info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-02

Дугаар 47

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулах тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нарансолонго, сахилгын хэргийн оролцогч Ц.Ариунзул /цахимаар/ нарыг оролцуулан, ... шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.С, ... прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.А нарын мэдээлэлтэй, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГНД/2026/0008 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:

   “Тус аймгийн прокурорын газраас, эрүүгийн ... дугаар шүүгдэгч Э.З-д холбогдох, эрүүгийн ... дугаар Г.А-д холбогдох, эрүүгийн ... дугаар С.О-д холбогдох, эрүүгийн ... дугаар О.А-д холбогдох хэргүүдийг тус тус хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Дээрх хэргүүд Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд хуваарилагдаж, даргалагч шүүгчийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЕШЗ/..., 2025/ЕШЗ/... дугаар,  2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ЕШЗ/... захирамжаар албажуулсан.

С.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14:30 цагт, Г.А-ийн хэргийг мөн өдрийн 15:30 цагт, Э.З-д холбогдох хэргийг 16:00 цагт хийхээр товлож, хэргийг  хэлэлцэн, “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, тухайн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээргүй байна ...” гэсэн үндэслэлээр, прокурорт буцааж, захирамжид гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн байна.

1. “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн дээрх хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцааж, прокурор эсэргүүцэл бичих, оролцогчид гомдол гаргах эрхийг ноцтойгоор хасаж, хязгаарласан” гэх тухайд,

1.1. Шүүгдэгч Э.З-д холбогдох /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг/ хэргийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд,

- 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эрх, үүрэг тайлбарлаж сэжигтнээр, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авахад “... өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө ...” гэсэн,

- өөрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар тогтоолоор хангасан,

- 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “... өмгөөлөгч авахгүй тус хэрэгт оролцож өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтэй байна ...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан нь баримтаар тогтоогдоно. /сх I хх-ийн 62-67, 75 дахь тал/

Мөн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны бичлэг болон тэмдэглэлд, даргалагч: Өмгөөлөгч авах юм уу гэхэд, шүүгдэгч: Эхнэр төрөх гээд төрөхийн бэлтгэл хийж байгаа учраас өмгөөлөгч авах мөнгөгүй байхгүй. Тэгээд өмгөөлөгч авахгүй гэсэн, даргалагч: Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа юу гэхэд шүүгдэгч: тийм, даргалагч: Ямар ял тохиролцсон юм гэхэд шүүгдэгч: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сараар хасах, 3,000,000 төгрөгөөр торгох ял тохирсон” ... улсын яллагч: Үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа юу гэхэд шүүгдэгч: Тийм ...” гэсэн нь тусгагджээ. /сх I хх-ийн 76-78 дахь тал/

Шүүгдэгч С.О-д холбогдох /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан/ хэргийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд,

- 2025 оны 06 дугаар сарын 10, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эрх, үүрэг тайлбарлаж сэжигтнээр, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авахад, “... өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө ...” гэсэн,

- хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдийн 119 дүгээр тогтоолоор хангасан,

- шүүгдэгч нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “... өмгөөлөгч авахгүй оролцмоор байна ...” гэх хүсэлт бичгээр гаргасан нь баримтаар тогтоогдоно. /сх I хх-ийн 112-121, 128 дахь тал/

Шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бичлэг болон тэмдэглэлд, даргалагч: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа юу гэхэд шүүгдэгч: Зөвшөөрч байгаа ... даргалагч: Өмгөөлөгч авах уу гэхэд, шүүгдэгч: Авахгүй ...” гэж хариулжээ. /сх I хх-ийн 129-130 дахь тал/

Шүүгдэгч Г.А-д холбогдох /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан/ хэргийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд,

- эрх, үүрэг тайлбарлан 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлэг авахад “... өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө ...” гэсэн,

- 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “өмгөөлөгч авахгүй ... шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан, /сх I хх-ийн 152-155, 161 дэх тал/

-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаар тогтоолоор хангасан,

- хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанд, даргалагч: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа юу гэхэд шүүгдэгч: Зөвшөөрч байгаа ... даргалагч: Өмгөөлөгч авах юм уу гэхэд шүүгдэгч: Авахгүй, хэрэггүй гэж үзсэн. Даргалагч: Яагаад өмгөөлөгч авахгүй гэсэн юм гэхэд шүүгдэгч: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй гэсэн учраас өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзсэн, даргалагч: Сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа юу гэхэд шүүгдэгч: Тийм, даргалагч: Ямар ял тохиролцсон юм гэхэд шүүгдэгч: 500,000 төгрөгөөр торгох ял. даргалагч: Хохирол төлж барагдуулсан уу гэхэд шүүгдэгч: Тийм, бэлэн  мөнгийг нь өгсөн ... улсын яллагч: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулсан уу гэхэд шүүгдэгч: Тийм ...” гэсэн нь  тэмдэглэлд тусгагджээ. /сх I хх-ийн 162-163 дахь тал/

Дээрхийг дүгнэвэл, шүүгдэгч Э.З, С.О, Г.А нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй байх боловч тус хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт[1] “Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”[2] гэсэн нэмэлт зохицуулалт орсон байна.

Гэхдээ хялбаршуулсан журмаар хэргийг шүүхээр шийдвэрлэхэд өмгөөлөгч оролцуулах журам тухайн үед батлагдан гараагүй байжээ.

Түүнчлэн “... өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ...” гэх заалтыг Улсын дээд шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор “... хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, эсхүл өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлсэн боловч мөрдөгч, прокурор, шүүгчийн тогтоосон хугацаанд өмгөөлөгчөө сонгож аваагүй яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэж ойлгох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөлөөс бусад тохиолдолд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилох уг журам хамаарахгүй …” гэж тайлбарласан.

Иймд эрүүгийн хэргийг шалгах явцад болон шүүхэд хэрэг шилжсэний дараа өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоо бичгээр илэрхийлсэн, гэм буруу, үүсэх үр дагавраа хүлээн зөвшөөрсөн байтал прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж заасанд нийцэхгүй байна.

Шүүгчийн захирамжаас дараах үр дагавар үүсэн гарчээ.

- Хэргийг прокурорт буцаасан захирамжид прокурор 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эсэргүүцэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авсан[3] боловч буцаан хүргүүлсэн, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “ямар үндэслэл, шалтгааны улмаас хүлээж авахгүй талаар албан бичгээр хариу өгч, хамтран ажиллана уу ...” гэсэн албан бичгийг прокурор хүргүүлсэн, анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “хэргийг хүргүүлэв” гэх 1366 дугаар албан бичгээр Э.З-д холбогдох, 1367 дугаар албан бичгээр С.О-д холбогдох, 1368 дугаар албан бичгээр Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг тус тус аймгийн прокурорын газарт буцаан хүргүүлсэн,

- прокурорын газраас тус шүүхийн Тамгын газарт 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1/652 дугаар “... эсэргүүцэл хүргүүлсэн албан бичгийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Б-д 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гардуулан өгсөн байх боловч, тус шүүхээс дээрх албан бичгийн хариуг огт ирүүлээгүй байна. Иймд дээрх 1/605 дугаартай албан бичгийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Б нь ... Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд хүлээлгэн өгсөн эсэх талаарх хариу өгч хамтран ажиллана уу ...” гэсэн албан бичгийг хүргүүлсэн,

- шүүхийн Тамгын газраас 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 236 дугаар албан бичгээр хариу өгөхдөө, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Б-ийн тайлбарыг[4] хүргүүлсэн,

- тус аймгийн прокурорын газраас 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/715 дугаартай албан бичгээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргүүдийг хүргүүлсэн,

- аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184 дүгээр албан бичгээр “... шүүгчийн захирамжид гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан нь ... прокурор эсэргүүцэл бичих, оролцогчид гомдол гаргах эрхийг ноцтойгоор хасаж, хязгаарласан үндэслэл бий болсон байна ... Иймд анхан шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, ... хэргийн оролцогч нарт прокурорын эсэргүүцлийг танилцуулж, хэргийг давж заалдах шатны шүүх рүү хянуулахаар ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлд нийцэхээр байна ...” гэж хэргүүдийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн,

- анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1756, 1757, 1758 дугаар албан бичгээр эрүүгийн хэргүүдийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн,

- давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн албажуулсан, Э.З-д холбогдох эрүүгийн хэргийн илтгэх шүүгчээр Н.Б, С.О-д холбогдох эрүүгийн хэргийн илтгэх шүүгчээр Ерөнхий шүүгч А.С, Г.А-д холбогдох эрүүгийн хэргийн илтгэх шүүгчээр Д.М нар томилогдсон,

- шүүгч Н.Б нь шүүгдэгч Э.З-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн,

- прокурор тус захирамжийг эс зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан,

- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг мөр явуулах үүднээс 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ерөнхий шүүгч А.С “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодруулга, чиглэл авах тухай” 213 дугаар албан бичгийг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Х-т хүргүүлсэн,

- дээрх нөхцөл байдалтай холбогдуулж, шүүгдэгч С.О, Г.А нарт холбогдох 2 эрүүгийн хэргийг шийдвэрлэх хуралдаанд прокурор Ц.Ц “... шүүгдэгч Э.З-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр буцаасан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг ... шийдвэрлэсний дараа уг 2 хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ...” гэсэн хүсэлтийн дагуу хуралдааныг хойшлуулсан,

- Улсын дээд шүүх 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02/4099 дүгээр албан бичгээр“... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан дээрх ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдалд нөлөөлөхүйц шинжтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, мөн 40.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлд хамаарна ... хуульд заасан шаардлагыг хангаж ажиллах нь зүйтэй болохыг анхан шатны шүүх анхаарвал зохино” гэх хариуг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” гээд, 4.1 “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, 4.2 “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.3 “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.5 ”гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”, 4.6 “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэж зохицуулсан.

Мөн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах ... шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж заасан.

Эдгээр заалт нь эрх зүйч бус иргэн хүнд ойлгомжтой, хууль, эрх зүйн нарийвчилсан ойлголт, тайлбар шаардахгүй ойлгогдох, илт тодорхой заалт байна.

Ерөнхий шүүгч Ц.Ариунзул нь шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмгөөлөгчгүйгээр хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснээс үүсэх үр дагавар, оногдуулах ялын талаар ойлгож, мэдсэн гэж үзэхээр байхад хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн, хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцааж, дээрх илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргажээ.

Шүүгдэгч Э.З, С.О, Г.А нарт холбогдох тусдаа 3 эрүүгийн хэргийг прокурорт буцааж, 2025 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 2025/ШЗ/..., 2025/ШЗ/..., 2025/ШЗ/... дугаар захирамжаар шийдвэрлэснийг, илт тодорхой хуулийн заалтыг “удаа дараа” зөрчсөн гэж үзнэ.

1.2. Шүүгдэгч О.А-д холбогдох эрүүгийн хэргийн талаар:

О.А-д нь 2025 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Л.О-ны нүүрэн тус газарт өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, бичиг үсэг мэдэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй О.А-ын хууль ёсны төлөөлөгч болон хэлмэрчээр түүний ээж Б.О-ийг томилсон байна.

Яллагдагч О.А-д 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б.О-ээр хэлмэрчлүүлэн эрх, үүрэг тайлбарлаж мэдүүлэг авсан, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 217 дугаартай яллах дүгнэлтийг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгчид нь гардуулан, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэг шүүгч Ц.Ариунзулд хуваарилагдаж, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцсэн ба тэмдэглэлээс үзвэл[5] шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.О ирээгүй тул ирцтэй холбоотой санал, хүсэлт асуухад,

- прокурор: шүүгдэгч О.А нь өөрийгөө илэрхийлж ярих чадваргүй. Мөрдөн байцаалтын шатанд түүний ээж Б.О-ийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж мэдүүлгийг авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ирээгүй байгаа нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломж бүрдэхгүй байна гэж үзэж байна. Иймд Б.О-ийг шүүх хуралдаанд оролцуулах саналтай байна гэсэн бол,

- шүүгдэгчийн өмгөөлөгч: прокурортой адил саналтай байна гэсний дараа ирцтэй холбогдох хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарлуулжээ.

Шүүх хуралдааныг үргэлжлүүлэхдээ, шүүгчийн 2025/ШЗ/... дүгээр захирамжаар “... О.А нь тус эрүүгийн хэрэгт хохирогч биш бөгөөд ... хууль ёсны төлөөлөгч тогтоолгох шаардлагатай талаарх баримт хэрэгт авагдаагүй ... Б.О-ийг хэлмэрчээр ... томилох үндэслэл бүрдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй ... Б.О нь шүүгдэгчтэй ямар хамаарал бүхий хүн болох яагаад хууль ёсны төлөөлөгч, хэлмэрчээр тогтоогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй ... гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна ...” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын прокурор Д.З “... Шүүгдэгч О.А нь төрөлхийн сонсгол, хэл ярианы 70 хувийн алдалттайгаас гадна албан ёсны дохионы хэл мэддэггүй, зөвхөн өөрийн төрсөн эх Б.О-тэйгээ ойлголцдог тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эх Б.О-ийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан талаарх баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан ... хэрэг Ц.Ариунзул шүүгч дээр хуваарилагдаж шүүх хуралдааныг зарласан. Тус шүүх хуралдаанд О.А-ын ээж болох О нь 10 жилийн ангийн уулзалттай гэх шалтгаанаар тухайн үед шүүх хуралдаанд ирээгүй, шүүгч О.А-аас түүний хууль ёсны төлөөлөгч О шүүх хуралдаанд ирээгүй шүүх хурлыг хойшлуулах гэж байна “миний ярьж байгааг ойлгож байна уу, ойлгож байвал толгойгоо дохь” гэж хэлэхэд толгойгоо дохисон. Улсын яллагчийн зүгээс хууль ёсны төлөөлөгч болон О-ийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасан, өмгөөлөгч мөн адил саналтай байсан. Тэгээд хуралдаан завсарлаж буцаж шүүх хурал орохдоо шууд “хэргийг прокурорт буцаах” шүүгчийн захирамжийг танилцуулсан. Тухайн үед “шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлээгүй байхад шүүх урьдчилан дүгнэлт хийж хэргийг буцаасан үндэслэлгүй талаар хэлсэн. Гэтэл шүүгчээс нэгэнт шийдвэрээ гаргачихсан гэж хэлсэн. Мөн тус хуралд өмгөөлөгч У-оос О.А-ыг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэх баримтыг аваад ирсэн байсан боловч шүүх шийдвэрээ гаргасан учраас гаргаж өгөх боломж олгоогүй  ...” гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заажээ. 

Энэ талаар, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх хуралдааныг нээх, ирц шалгах, дэг тайлбарлах, шүүгч, прокурор, оролцогч, бусад оролцогчийг зарлах, татгалзан гаргах эрхийг хангах, оролцогчийн эрхийн хэрэгжилтийг шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж шалгах, нотлох баримт шинжлэн судлах эсэх талаар талуудын саналыг сонсох, талууд дүгнэлтээ танилцуулах, шүүгдэгч эцсийн үг хэлэх, шүүх хуралдааныг завсарлуулж шүүх шийдвэрээ гаргах, шүүхийн шийдвэрийг танилцуулах, шүүх хуралдааныг хаах гэсэн дарааллаар шүүх хуралдааныг явуулна” гэж заажээ.

Холбогдох шүүгч нь хурал нээгээд ирц шалгаж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эсэх талаарх хүсэлтийг шийдвэрлэхээр зөвлөлдөж, шийдвэрлэхдээ ирцийн тухай бус хэлэлцүүлэг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны дараалал, дэгийг зөрчжээ.

Хэдийгээр шүүгч “... О.А-ын ээж хорих ял эдэлж байхдаа хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй ...” гэж тайлбартаа дурдсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 407 дугаар хорих ангийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/100 дугаар албан бичигт “... Б.О нь ... 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ХМШЗ/... дугаартай шүүгчийн захирамжаар торгох ялыг ... хорих ялаар сольж ... 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан ...” гэснээр, О.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед ээж Б.О нь хоригдож байгаагүй нь тогтоогдоно. /сх II хх-ийн 183 дахь тал/

Иймд, холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22 дахь заалтын “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэсэн шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзнэ.

2. Шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэрэг:

Аймгийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... дугаар яллах дүгнэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх Э.Б-ны хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тухайн хэрэг шилжсэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхий шүүгчийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар даргалагч шүүгч Ц.Ариунзулыг албажуулан, шүүгчийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар яллагдагч Э.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар,

1/ “... шүүгдэгч Э.Б-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинж тогтоогдож байна ...” гэсэн үндэслэлээр хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгчид ял өөрчлөн сонсгох, мэдүүлэг авах, яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж,

2/ “... гэрч Э.Б-ны мэдүүлэгт … 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр … шөнө хаваржааны чиглэлд давхиж очиход Б-ны мотоцикл хаваржааны гадаа байсан … Б хаваржааны голын модоос мяндсан уяагаар өөрийнхөө хоолойг ороочихсон, хажуугийн төмөр шон дээр хөлөө тавьчихсан байсан … намайг яг очих үед сул тавиад өөрийгөө боомилж эхлэхэд нь би гүйж очоод хөлөөс нь тэвэрч аваад өргөөд түлхчихсэн чинь … уяа нь мултраад газарт нуруугаараа хүчтэй унасан гэх мэдүүлгээр шүүгдэгчийн зүйлчлэлийг хүндрүүлж ял өөрчлөн сонсгож байгаатай холбоотой шүүгдэгч Э.Б нь өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл тогтоогдож байна …” гэж дүгнэн, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

2.1. Гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх шүүгчийн захирамжийн дагуу Э.Б-оос 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн ... дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ[6].

Тус аймгийн Ерөнхий прокурорын мэдээлэлд “... прокуророос шүүгчийн захирамжид заасны дагуу шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өөрчилж, дахин яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Э.Б-д гардуулах ажиллагааг хийсэн. Гэвч шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ... бүрэлдэхүүнтэйгээр ... шийдвэрлэхдээ прокуророос анх шүүхэд шилжүүлсэн зүйл, ангиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ...” гэсэн бол,

прокурор Д.З “... Б-ны хэрэгт хяналт тавьж байсан прокурор Д өөр газарт шилжин томилогдсон учраас би энэ хэргийн шүүх хуралдаанд томилолтоор оролцсон ... Прокуроруудын зөвлөгөөн гэж дотооддоо хийдэг, ээдрээ төвөгтэй хэрэгт нэг нэгэнтэйгээ туршлага солилцох тохиолдол байдаг. Тэр үед Д прокурор энэ хэрэгт болсон үйл баримтын талаар ярьж байсан. Анх прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлж зүйлчлэхээр хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдсэн ... Тэгээд ... яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, яллагдагчид танилцуулаад, шүүгчийн захирамжид зааснаар зүйлчлэлийг хүндрүүлж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Ариунзул, Г, Ү гэсэн шүүгч нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхдээ өмнөх яллах дүгнэлтийн зүйлчлэлээр буюу ЭХТА-ийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн ...” гэж мэдүүлсэн.

Шүүгч хэрэг, маргааныг хуульд нийцүүлэн, “хөндлөнгийн” байж шийдвэрлэнэ. Тиймээс шүүгч нь нэг талыг баримталсан гэж ойлгогдохоос зайлсхийж төвийг сахих зарчмыг баримталдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасныг хэрэгжүүлэхдээ, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх ямар нөхцөл байдал болон баримт байгаа, эсхүл өөр гэмт хэргийн шинжийг агуулсан тухай зааж, зохих ажиллагааг хийлгэхээр буцаах ба шууд хуулийн зүйл, заалт нэрлэх нь зохисгүй, өөрөөр хэлбэл хэргийг урьдчилсан байдлаар шийдвэрлэсэн[7] гэж үзэх ойлголтыг төрүүлнэ.

Шүүгч нь хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн, шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргадаг прокурорын хараат бус, бие даасан байдалд халдаж, хэргийн зүйлчлэлийг шууд тулган зааж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн эсэх талаарх өөрийн шийдвэрийг илэрхийлсэн гэж үзэх нөхцөл байдлыг бий болгосон байна. 

Энэ нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” зөрчлийг гаргажээ.

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд “мэдээлэх” гэдэг нь тодорхой бус хүрээний хүмүүсийг хамарсан олон нийтэд баримт, мэдээ, мэдээллийг дамжуулах, хүргэх үйл ажиллагааг ойлгодог бол “илэрхийлэх” гэдгийг өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлэлт дүгнэлт, хандлагыг олон нийтэд ил гарган үзэл бодлоо илэрхийлэхийг ойлгоно гэж тайлбарласан байдаг.

Мөн “олон нийт” гэдэг нь нийт иргэд, нийгмийн тодорхой бүлэг, эсвэл олон хүний хамтатгасан нэгдлийг хэлэх ба шүүх хуралдааны шийдвэрийг хэргийн оролцогчоос гадна бусад хүмүүс ч мэдэх боломжтой байсан, тухайлбал, энэ талаар прокурорын зөвлөгөөнд хэлэлцэгдсэн байгаа нь “олон нийт” гэсэн ойлголтыг бий болгосон гэж үзлээ.

2.2. Мөн мэдээлэлд “... анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзулын хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар шууд захирамжилсан шийдвэрээс улбаалан хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байгаагийн нэг илэрхийлэл нь шүүгдэгч ... Э.Б 60 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон ...” гэсэн.

Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснийг прокурор Д.З “... Тэр үед тухайн шүүгдэгч Б нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан, тэгээд хуралдаанаар 60 хоногоор хойшлуулахдаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ...  Тийм санал гараагүй, тийм нөхцөл байдлыг ч хэлэлцээгүй. Хохирогчийн зүгээс ч цагдан хорих талаар хэлээгүй ... Энэ нь хуульд нийцэхгүй. Хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл ... Хамгийн гол нь энэ хугацаанд шүүгдэгч Б нь 60 хоногоор цагдан хоригдож эрх нь зөрчигдсөн ...” гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасан.

Хэргийн оролцогчоос шүүгдэгчид авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар санал, хүсэлт гаргасны дагуу, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх талаар хэлэлцүүлэг хийхээр зохицуулсан байхад ямар нэгэн хүсэлтгүйгээр, мөн хэлэлцүүлэлгүйгээр 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 68 хоногийн хугацаагаар Э.Б-ыг үндэслэлгүйгээр цагдан хорьж, эрхийг нь хязгаарласан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь дээрх илт тодорхой заалтыг зөрчжээ.

Эрүүгийн процесс ажиллагааны үеийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрхийг хамгийн өндөр түвшинд зөрчих боломжийг бий болгодог албадлагын арга хэмжээ болохын хувьд түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гарцаагүй, зайлшгүй тохиолдолд хамгийн эцсийн арга хэмжээ болгож хэрэглэхдээ ийм байдлаас зайлсхийхийн тулд хэлэлцүүлэг хийж, цагдан хорих үндэслэл байгаа эсэхийг тогтоон, шийдвэрлэхээр хуульд тусгагдсан.

Мөн, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай шийдвэрт гомдол гаргах эрхтэйг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорт танилцуулна” зааснаар, мөн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, оролцогч энэ хуулийн … 14.13, … дугаар зүйл ... -т заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно” гэж заасныг зөрчин, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих болгож өөрчилсөн шүүгчийн захирамжийн холбогдох хэсэгт гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хэргийн оролцогчийн шүүхийн шийдвэрт гомдол гаргах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, дээрх илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гаргажээ.

Иймд, холбогдох шүүгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 2, 9 дэх хэсэг, 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн зөрчлийг ноцтой гэж үзнэ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулийн заалтыг зөрчиж, өөрт олгоогүй эрхийг буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогч хохирсон, хэргийн оролцогчийн Үндсэн хуулиар хамгаалсан “халдашгүй, чөлөөтэй” байх “үндсэн эрх” зөрчигдсөн тул зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэл болно.

3. Шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэрэг:

Ц.Э-ын холбогдсон гэмт хэргийг прокуророос, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчлэн, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 60 дугаар яллах дүгнэлт үйлдсэн хэрэг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд хуваарилагдаж, мөн өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар Ц.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хийж, “Ш” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг хүчингүй болгож, иргэний хариуцагчаар татаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, 2025/ШЗ/... дугаар захирамж гаргасан.

Хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, 2025/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор, Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

3.1. Мэдээлэлд “... хяналтын прокурор Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Ц.Э-д холбогдох эрүүгийн ... хэргийг ... Ерөнхий шүүгч Ц.Ариунзул 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд ... шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, ... шүүгдэгч Ц.Э-д ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдэн шүүгдэгчид гардуулахаар зааж шийдвэрлэсэн ...” гэсэн.

Анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд, хохирогч Н.М оролцсон, хохирогч Ц.А, О.М, E, W.R нар ирээгүй болохыг танилцуулсан нь тэмдэглэлээс харагдана. /сх II хх-ийн 15 дахь тал/

Прокурор яллах дүгнэлтдээ /2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар/ хохирогч М-ын мэдүүлгийг тусгасан атлаа тогтоох хэсэгт зөвхөн Ц.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, БНХАУ-ын иргэн А Д-ийн амь насыг хохироосон гэж дурдсан. /сх I хх-ийн 235-236 дахь тал/

Хэргийг хэлэлцсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны 2025/ШЗ/... дугаар захирамжаар, “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдэн шүүгдэгчид гардуулах ажиллагааг хийлгэх нь зүйтэй ...” гэж дүгнэн, шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдааны дараа, нэр бүхий иргэдэд учруулсан хохирол дээр Н.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж нэмэгдсэн, зүйлчлэл нь өөрчлөгдөөгүй 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай яллах дүгнэлт бүхий хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг хэлэлцсэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны  2025/ШЗ/... дугаар захирамжид “... прокурор шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж ирүүлээгүй, захирамж биелэгдээгүй байх тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй ...” гэж дүгнээд, шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан нь тогтоогдоно[8].

Мэдээлэлд энэ үйл баримттай холбогдуулан “... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй талаар яллах дүгнэлтдээ тусгахад шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогч нарын дэргэд улсын яллагчийг босгон зогсоож “чи миний захирамжийг хянах эрхтэй юм уу, шүүгчийн захирамж хүчинтэй байгаа тул заавал биелэгдэх ёстой” гэхчлэн зохисгүй байдлаар харьцсан ...” гэжээ.

Прокурор Ц.Ц “... шүүх хуралдаанд дээр прокурор байр сууриа илэрхийл гэхээр нь би хуучин байр сууриа илэрхийлэхэд “чи миний захирамжийг хянах юм уу, миний захирамж хүчин төгөлдөр байна, биелэгдэх ёстой” гэж намайг босгож зогсоож байгаад хэргийн оролцогчийн өмнө зохисгүй харьцсан. Би таны захирамж Улсын дээд шүүхийн тогтоолтой нийцэхгүй байна гэдэг талаар хэлсэн. Ер нь бол их эвгүй байдал үүссэн. Тэгээд хэргийн оролцогч нараас санал асуутал шүүгдэгчийн өмгөөлөгч прокурортой санал нэг гэсэн, харин хохирогчийн өмгөөлөгч шүүгчийн тэр байдлыг анзаараад шүүгчийн захирамж биелэгдэх ёстой юм байна гэдэг санал гарсан. Хуралдаан завсарлаад, орохдоо энэ захирамжийг биелүүл гээд хуралдааныг 7 хоногоор хойшлуулж шийдсэн ...” гэж мэдүүлсэн тул үүнийг тодруулахаар 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл хөтөллөө.

Бичлэгийн, 6:10-11:45 дахь хоромд[9],

- даргалагч: Өмнөх шүүх хуралдаанд, зам тээврийн ослын улмаас бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гээд ял нэмж сонсгохоор шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа. 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулахаар захирамжид зааж, яллах дүгнэлтийг өөрчилж оруулж ир гэсэн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтээ хэвээр оруулж ирсэн байна, энэ ямар учиртай юм бэ

- улсын яллагч: “Зүйлчлэлийн хувьд өмнө шилжүүлсэн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт орсон. Өөрчлөлт орохдоо хохирогч М-ын биед учирсан гэмтлийг яллах дүгнэлтийн хэргийн товч утга дээр дурдаагүй, мөн энэ талаарх нотлох баримт дутуу дурдагдсан гэж үзсэн тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд М-ын биед учирсан хүндэвтэр зэргийн хохирол учирсан үйл баримтыг нэмэлтээр оруулж, өөрчилсөн байгаа. Улсын дээд шүүхийн тогтоолоор зам тээврийн осолтой холбоотой үйл баримтаас үүдэн хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд хүндэвтэр, хүнд, хөнгөн ямар ч байдлаар ослын улмаас нэг удаагийн үйлдлээр учирч байгаа хохирлын асуудлыг хамгийн хүнд зүйл ангиар зүйлчилж байхаар тогтоол гарч, энэ нь жишиг болсон байгаа. Тийм учраас Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 27.10 дугаар зүйлийн 2.3, 3 гэж тусад нь зүйлчлэхгүйгээр тухайн зүйл хэсэгт заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй зүйл ангиар зүйлчилж, Дээд шүүхийн тогтоолыг барьж яллах дүгнэлтийг гэхэд

- даргалагч: Дээд шүүхийн ямар тогтоол байгаа юм бэ

- улсын яллагч: 2024 оны тогтоол байгаа, би тогтоолын дугаарыг нь эндээс хараадахъя. Энэ тогтоол бол мөрдөгдөж эхлээд 27.10-тай хэргийн тухайд тухайн осол, үйл баримтаас болсон хүмүүсийн гэмтлийн зэрэг, үр дагавраар нь тус тусад нь зүйлчлэхгүй гэсэн тайлбарыг гаргачихсан байгаа. Тэгэхээр хамгийн хүнд зүйл ангиар явна гэдэг байдлаар яллах дүгнэлт үйлдэгдсэн байгаа.

- даргалагч: Шүүгчийн захирамжид та өөрөө дүгнэлт өгөх эрхтэй этгээд мөн үү

-  улсын яллагч: Дээд шүүхийн тогтоол бол Үндсэн хуулиас бусад гэхэд

- даргалагч: Шүүх шийдвэрээ өөрөө гаргана. Шүүх хуралдааны хойшлуулах захирамж гараад захирамж дээр яллах дүгнэлтээ яаж үйлдэх вэ гэдгийг шүүх шийдчихсэн. Энэ захирамж хүчин төгөлдөр байгаа. Захирамжийг бүх хүн, алба тушаалтан, иргэн, аж ахуй нэгж биелүүлэх үүрэгтэй. Энэ захирамж үндэслэлгүй гэж үзэж байгаа бол үндэслэл муутай байсан гэдгийг дараагийн шатны шүүх хянана. Хэрэг шийдсэний дараа, та харин миний захирамжийг шийдэхгүй, хянахгүй ш дээ.

- улсын яллагч: Өмнөх яллах дүгнэлт үйлдсэн прокурорт нь Д гэж прокурор байсан. Өмнөх шүүх хуралдаанд З прокурор орсон байдаг. Намайг томилолтоор оруулж ирж байгаа. Би 07 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлтийг үйлдсэн.

- даргалагчаас: Яллах дүгнэлт үйлдэхдээ захирамж харсан уу

- улсын яллагч: Харсан.

- даргалагч: Захирамж дээр би заагаад өгчихсөн байна ш дээ.

- улсын яллагч: Шүүх хуралдаан хойшлуулах захирамж гомдол гаргах эрхгүй захирамж байгаа.

- даргалагч: Харин тэгээд гомдол гаргах эрхгүй, та хянах эрхгүй захирамж ш дээ. Та захирамжийг биелүүлэх л үүрэгтэй.

- улсын яллагч: Энэ яллах дүгнэлтэд шүүгчийн захирамжийг хянасан гэдэг зүйл байхгүй. Дээд шүүхийн гэхэд

- даргалагч: Захирамж биелүүлэх үүрэгтэй. Дээд шүүхийн тэр тогтоол үндэслэлтэй байна уу, үндэслэлгүй байна уу, тогтоол дагаж байна уу, үгүй юу гэдгийг би шийдвэрээрээ шийднэ. Миний шийдвэр үндэслэлгүй байна гэвэл дараагийн шатны шүүх хянана, ойлгосон уу.

- улсын яллагч: Ойлгомжтой байна.

- даргалагч: Захирамж, яллах дүгнэлттэй холбоотой тайлбар байна уу

- шүүгдэгчийн өмгөөлөгч: Байхгүй.

- хохирогчийн өмгөөлөгч: Хууль хэрэглээний талын юм яригдаж байна. Шүүгчийн захирамж гарсан тул захирамж заавал биелэгдэх ёстой. Захирамж биелүүлэхээр шүүх шийдвэрээ гаргах байх. Тэр шийдвэрийг дараа дараагийн шат хянаад явах боломж байгаа тул шүүгч захирамжаа өөрчлөх, эсхүл шүүгчийн захирамжийг заавал биелүүлэх 2 зүйл харагдаж байна. Одоогийн нөхцөлд шүүгчийн захирамжийг биелүүлэх нь үндэслэлтэй байгаа тул хангуулах нь зүйтэй гэж үзэж байна ...” гэсэн.

Дээрх шүүх хуралдааны бичлэгийн хэсэгт, шүүгч нь прокурортой чанга, өндөр дуугаар харьцсан, загнасан, зохисгүй харьцсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн прокурор Ц.Ц нь шүүгчийн асуултад хариулахдаа шүүх хуралдааны дэгийн дагуу суудлаасаа босож хариулсан, үүнийг “прокурорыг босгож зогсоож байгаад загнасан” гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин, шүүх хуралдааны дараа, прокурор 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай тогтоолоор Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ... дугаартай яллах дүгнэлт үйлдсэн нь прокурорын бие дааж, хараат бусаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд бус шүүгчийн заавраар хийгдсэн ажиллагаа гэж үзнэ.

Учир нь, Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Улсын яллагч нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана” гэж зааснаар улсын яллагч хэргийг өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан яллах бүрэн эрхтэй байтал шүүгчээс өөрийн хүсэл зоригийг тулгаж байгаа нь хуульд нийцэхгүй үйлдэл гаргажээ.

Прокурор Ц.Ц “... Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан болоод хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, хойшилсон хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэг болгон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт дахин үйлдэж, яллагдагчид гардуулахыг даалгаж шийдвэрлэсэн байсан ... шүүгчийн захирамжтай танилцахад шүүгчийн захирамж нь Улсын дээд шүүхийн гэмт үйлдэл нь обьектив болон субьектив шинжээрээ нэгдмэл гэмт хэрэгт хамаарч байхад үүссэн үр дагавраар нь хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсгүүдээр давхар зүйлчлэхгүй хамгийн хүнд зүйл ангиар зүйлчлэх тухай тогтоолтой зөрчилдсөн шийдвэр гаргасан байсан тул хэргийг анх шүүхэд шилжүүлсэн зүйл ангиар дахин яллах дүгнэлт үйлдэж, материалыг 60 хоногийн хугацаанд шүүхэд шилжүүлсэн ... Хуралдаан завсарлаад, орохдоо энэ захирамжийг биелүүл гээд хуралдааныг 7 хоногоор хойшлуулж шийдсэн ... Э-д холбогдох хэргийг 1 удаа 60 хоногоор хойшлуулах байтал 2 удаа хойшлуулсан, мөн Улсын дээд шүүхийн тайлбарласнаар[10] өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн тул мөн л прокурорын эсэргүүцэл бичсэн[11] ...” гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах үндэслэлийн нэг нь “зүйлчлэл хүндрэхээр бол” гэж заажээ.

 Хэрэг, маргааныг хуульд нийцүүлэн, “хөндлөнгийн” байж шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүх нь зүйлчлэлийг хүндрүүлээгүй боловч тухайн зүйл, хэсгийг хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоор нь задалж зүйлчлүүлэх ажиллагааг хийлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэн шүүх хуралдааныг хойшлуулсан нь хууль зөрчсөн төдийгүй шууд хуулийн зүйл, заалт нэрлэж, түүгээр зүйлчил гэж тулгасан нь зохисгүй, өөрөөр хэлбэл хэргийг урьдчилан шийдвэрлэсэн гэж үзэх ойлголтыг бий болгожээ.

Шүүгч хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн, шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргах прокурорын хараат бус, бие даасан байдалд халдаж, хэргийн зүйлчлэлийг шууд тулган заасан нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн эсэх талаарх өөрийн шийдвэрийг илэрхийлсэн гэж үзэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” зөрчлийг гаргасан гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд “мэдээлэх” гэдэг нь тодорхой бус хүрээний хүмүүсийг хамарсан олон нийтэд баримт, мэдээ, мэдээллийг дамжуулах, хүргэх үйл ажиллагааг ойлгодог бол “илэрхийлэх” гэдгийг өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлэлт дүгнэлт, хандлагыг олон нийтэд ил гарган үзэл бодлоо илэрхийлэхийг ойлгоно гэж тайлбарласан байдаг.

Мөн “олон нийт” гэдэг нь нийт иргэд, нийгмийн тодорхой бүлэг, эсвэл олон хүний хамтатгасан нэгдлийг хэлэх ба шүүх хуралдааны шийдвэрийг хэргийн оролцогчоос гадна бусад хүмүүс ч мэдэх боломжтой тул “олон нийт” гэсэн ойлголтыг бий болгосон гэж үзлээ.

3.2. Ц.Э нь “Ш” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан, хэрэг үйлдэх үедээ унаж байсан Тоёото Веллфайр загварын ... УБӨ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг авсан, гэрээгээр үүссэн үүргээ хараахан биелүүлж дуусгавар болоогүй, машины гэрчилгээ “Ш” ХХК-ийн нэр дээр байсантай холбогдуулан, эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н тус компанийг иргэний хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг хэлэлцэн, шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар “Ш” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг хүчингүй болгож, иргэний хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасанд дээрх үйлдэл нийцнэ.

Улмаар “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Х-д эрх, үүрэг тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. /сх II-ийн 3-5 дахь тал/

Харин хэргийг хэлэлцсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.М “... хохирогч шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан ... нийт 241,780,735 төгрөгийг хариуцагч нар болох шүүгдэгч Э, “Ш” ХХК-аас гэм хорын хохиролд гаргуулж өгнө үү ...” гэх хүсэлтийг гарган холбогдох баримтуудыг шүүхэд гарган өгсөн. /сх II-ийн 31 дэх тал/

- иргэний хариуцагч “Ш” ХХК-ийн өмгөөлөгч Э.Х “... шүүгдэгчтэй холбоотойгоор ... зээлийн гэрээнээс үүдэлтэй хариуцлага үүссэн ... зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох иргэний нэхэмжлэлээр тогтоолгож, ... нийт 63,243,139 төгрөгийг нэхэмжилж байна ... Э нь “Ш” ХХК-ийн өмчлөлийн автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болж, тухайн зээлийн гэрээнд төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг бид нар хохирол гэж үзэж Э-аас нэхэмжилж байна ... энэнтэй холбоотойгоор иргэний нэхэмжлэгчээр тогтоолгоё гэсэн хүсэлттэй байна ... 4 сард гаргасан захирамж дээр иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг нь хүчингүй болгоод иргэний хариуцагчаар тогтоосноо цуцалсан. Тийм болохоор хэрэг бүртгэлийн явцад тогтоосон байсныг нь хүчингүй болгосон юм байна гэж л ойлгосон. Тэгэхээр бид нар иргэний нэхэмжлэгчээр явмаар байна гэж л харж байна” гэж мэтгэлцсэн[12], үүний дараа хурал завсарлаж, шүүгч зөвлөлдсөн, орж ирээд “... хүсэлтийг хэлэлцээд, шүүгдэгчийн хувьд иргэний нэхэмжлэгчээр, хохирогчийн хувьд иргэний хариуцагчаар “Ш” ХХК явна гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгээр, дээрх хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэсэн  шийдвэр байгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэсэнд нийцэхгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэний нэхэмжлэгч болох  “Ш” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч энэ талаар захирамж, шийдвэр гаргаагүй нь дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Нэгэнт шүүх хуралдаанаас “Ш” ХХК-ийг иргэний нэхэмжлэгч гэсэн тул тус компани нэхэмжлэл гаргаж, 36,243,139 төгрөгийг нэхэмжилсэн, холбогдох баримт хавсаргаж ирүүлсэн, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэргийг “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 196,733,018 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У-д олгож, 35,047,717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжилсэн 36,243,856.96 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж ... хохирогч нар цаашид гарах хохирол, зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж” шийдвэрлэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж заасан илт тодорхой заалтыг шүүгч зөрчжээ.

Холбогдох шүүгчийн уг зөрчлийг “ноцтой” гэж үзнэ, учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогч хохирсон байна.

Тодруулбал, шүүгч нь хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэж, “Ш” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан, харин иргэний нэхэмжлэгчээр тогтоохдоо захирамж гаргаагүй нь хуулиар хүлээсэн хэрэгжүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй, мөн хохирогч нар цаашид гарах эмчилгээний гэх зэрэг зардлаа иргэний журмаар нэхэмжлэхдээ Ц.Э, “Ш” ХХК-ийн алинаас нэхэмжлэх нь тодорхойгүй байдал бий болгосон бол нөгөө талаар хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хариуцах этгээд нь тодорхойгүй байгаа нь шүүгдэгч Ц.Э, “Ш” ХХК нарт давуу байдал бий болгосон гэж үзэх ч үндэслэлтэй байх тул зөрчлийг “ноцтой” гэж үзнэ.

Түүнчлэн, Ц.Э, “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Х нарт 2025 оны 04 дүгээр сарын 11, 15-ны өдрүүдэд нэхэмжлэлийн хувыг гардуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар”-т заагдаагүй баримтыг хэрэглэсэн байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Нэгтгэн авч үзвэл, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул нь,

а/ Шүүгдэгч Э.З, С.О, Г.А нарт холбогдох 3 тусдаа эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ... удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх зөрчлийг,

б/ О.А-д холбогдох хэрэгт хэлэлцүүлэг хийгдээгүй байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22 дахь заалтын “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэсэн зөрчлийг,

в/ Э.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын хараат бус, бие даасан байдалд халдаж, хэргийн зүйлчлэлийг шууд тулган заасан нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэснийг,

г/ шүүгдэгч Э.Б-ыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 68 хоногийн хугацаагаар үндэслэлгүйгээр, хэлэлцүүлэг хийхгүйгээр цагдан хорьж, мөн цагдан хорих захирамжийг гомдол гаргах эрхгүй гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 2, 9 дэх хэсэг, 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус “ноцтой” зөрчсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх зөрчлийг,

д/ шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын хараат бус, бие даасан байдалд халдаж, хэргийн зүйлчлэлийг шууд тулган заасан нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн эсэх талаарх өөрийн шийдвэрийг илэрхийлсэн гэж үзэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэсэн зөрчлийг,

е/ мөн Ц.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулахдаа захирамж гаргаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “ноцтой” зөрчсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх зөрчлийг тус тус гаргасан гэж үзэж, нотлох дүгнэлт үйлдэн, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

 Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул тайлбартаа: 

“... Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.А-ийн гаргасан гомдлын тухайд:

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан С.О-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 31-ний өдрийн ... дугаар захирамжаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Э.З-д холбогдох эрүүгийн ... дугаартай эрүүгийн хэргийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч мөн өдрийн ... дугаар захирамжаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Г.А-д холбогдох эрүүгийн ... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 31-ний өдрийн ... дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д Шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх нөхцөл хангагдаагүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 6 дахь
хэсгүүдэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх; прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх; гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг шүүх хуралдаанаар хянаж,

Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээр заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй гэж хуульчилсан.

Шүүх хуралдаанаар дээрх нөхцөл байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь тогтоогдоогүй гэж үзэж хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Учир нь: ЭХХШтХ-ийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэм буруугаа сайн
дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх
хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж зохицуулсан. /Энэ заалт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн./

Дээрх зохицуулалтыг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны
2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "... өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ...” гэсэн нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, эсхүл өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлсэн боловч мөрдөгч, прокурор, шүүгчийн тогтоосон хугацаанд өмгөөлөгчөө сонгож аваагүй яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэж ойлгоно гэж тайлбарласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг баримталж гарсан шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргахаар буюу гэм буруутай эсэхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан. Энэ утгаараа 17.2 дугаар зүйлд яллагдагчийг өмгөөлөгчтэй оролцуулах талаар хууль тогтоогч тусгайлан хуульчилсан нь яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний эрхийг зөрчихгүй байх, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч буй үйлдэлд хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зорилготой.

Э.З-д холбогдох хэрэгт шүүгдэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хэрэгт авагдаагүй, хэргийн материал танилцуулаагүй зөрчлүүдийг,

Г.А-д холбогдох хэрэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол, яллах дүгнэлт үйлдсэний дараа, түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцуулж, мэдүүлэг авч, хэргийн материал танилцуулж, хэргийг мөрдөгчөөс шүүхэд шилжүүлэх санал гаргасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

С.О-д холбогдох хэрэгт түүнд хэргийн материал танилцуулаагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан байдаг.

Дээрх үндэслэлүүд нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь тогтоогдохгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6.Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй. 8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй гэж хуульчилсан.

С.О, Э.З, Г.А нарт холбогдох эрүүгийн хэргийг дээрх хуулийн заалтад заасан үндэслэлээр прокурорт буцааж, гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсан тул ... Прокурорын газрын Ерөнхий прокурорын "... шүүгчийн захирамжид хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасныг хүлээн аваагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсгүүдэд заасан гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг ноцтойгоор хассан...” гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана. 3-т Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлж гаргасан гомдлыг шүүх хүлээж авахгүй гэж заасан.

Гомдол гаргах эрхийг хуулиар хязгаарласан байхад хууль зөрчиж гаргасан прокурорын эсэргүүцлийг дээрх хугацаа хэтрүүлж гаргасан эсэргүүцэлд тооцож шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.

О.А-д холбогдох хэргийн тухайд:

Шүүгч миний 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/... дугаартай захирамжаар “...2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу О-ийн А-ын хууль ёсны төлөөлөгчөөр Б.О-ийг тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд 1.Мөрдөгч, прокурор өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл^ итгэмжлэгдсэн төлөөлөгчийг; хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор заасан.

Гэтэл О.А нь тус эрүүгийн хэрэгт хохирогч биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасан хууль ёсны төлөөлөгч тогтоолгох шаардлагатай талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Б.О-ийг хэлмэрчээр тогтоосон ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэлмэрч томилох үндэслэл бүрдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хэрэгт Б.О нь шүүгдэгчтэй ямар хамаарал бүхий хүн болох яагаад хууль ёсны төлөөлөгч, хэлмэрчээр тогтоогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д Шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, нөхцөл байдлыг хянана гэж заасан бөгөөд шүүгдэгч О.А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй.” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ..” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан.

Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолдоо “...шүүгдэгч О.А нь төрөлхийн сонсгол, хэл ярианы 70 хувийн алдагдалтайгаас гадна албан ёсны дохионы хэл мэддэггүй, зөвхөн өөрийн төрсөн эх Б.О-тэйгээ ойлголцдог тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эх Б.О-ийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан талаарх баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байхад хэргийг Прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид шүүгдэгч О.А нь түүний хууль ёсны төлөөлөгч Б.О-тэй ямар хамааралтай, яагаад хууль ёсны төлөөлөгч, хэлмэрчээр тогтоогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна...” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд “...Зөрчлийн
... дугаартай хохирогч Л.О мэдүүлэхдээ 2024 оны 08сарын 11-ний шөнө намайг зодсон 3 хүний нэг нь хэлгүй дохиогоор ярьдаг хүн байсан гэж хэлсний дагуу тус хэрэгт холбогдогч О овогтой А-тай очиж уулзахад тухайн болсон асуудлыг санаж байсан ба ... сумын 3 дугаар багт дугуй засварт туслах ажилтай сонсголын бэрхшээлтэй дохиогоор ярьдаг боловч дохионы хэлээр сурч байгаагүй учир хэл мэдэхгүй харин түүний ээж О-тэй 2024.08.18-ны өдөр ... дугаарын утсаар холбогдож ярихад би хэлмэрчээр мэдүүлэг авах ажиллагаанд оролцоно гэхдээ одоохондоо Төв аймаг ажиллаж байгаа гэв... гэх тэмдэглэл авагдсан.

Шүүхэд хэрэг шилжиж ирэхэд дээрх тэмдэглэлээс өөрөөр шүүгдэгч хэл ярианы бэрхшээлтэй гэх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байсан болох нь Шүүхийн сахилгын хорооны гишүүн прокурор Д.З-аас авсан ...Мөн тус хуралд өмгөөлөгч У-оос О.А-ыг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэх баримтыг аваад ирсэн байсан боловч шүүх шийдвэрээ гаргасан учраас гаргаж өгөх боломж олгоогүй..." гэх мэдүүлгээр давхар нотлогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр томилохоор зохицуулсан.

Шүүгдэгч О.А нь хэл ярианы бэрхшээлтэй болох нь баримтаар тогтоогдохгүй байснаас гадна прокурорын Д.З-ийн “...шүүгдэгч О.А-ын хувьд гэр бүлийн байдал эцэг, эх, ах, дүү нар нь байнга гэмт хэрэг зөрчил гаргадаг. Шүүгдэгч О.А нь төрөлхийн сонсгол, хэл ярианы 70 хувийн алдалттайгаас гадна албан ёсны дохионы хэл мэддэггүй, зөвхөн өөрийн төрсөн эх Б.О-тэйгээ ойлголцдог тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эх Б.О-ийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан талаарх баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Энэ хэргийг шийдвэрлэхэд ээж О нь хорих ял авчихсан байсан...О.А болон ээж нь бусдыг зодсон эсэх дээрээ маргадаггүй. О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан...” гэж мэдүүлдэг.

О.А-ын ээж хорих ял эдэлж байхдаа хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана, 5.3 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан.

Мөрдөгч шүүгдэгч О.А-ын хувийн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд заасны дагуу түүний хувийн байдлыг тогтоосон буюу түүнийг хэл ярианы бэрхшээлтэй болохыг нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэл ярианы бэрхшээлтэй болох нь тогтоогдвол ЭХХШтХ-ийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэх заалтыг зөрчиж хорих ял эдэлж байгаа ээжийг нь хууль ёсны төлөөлөгчөөр томилж Б.О-ээр “мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэж бичүүлсэн, яллагдагчаар мэдүүлэг авах, яллах дүгнэлт танилцуулсан баримтуудад өмгөөлөгч оролцсон баримт огт байхгүй зэрэг нөхцөл байдлуудаар өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангахгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно, 17.4 дүгээр зүйлийн 6.Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй. 8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй гэж хуульчилсан.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй нөхцөл байдал тодорхой байсан тул хэргийг 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Энэ захирамжид гомдол гаргах эрх болон хүлээн авсан эсэх талаар дээр дурдсан.

Э.Б-д холбогдох хэргийн тухайд:

... Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5.5.Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна. 6.Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол ... шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. 2.Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж тус тус заасан.

Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүгч миний бие өөрийн дотоод итгэлээр шүүх эрх олгосон дээрх заалтын дагуу шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүчиндэх гэмт хэргийн арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн гэж зүйлчлэлийг хүндрүүлж, хүндрүүлсэн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн шүүгч миний 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/... дугаар хуулийн дээрх заалтад нийцсэн гэж үзэж өөрийн дотоод итгэлээр захирамж гаргасан.

Шүүгдэгч Э.Б нь хохирогч О.М-ын ээж гэмт хэрэг үйлдсэн
талаар мэдсэн гэх цаг хугацаанд өөрийн амь нас эрүүл мэндэд аюул учруулах үйлдэл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байсан тул зүйлчлэл өөрчлөгдөн хүндэрч байгааг нөхцөлөөр дахин өөрийн эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлээс сэргийлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийн зүйлчлэл хүндэрсэн тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх болсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч асуулгах хүсэлт гаргасныг хангаж шүүгдэгч Э.Б-той хамран амьдарч байсан Б.О-ийг гэрчээр асуусан зэрэг нөхцөл байдлуудаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэснийг шүүгч миний өмнөх шүүх хуралдаан дээр гарсан дотоод итгэлийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухайд:

... Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-д холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зам тээврийн осол гаргаж Ц.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А Д-ний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт авагдсан баримтаар энэ гэмт хэргийн улмаас 1 хүн хөнгөн гэмтэл, 1 хүн хүндэвтэр гэмтэл, 1 хүн хүнд гэмтэл, 1 хүний амь нас хохирсон хор уршиг учирсан болох нь тогтоогдож байхад Прокурорын яллах дүгнэлтэд зөвхөн хүнд хохирол учирсан болон амь нас хохирсон гэм буруутай гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5.5.Шүүх уралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна. 6.Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол ... шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д энэ хуулийн
22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. 23 дугаар зүйлийн 23.1 хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу 1 хүн хөнгөн гэмтэл, 1 хүн хүндэвтэр гэмтэл, 1 хүн хүнд гэмтэл, 1 хүний амь нас Н.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А Д-ний амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байсан тул дээрх зүйл ангид зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, хүндрүүлсэн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдаанд оролцогч шүүхэд хандаж үг хэлэх, мэдүүлэг өгөхдөө суудлаасаа босно гэж шүүх хуралдааны дэгийг хуульчилсан.

Хурлын дэгийг шүүх хуралдаан эхлэхэд оролцогчид танилцуулсан бөгөөд Прокурор Ц шүүх хуралдааны дэгд захирагдах бөгөөд шүүгчээс асуусан асуултад хариулахдаа зогссоныг түүнийг босож зогсоож байгаад загнасан гэх тайлбар үндэслэлгүй юм.

... шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.С-ийн гаргасан гомдлын тухайд:

Тус шүүхээс 2025 оны 09 сарын 30-ны өдрийн 184 дугаартай албан бичигт
...Прокурорын хүсэлтэд дурдсанаар анхан шатны шүүхээс гаргасан “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид гомдол эсэргүүцэл гаргах эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 7 дахь хэсгүүдэд заасан прокурор эсэргүүцэл бичих, оролцогчид гомдол гаргах эрхийг ноцтойгоор хасаж, хязгаарласан үндэслэл бий болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн. Шүүхийн энэ ажиллагааны улмаас шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болоод асуудлаа шийдвэрлүүлэх гэж байгаа иргэний эрх ашиг хохирч байна гэж прокуророос дурдсан нь үндэслэлтэй...” гэж дүгнэж хэргийг тус шүүхэд хүргүүлэх талаар дурдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь
хэсэгт заасан шүүгчийн захирамжид прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй, 8 дахь хэсэгт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй гэж хуульчилсан.

Гомдолд дурдсан захирамжуудыг дээрх хуулийн заалтад заасны дагуу гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсгүүдэд заасан прокурор оролцогчийн эрхийг ноцтойгоор хасаж хязгаарласан үндэслэл бий болсон гэж намайг ноцтойгоор буруутгажээ.

17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан
шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана. 7 дахь хэсэгт Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно гэж дурдсан.

Өөрөөр хэлбэл 5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн тохиолдолд шийтгэх
тогтоол гарч уг шийтгэх тогтоолд гомдол гаргах эрхийг хуульчилсан.

Албан бичигт 17.5 дугаар зүйлийн 5, 7 дугаар хэсэгт гэж бичсэн. Уг хуулийн заалт нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байдаг.

Албан бичгийн агуулгаас харахад 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсгийг дурдсан байх тул дээрх тайлбарыг хийсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөлүүдийг дурдсан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн дээрх хэргүүд нь дээрх ноцтой зөрчлүүдэд хамаарах өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан үндэслэл тогтоогдож шүүгдэгч хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаанаар огт хэлэлцээгүй байж шүүгчийн захирамж үндэслэлгүй гэж дүгнэж албан бичиг бичиж хүргүүлснээс гадна сахилгын хороонд гаргасан гомдолдоо “...Өөрөөр хэлбэл Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул удаа дараагийн энэ үйлдэл нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан шүүгч шийдвэр гаргахдаа хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргасан гэх шүүгчийн хориглох үйлдэлд хамаарч байна...” гэж дүгнэж сахилгын хорооны гишүүний эрхэд халдсан үйлдэл гаргаж байна.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Ерөнхий шүүгч Ц.Ариунзул 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

“... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 6.3 шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ гэж, 22 дугаар зүйлийн 22.9-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж тус хуулиудад заасан.

Э-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагч Ц.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Тоёота веллфайр загварын ... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр ...тээврийн хэрэгслийг ...тэнцвэрийг алдагдуулсны улмаас замаас гарч, осолдсон Ц.Э-ийн эрүүл мэндэд ...хүнд хохирол учруулсан, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн А Д-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооход энэ гэмт хэргийн улмаас А Д нас барсан, Ц.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Н.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Ц.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Гэтэл Прокуророос яллагдагч Ц.Э-ыг Ц.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, БНХАУ-ын иргэн А Д-ийн амь насыг хохироосон гэж бусад хохирогч нарыг орхигдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэргийн бодит байдлыг тогтоосны үндсэн дээр шүүгдэгч Ц.Э-ын үйлдлийн улмаас хохирогч Н.М, А нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөлд тэдгээр нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно.  Гэтэл энэ үйл баримтыг яллах дүгнэлтэд огт дурдалгүй хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод нийцэхгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгахаар хуульчилсан.

Шүүгдэгч нь нэг үйлдлээр 4 хүний эрүүл мэндэд хохирол учруулснаас А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй харин бусад хүний эрүүл мэндэд хохирол учирсан нь дээрх гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

Иймд дээрх гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний гэмт хэргийн шинжид дурдсаны дагуу гэмт буруутай болохыг шүүхээс тогтоосны үндсэн дээр ял оногдуулахдаа нэгдмэл гэмт хэрэг гэж үзэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр ял оногдуулсан.

Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гараагүй, энэ талаарх жишиг шүүхийн тогтоол “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээгүй байсан тул миний бие дээрх хуулийн зохицуулалтыг ойлгон хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг нэг хүнд дээрх хохирол буюу хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, нас барсан тохиолдлоор ойлгон хэрэглэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээр хэрэглэх юм байна гэж ойлгон хэрэглэж байгаа.

Шүүгчийн хувьд Улсын дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн хянан шийдвэрлэсэн тогтоолыг уншиж судалдаг, миний хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэдэг, энэ чиглэлээр мэргэшсэн байсан. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эрүү, иргэн, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэж эхэлснээс гадна тус шүүхэд 7 шүүгч ажиллахаар Улсын Их хурлын тогтоолоор орон тоог баталсан боловч шүүх өөрчлөн зохион байгуулагдах үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэдэг байсан 2 шүүгчийг өөр шүүхэд шилжүүлэн ажиллуулж, 1 шүүгч нь 2025 оны 05 сард тэтгэвэрт гарсан, 1 шүүгчийн 2025 оны 12 дугаар сараас мөн өөр шүүхэд сэлгэн ажиллуулахаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шийдвэрлэж одоо 2 шүүгч ажиллаж байсан.

Шинээр эрүү, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлэхээр судлахаас гадна орон тоо дутуу ажиллаж байгаагаас ачаалал ихтэй ажиллаж байгаа цаг хугацаанд Улсын дээд шүүхийн тогтоолыг өмнөх онуудыг бүгдийг уншиж судлах, боломж муутай, байхаас гадна Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 109 дугаартай тогтоолыг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлээгүй, хэрэг, үйл баримт болгон өөр учир хэргийг шийдвэрлэхдээ хуулийг тайлбарлан хэрэглэсэн.

Тус шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах журмаар хянан шийдвэрлэдэг шүүх болох Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай магадлалаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэж хуульчилсан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт "... энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол” гэж энэ хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр заажээ.

Хуулийн энэхүү шаардлагад нийцүүлэн яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд
шүүгдэгч Н.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж дүгнэсэн боловч прокуророос мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэж ялласан, шийтгэх тогтоолд зөвхөн энэ зүйл, хэсгээр буюу “хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 2 хүний биед
хүндэвтэр гэмтэл учирсан гэм бурууг дүгнээгүй нь “... шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэсэнд нийцсэнгүй.

Мөн гэмт хэргийн шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэмжээ, хязгаар, үр дагаврыг тооцож,
тогтооход болон шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагад нөлөөлөх юм ...” гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг анхаарч өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

... шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.С, ... прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.А нараас Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд холбогдуулан мэдээлэл ирүүлснийг Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ГЗҮ/2025/0135 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГНД/2026/0008 дугаар “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийг гаргажээ.

Нэг. Шүүгдэгч Э.З, Г.А, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухайд,

Тус аймгийн прокурорын газраас, эрүүгийн ... дугаар шүүгдэгч Э.З-д холбогдох /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг/, эрүүгийн ... дугаар Г.А-д холбогдох /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан/, эрүүгийн ... дугаар С.О-д холбогдох /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан/ хэргүүдийг тус тус хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Дээрх хэргүүдийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хийхээр товлож, хэргийг  хэлэлцэн, “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, тухайн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээргүй байна ...” гэсэн үндэслэлээр, прокурорт буцааж, захирамжид гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааж, тус зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянахаар, 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээрх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэж, энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй байхаар хуульчилсан.

Гэтэл шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэж мэдүүлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын тогтоолоор хангасан, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэж хүсэлт гаргасан, үүнийг шүүгч лавлан асуухад батлан хариулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн, ямар ял, албадлагын арга хэмжээгээр шийтгүүлж байгаагаа ойлгосон талаараа хэлсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан эрүүгийн хэргүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй хэдий ч тус хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулсан боловч уг журам тухайн үед батлагдаагүй байжээ.

Харин Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарласан ба “... өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ...” гэх заалтыг хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, эсхүл өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлсэн боловч мөрдөгч, прокурор, шүүгчийн тогтоосон хугацаанд өмгөөлөгчөө сонгож аваагүй яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэж ойлгох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөлөөс бусад тохиолдолд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилох уг журам хамаарахгүй …” гэж тайлбарласан байна.

Үүнийг илтгэгч гишүүн “... эрүүгийн хэргийг шалгах явцад болон шүүхэд хэрэг шилжсэний дараа өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоо бичгээр илэрхийлсэн, гэм буруу, үүсэх үр дагавраа хүлээн зөвшөөрсөн байтал прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан ба тус тайлбарын 3-д “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байгаа тохиолдолд шүүх хэргийг прокурорт буцаахаар заасан, тусгай мэдлэг, чадвар шаардахгүйгээр ойлгогдох хуулийн зохицуулалт тул шүүгч Ц.Ариунзул нь шүүгдэгч Э.З, С.О, Г.А нарт холбогдох тусдаа 3 эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаан шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгч О.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухайд,

О.А нь Л.О-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, түүнийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба тэрээр бичиг үсэг мэдэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй тул хууль ёсны төлөөлөгч болон хэлмэрчээр түүний ээж Б.О-ийг мөрдөн байцаалтын шатанд томилсон байна.

Хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцсэн ба шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.О ирээгүй тул ирцтэй холбоотойгоор прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.О-ийг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргаж, ирцтэй холбогдох хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарлуулжээ.

Шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэхдээ, “шүүгдэгчийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болох нь шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/... дүгээр захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, прокурор Д.З нарын гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх хуралдааныг нээх, ирц шалгах, дэг тайлбарлах, шүүгч, прокурор, оролцогч, бусад оролцогчийг зарлах, татгалзан гаргах эрхийг хангах, оролцогчийн эрхийн хэрэгжилтийг шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж шалгах, нотлох баримт шинжлэн судлах эсэх талаар талуудын саналыг сонсох, талууд дүгнэлтээ танилцуулах, шүүгдэгч эцсийн үг хэлэх, шүүх хуралдааныг завсарлуулж шүүх шийдвэрээ гаргах, шүүхийн шийдвэрийг танилцуулах, шүүх хуралдааныг хаах гэсэн дарааллаар шүүх хуралдааныг явуулна” гэж тус тус заажээ.

Холбогдох шүүгч нь хурал нээгээд ирц шалгаж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эсэх талаарх хүсэлтийг шийдвэрлэхээр зөвлөлдөж, шийдвэрлэхдээ ирцийн тухай бус харин шүүх хуралдаанаар хянавал зохих нөхцөл байдалд хэлэлцүүлэг хийлгүй урьдчилан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн зөрчил гаргасан байна.

Үүнийг илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22 дахь заалтын “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэсэн шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5 дахь заалтад тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шүүх хуралдааны даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхийг олгосноос бус шүүх хуралдааныг явуулах дэг, дарааллыг зохицуулсан заалт биш юм.

Харин шүүгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд баримтлахаар шүүгчид үүрэг болгосон журмыг зөрчсөн зөрчилд хамаарах тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил болно.

Түүнчлэн, шүүгдэгч Э.З, С.О, Г.А нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан захирамжуудыг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хянахад, шүүгч Н.Б нь шүүгдэгч Э.З-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн бөгөөд прокурор тус захирамжийг эс зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан.

Ерөнхий шүүгч А.С “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодруулга, чиглэл авах тухай” 213 дугаар албан бичгийг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Х-т хүргүүлэхэд, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02/4099 дүгээр албан бичгээр “... шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бус өөрийн санаачилгаар захирамж гарган прокурорт буцаасан нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульчлагдсан шаардлага, журамд нийцэхгүй болно ...” гэх хариуг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байгаагаар шүүгч Ц.Ариунзулын хэргийг прокурорт буцаасан захирамж хууль зөрчсөн болох нь давхар тогтоогдож байна.

Гурав. Шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухайд,

3.1. Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж аймгийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 310 дугаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүгч Ц.Ариунзул даргалсан 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар, шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчлөн сонсгож, шүүгдэгчид ял өөрчлөн сонсгох, мэдүүлэг авах, яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх шүүгчийн захирамжийн дагуу хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэн, Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 310/А дугаар яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус хэргийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, шүүгч Б.Г, Ц.Ү нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд, 2025/ШЦТ/... дүгээр шийтгэх тогтоолоор Э.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн байна.

 Шүүгч Ц.Ариунзулын хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт даалгаж шийдвэрлэснийг илтгэгч гишүүн “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасныг хэрэгжүүлэхдээ, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх ямар нөхцөл байдал болон баримт байгаа, эсхүл өөр гэмт хэргийн шинжийг агуулсан тухай зааж, зохих ажиллагааг хийлгэхээр буцаах ба шууд хуулийн зүйл, заалт нэрлэх нь зохисгүй, өөрөөр хэлбэл хэргийг урьдчилсан байдлаар шийдвэрлэсэн гэж үзэх ойлголтыг төрүүлнэ. Шүүгч нь хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн, шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргадаг прокурорын хараат бус, бие даасан байдалд халдаж, хэргийн зүйлчлэлийг шууд тулган зааж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн эсэх талаарх өөрийн шийдвэрийг илэрхийлсэн гэж үзэх нөхцөл байдлыг бий болгосон байна ...” гэж дүгнээд, шүүгчийг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад зөрчлийг гаргасан гэж үзжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх;” гэж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар шүүгч урьдчилан өөрийн бодол, байр суурийг “олон нийтэд” мэдээлэх, илэрхийлэх буюу гадагш чиглэсэн байх үр дагавар шаарддаг бөгөөд тухайн хэрэг, маргааны талаар хэзээ, хэнд мэдээлснээс хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилжээ.

Шүүгч Ц.Ариунзул нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн зүйлчлэлийг хүндрүүлэн шийдвэрлэхдээ хүндрүүлж буй хуулийн зүйл, заалтыг нэрлэн заасан нь шүүгч тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилан өөрийн байр суурийг илэрхийлсэн гэх ойлголтыг оролцогчдод төрүүлсэн байх хэдий ч эрүүгийн хэргийн үйл баримттай маргаагүй оролцогч бус этгээдүүд буюу олон нийтэд хандаагүй, шүүгчид хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлээр шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн үндэслэлээ захирамжид заан, шаардлагатай ажиллагааг хийхийг прокурорт даалгасан зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл хангагдаагүй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Тодруулбал, тухайн хэргийн үйл баримт яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлтэй тохирохгүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдлыг шалгах талаар шүүх хуралдааны оролцогч, хэргийн яллах тал болох прокурорт даалгасныг “олон нийт” гэж үзэхгүй бөгөөд прокурорын зөвлөгөөнд хэлэлцэгдсэн байдал нь тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой, эрүүгийн хэрэгт хяналт тавих чиг үүргийнхээ дагуу хэлэлцсэн асуудал байх тул үүнд шүүгчийг буруутгах боломжгүй.

Гэвч цаашид шүүгч нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл байна гэж үзвэл хуулийн зүйл, заалтыг шууд нэрлэн заахгүйгээр зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал, эсхүл өөр гэмт хэргийн шинжийг агуулсан тухай зааж, эдгээр нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр прокурор хэргийг зүйлчлэх байдлаар шийдвэрлэх нь шүүгчийн “хөндлөнгийн байх” зарчимд нийцэхийг дурдах нь зүйтэй.

3.2.Шүүгч Ц.Ариунзул нь шүүгдэгчийн зүйлчлэлийг хүндрүүлж ял өөрчлөн сонсгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч Э.Б-ыг өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл тогтоогдсон гэж дүгнэн, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд 68 хоног цагдан хоригдсон байна.

Үүнийг илтгэгч гишүүн “... хэргийн оролцогчоос шүүгдэгчид авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар санал, хүсэлт гаргасны дагуу, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх талаар хэлэлцүүлэг хийхээр зохицуулсан байхад ямар нэгэн хүсэлтгүйгээр, мөн хэлэлцүүлэлгүйгээр 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 68 хоногийн хугацаагаар Э.Б-ыг үндэслэлгүйгээр цагдан хорьж, эрхийг нь хязгаарласан ...” гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 2, 9 дэх хэсэг, 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болохоор заасан байх тул шүүгдэгч өөрийн амь насанд аюул учруулах үйлдэл гаргасан болохыг гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсаныг үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлд прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг журамласан бөгөөд эрүүгийн хэргийг шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байх хугацаанд шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл тогтоогдвол шүүгч уг таслан сэргийлэх арга хэмжээг авах эрхтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд цагдан хорих хугацааг тогтоосон бөгөөд тус зүйлийн 13 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй” гэж зааснаар шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дараагаас эхлэн хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд цагдан хорьсон байх тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Дөрөв. Шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухайд,

4.1. Ц.Э-ыг Ц.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, БНХАУ-ын иргэн А Д-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, аймгийн прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 60 дугаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүгч Ц.Ариунзул даргалсан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж, шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Үүний дараа, Ц.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Н.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, БНХАУ-ын иргэн А Д-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж нэмэгдсэн, харин хэргийн зүйлчлэл өөрчлөгдөөгүй 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 60А дугаартай яллах дүгнэлт бүхий хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг хэлэлцсэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны  2025/ШЗ/... дугаар захирамжид “... прокурор шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж ирүүлээгүй, захирамж биелэгдээгүй байх тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй ...” гэж дүгнээд, шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан байна.

Тус шүүх хуралдааны дараа, прокурор 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай тогтоолоор Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 60Б дугаартай яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, 2025/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор, Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Үүнийг илтэгч гишүүн “... Шүүгч хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн, шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргах прокурорын хараат бус, бие даасан байдалд халдаж, хэргийн зүйлчлэлийг шууд тулган заасан нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн эсэх талаарх өөрийн шийдвэрийг илэрхийлсэн гэж үзэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад заасан зөрчлийг гаргасан гэж үзнэ ...” гэж дүгнэсэн нь дээр дурдсанчлан, эрүүгийн хэргийн үйл баримттай маргаагүй оролцогч бус этгээдүүд буюу олон нийтэд хандаагүй, шүүгчид хуулиар олгосон эрх хэмжээнд хамаарах ажиллагаа байх тул зөрчлийн “олон нийт”-д илэрхийлэх гэх нөхцөл хангагдаагүй гэж үзэн, зөрчил гаргасанд тооцохгүй.

Мөн дүгнэлтэд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэн шүүх хуралдааныг хойшлуулсан нь хууль зөрчсөн ...” гэж дурдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах үндэслэлийн нэг нь “зүйлчлэл хүндрэхээр бол” гэж заасан боловч сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч нь нэг үйлдлээр 4 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байхад яллах дүгнэлтэд энэ талаар дурдаагүй орхигдуулсан байна.

Энэ талаар холбогдох шүүгч “... Шүүх хуралдаанаар хэргийн бодит байдлыг тогтоосны үндсэн дээр шүүгдэгч Ц.Э-ын үйлдлийн улмаас хохирогч Н.М, А нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөлд тэдгээр нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно.  Гэтэл энэ үйл баримтыг яллах дүгнэлтэд огт дурдалгүй хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод нийцэхгүй юм ...” гэж тайлбарласан бөгөөд шүүгчийн захирамжаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлээгүй боловч прокуророос шүүгдэгчийг гэм буруутайд тооцон яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг нэмэгдүүлэн сонсгож, яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор холбогдох ажиллагааг гүйцэтгэх шаардлага үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсныг буруутгах үндэслэлгүй.

Мөн мэдээлэлд хэргийг хэлэлцсэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны үед болсон үйл баримттай холбогдуулан “... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй талаар яллах дүгнэлтдээ тусгахад шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогч нарын дэргэд улсын яллагчийг босгон зогсоож “чи миний захирамжийг хянах эрхтэй юм уу, шүүгчийн захирамж хүчинтэй байгаа тул заавал биелэгдэх ёстой” гэхчлэн зохисгүй байдлаар харьцсан ...” гэж дурдсан бөгөөд илтгэгч гишүүн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн байна.

Тус үзлэгээр, шүүгч нь прокурортой чанга, өндөр дуугаар харьцсан, загнасан, зохисгүй харьцсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн прокурор Ц.Ц нь шүүгчийн асуултад хариулахдаа шүүх хуралдааны дэгийн дагуу суудлаасаа босож хариулсан болох нь тогтоогдож байх бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөөр шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлтийн талаар шүүгч прокуророос асуусныг “прокурорыг босгож зогсоож байгаад загнасан” гэж үзэх үндэслэлгүй байна.

4.2.Шүүгдэгч Ц.Э нь “Ш” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан, хэрэг үйлдэх үедээ унаж байсан Тоёото Веллфайр загварын ... УБӨ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг авсан, гэрээгээр үүссэн үүргээ биелүүлж дуусгавар болгоогүй, машины гэрчилгээ “Ш” ХХК-ийн нэр дээр байсантай холбогдуулан, эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н тус компанийг иргэний хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг хэлэлцэн, шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар “Ш” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг хүчингүй болгож, иргэний хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Хэргийг хэлэлцсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.М-аас нийт 241,780,735 төгрөгийг хариуцагч нар болох шүүгдэгч Ц.Э, “Ш” ХХК-иас гэм хорын хохиролд гаргуулахаар, харин иргэний хариуцагч “Ш” ХХК-ийн өмгөөлөгч Э.Х-аас зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн төлбөр 63,243,139 төгрөгийг Ц.Э-аас гаргуулахаар иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор тус тус хүсэлт гаргасныг шийдвэрлэхээр хуралдааныг завсарлаж, шүүгч зөвлөлдөөд “Ш” ХХК-ийг шүүгдэгчийн хувьд иргэний нэхэмжлэгчээр, хохирогчийн хувьд иргэний хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн талаараа хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Үүний дагуу “Ш” ХХК нь 36,243,139 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр “... иргэний нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжилсэн 36,243,856.96 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж ... хохирогч нар цаашид гарах хохирол, зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж” шийдвэрлэсэн зэргээс үзэхэд, “Ш” ХХК нь тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон болох нь тогтоогдож байна.

Гэвч шүүгч нь “Ш” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон захирамж, шийдвэр гаргаагүй болох нь эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж заасан шүүгчид үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн байна.

Харин илтгэгч гишүүн холбогдох шүүгчийн уг зөрчлийг “... хохирогч нар цаашид гарах эмчилгээний гэх зэрэг зардлаа иргэний журмаар нэхэмжлэхдээ Ц.Э, “Ш” ХХК-ийн алинаас нэхэмжлэх нь тодорхойгүй байдал бий болгосон бол нөгөө талаар хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хариуцах этгээд нь тодорхойгүй байгаа нь шүүгдэгч Ц.Э, “Ш” ХХК нарт давуу байдал бий болгосон гэж үзэх ч үндэслэлтэй байх тул зөрчлийг “ноцтой” гэж үзнэ ...” гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь иргэний хариуцагчаар Ц.Э, “Ш” ХХК нь тогтоогдсон бөгөөд амь хохирсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.М-аас гэм хорын хохиролд нэхэмжилсэн 241,780,735 төгрөгөөс 196,733,018 төгрөгийг шүүгдэгч Ц.Э-ас гаргуулахаар, үлдэх 35,047,717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, бусад хохирогч нар цаашид гарах эмчилгээний гэх зэрэг зардлаа иргэний журмаар нэхэмжлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагчаа өөрөө тодорхойлон нэхэмжлэл гаргахаар зохицуулсан, мөн “Ш” ХХК нь зээлийн гэрээний төлбөрөө иргэний хэргийн журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа зэргээс үзэхэд, шүүгдэгч Ц.Э, “Ш” ХХК нарт давуу байдал бий болгож, хэргийн оролцогч хохирсон гэж дүгнэх үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд, Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийн:

1. Шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.23-д заасан зөрчлийг, шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д заасан зөрчлийг тус тус гаргасан гэж дүгнэснийг хэрэгсэхгүй болгож,

2. Шүүгдэгч О.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэснийг 50.1.23-д заасан зөрчил гэж, шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэснийг “хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэж тус тус өөрчилж,

3. Шүүгдэгч Э.З, С.О, Г.А нарт холбогдох 3 тусдаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзулыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /1 удаа/, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /1 удаа/, тус зүйлийн 6 дахь хэсэг /3 удаа/-т тус тус заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан “цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГНД/2026/0008 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд “цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                         ГИШҮҮН                                         Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                    Г.ЦАГААНЦООЖ

 

[1] 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр

[2] Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/58 дугаар тушаалаар “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журам”-ыг баталсан боловч энэхүү тушаалыг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/240 дүгээр тушаалаар хүчингүй болгосон байна. сх II хх-ийн 175-178 дахь тал

[3] Аймгийн прокурорын газрын бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбараас харагдана, сх I хх-ийн 178 дахь тал

[4] Б тайлбартаа “... Ерөнхий шүүгчид уг захирамжид гомдол гаргах эрхгүй эсэргүүцлүүдийг ирсэн тухай мэдэгдэхэд хүлээн авах боломжгүй, буцаах тухай хэлсэн. … 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр … Ерөнхий шүүгчийг ирсний дараа тухайн эсэргүүцлүүдийг ямар шалтгааны улмаас хүлээн авах боломжгүй байгаа тухайгаа албан бичгээр хариу ирүүлнэ үү гэсэн утгатай албан бичгийн хамт хүргүүлсэн тухай мэдэгдсэн боловч хүлээн авах боломжгүй, анхнаасаа гомдол гаргах эрхгүй захирамж учир хүлээж авах үндэслэл байхгүй тухай мэдэгдсэн ...” гэсэн, сх I хх-ийн 175 дахь тал

[5] Шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэл хоорондоо утга агуулгын зөрүүгүй болно.

[6] Өмнө шүүгч дангаар тус хэргийг шийдвэрлэх байсан бол зүйлчлэл өөрчлөгдсөнөөр, бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх болж, Ерөнхий шүүгч Ц.Ариунзул, бүрэлдэхүүнд шүүгч Д.А, Б.Г нар томилогдсон. Шүүгч Д.А нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул, Ерөнхий шүүгч Ц.Ариунзул, бүрэлдэхүүнд шүүгч Ц.Ү, Б.Г нар томилогджээ.

[7] Анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/... дүгээр шийтгэх тогтоолоор “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... үйлдэл тогтоогдохгүй байх тул ... зүйчлэлийг хөнгөрүүлж мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй ...” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь өмнөх, ... аймгийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... дугаар яллах дүгнэлтийн зүйлчлэлтэй агуулга ижил байна.

[8] Сх II хх-ийн 47 дахь тал

[9] Шүүх хуралдааны 7.18 enhjargal/2/ /1/.mp4 нэртэй бичлэг

[10] Улсын дээд шүүх “гэмт үйлдэл нь обьектив болон субьектив шинжээрээ нэгдмэл гэмт хэрэгт хамаарч байхад үүссэн үр дагавраар нь хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдээр давхар зүйлчлэхгүй байх” талаар хэд хэдэн хуралдааны тогтоолд тусгасан байна.

Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ХШТ/... дүгээр тогтоолд, “... Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон” хэмээн уг хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна ... хууль хэрэглээний жишигт гэмт хэргийг нийлмэл ба нэгдмэл гэж ангилан үздэг бөгөөд ... гэмт үйлдэл нь обьектив болон субьектив шинжээрээ нэгдмэл гэмт хэрэгт хамаарч байхад үүссэн үр дагавраар нь прокурор хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдээр давхар зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ.

Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчин осол гаргаж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон бол түүний үйлдлийг тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг нь хууль хэрэглээний тогтсон жишиг юм...” гэж дүгнэсэн байна.

[11] Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, 2025/ДШМ/... дүгээр магадлалаар, шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3-т зааснаар” гэснийг хасч “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар …” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. сх II хх-ийн 70-75 дахь тал

[12] 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 3,5,6 дахь тал, сх II хх-ийн 16-17 дахь тал,