
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2026-05-14
Дугаар 15
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нарансолонго, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн СХМ/2026/0047 дугаар магадлалыг холбогдох шүүгч Ц.Ариунзул эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн А.С, Ц.А нараас Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд холбогдуулан гаргасан мэдээллийг хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ГЗҮ/2025/0135 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГНД/2026/0008 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасан байна.
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн СХМ/2026/0047 дугаар магадлалаар дээрх нотлох дүгнэлтийг хэлэлцээд, нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд “цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
Холбогдох шүүгч Ц.Ариунзул дээрх магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “...Тус магадлалаар шүүгч намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 1 удаа, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1 удаа, тус зүйлийн 6 дахь хэсгийг 3 удаа тус тус хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 28 дугаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай тогтоолын тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл хэсэгт 5.1.3.”Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн зохицуулалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүйгээр илэрхийлсэн, шууд ойлгогдохоор энгийн, маргаангүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль хэрэглэх арга, ур чадвар шаардахааргүй, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнт тогтсон, агуулгын хувьд тодорхой буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шинжтэй байна. Жишээ нь: тоон утгатай хэмжээ, хугацаа тогтоосон (“30 хоногийн дотор”, “18 насанд хүрсэн”, “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэх” гэх мэт) заалт; шууд нэг утгаар хэрэглэгдэх агуулга (“үүрэгтэй”, “хамаарахгүй”, “зөвшөөрөл олгохыг хориглоно”, “биеэр оролцоно”, “бичгээр тайлбар өгнө”, “захиргааны актыг мэдэгдэнэ” гэх мэт) буюу хууль тайлбарлах аргаар тайлбарлах шаардлагагүй, хуульчийн тусгай мэдлэг, ур чадвар шаардагдахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалтыг ойлгоно. Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэх үед хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг дүгнэж шийдвэрлэх зэргээр шүүхээс уг заалтыг хэрэглэхэд хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол “илт тодорхой” гэж үзэхгүй. Мөн үүнд тухайн хууль зүйн ойлголтыг хуульд тодорхойлсон боловч маргааны үйл баримтад хэрэглэхийн тулд үндсэн шинжийг нь тайлбарлах, дүгнэлт хийх зэргээр субсумц хийх буюу зүйлчлэх шаардлагатай бол хамаарахгүй.
Процессын хуулийн тухайд, уг ойлголтод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг утгаар ойлгогдож хэрэглэгддэг, агуулга нь нэгэнт тогтсон нэр томьёо, ойлголт, хуулийн заалт хамаарна. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг агуулгаар ойлгож, хэрэглэж хэвшсэн (“мэтгэлцэх зарчим”, “нотлох баримт”, “итгэмжлэгдсэн төлөөлөгч”, “хэргийн материалтай танилцах”, “хууль зүйн туслалцаа авах”, “талуудын зарчим”, “мөрдөн шалгах зарчим” гэх мэт) ойлголт, агуулгыг “илт тодорхой” заалтад хамааруулна. Харин шүүгчид эрх олгосон “эрхтэй”, “болно” гэсэн заалт, түүнчлэн хэд хэдэн арга хэмжээнээс аль нэгийг нь сонгох боломж олгосон зохицуулалт хамаарахгүй... тайлбарлах нь хэсгийн 3. “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол “илт тодорхой” гэж үзэхгүй. Мөн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай бол хамаарахгүй. 8 Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй гэж тайлбарласан.
Шүүгдэгч С.О, Э.З, Г.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан
4.1.шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;
4.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;
4.3.прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх;
4.4.хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх;
4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;
4.6.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй гэж заасан.
Шүүгдэгч С.О, Э.З, Г.А нарт холбогдох эрүүгийн хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн хуулийн дээрх зохицуулалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт биш харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай зохицуулалт. Миний бие хуулийн дээрх зохицуулалтыг өөр зохицуулалттай өмгөөлөх эрхтэй нь холбогдуулан шүүгдэгч нарын эрхийг хангах үүднээс тайлбарлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байтал намайг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж миний гаргасан захирамжийн үндэслэлийг дүгнэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
О.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухайд:
Магадлалд ... шүүгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд баримтлахаар шүүгчид үүрэг болгосон журмыг зөрчсөн зөрчилд хамаарах тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил болно гэх дүгнэлтийг үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх хуралдааныг нээх, ирц шалгах, дэг тайлбарлах, шүүгч, прокурор, оролцогч, бусад оролцогчийг зарлах, татгалзан гаргах эрхийг хангаж, оролцогчийн эрхийн хэрэгжилтийг шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж шалгах, нотлох баримт шинжлэн судлах эсэх талаар талуудын саналыг сонсох, талууд дүгнэлтээ танилцуулах, шүүгдэгч эцсийн үг хэлэх, шүүх хуралдааныг завсарлуулж шүүх шийдвэрээ гаргах, шүүхийн шийдвэрийг танилцуулах, шүүх хуралдааныг хаах гэсэн дарааллаар шүүх хуралдааныг явуулна” гэж тус тус заажээ. Холбогдох шүүгч нь хурал нээгээд ирц шалгаж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эсэх талаарх хүсэлтийг шийдвэрлэхээр зөвлөлдөж, шийдвэрлэхдээ ирцийн тухай бус харин шүүх хуралдаанаар хянавал зохих нөхцөл байдалд хэлэлцүүлэг хийлгүй урьдчилан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нь өөр хэм хэмжээг зэрэгцсэн, хуульч тайлбарлан хэрэглэх зохицуулалт тул энэ зохицуулалтыг илт тодорхой заалт гэж үзэх боломжгүй байна.
Ц.Э-д холбогдох хэргийн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт, тодорхой заалт зөрчсөн гэж үзсэн. Миний бие шүүх хуралдаанд “Ш О” ХХК-ийн өмгөөлөгч Э.Х-ны гаргасан иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж “Ш О” ХХК-ийг шүүгдэгчийн хувьд иргэний нэхэмжлэгчээр, хохирогчийн хувьд иргэний хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааныг тэмдэглэлд тусгагдсан. Энэ шийдвэр нь шийтгэх тогтоолд тусгагдаж “Ш О” ХХК-ийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч гэж тодорхойлсон. Иймд дээрх үндэслэлүүдээр Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 04 сарын 02-ны өдрийн СХМ/2026/0047 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн СХМ/2026/0047 дугаар магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх магадлалаар илтгэгч гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГНД/2026/0008 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хэлэлцээд
-шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.23-д заасан зөрчлийг, шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д заасан зөрчлийг тус тус гаргасан гэж дүгнэснийг хэрэгсэхгүй болгож,
-шүүгдэгч О.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэснийг 50.1.23-д заасан зөрчил гэж, шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэснийг “хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэж тус тус өөрчилж,
-шүүгдэгч Э.З, С.О, Г.А нарт холбогдох 3 тусдаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн” гэж дүгнэснийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Магадлалын “Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.23-д заасан зөрчлийг, шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д заасан зөрчлийг тус тус гаргасан гэж дүгнэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” хэсэгтэй холбогдуулан илтгэгч гишүүн эсэргүүцэл, холбогдох шүүгч гомдол гаргаагүй байна.
Холбогдох шүүгч Ц.Ариунзул нь дээрх эрүүгийн хэргүүдийн шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийн талаар, хуулийн зүйл, заалтыг нэрлэн зааж зүйчлэлийг хүндрүүлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн гэх ойлголтыг оролцогчдод төрүүлсэн байх хэдий ч энэ нь эрүүгийн хэргийн үйл баримттай маргаагүй оролцогч бус этгээдүүд буюу олон нийтэд хандаагүй байх тул шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр буруутгахгүй. Учир нь шүүх хуралдааны оролцогч, прокурор нарыг олон нийт гэж үзэх боломжгүй юм.
Мөн шүүгдэгч Э.Б-ыг шүүхэд хэрэг нь шилжиж ирсний дараа 68 хоног цагдан хорьсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй” гэж заасанд нийцэх бөгөөд хууль зөрчсөн гэж үзэхгүй талаар магадлалд дүгнэсэн нь үндэслэлтэй.
Дээрх магадлалаар нотлох дүгнэлтийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч холбогдох шүүгч Ц.Ариунзул нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа хөндлөнгийн байх зарчимд нийцүүлэн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилан өөрийн байр суурийг илэрхийлсэн гэх ойлголтыг бусдад төрүүлэхгүй байх, ийнхүү төрүүлэхээс зайлсхийх, бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандан ажиллахад анхаарвал зохино.
Холбогдох шүүгч Ц.Ариунзул нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /1 удаа/, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /1 удаа/, тус зүйлийн 6 дахь хэсэг /3 удаа/ буюу хуулийн илт тодорхой заалтыг нийт 5 удаа зөрчсөн нь сахилгын зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдож байна.
Тэрээр хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчөөгүй гэх агуулгаар гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.
Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан илт тодорхой заалтыг 3 удаа зөрчсөн тухайд,
Дорноговь аймгийн прокурорын газраас, шүүгдэгч Э.З, Г.А, С.О нарт холбогдох 3 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, тухайн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээргүй байна ...” гэсэн үндэслэлээр, прокурорт буцааж, захирамжид гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааж, тус зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянахаар, 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээрх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэж, энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй байхаар хуульчилсан.
Сахилгын хэрэгт цугласан баримтаар шүүгдэгч нар нь:
-мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэж мэдүүлсэн,
-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын тогтоолоор хангасан,
-шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргасан,
-шүүх хуралдааны явцад өмгөөлөгчгүй оролцох талаар амаар тайлбарласан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн, ямар ял, албадлагын арга хэмжээгээр шийтгүүлж байгаагаа ойлгосон талаараа хэлсэн болох нь тэмдэглэл, бичгийн баримтаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасан.
Дээрх зохицуулалтыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор тайлбарласан ба “... өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ...” гэх заалтыг хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, эсхүл өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлсэн боловч мөрдөгч, прокурор, шүүгчийн тогтоосон хугацаанд өмгөөлөгчөө сонгож аваагүй яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэж ойлгох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөлөөс бусад тохиолдолд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилох уг журам хамаарахгүй …” гэж тайлбарласан байна.
Магадлалд, “... эрүүгийн хэргийг шалгах явцад болон шүүхэд хэрэг шилжсэний дараа өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоо бичгээр илэрхийлсэн, гэм буруу, үүсэх үр дагавраа хүлээн зөвшөөрсөн байтал прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан ба тус тайлбарын 3-д “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж тодорхой байдлаар зохицуулсан тусгай мэдлэг, чадвар шаардахгүйгээр ойлгогдох хуулийн заалт тул шүүгч Ц.Ариунзул нь шүүгдэгч Э.З, С.О, Г.А нарт холбогдох тусдаа гурван эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаан шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Тодруулбал, шүүгч хуульд тусгайлан заасан нөхцөлийг хангаагүй байхад хэргийг прокурорт буцаасан захирамж гаргасан нь илт тодорхой заалт зөрчсөн үйлдэл болно. Хэрэв шүүгч хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрхийг эдлүүлэх шаардлагатай гэж үзсэн бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан байна.
Хоёр. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг заасан илт тодорхой заалтыг 1 удаа зөрчсөн тухайд,
Шүүгдэгч О.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.О ирээгүй тул ирцтэй холбоотойгоор прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.О-ийг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргаж, ирцтэй холбогдох хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарлуулжээ.
Гэтэл шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэхдээ, “шүүгдэгчийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болох нь шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ... дүгээр захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, прокурор Д.З нарын гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх хуралдааныг нээх, ирц шалгах, дэг тайлбарлах, шүүгч, прокурор, оролцогч, бусад оролцогчийг зарлах, татгалзан гаргах эрхийг хангах, оролцогчийн эрхийн хэрэгжилтийг шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж шалгах, нотлох баримт шинжлэн судлах эсэх талаар талуудын саналыг сонсох, талууд дүгнэлтээ танилцуулах, шүүгдэгч эцсийн үг хэлэх, шүүх хуралдааныг завсарлуулж шүүх шийдвэрээ гаргах, шүүхийн шийдвэрийг танилцуулах, шүүх хуралдааныг хаах гэсэн дарааллаар шүүх хуралдааныг явуулна” гэж тус тус заажээ.
Холбогдох шүүгч нь ирцтэй холбоотой асуудал буюу шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эсэх талаарх хүсэлтийг шийдвэрлэхээр завсарлаж, хүсэлтийг шийдвэрлэхдээ ирцийн тухай бус харин шүүх хуралдаанаар хянавал зохих нөхцөл байдалд хэлэлцүүлэг хийлгүй урьдчилан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн зөрчил гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд баримтлахаар шүүгчид үүрэг болгосон илт тодорхой заалтыг зөрчсөн байна.
Хэрэгт авагдсан Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02/4099 дүгээр албан бичигт “... шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бус өөрийн санаачилгаар захирамж гарган прокурорт буцаасан нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульчлагдсан шаардлага, журамд нийцэхгүй болно ...” гэх хариуг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байх боловч албан бичигт юу гэж тайлбарласнаас хамаарч шүүгчийг буруутгаагүй болно. Учир нь тус албан бичиг нь Монгол Улсын дээд шүүхийн гаргасан албан ёсны тайлбар биш бөгөөд давж заалдах шатны шүүхээс тодорхой чиглэл өгөхийг хүсэж дээд шатны шүүхэд хандаж, Улсын дээд шүүхээс тухайн албан бичгийн агуулгын хүрээнд хариу хүргүүлсэн баримт байна.
Гурав. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан илт тодорхой заалтыг 1 удаа зөрчсөн тухайд,
Шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н “Ш О” ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг хэлэлцэн, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар “Ш О” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг хүчингүй болгож, иргэний хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
Хэргийг хэлэлцсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.М-аас нийт 241,780,735 төгрөгийг хариуцагч нар болох шүүгдэгч Ц.Э, “Ш О” ХХК-аас гэм хорын хохиролд гаргуулахаар, харин иргэний хариуцагч “Ш О” ХХК-ийн өмгөөлөгч Э.Х-аас зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн төлбөр 63,243,139 төгрөгийг Ц.Э-аас гаргуулахаар иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор тус тус хүсэлт гаргасныг шийдвэрлэхээр хуралдааныг завсарлаж, шүүгч зөвлөлдөөд “Ш О” ХХК-ийг шүүгдэгчийн хувьд иргэний нэхэмжлэгчээр, хохирогчийн хувьд иргэний хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн талаараа хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Үүний дагуу “Ш О” ХХК нь 36,243,139 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр “... иргэний нэхэмжлэгч “Ш О” ХХК-ийн нэхэмжилсэн 36,243,856.96 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж ... хохирогч нар цаашид гарах хохирол, зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж” шийдвэрлэсэн зэргээс үзэхэд, “Ш О” ХХК нь тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон болох нь тогтоогджээ.
Дээр дурдсанчлан холбогдох шүүгч нь хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа буюу 5 удаа зөрчсөн болох нь тогтоогдож байх тул холбогдох шүүгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Хэргийн оролцогчийн эрхийг хангасан эсэх талаар:
Илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардуулан, холбогдох шүүгч нь 12 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан байх ба 12 дугаар сарын 23-ны өдөр шүүгч Ц.Ариунзул хариу тайлбар болон эрх, үүрэг тайлбарласан баримтын хамт ирүүлсэн болох нь сахилгын хэрэгт авагджээ. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.
Шүүгч Ц.Ариунзул сахилгын хэргийн материалтай 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр танилцаж, нотлох дүгнэлтийг хүлээн авч, 4 дүгээр сарын 01, 02-ны өдөр тус тус нотлох баримт гарган өгч, сахилгын хорооны хуралдаанд цахимаар оролцсон байна.
Сахилгын хорооны хуралдааны товыг 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус тус мэдэгдэж, энэ талаар баримт үйлдсэн ба ингэхдээ сахилгын хэргийн оролцогч Ц.Ариунзулын саналыг харгалзан товлосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлсэн. Мөн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр буюу хянан үзэх хуралдаан болохоос өмнө холбогдох шүүгчид хэргийн материалыг дахин танилцуулсан болно.
Холбогдох шүүгч хянан үзэх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа “...Одоо байгаа нөхцөл байдалд намайг цалингийн 20 хувиар шийтгэсэн нь хүнд байна. Яагаад гэвэл би ганцаараа 3 шүүгчийн ажлыг хийдэг. Сүүлийн үед тархи толгой эргээд даралт байнга өндөр, явахаар толгой эргээд уначих гээд байгаа. Би өөрийгөө бодвол Н шүүгч уначих гээд ажлаа хийхээс өөр арга байхгүй. Би 10, 11 дүгээр ангийн 2 хүүхэдтэй. Удахгүй оюутан болох гэж байгаа. Нэмээд миний авдаг цалин нэмэгдлүүдийг хасчихвал 2 сая төгрөгөөр 3 шүүгчийн ажлыг хийнэ гэсэн үг болох гээд байна. Миний бие хоёр салбар эрх зүйг хамтад нь судлаад чадлаараа хичээгээд ажиллаж байгаа. Намайг буруутай гэж үзэж байгаа бол шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүн хуульд заасан журмын дагуу шалгах ажиллагааг явуулж, сахилгын хорооны магадлалаар хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, шүүгч Ц.Ариунзулыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж дүгнэж шийдвэрлэсэн байна.
Харин шүүгчийн хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хувийн байдал, ажлын ачаалал зэргийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасны дагуу харгалзан үзэж түүнд Сахилгын хорооны хуралдааны магадлалаар оногдуулсан "цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах" сахилгын шийтгэлийг “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл болгон өөрчлөх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн СХМ/2026/0047 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад "цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах" гэснийг “нээлттэй сануулах” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Б.СУГАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН