд Ерөнхий шүүгчийн сонгууль болоод намайг сонгогдоход та хоёр үгсэн тохиролцлоо, Ц.Сувдмаа чи С.Сайнбилэг шүүгчид санал өглөө гэж өндөр дуугаар хэлээд Ч.Оюунсайхан шүүгч уурлаад зөвлөгөөнөө орхиод гарч явсан. Хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн томилох асуудлыг энэ хуралдаанаар шийдвэрлэсэн. Манай шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөвлөгөөний тогтоолыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус бүрээр тус тусад нь зөвлөгөөний тогтоол гаргадаг. Энэ тогтоол хэрэгт ордог учраас өөр хэрэгт өөр хэргийн сунгасан тогтоолыг оруулахгүй гээд тусад нь дугаар авч зөвлөгөөний тогтоол авдаг...” гэжээ.
Шүүгч Ц.Сувдмаа тайлбартаа “... 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчийг сонгоход шүүгч С.Сайнбилэг, шүүгч Ч.Оюунсайхан нар нэрээ дэвшүүлж, нууцаар санал хураахад шүүгч С.Сайнбилэг сонгогдсон. Санал хураалтын дүнгээс миний бие шүүгч С.Сайнбилэгийг дэмжсэн нь тодорхой харагдсан бөгөөд үүнээс болж зөвлөгөөний уур амьсгал сөргөөр өөрчлөгдсөн. Тухайн үед шүүгч Ч.Оюунсайхан жирэмсний амралтаа авах гэж байсан тул энэ байдлыг харгалзан үзсэн...” гэжээ.
Гэрч Г.М “...2024 оны 03 дугаар сараас хойш 7 хоног болгоны даваа гаригийн 10 цагт зөвлөгөөн хийхээр зөвлөгөөний дэгд заасан. Өмнөх 7 хоногийн баасан гаригт Ерөнхий шүүгч захирамж гаргаад зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлыг батлаад шүүгч нарт танилцуулдаг энэ журмын дагуу зөвлөгөөн хийгддэг. Миний хувьд хэлэлцэх асуудлыг шүүгч нарт танилцуулаад зөвлөгөөний тэмдэглэл хөтөлдөг. Үүнээс өмнө тогтоосон өдөр хугацаа байгаагүй, шаардлага гарсан үед зарлаад зөвлөгөөнөө хийдэг байсан. Зөвлөгөөнд бичлэг хийгддэггүй. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчийг сонгож, Өвөрхангайгаас шилжиж ирсэн 1 хэргийн бүрэлдэхүүн томилсон асуудлыг хэлэлцсэн. Тэр үед захирамж гардаггүй байсан. Өмнөх Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас энэ өдөр уг асуудлыг хэлэлцэхээр шүүгч нар шийдвэрлээд зөвлөгөөнөө хийсэн. Тус зөвлөгөөнд 3 шүүгч бүгд оролцоод Ерөнхий шүүгчийг сонгох асуудлаа хэлэлцээд шийдвэрлэсэн. Ерөнхий шүүгч сонгогдсоны дараа 1 хэргийн бүрэлдэхүүн томилох асуудал байгаа гээд ярилцсан. Угаасаа энэ 3 шүүгч тухайн хэрэгт томилогдох байсан. Дараа нь тогтоолоо гаргаад албажуулах гээд ороход Ч.Оюунсайхан шүүгч “бодоод байхад энэ 2 нийлээд Ерөнхий шүүгчээ сонгочихлоо энэ асуудалд миний дургүй хүрээд байна. Ийм учраас зөвлөгөөний тогтоолд гарын үсэг зурахгүй” гээд зураагүй. ... Энэ хэрэг программаар С.Сайнбилэг шүүгчид анх хуваарилагдсан, тэгээд хэргийг бүрэлдэхүүнээр шийдвэрлэх байсан учраас тус шүүхийн шүүгч нар бүрэлдэхүүнд орох ба уг асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэдэг. С.Сайнбилэг шүүгч бол хэргийг анх хүлээн авсан тул даргалагчаар томилогдож байгаа...” гэж мэдүүлсэн.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 20 дүгээр тогтоолоор Ж.Р-ийн нэхэмжлэлтэй Ө, Ө-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн /1хх 244 тал/, тогтоолд шүүгч Ч.Оюунсайхан гарын үсэг зураагүй гэжээ.
Харин Ерөнхий шүүгчийг сонгох тогтоолд шүүгч Ч.Оюунсайхан гарын үсэг зурснаас үзэхэд тэрээр мөн өдрийн зөвлөгөөнд оролцжээ.
Холбогдох шүүгч нар болон гэрчийн мэдүүлгээс үзвэл шүүгч Ч.Оюунсайхан “бүрэлдэхүүн томилох” асуудлыг хэлэлцэх үед зөвлөгөөнийг орхин гарсан байх ба уг асуудлыг бусад шүүгчид хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0001 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.1, 2.2-т хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох дараалал, даргалагчийг тогтоох асуудлыг зохицуулжээ /1хх 139-140 тал/.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-т зааснаар тухайн шүүхийн шүүгчийн дийлэнх олонх оролцсоноор зөвлөгөөний хүчинтэйд тооцох ба бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргах тул “зөвлөгөөн хүчингүй, тогтоол хуурамч” гэх гомдол үндэслэлгүй.
6. Өргөдлийн 3-т заасан гомдлын талаар холбогдох шүүгч тайлбартаа “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/287 дугаар албан бичгээр “...Тамгын газрын 2025 онд зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага үүсэж буй орон тооны саналыг ирүүлэх” албан бичгийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж ирүүлнэ үү гэсэн. Шүүгчдийн зөвлөгөөнийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зарласан. Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудал биш байна гээд Ч.Оюунсайхан шүүгч зөвлөгөөнийг орхин гарсан тул зөвлөгөөний тогтоол, тэмдэглэл гараагүй. Харин 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111/АБ2026/0038 дугаар Ерөнхий шүүгчийн албан бичгээр хариу хүргүүлсэн... Энэ хугацаанд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эмхэтгэх боломжтой ганцхан хэрэг байсан нь Ч.Оюунсайхан шүүгчийн шийдвэрлэсэн С.Б-н нэхэмжлэлтэй Б-д холбогдох хэрэг байсан. Энэ хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарсан. Үүнд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр магадлал гарч, анхан шатны шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буцаж ирсэн. Энэ шийдвэр шүүхийн шийдвэрийн эмхэтгэлд хугацааны хувьд хамаарагдаж байсан боловч, шийдвэрийн хураангуй болон бичсэн тоймын хамт ирүүлэхийг албан бичигт дурдсан байсан. Ч.Оюунсайхан шүүгч нь 2023-2025 онуудад нэг ч шүүхийн шийдвэрийн тойм бичээгүй. 14 хоног тутамд зохион байгуулдаг Баянхонгор аймгийн нийт шүүх, шүүхийн Тамгын газрын ажилчдын хамтарсан хуралдаанаар шүүхийн шийдвэрийн тоймыг хэрхэн, хэдэн удаа бичиж, хаана хэвлэн нийтлэх талаар хэлэлцэж шийдвэрлэсэн байсан бөгөөд аймгийн шүүхийн цахим хуудсанд нийтэлж хэвшсэн. Энэ сайтад Ч.Оюунсайхан шүүгч нь 2023-2025 онуудад нэг ч шүүхийн шийдвэр, процессын тойм бичиж, нийтлүүлээгүй байсан учир энэ удаагийн шүүхийн шийдвэрийн эмхэтгэлд хэвлүүлэх шийдвэр байхгүй гэж үзэж, хэлэлцэх асуудал байхгүй байсан учир хэлэлцүүлэхээр шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулаагүй болно. Хэлэлцэх асуудал байхгүй тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулдаггүй. Зөвлөгөөнийг зарлан хуралдуулах шаардлага үүсээгүй учир би эмхэтгэлд явуулах шийдвэрийн талаар шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулаагүй болно...” гэжээ.
Гэрч Г.М “...2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт дурдсан асуудлыг хэлэлцэх тухай захирамж гараагүй. Энэ зөвлөгөөн дээр уг асуудлыг ярилцаад үүнээс хойш захирамж гардаг болсон. Зөвлөгөөнөөр дээрх албан бичигт дурдсан асуудлыг хэлэлцэхэд шүүгч Ч.Оюунсайхан зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудал биш байна гэж маргаад гараад явсан. Уг албан бичигт тухайн асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд хариу ирүүл гэсэн байсан тул хэлэлцсэн юм. Ингээд албан бичгээр хариу өгсөн. Албан бичигт нь зөвлөгөөнөөр хэлэлц гэсэн байсан тул би шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хариу өгөх юм байна гэж бодоод тогтоолын дугаар аваад төсөл хийчихсэн байсан. Гэтэл шүүгч нар энэ асуудлаар маргаад зөвлөгөөнөөр хэлэлцээгүй, тогтоол болон тэмдэглэл гараагүй. Түүнээс тогтоол, тэмдэглэлийг устгасан явдал байхгүй...” гэж мэдүүлжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/287 дугаар албан бичгээр тухайн шүүхийн Тамгын газарт 2025 онд зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж буй орон тооны саналыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн ирүүлэхийг мэдэгджээ.
Уг асуудлыг тус шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэхээр шийдвэрлэсэн боловч шийдвэрлээгүй тул Ерөнхий шүүгч С.Сайнбилэг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0038 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн нь тогтоогдож байна /1хх 177 тал/.
Нэгэнт дурдсан асуудлаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гараагүй тул зөвлөгөөний тогтоол, тэмдэглэлийг устгасан гэх гомдол тогтоогдоогүй.
7. Өргөдлийн 4-т дурдсан гомдлын талаар шүүгч С.Сайнбилэг тайлбартаа “...2024 оны 12 сард шүүгч Ч.Оюунсайхан хүүхэд асрах чөлөөтэй байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Тамгын газрын үйл ажиллагааг дүгнэж, зөвлөгөөний тогтоол ирүүл гэсэн байсан. Шүүгчийн туслах Г.М Ч.Оюунсайхан шүүгчтэй утсаар холбогдсон тухайгаа надад хэлсэн. Тамгын газрын үйл ажиллагааг бүх шүүгч нар үнэлсэн. Ч.Оюунсайхан Ч.О шүүгчээс өгсөн үнэлгээг шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулан үнэлгээг нь оруулж тооцсон. Ингэснээр санал өгөх эрхийг нь хангасан. Шүүгч Ч.О удаан хугацааны амралттай байсан учир тухайн үед албан ёсоор ажлаа хийж байгаагүй бөгөөд гарын үсэг зурвал Шүүхийн тухай хуулийг зөрчих байсан учраас гарын үсэг зуруулаагүй. Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэхдээ Ч.Оюунсайхан шүүгчийн өгсөн үнэлгээг оруулж тооцон хоёр шүүгчийн дундаж үнэлгээг гарган үнэлсэн..., Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйл нь Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг зааж өгсөн. Энэ хуулийн зүйл заалтаар Ерөнхий шүүгчийн үүргийг тодорхойлоогүй. Үүрэг, эрх хоёр өөр ойлголт. Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх эрхийг зааж өгсөн. Хуулиар хүлээсэн үүрэг байвал би заавал биелүүлэх ёстой. Гэтэл энэ нь Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ хүрээнд мэдээлэл өгч болно гэдгийг заасан заалт юм. Тийм учраас үүнийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Би эрхээ сайн хэрэгжүүлсэн гэж үзэж байна. 14 хоног тутамд зохион байгуулдаг Баянхонгор аймгийн нийт шүүх, шүүхийн Тамгын газрын ажилчдын хамтарсан хуралдаанаар бүх шүүхүүд хэргийн хөдөлгөөний талаар, мөн давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэдэн хэрэг хянагдсан талаарх тоон мэдээллийг үндэслэж шүүхийн практикийг судалдаг учраас үүнийг заавал дахин дахин шүүгчдийн зөвлөгөөнөөр эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзэж хэлэлцүүлээгүй. Тийм учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-ын 4.1-т “Тамгын газрын жилийн үйл ажиллагаанд өгөх үнэлгээ нь дараах төрөлтэй байна”, 4.1.1 “нийтлэг үнэлгээ”, 4.1.2 “тусгай үнэлгээ”, 5.1-т “Нийтлэг үнэлгээ нь Тамгын газрын жилийн үйл ажиллагааны дараах багц үр дүнгийн нийлбэр байна”, 5.1.1-т “хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын тайлан, дүгнэлт”, 5.1.2-т “тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн болон төсвийн шууд захирагчийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний биелэлт”, 5.1.3/ “Ерөнхий зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, чиглэл, зөвлөмжийн биелэлтэд өгсөн үнэлгээ”, 5.1.4-т “хэрэглэгчийн өгсөн үнэлгээ”, 5.1.5-т “тухайн шүүхийн үнэлгээ”, 5.6-т “шүүхийн үнэлгээ нь Тамгын газрын жилийн үйл ажиллагааны тайланд тухайн шүүхээс 0-100 хүртэл оноогоор илэрхийлэн өгсөн үнэлгээ байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, хурлын тэмдэглэлийг хавсаргасан байна” гэжээ.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг 2023 онд 82.5, 2024 онд 81.3, 2025 онд 56.5 хувиар, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааг 80.6, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 58 хувиар тус тус үнэлжээ.
Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүгчийн туслах Г.М-г байлцуулан Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааг дүгнэх тухай асуудлыг хянан хэлэлцэж, 81.3 хувь буюу хангалттай гэж үнэлсэн ба тогтоолд шүүгч Ц.Сувдмаа, Ч.Оюунсайхан нартай утсаар холбогдож саналыг нь тэмдэглэлд тусгасан талаар дурджээ.
Дээр дурдсанаар Тамгын газрын жилийн үйл ажиллагааны үнэлгээг шүүгчдийн өгсөн оноонуудыг зөвлөгөөнөөр хэлэлцэн, дундажлан үнэлсэн талаар зөвлөгөөний тэмдэглэл, тогтоолд дурджээ.
Өргөдөл гаргагч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан тул зөвлөгөөнд оролцоогүй хэдий ч саналыг утсаар авсан байх тул шүүгчдийн зөвлөгөөнд оролцох эрхийг нь зөрчсөн үзэхгүй.
Түүнчлэн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх ажиллагааг Шүүгчдийн зөвлөгөөнөөр заавал хэлэлцүүлэхээр хуульд тухайлан заагаагүй тул энэ үндэслэлээр холбогдох шүүгчийг буруутгах боломжгүй.
8. Өргөдлийн 5-т дурдсан гомдлын талаар:
Шүүгч С.Сайнбилэг тайлбартаа “...2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0001 дүгээр тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам батлах тухай” журмыг баталсан. 2025 оны 10 дугаар сард нийт шүүгчдийн чуулганаар нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт орсон тул 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөр тус шүүхийн журамд өөрчлөлт оруулахаар болсон. Би нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмыг бүтэн эхээр нь оруулах нь зүйтэй, тэгэхгүй бол нийт шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын заалтуудад өөрчлөлт оруулж нийт шүүгчид гараа өргөж, олонхын санал авсан тогтоолоор манай өмнө гаргасан тогтоолд нэмэлт өөрчлөлтийг хийхэд дугаарууд зөрж, нийт шүүгчдийн зөвлөгөөний тогтоол баталснаараа манайд хэрэгжих боломжгүй байдал гараад байна гэсэн санал гаргасан. Тэгээд энэ саналаа хэлэлцүүлэх асуудлыг дэмжсэн. Харин энэ саналыг дэмжихгүй, Ц.Сувдмаа шүүгчийг ирэхээр шийдвэрлэнэ гэсэн тул шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлыг хойшлуулах тогтоол гаргасан. Тэгтэл Ч.Оюунсайхан шүүгч хэлэлцэх асуудлыг хойшлуулаагүй, хэлэлцээгүй, тогтоолыг тэгж гаргахгүй гээд тус өдрийн тогтоолд гарын үсэг зураагүй. Шүүгч Ц.Сувдмаагийн чөлөөний хугацаа дуусаж 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус асуудлыг хэлэлцэхээр шүүгчдийн зөвлөгөөнийг зарлаж, энэ асуудлыг хэлэлцэхээр оруулсан. Тэгтэл Ц.Сувдмаа, Ч.Оюунсайхан шүүгч нар энэ асуудлыг дэмжихгүй гэж шийдвэр гаргасан. Олонхын саналыг хүндэтгэж, Захиргааны хэргийн шүүхэд хамааралтай заалтуудыг оруулж ирье гэсэн байдлаар дахин хэлэлцэх асуудлыг хойшлуулан зөвлөгөөний тогтоол гарсан. Ингээд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам батлах тухай” журамд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан...” гэжээ.
Гэрч А.У мэдүүлэхдээ “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн туслахаар 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажиллаж байгаа. Тус шүүхийн 3 шүүгчийн дунд ажилладаг. Шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэл хөтлөх, зөвлөгөөний тогтоолын төсөл боловсруулах, албажуулах ажиллагаа хийдэг.
2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөгөөн ээлжит учраас өмнөх 7 хоногийн 5 өдөр зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлын талаар Ерөнхий шүүгч захирамж гаргаж, шүүгч нарт танилцуулсан. Зөвлөгөөнөөр хэрэг маргаан хянан шийдвэрлэх журмыг батлах байсан. Энэ үед 2025 онд батлагдсан журам үйлчилж байсан ба нийт шүүгчийн чуулганаас баталсан нийтлэг журамд орсон нэмэлт өөрчлөлтийг тусгаад хэлэлцэх байсан. Журмын төслийг шүүгч нарт тарааж өгсөн. Зөвлөгөөнөөр уг асуудлыг хэлэлцэхэд Ц.Сувдмаа шүүгч чөлөөтэй нөгөө 2 шүүгч байсан. С.Сайнбилэг шүүгч нийт шүүгчийн чуулганаар баталсан журмыг хэвээр нь баталъя гэсэн санал гаргасан. Тэгэхэд Ч.Оюунсайхан шүүгч наад саналыг чинь дэмжихгүй, эрүүгийн заалтууд байгаа тул хэвээр нь баталж болохгүй гээд энэ асуудлыг Ц.Сувдмаа шүүгчийг ирэхээр хэлэлцэнэ гээд гараад явсан. Миний хувьд нэг шүүгч дэмжсэн, нэг шүүгч хойшлуулна гэсэн тул хэлэлцэх асуудлыг хойшлуулах тогтоолын төсөл бэлдсэн. Тэгээд төслөө 2 шүүгчид танилцуулж хянуулсан. С.Сайнбилэг шүүгч хойшлуулах нь зөв учир тогтоолоо гарга гэсэн, харин Ч.Оюунсайхан шүүгч хэлэлцэх асуудлыг хойшлуулаагүй тул асуудлыг хэлэлцээгүй гэсэн агуулгатай тогтоол гаргана гэсэн. Үүнийг би С.Сайнбилэг шүүгчид хэлэхэд санал тэнцсэн учраас хэлэлцэх асуудлаа хойшлуулна гэсэн. Тэгэхэд Ч.Оюунсайхан шүүгч тогтоолоо гарга гэсэн тул тогтоолоо гаргаад С.Сайнбилэг шүүгчээр гарын үсэг зуруулсан Ч.Оюунсайхан шүүгчид орж танилцуулахад гарын үсэг зурахгүй гэсэн. Иймд тогтоолд тамга дараагүй болно. С.Сувдмаа шүүгч ирсэн тул 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит зөвлөгөөнөөр уг асуудлыг хэлэлцээд хоёр шүүгч буюу Ц.Сувдмаа, Ч.Оюунсайхан шүүгч дэмжээгүй тул хэлэлцэх асуудлыг хойшлуулах тухай тогтоол гарсан. Үүний дараа 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зөвлөгөөнөөр дахин хэлэлцээд журмаа баталсан. Хэлэлцэх асуудлын талаар тухай бүрд нь Ерөнхий шүүгчийн захирамж гарч, мөн журмын төслийг боловсруулж шүүгч нарт тарааж танилцуулсан...” гэжээ.
Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0001 тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг баталсан байна.
Нийт шүүгчийн чуулганы 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөр нарийвчилсан журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн ба тус зөвлөгөөнд Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүгч Ч.Оюунсайхан нар оролцсон, шүүгч Ц.Сувдмаа өвчтэй шалтгаанаар оролцоогүй байна.
Зөвлөгөөний тэмдэглэлд: Даргалагчаас: “...журмын нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ, ямар саналтай байна вэ гэхэд
Шүүгч Ч.Оюунсайхан: “...өөрчлөлт оруулах төслийг ойлгохгүй байна, ...2025 онд батлагдсан журамд яаж нэмэгдэж, өөрчлөлт орж байна вэ гэхэд
Даргалагчаас: ...Нийт шүүгчдийн чуулганаас баталсан журмыг баримтлах нь зөв, өөрийн шүүхэд хэрэглэгдэхгүй заалтыг хэрэглэхгүй байх нь зүйтэй гэхэд
Шүүгч Ч.Оюунсайхан саналыг дэмжихгүй, шүүгч Ц.Сувдмаатай ярилцаж дахин хэлэлцэх шаардлагатай...” гэжээ. Ингээд 0003 дугаар тогтоолоор уг асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байх ба тогтоолд шүүгч Ч.Оюунсайхан гарын үсэг зураагүй байна.
2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр уг асуудлыг дахин хэлэлцээд нийтлэг журмын нэмэлт өөрчлөлтөөс өмнө баталсан журамд оруулах санал дэмжигдсэн тул төслийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж хойшлуулсан, тогтоолд бүх шүүгч гарын үсэг зурсан байна
Ингээд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зөвлөгөөнөөр дахин хэлэлцээд 0009 дүгээр тогтоолоор журамд нэмэлт өөрчлөлт оруулсныг баталсан, тогтоолд гарын үсэг зурж албажуулжээ.
Тус шүүхийн 3 шүүгчийн 2 нь оролцсоноор 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөн хүчинтэй болох бөгөөд нарийвчилсан журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг шүүгч Ц.Сувдмааг байлцуулан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж дараа хэлэлцэхээр хойшлуулж, тогтоол гаргасан нь шүүгчдийн зөвлөгөөний хуралдааны дэгийн 3.7.6-т заасныг зөрчөөгүй тул “хууль бус” гэж үзэхгүй.
9. Өргөдлийн 6.1, 6.3-т заасан гомдлын талаар:
9.1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10-т “олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ”, 22.11-т “хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэж заасан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 326 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн шийдвэрийг эмхэтгэн хэвлэх журмын 3.1-т зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөс эмхэтгэл оруулахаар санал болгосон шийдвэрийг хүлээн авах ба энэ нь “хуулийн хүчин төгөлдөр болсон, тухайн оны шийдвэр байх” шалгуурыг хангана гэжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/2060 дугаар албан бичгээр “...2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг нууцлал хийн журмын дагуу ирүүлэх ...холбогдох журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан шийдвэр (...орон нутгийн анхан шатны шүүхүүд 2 хүртэлх) түүний хураангуй, тоймыг шүүгчдийн зөвлөгөөний хамт ирүүлэх ажлыг зохион байгуулж, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгджээ.
Шүүгч С.Сайнбилэг тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн эмхэтгэлд нийтлүүлэх асуудлыг хэлэлцээгүй нь шалгуур үзүүлэлттэй холбоотой байсан...” гэжээ.
Гэрч А.У “...Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан бичигт дурдсан асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд нийтлэх шийдвэрээ 2026 оны 01 дүгээр сарын 10-ны дотор ирүүл гэсэн байсан. Гэхдээ 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудалд ороогүй учир Ерөнхий шүүгч энэ асуудлыг хэлэлцэх талаар надад хэлээгүй. Ийм учраас зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудалд ороогүй. 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүгч Ч.Оюунсайхан надаас нийтлүүлэх шийдвэр асуухаар би С.Бямбадоржийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэрийг хэлсэн, гэхдээ тойм бичигдээгүй гэж хэлсэн. Нийтлэх шийдвэрт тойм бичигдсэн байх шаардлагатай байсан боловч дээрх хэрэгт энэ шаардлага хангагдаагүй учраас явуулах боломжгүй гэсэн. Ерөнхий шүүгч энэ асуудлыг зөвлөгөөнөөр хэлэлцүүлэх шийдвэрийг надад өгөөгүй учраас захирамжид энэ талаар дурдаагүй...” гэж мэдүүлсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8-т зааснаар бүх шатны шүүх шийдвэрээ шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд байршуулах бөгөөд гагцхүү дээрх журамд заасан шалгуур хангасан шийдвэрийг эмхэтгэлд оруулахаар зохицуулжээ.
Эмхэтгэлд оруулах шүүхийн шийдвэрийг заавал шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр хуульд тусгайлан заагаагүй, энэ тохиолдолд холбогдох шүүгчийг буруутгах боломжгүй. Харин тухайн шүүгч шалгуур хангасан шийдвэрээ эмхэтгэл оруулах санал гаргаж, зөвлөгөөнөөр хэлэлцүүлэх бүрэн боломжтой тул энэ гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
9.2. Шүүгч С.Сайнбилэг тайлбартаа: “2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Н.Б-н нэхэмжлэлтэй хэргийн хугацааг сунгах байсан, би өвчтэй байсан тул актаа нягтлан бодогч Б.М-д хүргүүлсэн байсан. Тэр өдөр Ц.Сувдмаа шүүгч чөлөө авах хүсэлт өгсөн байсан. ...Энэ зөвлөгөөн ороогүй нь үнэн. 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Н.Баярмагнайн нэхэмжлэлтэй хэргийн хугацааг нөхөж сунгасан нь үнэн...” гэжээ.
Гэрч А.У: “...2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зөвлөгөөн хийгээгүй. С.Сайнбилэг шүүгч эмнэлэгт үзүүлнэ акт өгнө, Ц.Сувдмаа шүүгч чөлөө авах хүсэлт гаргана гэсэн учраас товлосон байсан зөвлөгөөн хийгдээгүй. Энэ зөвлөгөөнөөр нэг хэргийн хугацаа сунгах байсан. Энэ асуудлыг Ч.Оюунсайхан шүүгчид танилцуулахад ганцаараа зөвлөгөөн хийхгүй, дугаараа авчхаад дараагийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлье гэсэн. Тэгээд 19-ний өдрийн зөвлөгөөнөөр энэ асуудлыг хэлэлцээд хугацааг сунгасан гэхдээ огноог 12-ны өдрөөр тооцсон. Энэ тогтоолд 3 шүүгч гурвуулаа гарын үсэг зурсан” гэж мэдүүлсэн.
Тус шүүхийн шүүгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0004 дүгээр тогтоолоор Н.Б-н нэхэмжлэлтэй Б-д холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг мөн өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаагаар сунгасан, тогтоолд шүүгчид гарын үсэг зурж албажуулжээ /1 хх 209-210 тал/.
Монгол Улсын шүүхийн тухай хууль болон шүүгчдийн зөвлөгөөний хуралдааны дэгд зааснаар Ерөнхий шүүгч ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд хэрэв зөвлөгөөний ирц хүрээгүй бол энэ үндэслэлээр хойшлуулах боломжтой.
Ерөнхий шүүгч С.Сайнбилэг дээрх хэргийн хугацаа сунгах эсэх асуудлыг хэлэлцэх зөвлөгөөнийг товлон зарлаагүй байхад мөн өдрөөр хэргийн хугацааг сунгасан тогтоолд бүх шүүгчид гарын үсэг зурсан нь буруу бөгөөд цаашид ийм алдааг дахин гаргахгүй байхыг нийт шүүгчид анхаарвал зохино.
10. Өргөдлийн 6.2-т заасан гомдлын талаар:
Сахилгын хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0001 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 1-т “захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг сугалаагаар томилж 1/Ерөнхий шүүгч С.Сайнбилэг, 2/ шүүгч Ч.Оюунсайхан, 3/шүүгч Ц.Сувдмаа гэсэн дарааллаар байршуулж, тойрог үүсгэж тогтоосугай” гэсэн байх ба тогтоолд С.Сайнбилэг гарын үсэг зурсан байна.
Ч.Оюунсайхан өргөдөлдөө “...хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж, 2025 оны 1 сард ажилдаа орсон...” гэжээ.
Шүүгч С.Сайнбилэг тайлбартаа “...Хоёр шүүгчийг ажилдаа эргэж ороход нь тойрог үүсгэх тогтоолыг дахин гаргаагүй нь миний буруу. 2024 оны шүүн таслах ажлын мэдээ таслагдаж 2025 оны шүүн таслах ажил эхэлж байсан. Шүүхийн тамгын газар болон мэдээлэл технологийн мэргэжилтэн дараагийн шинэ нэхэмжлэл өргөдөл ирэх гэж байна. Хэрэг нэхэмжлэл хуваарилах журамд заасан сугалаагаар томилох тогтоолоо өгөөч, хугацаа өнгөрлөө гэж нэхсэн. Хоёр шүүгч байгаагүй. Нэг нь урт хугацааны хүүхэд асрах амралттай, нөгөө нь чөлөөтэй байсан. Шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан хуралдааны дэгийн 3.2-д өвчтэй чөлөөтэй байвал хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ гэж заасан байсан. Тийм учраас би энэ тогтоолыг ганцаараа баталсан, ...Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний хуралдааны дэгийн 3.1-д шүүгч өвчтэй чөлөөтэй байвал хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ гэж заасан. Шүүгч нар чөлөөтэй байсан учир би зөвлөгөөний тогтоол гаргасан нь хуралдааны дэгийн 3.1-д заасныг баримталсан учир ноцтой зөрчил гэж үзэхгүй. Ганцаараа хүн сугалаа сугалах боломжгүй. ... Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нь бүх шүүгчийн шийдвэрлэх ёстой асуудал. Ч.Оюунсайхан шүүгч чөлөөний хугацаа дуусаж ажилдаа ороход уг асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол хэвээр үргэлжилж 2025 оныг дуусгасан. Шүүгч Ч.Оюунсайхан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүлээн зөвшөөрч, хэргийг шийдвэрлэж байсан...” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.3-т Шүүгчдийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно” гэж заасан.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний хуралдааны дэгийн 3.6-д “хуралдаанд нийт шүүгчдийн дийлэнх олонх /энэ дэгт заасан дийлэнх олон гэдэгт 2/3 ба түүнээс дээш хувийг ойлгоно/ хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцох ...” гэжээ.
2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч Ч.Оюунсайхан, Ц.Сувдмаа нар оролцоогүй байхад Ерөнхий шүүгч С.Сайнбилэг дангаараа шүүгчдийн зөвлөгөөнийг даргалан, ...хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг баталсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалтыг ойлгон гэж тайлбарласан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалт нь хуулийн илт тодорхой заалт байна.
Ерөнхий шүүгч С.Сайнбилэг ирц бүрдээгүй байхад шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулж, ...хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг ганцаараа баталснаар бусад шүүгчид “...зөвлөгөөнд оролцох, ... санал өгөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй байх тул уг зөрчлийг “ноцтой” гэж үзэв.
Иймд Ерөнхий шүүгч С.Сайнбилэгийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой,...зөрчсөн” гэж үзэж, энэ үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэв.
11. Өргөдлийн 6.4, 7-т заасан гомдлын талаар:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17.1.2-т “шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 17.1.7-т “шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх” гэжээ.
Ерөнхий шүүгч С.Сайнбилэг нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүн таслах ажиллагааны мэдээ, хэргийн хөдөлгөөний хяналт үнэлгээний талаар шүүгч ажилтнуудад танилцуулж, шүүхэд ирсэн албан бичиг, шүүхийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж байсан нь 2024 оны 02 дугаар сарын 06, 05 дугаар сарын 01, 05 дугаар сарын 09, 05 дугаар сарын 15, 06 дугаар сарын 12, 06 дугаар сарын 26, 2025 оны 03 дугаар сарын 12, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 23, 05 дугаар сарын 07, 06 дугаар сарын 04, 06 дугаар сарын 18, 07 дугаар сарын 02, 07 дугаар сарын 23, 09 дүгээр сарын 24, 10 дугаар сарын 08, 11 дүгээр сарын 05, 12 дугаар сарын 17-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нөгөө талаар Ерөнхий шүүгчийн эрхийг тодорхойлсон хуулийн дээрх заалтыг “үүрэг” гэж үзэхгүй.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний хуралдааны дэгийг 2023 онд батлахаас өмнө шүүгчдийн зөвлөгөөнийг шаардлагатай үед зарлан хуралдуулдаг байсан талаар холбогдох шүүгч тайлбар гаргасан.
Иймд Ерөнхий шүүгч С.Сайнбилэг нь цаашид хууль болон дэгд заасан журмын дагуу шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлаж ажиллах нь зүйтэй.
Шүүгч Ц.Сувдмаагийн тухайд:
1. Өргөдөлд дурдсан “...өмгөөлөгч нарт сүлжээний бүтээгдэхүүн буюу сая төгрөгийн тогоо зарах санал тавих, гоо сайхны бараа зарах, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд миний нэр Ч.Оюунсайханы нэрийн дээр бичигдэх ёстой, би түрүүлж шүүгч болсон зэргээр албан бусаар ханддаг, Ерөнхий шүүгч С.Сайнбилэгийн хууль бус үйлдэл бүрийг аялдан дэмждэг байдлаар өнөөдрийг хүрлээ. Шүүгчдийн зөвлөгөөнд хууль ёсны шаардлага тавих, санал өөр байхад “...чи сүржигнээд байгаа юм биш үү, ...чи дааврын өөрчлөлтөд орчихсон юм биш үү, ...чи бид хоёрыг дүгнэх эрхгүй...гэж хэлдэг” гэх гомдлын тухайд
Шүүгч Ц.Сувдмаа тайлбартаа: “...2019 онд Amway компанийн эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний сургалтад сууж, өөрөө энэ бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэж байсан. Энэ талаарх мэдээллээ тухайн үед хүмүүст хэлж байсан нь үнэн. Энэ нь ямар нэг байдлаар ашиг олох зорилго байгаагүй, тийм зүйл ч байхгүй юм. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд шүүгчдийн нэрийг бичихдээ томилогдсон дарааллаар нь бичдэггүй билүү гэж 2014 онд тогтоол төлөвлөж орж ирсэн туслахтайгаа ярьж байсныг бичжээ. Шүүгч Ч.Оюунсайхан нь Шүүгчдийн зөвлөгөөн болон бусад хамт олны хурал дээр аливаа асуудлыг ихэвчлэн хурцаар тавьж, шүүмжлэлтэй ханддаг, хэд хэдэн удаа шүүгчдийн зөвлөгөөнийг дуусгахгүй уурлаж гарч явсан. Төрөөд удаагүй ажилдаа орсон байсан шүүгч Ч.Оюунсайхантай би энгийнээр хандаж, сэтгэл санааг нь ямар байгааг асууж ярилцаж байсныг энд сөрөг байдлаар бичсэнийг гайхаж байна. Тухайн үед надад түүнийг элдвээр доромжилж, хэрүүл маргаан үүсгэсэн зүйл байгаагүй. Харин шүүгч Ч.Оюунсайхан нь Ерөнхий шүүгч С.Сайнбилэг бид хоёрыг ...нийлж дандаа хууль бус юм хийдэг, мэдлэг, чадваргүй, ёс зүйгүй... гэж удаа дараа шүүгчдийн зөвлөгөөн дээр болон жирийн үед хэлж байсан. Тухайн үед өмнөөс нь юм ярихгүй дуугүй өнгөрөөдөг байсан. Гэтэл мөн саяхны шүүгчдийн зөвлөгөөн дээр чангаар ярьж, уурлаж бухимдаж, дээрх үйлдлийг дахин давтахад нь ...чи адилхан шүүгч нар байж яагаад дандаа ингэдэг юм бэ, чамд бид хоёрыг дүгнэх эрх байхгүй, үүнийгээ болиорой...” гэж хэлсэн нь үнэн...” гэжээ.
Шүүгчдийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн зөвлөгөөний тэмдэглэлд:
Шүүгч Ц.Сувдмаа: “Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын
прокурорын дүгнэлттэй аймгийн М-д холбогдох зөрчлийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, хэргийн материалыг оролцогчдод танилцуулах, шүүх хуралдааныг товлон зарлах шаардлагатай байх тул хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 хоногоор сунгуулах хүсэлтэй байна гэв.
Даргалагчаас: Хэргийн хугацааг сунгах саналыг дэмжиж байна гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан: Хэргийн хугацааг сунгах саналыг дэмжиж байна. Шийдвэр нийтлэх асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнд хэн оруулж ирэх вэ гэв.
Даргалагчаас: Тухайн шийдвэр нийтлүүлэх асуудлыг шүүгч нар өөрсдөө оруулж ирэх хэрэгтэй гэж шүүхийн Тамгын газраас надад хэлсэн гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан: Тэр асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх журамтай гэв.
Даргалагчаас: Тэр асуудлыг хамгийн гол нь та нар шийдвэр нийтлүүлэх гэж байгаа бол ийм шийдвэр нийтлүүлэх хэрэгтэй байна гэж шүүгчдийн зөвлөгөөнд оруулж ирэх ёстой гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан: Та тав дахь өдөр ямар асуудал хэлэлцэх вэ гэдгээ тодруулж асууж бай. Өмнөх улирлынх яг ингээд хугацаа нь дууссан. Өнөөдөр 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэдэг хугацаатай албан бичиг орж ирж байна гэв.
Даргалагчаас: Өнөөдөр гэж энэ албан бичиг чинь олон хоногийн өмнө яригдсан. Байгууллагын дотоод чатад тавигдсан байсан. Та нар уншсан байх. Тийм учраас шүүгч нар хэвлүүлэх шийдвэр байвал өөрсдөө зөвлөгөөнд оруулж ирж болох байсан гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан: Та зүгээр дуугүй сонс. Юм хэлэхээр л өөрийгөө өмөөрөх юм. Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэх хэрэгтэй. Тийм биз дээ Ц.Сувдмаа шүүгч ээ. Энэ асуудлыг хэн оруулж ирэх ёстой вэ гэв.
Даргалагчаас: Би чамайг зөндөө сонссон. Сонсоогүй гэвэл ёстой худлаа болно. Энэ асуудлыг хэн оруулж ирэх ёстой вэ гэж байна. Тэгвэл та хоёр ч гэсэн оруулж ирэх эрх нь байгаа гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан: Групп чат дотор байгаа албан бичгийг хэлэлцүүлэх асуудал нь таны үүрэг. Тэрийг хараад оруулж ирэх хүн байвал та нар оруулж ир гэж болохгүй шүү дээ гэв.
Даргалагчаас: Групп чат дотор байгаа албан бичгийг хараад би ийм шийдвэрийг нийтлүүлмээр байна гэдэг зүйлээ хэл. Хэлсэн бол би шүүгчдийн зөвлөгөөнд оруулж ирнэ гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан: Шүүхийн шийдвэрийн болон процессын тойм бичих хуваариа батал. Та хувиараа батлаагүй явж байж яаж өнөөдөр оруулж ирэх гэж байгаа юм. Тэр журам чинь хэрэгждэг тусгай шаардлагатай. Тэр шаардлага нь хангагдахгүй буюу та хуваариа ч батлаагүй явж байна. Тэгээд юм хэлэхээр уурлана. Та ажлаа хийвэл хийсэн шиг хий. Албан тушаалын гол болоод нэг ч ажил хийлгүй 9 дэх жилдээ явж байна. Худлаа яриад бай Ч.Оюунсайхан би энэ ажлыг ингэж хийсэн гэж хэлэх ажил байна уу, Байхгүй шүү дээ танд гэв.
Шүүгч Ц.Сувдмаа: Шийдвэр нийтлүүлэх журмыг харсан. Шаардлага нь 2026 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд шийдсэн хэрэг гэж байна. Давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээр орсон байх ёстой. Нийтлүүлэх шийдвэр хэрвээ байх юм бол тоймтой хамт явах юм байна. Манайд шинэ онд шийдсэн, давах болон хяналтын шүүхээр ороод хүчин төгөлдөр болсон хэрэг байхгүй байсан. Миний хувьд тийм хэрэг байхгүй учир оруулж ирээгүй гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан: Процессын тойм хураангуй бичсэн байх ёстой тэр нь ч байхгүй. Тэрнийхээ хуваарийг батлаагүй юм чинь өнөөдөр яаж бичих юм. Өөрсдөө бичээд, өөрсдөө асуудлаа оруулж ирээд явбал яв гээд сууж байдаг Ерөнхий шүүгч танаас өөр байхгүй. Өмнөх улиралд надад нийтлүүлэх шийдвэр байсан. Энэ удаа надад нийтлүүлэх шийдвэр байхгүй нь үнэн гэв.
Шүүгч Ц.Сувдмаа: Шийдвэр, процессын тойм бичдэг болсноос хойш өөрсдөө шийдсэн хэрэг дээрээ бичээд явна гэсэн. Тэрний дагуу бичээд явж байна. Шүүхийн шийдвэр процессын тоймын хуваарийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ гэсэн зүйл байхгүй. Тоймоо өөрсдөө бичээд явах ёстой. Журам нь тийм шүү гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан: Прокурорын дүгнэлтүүд дээр энэ шүүхэд нэгдсэн ойлголт байхгүй. Хууль хэрэглээний талаар нэгдсэн байдалтай байх ямар ч боломжгүй нөхцөлтэй явж байна. Хоёр шүүгч нь үүсгэж баталж байна. Нэг нь татгалзаж байна. Нэгдмэл байдал гэдэг чинь манайд яригдахаа больсон. Асуудлаа та оруулж ирж чадахгүй. Цаашид яах вэ, ингэж явсаар байх уу, юм хэлэхээр би хэлдэг та нар өөрсдөө оруулж ир гэдэг гэв.
Даргалагчаас: Шүүгч нар ямар асуудал хэлэлцүүлэх талаараа санал гаргах эрхтэй. Санал гаргах үндсэндээ энэ асуудлыг оруулж ирж болно гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан: Ерөнхий шүүгч гэдэг чинь асуудлаа өөрөө томьёолох ёстой. Асуудлыг та нар оруулж ирээд, та нар өөрсдөө хэлэлц гэдэг зүйл ярьж байгаа хүнийг анх удаа харж байна. Прокурорын дүгнэлт дээр батлах ёсгүй, үүсгэх ёсгүй харьяаллын бус дүгнэлтийг үүсгээд батлаад явж байгаа асуудлыг яах вэ гэв.
Шүүгч Ц.Сувдмаа: Гэхдээ прокурорын дүгнэлтүүд дээр өөрөөр явж байгаа. Ямар ч байсан манай шүүхийг нэгдсэн биш байхаар прокурорууд, эрх бүхий албан тушаалтнууд гайхаж байгаа байх гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан: Энэ асуудлыг бид яриад байж байх ёстой. Би та хоёрыг гайхаж байна. Энэ 20 гаран жилийн түүхтэй шүүгчийн замналтай хүмүүс харьяаллынхаа асуудлыг ялгаж чадахгүй үүсгээд, батлаад явж байгааг гайхаж байна гэв.
Шүүгч Ц.Сувдмаа: Шүүгч нар бие биедээ ингэж үнэлэлт дүгнэлт өгөх ёсгүй. Ерөнхийдөө асуудал байвал ийм байна гээд орж ирж ярилцах хэрэгтэй. Бид нар бие биеийнхээ хэрэг рүү орох ёсгүй. Бид 2-3 жилийн өмнөх дүгнэлтүүдийг хөөн хэлэлцэх хугацаа харгалзахгүй авч шийдэж байсан. Тэр асуудал засагдаад явж байх ёстой. Шийдвэр, процессын тойм бичсэн бол тэр шийдвэрийг хэвлэх юм байна. Албан бичиг дээр тэгж бичсэн байсан. Ч.Оюунсайхан шүүгчээ тойм нь бичигдэж гараагүй бол шийдвэр хэвлэгдэхгүй юм байна. Би бол тоймоо бичиж байсан. Гэхдээ надад хэвлүүлэх шийдвэр байхгүй гэв.
Шүүгч Ч.Оюунсайхан. Тэр асуудал 3 жилийн өмнө шийдэгдсэн. Давж заалдах шатны магадлал, дээд шүүхийн тогтоол байгаа гэжээ.
Шүүгч Ц.Сувдмаа 2019 онд “Amway” компанийн эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний сургалтад сууж, өөрөө энэ бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэж, энэ талаарх мэдээллээ хүмүүст хэлж байснаа үгүйсгээгүй боловч өмгөөлөгч нарт бараа бүтээгдэхүүн зарж байгаагүй талаар тайлбар гаргасан ба өргөдөл гаргагч энэ талаар тодорхой тайлбар гаргаагүй болно. Шүүгчийн зөвлөгөөнд хэлэлцэх буй асуудлаар шүүгчид хоорондоо санал зөрснийг зүй бус авирласан гэж үзэхгүй.
Харин шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар зөвлөгөө өгөх, удирдамжаар хангах зэргээр бусад шүүгчийн хараат бусад байдалд халдахыг хориглосон тул харилцан биеэ хүндэтгэж, ёс зүйтэй харилцахыг анхаарвал зохино.
2. Өргөдлийн 1-т “...шүүгч Ц.Сувдмаа Ерөнхий шүүгчээр ажиллахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Шүүгчдийн зөвлөгөөнийг хуралдуулах, удирдлага зохион байгуулалтын энгийн асуудлыг шийдвэрлэлгүй 5 жил болсноос ...шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар мэдээлэл авч чадахгүйд хүрсэн...” гэжээ.
Ц.Сувдмаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдон ажиллажээ.
Холбогдох шүүгч тайлбартаа “...шүүхийн тухайн жилийн ажлын төлөвлөгөөг жил бүр гаргаж, зөвлөгөөнөөр баталж, хэрэгжилтийг дүгнэж ирсэн. Шүүн таслах ажилтай холбоотой Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн системд өдөр тутамдаа нэвтэрч, хэрэг хуваарилалт, нэхэмжлэлийг буцаасан, хүлээн авахаас татгалзсан; шүүх хуралдаан хойшилсон шалтгаан, хэргийн шийдвэрлэлтийн байдал, түдгэлзсэн хэргийн судалгаа, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт, давах, хяналтаар хянагдсан хэргийн судалгаа, гүйцэтгэх хуудасны бичилт, биелэлт зэрэг судалгаануудыг хагас, бүтэн жилээр гаргаж, шүүгч нарт танилцуулдаг байсан. Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлын шийдвэрийн судалгааг тогтмол гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлж байсан. Шүүн таслах ажлын мэдээг хагас, бүтэн жилээр үнэн зөв гаргаж, тухай бүр хуулийн санал өгөх болон төрөл бүрийн судалгаа гаргах, судалгаа өгөх зэрэг мэдээллийг шүүгч нарт мэдээлж, холбогдох санал, судалгааг тухай бүр Зөвлөгөөнөөр танилцуулж, хэлэлцүүлж, хүргүүлж ажиллаж байсан. Энэ нь жил бүрийн шүүн таслах ажлын мэдээ, тайлан болон Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалтын академи зэрэг холбогдох байгууллагуудын мэдээ, мэдээлэлд Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн мэдээллүүд бүрэн тусгагдсан, ...шүүгч ажилчдын хуралдаанд 14 хоног тутам танилцуулж хэвшсэн, ...шүүгчийн туслахтай хэргийн хөдөлгөөн болон ерөнхий удирдлагаа хянаад хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллийг шүүгчийн туслахтай боловсруулж шүүгчийн туслах мэдээлэл хийдэг байсан. Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргатай болсноос хойш Г.Мөнгөнцэцэг мэдээллийг гаргаж мэдээлж байгаа,...шүүгч нар энэ хуралд оролцдог тул шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх шаардлагагүй...” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын шүүн таслах ажлын мэдээ, 2021 оны хагас, бүтэн жилээр гаргасан судалгаануудаас үзэхэд холбогдох шүүгч нь шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар тухай бүрд мэдээлэл хийж байсан нь тогтоогдож байна.
Иймд нотлох дүгнэлтийн 11 дэх заасан үндэслэлээр энэхүү гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
3. Өргөдлийн өөрт холбогдох хэсгийн 2, 3, 6.3, 7-т дурдсан гомдлын талаар холбогдох шүүгч тайлбартаа: “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зөвлөгөөнөөр үргэлжлүүлэн Ж.Р-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гарсан. Зөвлөгөөнөөр хэлэлцэж байгаа бусад асуудлыг тухайн хэрэгт хамааралгүй тохиолдолд, мөн олон хэргийн хугацааг нэг зэрэг сунгаж байгаа тохиолдолд тус тусад нь тогтоол гарч албажуулдаг, энэ нь хэрэгт, хуулганд байгаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 111/ЗТ2024/..., 111/ЗТ2024/... дүгээр тогтоолууд, 20, 21 дугаартай тэмдэглэлүүдээр нотлогдоно... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/287 дугаар албан бичгээр тухайн шүүхийн Тамгын газрын 2025 онд зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага үүсэж буй орон тооны саналыг ирүүлэх” албан бичгийг хэлэлцэхээр шүүгчдийн зөвлөгөөнийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зарласан, ...энэ талаар хэлэлцэх гэтэл шүүгч Ч.Оюунсайхан хэлэлцэх асуудал биш гээд зөвлөгөөнийг орхиод гараад явсан тул Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээгүй, харин албан бичиг явуулахаар болж зөвлөгөөн тарсан. Тиймээс тогтоол, тэмдэглэл гараагүй. Тухайн үед энэ асуудлыг шийдвэрлээгүй, зөвлөгөөн тарсан тухай би Ч.Оюунсайхан шүүгчид хэлсэн. Тогтоол, тэмдэглэл гэж огт гараагүй тул устгасан зүйл байхгүй, ...Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/2060 дугаар албан бичгээр эмхэтгэлд нийтлүүлэх шийдвэр ирүүлэх тухай албан бичигт 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хянан шийдвэрлэсэн, давах, хяналтын шатны шүүхээр орж эцэслэн шийдвэрлэгдсэн, олон нийтэд жижиг болохуйц шийдвэрийг шийдсэн хэрэг дотроос сонгон авч Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, тогтоолын хамт 01 дүгээр сарын 10-ны дотор хүргүүлэхээр байсан, миний хувьд ийм шийдвэр байгаагүй тул шүүгчийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр санал гаргаагүй,... 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Н.Б-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хугацааг 15 хоногоор, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Д” хоршооны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хугацааг 30 хоногоор, Л.Б-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хугацааг 30 хоногоор тус тус сунгаж, мөн “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журамд өөрчлөлт оруулах” тухай асуудлыг хэлэлцэх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн, зөвлөгөөнд гурван шүүгч оролцож, тогтоолд шүүгч нар бүгд гарын үсэг зурж, албажуулсан, ...Ерөнхий шүүгчээр ажиллах хугацаандаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах, шүүх бүрэлдэхүүнийг томилох, шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх бүх асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэж ирсэн. Энэ нь тус шүүхийн шүүн таслах ажиллагаа болон удирдлага, зохион байгуулалттай холбоотой Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолууд, тэмдэглэлүүд тухай бүр, тус тусдаа бүгд бүрэн гарч албажиж байсан. Энэ нь архивд байгаа 2019-2023 онд хянан шийдвэрлэгдсэн захиргааны бүх хэргүүд, зөвлөгөөний тогтоол, тэмдэглэлийн хуулгаар тогтоогдоно, энэ ажиллагаатай холбоотой ямар нэгэн хэргийн оролцогчийн эрх ашгийг зөрчсөн талаар гомдол гарч байгаагүй, энэ үндэслэлээр дээд шатны шүүхээс шийдвэр өөрчлөгдөж, хүчингүй болсон тохиолдол байхгүй...” гэжээ.
Өргөдөл гаргагч энэ талаар шүүгч С.Сайнбилэгт холбогдуулан гомдол гаргасан бөгөөд нотлох дүгнэлтийн 5, 6, 9, 11 дэх хэсэгт дурдсан үндэслэлээр гомдол үндэслэлгүй байна.
4. Өргөдлийн 3, 4-т дурдсан гомдлын талаар:
Шүүгч Ц.Сувдмаа тайлбартаа “...2024 оны 02 дугаар сарын 28-ны шүүгчдийн зөвлөгөөнөөр Н.Б-н нэхэмжлэлтэй, Ө-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилсон... төрсөн дүү Ц.М нь Б-д 2013 оноос одоог хүртэл Хүний нөөц, архив, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна, шүүгч Ч.Оюунсайханыг томилогдсоноос хойш буюу 2014 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Б-тэй холбоотой нийт 5 нэхэмжлэл шүүхэд ирсэн, надад хуваарилагдсан захиргааны хэрэгт би татгалзан гаргах хүсэлт гаргаагүй, харин хэргийн оролцогчид хүсэлт гаргаж Ерөнхий шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн...” гэжээ.
Гэрч Г.М мэдүүлэхдээ “...2024 оны 02 дугаар сарын 28, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Н.Б-н нэхэмжлэлтэй хэргийн бүрэлдэхүүн томилох асуудлыг хэлэлцсэн ба зөвлөгөөнд 3 шүүгч бүгд оролцсон, ...тогтоолоо албажуулах гээд ороход Ч.Оюунсайхан шүүгч энэ 2 нийлээд Ерөнхий шүүгчээ сонгочихлоо, миний дургүй хүрээд байна, ...гарын үсэг зурахгүй гээд зураагүй” гэжээ.
Дээрх асуудал сахилгын зөрчилд хамаарахгүй талаар дүгнэлтийн 5 дахь хэсэгт тодорхой дурдсан болно.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, тус шүүх Б-д холбогдох дараах захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байна Үүнд:
-Х.У-н нэхэмжлэлд шүүгч Ц.Сувдмаа хэрэг үүсгэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5-д зааснаар өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн захирамжаар хангасан.
Тус хэрэг Ерөнхий шүүгч С.Сайнбилэгт хуваарилагдсан боловч тэрээр хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3, 84.1.5-т зааснаар татгалзан гарах хүсэлт гаргасан, шүүгчдийн зөвлөгөөнийг шүүгч Ч.Оюунсайхан даргалж хүсэлтийг хангасан ба өөрөө хянан шийдвэрлэсэн. Улмаар тус хэргийг шүүх хуралдаанаар шүүгч Ч.Оюунсайхан хянан шийдвэрлэжээ.
-Ц.М-н нэхэмжлэлд шүүгч Ц.Сувдмаа хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгч шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг захирамжаар хангасан, уг хэрэг Ерөнхий шүүгчид хуваарилагдсан, тэрээр мөн татгалзан гарах хүсэлт гаргасныг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хангаснаар хэрэг шүүгч Ч.Оюунсайханд хуваарилагдаж хянан шийдвэрлэгджээ.
-“Б” ХХК-ийн нэхэмжлэл шүүгч Ц.Сувдмаад хуваарилагдаж, хянан шийдвэрлэгдсэн.
-Д.С-н нэхэмжлэлд шүүгч Ц.Сувдмаа хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгч шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
-Э.Ю-н нэхэмжлэлд шүүгч Ч.Оюунсайхан хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь дээрх баримтаар тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах эрхтэй бөгөөд энэ талаар гаргасан хүсэлтийг Ерөнхий шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй болно.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэгт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой,..” зөрчсөн гэсэн үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.29-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ерөнхий шүүгч С.Сайнбилэг, Ц.Сувдмаа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайханаас тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг, шүүгч Ц.Сувдмаа нарт холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу илтгэгч гишүүн сахилгын хэргийн шалгах ажиллагаа явуулан, агуулга бүрд дүгнэлт өгч, шүүгч С.Сайнбилэг, Ц.Сувдмаа нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.29-т заасан сахилгын зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, шүүгч С.Сайнбилэг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр нотлох дүгнэлт үйлджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд сахилгын хэрэг үүсгэсний дараа явуулах илтгэгч гишүүний ажиллагааг хуульчилсан заасны дагуу 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн өргөдөлд дурдсан үндэслэлээр сахилгын хэргийн шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” үйлдсэн байх бөгөөд уг сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлсэн байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Сахилгын хорооны хуралдаанаар тус өргөдөлд дурдсан үндэслэл, сахилгын хэрэгт авагдсан баримт болон илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хэлэлцэж, агуулгаар нь нэгтгэвэл, дараах үйл баримт тогтоогдоно.
Баянхонгор аймаг дахь шүүхийн шүүгч нарын ажлын цагийн бүртгэлийг программ ашиглан явуулдаг байх ба шүүгч С.Сайнбилэг, Ц.Сувдмаа нар ажлаа тасалсан гэх зөрчил сахилгын хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.
Сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар, шүүгч С.Сайнбилэг архидан согтуурч, зүй бус авирласан гэх үйлдэл тогтоогдоогүй байх ба, нэр бүхий шүүгчид болон захиргааны ажилтнуудын оролцсон арга хэмжээний үед холбогдох шүүгч "гараа гэмтээгээгүй" гэх мэдүүлгийг тухайн үед хамт байсан гэрчүүд өгсөн байх тул энэ нь ахуйн гэмтлээс шалтгаалсан гэх шүүгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.
Шүүгч С.Сайнбилэгээс гадна тухайн шүүхийн өөр шүүгч, албан хаагчдын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх харилцаа үүссэн байх боловч ашиг олох, хэн нэгнийг эрхшээлдээ байлгах зорилготой гэж үзэхээс илүү хүн хоорондын харилцаа гэж дүгнэхээр байна.
Шүүгч Ц.Сувдмаа "өөрийн хэрэглэдэг эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгсөн боловч ашиг олох зорилгоор худалдан борлуулаагүй" гэсэн, харин шүүгч С.Сайнбилэг эгчийнхээ явуулсан барааг 2020-2021 онуудад ажлын байран дээр авчирч зарсан гэх ба энэ нь талаар илтгэгч гишүүн "шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нийцэхгүй, ёс зүйн зөрчилд хамаарахаар байх боловч сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ энэ төрлийн үйл ажиллагааг цаашид явуулахгүй байхыг нийт шүүгч, ажилтнуудад анхааруулах нь зүйтэй" гэж үндэслэлтэй дүгнэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2-т зааснаар Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг Шүүхийн Тамгын газрын дарга эдлэх бөгөөд шүүгчийн туслахаар ажиллаж байсан Г.М Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтаар тус албан тушаалд тэнцсэн байх тул шүүгчийг холбон дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд шүүгч татгалзан гарах үндэслэл, мөн хуулийн 85 дугаар зүйлд татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх журам, 86 дугаар зүйлд татгалзан гарсны үр дагаврыг тус тус зохицуулсан бөгөөд ийнхүү хуульд заасан журмын дагуу шүүгч С.Сайнбилэг өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт болон шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгчид олгогдсон эрх, хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон байх тул холбогдох шүүгч С.Сайнбилэг, Ц.Сувдмаа нар сахилгын зөрчил гаргаагүй гэж үзнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д зааснаар шүүгч хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцахыг хориглодог бөгөөд уг зөрчлийг шүүгч С.Сайнбилэг гаргасан гэх үйлдэл баримтаар тогтоогдоогүй.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний үед шүүгч нар санал зөрөлдөх, үл ойлголцох нөхцөл байдал үүссэн нь холбогдох шүүгчийг зүй бус авирласан гэж дүгнэхээргүй байх боловч, шүүгч нар албан үүргийн болон хувийн харилцааны үед өөр хоорондоо хүндэтгэлтэй харилцах нь зохистойг анхааруулах нь зүйтэй.
Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүгчийн туслах Г.М-г байлцуулан Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааг дүгнэх тухай асуудлыг хянан хэлэлцэж, үнэлсэн ба шүүгч Ц.Сувдмаа, Ч.Оюунсайхан нартай утсаар холбогдож саналыг нь тэмдэглэлд тусгасан байх бөгөөд үнэлгээг шүүгчдийн өгсөн оноонуудыг дундажлан үнэлсэн талаар зөвлөгөөний тэмдэглэл, тогтоолд дурдсан байна.
Энэ талаар илтгэгч гишүүн "...Өргөдөл гаргагч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан тул зөвлөгөөнд оролцоогүй хэдий ч саналыг утсаар авсан байх тул шүүгчдийн зөвлөгөөнд оролцох эрхийг нь зөрчсөн үзэхгүй" гэсэн нь үндэслэлтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-т зааснаар тухайн шүүхийн шүүгчийн дийлэнх олонх оролцсоноор зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох ба энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргах тул 3 шүүгчтэй шүүхийн тухайд 2 шүүгч оролцож, шийдвэр гаргасан бол тогтоол хуульд нийцсэн гэж үзнэ.
Ерөнхий шүүгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүн таслах ажиллагааны мэдээ, хэргийн хөдөлгөөний хяналт үнэлгээний талаар шүүгч ажилтнуудад танилцуулж, шүүхэд ирсэн албан бичиг, шүүхийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж байсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба харин шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд холбогдох шүүгчийг буруутгах боломжгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хууль болон шүүгчдийн зөвлөгөөний хуралдааны дэгд зааснаар Ерөнхий шүүгч ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг шийдвэрлэх ёстой атал тус шүүхийн шүүгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0004 дүгээр тогтоолоор Н.Б-н нэхэмжлэлтэй Б-д холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг мөн өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаагаар сунгасан, тогтоолд шүүгчид гарын үсэг зурж албажуулсан нь буруу бөгөөд цаашид ийм алдааг дахин гаргахгүй байхыг нийт шүүгчид анхаарвал зохино.
Мөн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0001 дүгээр тогтоолоор "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам"-ыг баталсан байх ба тогтоолд шүүгч С.Сайнбилэг гарын үсэг зуржээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т "Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна", 72.3-т Шүүгчдийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно" гэж заасан.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний хуралдааны дэгийн З.6-д "хуралдаанд нийт шүүгчдийн дийлэнх олонх /энэ дэгт заасан дийлэнх олон гэдэгт 2/3 ба түүнээс дээш хувийг ойлгоно/ хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцох ..." гэжээ.
Дээрхийг нэгтгэвэл, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч Ч.Оюунсайхан, Ц.Сувдмаа нар оролцоогүй байхад Ерөнхий шүүгч С.Сайнбилэг дангаараа шүүгчдийн зөвлөгөөнийг даргалан, ...хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг баталсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтыг зөрчсөн.
Ерөнхий шүүгчийн бүрэн эрх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан хүрээний дотор явагдах атал шүүгч С.Сайнбилэг энэ эрхээ хэтрүүлсэн, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас бусад шүүгчид "...зөвлөгөөнд оролцох,... санал өгөх” эрхээ эдлээгүй байх тул уг зөрчлийг "ноцтой" гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д "энэ хуулийн ...50.1.23-т заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах" гэж, 57.1.10-д "энэ хуулийн 50.1.1...-Т заасан зөрчилд огцруулах" сахилгын шийтгэл оногдуулна тус тус заасан.
Шүүгчийн гаргасан дээрх сахилгын зөрчлийн шинж, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан "цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах" сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Өргөдөл гаргагч, шүүгч Ч.Оюунсайханаас өмнө ирүүлсэн өргөдлөө дэмжсэн агуулга бүхий нэмэлт өргөдлийг 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сахилгын хорооны хуралдаанд ирүүлсэн байх ба хэрэв холбогдох шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл дахин өргөдөл гаргах эрх нээлттэйг тайлбарлах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ГНД/2026/0033 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэгт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан, түүнд “цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Х.ХАШБААТАР