
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-09-10
Дугаар 112
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Цэрэндэжид, Ж.Мөнхдэлгэр, Г.Урангуа нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГС/2026/0090 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28.хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй, 50.1.39.Энэ хуулийн 45.8-д заасан үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг гаргасан эсэх талаар:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ЗТ2025/0703 тоот “Хэрэг хуваарилах тухай” тогтоолоор Б.Б-ын нэхэмжлэлтэй, ... даргад холбогдох захиргааны хэрэг шүүгч Г.Цэрэндэжидэд хуваарилагдаж, шүүгчийн ээлжийн амралттай холбоотойгоор хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ЗТ2025/0969 тогтоолоор шүүгч Ж.Мөнхдэлгэрт шилжүүлж, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ЗТ2025/1058 тоот тогтоолоор шүүгч Г.Цэрэндэжидэд хэргийг буцаан шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч Б.Б-с гаргасан шүүгч Ж.Мөнхдэлгэрээс татгалзах тухай 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/7382 тоот албан бичигт “нэхэмжлэлийг шүүгч Ж.Мөнхдэлгэрт шилжүүлсэн байсан бөгөөд шүүгч Г.Цэрэндэжид ажилдаа орсноор хэргийг буцаан шилжүүлж авсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзан гаргах хууль зүйн боломжгүй” гэж дурдан хүсэлтийг буцаажээ.
Шүүгч Г.Цэрэндэжидээс татгалзах тухай нэхэмжлэгчээс гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 128/ЕШ2025/... дугаар захирамжаар, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтийг 128/ЕШ2025/... дугаар захирамжаар тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Ийнхүү нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас нэр бүхий шүүгч нарыг татгалзан гаргах хүсэлтийг эрх бүхий этгээд нь холбогдох журмын дагуу тухай бүр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний “Хэрэг, хүсэлтийг хянан шийдвэрлэх 2025 оны 4 дүгээр улирлын багцыг батлах тухай” 128/ЗТ2025/1099 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Цэрэндэжид, Г.Урангуа, О.Батсүх нар томилогдсоныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 128/ЕШ2025/... дугаар захирамжаар албажуулсан байна.
Дээрх тогтоолоор хуваарилагдсан шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, гэрч Ж.Л, иргэдийн төлөөлөгч К.О нар оролцсон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Г.Д болон түүний хүсэлтэд дурдсан өмгөөлөгчөөр Э.Б нар цаашид хариуцагч талыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэг гарган оролцсон байх тул холбогдох шүүгч Г.Урангуа эдгээр нэр бүхий хүмүүстэй холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй.
Хуралдаан даргалагчаас шүүх бүрэлдэхүүн, оролцогчдыг танилцуулж, татгалзан гаргах хүсэлт гаргах эрхийг танилцуулахад шүүгч Г.Урангуа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-тай хамааралтай нөхцөл байдлын талаар дараах байдлаар мэдэгдсэн нь дуу-дүрсний бичлэгийн:
05:50 хоромд шүүгч Г.Урангуа: Шүүгч шүүхийн тухай хуульд заасны дагуу мэдүүлэх үүргээ биелүүлэх ёстой. Энэ хэрэг маргааны тухайд бүрэлдэхүүнд томилогдоод өнөөдөр орж ирж байна. З өмгөөлөгч өнөөдөр төлөөлөгчөөр оролцож байна. Өмнө нь би өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа хамтарч ажиллаж байсан. Гэхдээ хэдэн оноос хойш уулзаагүй вэ. Дотно харилцаа холбоо байхгүй.
06:15 хоромд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З: Хамтарч ажиллаж байсан тохиолдол байхгүй байхаа
06:17 хоромд Шүүгч Г.Урангуа: Чингэлтэйн эрүү дээр нэг удаа
06:22 хоромд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З: тэр үед би өмгөөлөгчөөр оролцоогүй.
06:24 хоромд Шүүгч Г.Урангуа: Оролцоогүй бил үү. За ямар ч байсан таньдаг. Гэхдээ дотно харилцаа холбоо байхгүй ээ. Харин нэг зүйлийг тодруулъя. Б өмгөөлөгчтэй найз нөхөд дотно харилцаа холбоо байгаа. Гэхдээ хариуцагч талаас өмгөөлөгчөөр оролцуулахгүй гээд байгаа юм уу оролцуулна гээд байгаа юм уу. Хэрвээ оролцуулахгүй гэвэл тэрийгээ албан ёсоор өгөхгүй бол би татгалзах эсэх, үүргээ хэрэгжүүлэх эсэх нь эргэлзээтэй болчхоод байна.
06:49 хоромд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З: Оролцуулахгүй гэж байгаа. Ер нь Д дарга төлөөлөгчийн хувьд Б өмгөөлөгчийг оролцуулах хүсэлт гаргасан байдаг.
07:00 хоромд Шүүгч Г.Урангуа: Итгэмжлэлтэй байх бүрэн эрхийнхээ хугацаанд өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар Б өмгөөлөгчийг оролцуулахаар болсон юм байна ш дээ. Төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гараад явчихсан гээд Б өмгөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болчихсон гэж ойлгохгүй. Тэгэхээр танайхаас тодорхой бичгээр бичиж өгөхгүй бол болохгүй байна.
07:27 хоромд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З: Тэгье. Бичээд өгье.
07:31 хоромд Шүүгч Г.Урангуа: Миний хувьд мэдэгдэх үүргээ биелүүлээд хэрвээ энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэж татгалзагдаж байгаа тохиолдолд надад өөр татгалзах үндэслэл алга байна. Тэгэхээр Танд татгалзах эрх нь нээлттэй” гэхэд,
Талууд хэн аль нь “Татгалзах зүйл байхгүй” хэмээн хүсэл зоригоо илэрхийлсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.
Хэрэв тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөхөөр оролдсон нөхцөл байдал үүссэн гэж шүүгч өөрөө үзвэл үүнийг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтлөн холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэгтэй ба шүүгчийн албан тушаалд томилогдохоос өмнө хэрэгжүүлж байсан ажил үүрэгтэй холбоотой үйл баримт нь шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргийг үүсгэхгүй.
Шүүгч өөрт хуваарилагдсан, харьяалан шийдвэрлэх хэрэг маргааныг холбогдох хууль, тогтоомжид заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” үндэслэл үүсээгүй тохиолдолд хэргийн оролцогч нь хэн байхаас үл хамаарч заавал хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах эрхгүй.
Холбогдох хууль болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн тогтоолоор тайлбарласнаас үзвэл “Хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгох бөгөөд нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй.
Иймд шүүгч Г.Урангуагаас гаргасан хариу тайлбарт “...Миний бие нэг удаа байцаалтад суухдаа А.З өмгөөлөгчөөс хөлс төлбөр авсан эсэхээ ч санахгүй байна, үйлчилгээ үзүүлсэн иргэнээс авсан байх гэж бодож байна. Нөгөөтээгүүр А.З өмгөөлөгчөөс тухайн үед хөлс мөнгө авсан гэж үзвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацааны хязгаарлалт тавигдах бөгөөд шүүгч Г.Урангуа би тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тангараг өргөснөөр өнөөдрийг хүртэл ажлаа шударгаар хийж ирсэн тул 2022 оноос өмнө өмгөөлөгчөөр ажиллаж байх үеийн асуудлууд аль хэдийн хуулийн хязгаарлалтад хамаарахааргүй болсон.” гэсэн нь үндэслэлтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18.хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах гэх зөрчлийг гаргасан эсэх тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйл, Шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолт, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд тус тус шүүгчийн туслахын албан тушаалын чиг үүргийг заасан байх ба хуулийн 89.3 дахь хэсэгт “шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Цэрэндэжид “...Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн туслах нь шүүгчийн даалгаснаар хэргийн оролцогч нартай харилцдаг, энэ нь шүүгчийн туслахын албан тушаалын чиг үүрэгт хамаардаг болно. Жишээ нь: Шүүгчийн туслахаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлыг хэргийг оролцогч нараас тодруулах, шүүхэд гаргасан итгэмжлэл, түүнийг хуулийн шаардлага хангуулах талаар мэдэгдэх, хэргийн оролцогч нарыг шүүхэд дуудах, шүүх хуралдааны тов мэдэгдэх, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах зэргээр ажилладаг.
Энэ хэргийн тухайд, шүүгчийн зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах хүрээнд /өмнөх өдөр/ хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулж ажиллах талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн болно.
Улмаар шүүгчийн туслахаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хамтран хариуцагчаар татагдсан ажлын хэсэг /гишүүдийг/ шүүх хуралдаанд оролцуулах талаар мэдэгдсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9.-д "өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх", 50.1.18-д заасан шүүгч "хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах" гэх нөхцөлд хамааралгүй байна.” гэж,
Холбогдох шүүгч Г.Урангуа “...Шүүхийн тухай хуулийн 89.3.7 дахь хэсэгт зааснаар шүүгчийн туслах нь шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох үүрэгтэй, энэ үүргийнхээ дагуу хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх, зайлшгүй оролцуулах шаардлагатай этгээдийг дуудан ирүүлэх ажлыг хийдэг учраас хууль зүйн зөвлөгөө өгөх, хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах. харилцах, шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх гэснийг зөрчсөн үйлдэлд хамааруулах үндэслэлгүй.” гэх тайлбар гаргасан нь үндэслэлтэй.
Иймд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шүүгч өөрт хуваарилагдсан хэрэгт хамааралтай ажиллагааг гүйцэтгүүлэхээр шүүгчийн туслахад даалгах нь хуульд нийцэх бөгөөд шүүгч өөрөө хэргийн нэг талтай харилцаагүй харин туслах шүүх хуралдаанд хариуцагч оролцох талаар мэдэгдэж зурвас бичсэн үйл баримт нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20.хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх гэх зөрчлийг гаргасан эсэх тухайд:
Харин Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур” гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласан бол “зүй бус” гэх ойлголтын эерэг утга болох “зохистой” гэдгийг “зүйтэй, ёстой, таатай, нийлэмжтэй” гэж тайлбарласан байх бөгөөд ухаалаг ажиглагчийн нүдэнд энгийн нийлэмжтэй харагдахуйц хүмүүс хоорондын зөв харилцааг “зохистой” гэж ойлгох бол энэ хэм хэмжээнээс хэтэрсэн, энгийн үг хэллэгээс илтэд өөр үг хэллэг хэрэглэж буй нийлэмжгүй харилцааг “зүй бус” гэж ойлгоно.
Өргөдөлд дурдагдаж буй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1 цаг 52 секундийн дуу-дүрсний бичлэг /с.х-ийн хавтас 5, 43-55х/ болон 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний 6 цаг 23 минут 35 секундийн бичлэгт /с.х-ийн хавтас 6, 85-106х/ бичлэгээс үзвэл хуралдаанууд хэвийн байдлаар явагдсан байх ба шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогч болон бусад этгээдэд буруу ойлгогдох зохисгүй үг хэллэг хэрэглээгүй, биеийн хэлэмж, үйл хөдлөл үзүүлээгүй ба зүй бус үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал үүсээгүй байна.
Дээрх шүүх хуралдаанууд даргалагчийн тогтоосон дэг, дарааллын дагуу явагдаж, даргалагч шүүхийн шийдвэрийн агуулгыг уншиж танилцуулсан байна.
- 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1 цаг 52 секундийн дуу-дүрсний 20251104-105723995.mp4 нэршилтэй бичлэгийн 00:10-00:38 дахь хоромд даргалагч тогтоолыг танилцуулж, 00:39 дэх хормоос үндэслэлийг тайлбарлаж, шүүгч Г.Урангуа 01:25-02:12 дахь хоромд нэмж тайлбар гаргаж, 02:13 дахь хормоос даргалагч, 02:57 дахь хормоос шүүгч Г.Урангуа гэх зэрэг байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан нь бичлэгт хадгалагджээ.
- 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 6:16:35 дахь хормоос даргалагч шүүхийн шийдвэрийг танилцуулж, 6:21:49 дэх хормоос шүүгч Г.Урангуа шүүхийн шийдвэрийн агуулгыг нэмж тайлбарласнаар шүүх хуралдаан дууссан байна.
Шүүгч Г.Урангуагаас Сахилгын хорооны хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн СХТ/2026/0072 дугаар тогтоолд холбогдуулан ирүүлсэн тайлбартаа: “...хэргийн оролцогчдод эргэлзээ төрүүлэхгүй, бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийн үндэслэлийг ойлгуулах зорилгоор өөрсдийн гаргасан тогтоолын үндэслэлийг нэмж тайлбарласан. Даргалагч шүүгч магадгүй надаас хүлээж байсан тайлбарыг хангалтгүй гэж үзсэн байж болно. Үндэслэлээ аль болох ойлгуулахын тулд дахин нэмж тайлбарласан нь шүүгч нарыг процесс зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаардаг гэж бодохгүй байна., ... гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлах эрх шүүх бүрэлдэхүүнд байгаа төдийгүй энэ хэрэгт дурдагдсан үйл баримтын тухайд даргалагч болон бүрэлдэхүүний шүүгч нар “нэмж тайлбарлаад өгөөрэй” гэж хэлсэн боловч энэ хэсэг нь хурлын бичлэг эхлэхээс өмнө яригдсан байх ба ийм нөхцөл байдлыг даргалагч Г.Цэрэндэжид шүүгч болон бүрэлдэхүүнд байсан О.Батсүх шүүгч нараас гэрчийн мэдүүлэг авах замаар тодруулах шаардлагатай гэж үзэж байна...” хэмээн дурдаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ажилласан гэх агуулга бүхий тайлбар ирүүлсэн байна.
Энэ талаар холбогдох шүүгч Г.Цэрэндэжид гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
“... Б-ын нэхэмжлэлтэй хэргийн хурал 2025 оны 11 сард нэг удаа хийгдэж, 12 дугаар сард хуралдаанаар шийдвэрлэгдсэн. Хурал хуульд заасан журмын дагуу л явагдсан. Ерөнхийд нь тайлбарлахад нэхэмжлэгчээс олон төрлийн хүсэлт гаргаж байсан санагдаж байна. Бүрэлдэхүүнтэй хурал байсан. Хүсэлт гаргах шатанд гаргасан хүсэлтийг зөвлөлдөөд шийдвэрлэсэн. Зөвлөлдөх тасалгаанд шүүгч нар тус бүрийнхээ саналыг нэгтгээд шүүхийн тогтоол гарсан. Даргалагчийн хувьд миний бие тогтоолын үндэслэлээ танилцуулсан. Шийдвэр гаргахдаа бүрэлдэхүүний шүүгч нар өөр өөрийн үндэслэлүүдээ гаргаж байгаа. Иймд хэргийн оролцогчдод шийдвэр танилцуулахаас өмнө миний бие бүрэлдэхүүний шүүгч нарт “даргалагч тогтоолын үндэслэлээ тайлбарлана харин орхигдуулсан зүйл байвал энэ дээр нэмээд тайлбар хэлэх боломжтой” гэдгийг тайлбарласан. Ингээд тогтоолын үндэслэлээ танилцуулсны дараа Урангуа шүүгч бол тодруулж л тайлбар хийсэн санагдаж байна. Шүүгч нар хуралдааны явцад хэргийн оролцогч нараас асууж тодруулах боломжтой байдаг тул энэ хүрээндээ тодруулсан зүйл байгаа байх. Яг нарийвчлан юуг тодруулсан болохыг нэг бүрчлэн санахгүй байна.” ... Миний бие даргалагчийн хувьд танилцуулсан, шүүгч нар үндэслэлийг тодруулж нэмэлт тайлбар хийхдээ даргалагчийн зөвшөөрлөөр хийсэн.” гэж,
Гэрч, шүүгч О.Батсүх “... энэ хурлын бүрэлдэхүүнд бол орсон. Харин миний хувьд олон шүүх хуралд орж байгаа тул тухайлан тодорхой санахгүй байна. Энэ бол бүрэлдэхүүнтэй хурал байсан учраас хуралд орсон шүүгч нар бүрэлдэхүүнээрээ асуудлыг шийдвэрлэж байгаа тул нэмэлтээр тайлбар хэлсэн байдаг юм уу гарсан шийдвэрийн агуулгыг шүүгч тайлбарлах үүрэгтэй тул Урангуа шүүгч тайлбарласан байх. Даргалагч шүүгч тэрийг тайлбарлаж байгаа. Даргалагч шүүгч тайлбарласны дараа бүрэлдэхүүн агуулгыг нь нэмж тайлбарлах асуудал байдаг. Тэр агуулгаараа тайлбарласан байх гэж бодож байна. Түүнээс биш яг Урангуа шүүгч тэгээд хэлчихсэн гэх байдлаар тодорхой санахгүй байна. Шүүх бүрэлдэхүүн даргалагч шүүгчээс зөвшөөрөл авч дараагийн нэмэлт тайлбар хийх, асуулт асуух нь хуралдааны аль ч үе шатанд боломжтой тул асуугаад явдаг. Шүүхийн шийдвэрийн хувьд даргалагч тайлбарлаж, дараа нь бүрэлдэхүүн агуулгаар нь нэмж тайлбарлах зүйлээ тайлбарладаг. Миний мэдэх зүйл ийм байна.”, ... Шүүх хуралдаан дэгийнхээ дагуу л явагдсан. Аль ч хурал тэгж л явагддаг.” гэж мэдүүлсэн.
Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах хуульд заасан үүрэгтэй.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, даргалагч шүүх хуралдааныг тогтоосон дэг, дарааллын дагуу удирдан явуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсны дараа бүрэлдэхүүний шүүгч шийдвэрийн үндэслэлд нэмэлт тайлбар хэлжээ.
Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д “Хэргийг шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэж бүрэлдэхүүнд олгогдсон шүүхийн шийдвэрийг тайлбарлах эрхийнхээ хүрээнд нэмж тайлбар хэлсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй.
Дээрхийг нэгтгэвэл, шүүх хуралдааны явцад холбогдох шүүгч нар сахилгын зөрчил гаргаагүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар 50.1.9-д заасан “хууль зүйн зөвлөгөө өгөх” сахилгын зөрчил гаргасан эсэх тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигч талуудын оролцоонд тулгуурлан явагддаг тул шүүх бүрэлдэхүүн оролцогчдын тайлбар, санал, үндэслэлийг сонсож, санал болгож буй баримт нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай зүйл эсэхэд хөндлөнгийн байр сууринаас үнэлэлт, дүгнэлт өгөх шийдвэр гаргах эрх хэмжээг шүүгч эдэлдэг.
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хууль зүйн зөвлөгөө өгөх үйлдэл нь хууль зүйн туслалцааны төрөлд хамаарах ба хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл өгөх хэлбэртэй байхаар заасан.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх явцад шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй тул шүүгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарын үндэслэл, шаардлага хариуцагчийн хариу тайлбар зэргийн талаар тодруулахаар асуулт асуусан, хуулийг тайлбарласан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул сахилгын зөрчилд хамаарахгүй.
Өргөдөлд дурдагдаж буй 2 удаагийн шүүх хуралдааны нийт 11 цаг 35 минут хугацааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр шүүх бүрэлдэхүүн хуралдаанд идэвхтэй байдлаар оролцож, бүрэлдэхүүний шүүгч Г.Урангуагийн оролцогчдоос асуусан асуултууд нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн гэж үзэхээр байх бөгөөд хэргийн нэг талд зөвлөгөө өгсөн гэж дүгнэхээргүй байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга дуу, дүрсний бичлэгээр баримтжуулан, хөтлөх үүрэгтэй байх ба 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүхийн захиргааны албан хаагч М.А хөтөлж, албажуулсан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар нийт 1 цаг 52 секундийн хугацаанд явагдсан шүүх хуралдааны явцын яриа 128/ТМ2025/... тоот тэмдэглэлд бүрэн гүйцэт тусгагдаагүй байх бөгөөд энэ талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
“... Шүүх хуралдаанд оролцогч болон шүүгчийн сул үг, давтагдсан асуултыг хасаад, бусдыг нь тусгасан байдлаар төсөлдөө бичээд даргалагчид хянуулдаг. Даргалагч шүүгч үг үсгийн засвар болон тайлбарт агуулгын хувьд алдаа байгаа эсэхийг хянаж, засаад өгсний дараа албажуулдаг. Зарим тохиолдолд шүүгчдэд дотоод чатаар хянадаг бөгөөд харин олон хуудастай тэмдэглэлийг цаасаар хянадаг тул энэ тэмдэглэлийг цаасаар хянуулсан” гэж,
“Б.Б-ын нэхэмжлэлтэй, ... дарга, тус газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Цэрэндэжид, Г.Урангуа, О.Батсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцсэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтөлжээ. Уг хуралдааны тэмдэглэлийг хэнд, хэрхэн танилцуулж, албажуулсан бэ” гэхэд
“Олон хуралд орсон ч энэ хурлын тэмдэглэлд засвар орсон тул санаж байна. Энэ тэмдэглэлийг ч мөн зөвхөн даргалагч шүүгч Цэрэндэжидэд хянуулаад, хуулийн хугацаандаа албажсан.” гэж,
“Тэмдэглэлд шүүгч нараас оролцогчдод тавьсан зарим асуулт, тайлбар зэрэг нь бүрэн тусгагдаагүй байх тул энэ талаар тайлбарлана уу” гэхэд
“Дэгтэй холбоотой буюу тодруулбал эрх үүрэг тайлбарласан, татгалзал зэрэгтэй холбоотой тайлбаруудыг би хасаад бичсэн санагдаж байна.” гэж,
“Шүүх хуралдааны тэмдэглэлтэй бүрэлдэхүүний шүүгч нар танилцаж, тэмдэглэлд аль хэсгийг тусгах, аль хэсгийг хасаж бичих талаар зааварчилгаа өгсөн үү? Тэмдэглэлд засвар оруулах хүсэлт, шаардлага хэн нэгэн этгээдээс гаргасан уу” гэхэд
“Тийм зүйл огт болоогүй.” гэж,
“Шүүх хуралдааны явцад бүрэлдэхүүний шүүгч Г.Урангуагийн асуусан асуулт түүнд хариулсан оролцогчийн хариултын хэсгээс хэд хэдэн хэсгийг хасаж тэмдэглэлд тусгасан байх тул энэ талаараа тайлбарлана уу” гэхэд
“Диктафон болон хуралдааны танхимын дуу, дүрсний бичлэг хийгддэг, цахимд мөн бичлэг нь бүтнээрээ байршдаг. Учир нь тэр үед нэлээд ачаалалтай байсан тул зарим хэсгийг орхигдуулж бичсэн зүйл бол байсан. Түүнээс биш надад хасаж бичих санаа зорилго байгаагүй ээ. Тухайн тэмдэглэлд журмын дагуу завсар орсон байгаа” гэж мэдүүлсэн.
Дээрхээс үзвэл шүүх хуралдааны явцад харилцсан яриа бичгээр албажиж гарсан шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн гүйцэт тусгагдаагүй байх хэдий ч тэмдэглэл хөтлөх үүрэгтэй шүүхийн захиргааны албан хаагч санаатайгаар хасаж бичсэн, зарим хэсгийг тусгалгүй албажуулах талаар хөндлөнгөөс хэн нэгэн этгээд нөлөөлсөн гэх үндэслэл шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй.
Өргөдөл гаргагч буюу захиргааны хэргийн оролцогч Б.Б-с уг шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулуулах тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан байх ба шүүгч Г.Цэрэндэжидийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаар “Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай” захирамжаар шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.
Ийнхүү даргалагч шүүгчид хуулиар олгогдсон эрхийн хүрээнд холбогдох засвар оруулсан үйл баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
Даргалагч шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулахтай холбоотой дээрх үйл баримтаар шүүгч хуулиар хатуу тогтоосон, үүрэг хүлээлгэсэн шинжтэй хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэхгүй хэдий ч холбогдох шүүгч хэргийн хөдөлгөөнийг хуульд нийцүүлэн зөв чиглүүлж, шүүх хуралдааны тэмдэглэлийг сайтар хянахад анхаарвал зохино.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12.2.2-т “шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх” гэж заасан байх бөгөөд нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл шүүхийн нээлттэй бусад цахим платформд байршуулахтай холбогдсон журмыг Ерөнхий зөвлөл батална гэжээ.
Уг заалтын дагуу батлагдсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаар “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам батлах тухай” тогтоолоор 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах бөгөөд тухайн хэргийн оролцогч этгээд хэдийд ч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, холбогдох журмын дагуу тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй тул шүүх хуралдааны тэмдэглэлийг аливаа байдлаар санаатайгаар зөрүүтэй албажуулах, өөрчлөх нь хэн нэгэнд ашигтай үр дагавар үүсгэх боломжгүй юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн эсэх тухайд:
Нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүд гаргасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогч нарт тов мэдэгджээ.
Тус өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс “...2023 оны бүтцийн дараах ажлын байрны тодорхойлолт байх ёстой” гэхэд даргалагчаас: “бүтэц батлагдсантай холбоотой тодорхойлолтуудыг шинэчилж батлагдчихсан байх ёстой гэж үзээд байгаа юм уу” гэхэд нэхэмжлэгчээс: “Тийм, С гэх хүн газрын дарга болсон” гэхэд даргалагчаас: “тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс болон ... Тамгын газраас бас гаргуулъя гээд байгаа юм уу” гэхэд нэхэмжлэгчээс: “Тийм” гэхэд даргалагчаас: “Төрийн албаны зөвлөлөөс ерөнхий баталсан загварыг, Тамгын газраас болохоор тухайн ажлын байрны тодорхойлолтуудаа гаргуулъя гэж ойлголоо зөв үү” гэхэд нэхэмжлэгчээс: “Зөв” гэх тайлбар хэлсэн байна.
Шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2025/... дүгээр захирамжаар уг хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/6388 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд ... Тамгын газрын ажилчдын албан тушаалын тодорхойлолтыг 2020 онд баталснаас хойш дахин шинэчлэн боловсруулсан, баталсан эсэх, энэ талаар тус газраас зөвшөөрөл олгосон эсэх талаар тайлбар гаргаж, хэрэв шинэчлэн баталсан бол холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг даалгасан тул Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06/1800 дугаар албан бичгээр ... тамгын газрын ажилчдын албан тушаалын тодорхойлолт 2020 онд батлагдсанаас хойш 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дахин баталсан талаар тайлбар гаргаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “... Тамгын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг шүүгч Г.Цэрэндэжид 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/Ш32025/... дугаар “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авч, үлдсэнийг хүлээн авахаас татгалзаж, хамтран хариуцагч татах” тухай захирамжаар шийдвэрлэсэн байна.
Уг захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсэгт “... 5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү захирамжийн захирамжлах нь хэсгийн 3 дахь заалтыг эс зөвшөөрвөл шүүгчийн захирамж бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тогтоолд гомдол гаргах эрхтэй...” гэжээ.
Ийнхүү захирамжид дурдсанаар хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогч эрхээ эдлэх боломжтой юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг зохицуулсан байх ба мөн хуулийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.” гэжээ.
Шүүгчид хуулиар үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч заавал биелүүлж, эрх олгосон зохицуулалтыг хуулийн бусад заалтад нийцүүлэн шүүгч өөрөө шийдвэрлэх учиртай ба “эрхтэй”, “болно”, “үзвэл” гэсэн заалт, хэд хэдэн заалтаас сонгох боломжтой хуулийн зохицуулалтын аль нэгийг хэрэглэж шийдвэр гаргах нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөнд хамаарахгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.” гэж заасан.
Иймд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулан авсан нь хэргийн нөхцөл байдлыг тодруулах зорилготой байх тул шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг шаардан гаргуулж авч, шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэхгүй.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ЗТ2025/0969 дүгээр тогтоолоор шүүгч Г.Цэрэндэжид ээлжийн амралт авсантай холбоотойгоор тус хэрэг шүүгч Ж.Мөнхдэлгэрт хуваарилагдсан байх ба нэхэмжлэгчээс “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байна.
Хэргийн оролцогчийн хүсэлтэд дурдсан нотлох баримт бүрийг шүүх цуглуулах үүрэггүй бөгөөд хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдлыг үнэлж шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлдэг.
Шүүгч Ж.Мөнхдэлгэрээс энэ талаар ирүүлсэн хариу тайлбартаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан “Нотлох баримт гаргах, цуглуулах”, 34 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх” тухай заалтууд буюу захиргааны шүүхийн эрхийн талаарх холбогдох зохицуулалтыг иш татан “...2025.09.03 өдрийн 17:20 минутад “Нотлох баримт гаргуулах” хүсэлт гаргасныг ... хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар материалтай ... бүрэн танилцаж хүсэлтийг шийдвэрлэхээр судалж байх явцад ... шүүгч Г.Цэрэндэжид хугацаанаасаа өмнө ажилдаа орсон...” гэснийг буруутгах үндэслэлгүй.
Шүүгч Г.Цэрэндэжид нь ээлжийн амралт дууссан тул шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ЗТ2025/*** дугаар тогтоолоор 17 хэрэг, 5 түдгэлзүүлсэн хэрэг, 2 нэхэмжлэлийг буцаан шилжүүлэн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлсэн байх тул нэхэмжлэгчээс гаргасан шүүгч Ж.Мөнхдэлгэрээс татгалзах тухай 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/7382 тоот албан бичгээр буцаасан байна.
Нэхэмжлэгчээс шүүгч Г.Цэрэндэжидийг татгалзан гаргах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ЕШ2025/... дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн зэрэг ажиллагаанууд хийгдэж, “Нотлох баримт гаргуулах” тухай нэхэмжлэгчийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн урьдчилан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэж, шүүгчийн 128/Ш32025/... дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон захирамжаар тогтоогдсон ба шүүгчийн үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй удсан гэх нөхцөл байдал үүсээгүй байна.
Ийнхүү холбогдох шүүгчээс татгалзах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой болсон тул шүүгчийн захирамжид дурдсан нотлох баримтыг ирүүлэхийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/7752, 01/7753 тоот албан бичгээр холбогдох байгууллагуудаас дахин шаардсаны дагуу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 4-200/24690 тоот, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ТГ-1/590 тоот албан бичгээр тус тус шүүхэд ирүүлсэн үйл баримтаар захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгэсэн, нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь тогтоогдоно.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “...эмнэлгийн магадалгаа нь 2024 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гэсэн огноотой ... тухайн өдөр нь бүтэн сайн өдөр юм ... 2024 оны 2 дугаар сарын 4 өдөр тус эмнэлэг ажиллаж байсан эсэх, 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр ... тус эмнэлгээр үйлчлүүлсэн эсэхийг тодруулж өгнө үү ...” гэх агуулга бүхий хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж, Даргалагчаас: “Ш” ӨЭМТ-д үзлэг хийлгэхтэй холбоотой тайлбар байна уу?” гэхэд, Нэхэмжлэгчээс: “шүүх юу гэж шийдсэнээр, магадлал үнэн учраас надад санаа зовох зүйл байхгүй” гэх тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно.
Нэхэмжлэгч тухайн хүсэлттэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар гаргаж маргаагүй тул шүүгч Г.Цэрэндэжид нь 2025 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 128/Ш32025/... дугаар захирамжаараа “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдсан “2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Ш” ӨЭМТ-д үзүүлсэн эсэх талаар үзлэг хийлгэх” хүсэлтийг ... хангах нь зүйтэй” гэж үзэн нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгч Г.Цэрэндэжид 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал ээлжийн амралттай байх тул түүнд хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй 16 хэрэг, түдгэлзүүлсэн 5 хэрэг, 4 нэхэмжлэлийг шилжүүлэх асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн Зөвлөгөөний 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ЗТ2025/... дугаар “Хэрэг нэхэмжлэл шилжүүлэх тухай” тогтоолоор шийдвэрлэж, хэрэг хуваарилах журмын дагуу өргөдөлд дурдагдаж буй Б.Б-ын нэхэмжлэлтэй хэрэг шүүгч Ж.Мөнхдэлгэрт хуваарилагдсан тул шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 128/Ш32025/... дугаар захирамжид дурдсан баримтыг гаргуулахаар шүүгч Ж.Мөнхдэлгэр нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр *** дугаар “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичгийг “Ш” өрхийн эрүүл мэндийн төвд хүргүүлсэн байх бөгөөд шүүгчийн захирамжтай утга, агуулгын хувьд зөрүүгүй байна.
Дээрхийг дүгнэвэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг “...шүүгч өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, хариуцагч Д.Б-т илт ашигтай байдал бий болгосон” гэж үзэхгүй.
Хуулийн илт тодорхой заалт гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгох тул Б.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчид хуулиар олгосон хүрээний дотор эрх, үүргээ хэрэгжүүлсэн ба холбогдох шүүгч Г.Цэрэндэжид, Ж.Мөнхдэлгэр, Г.Урангуа нар хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй байна.
Б.Б-ын нэхэмжлэлтэй ... даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар холбогдох шүүгч Г.Цэрэндэжид, Г.Урангуа, О.Батсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн 128/ШШ2025/... дугаар шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 281/МА2026/... дугаар магадлалаар, Улсын дээд шүүх 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2026/... дугаар хяналтын тогтоолоор хянан шийдвэрлэжээ.
Хэргийг хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрээ гаргахаар хуульд заасан байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан эсэхийг гагцхүү дээд шатны шүүх нь хянах, дүгнэлт өгөх эрхтэй ба ийнхүү шат шатны шүүхүүд шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах үүргээ хэрэгжүүлсэн байх ба дээрх шийдвэрүүдэд анхан шатны шүүх хэрэг маргааныг хянах үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчилд хамаарах үйлдэл гаргасан гэж дүгнэхүйц үндэслэл тусгагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.
Өргөдөлд дурдаж буй “хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй байхад гэрчийн мэдүүлэг авсан гэх” агуулгад холбогдуулан шүүгч Г.Цэрэндэжид холбогдох баримтыг хуулбарлаж хавсарган ирүүлсэн тайлбартаа “...Уг хэрэгт нэхэмжлэгчээс “2023, 2024 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд ... төгрөг гаргуулах тухай гаргасан нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Шүүхээс дээрх цалин хөлсийг олгосон эсэх, хэрхэн тооцож олгосон нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж тус газрын нягтлан бодогч Б.Э-с гэрчийн мэдүүлэг авхуулахаар дуудсан. Нэхэмжлэгч гэрчийн мэдүүлэг авхуулах ажиллагаанд оролцохоос татгалзсан” гэсэн нь үндэслэлтэй байх ба сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно /с.х-ийн хавтас-2, 105 дахь хэсэг/.
Нэхэмжлэгч Б.Б-с шүүхэд гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “гэрчээр Г.Д-г асуулгах” тухай хүсэлтийг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/2025/... дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар “нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан Г.Д-г гэрчээр асуулгах хүсэлт”-ийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба шийдвэрт “уг шүүх хуралдаанд Г.Д-д хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл олгогдсон” гэх үндэслэл дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10-т заасны баримталсан нь хуульд нийцсэн.
Нэхэмжлэгчийн “...Ж.Л, Э.Б, Э.Б, Г.О” нарыг гэрчээр асуулгах 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт гаргасны зарим хэсгийг хангаж, “...Ж.Л, Э.Б нараас гэрчийн мэдүүлэг авах”-аар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2025/... шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр авхуулах, гэрчүүдийг шүүх хуралдаан дээр давтан асуулгах тухай” хүсэлтдээ “Ж.Л-г асуулгах, Д.Д, Б.Э нарыг шүүх хуралдаанд дахин асуулгах” тухай гэсэн хүсэлт /с.х-ийн хавтас-5, 163-165 дахь тал/ гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Г.Цэрэндэжид, Г.Урангуа, О.Батсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШТ2025/... дугаар тогтоолоор /с.х-ийн хавтас-5, 168-171 дахь тал/ шийдвэрлэсэн байна.
Уг тогтоолд “... Ж.Л-с гэрчийн мэдүүлэг авхуулах тухай хүсэлтийг 128/ШЗ2025/... шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанд ирсэн байх тул түүний Цагдаагийн Ерөнхий газрын ... мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өгсөн мэдүүлгийг уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэнгүй..., ... Д.Д, Б.Э нарт хууль сануулж, гэрчийн авсан, ...иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгох..., ...гэрч Э.Б нь гадаад улсад зорчсон гэх шалтгаанаар шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй байна...” гэжээ.
Уг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт болох 20251104-093739.mp4 гэх нэршилтэй 25 минут 51 секундийн бичлэгийн 25:44 дэх хоромд Даргалагч “Хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдаан түр завсарлая” гэснээр шүүх хуралдаан түр завсарласан байна.
Шүүх хуралдааны дуу-дүрсний “20251104 105723.mp4” гэх нэршилтэй 34 минут 53 секундийн дуу-дүрсний бичлэгийн 00:02 дахь хормоос даргалагч шүүхийн тогтоолыг “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон, Нэг.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хоёр.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн эрх зүйн байдлыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв” гэж танилцуулан, шийдвэрийн үндэслэлийг тайлбарлажээ.
Бичлэгийн 01:28 дэх хоромд бүрэлдэхүүний шүүгч Г.Урангуа “Энэ дээр шүүхэд хөдөлбөргүй үнэн гэсэн нотолгооны баримт шүүхэд байх ёсгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт гэрчийн мэдүүлэг дангаараа үнэн бодитой туйлын үнэн зөв гэсэн нотолгооны хэрэгсэл бол биш. Шүүх талуудын тайлбар мэтгэлцээний үндсэн дээр холбогдох нотолгооны хэрэгслүүдийг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шийдвэр гаргах учраас энийг туйлын үнэн, эсвэл буруу гэхгүй. Хууль сануулаад гэрчийг асуучихсан учраас шүүх дахин тэр процессыг явуулах шаардлагагүй. Харин шүүх хуулийн дагуу дүгнэхэд энэ асуудал шийдэгдчихнэ” гэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэгчийн гаргасан “Ж.Л-с Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулж гэрчийн мэдүүлэг авах, Д.Д, Б.Э нараас дахин гэрчийн мэдүүлэг авах, Э.Б-с гэрчийн мэдүүлэг авах” гэх агуулгаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарсан байна.
Харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан “гэрч Ж.Л-с шүүхэд ирүүлсэн мэдээллийнх нь талаар гэрчийн мэдүүлэг” авхуулах агуулгын хүрээнд гэрч болон хэргийн оролцогчдоос тайлбар, мэдүүлэг авсан гэж үзэхээр байх ба шүүх хуралдааны тэмдэглэлээр баталгаажуулжээ.
Холбогдох шүүгч Г.Цэрэндэжидээс ирүүлсэн тайлбарт: “...нэхэмжлэгчээс "Ш" ӨЭМТ-н дарга Ж.Л-ийн Цагдаагийн ерөнхий газарт гаргасан мэдүүлгийг гаргуулахыг хүссэн бөгөөд тус иргэн нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр шүүх хуралдаанд өөрийн биеэр ирсэн /нэхэмжлэгчээс дээрх гэрчийг шүүх хуралдаанаар асуухыг хүссэн/ тул цагдаагийн ерөнхий газарт өгсөн мэдүүлгийг гаргуулах шаардлагагүй гэж үзэж, гэрчээс мэдүүлэг авсан...” гэж,
... 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хүсэлт шийдвэрлэсэн шүүхийн тогтоолын тухайд, нэхэмжлэгчээс гаргасан нэр бүхий иргэдээс Д.Д, Б Э нараас дахин гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Мөн гэрч Э Б нь гадаад улсад сурахаар явсан. Монгол улсад байхгүй нөхцөл үүссэн тул гэрчээр зайлшгүй асуух шаардлагагүй гэж үзсэн болно. Иймд 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 128/ШТ2025/... дугаартай шүүхийн тогтоолоор гэрч асуух шаардлагагүй гэж шийдвэрлэсэн асуудал нь шүүхэд гэрчээр хүрэлцэн ирсэн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Л-д хамааралтай шийдвэр биш юм.
Мөн шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа шүүхэд биечлэн ирсэн гэрчээс хууль сануулсны үндсэн дээр мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэн тэмдэглэлд тусган баталгаажуулсан билээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Б-ын зүгээс гэрч Ж.Л-с асуух асуултаа шүүх бүрэлдэхүүний өмнө асуух хүсэлтэй байгаа талаар илэрхийлж байсан, тус шүүх хуралдаанаар хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүхэд биечлэн ирсэн гэрчээс мэдүүлэг авахад татгалзах зүйл бий эсэхийг хэргийн оролцогч нараас тодруулж санал авсан ба уг ажиллагааг шүүх нотлох, процессын хэмнэлттэй байх зармын дагуу гүйцэтгэсэн. Ийнхүү гэрчийн мэдүүлэг авсан нь хэргийн оролцогч нарын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно” гэжээ.
Шүүх хуралдаан даргалагч хуульд заасан дэгийн дагуу хуралдааныг удирдсан байх ба хэргийг хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний шүүгч шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар хэргийн оролцогчдод тайлбарласан үйл баримтыг шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж дүгнэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж мөрдөн шалгах зарчмыг хуульчилсан.
Учир нь шүүх нотлох зарчим нь хэргийн нөхцөл байдлыг шүүх ганцаараа нээж илрүүлэх гэдэг утгаар бус харин хэргийн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоох үүднээс өөрийн санаачилгаар нотлох баримтыг цуглуулах, шаардлагатай бол уг ажиллагаанд хэргийн оролцогчдыг татан оролцуулах, цугларсан баримтыг үнэлэх зэргээр нотлох ажиллагааг удирдан явуулах, түүний үнэн зөв болохыг нь хариуцахыг хэлнэ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан гэрчээс асуулгах асуултын хүрээнд бус хэргийн үйл баримтыг тогтоохоор бусад асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан гэж үзэхээр байна.
Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулахаар шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхийн нотлох зарчмыг хэрэгжүүлж буй хэлбэр тул хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзвэл гэрч оролцуулах зэрэг ажиллагааг явуулах бүрэн эрхтэй.
Шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардагдах хангалттай бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтыг бүрдсэн байх нь үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой тул хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллагаа явуулсан шүүгчийн шийдвэрийг буруутгах, хөндлөнгөөс дүгнэх хууль зүйн боломжгүй.
Хуульд заасны дагуу захиргааны хэргийн шүүх мөрдөн шалгах зарчмын дагуу нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүрэгтэй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил”-д хамаарахгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааны дэг, шүүхийн шийдвэрийн талаар зохицуулсан байх бөгөөд мөн бүлгийн 106 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр гаргахаас, 105.1-д заасан шүүх хуралдаан завсарлахаас өмнө шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдоос нэмж асуух, гэрч асуух, бичиг баримтыг шинжлэн судлах зэрэг ажиллагааг хийхээр байна.
Дээрхийг нэгтгэвэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Г.Цэрэндэжид, Ж.Мөнхдэлгэр, Г.Урангуа нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Цэрэндэжид 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... 1. Нотлох баримт цуглуулах ажиллагаа нь ЗХШХШТХ-н 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх 1 дэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүд ирүүлсний дотор Төрийн албаны зөвлөлөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэн хийсэн ба нэхэмжлэгчээс 2023 онд байгууллагын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан учраас албан тушаалын тодорхойлолтууд шинэчлэн батлагдсан байх ёстой, “...2023 оны бүтцийн дараах ажлын байрны тодорхойлолт байх ёстой...” гэх тайлбар гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолтуудыг шинэчлэн баталсан эсэхийг тодруулахыг хүссэн.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба, тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01/6388 дугаар албан бичгээр ... Тамгын газрын ажилчдын албан тушаалын тодорхойлолтыг 2020 онд баталснаас хойш дахин шинэчлэн боловсруулсан, баталсан эсэх, энэ талаар тус газраас зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулсан болно. Уг албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 06/1800 дугаар албан бичгээр ... тамгын газрын ажилчдын албан тушаалын тодорхойлолт 2020 онд батлагдсанаас хойш 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дахин баталсан талаар тайлбар гаргаж, холбогдох баримтаар ирүүлсэн.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 2023 онд ... тамгын газрын даргын тушаалаар байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн тул албан тушаалын тодорхойлолт тухайн үед шинэчлэгдсэн байх ёстой гэж тайлбарладаг, улмаар шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулахад Төрийн албаны зөвлөлөөс ... тамгын газрын албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг 2020 оны 116, 2025 оны 193 дугаар тогтоолоор тус тус баталсан талаар баримт ирсэн.
Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.” гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг холбогдох байгууллагаас тодруулсан бөгөөд үүнийг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэхгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч хүсэлтээ албан тушаалын тодорхойлолтыг 2024 оны байдлаар гаргуулах гэж бичсэн, харин шүүхээс 2020 оноос хойш албан тушаалын тодорхойлолт баталсан эсэх гэх агуулгаар тодруулсан нь агуулгын хувьд ижил ба Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн дээрх баримтаар ... тамгын газрын ажилчдын албан тушаалын тодорхойлолт 2020 оноос хойш шинэчлэн батлагдаагүй бөгөөд 2025 онд шинэчлэн батлагдсан талаар тодорхойлсон буюу уг хэрэг маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой байна.
2. ЗХШХШТХуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.8 дахь хэсгийг зөрчсөн гэх 2 дахь үндэслэлийн тухайд:
Миний бие 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ээлжийн амралт авах хуваарьтай байсан ба 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс /сургалтад хамрагдах шаардлагатай болсон/ ажилдаа ороход нэхэмжлэгчээс 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг ерөнхий шүүгчид гаргасан талаар шүүгчийн туслахаас мэдсэн.
Улмаар тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ЕШ2025/... дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдсэн болно.
Ийнхүү тус хэрэгт хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт хэлэлцэх болон шүүх хуралдаан товлох асуудлаар 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, товыг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй удаан хугацаагаар дарсан гэх нөхцөл зүйл байхгүй болно.
3. Нотлох баримт цуглуулах ажиллагаа нь ЗХШХШТХ-н 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх 3 дахь үндэслэлийн тухайд:
Уг хэргийн тухайд хариуцагчаас “ ... Тамгын газрын дарга Д.Б нь референт Б.Б-д 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хэлтсийн дарга Г.Б-ээр дамжуулан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дүрэм болон түүнд сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 14 хоногийн дотор монгол хэл рүү орчуулах үүргийг өгсөн боловч биелэгдээгүй ...” гэх тайлбар гаргадаг, харин нэхэмжлэгчээс тус өдөр ажиллаагүй бөгөөд эмнэлгийн магадалгаатай байсан гэх тайлбар гаргасан болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 8 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “ ... эмнэлгийн магадалгаа нь 2024 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гэсэн огноотой байдаг ба тухайн өдөр нь бүтэн сайн өдөр юм ... иймд 2024 оны 2 дугаар сарын 4 өдөр тус эмнэлэг ажиллаж байсан эсэх, 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр тус эмнэлгээр үйлчлүүлсэн эсэхийг тодруулж өгнө ...” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан, нэхэмжлэгчээс дээрх хүсэлтэд холбогдуулан тухайлан тайлбар гаргаж маргаагүй.
Дээрх асуудал нь уг хэргийн маргааны үйл баримт, хэргийн оролцогч нарын тайлбар, татгалзлын үндэслэлд хамааралтай байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн зүгээс татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргасан болно. Иймд дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн ажиллагаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
4. Нотлох баримт гаргуулаагүй ЗХШХШТХуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн гэх 4 дэх үндэслэлийн тухайд:
Энэхүү тайлбарын өмнөх хэсэгт дурдсанчлан миний бие 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ээлжийн амралт авах хуваарьтай байсан ба 2025 оны 9 дүгээр сарын 15 өдөр /сургалтад хамрагдах шаардлагатай болсон/ ажилдаа орсон болно.
Нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан нотлох баримтыг гаргуулахаар ... Тамгын газарт 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01/6389 дугаартай албан бичиг хүргүүлж хариуг 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн.
Дээрх албан бичгийн хариуг тус газраас 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн ТГ-1/481 дүгээр албан бичгээр тайлбар гаргаж, баримтын хамт тус шүүхэд 2025 оны 9 дүгээр сарын 2-ны ирүүлсэн байна.
Иймд нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
5. Нотлох баримт гаргуулаагүй ЗХШХШТХуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн гэх 5 дахь үндэслэлийн тухайд:
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан нотлох баримтыг гаргуулахаар ... Тамгын газарт 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01/6389 дугаартай албан бичиг хүргүүлсэн хариуг 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн.
Дээрх албан бичгийн хариуг тус газраас 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн ТГ-1/481 дүгээр албан бичгээр тайлбар гаргаж, баримтын хамт тус шүүхэд 2025 оны 9 дүгээр сарын 2-ны ирүүлсэн байна.
Иймд нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Нотлох баримт цуглуулах ажиллагаа нь ЗХШХШТХ-н 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх 6 дахь үндэслэлийн тухайд:
Уг хэргийн маргаан бүхий актын үндэслэлд хариуцагчаас “ ... тооцоо нийлэх уулзалтад ирээгүй ...” гэх үндэслэлийг тайлбарладаг.
Мөн маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтэд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 128ШШ2023/... дугаар шүүхийн шийдвэрээр ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоож нөхөн олговор олгохоор тогтоосон боловч түүнийг биелүүлэхэд талууд хамтарч ажиллах, тооцоо нийлэх зайлшгүй шаардлагатай байсаар байтал 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Тамгын газрын дарга Д.Б, захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Д, ахлах нягтлан бодогч Б.Э, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Д нарыг уулзаж ярилцахаар дуудахад ирээгүй, тооцоо нийлэх уулзалтад оролцоогүй байна...” гэж дурдсан.
Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамаарах дээрх асуудлын хүрээнд 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 01/5787 дугаар албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан эсэх /уг цалин хөлсийг олгох талаар Б.Б-тай тооцоо нийлсэн эсэх/ талаар шүүхийн санаачилгаар тодруулсан болно.
Иймд дээрх нотлох баримт цуглуулахтай холбоотой ажиллагаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
7. Нотлох баримт гаргуулаагүй ЗХШХШТХуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн гэх 7 дахь үндэслэлийн тухайд:
Шүүгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 01/5787 дугаар албан бичгийн хариу шүүхээс тогтоосон хугацаанд ирсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй талаар тодруулах, улмаар шаардах талаар шүүгчийн туслах ажилтанд мэдэгдсэн.
Нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өмнөх шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулахыг хүссэн ба, 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан асуудлыг шүүхээс тодруулж байгаа тул түүний хариуг ирүүлсний дараа жич шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
ЗХШХШТХуулийн 32 дугаар зүйлийн 32.2. дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.”, 63 дугаар зүйлийн 63.1-63.3-т дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацааны дотор шүүгч тогтоож болно.” гэж зохицуулсан бөгөөд шүүхээс шаардсан баримтыг гаргуулах, хугацааr тогтоох, тогтоосон хугацаанд ирээгүй тохиолдолд тодруулах, түүнтэй холбоотой дахин хугацаа тогтоож шаардах эсэх нь шүүгчээс тогтоож болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад хугацаанд хамаарч байгааг дурдах нь зүйтэй.
Иймд хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
8. Нотлох баримт гаргуулаагүй ЗХШХШТХуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн гэх 8 дахь үндэслэлийн тухайд:
Ийнхүү 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж, нэхэмжлэгчээс гаргасан шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой болсон бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар нотлох баримт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, дээрх нотлох баримтыг дахин шаардсан ба тус газраас 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4-200/24690 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн болно.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З төлөөлөх эрхгүй, ЗХШХШТХуулийн 90.2 дахь хэсэгт заасныг зөрсөн гэх 9 дэх үндэслэлийн тухайд:
Тус захиргааны хэрэгт өмнө ... даргын 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар Г.Д, С.Г нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна.
Үүний дараа хариуцагчаас 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар А.З-д хариуцагчийг төлөөлөх эрх олгосон байна.
ЗХШХШТХуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт “Захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөх бөгөөд энэ хуулийн 27.7 дахь хэсэг хамаарахгүй.”, 27.4.3.-т “хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх”, гэж, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.” гэж зохицуулсан бөгөөд хариуцагч ... даргын шийдвэрээр А.З- тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон нь хуулийн дээрх заалтад нийцнэ гэж үзсэн болно.
Мөн шүүхэд захиргааны байгууллага, албан тушаалтнаас олгох итгэмжлэлийн тухайд нотариатаар гэрчлүүлсэн байхыг тухайлан шаарддаггүй.
Иймд хариуцагчийн төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой гэж үзсэн болно.
10. Хамтран хариуцагчаас тайлбар аваагүй ЗХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.2 дахь хэсэгт заасныг зөрсөн гэх 10 дахь үндэслэлийн тухайд:
Тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан маргаан бүхий дүгнэлтийг гаргасан ажлын хэсгийг хамтран хариуцагчаар татсан.
Улмаар 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж, тус хэрэгт 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой болсон.
Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуy итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан ... даргаас 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр А/39 дүгээр захирамжаар хариуцагч ... дарга, тус газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Д, А.З нарыг томилсон талаар итгэмжлэл ирүүлсэн нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Мөн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч ... дарга, ажлын хэсгийн гишүүн Л.М, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д бичгээр тайлбар ирүүлсэн байна.
Тус ажлын хэсгийн гишүүнээр ажилласан Н.С 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн болно.
Иймд хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
11. ЗХШХШТХуульд заасан хугацаа дууссан байхад хэргийг шийдвэрлээгүй гэх 11 дэх үндэслэлийн тухайд:
Тус хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 128/3T2025/0796 дугаар тогтоолоор уг хэргийг хугацааг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 30 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн. Улмаар тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 15 хоногоор сунгах боломжтой байсан.
Шүүгч Г.Цэрэндэжид тус хэргийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нотлох баримтыг цуглуулж, уг хэрэгт шүүх хуралдаан товлох болон бусад хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Тус урьдчилсан хэлэлцүүлгээр уг хэрэгт нэмэлт нотлох баримт цуглуулахаар шийдвэрлэсэн тул шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлгийг жич зарлах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гарсныг шүүх хянаад, 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/Ш32025/... дугаартай захирамжаар тус шаардлагын зарим хэсгийг хүлээн авч, үлдсэнийг хүлээн авахаас татгалзаж, хамтран хариуцагч татахаар шийдвэрлэсэн.
Улмаар 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа орсон ба, нэхэмжлэгчээс 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасан, уг хүсэлтийг ерөнхий шүүгч 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба, 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлон зарласан.
Иймд дээрх хуульд заасан хугацаанд хэргийг шийдвэрлээгүй нь шүүгчээс шалтгаалсан зүйлгүй болно.
12. ... даргын 2024 оны 7 дугаар сарын 1- ний өдрийн 17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрсөн гэх 12 дахь үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “... даргын 2024 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасныг шүүх 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/Ш32025/... дугаар захирамжийн 3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар тус захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтыг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар дурдсан.
Энэхүү шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчид 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан, нэхэмжлэгч Б.Б дээрх захирамжид холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
13. Үзлэг хийх нь ЗХШХШТХуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг зөрсөн гэх 13 дахь үндэслэлийн тухайд:
Уг хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгч Б.Б-д 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Ёслол, гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ээр дамжуулан үүрэг даалгавар өгсөн, тухайн үүрэг даалгаврыг өгсөн талаар Г.Б дэвтэртээ тэмдэглэсэн...” гэх тайлбар ирүүлдэг.
Тус шүүхийн шүүгчийн ... дугаартай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан Б.Б-д өгсөн үүрэг даалгаврыг тэмдэглэсэн гэх дэвтэрт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Дээрх захирамжийн дагуу үзлэг хийх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч нэхэмжлэгч оролцохоос татгалзсан.
Иймд дээрх баримтад үзлэг хийх нь уг хэргийн маргааны үйл баримт, хэргийн оролцогч нарын тайлбар, татгалзлын үндэслэлд хамааралтай гэж үзсэн болно.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Д, А.З нарыг оролцуулсан нь ЗХШХШТХуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь заалтыг зөрсөн гэх 14 дэх үндэслэлийн тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.”, 6.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.”, ЗХШХШТХуулийн 27 дугаар зүйлийн 27.2. дахь хэсэгт “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.” гэж зааснаар хариуцагч ... дарга 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар Г.Д, А.З нарт итгэмжлэл олгосон байна.
Шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх А/39 дүгээр захирамжаар ирүүлсэн итгэмжлэлтэй танилцсан, төлөөлөх бүрэн эрхийг шалгаж, тодруулсны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
15. Н.С-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн гэх 15 дахь үндэслэлийн тухайд:
Хариуцагч ... дарга 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж, үүнд ажлын хэсгийн ахлагчаар Тамгын газрын дэд дарга бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга Г.Д, Мэдээлэл, технологийн газрын дарга Н.С, хууль зүйн газрын зөвлөх Л.М нарыг томилсон байна.
Тус Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан Мэдээлэл, технологийн газрын дарга Н.С нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байна.
Шүүхээс ажлын хэсгийг хамтран хариуцагчаар татсан ба уг ажлын хэсэг нь байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхээр байгуулагдсан, ажлын хэсгийг ... дарга байгуулсан бөгөөд тус ажлын хэсэгт ажилласан албан хаагч тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх тул Н.С-г иргэний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл, Н.С нь уг хэрэг маргааны хувьд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан гэж үзэх боломжгүй болсон, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн этгээд байна.
Иймд дээрх үндэслэлээр Н.С-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзээгүй.
16. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийг өөрчилж, зохиож бичсэн гэх 16 дахь үндэслэлийн тухайд:
ЗХШХШТХуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ... үйлдэнэ.”, 70 дугаар зүйлийн 70.9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн тэмдэглэлтэй хэргийн оролцогч танилцаж болно.”, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдаан явуулах бэлтгэлийг хангаж, шүүх хуралдааны ирцийг бүртгэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр танилцуулан, шүүгчээр баталгаажуулан хэргийн баримтад хавсаргах, шаардлагатай бусад ажиллагааг хийж гүйцэтгэнэ.” гэж заасан.
Шүүгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийг өөрчилж, зохиож бичих боломжгүй, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлдөг болно.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд засвар оруулах талаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дуу хураагуурт бичигдсэн хэсгийг тулгаж, түүнд бичигдсэн хэлбэрээр тодруулж холбогдох засварыг оруулахаар шийдвэрлэсэн байна. Иймд шүүгчийн тухайд тэмдэглэлийг өөрчилж, зохиож бичсэн зүйлгүй болно.
17. Шүүх хуралдааныг товлон зарлах нөхцөл бүрдээгүй байхад шүүх хуралдаан товлосон гэх 17 дахь үндэслэлийн тухайд:
ЗХШХШТХуулийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ." гэж зохицуулсан ба шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан үндэслэлээр шүүх хуралдааныг товлон зарласан байна.
Н.С-ын тухайд уг тайлбарын 15 дугаарт тайлбар гаргасан тайлбараа дэмжиж байгаа болно.
18. Б.Э-с гэрчийн мэдүүлэг авсан нь хууль зөрсөн гэх 18 дахь үндэслэлийн тухайд:
3ХШХШТХуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж тус тус заасан.
Уг хэрэгт нэхэмжлэгчээс “2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 3.108.105 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,276,676 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.
Шүүхээс дээрх цалин хөлсийг олгосон эсэх, хэрхэн тооцож олгосон нь уг хэрийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж тус газрын нягтлан бодогч Б.Э-с гэрчийн мэдүүлэг авхуулахаар дуудсан. Нэхэмжлэгч гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд оролцохоос татгалзсан болно.
19. Ёслол, гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ний албан тушаалын тодорхойлолтыг гаргуулаагүй гэх 19 дэх үндэслэлийн тухайд:
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Г.Б-ний албан тушаалын тодорхойлолтыг гаргуулахаар ... Тамгын газарт 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/7752 дугаар албан бичиг хүргүүлсэн, тус газраас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ТГ-1/590 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн. Тодруулбал, ... Тамгын газрын төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг ... дарга 2020 оны 51, 2025 оны А/27 дугаар захирамжаар баталсан ... 2025 он хүртэл албан тушаалын тодорхойлолт шинэчлээгүй ...” гэх тайлбар гаргасан.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан баримтыг шаардсан, хариуцагчаас тус асуудлаар тайлбар гаргаж, холбогдох баримтыг ирүүлсэн болно.
Иймд дээрх тайлбарыг үндэслэн иргэн Б.Б-с гаргасан өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.39-т заасан зөрчилд хамааралгүй гэж үзэж байна.
Тодруулбал, дээр хуулийн 50.1.1.-д "албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасан хориглох заалтыг зөрчсөн зүйлгүй болно.
Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8 дахь хэсэгт “Шүүгч энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгээс гадна энэ хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн Ерөнхий зөвлөлд ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх үүрэгтэй.”, 50 дугаар зүйлийн 50.1.39.-т “энэ хуулийн 45.8-д заасан үүргээ биелүүлээгүй” гэж заасан бөгөөд шүүгчийн тухайд дээрх хуульд зааснаар этгээдтэй уулзсан харилцсан тохиолдол байхгүй. Иймд дээр хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолоор “...
“Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно.
Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол “илт тодорхой” гэж үзэхгүй. Мөн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай бол хамаарахгүй.
Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй.
“Ноцтой зөрчих” гэдгийг: 6.Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
“Үйлдэл” гэдгийг шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсэн, хүлээсэн үүргээ зөрчсөн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг ойлгоно.
"Эс үйлдэхүй” гэдэгт шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүй, тодорхой үйл ажиллагаа явуулахаас татгалзах, шийдвэр гаргахгүй орхигдуулахыг ойлгоно гэж тайлбарлажээ.
Иймд шүүгч Г.Цэрэндэжид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн “илт тодорхой” буюу хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц заалтыг ноцтой болон удаа дараа зөрсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй билээ.
Дээрх тайлбарт холбогдох шаардлагатай бусад баримтыг гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалган тодруулах боломжтой. Иймд тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Цэрэндэжид 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... 1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9, 50.1.18, 50.1.23, 50.1.35-т заасныг зөрсөн гэх үндэслэлийн тухайд:
Иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй, ... даргад холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/... дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1. дэх хэсэг Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 121.1.4.-т "шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах", 121.3. дахь хэсэг Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараах үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана: 121.3.4.-Т "шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон" гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба шүүгч Г.Цэрэндэжид надад хуваарилагдсан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа"... 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах ..."-аар ихэсгэсэн ба уг шаардлагад холбогдуулан шүүхээс тус ажлын хэсгийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн.
Хариуцагч ... даргаас 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар ажлын хэсгийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ... Тамгын газрын дэд дарга бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга Г.Д, А.З нарыг оролцуулахаар итгэмжлэл ирүүлсэн.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь тус ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан бөгөөд тус хэрэгт ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцож байсан.
Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон ба хариуцагч ... даргаас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/51 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-г хассан өөрчлөлт бүхий захирамж ирүүлсэн, шүүх хуралдаанд 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З оролцохоор байгаа талаар шүүгчийн туслах М.Б-с 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр шүүгчид танилцуулсан.
Улмаар шүүгчийн зүгээс шүүгчийн туслах М.Б-т "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн зохицуулалтыг тайлбарлан, уг хэргийн тухайд, хариуцагчаар татагдсан Ажлын хэсэг татан буугдсан /чиг үүргээ хэрэгжүүлж дууссан/ эсэхийг тодруулах, хэрэв ажлын хэсэг татан буугдаагүй /чиг үүргээ хэрэгжүүлж дуусаагүй гэж үзвэл/ хариуцагч ажлын хэсгийг (ажлын хэсгийн гишүүд болон ахлагч Г.Д)-ийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хариуцагчтай холбогдож шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн.
Шүүгчийн зүгээс ямарваа байдлаар хэргийн нөгөө талтай уулзаж харилцаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар шүүгчийн туслах ажилтанд үүрэг, чиглэл өгсөн билээ.
Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн туслах нь шүүгчийн даалгаснаар хэргийн оролцогч нартай харилцдаг, энэ нь шүүгчийн туслахын албан тушаалын чиг үүрэгт хамаардаг болно.
Жишээ нь: Шүүгчийн туслахаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлыг хэргийг оролцогч нараас тодруулах, шүүхэд гаргасан итгэмжлэл, түүнийг хуулийн шаардлага хангуулах талаар мэдэгдэх, хэргийн оролцогч нарыг шүүхэд дуудах, шүүх хуралдааны тов мэдэгдэх, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах зэргээр ажилладаг.
Энэ хэргийн тухайд, шүүгчийн зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах хүрээнд /өмнөх өдөр/ хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулж ажиллах талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн болно.
Улмаар шүүгчийн туслахаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хамтран хариуцагчаар татагдсан ажлын хэсэг /гишүүдийг/ шүүх хуралдаанд оролцуулах талаар мэдэгдсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9.-Д "өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх", 50.1.18-д заасан шүүгч "хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах" гэх нөхцөлд хамааралгүй байна.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт "Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: ...", 5.2. дахь хэсэгт "Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.",
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.", 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах,... үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.", 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт "Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.", 26.2. дахь хэсэгт "Захиргааны байгууллагын эрх залгамжлах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна." гэж,
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1. дэх хэсэгт "Шүүгч туслахтай байх бөгөөд шүүгчийн туслах эрх зүйч мэргэжилтэй байна.", 89.3. дахь хэсэг Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 89.3.1.-д "шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах", 89.3.2,-т "хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх", 89.3.7-д "шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох" гэж заасан.
Мөн Шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолтод 2 дугаар зорилтын хүрээнд: 1.Шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг хянаж, шүүгчид танилцуулах, 2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийн материалыг танилцуулж, шаардлагатай бүрдүүлбэрийг хангуулан, шүүгчид танилцуулан ...", 4 дүгээр зорилтын хүрээнд 5.Хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцоход бэлэн байлгах ... гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35.-Д "шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх" гэж заасан хориглох заалтад хамааралгүй гэж үзэж байна.
Түүнчлэн тус өргөдөлд дурдсан мессежийг шүүгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү бичих талаар шүүгчийн туслахад үүрэг даалгавар өгөөгүй, ямар агуулга бүхий мессеж бичсэн талаар шүүгчийн хувьд мэдээгүй ба хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүгчийн туслахад үүрэг чиглэл өгсөн энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д "өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх", 50.1.18-д заасан шүүгч "хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах", 50.1.35-д "шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх" хориглосон заалтад хамааралгүй болно.
Өргөдөлд дурдсан бусад үндэслэлийн тухайд, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад холбогдуулан маргаан бүхий дүгнэлтийг гаргасан ажлын хэсгийг хамтран хариуцагчаар татсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус ажлын хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэгт зааснаар байнгын бус буюу нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж улмаар дүгнэлт гаргасан байх тул түүний эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн. Улмаар тус ажлын хэсэг чиг үүргээ хэрэгжүүлж дууссан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар ажлын хэсгийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцахаар зохицуулсны дагуу ... даргыг ажлын хэсгийн эрх залгамжлагчаар тогтоосон болно.
Мөн нэхэмжлэгчээс "Ш" ӨЭМТ-н дарга Ж.Л-ийн Цагдаагийн ерөнхий газарт гаргасан мэдүүлгийг гаргуулахыг хүссэн бөгөөд тус иргэн нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр шүүх хуралдаанд өөрийн биеэр ирсэн /нэхэмжлэгчээс дээрх гэрчийг шүүх хуралдаанаар асуухыг хүссэн/ тул цагдаагийн ерөнхий газарт өгсөн мэдүүлгийг гаргуулах шаардлагагүй гэж үзэж, гэрчээс мэдүүлэг авсан. Уг ажиллагаатай холбоотой хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан зүйл байхгүй билээ.
Мөн шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ... Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ний албан тушаалын тодорхойлолтыг хариуцагчаас удаа дараа шаардсан, дээрх албан тушаалын тодорхойлолт /Г.Б-ний гэх/ батлагдаж гаргаагүй, байхгүй талаар хариуцагчаас тайлбар, баримтыг ирүүлж байсан.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 42 дугаар зүйлийн 42.4, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлж, даргалагч шүүгч албажуулсан. Үүний дараа нэхэмжлэгч Б.Б-с гаргасан шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлт гаргасны дагуу тус хүсэлтэд дурдсан хэсгүүдийг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн хэлбэрээр тусгахаар шийдвэрлэсэн.
Шүүгчийн тухайд хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй болно.
Энэхүү тайлбарт холбогдох шаардлагатай баримтыг гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалган тодруулах боломжтой. Иймд тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Цэрэндэжид 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... 1 Гар утасны мессежний тухайд гэх үндэслэлийн талаар:
Иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй, ... даргад холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/... дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1. дэх хэсэг Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 121.1.4.-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3. дахь хэсэг Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараах үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана: 121.3.4.-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба шүүгч Г.Цэрэндэжид надад хуваарилагдсан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах...” -аар ихэсгэсэн ба уг шаардлагад холбогдуулан шүүхээс тус ажлын хэсгийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн.
Хариуцагч ... даргаас 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар ажлын хэсгийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ... Тамгын газрын дэд дарга бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга Г.Д, А.З нарыг оролцуулахаар итгэмжлэл ирүүлсэн.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь тус ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан бөгөөд тус хэрэгт ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцож байсан.
Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 4- ний өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон ба хариуцагч ... даргаас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/51 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-г хассан өөрчлөлт бүхий захирамж ирүүлсэн, шүүх хуралдаанд 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З оролцохоор байгаа талаар шүүгчийн туслах М.Б-с 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр шүүгчид танилцуулсан.
Улмаар шүүгчийн зүгээс шүүгчийн туслах М.Б-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн зохицуулалтыг тайлбарлан, уг хэргийн тухайд, хариуцагчаар татагдсан Ажлын хэсэг татан буугдсан /чиг үүргээ хэрэгжүүлж дууссан/ эсэхийг тодруулах, хэрэв ажлын хэсэг татан буугдаагүй /чиг үүргээ хэрэгжүүлж дуусаагүй гэж үзвэл/ хариуцагч ажлын хэсгийг (ажлын хэсгийн гишүүд болон ахлагч Г.Д)-ийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хариуцагчтай холбогдож шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн.
Шүүгчийн зүгээс ямарваа байдлаар хэргийн нөгөө талтай уулзаж харилцаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар шүүгчийн туслах ажилтанд үүрэг, чиглэл өгсөн билээ.
Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн туслах нь шүүгчийн даалгаснаар хэргийн оролцогч нартай харилцдаг, энэ нь шүүгчийн туслахын албан тушаалын чиг үүрэгт хамаардаг болно. Жишээ нь: Шүүгчийн туслахаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлыг хэргийг оролцогч нараас тодруулах, шүүхэд гаргасан итгэмжлэл, түүнийг хуулийн шаардлага хангуулах талаар мэдэгдэх, хэргийн оролцогч нарыг шүүхэд дуудах, шүүх хуралдааны тов мэдэгдэх, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах зэргээр ажилладаг.
Энэ хэргийн тухайд, шүүгчийн зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах хүрээнд /өмнөх өдөр/ хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулж ажиллах талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн болно.
Улмаар шүүгчийн туслахаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хамтран хариуцагчаар татагдсан ажлын хэсэг /гишүүдийг шүүх хуралдаанд оролцуулах талаар мэдэгдсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9.-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх”, 50.1.18-д заасан шүүгч “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэх нөхцөлд хамааралгүй байна.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: ...”, 5.2. дахь хэсэгт “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.”,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, ... үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.”, 26.2. дахь хэсэгт “Захиргааны байгууллагын эрх залгамжлах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.” гэж,
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1. дэх хэсэгт “Шүүгч туслахтай байх бөгөөд шүүгчийн туслах эрх зүйч мэргэжилтэй байна.”, 89.3. дахь хэсэг Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 89.3.1.-д “шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах”, 89.3.2.-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх”, 89.3.7.-д “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох” гэж заасан.
Мөн Шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолтод 2 дугаар зорилтын хүрээнд 1. Шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг хянаж, шүүгчид танилцуулах, 2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийн материалыг танилцуулж, шаардлагатай бүрдүүлбэрийг хангуулан, шүүгчид танилцуулан ...”, 4 дүгээр зорилтын хүрээнд 5.Хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцоход бэлэн байлгах ... гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35.-д “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” гэж заасан хориглох заалтад хамааралгүй гэж үзэж байна.
Түүнчлэн тус өргөдөлд дурдсан мессежийг шүүгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү бичих талаар шүүгчийн туслахад үүрэг даалгавар өгөөгүй, ямар агуулга бүхий мессеж бичсэн талаар шүүгчийн хувьд мэдээгүй ба хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүгчийн туслахад үүрэг чиглэл өгсөн энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9.-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх”, 50.1.18-д заасан шүүгч “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”, 50.1.35-д “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” хориглосон заалтад хамааралгүй болно.
Жич: Дээрх асуудлаар мөн тус хороонд өргөдөл гаргасны дагуу гишүүн Б.Сугарын сахилгын хэрэг үүсгэх захирамжийн дагуу тайлбар, холбогдох баримтыг хавсарган хүргүүлсэн тул тухайн баримтыг уг хэрэгт гаргуулах хүсэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад холбогдуулан маргаан бүхий дүгнэлтийг гаргасан ажлын хэсгийг хамтран хариуцагчаар татсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус ажлын хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэгт зааснаар байнгын бус буюу нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж улмаар дүгнэлт гаргасан байх тул түүний эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.
Улмаар тус ажлын хэсэг чиг үүргээ хэрэгжүүлж дууссан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар ажлын хэсгийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцахаар зохицуулсны дагуу ... даргыг ажлын хэсгийн эрх залгамжлагчаар тогтоосон болно.
Дээрх ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд бүрэн зохицуулагдсан /ЗХШХШТХ-н 24, 26/ болно.
Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23.-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” заасан зөрчилд хамааралгүй гэж үзэж байна.
1.2. Хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлээгүй гэх талаар:
2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүнд тус шүүхийн шүүгч Г.Урангуа, О.Батсүх нарын хамтаар орсон болно.
Уг хэрэгт нэхэмжлэгчээс “Ш” ӨЭМТ-н дарга Ж.Л-ийн Цагдаагийн ерөнхий газарт гаргасан мэдүүлгийг гаргуулахыг хүссэн бөгөөд тус иргэн нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр шүүх хуралдаанд өөрийн биеэр ирсэн /нэхэмжлэгчээс дээрх гэрчийг шүүх хуралдаанаар асуухыг хүссэн/ тул цагдаагийн ерөнхий газарт өгсөн мэдүүлгийг гаргуулах шаардлагагүй гэж үзэж, гэрчээс мэдүүлэг авсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, 56 дугаар зүйлийн 56.1.3.-т “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах”, 100 дугаар зүйлийн 100.6. дахь хэсэгт “Шүүгч гэрчээс мэдүүлгийг урьдчилан авах, эсхүл давтан асууж болно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд шүүх бүрэлдэхүүний шүүгч Г.Урангуа нь хэргийн оролцогч нараас хэргийн нөхцөл байдлыг тодруулах, гэрчээс мэдүүлгийг тодруулж асуулт асуусан.
Иймд дээрх нөхцөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20.-т “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” зөрчилд хамаарахгүй болно.
Жич: Мөн уг асуудлыг хүрээнд тус хороонд шүүгч Г.Урангуа тухайлан тайлбар гаргасан болно.
1.3. Өөрийн гаргасан 128/Ш32025/... захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа гэх талаар
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ... Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ний албан тушаалын тодорхойлолтыг хариуцагчаас удаа дараа шаардсан, дээрх албан тушаалын тодорхойлолт /Г.Б-ний гэх/ батлагдаж гаргаагүй, байхгүй талаар хариуцагчаас тайлбар, баримтыг ирүүлсэн.
Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23.-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” заасан зөрчилд хамааралгүй гэж үзэж байна.
Жич: Дээрх үндэслэлд холбогдох тайлбар, баримтыг мөн тус хорооны гишүүн Б.Сугарын сахилгын хэрэг үүсгэх захирамжийн дагуу тайлбар баримтыг хүргүүлсэн болно.
1.4. Хариуцагч Д.Б-г итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-тай хамт шүүх хуралдаанд оролцуулсан гэх талаар:
Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.4. дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.”, 27 дугаар зүйлийн 27.7. дахь хэсэгт “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.”, 27.8. дахь хэсэгт “Захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөх бөгөөд энэ хуулийн 27.7 дахь хэсэг хамаарахгүй.” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалт болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, мөн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт оролцох эрхийг хязгаарлаагүй болно.
Иймд шүүх хуралдаанд хариуцагчийг түүний төлөөлөгчийн хамт оролцуулахыг хуулиар хориглоогүй, ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой тул дээрх үндэслэлээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23.-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” заасан зөрчилд хамааралгүй гэж үзэж байна.
Шүүгчийн тухайд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.20, 50.1.23, 50.1.35-т заасныг зөрсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй болно.
Энэхүү тайлбарт холбогдох шаардлагатай баримтыг гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаар цуглуулж өгнө үү. Иймд тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Цэрэндэжид 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1. дэх хэсэгт “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдаан явуулах бэлтгэлийг хангаж, шүүх хуралдааны ирцийг бүртгэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр танилцуулан, шүүгчээр баталгаажуулан хэргийн баримтад хавсаргах, шаардлагатай бусад ажиллагааг хийж гүйцэтгэнэ.”, 88 дугаар зүйлийн 88.1. дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ.”, 88.3. дахь хэсэгт “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.”, 88.4. дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно. Тэмдэглэлтэй холбогдон гарсан саналыг шүүгч шийдвэрлэнэ.”, 88.5. дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлж, бэлэн болгох үүрэгтэй.
Тодруулбал, шүүх хуралдааны явцад тэмдэглэл хөтөлж буй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь дээрх хуульд зааснаар шүүх хуралдааны явц, хэргийн оролцогч нарын тайлбар, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, агуулгыг ойлгомжтой бичих зохицуулалттай, шүүгчийн тухайд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас бэлэн болгосон тэмдэглэлийн үг үсэг, утга найруулгыг хянаж баталгаажуулдаг.
Өөрөөр хэлбэл, шүүгч шүүх хуралдааны тэмдэглэлийн үг үсэг бүрийг шүүх хуралдааны бичлэгтэй нэг бүрчлэн (үг үсэггүй) тулган сонсож албажуулахаар зохицуулаагүй болно.
Түүнчлэн тус хуулийн 88 дугаар зүйлийн 88.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, холбогдох засвар оруулах хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой, уг ажиллагаа нь процессын хуулиар тусгайлан зохицуулагдсан байдаг.
Иймд шүүгчийн зүгээс шүүх хуралдааны тэмдэглэлд санаатайгаар өөрчлөлт оруулсан, хассан зүйлгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй тул тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Цэрэндэжид 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... тогтоолын үндэслэх хэсгийн 1 дүгээр хэсэгт дурдсан шүүгч Г.Цэрэндэжид, Ж.Мөнхдэлгэр нарт холбогдох өргөдөлд холбогдох асуудлын хүрээнд өмнө нь тухай бүр дэлгэрэнгүй тайлбар гаргасан билээ.
Захиргааны хэргийн шүүхийн тухайд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, татгалзлын үндэслэлтэй холбоотой, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хэргийн оролцогч нарын хүсэлт болон өөрийн санаачилгаар цуглуулдаг онцлогтой.
Өргөдөл гаргагч Б.Б-ын өргөдөлд дурдсан асуудлууд нь бүхэлдээ тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах шүүгчийн бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн ажиллагаанууд юм.
Тодруулбал, уг хэргийн хувьд хэргийн нөхцөл байдлыг тодруулах, нэмэлт нотлох баримт цуглуулах үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчийн хувьд маргаан бүхий захиргааны актын үндэслэл тус бүрд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулах ,шаардлагатай байсан. Улмаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, хэргийг шийдвэрлэсэн. Тус хэргийн маргааны үйл баримтад холбогдуулан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах, хяналтын шатны шүүхээс үндэслэл бүхий байгаа талаар дурдсан болохыг тэмдэглэе.
Дээрх тогтоолын үндэслэх хэсгийн 2дугаарт дурдсан шүүгч Г.Цэрэндэжид, Г.Урангуа нарт холбогдох) шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх асуудлын тухайд:
Тус хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, -Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай' шүүхийн тогтоол гаргасан ба шүүхийн тогтоолын үндэслэлийг хэргийн оролцогч нарт танилцуулахаас өмнө даргалагчийн зүгээс бүрэлдэхүүний шүүгч нарт тогтоолын үндэслэлд нэмэлт тайлбар хийх зөвшөөрөл олгосон. Улмаар энэ хүрээнд шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Г.Урангуа тогтоолын үндэслэлд холбогдуулан нэмэлт тайлбар хийсэн билээ
Мөн дээрх сахилгын хорооны тогтоолд “... шүүхийн тогтоолоор гэрч асуух шаардлагагүй гэж шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн нь нэхэмжлэгч, хариуцагч болон гэрчээс тодруулах асуулт асууж, 30 орчим минут хэлэлцүүлэг явуулсан .." /21 дэх тал/ гэж дурдсан асуудлын тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б-с нэр бүхий өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудаас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан ба шүүхээс өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Л эмнэлгийн магадлагаа олгосон эмч Э Б нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хүсэлт шийдвэрлэсэн шүүхийн тогтоолын тухайд, нэхэмжлэгчээс гаргасан нэр бүхий иргэдээс Д.Д, Б Э нараас дахин гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Мөн гэрч Э Б нь гадаад улсад сурахаар явсан. Монгол улсад байхгүй нөхцөл үүссэн тул гэрчээр зайлшгүй асуух шаардлагагүй гэж үзсэн болно
Иймд 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 128/ШТ2025/... дугаартай шүүхийн тогтоолоор гэрч асуух шаардлагагүй гэж шийдвэрлэсэн асуудал нь шүүхэд гэрчээр хүрэлцэн ирсэн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж Л-д хамааралтай шийдвэр биш юм.
Мөн шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа шүүхэд биечлэн ирсэн гэрчээс хууль сануулсны үндсэн дээр мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэн тэмдэглэлд тусган баталгаажуулсан билээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Б-ын зүгээс гэрч Ж.Л-с асуух асуултаа шүүх бүрэлдэхүүний өмнө асуух хүсэлтэй байгаа талаар илэрхийлж байсан, тус шүүх хуралдаанаар хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүхэд биечлэн ирсэн гэрчээс мэдүүлэг авахад татгалзах зүйл бий эсэхийг хэргийн оролцогч нараас тодруулж санал авсан ба уг ажиллагааг шүүх нотлох, процессын хэмнэлттэй байх зармын дагуу гүйцэтгэсэн. Ийнхүү гэрчийн мэдүүлэг авсан нь хэргийн оролцогч нарын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно” гэжээ.
Холбогдох шүүгч Ж.Мөнхдэлгэр 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Шүүгч Ж.Мөнхдэлгэр надад тус хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаар захирамжаар Б.Б-ын өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэсэн байна. Уг өргөдөлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна.
Хэргийн тухай тодруулбал, тус шүүхийн ээлжийн амралт авах хуваарийн дагуу шүүгч Г.Цэрэндэжид нь зөвлөгөөнд хүсэлт гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 969 дүгээр тогтоолоор 2025.08.25-2025.09.17 өдрийг хүртэл ээлжийн амралт авч хэрэг нэхэмжлэл нь журмын дагуу шүүгч Ж.Мөнхдэлгэр надад шилжиж ирсэн.
Улмаар шүүгч Г.Цэрэндэжид шүүгчийн хүсэлтийг тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1058 дугаар тогтоолоор хүлээн авч, ээлжийн амралт дуусах хугацаанаас 3 хоногийн өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэрэг нэхэмжлэлийг буцаан шилжүүлэн өгсөн байна.
Тус шүүгчийг ээлжийн амралттай байх 2025.08.25-ны өдрөөс 2025.09.15-ны өдрийн хооронд Б.Б-ын нэхэмжлэлтэй, ... даргад холбогдох захиргааны хэрэгт миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
1. Б.Б-ын “...нэхэмжлэгч би 2025.09.03-ны өдөр дахин хүсэлт гаргаж ... Тамгын газрын дээрх 2021 болон 2023 оны бүтцийн өөрчлөлтүүд хуульд нийцсэн эсэх, дээрх бүтцүүдийн дагуу шинэ албан тушаалд ажиллаж эхэлсэн Г.Д, Н.С, Л.М нарын (ажлын хэсгийн бүрэлдэхүүн) шинээр бий болсон албан тушаалуудын тодорхойлолтууд болон нэхэмжлэгч миний дээд шатны албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан Г.Б-ний албан тушаалын тодорхойлолт батлагдсан эсэхийг тодруулах хүсэлт гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй зөрчлийн тухайд.
Шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлаж, уг хуралдаанд талууд хүсэлтээ гаргаж, уг урьдчилсан хэлэлцүүлгээр талуудын хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг Нэхэмжлэгчээс 2024.09.03 өдрийн 17:20 минутад “Нотлох баримт гаргуулах” хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.” 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус зааснаар тухайн баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар материалтай /6 хавтас хэрэг/, бүрэн танилцаж хүсэлтийг шийдвэрлэхээр судалж байх явцад буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүгчийн сургалттай холбогдуулан шүүгч Г.Цэрэндэжид хугацаанаасаа өмнө ажилдаа орсноор хэргийг буцаан шилжүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.8-д зааснаар хүсэлтийг шийдвэрлэх ёстой гэж өргөдөл гаргасан бөгөөд уг зохицуулалтаар урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэж болох боломжтой асуудлын хүрээг тодорхойлсон зохицуулалт юм. Хүсэлт болгоныг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхээр заагаагүй бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр оруулж шийдэх эсэх нь хэргийн нөхцөл байдал болон ач холбогдолтой эсэхээс хамаарч шүүх шийдвэрлэх асуудал байна.
2. “Ш” ӨЭМТ-д илгээсэн албан бичгийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар шүүхээс нотлох баримт гаргуулахаар гаргасан хүсэлт болон захирамжаар тухайн нөхцөл байдлыг тодруулахаар хангасан хүсэлтийн дагуу албан бичиг явуулахдаа хэрхэн тодорхойлж шаардан гаргуулж авах нь шүүхийн нотлох баримт цуглуулах эрх хэмжээнд хамаарна. Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүднээс албан бичигтээ уг асуудлыг тодруулан тодорхойлж гаргуулахаар шаардсан нь захирамжийн агуулга, зорилгыг өөрчилсөн гэж үзэхгүй, шаардлагатай тохиолдолд нэмж тодруулах асуудлыг тодруулах эрх нь шүүгчид байна. Энэ нь хуульд заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Захиргааны хэргийн шүүхийн онцлог болох нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэдэг бөгөөд нотлох баримтыг хэрхэн үнэлэх асуудал нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарна.
3. Цалингийн мэдээлэл шаардаагүй тухайд:
Тус шүүхийн 2025.08.21-ний өдрийн 01/6389 дугаар албан бичгээр шаардсан баримтуудыг ... Тамгын газраас 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15:20 минутад ирүүлсэн байх бөгөөд энэ баримтууд хавтаст хэргийн 207- 214 хуудсанд авагдсан байна. Иймд шүүхээс тухайн баримтыг ирүүлээгүй гэж үзэх боломжгүй, уг баримтуудыг тодруулах эсэхийг шүүх хянан үзэж шийдвэрлэнэ.
4. Ажлын цагийн бүртгэлийн баримтын тухайд:
Тус шүүхийн шүүгч Г.Цэрэндэжид шүүгчийн 2025.07.01-ний өдрийн 01/5180 дугаар албан бичгээр шаардсан баримтуудыг ... Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нотлох баримтын талаарх тайлбар болон хавсралт баримтаар цагийн бүртгэлийн баримтуудыг ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж тус тус зааснаар шүүхэд ирүүлсэн баримтуудыг нотолгооны ач холбогдолтой эсэх дахин тодруулах эсэх асуудал нь шүүгчийн нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээнд хамаарч байна. Иймд дээрх үндэслэлээр хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан албан бичгийн хариуг өнөөг хүртэл шаардаж аваагүй байгаа тухайд:
Тус шүүхийн шүүгч Г.Цэрэндэжид шүүгчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025.07.30-ны өдөр 01/5787 дугаартай албан бичгээр 2025.08.06-ны өдөр ирүүлэхээр шаардсан нотлох баримтуудыг шаардаагүй гэх зөрчил гаргасан гэжээ.
Г.Цэрэндэжид шүүгчийн туслахаас уг баримтуудыг гаргуулахаар холбогдох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шаардаж лавласан тухай мэдэгдсэн бөгөөд уг бичгийг боловсруулж буй ажилтан нь чөлөөтэй байгаад хугацаа алдсан одоо уг баримтыг явуулахаар бэлдэж байгаа талаар мэдэгдсэн байсан Шүүгчийн ээлжийн амралтай тус хугацаанд тухайн байгууллагаас удаасан шалтгаанаа тайлбарлан ирүүлэхээр бэлдэж байгаагаа мэдэгдсэн байх бөгөөд энэ нотлох баримт хугацаандаа ирээгүйтэй холбоотой асуудал шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна.
6. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан албан бичгийн тухайд:
Шүүгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүргүүлэхээр тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны албан бичгээр хавсралт 3 хуудас баримт гэж тодорхойлон бичиж төлөвлөж, албажуулан гарын үсгээ зурсан бөгөөд уг албан бичгийн хавсралт болох нэмэгдүүлсэн шаардлагыг хавсарган явуулах болон шууданд өгөх нь шүүгчийн туслахын гүйцэтгэх ажил үүргийн хуваарьт хамаарч байна. Шүүгчийн туслахаас уг баримтыг хавсралтаар хүргүүлээгүй техникийн шинжтэй алдаа гаргасан нь шүүгчийг хуулийн илтэд ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
7. Хамтран хариуцагчаар татагдсан ажлын хэсгийг итгэмжлэн төлөөлөгчийн томилсон болон тайлбартай холбоотой зөрчлийн тухайд:
Хариуцагчаас 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тайлбар болон итгэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн байх бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Г.Цэрэндэжид шүүгчид хэрэг нь буцаан шилжсэн тул тухайн тайлбар болон итгэмжлэл ирэх үед хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа нь надад байгаагүй, холбоотой асуудлыг хянан үзээгүй, энэ талаар тайлбар гаргах боломжгүй байна.
8. Хуульд заасан хугацаа дууссан байхад захиргааны хэргийг өнөөдрийг хүртэл хянан шийдвэрлээгүй тухайд:
Шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлаж шүүх хуралдаан товлохоор зарласан боловч талуудын хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох баримтуудыг шаардсан байдаг. Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим шаардлагыг хүлээн авч хамтран хариуцагчаас татах тухай захирамж гарсан.
Тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд шүүхээс нэхэмжлэгч тал болон хариуцагч талуудын хүсэлтийг хангасантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувийг баримтуудыг албан бичгээр шаардсан, нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардуулж, хариу тайлбар авахаар албан бичгийг хүргүүлсэн. Хариу тайлбар бичгээр авах, хамтран хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлэх болон холбогдох баримтууд бүрэн ирээгүй байсан.
Дээрх үндэслэлээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргах” гэх заалтыг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд захиргааны хэргийн шүүхээс нотлох зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд нотлох баримтыг цуглуулах, үнэлэхтэй холбоотойгоор процесс ажиллагааны үед шийдвэрлэсэн асуудлаар гомдол гаргасан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Урангуа 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... 1.Хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй гэжээ.
Хариу тайлбар: Тус шүүхийн шүүгч Г.Урангуа би Б.Б-ын нэхэмжлэлтэй, ... дарга, тус газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Цэрэндэжид, шүүгч О.Батсүх нарын хамт 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ЕШ2025/... дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар томилогдсон байна.
Албан үүргийнхээ дагуу Б.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаанд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүх бүрэлдэхүүнд ажилласан /хэргийн 7 дугаар хавтас, 81 дэх тал/, энэ хэрэгт миний найз Э.Б өмгөөлөгч оролцохоор гэрээ байгуулсан талаар олж мэдээд татгалзан гарах гэтэл хариуцагч талаас Э.Б өмгөөлөгчөөс татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид оролцуулахгүй хэмээн тайлбарлаж, хүсэлтээ бичгээр /хэргийн 7 дугаар хавтас, 157 дахь тал/ шүүх бүрэлдэхүүнд өгсөн тул шүүгч Г.Урангуа би хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах хууль зүйн үндэслэл арилсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-ийн тухайд: Миний бие өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа А.З өмгөөлөгчийн хүсэлтээр сэжигтэнд хууль зүйн туслалцаа үзүүлж байцаалтад сууж байсан, цаг хугацааны тухайд 2018 оноос хойш хэзээ гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед ижил мэргэжилтэй болохын хувьд ажил хэргийн журмаар холбогдож байснаас биш өөр харилцаа холбоогүй болно.
Хэдий тийм боловч шүүхэд итгэх иргэдийн итгэл бидэнд хамгийн чухал байдаг тул өмнө нь ийм байдлаар нэг удаа харилцаж байсан талаараа мэдүүлсэн, харин шүүгчийн хувьд энэ нь хэрэг маргааныг шийдвэрлэхгүй гэж зайлсхийх, татгалзан гарах шалтгаан биш юм. Шүүгч нь татгалзан гарах үүрэгтэй атлаа татгалзаж гараагүй, татгалзан гарах ёсгүй байтлаа татгалзан гарч хэргээс зугтана гэдэг аль аль нь хууль бус үйлдэл гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
Хууль зүйн үндэслэлийн тухайд: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг, 3.1.5 дахь хэсэгт зааснаар "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, 3.1.6 дахь хэсэгт "нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг гэж тус тус заасан.
Миний бие нэг удаа байцаалтад суухдаа А.З өмгөөлөгчөөс хөлс төлбөр авсан эсэхээ ч санахгүй байна, үйлчилгээ үзүүлсэн иргэнээс авсан байх гэж бодож байна. Нөгөөтээгүүр А.З өмгөөлөгчөөс тухайн үед хөлс мөнгө авсан гэж үзвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацааны хязгаарлалт тавигдах бөгөөд шүүгч Г.Урангуа би тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тангараг өргөснөөр өнөөдрийг хүртэл ажлаа шударгаар хийж ирсэн тул 2022 оноос өмнө өмгөөлөгчөөр ажиллаж байх үеийн асуудлууд аль хэдийн хуулийн хязгаарлалтад хамаарахааргүй болсон.
Тодруулбал 2018-2022 онд тэрхүү үйл баримт болсон байсан ч /санахгүй байгаа тул өмгөөлөгчөөр ажиллаж байх үеийн цаг хугацааг бичсэн. Гэхдээ 2020 оноос өмнөх үйл баримт гэж бодож байна./ хурал болсон 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуулийн хязгаарлалт байхгүй болсон байхад, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд байхгүй байхад шүүх бүрэлдэхүүнд ажиллах үүргээсээ татгалзах, зугтах боломжгүй. Шүүгчид тангаргаасаа давсан эрх, ашиг сонирхол байх ёсгүй билээ.
Харин хэргийн оролцогч нарт энэ талаараа мэдэгдсэний дараа хэн нь ч, ялангуяа нэхэмжлэгч хурлын үед шүүгч намайг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй. Харин шүүх хуралдаанаас хойш 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэд иргэн Б.Б өөрийн эрхээ хэрэгжүүлэн намайг хэргээс татгалзан гаргах тухай хүсэлт /хэргийн 7 дугаар хавтас, 219-236/ гаргасан байх ба тус шүүхийн Ерөнхий шүүгч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 128/ЕШ2025/... дугаартай захирамжаар /хэргийн 7 дугаар хавтас, 238-249/ шүүгч Г.Урангуаг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан байна.
2.Шүүгчийн гомдол гаргах эрхгүй 128/Ш32025/... захирамжийг зөрчсөн гэжээ.
Хариу тайлбар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно." гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч удирдан явуулдаг бөгөөд ялангуяа процессын алдаагүй, үнэн зөв шийдвэр гаргахын тулд ажил үүргээ гүйцэтгэдэг. Энэ хэргийн тухайд давж заалдах шатны шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/... дугаартай магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх ба магадлалын хянавал хэсгийн 9.2-т "Нэгэнт маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж байхад түүний үндэслэл болсон Б.Б-ын сахилгын зөрчлийг шалган тогтоосон гэх Ажлын хэсгийн дүгнэлттэй нэхэмжлэгчийг маргаагүй гэж дүгнэх, сахилгын зөрчлийг нотолсон гэх тэдгээр нотлох баримтыг бүрэн цуглуулж үнэлээгүй нь буруу" гэж дүгнэсэн байна.
Ийнхүү дүгнэсээр байтал шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хариуцагч ажлын хэсгийг ... дарга шууд төлөөлж бусдад итгэмжлэл олгох эрхтэй эсэх асуудлыг буюу хариуцагчийн эрх зүйн байдлыг бүрэн тодруулж дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргуулахгүй ажиллах үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д "Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ." гэж заасан.
Энэ хэргийн тухайд, шүүх 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 128/Ш32025/... дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтаар ... даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг хамтран хариуцагчаар татсан байсан /хэргийн 5 дугаар хавтас, 227-229 дэх тал/ боловч хариуцагч ... Тамгын газраас 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлөөлөгч томилохдоо ажлын хэсэг нь татан буугдсан эсэх, татан буугдсан бол эрх залгамжлагч томилох эсэхээ тодорхой заахгүйгээр итгэмжлэл ирүүлсэн /хэргийн 6 дугаар хавтас, 52 дахь тал/.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлсон, шүүх хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэмж татсан атал хариуцагч биш этгээд нь "миний байгуулсан ажлын хэсэг бөгөөд Б.Б-ын сахилгын зөрчлийн талаар дүгнэлт гаргаснаар үүрэг нь дуусгавар болгосон" гэх үндэслэлийг тайлбарлаж байхад шүүх процессыг зөвтгөж итгэмжлэлийг засуулан авах, үүний тулд хариуцагчийн хүсэлтийг үндэслэж эрх залгамжлагчаар тогтоохоор захирамжилсан нь хууль зөрчсөн хэрэг биш юм.
Тодорхой тайлбарлавал, хариуцагч талаас "... даргын 2024.07.07-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт "Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна" гэж зааснаар зохицуулагдахаар байна" гэсэн тайлбарыг 2025.09.17. 2025.10.17-ны өдрүүдэд шүүхэд ирүүлснийг шүүх огт үзээгүй. хараагүй мэтээр энэ үндэслэлээр эрх залгамжлагчийг тогтоох шаардлагатай байхад процесс зөрчиж алгасах боломжгүй гэж үзсэн бөгөөд ажлын хэсгийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай гэх шийдвэрийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШТ2025/... дугаартай тогтоолоор 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч. хамтран хариуцагч татах тухай тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/Ш32025/... дугаар захирамжтай аливаа байдлаар зөрчилдөөгүй.
Түүнчлэн шүүх гаргасан шийдвэрийнхээ үндэслэл, агуулгыг хэргийн оролцогчид тодорхой тайлбарладаг, миний хувьд даргалагч шүүгчийн тайлбарласан дээр нэмж тайлбарлахдаа агуулгын хувьд "Нэгд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессын зөрчилгүй үргэлжлэх ёстой, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж зөрчил дутагдлыг арилгаж зөрчилгүй ажиллах ёстой. Хоёрт, процессын зөрчлөөс шалтгаалж хэрэг дахин хэлэлцүүлэхээр дахиад буцвал нэхэмжлэгч, хариуцагч гээд хэргийн оролцогч нарт цаг хугацааны хувьд чирэгдэлтэй" гэж тайлбарласан нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ТМ2025/... дугаартай тэмдэглэлийн 10 дугаар нүүр /хэргийн 8 дугаар хавтас, 33 дахь тал/, нэхэмжлэгч Б.Б-ын шүүх хуралдааны дүрс бичлэгтэй танилцаж үйлдсэн тэмдэглэлд /хэргийн 7 дугаар хавтас, 229 дэх тал/ тодорхой тусгагджээ.
З. Шүүгч нар хууль зөрчсөн үйлдлийг нотлох мессежийн тухайд гэх үндэслэлийн талаар:
Хариу тайлбар: Шүүгч Г.Урангуагийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар, үндэслэл, үйлдэл нь Г.Цэрэндэжид шүүгчийн дээр дурдсан мессежтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлүүдийг зөвтгөсөн, дэмжсэн, хамтарсан үйлдэл болсон гэж ойлгогдож байна гэжээ.
Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9, 50.1.18, 50.1.35-д заасныг зөрчсөн гэж Г.Цэрэндэжид шүүгчийг буруутгахдаа хариуцагчтай нэхэмжлэгч намайг оролцуулахгүйгээр харилцсан, хуралдаа ир гэж зөвлөсөн, туслахдаа албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн гэжээ.
Гэтэл шүүгч нь хэргийн нэг талтай харилцахыг хуулиар хориглосон учраас шүүгч туслахтай байдаг, туслах нь Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, энэ зүйлийн 89.3 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байдаг.
Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 89.3.7 дахь хэсэгт зааснаар шүүгчийн туслах нь шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох үүрэгтэй, энэ үүргийнхээ дагуу хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх, зайлшгүй оролцуулах шаардлагатай этгээдийг дуудан ирүүлэх ажлыг хийдэг учраас хууль зүйн зөвлөгөө өгөх, хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах. харилцах, шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх гэснийг зөрчсөн үйлдэлд хамааруулах үндэслэлгүй.
Даргалагч шүүгчийн өмнөх өдөр нь туслахдаа ямар үүрэг даалгавар өгсөн болон туслах нь түүнийг хэрхэн гүйцэтгэсэн эсэх нь бүрэлдэхүүний шүүгч нар тогтоол гаргахад нөлөөгүй, бид хуульд заасан журмын дагуу зөвлөлдөж шийдвэр гаргасан болно.
4.Шүүх хуралдаанд зүй бус авир гаргасан гэх үндэслэлийн тухайд:
Хариу тайлбар: Нэхэмжлэгч Б.Б-с 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрчийн мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргасан бөгөөд энэ хүсэлтдээ '"Ш" ӨЭМТ-ийн дарга Ж.Л Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн 2025 оны 09.10-ны өдрийн 31 дугаартай хариу албан бичигтээ худал бичсэнээ хүлээн зөвшөөрсөн гэсэн." /хэргийн 7 дугаар хавтас, 107 дахь тал/, мөн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр ""Ш" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Л нь Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд өгсөн мэдүүлгээрээ шүүхэд ирүүлсэн албан бичигтээ буруу бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн. Тийм учраас хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн. Шүүхээс өрхийн эрүүл мэндийн төв рүү бичиг явуулсан байсан бөгөөд Ж.Л эмчээс ирүүлсэн бичигтээ намайг тухайн эмнэлэгт үзүүлсэн мэдээлэл байхгүй байна гэх худал мэдээлэл бүхий бичиг ирүүлсэн. Мөрдөн байцаах албанд өгсөн мэдүүлэгтээ буруу бичиг хийсэн гэсэн утгатай мэдүүлэг өгсөн гэдгийг олж мэдсэн." /хэргийн 7 дугаар хавтас, 170-171 дэх тал/ гэж тус тус хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарласан байдаг
Тэмдэглэлийн 9 дэх нүүр буюу хэргийн 7 дугаар хавтас, 175 дахь талд тэмдэглэснийг үзвэл шүүгч Г.Урангуа хүсэлтийн талаар тодруулахад нэхэмжлэгч нь "би гомдол гаргаагүй" гэж хариулсан тул нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарыг дурдаж асуултаа тодруулахад "Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд манай аав гомдол гаргасан бөгөөд ямар асуудлаар гомдол гаргасан гэдэг нарийн зүйлсийг сайн мэдэхгүй байна. ... Гэхдээ өрхийн эрүүл мэндийн төвийн захирал Ж.Л мэдүүлэг өгөхдөө "шүүхэд хүргүүлсэн бичигтээ алдаж бичсэн байна" гэж хэлсэн гэсэн" гэж тайлбарласан.
Шүүхээс энэ үндэслэлийнх нь хүрээнд нэхэмжлэгчээс цагдаад хандсан асуудал нь шийдвэрлэгдэж дууссан юм уу гэж асуулт тавьсныг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэхгүй байна.
Ийнхүү хэргийн үйл баримтын талаар маргаантай нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлгийн цахим системд үзлэг хийсэн /хэргийн 8 дугаар хавтас, 39-46 дахь тал/.
5. Шүүгчийн 128/Ш32025/... дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулаагүй гэх үндэслэлийн тухайд:
Хариу тайлбар: Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ талаарх үндэслэлээ 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШТ2025/... дугаартай "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай" захирамжийн үндэслэх хэсгийн 1-д тайлбарласан.
Иргэн Б.Б өргөдөлдөө "Шүүгч Г.Урангуа "Нэхэмжлэгч талаас тодруулаадахъя. 2024 оныхыг өгчихсөн, тээ ажлын байрны тодорхойлолтыг нь өгчихсөн. аан ажлын байрны нэр нь албан тушаалын нэр ялгамжтай, ялгаатай боловч чиг үүрэг бол ижилхэн. Шинэчилсэн нь бол 2025 онд батлагдсан өмнөх нь бол шүүхэд гаргаад өгчихсөн шүү дээ гэж тайлбарлаад байна. Та болохоороо яг ямар байх ёстой гээд байгаа вэ? Яагаад өгөөгүй гээд байгаа вэ?" гэсэн асуултад нэхэмжлэгч би холбогдох нотлох баримт дээр үндэслэн хариулж тайлбарласан." гэжээ.
Тэмдэглэлээс үзвэл шүүгч "хариуцагч ингэж тайлбарлаад байна" гэдгийг дээрх байдлаар илэрхийлж, дараа нь өөрийн асуултаа асууж тодруулсан.
Нөгөөтээгүүр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/Ш32025/... дугаартай захирамжийн үндэслэх хэсгийн 3-т дурдсаны дагуу "Нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан "... Тамгын газрын ЁСЛОЛ, гадаад харилцааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ний албан тушаалын тодорхойлолт (2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар) буюу 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн "Тамгын газрын бүтэц, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тоог шинэчлэн батлах тухай" 20 дугаар захирамжийг баталсныг гаргуулах" тухай хүсэлт нь уг хэргийн маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой байж болзошгүй тул хангах нь зүйтэй гэж үзэв." /хэргийн 6 дугаар хавтас, 189-190 дэх тал/ гэж шийдвэрлэсний дагуу шүүхээс хариуцагчид хаяглаж 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/7752 дугаартай албан бичгээр /хэргийн 6 дугаар хавтас, 196 дахь тал/ албан тушаалын тодорхойлолтыг шаардсан байна.
... Тамгын газраас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ТГ-1/590 дугаартай "Тайлбар гаргаж, нотлох баримт хүргүүлэх тухай" албан бичиг, түүний хавсралтыг шүүхэд ирүүлсэн /хэргийн 6 дугаар хавтас, 230-244 дэх тал/.
Шүүх 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчаас албан бичгээр /хэргийн 7 дугаар хавтас, 1 дэх тал/ холбогдох баримтуудыг шаардсан байх ба ... Тамгын газраас 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТГ-1/604 дугаартай албан бичиг, түүний хавсралтыг ирүүлсэн байна /хэргийн 7 дугаар хавтас, 2-18 дахь тал/.
Эдгээрээс дүгнэж үзвэл, шүүх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг хэрэгжүүлсэн бөгөөд үүний дэрээ шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж нэхэмжлэгчээс дахиж гаргасан хүсэлтийг бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэхдээ хэрэгсэхгүй болгосон нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд хамаарахгүй юм.
6. Нэмэлт өргөдөлд дурдсан "зөвлөгөө өгсөн" гэх үндэслэлийн тухайд:
Хариу тайлбар: Шүүх гаргасан тогтоолынхоо үндэслэлийг тайлбарласан бөгөөд энэ нь зөвлөгөө өгсөн хэрэг биш юм. Энэ талаар энэхүү тайлбарын 2 дахь хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-д "Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна." гэж заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэлийг бүрэлдэхүүний шүүгч нар авч хянадаггүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлээ даргалагч шүүгчид хянуулж албажуулдаг.
Мөн шүүх хуралдаан нь тэмдэглэлээс гадна дуу-дүрс бичлэгээр баталгааждаг бөгөөд шүүгч тэмдэглэлээс хасуулах, нуун дарагдуулах эрх хэмжээгүй, тийм шалтгаан шаардлага байхгүй байдаг.
Шүүхийн тухай хуулийн 50.1.39.энэ хуулийн 45.8-д заасан үүргээ биелүүлээгүй, 45.10.Энэ хуулийн 45.8-д заасан үүргээ биелүүлээгүй нь шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно гэх үндэслэлийн тухайд:
Хариу тайлбар: Шүүгч Г.Урангуа надад иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг, маргааныг шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөөгүй, ийм оролдлого байхгүй, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх хуульд заасан үндэслэл, шаардлага үүсээгүй болно.
Хэдийгээр нэхэмжлэгчид эргэлзээ, хардлага төрж болох хэдий ч шүүгч миний бие эдгээр зөрчлүүдийг гаргаагүй. Тус хэрэг маргааныг шийдвэрлэж, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 128/ШШ2025/... дугаартай шийдвэр албажиж гарсан” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Урангуа 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Шүүх хуралдааны дуу-дүрсний 20251104-105723 mp.4 нэртэй бичлэгийн 0:00:01-0:01:27 дахь хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ... даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн эрх зүйн байдлыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ гээд даргалагч тогтоолын үндэслэлээ танилцуулж буй нь бичлэгт тусгагджээ. Үүгээр тус хуралдаан хойшилсон гэж үзэхээр байна. Гэтэл шүүгч Г.Урангуа нь даргалагчийг тогтоолын үндэслэлээ танилцуулж байхад даргалагчтай зэрэгцэн тайлбар хэлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нараас тодруулж асуулт асуусан, мөн шүүхийн тогтоолоор гэрч асуух шаардлагагүй гэж шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн нь нэхэмжлэгч, хариуцагч болон гэрчээс тодруулах асуулт асууж, 30 орчим минут хэлэлцүүлэг явуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулъ, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүх хуралдаан явуулах дэг, дараалалд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ." гэжээ.
Тогтоолд дүгнэсэнчлэн шүүх хуралдаан хойшилсон бөгөөд шүүх хуралдаан хойшилсон шийдвэрийг даргалагч шүүгч хэргийн оролцогчдод тайлбарласан, талуудад ойлгомжгүй нөхцөл байдал үлдэхээс сэргийлэн нэгэнт бүрэлдэхүүнд орж шийдвэр гаргасан шүүгчийн хувьд даргалагчийн зөвшөөрлөөр нэмж тайлбар өгсөн болно.
Мөн шүүх хуралдаанд 2 гэрчийг асуух талаар яригдсан бөгөөд 1 гэрч нь шүүхийн байранд хүрэлцэж ирсэн байсан. Иймд шүүх хуралдааны бус үед гэрчийн мэдүүлгийг авах талаар хэргийн оролцогчдоос тодруулан, мэтгэлцэх зарчмыг хангаж, албан ёсоор тэмдэглэл хөтлөн гэрчийн мэдүүлгийг авсан нь шүүхийн процессын хэмнэлттэй байх зарчимд нийцсэн, хэргийн оролцогчдод чирэгдэлгүй үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Мен энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.6-д "Шүүгч гэрчээс мэдүүлгийг урьдилан авах, эсхүл давтан асууж болно." гэсэн процессын хэм хэмжээг зөрчөөгүй гэж тайлбар гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан хууль тогтоомжийн гол зорилго нь хэргийн оролцогчийн процессийн эрхийг зөрчихгүй байхад оршдог бөгөөд шүүхээс талуудад чирэгдэлгүй, тэгш боломжийг олгож, мэтгэлцэх зарчмыг хангаж, шийдвэрийн үндэслэл, агуулгыг тайлбарлуулах мэдэх эрхийг бүрэн хангасан. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад процессийн зөрчил гаргасан гэх дүгнэлт хийгээгүйг дурдах нь зөв гэж үзлээ” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Урангуа 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдон ажилласан бөгөөд хэргийг процессын алдаагүй, шударгаар шийдвэрлэхийн тулд ажилласан билээ.
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 06 сарын 03-ны өдрийн СХТ/2026/0072 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцаах тухай” тогтоолоос үзвэл хэргийг дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн байна.
Г.Урангуа би өөрт холбогдох хэсгүүдэд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцаасан тогтоолоос үзвэл шүүгч Г.Урангуа надад холбогдох хэсгийг дараах байдлаар шалгаж, дүгнэлт өгөх шаардлагатай гэжээ.
- 2026.03.17-ны 0027: Гэтэл шүүгч Г.Урангуа нь даргалагчийг тогтоолын үндэслэлээ танилцуулж байхад даргалагчтай зэрэгцэн тайлбар хэлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нараас тодруулж асуулт асуусан, мөн шүүхийн тогтоолоор гэрч асуух шаардлагагүй гэж шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн нь нэхэмжлэгч, хариуцагч болон гэрчээс тодруулах асуулт асууж, 30 орчим минут хэлэлцүүлэг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүх хуралдаан явуулах дэг, дараалалд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
- 2026.06.03-ны 0072: шүүгч Г.Урангуа нь даргалагчийг тогтоолын үндэслэлээ танилцуулж байхад даргалагчтай зэрэгцэн тайлбар хэлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нараас тодруулж асуулт асуусан, мөн шүүхийн тогтоолоор гэрч асуух шаардлагагүй гэж шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн нь нэхэмжлэгч, хариуцагч болон гэрчээс тодруулах асуулт асууж, 30 орчим минут хэлэлцүүлэг явуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүх хуралдаан явуулах дэг, дараалалд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай …” гэж дахин шалгуулахаар буцаасан боловч тогтоолын биелэлт хангагдаагүй байна. Даргалагч бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг танилцуулах явцад зөвшөөрөлгүй тайлбар хэлсэн, мөн шийдвэрийг танилцуулах явцад оролцогч нараас хэргийн үйл баримтын талаар тодруулж асуулт асууж, нэг талаар хэлэлцүүлэг хийсэн гэж үзэхээр байгаа шүүгч Г.Урангуагийн үйлдэлд, мөн тухайн өдрийн шүүх хуралдааныг дууссаны дараа бүрэлдэхүүн гэрчээс мэдүүлэг авсан үйлдлийн талаар дүгнэлт өгөөгүй байна.Тодруулбал, гэрчид хууль сануулсан эсэх, гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа нь шүүх хуралдаан дууссаны дараа эсхүл үргэлжлэн явагдсан хуралдааны үеэр хийгдсэн эсэх нь тодорхойгүй байх ба тэмдэглэлээс харвал уг ажиллагаа шүүх хуралдааны явцад явагдсан мэтээр тусгагдан албажуулсан байна. Дээрх үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдлөг болгох зарчим, мөн шүүх хуралдааны дэг, дараалалд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эндээс үзвэл, нэгд даргалагч тогтоолын үндэслэлээ танилцуулж байхад даргалагчтай зэрэгцэн тайлбар хэлсэн, хоёрт нэхэмжлэгч, хариуцагч нараас тодруулж асуулт асуусан, гуравт шүүхийн тогтоолоор гэрч асуух шаардлагагүй гэж шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн нь нэхэмжлэгч, хариуцагч болон гэрчээс тодруулах асуулт асууж 30 орчим минут хэлэлцүүлэг явуулсан гээд эдгээр үйлдлүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнэх шаардлагатай гэжээ.
- Даргалагч тогтоолын үндэслэлээ танилцуулж байхад даргалагчтай зэрэгцэн тайлбар хэлсэн буюу сүүлийн тогтоолоор “даргалагч бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг танилцуулах явцад зөвшөөрөлгүй тайлбар хэлсэн” гэжээ.
Шүүгч би өөрийн дураараа тогтоолын агуулгыг нэмж тайлбарлаагүй бөгөөд зөвлөлдөх тасалгаанаас гарч суудлаа эзлэх хооронд буюу бичлэг эхлэхээс өмнө даргалагч шүүгч намайг “шийдвэрийн үндэслэлээ нэмж тайлбарлаад өгөөрэй” гэсэн тул даргалагчийг бүрэлдэхүүний тогтоолыг уншиж танилцуулан өөрийн тайлбарыг хэлсний дараагаар нэмж тайлбар хэлсэн ба үүний дараа дахиж даргалагч шүүгч тогтоолын үндэслэлийг нэмж тайлбарласан болох нь 2026 оны 01 сарын 21-ний өдрийн “Шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл”-ийн 6-7 дахь хуудаснаас болон хурлын дуу-дүрсний бичлэгээс тодорхой харагдана.
Би 2026 оны 04 сарын 21-ний өдөр сахилгын хороонд гаргасан тайлбартаа ч “... шийдвэр гаргасан шүүгчийн хувьд даргалагчийн зөвшөөрлөөр нэмж тайлбар өгсөн” болохоо мэдэгдсэн бөгөөд өмнөх 0027 дугаартай тогтоолд “даргалагчийн зөвшөөрөлгүйгээр тайлбар хэлсэн” гэх агуулга байхгүй байсан тул бичлэгээс тэр үйл явц харагдсан байх гэж ойлгож байсан. Тэмдэглэлийг үзэхэд даргалагч шүүгч тогтоолын агуулгыг танилцуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах эрхгүй талаар танилцуулаад, араас нь “... Г.Б-ний албан тушаалын тодорхойлолтыг гаргуулах хүсэлтийг шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчаас үүнтэй холбогдох нотлох баримтуудыг ирүүлж тайлбар гаргасан. Г.Б-ний нэртэй албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа учраас ... гэрчийн мэдүүлгийг худал өгсөн гэдгийг тогтоосон баримт тогтоогдоогүй учраас гэрчийн мэдүүлгүүдийг хуурамч гэж үзэх боломжгүй байна. Тийм учраас дахин асуух шаардлагагүй гэж үзсэн.” гэж тогтоолын үндэслэлийг тайлбарласан байна.
Үүний дараа шүүгч Г.Урангуа би даргалагч болон бүрэлдэхүүний шүүгч нар нэмж тайлбарлаад өгөөрэй гэсэн учраас, мөн хэргийн оролцогчдод эргэлзээ төрүүлэхгүй, бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийн үндэслэлийг ойлгуулах зорилгоор өөрсдийн гаргасан тогтоолын үндэслэлийг нэмж тайлбарласан. Даргалагч шүүгч магадгүй надаас хүлээж байсан тайлбарыг хангалтгүй гэж үзсэн байж болно. Үндэслэлээ аль болох ойлгуулахын тулд дахин нэмж тайлбарласан нь шүүгч нарыг процесс зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаардаг гэж бодохгүй байна.
Шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, түүнчлэн Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалт бүхий Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д “Хэргийг шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана.” гэснээс үзвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ нэгдүгээрт, тухай бүр биечлэн, хоёрдугаарт ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана гэж ойлгохоор байна. Шийдвэр гэдэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.4-3.1.8-д заасан захирамж, тогтоол, шийдвэр, магадлал, шийтгэвэр хамаарах ба бидний тухайд бүрэлдэхүүнтэйгээр хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж шүүхийн “тогтоол” гаргасан нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн агуулгагүй, процессын шийдвэрт хамаардаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.” гэж заасан байдаг. Харин Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана.” хэмээн тус тус зохицуулжээ.
Эдгээр хоёр хэм хэмжээг хэл зүйн аргаар тайлбарлавал ЗХШХШтХ-ийн 108.1 нь даргалагч шүүгчийн хэрэгжүүлэх тодорхой процессын чиг үүргийг заасан байна. Харин уг заалтад бүрэлдэхүүний бусад гишүүн тодорхой нөхцөлд тайлбар хийхийг хориглосон, эсхүл зөвхөн даргалагч тайлбар өгөх онцгой бүрэн эрхтэй болохыг илэрхийлсэн “зөвхөн”, “өөр этгээд эрхгүй”, “хориглоно” зэрэг хязгаарлах томьёолол хэрэглээгүй байна. Иймд уг заалтыг хэл зүйн түвшинд тайлбарлахад бусад гишүүний тайлбар өгөх боломжийг дангаар нь үгүйсгэсэн гэж үзэхэд хангалтгүй юм.
Хэм хэмжээг тайлбарлахад зөвхөн хэл зүйн тайлбар хангалтгүй бөгөөд эрх зүйн хэм хэмжээг тухайн хууль тогтоомжийн тогтолцоонд нь системчлэн авч үзэх шаардлагатай. Системчилсэн тайлбарын дагуу нэг асуудлыг зохицуулж буй хэм хэмжээнүүдийг харилцан уялдаатайгаар ойлгох ёстой байдаг. Энэ үүднээс авч үзвэл ЗХШХШтХ-ийн 108.1 нь даргалагчийн процессын чиг үүргийг тодорхойлсон бол Шүүхийн тухай хуулийн 22.11 нь шүүхийн шийдвэрийг ойлгомжтой тайлбарлах ерөнхий үүргийг “шүүгч, шүүх бүрэлдэхүүн” гэсэн илүү өргөн хүрээтэй субьектэд хамааруулан тогтоосон байна.
Иймээс эдгээр хоёр заалтыг харилцан зөрчилтэй бус, харин харилцан нөхөх байдлаар тайлбарлах нь нэгдмэл байдлын зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл ЗХШХШтХ-ийн 108.1 нь шийдвэрийг танилцуулах процессын зохион байгуулалтын асуудлыг зохицуулж байгаа бол Шүүхийн тухай хуулийн 22.11 нь шүүхийн шийдвэрийг ойлгомжтой болгох зорилгыг илэрхийлсэн ерөнхий хэм хэмжээ гэж ойлгож болно.
Зорилгоор тайлбарлах аргаар авч үзвэл дээрх хоёр зохицуулалтын нийтлэг зорилго нь шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод ойлгомжтой хүргэхэд оршино. Энэхүү зорилго нь Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенцын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн бүрэлдэхүүн хэсэг болох үндэслэл бүхий, ойлгомжтой шүүхийн шийдвэртэй шууд холбоотой юм.
Хүний эрхийн Европын шүүх Hirvisaari v Finland хэрэгт төрийн байгууллагын шийдвэр нь оролцогч талуудад ойлгомжтой байхуйц үндэслэл агуулсан байх шаардлагатайг онцолсон бөгөөд ийм үндэслэл нь олон нийтийн хяналт болон үр нөлөөтэй давж заалдах эрхийн урьдчилсан нөхцөл болохыг тэмдэглэсэн байдаг. Мөн Taxquet v Belgium хэрэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл нь талуудад шийдвэрийн логикийг ойлгох боломж олгох хэмжээнд байх ёстойг том танхим дахин баталгаажуулсан.
Иймд үгчилсэн, системчилсэн болон зорилгоор тайлбарлах аргыг хослуулан ЗХШХШтХ-ийн 108.1 болон Шүүхийн тухай хуулийн 22.11-д заасныг тайлбарлавал бүрэлдэхүүний шүүгчийн тайлбар өгөх асуудлыг зөвхөн процессын чиг үүргийн хуваарилалтын асуудал гэж бус, харин шүүхийн шийдвэрийн ойлгомжтой байдлыг хангах нийтлэг зорилгын хүрээнд үнэлэх шаардлагатай гэж үзэж байна.
Эрэмбэ, хүчин чадлын хувьд аваад үзвэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалт агуулсан хууль нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль бол шүүгчийн эрх зүйн байдал, бүрэн эрх, сахилга хариуцлагатай холбоотой нарийвчилсан зохицуулалт агуулсан хууль нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль юм. Эдгээр хуулиудын шийдвэр танилцуулахтай холбоотой хэм хэмжээг хоорондоо зөрчилтэй, өрсөлдөх хэм хэмжээ гэж үзэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлах эрх шүүх бүрэлдэхүүнд байгаа төдийгүй энэ хэрэгт дурдагдсан үйл баримтын тухайд даргалагч болон бүрэлдэхүүний шүүгч нар “нэмж тайлбарлаад өгөөрэй” гэж хэлсэн боловч энэ хэсэг нь хурлын бичлэг эхлэхээс өмнө яригдсан байх ба ийм нөхцөл байдлыг даргалагч Г.Цэрэндэжид шүүгч болон бүрэлдэхүүнд байсан О.Батсүх шүүгч нараас гэрчийн мэдүүлэг авах замаар тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн хурлын бичлэгийг сонсоод үзэхээр даргалагчийн тайлбарлаж байгаа тогтоолын үндэслэлд тус нэмэр болох үүднээс үндэслэл бүрт нь холбогдуулж тогтоол танилцуулахаас өмнө надаас асуусан ёсоор нь нэмж тайлбар хэлсэн. Хүний үг ярианаас илүү харилцаа хандлага, биеийн хэлэмж нь тухайн хүнийг илүү илэрхийлдэг бөгөөд даргалагч шүүгч бид хоёр маш сайн ойлголцож, биенээ нөхөх байдлаар хэргийн оролцогчдод шийдвэрийн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн тул дүрсний бичлэгт дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Дүрс бичлэг нь шүүгч Г.Урангуа даргалагч шүүгчийн зөвшөөрөлгүй дураараа аашлаад байна уу, эсвэл хоорондоо ойлголцоод шийдвэрийнхээ үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаад байна уу гэдгийг нотлох ач холбогдолтой гэж үзэж байх тул үзлэг хийж өгнө үү.
ЗХШХШтХ-ийн 108.1-д даргалагч шүүгчийн шийдвэр танилцуулах чиг үүргийг заасан боловч тухайн чиг үүргийг шүүн таслах бүрэн эрхийн онцгой хэлбэр гэж тодорхойлоогүй байна. Иймээс уг зохицуулалтыг бүрэлдэхүүний бусад шүүгчийн эрх зүйн байдлыг үгүйсгэсэн буюу тэднийг шүүхийн шийдвэрийн агуулгыг ойлгуулах аливаа оролцооноос бүрэн хассан зохицуулалт гэж үзэх нь primus inter pares зарчмын мөн чанарт нийцэхгүй болохыг харгалзаж үзнэ үү.
2. Нэхэмжлэгч, хариуцагч нараас тодруулж асуулт асуусан үйлдлийн тухайд тайлбарлавал дээр дурдсанчлан шүүх бүрэлдэхүүн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаагүй, нотлох баримтыг бүрэн цуглуулж, ач холбогдолтой талаас нь үнэлэх зорилгоор процессын шийдвэр гаргасан бөгөөд энэ хурлын дараа бүх процесс асуудлыг цэгцэлж, шүүх хуралдааны бэлэн байдлыг хангахын тулд шүүгч, шүүх бүрэлдэхүүн сэтгэл гаргаж ажилладаг билээ.
Миний тухайд ганц энэ хэрэг дээр ч биш, аливаа хэргийн шүүх бүрэлдэхүүнд орж байгаа тохиолдолд хэргийн материалтай урьдчилан танилцаж, процессын болон хууль хэрэглээний асуудал байгаа эсэхийг судлах замаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэр гаргахаас өмнөх бүхий л боломжит ажлыг хийж, хуралдаа бэлтгэлтэй ордог. Бусад шүүгч нар ч мөн хэрэг маргаан дээр ийм зарчмаар ажилладаг гэж боддог. Дээр дурдсанчлан дүгнэлт өгөх шаардлагатай гэх үйл баримт болсон үеийн шүүх хуралдаанаар хэрэг маргааныг шийдвэрлээгүй, харин хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэж, эрх зүйн байдлыг нэг мөр тодорхой болгож, эрх залгамжлал, итгэмжлэл, төлөөллийн асуудлыг цэгцлэх агуулгатай процессын шийдвэр гаргасан хуралдаан болж өнгөрсөн тул шүүх хуралдааныг хойшлуулсан.
Өөрөөр хэлбэл, хурал дууссаны дараа хэргийн оролцогчдын гэрч асуулгах асуудалд эргэлзээтэй зүйлүүд байсныг тодруулж (хэргийн аль аль талыг хамтад нь байх үед дуу дүрсний бичлэгтэйгээр тэмдэглэл хөтлүүлэн нөхцөл байдлыг тодруулах эрх шүүхэд байдаг ба харин хэргийн аль нэг талтай уулзсан, тэмдэглэл, бичлэг байхгүй, нарийн бичгийн дарга эсхүл шүүгчийн туслахыг байлцуулаагүй тохиолдолд энэ нь зөрчилд тооцогдох боломжтой) хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэхээр идэвхтэй оролцоотой байснаараа буруутгагдаж байна уу даа. Хуралдаан хойшилсны дараа хурлын танхимд үргэлжилсэн хэлэлцүүлэг нь дараагийн хурлын бэлтгэл ажил байсан бөгөөд нэгэнт хэрэг маргааныг хамтдаа шийдвэрлэх учраас бүрэлдэхүүний шүүгч нар үлдэж, хамтран ажилласан.
Хэрэв миний тайлбарласан агуулга, асууж тодруулсан асуултыг сайтар уншиж судалвал хэргийн үйл баримтыг нягталж тогтоох болон хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүй, процессын алдаагүй шийдвэр гаргах зорилгыг агуулж байгааг анзаарах боломжтой. Энэ хэргийг шийдвэрлэсэн гурван шүүгч энэ зорилгоо биелүүлсний баталгаа нь давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд юм.
Давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь: хууль зөв хэрэглэсэн эсэх, нотлох баримтыг зөв үнэлсэн эсэх, процессын алдаа гарсан эсэх асуудлыг шалгах явдал юм.
Харин сахилгын байгууллагын чиг үүрэг нь ёс зүйн ноцтой зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл, албан үүргээ ноцтой зөрчсөн байдал байгаа эсэхийг тогтоох явдал юм.
Иймээс сахилгын байгууллага давж заалдах шатны шүүхийн үүргийг орлох ёсгүй гэсэн зарчим олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул шүүгч нар процессын алдаа гаргасан эсэхтэй холбогдуулан давж заалдах, хяналтын шатны шүүхүүдээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү.
Хяналтын шатны шүүх хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2026/... дугаартай тогтоолд “15.Тодруулбал, анхан шатны шүүх ажлын хэсгийн дүгнэлтэд заасан зөрчил тус бүрд дүгнэлт хийхдээ 11.1, 11.2, 11.6-д заасан зөрчлүүдэд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Тухайлбал, дүгнэлтийн 11.1-д заасан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орчуулгын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч тухайн өдөр эмнэлгийн магадлагаатай, улмаар 2024 оны 06 дугаар сар хүртэл өвчтэй, ээлжийн амралттай байсан нь тогтоогдсон, мөн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр уг үүрэг даалгаврыг дахин өгсөн гэх үйл баримт хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй. Дүгнэлтийн 11.2-т заасан гомдлын хариуг авах уулзалтад ирээгүй гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, түүний хариуг авах эрхтэй холбоотой бөгөөд төрийн албан хаагчийн албан тушаалын үндсэн чиг үүрэгт шууд хамаарахгүй тул сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй. Мөн дүгнэлтийн 11.6-д заасан өмнө ажлаас халсан шийдвэртэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тооцоо нийлэх уулзалтад оролцоогүй гэх асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмаар зохицуулагдах харилцаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн үндсэн чиг үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гэж дүгнэх үндэслэл болохгүй. Иймд эдгээр үндэслэлийг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
16. Түүнчлэн, шүүх маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтийн 11.3, 11.4-т заасан зөрчлүүд тогтоогдож байгаа талаар дүгнэсэн. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлэх бөгөөд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д зааснаар төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлах зарчимтай, 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ:, 37.1.6-д харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж тус тус заасан. Мөн ... Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.3-т Ажилтан дараах үүрэг хүлээнэ:, 5.3.4-т захирах, захирагдах ёсыг баримталж, удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай чанартай гүйцэтгэж, ажлын явц, үр дүнг танилцуулах, мэдээлэх, 5.4-т Ажилтанд дараах зүйлийг хориглоно: 5.4.8-д ..., түүний Тамгын газрын удирдах албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр (захирамж, үүрэг, даалгавар, төлөвлөгөө гэх мэт)-ийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд удирдах албан тушаалтныг дуудахад (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр) хүрэлцэн очоогүй нь төрийн албаны захирах, захирагдах ёсыг баримтлах зарчимд нийцээгүй байна ... гэж;
17.Мөн дүгнэлтийн 11.5-д дурдсан зөрчлийн тухайд, ... дарга Д.Б нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09:23 минутад Б.Б-д ажлын цагаар үндсэн ажлын байрандаа очиж ажиллах талаар шаардлага тавихад биелүүлээгүй байна ... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д зааснаар төрийн албан хаагч Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүрэгтэй, хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1, 6.1.2-т ажлын өдрийн үргэлжлэлийг найман цаг байхаар, ажлын өдөр 08:30 цагт эхэлж, 17:30 цагт дуусахаар зохицуулсан. Иймд нэхэмжлэгч ажлын цагаар ажлын байрандаа очиж ажиллах талаар удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д нийцээгүй байна ... гэж үндэслэл бүхий дүгнэсэн.” гэж хяналтын шатны шүүхээс биднийг хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэсэн болохыг хянавал хэсэгтээ дурджээ. Харин шийдвэрлэсэн байдал буюу зүйлчлэлийг алдаатай хийснийг засаж залруулах боломжтой учир шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үздэг бөгөөд үүний агуулга нь гомдолд анхан шатны шүүх процессын алдаа гаргасан гэж дурдаагүй ч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байгаа эсэхийг шалгадаг гэсэн үг юм.
Мөн хяналтын шатны шүүхээс ч процесс алдааг анхан болон давж заалдах шатны шүүх гаргасан тохиолдолд мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасан “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах” гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой бөгөөд энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх процессын зөрчил, процессын ноцтой зөрчил огт гаргаагүй тул энэ талаар давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.
Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр буюу эцэслэн шийдвэрлэсэн хяналтын тогтоолоор Б.Б-ын нэхэмжлэлтэй хэрэг маргааныг шийдвэрлэхдээ “шүүхүүдийг процессын алдаагүй шийдвэр гаргасан” гэж үзсэн учраас зөвхөн зүйлчлэлд өөрчлөлт оруулсныг шийдвэр гаргахдаа харгалзаж үзнэ үү.
Нөгөөтээгүүр бүрэлдэхүүний шүүгч бол зүгээр нэг бэлэг тэмдэг биш юм. Шийдвэрийг хамтын зарчмаар гаргах бүрэн эрхтэйгээс гадна хурлын процесст алдаа дутагдал гарахаас сэргийлэх, хэргийн үйл баримтыг бодитой тогтоохын тулд биеэ нөхөж дэмжиж ажилладаг.
Хэрэв шүүгч бүрэлдэхүүнээр гаргасан шийдвэрийн агуулгыг нэмж танилцуулж, тайлбарлах нь алдаа гэж үзвэл дээр дурдсанчлан шүүгчийн, шүүх бүрэлдэхүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх юм.
Харин 1/шийдвэрийн хууль зүйн үндэслэлээс гадуур зөвлөлдөх тасалгааны нууцыг задалсан, 2/шүүгчдийн шийдвэр гаргахдаа баримталсан байр суурь, 3/саналын харьцааг дэлгэсэн, 4/өөрийн хувийн бодлыг илэрхийлсэн, 5/шийдвэрийн агуулгыг өөрчилж тайлбарласан зэрэг нь зөрчил мөн бөгөөд ийм зөрчил гаргасан тохиолдолд хариуцлагыг хүлээхэд бэлэн байна.
3. Шүүхийн тогтоолоор гэрч асуух шаардлагагүй гэж шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн нь нэхэмжлэгч, хариуцагч болон гэрчээс тодруулах асуулт асууж 30 орчим минут хэлэлцүүлэг явуулсан, гэрчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн эсэхийг тогтоо гэх тухайд
Гэрч асуусан тухайд өмнө нь 2026 оны 04 сарын 21-ний өдөр хариу тайлбар гаргахдаа тайлбарласан болно. Хэргийн материалыг шалгаад үзвэл шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 2 эмчийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байдаг ба 1 эмч нь гадаад улсад урт хугацаагаар сурахаар явчихсан байсан бөгөөд шүүх тогтоолоороо хүсэлтийг шийдвэрлэхдээ 1 эмчийн нөхцөл байдал ийм байна, энд байгаа 1 эмчээс нь маргаанд ач холбогдол бүхий үйл баримтын талаар мэдүүлэг өгснөөр нөхцөл байдлыг хангалттай тодруулах боломжтой болохыг тайлбарласан нь “02:25 Шүүгч Г.Урангуа: Б өрхийн эмчийн тухайд яг нэхэмжлэгчийн биеийн байдлыг үзээд нарийн ширийн өвчний онош байдаг юм уу үзсэн эмч нь л хариулах хэмжээний шаардлагатай асуудал биш шүү дээ. Эмнэлгийн магадлагааг үйлдэж өгсөн юм уу, тухайн өдөр үзүүлсэн юм уу гэдэг агуулгыг бол эрүүл мэндийн төвөөс бичиг ирсэн, гэрчээр дарга нь дуудагдсан энэ тохиолдолд зайлшгүй асуух шаардлага алга байна. Цагдаагийн ерөнхий газартай холбоотой асуудал дээр юун түрүүнд гэрчээсээ мэдүүлэг авъя. Шүүх үнэхээр тодруулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дахиад шалгаж тогтоох боломжтой.” гэж 2026 оны 01 сарын 21-ний өдрийн Шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн 7 дугаар хуудсанд тусгагдсан байна.
Мөн тэмдэглэлийн 8 дугаар хуудсанд 10:29 Даргалагч: Гэрчийг дуудаж, гэрчээс асуулт асуухад татгалзах зүйл байна уу гэхэд Талууд: Байхгүй гэж хариулсан. 9 дэх хуудсанд 12:42 Даргалагч: Гэрчийн биеийн байцаалттай танилцаж, эрх үүрэг танилцуулав гээд энэ үед 13:54 Шүүгч Г.Урангуа: Уучлаарай би тодруулчихъя. Нэгдүгээрт гэрч Монгол Улсын үндсэн хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй. Энийг танд сануулъя. Хоёрдугаарт энэ танхимд сууж байгаа хүмүүсээс дотно харилцаатай эсвэл муу харилцаатай хүмүүс байна уу? Ямар маргаанд гэрчээр дуудагдсанаа мэдэж байгаа юу? гэсний дараа хэргийн үйл баримтыг тогтоохдоо гэрчээс мэдүүлэг авах хамгийн зохистой арга зүй буюу гэрчээр өөрийнх нь мэдэж байгаа зүйлийг яриулахаар санал болгосон.
Хэрвээ үндсэн хуульд заасан үндсэн эрхийг нь гэрчид дутуу тайлбарласан, гэрч нь хэргийн оролцогчидтой хувийн байдлаар холбогдсон буюу ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь тодруулаагүй, шууд хэргийн оролцогч нарт хөтөлж, эсхүл тулгаж асуух боломж бололцоо олгосон гэж шүүх бүрэлдэхүүний 3 шүүгч буруутгагдах үндэслэл бүрдэх тул процессыг зөвтгөх алхам хийсэн бөгөөд мэдсээр байж гэрчид эрх, үүргийг бүрэн тайлбарлаж өгөхгүй байх нь харин ч процессын зөрчилд хөтөлнө. Шүүх процессын зөрчлийг залруулахын тулд, алдаа дутагдал гаргахгүйг хичээж ажиллах нь чухал уу? Эсвэл би нэг асуудалд орох магадлалтай учраас энэ хэрэгт идэвхгүй байя гээд процессын алдаа зөрчлийг хайхрахгүй орхих нь харин санаатай зөрчил гэж үзэж байна.
Хурлын бусаар буюу хурлыг хойшлуулав гэж шийдвэрлэсний дараа хэргийн оролцогчдын саналыг асууж, нэгэнт шүүхийн байранд хүрэлцэн ирсэн гэрчээс мэдүүлэг авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.6-д “Шүүгч гэрчээс мэдүүлгийг урьдчилан авах, эсхүл давтан асууж болно” гэсэн хуулийн зохицуулалтад үндэслэсэн тул гэрчийг асуухдаа хууль зөрчөөгүй юм.
Нөгөөтээгүүр шүүх хуралдааны тэмдэглэлээс бодит үйл баримтыг тодорхойлох боломжтой, шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсний дараа хурлын бусаар /албан ёсны шүүх хурал биш ч гэсэн хэргийн оролцогчдыг болон гэрчийг дахин дахин чирэгдүүлэхгүйн үүднээс хурлыг хаасны дараа, эсхүл шүүх хуралдаангүй өдөр хэргийн оролцогчид болон гэрчийн цаг зав, боломжид нийцүүлэн хуралдааны танхимд бичлэг хийгээд гэрчийн мэдүүлгийг нарийн бичгийн даргатайгаа авдаг практик бий. 100.6-д заасан зохицуулалтыг захиргааны хэргийн анхан шатны шүүх ийм байдлаар хэрэгжүүлж байна. Энэ нь хуулийн зохицуулалтаас гажаагүй, даваагүй, шүүгчийн эрх хэмжээний асуудал билээ./ гэрчийг асуухдаа шууд тэмдэглэлээ үргэлжлүүлэн бичсэн нь сахилгын зөрчил, алдаанд хамаарахгүй гэж үзэж байгаа бөгөөд тэмдэглэлийн тухайд ялангуяа бүрэлдэхүүний шүүгч нар ямар хэлбэрээр, ямар агуулгаар бичигдсэнд хяналт тавьдаггүй.
Дээрх үндэслэлүүдээр тодруулах шаардлагатай асуудалд өөрийн зүгээс хариу тайлбар гаргаж байна. Хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой тул дараах хүсэлтүүдийг гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Б-с гаргасан өргөдөлд Сахилгын хорооны гишүүн С.Энхтөр 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/0116, 12 дугаар сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/0141, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ГЗҮ/2026/0014 дүгээр захирамжаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Цэрэндэжид, Ж.Мөнхдэлгэр нарт сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Мөн тус иргэнээс гаргасан өргөдөлд Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГЗҮ/2025/0138 дугаар захирамжаар тус шүүхийн шүүгч Г.Цэрэндэжид, Г.Урангуа нарт сахилгын хэрэг үүсгэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан шалгах ажиллагаа явуулаад, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2026/0028 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн СХТ/2026/0027 дугаар тогтоолоор хүчингүй болгож, илтгэгч гишүүнд буцаасан.
Үүний дараа дээрх хэргүүдийг гишүүний 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ГЗБ/2026/0226 дугаар захирамжаар нэгтгэн, шалгах ажиллагаа явуулаад, 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2026/0059 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн СХТ/2026/0072 дугаар тогтоолоор мөн хүчингүй болгож, илтгэгч гишүүнд буцаажээ.
Илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагааг явуулаад, 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГС/2026/0090 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Өргөдөл гаргагч нь шүүгч Г.Цэрэндэжидэд холбогдуулан “хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг шаардан гаргуулсан, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг удаан хугацаагаар дарсан, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ эрхээ хэтрүүлсэн, нотлох баримт, хариу тайлбар ирүүлэхийг холбогдох газраас шаардаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах даргалагчийн үүргээ хэрэгжүүлээгүй, шүүгчийн 2025.08.22-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийг өөрчилж бичсэн, тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, хэргийн оролцогчоос хүсэлт гаргаагүй байхад Б.Э-г гэрчээр оролцуулсан, шүүгчийн туслахад албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн, ажлын хэсгийн эрх зүйн байдлыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан” гэж,
шүүгч Ж.Мөнхдэлгэрт холбогдуулан “шүүгчийн 128/ШЗ2025/... дугаар захирамжаар шийдвэрлэсэн ажиллагааг явуулахдаа хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн” гэж,
шүүгч Г.Урангуад холбогдуулан “гэрчийн өгсөн мэдүүлгийн талаар гэрчээс удаа дараа шаардан асуусан, шүүх хуралдааны явцад хариуцагч талд хууль зүйн зөвлөгөө өгсөн, даргалагчтай хамтарч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэн хууль зөрчсөн, татгалзан гарах үүргээ хэрэгжүүлээгүй” гэж өргөдөл гаргасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, иргэн Б.Б-с ... даргад холбогдуулан “Тус газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалдулам 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2024/... дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх магадлалд дурдсан үндэслэлээр дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 128/ШШ2025/... дүгээр шийдвэрээр “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ... даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ... даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б-д сахилгын шийтгэл оногдуулах тухай” З7 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Б-г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 281/МА2026/... дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Улсын дээд шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2026/... дүгээр хяналтын тогтоолоор ... даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ... даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б-д сахилгын шийтгэл оногдуулах тухай” З7 дугаартай захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр өөрчлөн, мөн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актуудыг хүчингүй болохыг дурдсан байна.
Шүүгч Г.Цэрэндэжид, Ж.Мөнхдэлгэр нарын тухайд,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ЗТ2025/0703 дугаар “Хэрэг хуваарилах тухай” тогтоолоор Б.Б-ын нэхэмжлэлтэй, ... даргад холбогдох захиргааны хэрэг шүүгч Г.Цэрэндэжидэд хуваарилагдсан ба шүүгчийн ээлжийн амралттай холбоотойгоор хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ЗТ2025/0969 тогтоолоор шүүгч Ж.Мөнхдэлгэрт шилжүүлж, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ЗТ2025/1058 тоот тогтоолоор шүүгч Г.Цэрэндэжидэд хэргийг буцаан шилжүүлсэн байна.
1. Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхээр шүүгч Г.Цэрэндэжид нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, мөн өдрийн 128/ШЗ2025/... дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн “Төрийн албаны зөвлөл болон ... Тамгын газраас албан тушаалын тодорхойлолтууд гаргуулах, нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажлын цагийн бүртгэл, 2024 оны 02 дугаар сарын хоёрдугаар хагасын цалингийн мэдээлэл, 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсний тооцоолол, ээлжийн амралтын цалин хөлс олгосон баримтыг гаргуулах”, хариуцагчийн “Хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Д-г гэрчээр асуулгах, Б.Б-д өгсөн үүрэг даалгаврыг тэмдэглэсэн дэвтэр болон Ц.Д-ийн гар утсанд үзлэг хийлгэх, нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Ш” ӨЭМТ-д үзүүлсэн эсэхийг тодруулах” хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэжээ.
1.1.Захирамжийн дагуу шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01/6388 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлөөс ... Тамгын газрын ажилчдын албан тушаалын тодорхойлолтыг 2020 онд баталснаас хойш дахин шинэчлэн боловсруулсан, баталсан эсэх, энэ талаар тус газраас зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.” 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцсэн байна.
Учир нь нэхэмжлэгч “хэрэгт авагдсан албан тушаалын тодорхойлолтууд 2020 онд батлагдсан, 2023 онд байгууллагын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан учраас албан тушаалын тодорхойлолтууд шинэчлэн батлагдсан байх ёстой, үүгээр ажлын хэсэгт орсон албан хаагчид миний дээд албан тушаалтан биш болсныг нотолно” гэж хүсэлт гаргасан байх тул үйл баримтын цаг хугацаанд хамаарах баримтуудыг гаргуулахаар шаардсаныг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэхгүй.
1.2.Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан нэг үндэслэл нь Тамгын газрын даргаас Б.Б-д 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэлтсийн дарга Г.Б-ээр дамжуулан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дүрэм болон түүнд сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 14 хоногийн дотор монгол хэл рүү орчуулах үүргийг өгсөн боловч биелүүлээгүй, нэхэмжлэгчийг тухайн өдөр ажилдаа ирсэн боловч эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд гараад явсан гэж, харин нэхэмжлэгчээс тус өдөр ажиллаагүй бөгөөд эмнэлгийн магадалгаатай байсан гэж маргадаг тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтэд үндэслэн уг хэргийн маргааны үйл баримт, хэргийн оролцогч нарын тайлбар, татгалзлын үндэслэлд хамааралтай баримт болох 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн эсэх лавлагааг гаргуулж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үүрэг даалгавар өгсөн гэх дэвтэрт үзлэг хийхээр шийдвэрлэснийг буруутгахгүй.
Мөн шүүгч Г.Цэрэндэжид нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Ш” ӨЭМТ-д үзүүлсэн эсэх талаар үзлэг хийлгэх” хүсэлтийг шүүхээс үзлэг хийх бус тайлбар, баримт гаргуулах агуулгаар хангасан болохоо захирамждаа тусгасан байх бөгөөд шүүгч Ж.Мөнхдэлгэр нь уг агуулгын хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 712 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус эмнэлэгт хэдэн цагт, ямар чиглэлээр эмнэлгийн тусламж авсан талаарх баримтыг гаргуулахаар “Ш” өрхийн эрүүл мэндийн төвд хүргүүлсэн байх тул илтгэгч гишүүний “... шүүгчийн захирамжтай утга, агуулгын хувьд зөрүүгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Түүнчлэн, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т зааснаар хувь хүний нууцад хамаарах эрүүл мэндийн талаарх мэдээллийг нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасны дагуу тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргаж өгөх зорилгоор боловсруулах, түүнийг цуглуулахыг хориглоогүй байна.
1.3. Нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан нотлох баримтыг гаргуулахаар ... Тамгын газарт 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/6389 дугаартай албан бичгийг хүргүүлж, хариуг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ТГ-1/481 дүгээр албан бичгээр тайлбар гаргаж, баримтын хамт ирүүлсэн байх тул шүүгчийг нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэхгүй.
Шүүгч тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ямар баримтыг ач холбогдолтой, шаардлагатай гэж үзсэн болох, нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, уг баримт болон тайлбарт агуулагдаж байгаа мэдээллийн үнэн зөв эсэхийг үнэлж дүгнэн шийдвэрлэх эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заан олгосон.
Харин хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж дүгнэсэн байдал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд нь хуулийн шаардлага хангасан эсэх, тухайн хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход хангалттай эсэх зэрэг хууль зүйн үндэслэлийг хянаж шийдвэрлэх эрх нь дээд шатны шүүхэд хадгалагддаг болно.
1.4. Мөн маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтэд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128ШШ2023/... дугаар шүүхийн шийдвэрээр ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоож нөхөн олговор олгохоор тогтоосон боловч түүнийг биелүүлэхэд талууд хамтарч ажиллах, тооцоо нийлэх зайлшгүй шаардлагатай байсаар байтал 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд уулзаж ярилцахаар дуудахад ирээгүй, тооцоо нийлэх уулзалтад оролцоогүй” гэж дурдсан тул уг үндэслэлд холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/5787 дугаар албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэн нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан эсэхийг тодруулсан нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгэсэн үндэслэлд хамаарна.
Холбогдох газраас шүүхийн тогтоосон хугацаанд баримтыг ирүүлээгүй боловч нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд дурдсан шүүхийн шийдвэрийн биелэлттэй холбоотой асуудлыг шүүхээс тодруулж байгаа тул түүний хариуг ирүүлсний дараа жич шийдвэрлэхээр дээрх захирамждаа тусгасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Харин “шүүгч Г.Цэрэндэжидийг ээлжийн амралттай байх хугацаанд шүүгчийн туслахаас уг баримтуудыг гаргуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас лавлахад “уг бичгийг боловсруулж буй ажилтан нь чөлөөтэй байгаад хугацаа алдсан, одоо уг баримтыг явуулахаар бэлдэж байгаа” талаар мэдэгдсэн байсан” гэж дахин албан бичгээр шаардаагүй болохоо шүүгч Ж.Мөнхдэлгэр тайлбарласан ба 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар нотлох баримт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, дээрх нотлох баримтыг дахин шаардсаны дагуу тус газраас 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4-200/24690 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн байна.
Дээрх байдлаар нотлох баримтыг цуглуулахад хугацаа алдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй холбогдох байгууллагаас шалтгаалсан байх тул шүүгч нарыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шууд дүгнэх боломжгүй.
1.5. Хариуцагч Д.Б нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар А.З-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон оролцуулж байгааг хууль бус, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл ирүүлээгүй гэж нэхэмжлэгч тус өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба шүүгч Г.Цэрэндэжид А.З-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох боломжтой гэж үзэн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д зааснаар захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөх ба Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.” гэж зохицуулсан тул хариуцагч ... даргын шийдвэрээр А.З-г тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон нь хуулийн дээрх заалтад нийцсэн гэж үзнэ.
Мөн захиргааны байгууллага, албан тушаалтнаас олгох итгэмжлэл (удирдах албан тушаалтны шийдвэр)-ийн тухайд нотариатаар гэрчлүүлсэн байхыг тухайлан шаарддаггүй тул шүүгчийг хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхийг шалгах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.
2. Нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авч, үлдсэнийг хүлээн авахаас татгалзаж, хамтран хариуцагч татах тухай” 128/ШЗ2025/... дугаар захирамжаар шийдвэрлэн, ... даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийг хамтран хариуцагчаар татсан байна.
2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг зохицуулсан байх ба мөн хуулийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.” гэж заасан.
Шүүхийн сахилгын хороо нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын “... даргын 2024 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” хэсгийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийхгүй бөгөөд шүүгч тухайн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнд хавсаргасан баримтын хүрээнд тэдгээрийг үнэлж дүгнэн шийдвэрлэх нь түүний бүрэн эрхэд хамаарна.
Харин нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар шүүгчийн захирамжийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан хэсэгт давж заалдах журмаар гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой байжээ.
2.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаар тогтоолоор батлагдсан Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.5, 5.1-т тус тус зааснаар шүүгчийн туслах нэхэмжлэл болон захирамжийг хариуцагчид гардуулах үүргийг хүлээн ажилладаг бөгөөд шүүгч Ж.Мөнхдэлгэр 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/6517 дугаар албан бичгээр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хүргүүлэхдээ дээрх захирамжийг хавсаргаагүй нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарах тул шүүгчийг энэ үндэслэлээр буруутгахгүй.
2.3. ... даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг (Г.Д, Л.М, Н.С)-ийн гишүүн Л.М 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, ажлын хэсгийн ахлагч Г.Д 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичгээр тайлбар ирүүлсэн, харин ажлын хэсгийн гишүүн Н.С 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзнэ.
Мөн тус ажлын хэсэгт ажилласан албан хаагч Н.С нь тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан гэж үзэх боломжгүй болсон тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Шүүгч Г.Цэрэндэжид нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 02-ны өдөр хийхээр товложээ.
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Шүүгч дараахь хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ: 70.1.1. нотлох баримт, гаргуулах хасуулах;”, 70.8-д “Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно.” гэж заасан.
Нэхэмжлэгч 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “... Тамгын газрын 2021, 2023 оны бүтцийн өөрчлөлтүүд хуульд нийцсэн эсэх, дээрх бүтцүүдийн дагуу шинэ албан тушаалд ажиллаж эхэлсэн Г.Д, Н.С, Л.М нарын шинээр бий болсон албан тушаалуудын тодорхойлолтууд болон нэхэмжлэгч миний дээд шатны албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан Г.Б-ний албан тушаалын тодорхойлолт батлагдсан эсэхийг тодруулах” хүсэлт гаргасан байна.
Шүүгч Ж.Мөнхдэлгэр “...2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17:20 минутад “Нотлох баримт гаргуулах” хүсэлт гаргасныг ... хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар материалтай ... бүрэн танилцаж хүсэлтийг шийдвэрлэхээр судалж байх явцад ... шүүгч Г.Цэрэндэжид хугацаанаасаа өмнө ажилдаа орсон...” гэж тайлбарласан ба шүүгч Г.Цэрэндэжид 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа ороход нэхэмжлэгчээс 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргажээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ЕШ2025/... дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаар захирамжаар хангасан байна.
Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй удаан хугацаагаар дарсан гэх өргөдөл үндэслэлгүй бөгөөд боломжит хугацаанд урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, хүсэлтийг хянан хэлэлцсэн байна.
Мөн тус өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийхээр товлосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан үндэслэлд хамаарч байх тул өргөдөл гаргагчийн “шүүх хуралдааныг товлон зарлах нөхцөл бүрдээгүй байхад шүүх хуралдаан товлосон” гэх өргөдөл үндэслэлгүй.
3.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2025/... дугаар захирамжаар хангаж, тэмдэглэлд засвар оруулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн.88 дугаар зүйлийн 88.5-д “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан хугацааг хэтрүүлэн тэмдэглэлд засвар оруулсан байх боловч тус хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөхөөр заасан тул тэмдэглэл зөрүүтэй бичигдсэн үйл баримтаар шүүгчийг зохиож бичсэн гэж дүгнэх боломжгүй юм.
Гэвч цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хуульд заасан тодорхой хугацааг баримтлах шаардлагатайг анхаарах нь зүйтэй.
4. Шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаар захирамжаар ... Тамгын газрын нягтлан бодогч Б.Э-с гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэж, 10 дугаар сарын 22-ны өдөр уг ажиллагааг хийсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заасан ба шүүгчээс “Уг хэрэгт нэхэмжлэгчээс “2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 3,108,105 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,276,676 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Шүүхээс дээрх цалин хөлсийг олгосон эсэх, хэрхэн тооцож олгосон нь уг хэрийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж тус газрын нягтлан бодогч Б.Э-с гэрчийн мэдүүлэг авхуулахаар дуудсан” гэж тайлбарласан.
Уг ажиллагааг заавал хэргийн оролцогчийн хүсэлтээр хийхээр зохицуулаагүй бөгөөд шүүхийн нотлох баримт цуглуулах хуулиар хүлээсэн үүрэгт хамаарах ажиллагаа тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.
5. Өргөдөлд “... Хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлж шүүгчид хуваарилснаас хойш 91 хоног өнгөрсөн байхад өнөөдрийг хүртэл хэргийг хянан шийдвэрлээгүй бөгөөд шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлгээ ч товлоогүй ...” гэж дурдсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол хэргийг тухайн шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.”, 63.3-т “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн зөрчил боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;” гэж заасанд хамаарахгүй байна.
Тодруулбал, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь “удаа дараа” эсхүл “ноцтой” гэсэн урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд зөрчилд тооцогдох бөгөөд шүүгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх хугацааг зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, мөн хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулахад хугацаа их шаардсан нь шүүхийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авч тодорхой ажиллагаа явуулсан, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн, үндсэн хугацаанд багтаан шүүх хуралдаан товлох болон бусад хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан зэрэг шүүгчийн үйлдэл нь хуулийн “ноцтой” байх нөхцөлийг үүсгээгүй байна гэж үзлээ.
Шүүгч Г.Цэрэндэжид, Г.Урангуа нарын тухайд,
Тус захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Цэрэндэжид, Г.Урангуа, О.Батсүх нар томилогдсоныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ЕШ2025/... дугаар захирамжаар албажуулсан байна.
1. Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, нэхэмжлэгчээс гаргасан “нотлох баримт гаргуулах, нэр бүхий гэрчээс мэдүүлэг авхуулах” хүсэлтийг хэрэгсэхгүй болгон, ... даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн эрх зүйн байдлыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
1.1. Шүүгч Г.Цэрэндэжидийн туслах М.Б 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн гар утасны дугаараас “шүүгч татан буугдсан шийдвэр байхгүй бол ажлын хэсгийн 2 хүнээ хуралдаа оруул гэнээ” гэсэн мессежийг андууран нэхэмжлэгч рүү явуулсан байна.
Хариуцагч ...даргаас 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар ажлын хэсгийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ... Тамгын газрын дэд дарга бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга Г.Д, А.З нарыг оролцуулахаар итгэмжлэл ирүүлсэн боловч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/51 дүгээр “итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-г хассан” өөрчлөлт бүхий захирамж ирүүлсэн талаар шүүгчийн туслах М.Б-с шүүгчид танилцуулжээ.
Энэ талаар шүүгчээс “... шүүгчийн зүгээс шүүгчийн туслах М.Б-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн зохицуулалтыг тайлбарлан, уг хэргийн тухайд, хариуцагчаар татагдсан Ажлын хэсэг татан буугдсан /чиг үүргээ хэрэгжүүлж дууссан/ эсэхийг тодруулах, хэрэв ажлын хэсэг татан буугдаагүй /чиг үүргээ хэрэгжүүлж дуусаагүй гэж үзвэл/ хариуцагч ажлын хэсгийг (ажлын хэсгийн гишүүд болон ахлагч Г.Д)-ийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хариуцагчтай холбогдож шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн ...” гэж тайлбарласнаас үзэхэд, шүүгчийн туслах нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 89.3.1.шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах, 89.3.2.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх, 89.3.7.шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох" гэж заасан чиг үүргийнхээ дагуу дээрх үйлдлийг хийсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, шүүгчийн туслах нь шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох үүрэгтэй, энэ үүргийнхээ дагуу хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх, зайлшгүй оролцуулах шаардлагатай этгээдийг дуудан ирүүлэх ажлыг хийдэг учраас шүүгч хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүгчийн туслахад үүрэг чиглэл өгсөн, шүүгчийн туслахаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хамтран хариуцагчаар татагдсан ажлын хэсэг /гишүүдийг/ шүүх хуралдаанд оролцуулах талаар мэдэгдсэн нь шүүгч хэргийн нэг талтай уулзаж харилцсан, өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн, хариуцагчид хууль зүйн зөвлөгөө өгсөн гэх сахилгын зөрчилд хамаарахгүй.
1.2. Мөн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад холбогдуулан маргаан бүхий дүгнэлтийг гаргасан ажлын хэсгийг хамтран хариуцагчаар татсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус ажлын хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэгт зааснаар байнгын бус буюу нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж улмаар дүгнэлт гаргасан байх тул түүний эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэн шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг хойшлуулсан.
... даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар хамтран хариуцагчаар татагдсан ажлын хэсгийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажлын хэсгийн ахлагч Г.Д болон төлөөлөгчөөр оролцож байгаа А.З нарыг томилохдоо ажлын хэсэг нь татан буугдсан эсэх, татан буугдсан бол эрх залгамжлагч томилох эсэхээ тодорхой заахгүйгээр итгэмжлэл ирүүлсэн байна.
Иймд хамтран хариуцагчаар татагдсан ажлын хэсэг татан буугдсан эсэх эрх зүйн байдлыг холбогдох баримтаар тогтоосны дараа процессыг зөвтгөж итгэмжлэлийг засуулан авах шаардлагатай гэж үзэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн тогтоолын агуулгыг даргалагч уншиж танилцуулан өөрийн тайлбарыг хэлсний дараа шүүгч Г.Урангуа нэмж тайлбар хэлсэн ба үүний дараа дахиж даргалагч шүүгч тогтоолын үндэслэлийг нэмж тайлбарласан болох нь тогтоогдсон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана.” хэмээн тус тус зохицуулснаас үзэхэд, даргалагчийн процессын чиг үүргийг тодорхойлсон, шүүхийн шийдвэрийг ойлгомжтой тайлбарлах ерөнхий үүргийг “шүүгч, шүүх бүрэлдэхүүн”-д хамааруулсан ба бүрэлдэхүүний бусад гишүүн тайлбар хийхийг хориглосон, эсхүл зөвхөн даргалагч тайлбар өгөх онцгой эрхтэй болохыг илэрхийлээгүй байх тул шүүгчийг “даргалагч бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг танилцуулах явцад зөвшөөрөлгүй тайлбар хэлсэн” гэж үзэхгүй.
1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно." гэж заасан.
Илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэгээр шүүх бүрэлдэхүүн хуралдаанд идэвхтэй байдлаар оролцож, бүрэлдэхүүний шүүгч Г.Урангуа хамтран хариуцагчийн итгэмжлэлийн талаар оролцогчдоос асуусан асуултууд нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн, шүүгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарын үндэслэл, шаардлага хариуцагчийн хариу тайлбар зэргийн талаар тодруулахаар асуулт асуусан, дээрх хуулийн зохицуулалтыг тайлбарласан болох нь тогтоогдсон байх тул түүнийг хэргийн нэг талд зөвлөгөө өгсөн гэж дүгнэхээргүй байна.
Харин нэхэмжлэгчээс уг шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч Г.Урангуагийн дээрх асуултууд нь тусгагдаагүй гэж засвар оруулах тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан байх ба шүүгч Г.Цэрэндэжидийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаар захирамжаар засвар оруулж шийдвэрлэжээ.
Мөн өргөдөл гаргагч нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд зөрүүтэй бичигдсэн талаар өргөдөл гаргасан ба эдгээр нөхцөл байдлыг илтгэгч гишүүн шалгахад, шүүх хуралдааны явцад харилцсан яриа бичгээр албажиж гарсан шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн гүйцэт тусгагдаагүй байх хэдий ч тэмдэглэл хөтлөх үүрэгтэй шүүхийн захиргааны албан хаагч санаатайгаар хасаж бичсэн, зарим хэсгийг тусгалгүй албажуулах талаар хөндлөнгөөс хэн нэгэн этгээд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлж, бэлэн болгох үүрэгтэй тул энэ үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй боловч тэмдэглэлийг баталгаажуулахдаа үг үсэг, утга найруулга, яригдсан зүйлс бүрэн тусгагдсан эсэхийг хянахад анхаарвал зохино.
1.4. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Ж.Л, Э.Б нараас гэрчийн мэдүүлэг авахаар шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2025/... захирамжаар шийдвэрлэж, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Ж.Л ирсэн байна.
Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс "Ш" ӨЭМТ-ийн дарга Ж.Л-ийн Цагдаагийн ерөнхий газарт гаргасан мэдүүлгийг гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд тус иргэн нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр шүүх хуралдаанд өөрийн биеэр ирсэн тул дээрх мэдүүлгийг гаргуулах шаардлагагүй гэж үзэж, шүүх бүрэлдэхүүн гэрчээс хууль сануулсны үндсэн дээр мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэн тэмдэглэлд тусган баталгаажуулжээ.
Уг ажиллагааг шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсний дараа хэргийн оролцогчдын саналыг асууж, нэгэнт шүүхийн байранд хүрэлцэн ирсэн гэрчээс мэдүүлэг авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.6-д “Шүүгч гэрчээс мэдүүлгийг урьдчилан авах, эсхүл давтан асууж болно” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй, харин хуралдааны бус үед гэрчийг асууж байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд үргэлжлүүлэн тусгасан шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үйлдэлд анхаарах шаардлагатай.
Харин нэхэмжлэгчээс гаргасан “Д.Д, Б.Э нараас дахин гэрчийн мэдүүлэг авах” хүсэлтийг хэлэлцэн, шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Ж.Л-г гэрчээр асуусан үйл баримтад “шүүхийн тогтоолоор гэрч асуух шаардлагагүй гэж шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн нь гэрчээс тодруулах асуулт асуусан” гэх үндэслэл хамааралгүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд нэхэмжлэгчийн аав гомдол гаргасан бөгөөд Ж.Л мэдүүлэг өгөхдөө "шүүхэд хүргүүлсэн бичигтээ алдаж бичсэн" гэж хэлсэн талаар тайлбарласан, шүүгч Г.Урангуа энэ үндэслэлийнх нь хүрээнд нэхэмжлэгчээс цагдаад хандсан асуудал нь шийдвэрлэгдэж дууссан эсэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг гомдлын талаар тодруулан асуулт тавьсныг зүй бус авирласанд тооцохгүй.
Тодруулбал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан дүгнэлт гаргасан мэт ойлголт төрүүлэх асуулт асуух, үг хэлэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргасан тохиолдолд үүнийг “зүй бус авирласан”-д тооцохоос бус шүүх хуралдааны явцад хүсэлтэд дурдсан асуудлын талаар тодруулсан үйлдлийг тооцохгүй тул шүүгч Г.Цэрэндэжидийг бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.
Мөн шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогч болон бусад этгээдэд буруу ойлгогдох зохисгүй үг хэллэг хэрэглээгүй, биеийн хэлэмж, үйл хөдлөл үзүүлээгүй ба зүй бус үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал үүсээгүй болох нь илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна.
1.5. Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ... Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ний албан тушаалын тодорхойлолтыг гаргуулах хүсэлтийг дахин гаргасан ба шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/Ш32025/... дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу шүүхээс хариуцагчид хаяглаж 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/7752 дугаар албан бичгээр албан тушаалын тодорхойлолтыг шаардаж, ... Тамгын газраас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ТГ-1/590 дугаар "Тайлбар гаргаж, нотлох баримт хүргүүлэх тухай" албан бичиг, түүний хавсралтыг шүүхэд ирүүлсэн, мөн шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчаас албан бичгээр холбогдох баримтуудыг шаардсан байх ба ... Тамгын газраас 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТГ-1/604 дугаартай албан бичиг, түүний хавсралтыг ирүүлжээ.
Эдгээрээс дүгнэж үзвэл, шүүх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг хэрэгжүүлсэн бөгөөд шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж нэхэмжлэгчээс дахиж гаргасан хүсэлтийг бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэхдээ хэрэгсэхгүй болгосон нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд хамаарахгүй.
1.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно”, 27.8-д “Захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөх бөгөөд энэ хуулийн 27.7 дахь хэсэг хамаарахгүй”, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.” гэж тус тус зааснаар хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой тул ... дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З нар хамт шүүх хуралдаанд оролцсон нь хууль зөрчөөгүй байна.
1.7. Тус өдрийн шүүх хуралдаанд шүүгч Г.Урангуа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-г таньдаг, өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа А.З өмгөөлөгчийн хүсэлтээр сэжигтэнд хууль зүйн туслалцаа үзүүлж байцаалтад сууж байсан, дотно харилцаа холбоогүй талаараа мэдэгдэж, хэргийн оролцогчдыг шүүгчийг татгалзан гаргах эрхээр хангасан ба шүүгчийг татгалзан гаргах хүсэлт хэргийн оролцогчдоос гаргаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5-д зааснаар шүүгч ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэж заасан.
Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3-д “... “ашиг сонирхлын зөрчил” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно.
... “үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно.
Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж тайлбарласантай шүүгчийн дээрх үйлдэл нийцсэн байна.
Мөн шүүгч Г.Урангуа нь 2022 онд шүүгчийн тангараг өргөсөн гэх ба энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацааны хязгаарлалтад хамаарахгүй болсон байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Цэрэндэжид, Ж.Мөнхдэлгэр, Г.Урангуа нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГС/2026/0090 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Цэрэндэжид, Ж.Мөнхдэлгэр, Г.Урангуа нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
О.НОМУУЛИН