info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2026-06-24

Дугаар 21

Улаанбаатар хот

Магадлалыг хэвээр үлдээх тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, сахилгын хэргийн оролцогч Б.Мандалбаяр нарыг оролцуулан, Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн СХМ/2026/0065/z1 дугаар магадлалын үндэслэлийг эс зөвшөөрч гаргасан шүүгчийн гомдлоор, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаярт холбогдох сахилгын хэргийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн СХМ/2026/0065/z1 дугаар магадлалаар: Илтгэгч гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ГНД/2026/0020 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаярт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Мандалбаяр сахилгын хороонд гаргасан гомдолдоо:

 “...1.   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11.1-д заасан шүүгч сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт нь “нотлогдсон байдал” бүрэн тогтоогдсон байх шалгуурыг хангах ёстой.

Би, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1603 дугаар зүйлийн 1603.1-д “Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж зааснаар С.Б-ийн нэхэмжлэлтэй Э.Түмэнжаргалд холбогдох хэргийг шийдвэрлэсэн арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг дээрх хугацааны дотор шийдвэрлэж чадаагүй үйл баримтын талаар маргаагүй, харин тийнхүү хугацаа хэтрэхэд ямар зохицуулах боломжгүй хүчин зүйл /нөхцөл шалтгаан/ нөлөөлсөн тухай нотлох баримтад тулгуурлан тайлбар гаргасан байхад Сахилгын хороо нь эдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар магадлалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2, 166 дугаар зүйлийн 166.2-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх ердийн хэрэг маргааныг 30 хоногийн дотор, шаардлагатай бол 1 удаа 30 хүртэл хоногоор сунгаж хянан шийдвэрлэдэг бол, арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг шийдвэрлэхэд баримтлах 30 хоногийг сунгах зохицуулалт хуульд байдаггүй тул уг хугацаанд хянан шийдвэрлэхийг хичээдэг.

Гэвч шүүгч хэрэг маргаан /давж заалдах гомдол, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох болон арбитрын шийдвэрийг хүчингүй болгох өргөдөл/-ыг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өдөр, цаг, дараалал зэргийг тогтооход зөвхөн түүнээс хамаарсан удирдан зохион байгуулах шинжтэй арга барилаас гадна давж заалдах шатны шүүх хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэдэг онцлогтой холбоотойгоор бусад шүүгч болон хэргийн ачааллаас хамааралтай байдгийг харгалзан үзэх ёстой.

Сахилгын хорооны илтгэгч гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нотлох дүгнэлтэд шүүгч Б.Мандалбаяр намайг дээрх хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрэх нөхцөл байдал үүссэн тэр үед чухам хуульд заасан ямар арга хэмжээ авах боломжтой байсан боловч аваагүй талаар тодорхой дурдаагүй, ийнхүү дурдаагүй байсан тул би ч энэ талаар ямар нэгэн нотлох баримт өгч, тайлбар гаргаж мэтгэлцээгүй, мөн мэтгэлцүүлээгүй болно.

Гэтэл Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн СХМ/2026/0065/z/1 дугаар магадлалд тодорхой арга хэмжээ авах боломжтой байсан гэж “огт тодорхой бус зүйл”- ийг үндэслэн шүүгчийг зөрчил гаргасан гэж дүгнэснийг учир дутагдалтай гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд шүүгч процессын хуулийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар хүлээлгэсэн ямар үүрэг, хориглосон зүйл заалт зөрчсөн, мөн хэрэгжүүлэх ёстой ямар эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, ямар арга хэмжээг аваагүй талаар буруутгаж байгаа нь ойлгомжгүй хэвээр үлдэж байна.

3. Миний бие гагцхүү 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн сахилгын хорооны хурлын асуулт, хариултаас арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой тул ердийн хэрэг маргааны өмнө нь /хэрэг хэлэлцэх дараалал/ арбитрын хэрэг маргааныг шийдвэрлэх дарааллыг тогтоох боломжтой байсан гэж ойлгосон боловч нотлох дүгнэлт болон сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлалд энэ талаар тодорхой дүгнээгүй байна.

Тиймээс тус магадлалд дурдсан тодорхой арга хэмжээ авах боломжтой байсан гэж “тодорхойгүй энэхүү зүйл”-ийг тодорхой болгосноор цаашид шүүгч үүнд шүүн таслах үйл ажиллагаагаа нийцүүлэн явуулах /ажиллах/ боломжтой, мөн ингэснээр тодорхой зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл үүснэ.

4. Хэрэв энэхүү магадлалд дурдсан тодорхой арга хэмжээ авах боломжтой байсан гэдгийг арбитрын хэрэг маргааныг 30 хоногийн дотор заавал шийдвэрлэх ёстой гэсэн хүрээнд ердийн хэрэг маргааны өмнө нь дараалалд оруулж шүүх хуралдааныг товлох боломжтой гэж үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасан иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх зөрчигдөнө.

Тийм ч учир Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг онцлог, хуулиар тусгайлан хугацаа тогтоосон гэх зэрэг үндэслэлээр ердийн хэрэг маргааны өмнө нь шийдвэрлэх хэргийн дараалалд оруулж шүүх хуралдааныг товлодоггүй, ингэж ч журамд тусгах боломжгүй юм.

Манай шүүхийн шүүгч нар ердийн хэрэг маргаан болон арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг ирсэн дарааллаар нь жагсааж шүүх хуралдааныг товлодог. Энэ нь тогтсон практик тул миний бие үүнийг зөрчих ёсгүй.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1603.1-д заасан арбитрын хэрэг маргааныг 30 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалт нь шүүхийн арбитрын шийдвэрийг хянах эрх хэмжээ, хүрээ хязгаартай холбоотой ойлголт болно.

Тодруулбал, шүүхийн арбитрын шийдвэрийг хянах хүрээ нь зөвхөн Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар хязгаарлагдах бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.2-т тус тус зааснаар арбитр нь хэргийн үйл баримтыг өөрөө тогтоох, нотлох баримтыг үнэлэх, хуулийг тайлбарлан хэрэглэх эрх хэмжээтэй байдаг учир шүүх энэ талаар хянах эрх хэмжээ байхгүй.

...2025 он хэргийн ачаалал /хэрэг маргааны тоо, шүүгчийн орон тоо дутуу, ээлжийн амралтын үеийн зохицуулалт, хялбар ажиллагааны шүүх шинээр байгуулагдсан, шинээр томилогдсон шүүгч нарт хуучин хэрэг хуваарилаагүй гэх зэрэг/ -ын хувьд онцлогтой жил байсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар арбитрын хэрэг маргааныг 30 хоногийн дотор шийдвэрлэх хугацааг ердийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааны нэгэн адил хэтрүүлэхгүйгээр хичээж ажилласаар ирсэн.

Иймд, Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн СХМ/2026/0065/z/1 дугаар магадлалыг хүлээн авч танилцаад тус магадлалын “...хуулийн илт тодорхой заалтыг 3 ба түүнээс дээш удаа зөрчих нь “удаа дараа” гэж ойлгогдох ба шүүгч Б.Мандалбаярын дээрх үйлдэл нь илт тодорхой хуулийн заалтыг нэг удаагийн зөрчил тул...” гэснийг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ГНД/2026/0020 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтээр “...хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй үйлдлийн улмаас шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрх ноцтой зөрчигдсөн, шүүхэд итгэх олон нийтийн итгэл буурсан, хэргийн оролцогчдод уг хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ үүссэн” гэж дүгнэн шүүгч Б.Мандалбаярыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх зөрчилд буруутгасныг Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн СХМ/2026/0065/z1 дугаар магадлалаар “...шүүгч Б.Мандалбаяр нь арбитрын хэргийг шийдвэрлэх хугацааг 42 хоногоор хэтрүүлж хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн нөхцөл байдал бий болоогүй тул уг зөрчлийг “ноцтой” гэж үзэхгүй. Хуулийн илт тодорхой заалтыг 3 ба түүнээс дээш удаа зөрчих нь “удаа дараа” гэж ойлгогдох ба шүүгч Б.Мандалбаярын дээрх үйлдэл нь илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн нэг удаагийн зөрчил” гэж дүгнэн  хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Дээрх магадлалын үндэслэлийг шүүгч Б.Мандалбаяр эс зөвшөөрч, гомдол гаргасан байх бөгөөд магадлал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20.”Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх бөгөөд...” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар шийдвэрээр С.Б-ийн нэхэмжлэлтэй, Э.Т-д холбогдох “***” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар хариуцагч Э.Т нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан, шүүгч Б.Мандалбаярт 10 дугаар сарын 10-ны өдөр хуваарилагдсан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолоор арбитрын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван Дөрөвдугээр1 бүлгээр арбитрын ажиллагаанд шүүх оролцох эрх зүйн үндэслэл, журмыг зохицуулсан байх бөгөөд хуулийн 1603 дугаар зүйлийн 1603.1-д “Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 1603.2-т “Шүүх арбитрын хэлэлцээрийн талуудын хүсэлтээр арбитрын хэргийг энэ хуульд заасан журмаар гаргуулан авч болно.”, 1603.4-д “Шүүх Арбитрын тухай хуулийн 47.2-т заасан арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг талуудын өргөдлийн шаардлага болон татгалзлаа үндэслэж байгаа, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэх замаар тогтооно.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Арбитрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Шүүх энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд арбитрын ажиллагаанд оролцож үл болно.”, 6.2-т   “Энэ хуулийн 11.1, 13.4, 13.5, 15.3, 16.1, 18.7, 39.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлд заасан шүүхийн чиг үүргийг арбитрын ажиллагаа явагдсан газрын иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, харин олон улсын арбитрын ажиллагааны хувьд нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгжүүлнэ.” гэж арбитрын ажиллагаанд оролцох шүүхийн эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд ийнхүү зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд шүүхийн хяналт хэрэгждэг /хэргийн үйл баримтыг тогтоох, нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн маргаантай холбогдох хуулийг тайлбарлах зэрэг ажиллагаа хийгддэггүй/, гагцхүү  арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг талуудын өргөдлийн шаардлага болон татгалзлаа үндэслэж байгаа, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэх замаар тогтоодог учраас хуульд тусгайлсан хугацаа тогтоож өгсөн, уг  хугацаанд шүүх шийдвэрлэх үүрэгтэй гэж ойлгоно.

Гэтэл давж заалдах шатны шүүх өргөдлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 12 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрлэсэн байх ба  магадлалд  “...2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ...30 хоногийг тооцвол, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд хянан шийдвэрлэсэн байх ёстой байтал хугацааг 42 хоногоор хэтрүүлсэн...” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг шүүх хүлээж аваад хуульд заасан хугацаанд нэн даруй шийдвэрлэх нь зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шүүхийн эрхэм зорилгод нийцэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1603 дугаар зүйлийн 1603.1-д “Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт мөн байна.

Хэдийгээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хэргийн ачаалал их, шүүгчийн орон тоо дутуу байсан, шинээр томилогдсон шүүгч нарт хуучин хэрэг хуваарилаагүй гэх шүүгчийн тайлбар сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа ч энэхүү нөхцөл байдал нь хуульд тодорхой заасан хугацаа хэтэрсэн үйл баримтыг үгүйсгэх, хугацаа хэтрээгүйд тооцох шалтгаан болж чадахгүй, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасанд хамаарах үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, маргаан хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-ын 2.1-д “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт маргааныг Мэдээлэл лавлагааны ажилтан бүрдлийг нь шалган ажлын өдөр, ажлын цагт хүлээн авч, ирсэн дарааллаар бүртгэж ...хуваарилна” гэж заасан нь шүүхэд ирсэн хэргийг хэрхэн бүртгэж, хэрхэн хуваарилах талаар зохицуулсан зохицуулалт байх атал шүүгчийн гомдолд “...ердийн хэрэг маргааны өмнө нь дараалалд оруулж шүүх хуралдааныг товлох боломжтой гэж үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасан иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх зөрчигдөнө. Тийм ч учир Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг онцлог, хуулиар тусгайлан хугацаа тогтоосон гэх зэрэг үндэслэлээр ердийн хэрэг маргааны өмнө нь шийдвэрлэх хэргийн дараалалд оруулж шүүх хуралдааныг товлодоггүй, ингэж ч журамд тусгах боломжгүй юм. Манай шүүхийн шүүгч нар ердийн хэрэг маргаан болон арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг ирсэн дарааллаар нь жагсааж шүүх хуралдааныг товлодог. Энэ нь тогтсон практик тул миний бие үүнийг зөрчих ёсгүй.” гэснийг хүлээн авах боломжгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 6.3-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан бөгөөд хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт маргааныг хуваарилахад баримталдаг журмыг шүүх хуралдаан товлон зарлахдаа баримталдаг гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, шалтгаант холбоогүй, хуульд нийцээгүй тайлбар болохыг дурдах нь зүйтэй.

Харин магадлалд “...хугацаа хэтрэх нөхцөл байдал үүсэж байгаа бол хуульд заасан арга хэмжээг авах боломж байсан гэж үзэхээр...” гэж дүгнэсэн нь тодорхойгүй, ямар арга хэмжээ авах байсан нь ойлгомжгүй байгаа талаар гомдол үндэслэлтэй ч энэ нь магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

Зүй нь хэрэг ирсэн дарааллаар шүүх хуралдаанаа товлон зарлах бус хуульд тусгайлан заасан хугацаанд товлон зарлаж шийдвэрлэх үүрэгтэй гэх агуулгаар тайлбарлах нь зохистой байжээ.

 

 Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Б.Мандалбаярын гомдлыг хангахаас татгалзаж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн СХМ/2026/0065/z1 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгч Б.Мандалбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хуульд тусгайлан заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдол,  эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

 

                                    ГИШҮҮН                                          Д.Ариунтуяа

                                                                                                Б.Сугар