
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2023-04-13
Дугаар 7
Улаанбаатар хот
Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай
Хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-аас Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар магадлалыг эс зөвшөөрч, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан гомдлыг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар магадлалаар:
“...Холбогдогч шүүгч Т.Э-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “...нэхэмжлэг, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааны дагуу нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэх бүрэн эрх нь хуулиар олгогдсон боловч шүүгчийг татгалзан гарах хүсэлттэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлээгүй байхад шүүгч нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
Мөн шүүгч шийтгэвэр гаргалгүйгээр захирамжаар нэхэмжлэгч талд торгууль оногдуулсан, түүнчлэн нэхэмжлэгч талд торгууль оногдуулахдаа гомдол гаргах боломжоор хангаагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэн Сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГНД/2023/0004 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулж...” шийдвэрлэжээ.
Шүүгч Т.Э Сахилгын хороонд ирүүлсэн гомдолдоо:
“... Д ХХК-иас шүүгч миний биед холбогдуулан гаргасан гомдлыг сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа шалгаж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГНД/2023/0004 дугаартай “сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” гаргасныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.7-д зааснаар шүүгч миний биед хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүгч миний бие энэхүү магадлалын “үндэслэх” хэсгийн хоёр, гурав гэж дугаарласан хэсэгт дүгнэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Магадлалын “хоёр” гэсэн хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар ... нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэх бүрэн эрх нь хуулиар олгогдсон боловч шүүгчийг татгалзан гаргах хүсэлттэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлээгүй байхад шүүгч нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байгаа нь сахилгын зөрчилд хамаарахаар байна гэж илтгэгч гишүүн үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар ...бүрэлдэхүүн гомдлыг хянан хэлэлцээгүй, гомдол шийдвэрлэх хуралдааны тов тогтоосон байхад шүүгч нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь сахилгын зөрчил гэж илтгэгч гишүүн үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна гэжээ...”
Үндэслэл: 2022 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзсаныг шүүх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4509 дүгээр шүүгчийн захирамжаар “...91.1.3-т заасан үндэслэл баримтаар тогтоогдохгүй, ...шүүгчээс явуулж байгаа хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгчийг татгалзан гаргах хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй... ...хүсэлтийг хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т зааснаар хүлээн авах боломжгүй..., харин тухайн шүүхэд гомдол гаргах эрхээр хангая...” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10:30 цаг хүртэл хойшлуулсан байна.
Нэхэмжлэгч тал энэхүү шүүгчийн захирамжид 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тухайн шатны шүүхэд гомдол гаргасан, тухайн шатны шүүх гомдлыг хэлэлцээгүй байхад товлогдсон шүүх хуралдаан болсон бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5378 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.
Харин гишүүний нотлох дүгнэлт болон магадлалаар шүүгч миний биеийг хуулийн чухам аль заалтыг зөрчсөн гэж үзсэн үндэслэлийн талаар тодорхой бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогтой уялдуулан дүгнээгүй гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 171 дүгээр зүйлийн 171.1-д “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч тал хурлын товыг хуульд заасан журмын дагуу нэгэнт мэдсэн, баримтад гарын үсэг зурсан мөртлөө товлогдсон шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, баримтыг огт ирүүлээгүй тул шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу ирцийн шатанд бусад оролцогчдын саналыг сонсож нэхэмжлэлийг буцаасан нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа хэлбэр биш бөгөөд нэхэмжлэгч талд нэхэмжлэлээ дахин гаргах эрх нээлттэй үлдэнэ. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд зохигчид шүүх хуралдаанд заавал, биечлэн ирэх үүрэгтэй. Иймд шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг буцаах хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.
Харин нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 4227 дугаар шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлд заасны дагуу хянан хэлэлцэх эсэх нь тухайн гомдлыг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүх бүрэлдэхүүнд хамааралтай бөгөөд шүүх бүрэлдэхүүн нь тухайн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж, шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэдэг. Тухайн шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцээгүй байсан нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5378 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаах, эсэх асуудлыг шийдвэрлэхэд хориглож, хязгаарласан үндэслэл болохгүй юм.
Улмаар тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 112 дугаар тогтоолоор “...нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнгүй гэсэн үндэслэлээр шүүгчийг татгалзаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй...” гэх үндэслэлээр 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4509 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Шүүх хуулийг агуулга, зорилгоор нь тайлбарлан хэрэглэдэг бөгөөд шүүх нэхэмжлэгч талын тухайн шүүхэд гомдол гаргах эрхээр хангасан, ийнхүү нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлж, түүний гаргасан гомдлыг тухайн шатны шүүх хянан хэлэлцсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн зөрчилд огт хамаарахгүй, сахилгын зөрчил болох үндэслэлгүй юм. Шүүхийн тухай хуулийн энэхүү заалтыг хэрхэн, зөв, нэг мөр ойлгох талаар Улсын дээд шүүхээс албан ёсоор тайлбар гараагүй, хэт ерөнхий зохицуулалт байх бөгөөд энэхүү ойлголтод шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль хэрэглээг хамруулах нь зохимжгүй бөгөөд дээр дурдсан нэхэмжлэлийг буцаасан ажиллагаа нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл биш юм. Иймд магадлалын “хоёр” гэсэн хэсэгт заасан үндэслэлээр шүүгч миний биеийг буруутгасныг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй болно.
2. Магадлалын “гурав” гэсэн хэсэгт ...холбогдох шүүгч шийтгэвэр гаргалгүйгээр захирамжаар нэхэмжлэгч талд торгууль оногдуулсан, түүнчлэн нэхэмжлэгч талд торгууль оногдуулахдаа гомдол гаргах боломжоор хангаагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж илтгэгч гишүүн дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул сахилгын зөрчил гаргасан байна гэжээ...
Үндэслэл: 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нотлох баримт бүрдүүлэх, гэрч оролцуулах зэргээр хүсэлт гаргасан бөгөөд шүүх 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13086 дугаар шүүгчийн захирамжаар уг хүсэлтүүдээс зарим хүсэлтийг хангаж, зарим хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэсэн, түүнчлэн шүүхээс нэхэмжлэгч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж, удаашруулж, шүүхийг үл хүндэтгэсэн үйлдлүүдийг тайлбарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97.2-т зааснаар мөнгөн торгуулийн арга хэмжээ авах үндэслэл тогтоогдож байгааг дурдан, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг сонсож, нэхэмжлэгч Д ХХК-ийг 100,000 төгрөгөөр, төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Ц нарыг тус бүр 50,000 төгрөгөөр торгож, “хүсэлт шийдвэрлэн, мөнгөн торгууль оногдуулж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамж гарсныг танилцуулан хуульд зааснаар уг шүүгчийн захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй болохыг тайлбарласан.
Үүний дараа нэхэмжлэгч тал 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дүгээр шүүгчийн захирамжаар “...шүүгчийн захирамж илт үндэслэл муутай гэх ойлголтод хамаарахгүй, ...шүүх зохигчдын хүсэлтээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж үзэн хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэсний зэрэгцээ уг шүүгчийн захирамжид “...нэхэмжлэгч тал шүүхийг үл хүндэтгэж, шүүхээс гаргасан шийдвэр бүрийг эсэргүүцэх, өөртөө таалагдсан шийдвэр гаргуулахаар удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байгаа нь шүүхэд болон шүүгчид нөлөөлөхөөр оролдож байгаа үйлдэл...” гэж үзэхээр байгааг дурдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “хуульд зааснаар торгууль оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гарган зөрчил гаргасан этгээдийг зуун мянга хүртэл төгрөгөөр торгоно”, 97 дугаар зүйлийн 97.2-т “энэ хуулийн 97.1-д зааснаас бусад тохиолдолд торгууль оногдуулах асуудлыг шүүгч зөрчил гаргасан этгээдийг дуудан ирүүлж шийдвэрлэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түүний ирээгүй явдал шийтгэвэр гаргахад саад болохгүй” гэж тус тус зохицуулсан.
Хэдийгээр хуульд “шийтгэвэр” гэсэн нэр томьёо тусгагдсан байх боловч иргэний шүүхийн хувьд шүүгчийн захирамж, шийтгэвэр хоёрын аль алинаар зохигчдод мөнгөн торгуулийн арга хэмжээ авч байгаа практик байна. Тухайлбал, манай шүүхийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг тухайн шүүх хэлэлцээд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1*** дүгээр шүүхийн тогтоолоор дүгнэхдээ шүүгчийн захирамжаар мөнгөн торгууль оногдуулсныг хууль зөрчсөн гэж дүгнээгүй, харин мөнгөн торгуулийн дүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Мөн 2022 онд 3-5 удаа зохигчдод мөнгөн торгууль оногдуулсан шүүгчийн захирамжууд гарсан байх бөгөөд мөнгөн торгуулийн арга хэмжээ авах эрхийн актын хувьд иргэний шүүхэд нэгдсэн практик өнөөдрийг хүртэл тогтоогүй байна. Түүнчлэн зохигчдод мөнгөн торгуулийн арга хэмжээ авах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97.1, 97.2-т заасан зохицуулалтыг хэрэглэх тохиолдол шүүхэд харьцангуй бага байна.
Шүүгч миний хувьд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талд мөнгөн торгуулийн арга хэмжээ авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97.1-д заасан үндэслэлээр бус харин 97.2-т зааснаар “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийг үл хүндэтгэсэн, уг ажиллагаанд саад учруулсан...” гэж үзсэн нь шүүгчийн захирамжийн үндэслэл, хурлын тэмдэглэл, бичлэгээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч талд мөнгөн торгуулийн арга хэмжээ авах асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцээд байгаа хэлбэр биш бөгөөд, нэхэмжлэгч тал шүүх хуралдааны дэг зөрчиж хуралдааны үед ямар нэгэн зөрчил гаргаагүй, гагцхүү хуралд ирсэн байгааг нь үндэслэн торгуулийн арга хэмжээ авахаа хэлж, тайлбарыг нь сонсож байгаа ажиллагаа гэж ойлгож болно.
Тодруулбал, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ирсэн байсан нь хуулийн 97.2-т заасан шүүх хуралдааны бус үед “дуудан ирүүлэх” нөхцөлийг хангасан гэж үзнэ. Иймд шүүгч миний бие “хүсэлт шийдвэрлэн, мөнгөн торгууль оногдуулж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 13086 дугаар шүүгчийн захирамжийн 4 дэх заалтаар хуулийн 97.2-ийг баримтлан нэхэмжлэгч талд мөнгөн торгуулийн арга хэмжээ авсан нь үндэслэлтэй бөгөөд энэхүү зохицуулалт нь хуулийн 170.1-д заасан тухайн шатны шүүхэд гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй юм.
Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д зааснаар шүүгч хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах нь шүүгчид хориглосон хэм хэмжээ бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т зааснаар хэргийн оролцогчийг дуудан ирүүлж, нэг талтай нь уулзаж, арга хэмжээ авах хууль зүйн боломжгүй юм. Иймд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ирсэн байсан нь хуулийн 97.2-т заасан шүүх хуралдааны бус үед “дуудан ирүүлэх” нөхцөлийг хангасан гэж үзсэн болохыг дээр нэгэнт тайлбарласан.
Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, хууль хэрэглээ, шүүхийн практик, шүүгчийн гаргасан эрхийн актын талаар нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг тухайн шатны шүүх бүрэлдэхүүн хянаж шийдвэрлэсэн нөхцөл байдал, үр дагавар зэргийг тал бүрээс нь харьцуулан дүгнээгүй, нэг талыг буюу гомдолд хэт хөтлөгдөж шүүгч миний биеийг Шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж, түүний гарсан хүсэлтийг шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэснээр шүүгчийг удаа дараа татгалзаж, удаа дараа тухайн шатны шүүхэд гомдол гаргаж, гаргасан гомдлоо хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлж нэхэмжлэгч тал эрхээ хангалттай эдэлсэн, шүүх нэхэмжлэгч талын эрхийг хязгаарлаагүй болно.
Иймд шүүгч миний бие Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа эрхийн акт, хууль хэрэглээ, хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа шүүгчийн дотоод итгэлийг сахилгын зөрчил гэж үзэхгүй, энэ нь сахилгын зөрчил гэхээс илүүтэйгээр тухайн шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах гомдлын агуулгатай байх тул дээрх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тиймээс Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.3-т зааснаар шүүгч миний гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн СХМ/2023/0027 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
“Д” ХХК-с 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д холбогдуулан өргөдөл гаргаж, илтгэгч гишүүний 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1482 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, 27 дугаар магадлал гаргахдаа, нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
Холбогдох шүүгч тус магадлалын үндэслэх хэсгийн “хоёр, гурав” дахь хэсгийг эс зөвшөөрч, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргажээ.
1. Шүүгч гомдолдоо “...нэхэмжлэгч тал хурлын товыг хуульд заасан журмын дагуу нэгэнт мэдсэн, баримтад гарын үсэг зурсан мөртлөө товлогдсон шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, баримтыг огт ирүүлээгүй тул шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу ирцийн шатанд бусад оролцогчдын саналыг сонсож нэхэмжлэлийг буцаасан нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа хэлбэр биш бөгөөд нэхэмжлэгч талд нэхэмжлэлээ дахин гаргах эрх нээлттэй үлдэнэ. ...Иймд шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг буцаах хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Харин нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” *** дугаар шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлд заасны дагуу хянан хэлэлцэх эсэх нь тухайн гомдлыг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүх бүрэлдэхүүнд хамааралтай бөгөөд шүүх бүрэлдэхүүн нь тухайн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж, шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэдэг. Тухайн шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцээгүй байсан нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5378 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаах, эсэх асуудлыг шийдвэрлэхэд хориглож, хязгаарласан үндэслэл болохгүй юм...” гэжээ.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгчийн шүүгч Т.Эг татгалзан гаргах хүсэлтийг хэлэлцэн, хүсэлтийг хангахгүй орхин, 182/ШЗ2022/*** дүгээр захирамжаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Уг гомдлыг тухайн шүүх хүлээн авч, бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэхээр 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутад хуралдааны товыг тогтоож, товыг хэргийн оролцогч нарт 2022 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд шүүхээс мэдэгдсэн байна.
Шүүгч Т.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад товлосон хуралдаанаа тухайн өдөр хуралдуулж 182/ШЗ2022/*** дугаар шүүгчийн захирамжаар Д ХХК-ийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.
Гэтэл шүүгч Т.Э-г хэрэг маргааныг хуулийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэрлэнэ гэдэгт хэргийн оролцогч итгэл үзүүлээгүй, түүнийгээ илэрхийлэн хэргийн оролцогчоос татгалзсан, шүүгч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаж, түүнийг хянах бүрэлдэхүүнийг албажуулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ...хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасныг үндэслэн гомдол шийдвэрлэх хуралдааны товыг 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутад тогтоосон, бүрэлдэхүүн уг гомдлыг хянан хэлэлцээгүй байхад татгалзсан шүүгч нь шүүх хуралдаан хийж, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй ба Сахилгын хорооны хуралдааны магадлалд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн үндэслэл бүхий байна.
Иймд шүүгчийн гомдол үндэслэлгүй байна.
2. Шүүгч гомдолдоо “...нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж, түүний гарсан хүсэлтийг шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэснээр шүүгчийг удаа дараа татгалзаж, удаа дараа тухайн шатны шүүхэд гомдол гаргаж, гаргасан гомдлоо хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлж нэхэмжлэгч тал эрхээ хангалттай эдэлсэн, шүүх нэхэмжлэгч талын эрхийг хязгаарлаагүй болно. ...Шүүгч миний бие Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа эрхийн акт, хууль хэрэглээ, хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа шүүгчийн дотоод итгэлийг сахилгын зөрчил гэж үзэхгүй, энэ нь сахилгын зөрчил гэхээс илүүтэйгээр тухайн шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах гомдлын агуулгатай байх тул дээрх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэжээ.
Шүүгч Т.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШЗ2022/*** дугаартай захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн хугацаа дууссан байх бөгөөд нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах хүсэл зориг байгаа эсэх нь эргэлзээтэй, харин тэрээр дээр дурдсан хүсэлтүүдийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, нөгөө талаа залхаах, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахаар шүүхэд нөлөөлөх зорилготой гэж үзэхээр байна ...” гэж,
Мөн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2022/*** дугаар шүүгчийн захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: “...хэрэг тус шүүхэд шилжиж ирснээс хойш нэхэмжлэгч тал шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргах, шүүгчийн захирамжид удаа дараа гомдол гаргах, шүүгчийг удаа дараа үндэслэлгүй татгалзах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах, хэргийн бусад оролцогч нарыг залхаах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй байр сууринаас оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулсан, шүүгчийг үл хүндэтгэсэн үйлдлийг гаргаж байна...” гэх үндэслэл дурдан, нэхэмжлэгч талд торгуулийн арга хэмжээ авсан байна.
Шүүгч нь дээрх захирамжид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2 дахь заалтыг хэрэглэсэн талаар “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа эрхийн акт, хууль хэрэглээ, хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа шүүгчийн дотоод итгэлийг сахилгын зөрчил гэж үзэхгүй, энэ нь сахилгын зөрчил гэхээс илүүтэй тухайн шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах асуудал ...” гэж, мөн энэхүү мөнгөн торгууль оногдуулсан талаар хянан үзэх хуралдааны хэлэлцүүлэгт, шүүх хуралдаантай холбож, шүүх хуралдаан дээр торгууль оногдуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргаж байсан үйлдэл, хүсэлттэй холбогдуулсан учраас 97.1-ийг хэрэглээгүй гэж тайлбарлажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тухайн иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 187 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүгч Т.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэхэмжлэгч талаас:
-2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр[1], 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр[2] “шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлтийг 2 удаа гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцсэн,
-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр[3] шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхэд энэ үед хариуцагч талаас ч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, эдгээрийн аль алиныг шүүх хүлээн авсан, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн[4], “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцэж, зарим хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийг хуралдаанд оролцуулах гэсэн саналыг хүлээн авсан,
-2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр[5], “иргэний хэрэг тусгаарлуулах тухай” хүсэлтийг 1 удаа гаргаж, түүнийг 20222 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн,
-2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр[6], 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр[7], “захирамж хүчингүй болгуулах тухай” хүсэлтийг 2 удаа гаргасныг 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн захирамжаар, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13951 дүгээр захирамжаар /шүүх хуралдаан хийгээгүй/ шийдвэрлэсэн,
-2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр[8], 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр[9] “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг 2 удаа гаргасныг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн болон 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн бол,
-2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр[10], 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр[11], 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр[12] “шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч” гомдлыг 3 удаа тус тус гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд /25 дугаар зүйл/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хэргийн оролцогчдын эрхийг заасан байдаг.
Нэхэмжлэгч дээрх хүсэлтүүдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ” 25.1.1-д “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”, 25.1.3-т “... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 25.1.4-т “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, ... шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах”, 25.1.5-д “шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих”, 25.1.6-д “шүүхийн шийдвэрт гомдол гаргах”, 25.1.7-д “нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, 25.1.8-д “хуульд заасан бусад эрх” гэх хуульд заасан эрхийн хүрээнд гаргажээ.
Нөгөө талаар, хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийг тухайн үед нь шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тиймээс хуульд заасан эрхийн дагуу гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж байсан хэрнээ шүүгч “шийтгэвэр” гаргалгүйгээр “захирамж” гарган нэхэмжлэгч талд мөнгөн торгууль оногдуулахдаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг бус 97.2 дахь хэсгийг баримталсан болохоо тайлбарласан боловч энэ нь сахилгын хэрэг дэх нотлох баримтаар тогтоогдохгүй, харин 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Дээрх хуулийн 97.2 дахь заалт нь зөрчилд торгуулийн шийтгэл оногдуулах ажиллагааг журамласан шинжтэй байгаагаас бус эрх зүйн акт болох шийтгэвэр гаргахад баримтлах зохицуулалт биш байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн байна гэх Сахилгын хорооны хуралдааны магадлал үндэслэл бүхий байна.
Иймд дээрх шүүгчийн гомдол үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар магадлалаар шүүгчид оногдуулсан сахилгын шийтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн, холбогдох шүүгчийн гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8, 113.8.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-гийн гомдлыг хангахгүй орхиж, Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
С.ЭНХТӨР
[1] Сх-ийн 40 дугаар тал
[2] Сх-ийн 138-140 дүгээр тал
[3] Сх-ийн 54 дүгээр тал
[4] Сх-ийн 122 дугаар тал
[5] Сх-ийн 65-66 дугаар тал
[6] Сх-ийн 80-81 дүгээр тал
[7] Сх-ийн 133-134 дүгээр тал
[8] Сх-ийн 113-114 дүгээр тал
[9] Сх-ийн 144-145 дугаар тал
[10] Сх-ийн 71-74 дүгээр тал
[11] Сх-ийн 92-93 дугаар тал
[12] Сх-ийн 106-108 дугаар тал