
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-04-28
Дугаар 64
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч Т.Б нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ГС/2026/0047 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ И” ХХК нь ... аймгийн Засаг даргад холбогдуулан “...Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/.. дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ...Засаг даргын 2024 оны А/.. дугаартай “А Б” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.М нэхэмжлэлд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 00.. дүгээр тогтоолоор дээрх хэргийг шүүгч Ч.Оюунсүрэн-д шилжүүлсэн ба хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ...Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжийн 4 дэх заалтад холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ... аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/.. дугаар захирамжийн 1, 2, 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, ... аймгийн Засаг даргын 2024 оны А/.. дугаартай “А Б” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дүгээр тогтоолоор хяналтын нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. Холбогдох шүүгч маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Шүүгч Ч.Оюунсүрэн хэргийг хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт товлон, улмаар хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоожээ. Нэхэмжлэгч “ И” ХХК-ийн өмгөөлөгч 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн ба өмгөөлөгч Б.Э 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд “УБ т” ХХК болон “Г У” ХХК-ийн хооронд 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Салбар төмөр зам түрээслэх гэрээ”-г гуравдагч этгээд “УБ т” ХХК-иас гаргуулах, “УБ т” ХХК нь маргаан бүхий газрыг гаалийн хяналтын бүсээр ашигласан эсэх талаарх лавлагааг Гаалийн ерөнхий газраас гаргуулах, ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар хуралдаанаар “УБ т” ХХК-д газар эзэмшүүлэхээр хэлэлцэж байгаа бичлэгийг ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулж, түүнд шүүхийн журмаар үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн ... дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дурдсан нотлох баримтыг ирүүлэхийг тухайн байгууллагуудад мэдэгдсэн. ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 163 дугаар албан бичгээр “...материалыг шүүж үзэхэд 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ... дугаар хуралдаан хуралдаагүй. Харин 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар хуралдаанаар “УБ т” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
Тус хуралдааны хурлын тэмдэглэлийн хэсгээс хуулбарлан хүргүүлэв. Хавсралт 3 хуудастай” гэх хариуг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... тоот албан бичгээр “...2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар хуралдаанаар “УБ т” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцсэн ... хуралдааны дуу бичлэг байхгүй болно” гэх хариуг, Гаалийн ерөнхий газраас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар албан бичгээр шүүгчийн захирамжид дурдсан баримтуудыг ирүүлжээ. 1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “...Гаалийн ерөнхий газраас цахим хэлбэрээр баримт ирсэн ... нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу и-мэйл хаягаар ирсэн байна. Тэгэхээр энэ нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв гэж үзэж шүүх хуралдаанд үнэлэх нь өөрөө зохимжгүй, ...учраас энэ захирамжийн биелэлтийг хангуулах шаардлагатай ...” гэжээ. Шүүгч “...Гаалийн ерөнхий газраас “УБ т” ХХК нь маргаан бүхий газрыг гаалийн хяналтын бүсээр ашигласан эсэх талаарх холбогдох баримтыг гаргаж шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай албан бичгээр шүүхийн и-мэйл хаягаар ирүүлсэн бөгөөд эх хувийг шуудангаар ирүүлж хавтаст хэрэгт авагдсан...” гэж үзээд, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан. Тухайн маргаан бүхий захиргааны хэрэгт хийсэн үзлэгээр гаалийн хяналтын бүс тогтоосон Гаалийн Ерөнхий даргын 2010 оны 07, 2014 оны ..., 2023 оны ... дугаар тушаалууд “УБ т” ХХК-ийн зөвшөөрөл хүссэн хүсэлт, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/99 дугаар тушаал, холбогдох баримтуудыг байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан шүүхийн и-мэйл хаягаар, харин эх хувийг шуудангаар ирүүлснийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минутад хүлээн авсан дардас дарж, хэрэгт хавсаргагдсан нь тогтоогдож байна.
Шүүгчийн туслах Д.Э тайлбартаа: “...Хүлээн авсан дардас тэмдгийн тухайд ...2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/68 дугаартай “Нотлох баримт шаардах тухай” албан бичгийг Гаалийн ерөнхий газарт ...хүргүүлсэн. Шүүхээс ...нотлох баримтыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх хугацаа заасан боловч Гаалийн Ерөнхий газраас нотлох баримтыг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 09:15 минутад мэйл хаягаар буюу цахимаар ирүүлсэн. /эх хувийг шуудангаар ирүүлсэн/ Би тухайн өдөр Гаалийн ерөнхий газраас нотлох баримтыг цахимаар хүлээж аваад, шүүхийн хүлээн авсан дардас дарж, “2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минут” гэсэн тэмдэглэл үйлдсэн байсан. /Шүүхийн Бичиг хүргэгч шуудангаас хүлээж авсан баримт бичгүүдийг хаяглагдсан шүүх тус бүрд нь өгдөг учраас ирсэн бичгийг би өөрөө шууд хүлээж авдаг/ Мөн Гаалийн ерөнхий газраас тухайн нотлох баримт цахимаар ирсэн талаар нэхэмжлэгч талд утсаар мэдэгдсэн. Гаалийн ерөнхий газраас дээрх нотлох баримт шуудангаар ирсэн бөгөөд цахимаар хүлээж авсан нотлох баримттай адил, зөрүүгүй байсан тул өмнө цахимаар хүлээж авсан огноо цаг буюу 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минут гэж хүлээн авсан дардас дарж, тэмдэглэлийг үйлдэж хэрэгт хавсаргасан болно. Шүүгчийн туслахын хувьд огт ирээгүй баримт бичгийг ирсэн мэтээр хуурамчаар баримт бичиг үйлдсэн зүйл байхгүй болно” гэжээ.
Түүнчлэн ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэрт Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 15 хуудас нотлох баримтыг 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минут цахимаар хүлээн авсан талаар тэмдэглэл үйлджээ. Энэ талаар шүүгч “…2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд цахимаар оролцох болохоо мэдэгдсэн байсан тул уг баримтыг цахим хаягаар нь хүргүүлэн танилцуулсан. Мөн эдгээр баримтууд өмнө нь хэрэгт авагдсан байгаа бөгөөд энэ талаар гуравдагч этгээд “УБ т” болон “А Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э энэ нотлох баримт байгаа болохыг өөрөө он, сар, өдрөөр нь дурдан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй мэтгэлцсэн. Түүнчлэн гомдолд шүүгч баримт бичгийг хүлээн авч дардас дарсан гэх агуулга дурдсан байна. Гэвч шүүгч хэрэгт ирүүлсэн баримт бичгийг шууд өөрөө хүлээн авдаггүй, түүнийг хүлээн авсан дардаст гарын үсэг зурдаггүй болно” гэжээ. 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...даргалагч: Гаалийн ерөнхий газраас хяналтын талбайгаар тогтоосон гэх нотлох баримт ирсэн байгаа гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э ...яг бодитоор үйл ажиллагаа явуулсан юм уу үгүй юм уу гэдэг баримтыг гаргуулах нь ач холбогдолтой...” гэснээс үзвэл дурдсан баримтууд хэрэгт авагдсан байсан талаарх шүүгчийн тайлбар үндэслэлтэй.
Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Баримт бичгийн эх хувийг цаасан, эсхүл цахим баримт бичгийн хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан, эсхүл цахим баримт бичигт “хуулбар хувь” гэсэн тэмдэглэгээ хийнэ”, 38.4-т “Энэ хуулийн 38.3-т заасан “хуулбар хувь” тэмдэглэгээтэй баримт бичиг нь мэдээлэл, бүрдлийн хувьд баримт бичгийн эх хувьтай нийцэж байгаа тохиолдолд уг баримт бичгийг хүчинтэйд тооцно”, 41.3-т “Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл хүлээн авагч цаасан хэлбэрээр хүлээн авахаар хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд баримт бичгийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан, эсхүл хүлээн авагчийн хүлээн авах боломжтой бусад цахим хэлбэрээр илгээнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Байгууллагад ирсэн баримт бичгийг байгууллагын бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авч бүртгэнэ” 41.1-т “Баримт бичгийг байгууллагын ажилтнаас хүлээж авах, бүрдлийг шалгах, бүртгэх, илгээх ажлыг бичиг хэргийн ажилтан хариуцан гүйцэтгэнэ” гэж, 2.5-т “Бичиг хэргийн ажилтан албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцах хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 2.5.1-т “байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, удирдлагад танилцуулах, холбогдох ажилтанд шилжүүлнэ” гэж заасан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам батлах тухай” 71 дүгээр тогтоолын 5.1-т “Бүх шатны шүүхэд хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авсныг тухайн шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан баталгаажуулна”, 4.1.1-т “хэрэг, баримт бичиг хүлээн авсныг баталгаажуулах тэмдгийн дардас нь ...баримтыг хүлээн авсан бүртгэлийн дугаар, он, сар, өдөр, цаг, минут, хавтас, хуудасны тоо, ...болон шилжүүлсэн он, сар, өдөр гэсэн бичвэртэй байна” гэжээ. Хууль болон журамд зааснаар бичиг хэргийн ажилтан нь шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол, бусад ирсэн баримтыг хүлээн авч, бүртгэн холбогдох ажилтанд шилжүүлэх бөгөөд шүүгч энэхүү ажиллагаанд оролцдоггүй болно. Иймд өргөдөлд дурдсан “...нэхэмжлэгч тал тухайн нотлох баримтын талаар шүүгчийн туслахаас хэрэг шийдвэрлэгдсэн тухайн өдрийн 09 цаг орчимд тодруулахад “...Гаалийн Ерөнхий газраас сая и-мэйл хаягаар баримт ирсэн, эх хувийг нь Монгол шуудангаар хүргүүлнэ гэж байна” гэж хэлсэн атлаа шүүх дээр Гаалийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн огноотой 01-... дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг болон 14 хуудас нотлох баримыг тухайн өдрөө 09:15 цагт хүлээж авсан гэж хуурамч баримт бичиг үйлдсэн...” гэх гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0102 дугаар захирамжаар “Гаалийн Ерөнхий газраас холбогдох баримтыг....эх хувийг шуудангаар ирүүлж хавтас хэрэгт авагдсан...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг “нэхэмжлэгч талын хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж хэргийн хариуцагч болон гуравдагч этгээдэд давуу байдал бий болгосон” гэж үзэхгүй. 1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал “...2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар “УБ т” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцсэн ....хуралдааны дуу бичлэг байхгүй болно” гэх хариуг шүүхэд ирүүлсэн тул энэ талаарх хүсэлтийг шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар хангахаас татгалзсан.
Шүүгч тайлбартаа: “... ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 16 дугаар хуралдааны бичлэг гэх агуулгаар нэхэмжлэгчээс гаргасан СD-г шүүх нотлох баримтаар аваагүй. ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны хуралдааны дуу бичлэг байхгүй гэсэн хариуг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны ... дугаар албан бичгээр ирүүлсэн тул шүүх хэн, хэдэн онд, хэрхэн бичсэн нь нотлогдох боломжгүй аудио /дуу хоолойны бичлэг/ бичлэг гэх СD-г нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд СD-г хүргүүлээгүй болно” гэжээ.
Шүүгчийн туслах Д.Э тайлбартаа: “...СD бичлэгийн тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг миний вайбер хаяг руу буюу цахимаар тухайн өдрийн 14 цаг 36 минутад ирүүлсэн байдаг. Өмгөөлөгч Б.Э энэ хүсэлтдээ “Хавсралтаар: СD бичлэг” гэсэн боловч цахимаар тухайн хүсэлтийг ирүүлсэн тул СD бичлэг хавсаргаж өгөөгүй. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б надтай утсаар ярихдаа “...манай Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нотлох баримтаар гаргуулах гээд байгаа хурлын бичлэг миний утсанд байсан юм. Энэ бичлэгийг л аймгийн Иргэдийн хурлаас гаргуулах гээд байгаа юм. Тэр бичлэгээ хүнээр өгөөд шүүх рүү явуулсан” гэж хэлсэн. Тухайн СD-г шүүхэд хэргийн оролцогч биш, хэн гэдэг нь тодорхойгүй хүн намайг эзгүй хойгуур миний ширээн дээр тавиад явсан байсан. Миний бие 2025 оны 11 сард 4 сартай хүүхэдтэй байсан тул, хүүхдээ хөхүүлэхээр түр хугацаагаар гарсан байсан. Тухайн СD-г итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нотлох баримтаар өгч байна гээд ямар нэгэн холбогдох бүртгэлд гарын үсэг зурж шүүхэд хүлээлгэж өгөөгүй. Хувийн шугамаар утсаар хийсэн бичлэг надад байсан, энэ бичлэг нотлох баримтын шаардлага хангахгүй учраас энэ хурлын бичлэгийг нотлох баримтын шаардлага хангуулж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулах гэж байгаа юм гэсэн. /Нотлох баримтын шаардлага хангахгүй гэдгээ гомдолдоо ч мөн дурдсан байна./ Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б энэ СD бичлэгээ нотлох баримтаар өгөөгүй гэдгээ өөрөө хэлж байсан. Харин шүүхээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж аймгийн Иргэдийн хуралд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай албан бичгийг хүргүүлээд хариу 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай албан бичиг ирсний дагуу дахин тодруулахад 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай албан бичгээр тухайн оны хуралдааны дуу бичлэг байхгүй болно гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Би дээрх СD бичлэгийг нэхэмжлэгч тал нотлох баримт гэж өгөөгүй учраас хэрэгт хавсаргаж Давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй, харин нэхэмжлэгч тал тухайн СD бичлэгийг нотлох баримтаар өгсөн мэтээр дурдаад, СD-г алга болгосон гэсэн нь үндэслэлгүй юм. Харин дараа нь /хэдний өдөр байсныг сайн санахгүй байна/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бийн хүү гэх хүн СD-г авах гэж ирсэн. СD-г өгөх гэтэл утсаар ярьж гарснаа эргэж орж ирээгүй. Хэргийн оролцогч биш учраас би энэ хүний утасны дугаарыг мэдэхгүй байсан. Иймд хэргийн материалаас нотлох баримтыг алга болгосон гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн гэх сиди бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй байх бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 13-16 дугаар талд тусгагдсан шүүгчийн шинжлэн судалсан нотлох баримтуудтай зөрүүгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.5-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно”, 34.5-т “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан.
Эрх бүхий байгууллага болох ... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар хуралдааны бичлэг байхгүй” талаар шүүхэд мэдэгдсэн, нэхэмжлэгчээс гаргасан гэх СD-г шүүх нотлох баримтаар хүлээн аваагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байх тул энэ талаарх гомдолд шүүгчийг буруутгах боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа дээрх үндэслэлийг дурдсан хэдий ч давж заалдах шатны шүүх гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэжээ. Тодруулбал, анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
2. Өргөдөлд “…анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх агуулга буюу “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх хүчингүй болсон хуулийг хэрэглэж, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан...” гэжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх бол Улсын дээд шүүх мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан үзнэ. Хэргийн оролцогчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар дээр дурдсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчинтэй болжээ. Өөрөөр хэлбэл, Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй тул “...хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
3. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “ И” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүгч Б.М хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжаар “А Б” ХХК-ийг, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар “УБ Т” ХХК-ийг тус захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ..., 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ..., 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/09, 02 дугаар сарын 11-ний өдрийн ..., 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ..., 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар албан бичгээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох байгууллагуудаас шүүхэд нотлох баримтуудыг ирүүлсэн.
Шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагт хийхээр товлон зарласан боловч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт гаргасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ... дүгээр тогтоолоор 15 хоногоор тус тус сунгасан.
Шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ... дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан.
2025 оны 03 дугаар сарын 06, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилсон.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-аас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ... дүгээр захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь тогтоогдож байгаа ба шүүгч хуульд заасан ажиллагаа явуулсныг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсанаар ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан хориглолтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Ч.Оюунсүрэн тайлбартаа: “… 1.Т.Б нь надад холбогдуулан “...Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох;”, мөн зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн хориглох заалтыг зөрчсөн гэж гомдол гаргажээ.Нэхэмжлэгч “ И” гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ... аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ... аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, ... аймгийн Засаг даргын 2024 оны ... дугаартай “А Б” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг би 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гомдол гаргагч иргэн Т.Б нь нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон юм.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэх гомдлын тухайд:
2.1. Гомдол гаргагч иргэн гомдолдоо: “...нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр тухайн и-мэйл хаягаар ирсэн гэх баримтын эх хувь буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулж, танилцах хүсэлт гаргасан гэтэл эх хувь хэрэгт байгаа гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэж нэхэмжлэгч талын хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, хэргийг удирдан явуулж байгаа нь албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж хэргийн хариуцагч болон гуравдагч этгээдэд давуу байдал бий болгосонд гомдолтой байна.” гэжээ.
2.1.1.Нэхэмжлэгч талаас 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулан, нотлох баримтуудыг авахаар Гаалийн ерөнхий газар, ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан бичиг хүргүүлсэн.
Энэ хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б оролцоогүй, түүний өмгөөлөгч Б.Э, Г.Д нар цахимаар оролцсон.
2.1.2.Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн хариуг шүүгчийн туслах Д.Э-д Гаалийн ерөнхий газрын ажилтан цахимаар ирүүлсэн. Баримтууд 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэсэн огноотой байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байсан.
Захиргааны байгууллагын төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичиг, түүнийг хуулбарлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж зааснаар баталгаажуулсан байсан тул түүнийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн болно.
2.1.3.2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд цахимаар оролцох болохоо мэдэгдсэн байсан тул уг баримтыг цахим хаягаар нь хүргүүлэн танилцуулсан.
2.1.4.Мөн эдгээр баримтууд өмнө нь хэрэгт авагдсан байгаа бөгөөд энэ талаар гуравдагч этгээд “УБ т” болон “А Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дурдсан байдаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э энэ нотлох баримт байгаа болохыг өөрөө он, сар, өдрөөр нь дурдан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй мэтгэлцсэн.
2.1.5.Түүнчлэн гомдолд шүүгч баримт баримт бичгийг хүлээн авч дардас дарсан гэх агуулга дурдсан байна. Гэвч шүүгч хэрэгт ирүүлсэн баримт бичгийг шууд өөрөө хүлээн авдаггүй, түүнийг хүлээн авсан дардаст гарын үсэг зурдаггүй болно.
2.2.Гомдолд: “...тухайн гар утсаар бичсэн бичлэг нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөнийг нотолсон баримт байсан бөгөөд СD-д хуулбарлан шүүхэд хүргүүлсэн боловч тухайн бичлэгийг нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд хэлэлцүүлээгүйд гомдолтой” гэжээ.
2.2.1.Нэхэмжлэгч тал 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд “... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ... дугаар хуралдаанаар “УБ т” ХХК-д газар эзэмшүүлэхээр хэлэлцэж байгаа бичлэгийг ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулах” хүсэлт гаргаж шүүхээс хангаж шийдвэрлэсэн.
... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарын бичгийн даргаас 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар албан бичгээр “...материалыг шүүж үзэхэд 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ... дугаар хуралдаан хуралдаагүй. Харин 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар хуралдаанаар “УБ т” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Тус хуралдааны хурлын тэмдэглэлийн хэсгээс хуулбарлан хүргүүлэв. Хавсралт 3 хуудастай” гэсэн хариуг ирүүлсэн байна.
2.2.2.Энэ албан бичигт хуралдааны дуу болон дүрсний бичлэг байгаа эсэх талаар дурдаагүй байсан учир шүүгчийн туслах Д.Э албан бичгийн хариуг бүрэн өгөх талаар ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бичиг хэргийн ажилтнаас утсаар шаардсан. Үүний дагуу ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарын бичгийн даргаас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... тоот албан бичгээр “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар хуралдаанаар “УБ т” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийн хэсгээс танай байгууллагад хуулбарлан хүргүүлсэн. Тухайн оны хуралдааны дуу бичлэг байхгүй болно.” гэсэн хариу ирүүлсэн.
Шүүгчээс нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, холбогдох нотлох баримтыг гаргуулан авсан болох нь үүгээр нотлогдоно гэж найдаж байна.
2.3.Гомдолд, "... Өмгөөлөгч тухайн өдрөө зөвтгөж гаргуулах хүсэлт гаргаж, шаардсан бичлэгээ СD хэлбэрээр хүргүүлсэн. Тухайн бичлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хуралдааны бичлэгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдээлэл технологийн ажилтны компьютероос итгэмжлэгдсэн төлөөлөгч гар утсаар хийсэн бичлэг байсан болно” гэжээ.
2.3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн бичлэг нь хуульд заасан арга хэлбэрээр олж аваагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэдгээ мэдэж байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно.” гэж заасан тул ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ... дугаар хуралдааны бичлэг гэх агуулгаар нэхэмжлэгчээс гаргасан СD-г шүүх нотлох баримтаар аваагүй.
2.3.2. ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны хуралдааны дуу бичлэг байхгүй гэсэн хариуг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны ... дугаар албан бичгээр ирүүлсэн тул шүүх хэн, хэдэн онд, хэрхэн бичсэн нь нотлогдох боломжгүй аудио /дуу хоолойны бичлэг/ бичлэг гэх СD-г нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд СD-г хүргүүлээгүй болно.
Иргэн Т.Б гомдолдоо “...тухайн бичлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй” гэж тодорхой бичсэн байна. Үүнээс үзвэл иргэн Т.Б-ийн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн СD бичлэг хэргийн материалаас алга болсон байсан гэх гомдол үндэслэлгүй болох нь илт тодорхой байгаа болно.
2.3.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” гэж заасны хүрээнд захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгэн нэхэмжлэгч “ И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт болон өөрийн санаачилгаар цуглуулж 1 дүгээр хавтас 225, 2 дугаар хавтас 236, 3 дугаар хавтас 251, 4 дүгээр хавтас 218 /Захиргааны хэргийн давж заалдах шатны давж заалдах хуралдааны тэмдэглэл, магадлалын хамт/ хуудас бүхий захиргааны хэрэг бүрдүүлсэн болно.
Иймээс шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж хэргийн хариуцагч болон гуравдагч этгээдэд давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал үүсэхээргүй байгааг харгалзан үзнэ гэдэгт гүнээ итгэж байна.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах; гэх гомдлын тухайд:
3.1. “И” гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээс ... аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэж дээр дурдсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...манай компани гадаадын хөрөнгө оруулалттай компани учир “эзэмших” эрх бус харин “ашиглах” эрхтэй байсан билээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актыг нэрлэн заасан ба эдгээрийн 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх шинжийг хангаж байна. Хариуцагч нь манай хүсэлтэд татгалзсан хариу өгөх учиртай байсан” гэж тодорхойлсон.
3.2. Нэхэмжлэгч 2008 оны захиргааны акттай маргаж, түүнийг илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлттэй байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх үеийн зохицуулалтад /2022 оны 12 дугаар зүйлийн 23-ны өдрөөс өмнөх/ нийцүүлэн шалгах нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж хуулийг хэрэглэсэн. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж заасан тул захиргааны байгууллага илт хууль бусад тооцогдож болох акт гаргасан эсэх, тухайн үед энэ талаар татгалзсан хариу өгөх үндэс байсан эсэхийг хянан үзсэн болно.
3.3.Энэ заалтын хууль хэрэглээний асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 211/МА2026/*** дугаартай магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт: “... 4.5. Хариуцагч ... аймгийн Засаг дарга нь маргаан бүхий ... аймгийн ... сумын 1 дүгээр багийн Үйлдвэрлэлийн гудамж хаягт байрлах И ХХК-ийн эзэмшлийн 2 га газрын зүүн урд хэсгээс 0.65 га газрыг УБ т ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль болон нэхэмжлэгч И ХХК-ийн хүсэлтийг үндэслэсэн байх ба утга агуулгын илэрхий алдаатай, эсхүл хуульд үндэслээгүй, Засаг даргаас бүрэн эрхээ хэтрүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ. 5. Мөн анхан шатны шүүхийн ... “УБ т” ХХК нь “ И” ХХК-ийн ашиглалтад байсан 0.65 га газрыг 2008 онд газрын эрхийг дуусгавар болгох замаар шилжүүлэн авсан учраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь газар эзэмших эрхийг өөр хоорондоо шилжүүлэх эрхтэй. Газар эзэмшигч энэхүү эрхээ чөлөөтэй эдлэх тул түүний хөрш зэргэлдээ газрыг ашиглагч гадаадын хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд нь “А Б” ХХК-д 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар захирамжаар, “УБ т” ХХК-ийн эзэмшлийн 0.65 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн талаар маргах эрхгүй байна гэсэн дүгнэлтийг буруутгахааргүй байна. 5.1. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “УБ т” ХХК-ийн газар эзэмших эрх хууль, журмын дагуу үүссэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд уг газрыг эзэмших эрх нэгэнт дуусгавар болсон “ И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар ... аймгийн Засаг даргын 2024 оны ... дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.” гэж тус тус дүгнэсэн байна.
3.4.Мөн Улсын дээд шүүхийн 2025 оны 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг “...“Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол “илт тодорхой” гэж үзэхгүй. Мөн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай бол хамаарахгүй. 8.Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй” гэж тус тус тайлбарласан байна.
4.Гомдол гаргагч иргэнээс “... Түүнчлэн тухайн шүүх хуралдааны бичлэгийг авах талаар хүсэлт гаргахад хэргийн оролцогчдоос хүсэлт гаргаж ав гэсэн хариу өгсөн.” гэжээ.
Нэхэмжлэгч “И” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан авахаар ... аймгийн шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргасан байх бөгөөд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.М хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Энэ үйл ажиллагаанд шүүгч оролцдоггүй болно.
5. Шүүгч Ч.Оюунсүрэн би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа бусдад давуу байдал бий болгоогүй, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. “ И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн Засаг даргад холбогдох ... индекстэй 4 хавтас бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар албан бичгээр хүргүүлсэн байгаа учир тайлбарт хавсаргасан зарим баримтыг “Захиргааны хэргийн шүүх” цахим программаас татаж хэвлэсэн болно” гэжээ.
Шүүгч Ч.Оюунсүрэн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Тодруулбал, Захиргааны хэргийн шүүх нотлох зарчмыг өөрөө хэрэгжүүлэх тул
хэргийн оролцогчдын хүсэлтээр хязгаарлалгүй нотлох баримтыг цуглуулах чиг
үүрэгтэй. Энэ нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн онцлог юм.
Үүнээс улбаалан хэргийн оролцогчид хуульд заасан арга хэрэгслээр олж
аваагүй нотлох баримт гаргахыг хориглодог. Энэ хориглолтыг зөрчсөн гэм буруутай
этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д заасан болно.
Иргэн Т.Б-ийн гомдолд дурдсан асуудлаар өмнө гаргасан тайлбараа
дэмжиж байна. Иймд иргэн Т.Б-ийн гаргасан шүүгч холбогдох хуулийг зөрчсөн гэдэг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүгч Ч.Оюунсүрэн би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа
сахилгын болон ёс зүйн алдаатай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Т.Б-ээс гаргасан өргөдлийн дагуу Сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГЗҮ/2026/0032 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэнд холбогдуулан шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаар, “ И” ХХК нь ... аймгийн Засаг даргад холбогдуулан “...Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ...Засаг даргын 2024 оны ... дугаартай “А Б” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.М 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр тогтоолоор тухайн хэргийг шүүгч Ч.Оюунсүрэнд шилжүүлжээ. /сахилгын хэргийн 79-81, 123 тал/
Дээрх захиргааны хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагуудаас тус аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжийн 4 дэх заалтад холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ... аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжийн 1, 2, 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, ... аймгийн Засаг даргын 2024 оны ... дугаартай “А Б” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /сахилгын хэргийн 123, 181-190 тал/
Улмаар тус шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байх ба Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр магадлал хүчин төгөлдөр болжээ. /сахилгын хэргийн 181-195 тал/
Нэг. “...хуурамч баримт бичиг үйлдсэн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн сиди бичлэг хэргийн материалаас алга болсон” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Тус захиргааны хэргийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гуравдагч этгээд “УБ т” ХХК-аас холбогдох гэрээг гаргуулах, Гаалийн ерөнхий газраас лавлагаа гаргуулах болон ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар хуралдаанаар “УБ т” ХХК-д газар эзэмшүүлэхээр хэлэлцэж байгаа бичлэгийг ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулж, түүнд шүүхийн журмаар үзлэг хийлгэх гэсэн хүсэлт гаргасныг тухайн өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Тус захирамжийн дагуу Гаалийн хяналтын бүс тогтоосон Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 07, 2014 оны ..., 2023 оны ... дугаар тушаалууд “УБ т” ХХК-ийн зөвшөөрөл хүссэн хүсэлт, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/99 дугаар тушаал, холбогдох баримтуудыг байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан шүүхийн цахим хаягаар ирүүлж, эх хувийг шуудангаар хүргүүлснийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минутад хүлээн авсан дардас дарж, хэрэгт хавсаргагдсан нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогджээ. /сахилгын хэргийн 149 тал/
Уг үйл баримтын талаар шүүгчийн туслах Д.Э: “...Шүүхээс нотлох баримтыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх хугацаа заасан боловч Гаалийн Ерөнхий газраас нотлох баримтыг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 09:15 минутад мэйл хаягаар буюу цахимаар ирүүлсэн. /эх хувийг шуудангаар ирүүлсэн/ Би тухайн өдөр Гаалийн ерөнхий газраас нотлох баримтыг цахимаар хүлээж аваад, шүүхийн хүлээн авсан дардас дарж, “2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минут” гэсэн тэмдэглэл үйлдсэн байсан. /Шүүхийн Бичиг хүргэгч шуудангаас хүлээж авсан баримт бичгүүдийг хаяглагдсан шүүх тус бүрд нь өгдөг учраас ирсэн бичгийг би өөрөө шууд хүлээж авдаг/ Мөн Гаалийн ерөнхий газраас тухайн нотлох баримт цахимаар ирсэн талаар нэхэмжлэгч талд утсаар мэдэгдсэн. Гаалийн ерөнхий газраас дээрх нотлох баримт шуудангаар ирсэн бөгөөд цахимаар хүлээж авсан нотлох баримттай адил, зөрүүгүй байсан тул өмнө цахимаар хүлээж авсан огноо цаг буюу 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минут гэж хүлээн авсан дардас дарж, тэмдэглэлийг үйлдэж хэрэгт хавсаргасан болно. Шүүгчийн туслахын хувьд огт ирээгүй баримт бичгийг ирсэн мэтээр хуурамчаар баримт бичиг үйлдсэн зүйл байхгүй болно” гэж тайлбарласан ба ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэрт Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 15 хуудас нотлох баримтыг 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минут цахимаар хүлээн авсан талаар тэмдэглэл үйлдсэн байна. /сахилгын хэргийн 198-202 тал/
Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Баримт бичгийн эх хувийг цаасан, эсхүл цахим баримт бичгийн хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан, эсхүл цахим баримт бичигт “хуулбар хувь” гэсэн тэмдэглэгээ хийнэ”, 38.4-т “Энэ хуулийн 38.3-т заасан “хуулбар хувь” тэмдэглэгээтэй баримт бичиг нь мэдээлэл, бүрдлийн хувьд баримт бичгийн эх хувьтай нийцэж байгаа тохиолдолд уг баримт бичгийг хүчинтэйд тооцно”, 41.3-т “Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл хүлээн авагч цаасан хэлбэрээр хүлээн авахаар хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд баримт бичгийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан, эсхүл хүлээн авагчийн хүлээн авах боломжтой бусад цахим хэлбэрээр илгээнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Байгууллагад ирсэн баримт бичгийг байгууллагын бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авч бүртгэнэ” 41.1-т “Баримт бичгийг байгууллагын ажилтнаас хүлээж авах, бүрдлийг шалгах, бүртгэх, илгээх ажлыг бичиг хэргийн ажилтан хариуцан гүйцэтгэнэ” гэж, 2.5-т “Бичиг хэргийн ажилтан албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцах хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 2.5.1-т “байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, удирдлагад танилцуулах, холбогдох ажилтанд шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам батлах тухай” 71 дүгээр тогтоолын 5.1-т “Бүх шатны шүүхэд хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авсныг тухайн шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан баталгаажуулна”, 4.1.1-т “хэрэг, баримт бичиг хүлээн авсныг баталгаажуулах тэмдгийн дардас нь ...баримтыг хүлээн авсан бүртгэлийн дугаар, он, сар, өдөр, цаг, минут, хавтас, хуудасны тоо, ...болон шилжүүлсэн он, сар, өдөр гэсэн бичвэртэй байна” гэжээ.
Дээрхээс үзвэл, Гаалийн ерөнхий газраас цахим хэлбэрээр ирүүлсэн баримтыг шүүхийн ажилтан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минутад хүлээн авч, холбогдох хууль болон журамд заасны дагуу бүртгэлийн дугаар, он, сар, өдөр, цаг, минут, хуудасны тоо бичин дардас дарж хэрэгт хавсаргасан байна. Харин уг цахимаар хүлээж баримт нь шуудангаар ирүүлсэн баримтын эх хувьтай ижил байсан тул цахимаар хүлээж авсан баримтын огноо, цагийг бичиж, хэрэгт хавсаргасан болох нь тогтоогдож байх тул хуурамч баримт бичиг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг буруутгахгүй.
Түүнчлэн, ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар албан бичгээр “...2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар хуралдаанаар “УБ т” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцсэн ....хуралдааны дуу бичлэг байхгүй болно” гэж шүүхэд ирүүлсэн тул энэ талаарх хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар хангахаас татгалзжээ. /сахилгын хэргийн 148, 161-162 тал/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.5-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно”, 34.5-т “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.
Шалгах ажиллагааны явцад, илтгэгч гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийн, тэмдэглэл хөтөлж, тус өдрийн ... дугаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй тулгалт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн гэх сиди бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй болох нь тогтоогджээ. Мөн холбогдох шүүгч болон түүний туслах Д.Э нараас ирүүлсэн тайлбарт “сиди бичлэг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй талаар” тайлбарласан зэргээс үзэхэд тус хэрэгт сиди албан ёсоор авагдсан гэх байдал тогтоогдохгүй байна. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа дээрх үндэслэлийг дурдсан байх боловч давж заалдах шатны шүүх энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэжээ. /сахилгын хэргийн 163-180, 203-206 тал/
Хоёр. Хүчингүй болсон хуулийг хэрэглэж, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэх өргөдлийн агуулгын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй.” гэж заасан.
Дээр дурдсанчлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй талаар тайлбарласан илтэгч гишүүний санал үндэслэлтэй.
Анхан шатны шүүх 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн эрхийн акттай холбоотой шаардлагыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх үеийн зохицуулалтад /2022 оны 12 дугаар зүйлийн 23-ны өдрөөс өмнөх/ нийцүүлэн хуулийг хэрэглэсэн нь хуулийн илт тодорхой заалт ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ГС/2026/0047 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Т.Б-ээс ирүүлсэн өргөдлийн дагуу ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Х.ХАШБААТАР