
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-02-15
Дугаар 27
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, шүүгч Т.Э нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д холбогдох сахилгын зөрчил гаргасан тухай нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГНД/2023/0004 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-д:
“... 1. “Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзаж байсан. Ингээд Т.Э шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан боловч шүүгч өөрийг нь татгалзан гаргах хүсэлтийг өөрөө дангаараа хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасныг үндэслэн татгалзлыг хүлээн авалгүй шийдвэрлэж, уг шийдвэрт гомдол гаргах эрхтэй байхаар захирамж гаргасан” гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргажээ.
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ЕШ2022/... дугаар захирамжаар “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК, М-д тус тус холбогдох иргэний хэргийг ... Иргэний хэргийн анхан шатны шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус иргэний хэрэг нь шүүгч Т.Э-д хуваарилагдан хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШЗ2022/*** дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлосон байна.
2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч талаас шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгч 182/ШЗ2022/*** дугаар захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэдэгт хэргийн аль нэг оролцогчоос шүүгчийн талаар нөгөө талын оролцогчдын нөлөөнд автсан буюу автаж болзошгүй талаар тодорхой мэдээллийг гаргах, уг мэдээллээ баримтаар нотолсон байх”-ыг ойлгоно. Өөрөөр хэлбэл дээр дурдсан нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй, нөгөө талаар шүүгчээс явуулж буй хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийг татгалзан гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй” гэж үзэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхээр нь хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Нэхэмжлэгч талаас уг захирамжид гомдол гаргасны дагуу бүрэлдэхүүнтэйгээр гомдлыг хянан хэлэлцээд 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШТ2022/*** дугаар шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт татгалзал гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ гэж заасан. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШЗ2022/*** дугаар захирамж нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Мөн нэхэмжлэгч талаас 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж үзэж татгалзан гаргах хүсэлтийг дахин гаргасан.
Уг хүсэлтийг шүүгч 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2022/*** дугаар шүүгчийн захирамжаар “шүүгчийг татгалзсан тус шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй, харин хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т зааснаар хүлээн авч, энэхүү татгалзал үндэслэлтэй эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.6-д зааснаар тус шүүхийн Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн, шүүх хуралдааныг жич товлон хойшлуулсан” байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 182/ЕШ2022/*** дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар татгалзан гарах үндэслэл тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон байна.
Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас дахин шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгч мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т зааснаар хүлээн авах үндэслэлгүй байна гэж хүсэлтийг хангахгүй орхиж, гомдол гаргах эрхтэй болохыг дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй”, 92.4 дэх хэсэгт “Татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж, шүүгч захирамж гаргахаар заасан тул шүүгч Т.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж зохигчдыг хуульд заасны дагуу гомдол гаргах эрхээр хангаж шийдвэрлэснийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.
2. “...Шүүгчээс татгалзсан тохиолдолд шүүх хурлыг хийлгэх боломжгүй байсан, шүүгчийн захирамжид гомдол гаргасан, уг гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 11:30 цагт хийхээр товлосон, энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байсан, хэргийн бусад оролцогчид гомдлын хурлын товыг мэдсэн гарын үсэг зурсан талаараа шүүх хуралд тайлбарласан зэрэг тодорхой үйл баримтууд байсаар байхад шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлд шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илт зөрчсөн” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШЗ2022/*** дугаар захирамжаар нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүгч Т.Э-г татгалзан гаргах хүсэлт гаргасныг хэлэлцэн, хүсэлтийг хангахгүй орхин, шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, уг захирамжид гомдол гаргах эрхтэйг дурдсан.
Дээрх захирамжийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба уг гомдлыг хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутад бүрэлдэхүүнтэй хуралдаан болохыг оролцогчдод 2022 оны 04 дүгээр сарын 21-ний, 22-ны өдрүүдэд шүүхээс мэдэгдсэн байна.
Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 45 минутаас шүүгч Т.Э хойшилсон хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулсан бөгөөд 182/ШЗ2022/*** дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгч тал нь шүүх хуралдааныг мэдсэн байх боловч шүүхэд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан илэрхийлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд ирсэнгүй. Иймд хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй” гэж дүгнэж “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэх бүрэн эрх нь хуулиар олгогдсон боловч шүүгчийг татгалзан гаргах хүсэлттэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлээгүй байхад шүүгч нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байгаа нь сахилгын зөрчилд хамаарахаар байна гэж үзлээ.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ...хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж зааснаар бүрэлдэхүүн гомдлыг хянан хэлэлцээгүй, гомдол шийдвэрлэх хуралдааны тов тогтоосон байхад шүүгч Т.Э нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасан гомдол хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэлээ.
Мөн нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч гомдол гаргасныг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШТ2022/*** дугаар шүүхийн тогтоолоор 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШЗ2022/*** дугаар захирамжийг хүчингүй болгосон байгааг дурдах нь зүйтэй.
3. Өргөдөл гаргагч “...Шүүгчийн гаргасан 13086 дугаартай захирамжийн Захирамжлах хэсгийн 4-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т заасныг үндэслээд нэхэмжлэгч “Д" ХХК-ийг 100.000 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарыг тус бүр 50.000 төгрөгөөр торгох тухай заажээ. Шүүгч яагаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97.1-д заасныг барихгүйгээр манай асуудалд огт хамаарал байхгүй 97.2 дах заалтыг үндэслэсэн нь зориуд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхгүй байхаар тааруулж шийдвэр гаргажээ гэж бид үзэж байна. /шүүгч асуудлыг аль болох гомдол гаргах эрхгүй байхаар мухарлаж шийдвэрлэхдээ гаршсан гэлтэй ../ Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгч хэрэв мөнгөн торгууль оногдуулсан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гаргана гэж маш тодорхой заасан байтал Т.Э шүүгч нь эсрэгээрээ захирамж гаргасан” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2022/*** дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-ийг 100.000 төгрөгөөр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Ц нар тус бүр 50.000 төгрөгөөр торгосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан тухайн шатны шүүхэд гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй болохыг дурджээ.
Тус захирамжийг илт үндэслэл муутай учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийг шүүгч 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШЗ2022/13951 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Шүүгч Т.Э нь “...шүүгчийн захирамж нь шүүх хуралдаанаас гарч байгаа эрхийн акт бөгөөд шүүх Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлаагүй тул шийтгэврийн бланк хэрэглэхгүй юм” гэх тайлбарыг гаргасан нь учир дутагдалтай байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар торгууль оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гарган зөрчил гаргасан этгээдийг зуун мянга хүртэл төгрөгөөр торгоно”, 97.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 97.1-д зааснаас бусад тохиолдолд торгууль оногдуулах асуудлыг шүүгч зөрчил гаргасан этгээдийг дуудан ирүүлж шийдвэрлэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түүний ирээгүй явдал шийтгэвэр гаргахад саад болохгүй”, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан байхад шүүгч нь шийтгэвэр гаргалгүйгээр захирамжаар нэхэмжлэгч талд торгууль оногдуулсан, түүнчлэн шүүгч мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг баримтлах байтал 97.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч талд торгууль оногдуулснаар 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах боломжгүй болсон, өөрөөр хэлбэл дээрх зохигчдын гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.
4. Мөн өргөдөл гаргагчаас “А" ХХК-ийн өмгөөлөгч Д.Б болон “У” ХХК, М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны явцад “Д" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хэл амаар доромжлох хандлага гаргах, үүсгэн байгуулагч Б.Э-г зууны луйварчин гэх мэтээр доромжлон харьцаж, шүүх хурлыг үймүүлэх оролдлогуудыг байнга гаргасаар байхад шүүгч Т.Э нь дэгээ сахиулж, шаардлага тавьдаггүй, мөн нэхэмжлэгч талыг үг хэлэх, мэтгэлцэх эрхээ эдлэх боломжийг хааж, шүүхийг үл хүндэтгэсэн, нөгөө талаа залхаасан гэх үгийг байнга хэлж, дарамт үүсгэж байгаа” гэжээ.
Тус иргэний хэргийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгүүд хэрэгт авагдсан бөгөөд тус бичлэгт хийсэн үзлэгээр хариуцагч нараас нэхэмжлэгч талын төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хэл амаар доромжлох, хуралдааныг үймүүлэх зэрэг үг, үйлдэл гаргаагүй байх бөгөөд шүүгч зохигчдын мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж зааснаар шүүгч шүүх хуралдаан дэг сахиулах үүргээ биелүүлсэн байх тул шүүгчийг дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
5. Түүнчлэн “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг шүүгч хангаагүй ба ингэхдээ захирамжид гомдол гаргах эрхгүй байхаар хүчээр шийдвэрлэж байсан” гэх өргөдлийг гаргасан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус гэх хурлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Х/04 дүгээр тогтоолын хүрээнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг хариуцагч “А” ХХК-д даалгах арга хэмжээ авах хүсэлтийг гаргасан.
Энэхүү хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2022/*** дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж, “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус гэх хурлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Х/04 дүгээр тогтоолын хүрээнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг хариуцагч “А” ХХК-д даалгасан” байна.
Уг захирамжийг эс зөвшөөрч хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-с гомдол гаргасныг бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШТ2022/0048 дугаар шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд хүсэлт гаргасан гэх үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгожээ.
2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч талаас дахин шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШЗ2022/*** дугаар шүүгчийн захирамжаар “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус гэх хурлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Х/04 дүгээр тогтоолын хүрээнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг хариуцагч “А” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч талаас дахин 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02, 03, 04, 05, 06, 07 тоот тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлүүдийг эцэслэн шийдвэрлэх хүртэл “А” ХХК-ийн удирдлагаас дээрх тогтоолуудын хүрээнд тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байх, аливаа шийдвэр гаргахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, иргэний хэргийг тусгаарлуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасан байна.
2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2022/*** дугаар шүүгчийн захирамжаар дээрх хүсэлтүүдийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан тухай шатны шүүхэд гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүртээ шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагч “А” ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч, “А” ХХК-д даалгах тухай хүсэлт гаргасныг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжуудаар хангаж шийдвэрлэсэн байх боловч мөн шүүхийн тогтоолуудаар дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн” гэж дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т зааснаар “Энэ хуулийн 171.1-д заасан тогтоол нь эцсийн шийдвэр болно” гэж зааснаас үзвэл шүүгч ... Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан дээрх тогтоолуудаар нэхэмжлэгч талын шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг эцэслэн шийдвэрлэсэн талаар дурдан хүсэлтийг хангахгүй орхисон, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгч Т.Э нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасан шүүгчийн захирамжид гомдол гаргах зохицуулалтыг удирдлага болгоогүй гэх үндэслэлээр шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Дээрхээс нэгтгэн үзвэл шүүгч Т.Э нь зохигчид торгох шийтгэл оногдуулахдаа хуульд зааснаар шийтгэвэр гаргалгүйгээр захирамж гаргасан байх ба ингэхдээ зохигчдын гомдол гаргах эрхийг хязгаарласан, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг бүрэлдэхүүн шийдвэрлээгүй, тов тогтоосон байхад уг татгалзлыг шийдвэрлэх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн байх тул ... шүүхийн шүүгч Т.Э-г сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 1482 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулжээ.
НЭГ. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж, шүүгч захирамж гаргахаар заасан тул шүүгч Т.Э нь шүүх хуралдааны явцад гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж зохигчдыг хуульд заасны дагуу гомдол гаргах эрхээр хангаж шийдвэрлэсэн,
2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдийн шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгээр хариуцагч нараас нэхэмжлэгч талын төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хэл амаар доромжлох, хуралдааныг үймүүлэх зэрэг үг, үйлдэл гаргаагүй, шүүгч зохигчдын мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүх хуралдаан даргалагч шүүгч шүүх хуралдааны дэг сахиулах үүргээ биелүүлсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг хангалгүй орхиж шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжид гомдол гаргах зохицуулалтыг удирдлага болгоогүй гэх үндэслэлээр шүүгчийг хууль зөрчсөн, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзээгүй илтгэгч гишүүн дүгнэлт үндэслэл бүхий байна.
ХОЁР. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “... нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэх бүрэн эрх нь хуулиар олгогдсон боловч шүүгчийг татгалзан гаргах хүсэлттэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлээгүй байхад шүүгч нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байгаа нь сахилгын зөрчилд хамаарахаар байна гэж гэж илтгэгч гишүүн үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ...хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу бүрэлдэхүүн гомдлыг хянан хэлэлцээгүй, гомдол шийдвэрлэх хуралдааны тов тогтоосон байхад шүүгч нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь сахилгын зөрчил гэж илтгэгч гишүүн үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.
ГУРАВ. Холбогдох шүүгч шийтгэвэр гаргалгүйгээр захирамжаар нэхэмжлэгч талд торгууль оногдуулсан, түүнчлэн нэхэмжлэгч талд торгууль оногдуулахдаа гомдол гаргах боломжоор хангаагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж илтгэгч гишүүн дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул сахилгын зөрчил гаргасан байна гэж үзэв.
Иймд илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, холбогдох шүүгчид хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГНД/2023/0004 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан ... шүүгч Т.Э-д “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.МЯГМАРЦЭРЭН