
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-06-24
Дугаар 86
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, өргөдөл гаргагч Т.Н-г оролцуулан, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлэн тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням нарт холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн НД/2026/0025 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтэд:
“ ... “З” ХХК, хариуцагч Б.Н-с “10,719,867.4 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй, “10,865,799 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням нарт сахилгын хэрэг үүсгэн, шалгаж гарсан 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ГНД/2026/0021 дүгээр нотлох дүгнэлтийг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн СХТ/2026/0053 дугаар тогтоолоор шүүгч Т.Балжиннямд холбогдох сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцаасан тул тогтоолд заасан ажиллагааг хийж, нотлох дүгнэлтийн зөвхөн 1-ийн 1.1 дэх хэсэгт өөрчлөлт орууллаа.
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямд холбогдох хэргийн тухайд:
1.1. Анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 140/ШШ2022/*** дугаар шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэргийн оролцогчдод гардуулсан үйл баримттай холбогдуулан, шүүгч Т.Балжиннямд сахилгын хэрэг үүсгэн, шалгасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж зааснаар, шийдвэрийг бичгээр албажуулах хугацаа 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байна.
Шүүгч нь “... 68 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шүүгч Т.Балжинням би 14 хоногийн дотор бичгээр боловсруулж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталгаажуулж гаргасан ...” гэсэн.
Шийдвэрийн өнгөн хувийн дардасны огноо 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэж тэмдэглэгдсэн, харин систем дэх 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр
.” гэжээ. баталгаажуулсан 140/ШШ2022/*** дугаар шийдвэр нь “Үндэслэх” хэсэг дутуу, тодорхой хэсэгт цэг тавьсан байсан .
Шүүгчийн туслах Т.Ч “... Тухайн үед шийдвэр гарах хугацаа нь хэтэрчихсэн байсан санагдаж байна, С өмгөөлөгч “шийдвэрээ авъя” гэж орж ирсэн, тэгэхээр хугацаа хэтэрсэн байсан байх гэж надад одоо бодогдож байна ... би шийдвэр гараагүй байгаа гэж хэлчхээд, шүүгчид хэлтэл шүүгч над руу шийдвэр явууллаа гэхээр нь системд хийчхээд хэвлэх гээд хартал үндэслэх хэсгийн дунд цэглээд орхичихсон хэсэг байсан ... шүүгч юу бичих гээд энэ хэсгийг орхисон гэдгийг би мэдэх боломжгүй тул шүүгчид хэлээд, шийдвэрийг хэвлэлгүй орхисноо саналаа ... хэрэг хүлээлцэхэд шийдвэр гараагүй үлдсэн болоод Б гардуулсан байх ...” гэж мэдүүлснээр,
мөн холбогдох шүүгчийн “ ... шийдвэртээ цэг цэг тавиад орхичихсон байсан гэсэн, би шүүгч нь мөнгөн дүнг тулгаж тавиад гаргачих юм аа гэж хэлж байсан ... ” гэснээр 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Иргэн-2014 системд шийдвэрийг оруулсан боловч энэ нь бүрэн эцэслэгдээгүй байжээ.
Шүүгчийн туслах Т.Ч нь шүүгч Т.Балжинням, Б.Оюун-эрдэнэ нарын туслахаар ажиллаж байгаад шүүгч Т.Балжиннямын туслахаар ажилд орсон Д.Б-д 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн “Ажил хүлээлцсэн акт”-аар үүсээгүй байгаа нэхэмжлэл 7, хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 37 иргэний хэрэг, шийдвэрийн төсөл бичих 5 хэрэг, нэг даалгавар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нэг захирамж, эвлэрэл баталгаажуулах нэг хэрэг, шүүхийн шийдвэр программд ороогүй 5 гэж тэмдэглэгдсэн байгаагаар хүлээлгэн өгсөн хэргийн жагсаалтад тус иргэний хэрэг дурдагдаагүй, мөн системд ороогүй 5 шийдвэр нь ямар хэргийн шийдвэр болох нь тодорхой бус байна.
Б.Б “... 2022 оны юмыг дэлгэрэнгүй санахгүй л байх. Би 04 дүгээр сарын сүүлээр ажилд ороход энэ хэрэг шийдэгдчихсэн байсан ... Ч туслахаас ажил авахад надад “нэг шүүхийн шийдвэр гараагүй байгаа шүү, үүнийг та гаргаарай, гарах ёстой, шүүгчид сануулаад ингээрэй” гэдэг юм ярьж байсан ... би нэг шүүхийн шийдвэр гаргаж байсан ... шүүгчээс ирсэн даруйд удчихсан шийдвэр байна гээд ... гаргаж байсан л санагдаж байна ...” гэсэн.
Харин Б.Н “... Намайг 2-3 сарын дараа байх, утсаар ярьж шүүхэд ир гэж дуудсан, 14 хоногтоо биш, хурлаас хойш хаврын сард л байсан. Тэгээд ирээд уулзахад ийм шийдвэр гарсан гэдгийг тайлбарлаж өгөөд цаасаар өгөөгүй, арай гараагүй байна, бэлэн болохоор нь хэлнэ гэсэн, хэд хоног хүлээлгэснийг л санаж байна ... Би эд нараас болж ажлаа их алдсан 2-3 хоног, цаашлаад 7-8 хоносон байх, тэгээд ардаа ажилтай тул явчихдаг. Үүнээс хойш шийдвэрээ ав гэж яриагүй ...” гэсэн.
“Шүүхийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн бүртгэл”-ийн дэвтэрт, “Б.Н, 2022.02.17-ны өдөр” гэж бүртгэгджээ. Үүгээр, хариуцагч буюу өргөдөл гаргагч тухайн өдөр шүүхэд ирсэн, түүнд шийдвэр гардуулаагүй тул шийдвэр албажаагүй байсан гэж үзнэ.
Эдгээрээс, шийдвэрийг 2022 оны 02 дугаар сарын 10, 02 дугаар сарын 22-ны өдөр албажсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.С “... удсан байх ... би ганц нэг асуусан, гараагүй л байсан. Хуульд заасан 14 хоногийн хугацаанд шаардсан юм болов уу, өөр хугацаанд шаардсан юм болов уу гэдгээ санахгүй байна ... Ер нь шийдвэрийг болж өгвөл туслах нь шийдвэр гарсан гэвэл авч байх зарчим барьдаг хүн. Яагаад гэвэл дараа дараагийн хүний асуудал яригддаг, давах байсан бол хугацаа алддаг тул би цаг тухайд нь авсан ... Яагаад тэгж удсаныг мэдэхгүй байна. Удаад байсан зүйл бол бий. Наадхыг чинь авмаар байна гэж туслахад нь хэлж байсан. Гарч байгаа юу л гэж асуудаг, гараагүй байна л гэж хэлдэг ...” гэж мэдүүлсэн.
Шалгах ажиллагаагаар шүүхийн шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө албажуулсан гэх баримт тогтоогдоогүй тул тухайн өдрөөр албажуулсан, хэргийн оролцогчид гардуулсан гэж үзлээ.
Иймд, шүүгч Т.Балжинням нь “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 140/ШШ2022/*** дугаар шийдвэрийн албажуулах хугацааг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 4 сар, 13 хоног буюу 133 хоног хэтрүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, анхан шатны шүүхийн шийдвэр гардуулсан баримт зэргээр тогтоогдсон, энэ хугацаанд шүүгчид хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан байгаагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтыг зөрчжээ.
Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн СХТ/2026/0053 дугаар тогтоолд “... илтгэгч гишүүн холбогдох шүүгчийн сахилгын зөрчлийг илрүүлсэн болон зөрчил гаргасан хугацааг тодорхойлон, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд дүгнэлт өгөх нь ... “сахилгын хорооны шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхээр байна ...” гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасан.
Дийлэнхдээ дээрх хугацааг нэг нөгөөдөө багтдаг гэж тайлбарлах нь бий.
Гэтэл сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх хоёр хугацаа тусдаа тоологдоно гэж үзэхээр байгаа нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогтой холбоотой.
Өргөдөл, мэдээлэл гаргагчийн мэдээлэх эрхийн хүрээнд шүүгчийн сахилгын зөрчлийн талаар гаргаж байгаа өргөдөл мэдээлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, бусад үйл баримттай холбоотой байдаг. Үүний зэрэгцээ, илтгэгч гишүүн нь шалгах ажиллагааны явцад өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт илэрвэл сахилгын хэрэг үүсгэн шалгах бүрэн эрхийг хууль тогтоогч олгосон.
Хэрэв илрүүлсэн нэг жил нь зөрчил гаргаснаас хойш хоёр жилийн хугацаанд багтана гэвэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэсэн заалтын ач холбогдол алдагдаж, өргөдөл, мэдээлэлд хязгаарлагдахгүйгээр бодит нөхцөл байдлыг бүрэн шалгах, анх мэдэгдэх боломжгүй байсан зөрчлийг шалган тогтоох ач холбогдол алдагдах байдалд хүрнэ.
Энэ нь хуулийг дээдлэн, үйл ажиллагаандаа ягштал мөрддөг шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой.
Иймд, шүүгчийн зөрчлийн шинжтэй үйл баримтын талаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргаснаар, мөн илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад зөрчлийн шинжтэй үйл баримтыг илрүүлж, сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдлыг зөрчлийг илрүүлсэн буюу мэдсэн гэж ойлгохоор байх тул шалгах ажиллагааны явцад 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/0038 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзлээ.
Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн СХТ/2026/0053 дугаар тогтоолд “... шүүгч хуульд заасан хугацаа хэтрүүлсэн нь ямар объектив болон субъектив шалтгаантай байсныг нарийвчлан шалгах ..., шүүгч Т.Балжинням тухайн цаг хугацаанд ажиллаж байсан эсэх, өвчтэй, чөлөөтэй болон бусад шалтгаанаар шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах боломжгүй ямар нөхцөл байдал үүссэнийг тогтоосны дараа шүүгч уг хугацааг зориуд санаатайгаар зөрчсөн үү, эсвэл хайнга хандсан уу гэдэгт дүгнэлт өгөх шаардлагатай байна ... Иймд шүүгч Т.Балжинням нь тухайн цаг хугацаанд шийдвэрлэсэн өөр бусад иргэний хэргүүдийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд албажуулж байсан эсэхийг тодруулах ...” гэжээ.
Холбогдох шүүгч нь ээлжийн амралтаа 2022 оны 07 дугаар сарын 18-аас 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл эдэлсэн гэснээс өөр өвчтэй, чөлөөтэй, сургалттай гэх тайлбар, баримт шүүхийн Тамгын газраас ирүүлээгүй, мөн холбогдох шүүгчээс авсан 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тайлбарт “... 2022 онд ковидтой үе байсан, цахимаар сургалтад ордог байсан тул сургалтад танхимаар хамрагдаагүй. Өвдөөд чөлөө аваад байдаггүй хүн, тийм учраас шалтгаан байхгүй гэж бодож байна. ээлжийн амралтын хувьд нөгөө 2 шүүгчийн амралтын саналыг сонсож байгаад сүүлд нь амардаг, 8 дугаар сард ихэвчлэн амардаг ...” гэсэн байгаагаар шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал, шалтгаан байхгүй байна.
Шүүгч Т.Балжиннямын 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэрийг “Иргэн-2014” системд баталгаажуулсан байдал болон шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан баримтыг шалгахад, нийт 134 хэрэг шийджээ.
Эдгээрээс, зөвхөн системээс шийдвэр гэж дугаар олгогддог, гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан, мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн дараах 3 захирамжийг гардуулсан хугацаанаас хамаарч шалгасан. Эдгээр захирамжийн системд баталгаажуулсан хувийг, өнгөн хувьтай харьцуулж үзэхэд утга, агуулгын зөрүүгүй байгаагаар, мөн өнгөн хувь дахь дардсаар хуулийн хугацаанд албажсан гэж үзэхээр байна. Тухайлбал:
1/ “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох иргэний хэргийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 140/ШШ2022/*** дугаар шийдвэрийг, системд мөн өдрөөр хадгалсан, хэргийн оролцогчид 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан,
2/ “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ж-д холбогдох иргэний хэргийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 140/ШШ2022/*** дугаар шийдвэрийг, системд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хадгалсан боловч хэргийн оролцогчид 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гардуулсан
3/ “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох иргэний хэргийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 140/ШШ2022/*** дүгээр шийдвэрийг, системд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хадгалсан, хэргийн оролцогч нарт 2022 оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд гардуулжээ.
Шүүгчийн туслах Т.Ч “... захирамж бэлэн болсон л бол тухайн өдөр нь эсвэл ажлын ачаалалтай бол маргааш нь гардуулдаг байсан ... захирамж гарахгүй удсан тул хэргийн оролцогч нарт хугацаа алдаж гардуулсан байх ... захирамж тэр үеэр гарсан байх ...” гэх боловч шийдвэрүүдийг, хуульд заасан хугацаанд албажуулсан, харин 38-54 хоногийн дараа гардуулсан үйл баримт тогтоогдоно.
“Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.2 дугаар зүйлийн 7.2.1-д “Шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулах буюу хүргүүлж, ... баримт №11-д нэр, гарын үсгийн тайлалтай зуруулж, хэрэгт хавсаргана” гэж зааснаар шийдвэр гардуулах нь шүүгчийн туслахын албан үүрэгт хамааралтай байх тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
1.2. Анхан шатны шүүхийн шийдвэр гардуулсан, хүргүүлсэн баримтад, “хариуцагч Б.Н-д, 2022.06.22-ны өдөр, Б.С, шууданд” гэж тэмдэглэгдсэн, шуудангийн дардас дарагдаагүй байсан.
Шүүгчийн туслах О.Б “... ирж авах 14 хоногийн хугацаа өнгөрөнгүүт нь баталгаат шуудангийн хаягаар нь хүргэх ажиллагаа хийгддэг. Тэгээд шууданд хийсэн ... Бид нар бичиг хэргийн ажилтандаа шууданд өгөх болохоор баримт 11 дээр гарын үсгийг нь зуруулаад, бичиг хэргийн ажилтан бид нараас өгч байгаа шууданг авч дэвтэр дээр бүртгээд цааш нь өгдөг ... Бичиг хэргийн ажилтан ... өвчтэй, чөлөөтэй байхад бие биеийнхээ ажлыг нөхөх тохиолдол байдаг ...” гэсэн бол,
мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.С “... Энэ үеийн тодорхой шалтгааныг мэдэхгүй байна, 06 дугаар сарын 20-д гэхээр ээлжийн амралт эхэлчихсэн байдаг үе, тэгэхээр бичиг хэргийн ажилтан ээлжийн амралттай байсан уу, эсхүл ажиллах боломжгүй үед нь түр ажиллаж байсан гэж бодож байна. Хэрэгт авагдсан баримт дээрх гарын үсэг бол минийх мөн байна ... “Шуудангаар явуулсан бичгийн бүртгэл”-д бүртгэн хүлээж авна, тэгээд шуудангийн салбарт өөрөө хүргэж өгнө ... шуудангийн дугтуйг бол хүргүүлсэн ...” гэж мэдүүлсэн.
Шүүхийн Тамгын газрын “Шуудангаар явуулсан бичгийн бүртгэл”-ийн 485 дахь дугаарын тэмдэглэлээр, Завхан аймаг дахь шуудан үйлчилгээний газрын “Б.Н-д RD165555979MN нэртэй шууданг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14:48 цагт хүлээн авсан” гэсэн баримтаар шүүхээс шууданд шийдвэрийг хүлээлгэн өгсөн, шуудан хүлээн авсан болох нь тогтоогдож байна .
Харин Б.Н “... Би ийм баримтын талаар огт сонсоогүй, шуудангаар явуулсан гэдгийг одоо л харж байна, шуудангаар шийдвэр гардаж аваагүй. Зуны цагт би ах дүү нарынхаа малыг дагаад хөдөө гарчихдаг байсан, суманд бол тогтмол байдаггүй байсан, манай Дэлгэр баг нь сумаас 50 км зайтай байдаг ...” гэсэн.
Холбогдох шүүгч Т.Балжинням “... Шүүх хуралдаанд ирж оролцсон оролцогч өөрөө заавал шүүхийн шийдвэрээ ирж гардаж авах үүрэгтэй ... Н-н тухайд өөрөө хуралдаанд ирж оролцсон ... шууданд хүргүүлсэн ... огноо байгаа тул энэ өдрөөр хүргүүлсэн гэж үзнэ ...” гэж тайлбарласан, өргөдөл гаргагч ч хуралдаанд биечлэн оролцсон гэдэг, “Шүүхийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн бүртгэл”-ийн дэвтэрт, “Б.Н, 2022.01.25-ны өдөр” гэж бүртгэгджээ.
Гэхдээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрт Б.Н оролцсон талаар тусгагдаагүй байсан тул хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “... нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С, гэрч Б нар ирсэн. Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч С онлайнаар оролцож байна. Хариуцагч Н-д тов мэдэгдсэн боловч ирээгүй, өөр дуудагдсан хүнгүй ...” гэснээр хариуцагч Б.Н хуралдаанд оролцоогүй болох нь тогтоогдоно .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж, 119.8 дахь хэсэгт “Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 119.7 дахь хэсгийн заалт хамаарахгүй. Энэ тохиолдолд шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасан журмын дагуу хүргүүлж, хугацааг энэ хуулийн 119.6-д заасны дагуу тоолно” гэж, 119.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно” гэж, 77.6 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” заажээ.
Эдгээр зохицуулалтаар, шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид шуудангаар хүргүүлснээр гардуулан өгсөнд тооцох ба харин тухайн хаягтаа хэргийн оролцогч байсан эсэх нь тодорхойгүй тохиолдолд 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт зааснаар, зохих этгээдэд хүлээлгэн өгөх эсэх нь шүүхийн бүрэн эрх, иймд шүүхийн шийдвэрийг хуульд зааснаар гардуулсан гэж үзнэ.
1.3. Гомдол шийдвэрлэх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн СХТ/2025/0005 дугаар тогтоолд “... давж заалдах гомдлыг хариуцагч Б.Н-д танилцуулсан эсэх ...-ийг шалгаж шийдвэрлэх ...” гэж дүгнэсэн тул шүүгч Т.Б-д холбогдуулж сахилгын хэрэг үүсгэсэн болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрээ гардаж аваад, 07 дугаар сарын 04-ний өдөр давж заалдах гомдол гаргасан, “Давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг танилцуулах тухай” баримт №15-д хариуцагч “Б.Наранчимэгт 07 дугаар сарын 05-ны өдөр 99533055 дугаарын утсаар холбогдож Н гэсэн фээс хаягаар танилцуулав” гэж тэмдэглэгдсэн байна.
Шүүгчийн туслах Д.Б “... Н-тэй холбогдоод давж заалдах гомдол гарсан гээд ямар утсаар ярьж байсныг мэдэхгүй байна, гэхдээ холбогдох гэж үзсэн боловч тэр хүн утсаа огт авахгүй тэгж байгаад надтай “би хөдөө байдаг юм, гомдолтой танилцах боломжгүй байна” гэхээр нь би та өөрөө ирээд танилцах боломжгүй бол цахим хаягаар авах боломжтой гэдэг байдлаар ярьж байсан. Тэгэхэд “би хөдөөгийн хүн, надад тийм цахим хаяг байхгүй, бүр болохгүй бол фээсбүүк л надад байдаг” гэж хэлж байсан ... та бүр боломжгүй байгаа бол фээсбүүк хаягаа өгчих гэхэд надад “Н” гэдэг фээсбүүк хаяг өгөөд би ... Д гэдэг фээсбүүк хаягаар ... явуулсан байдаг. Тэгээд сийндчихсэн харагдаад байгаа ... 2022 оны 07 дугаар сарын 05-нд гэсэн байсан байхаа, тэрийг нь скрийншот хийгээд авчихсан байгаа ... Надад тэр хүний фээсбүүк хаягийг мэдэх ямар ч боломж байхгүй ... би фээсбүүкээр тэр хүнтэй найз байгаагүй, найз ч биш ...” гэж мэдүүлсэн бол,
өргөдөл гаргагч “... Надтай яриагүй, би гомдол гарсан талаар мэдээгүй, фээсбүүк хаягаар ч хүргүүлээгүй. Харин дараа нь 2025 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд дуудагдахдаа шүүх дээр ... шүүгчийн туслах Б гэж хүнтэй уулзсан, тэр үед Б “би танд мэдэгдсэн, таны фээсбүүк хаягаар чинь ч хүргүүлсэн” гэж хэлсэн. Тэгснээ миний утсыг аваад чатыг үзээд, “та хараач, таны фээсбүүк хаягаар хүргүүлсэн, та уншчихсан байна” гэж хэлж байсан. Фээсбүүкээр явуулна гэж юу яриад байгаа юм бэ, миний хүүхэд үзэх ч юм уу, хэн нэгэн хүн нээгээд үзчих боломжтой, утас ч сүлжээтэй байх, эсхүл сүлжээгүй байх зэргээр фээсбүүкээр ийм зүйлийг явуулна гэдэг чинь найдваргүй шүү дээ, танихгүй хаягаас ирсэн мессежийг би нээж үздэггүй” гэж хэлсний дараа нь 2 хүн орж ирсэн. Энэ 2 хүний хажууд миний фээсбүүкийг нээж харж байсан ... яагаад миний фээс хаягийг тодорхой мэдээд байгаа юм бол, шүүхийн шийдвэр дээр дуудахаар ингээд байгаа юм болов уу, цаг хожих гэсэн зүйл хийгээд байгаа юм болов уу гэж бодож гайхсан. Гэхдээ фээсбүүкээр би явуулсан гэдгийг 2025 онд Бямбабаяртай уулзахдаа мэдсэн. Тэрнээс өмнө би хараагүй, мэдээгүй ...” гэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна” гэжээ.
Шүүгчийн туслах нь Б.Н-тэй утсаар холбогдож давж заалдах гомдол гарсан гэдгийг хэлсэн, Б.Н өөрийн фээсбүүк хаягаа өгсөн, тухайн цахим сүлжээгээр дамжуулан хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь шүүгчийн туслах Б.Н-тэй холбогдохгүйгээр түүний фээсбүүк хаягийг мэдэх боломжгүй юм.
Иймд, давж заалдах гомдлыг танилцуулсан гэж үзэхийн зэрэгцээ гомдол танилцуулах нь шүүгчийн туслахын ажил тул үүнд шүүгч хамааралгүй.
2. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарт холбогдох хэргийн тухайд,
2.1. Гомдол шийдвэрлэх хуралдааны тогтоолоор, “... хариуцагчид шүүх хуралдаан хэзээ хаана болохыг хэрхэн мэдэгдсэн, магадлалыг түүнд гардуулсан, хүргүүлсэн эсэхийг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж ...” шүүгч Б.Ариунбаяр, бүрэлдэхүүнд томилогдон оролцсон шүүгч Ч.Энхтөр нарт сахилгын хэрэг үүсгэсэн .
Тус иргэний хэргийг хүлээн авсан Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр даргалагч шүүгчээр Б.Намхайдорж, бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, илтгэгч шүүгч Б.Ариунбаяр нарыг гэж бүрэлдэхүүнээр албажуулсан, гэхдээ шүүгч Б.Намхайдоржийн бүрэн эрхийг Шүүхийн сахилгын хороо 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 05 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэнтэй холбогдуулан, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр даргалагч шүүгч Ж.Баттогтох, бүрэлдэхүүнд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, илтгэгч шүүгч Б.Ариунбаяр гэж бүрэлдэхүүнийг өөрчлөн албажуулжээ.
Шүүгч Ч.Энхтөр тайлбартаа “... адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд өөр шүүхээс томилогдож оролцсон шүүгчийн хувьд тогтоол, магадлалыг хүргүүлэх зэрэг шүүгчийн туслахын ажил үүргийг хянах, үүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдмал байдаг ...” гэсэн.
Хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсний дараа шийдвэрийг гардуулах, хавтаст хэргийн бүрдэлд хяналт тавих нь илтгэгч шүүгчид хамааралтай ажиллагаа байх тул шүүгч Ч.Энхтөрд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.2. Өргөдөлд, “... миний бие ... тов мэдэгдэх баримтыг биеэр аваагүй ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр товлосон, “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт №9-д, хэргийн оролцогч нарт 2022.09.20-ны өдөр мэдэгдсэн, хариуцагч Б.Н-ийн хувьд, “хурлын товыг мэдэгдэв, 2022.09.20 11:42 минут 99996339!” гэж тэмдэглэгдсэн байна.
Шүүгчийн туслах Д.Б “... тухайн үед Н ... хурлын тов мэдэгдэх гээд залгахад утсаа авдаггүй байсан. Сүүлдээ Цагаанчулуут сумын Хэсгийн төлөөлөгч Е гэх залуу болон цагдаа Б нараар дамжуулж 2-3 удаа хуралдааны товыг мэдэгдсэн ... хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 нь мэдэгдчихсэн гэдэг ... миний утсыг авдаггүй ... тухайн үед ... нарийн бичгийн 99... дугаараас залгасан гэдгээ тэмдэглэсэн ...” гэж мэдүүлсэн. Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ” гэж, 77.6 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” гэж заасан. Энэхүү зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааны товыг сумын хэсгийн төлөөлөгчөөр дамжуулж хүргүүлсэн гэж үзэхээр байна.
Тус аймаг дахь Цагдаагийн газар “2022.04.12-2024.04.27 хэсгийн төлөөлөгчөөр Г.М ... 2022.08.10-2023.10.04 цагдаагийн дэд ахлагч Д.Б ...” нар ажиллаж байсан гэсэн тул хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.М, цагдаа Д.Б нараас мэдүүлэг авахад “... шүүхээс Н-тэй холбогдох гэсэн зүйл ярьсныг санахгүй байна, Н-тэй уулзсан, холбогдсон эсэхээ ч санахгүй байна ...” гэснээр шүүгчийн туслахын “хэсгийн төлөөлөгч ..., цагдаа ... нараар дамжуулж 2-3 удаа хуралдааны товыг мэдэгдсэн” гэсэн нь тогтоогдоогүй.
Шүүгч Б.Ариунбаяр “... Ер нь хуралдааны өмнө туслахаасаа хэргийн оролцогч нарт тов мэдэгдсэн эсэх, мөн хүсэлт ирсэн эсэхийг тодруулж асуудаг. Энэ хэрэгт мөн тэгж тодруулж хуралдааны өмнө асуусан гэж бодож байна ...” гэсэн.
Дээрхээс үзвэл, давж заалдах шатны шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдээгүй нь тогтоогдож байх боловч шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, хуралдааны тов мэдэгдэх нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарна.
Шүүгч нь хуралдааны бэлтгэл хангах ажлыг хянах үүргийн хүрээнд тов мэдэгдсэн эсэхийг тодруулсан гэсэн тул хэргийн оролцогчид хуралдааны тов мэдэгдээгүй, хуралдааны бэлтгэл ажлыг хангаагүй шүүгчийн туслахын үйлдэлд шүүгчийг хамаатуулж сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
2.3. Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2022/*** дугаар магадлалыг хариуцагч Б.Н-д хүргүүлсэн нь “Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол шийтгэврийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай” баримт №11-д “10 дугаар сарын 14-ний өдөр, шууданд” гэж тэмдэглэгдсэн байна.
Тус аймгийн Шуудан үйлчилгээний газрын “RD165552915MN, 2022.10.17, Н” гэх баримт, “Шуудан хүргэгчийн дэвтэр”-т бүртгэсэн дээрх RD дугаар бүхий илгээмжийг хүлээн авсан хүний нэр гэх хэсэгт “Б.Н” гэж тэмдэглэгдсэн байсан, өргөдөл гаргагч энэ талаар, “... Энэ миний өглөө хэлээд байсан баримт мөн, миний гарын үсэг биш, Цагаанчулуут сумын шууданчийн гарын үсэгтэй яваад байгаа баримт нь энэ байна ...” гэсэн нь “магадлалыг хүлээн аваагүй” гэдгээ тодруулж тайлбарласан.
Тухайн үед сумын шууданд ажиллаж байсан Б.Н “... цаг хугацааг нь санахгүй байна, бичиг тоот Н-д их ирдэг байсан ... Намар байсан гэж бодож байна, над руу Н залгаад “надад шүүхийн бичиг ирэх байх, би аймагтаа ирээд ажилд орчихсон, тэгвэл битүүмжлээд, сайн скочдоод миний утасны дугаар, нэрийг бичээд унаанд дайгаарай” гэж хэлсэн. Тэгээд би битүүмжлээд бичгээ жолоочид дайсан ... маргааш нь бичгээ авсан уу гэж асуухад “бичгээ авчихсан, аймгийн хаана гэнээ зогсож байна” гэж хэлсэн. Н гэдгийг би өөрөө биччихсэн. Яагаад гэвэл Н өөрөө байхгүй байсан, надаас авсан тул би өөрөө утсаараа зургийг дараад албан байгууллага руугаа явуулж байсан ... энэ дэвтэр бол ирсэн бичиг, тоотыг бүртгэж аваад, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг, утасны дугаарыг бүртгэж авч баримтжуулдаг дэвтэр ...” гэсэн болно.
Илтгэгч шүүгч Б.Ариунбаяр нь тус шүүх хуралдааны дараа 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс тухайн жилийн ээлжийн амралтаа авчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4. “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг зохигч энэ хуулийн 119.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 119.5-д заасны дагуу зохигчид хүргүүлнэ”, 119.5. “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид шуудангаар хүргүүлснээр гардаж авсан гэж үзэхээр хуульд заасан байна.
Хуулиар шүүхийн шийдвэрийг хэрхэн хүргүүлэхийг зохицуулахдаа нэг талаар, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн оролцогчийг шийдвэрээ гардаж авах хариуцлагыг тодотгосон заалт учраас “... аймгийн шуудангаас яриад “манайд шүүхийн баримт ирсэн байна, манайх танай сумын шууданчид хүлээлгэж өгсөн, сумын шууданч хүлээж авсан байна, бид нар төвөөс шүүлгэлээ” гээд өгсөн баримтыг өргөдөлдөө хавсаргасан. Энэ үед сумын шууданд шүүхийн бичиг хүргэгдсэн юм байна гэдгийг сонсоод би гарын үсэг зурж, ямар нэг шүүхийн баримт бичиг хүлээж аваагүй учраас юу болсон талаар тодруулахаар Цагаанчулуут сумын шууданд Н рүү ярьтал “мэдэхгүй гардуулсан л байх” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад ингэж байгаа юм бэ, ингэж болохгүй шүү дээ, хүний амьдрал шүү дээ, би ямар нэгэн баримт аваагүй, миний гарын үсэг ч байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд “тэгвэл мэдэхгүй, чамайг байхгүйд буцаасан байх” гэж хэлсэн. Ер нь бол надад магадлал хүргэгдэж ирээгүй ...” гэх өргөдөл гаргагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд, шүүхийн захиргааны ажилтан нь хуульд заасан хугацаанд магадлалыг шуудангаар хүргүүлсэн, шуудан хүлээн авсан нь баримтаар тогтоогдох тул шүүгчийг буруутгахгүй.
3. Түүнчлэн Б.Н нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “... давж заалдах шүүх хуралдаан болсныг мэдээгүй ... магадлалыг хүргүүлсэн, шууданд хийсэн нь гардан авсан хүний гарын үсэг ... байхгүй байгаагаас би магадлалыг аваагүй ...” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж, шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 311/ШЗ2025/*** дугаар захирамжаар “ ... 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ... 16 дугаартай магадлалыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шууданд хийсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар магадлалыг гардаж авсан байна ...” гээд хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн болохыг, мөн “... хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй ...” гэж дүгнэн, хангахаас татгалзсан.
Дахин 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “... ослын улмаас гэмтэлтэй ... тархи толгой доргилттой байсан тул эмнэлэгт үйлчлүүлсэн хүндэтгэн шалтгаантай ...” байсан гэж хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 311/ШЗ2025/*** дүгээр захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа ирүүлээгүй” гэж хангахаас татгалзсан үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Өргөдөл гаргагч Б.Н гомдол гаргах хугацаа сэргээлгэх эрхээ хэрэгжүүлсэн, шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлтийг нь шийдвэрлэжээ.
Дээрхийг нэгтгэвэл, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.
Харин Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” зөрчил гаргасан гэж үзэж нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Т.Балжиннямаас тус хуралдаанд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“...Уг дүгнэлтээр "Завхан эм хангамж" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 140/ШШ2022/*** дугаар шийдвэрийн албажуулах хугацааг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 4 сар, 13 хоног буюу 133 хэтрүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, анхан шатны шүүхийн шийдвэр гардуулсан баримт зэргээр тогтоогдсон, энэ хугацаанд шүүгчид хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан байгаагүй тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн байна.
Мөн зөрчлийн шинжтэй үйл баримтыг илрүүлж, сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдлыг зөрчлийг илрүүлсэн буюу мэдсэн гэж ойлгохоор байх тул шалгах ажиллагааны явцад 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/0038 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзжээ.
Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг 2 байдлаар тоолохоор заасан байна. Энд зөрчлийг илрүүлснээс хойш, мөн зөрчил гаргаснаас хойш тоолохоор заасан. Зөрчил гаргаснаас хойш 3 жилийн хугацаа нэгэнт өнгөрсөн байхад зөрчлийг илрүүлснээс хойш гэсэн хугацааг баримталж сахилгын шийтгэл оногдуулахаар дүгнэлт бичиж байгаа нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл зөрчил гарснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад зөрчлийг илрүүлсэн бол сахилгын хэрэг үүсгэсэн хугацааг илрүүлсэн хугацаа гэж тоолно. Гэтэл нэгэнт дууссан хөөн хэлэлцэх хугацааг илрүүлсэн хугацаа гэсэн байдлаар тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд шүүгч надад ашигтай байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, улмаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 140/ШШ2022/*** дугаар шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэргийн оролцогчдод гардуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж зааснаар, шийдвэрийг бичгээр албажуулах хугацаа 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байна.
Иймд холбогдох шүүгч Т.Балжинням нь “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 140/ШШ2022/*** дугаар шийдвэрийн албажуулах хугацааг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 4 сар 13 хоног буюу 133 хоног хэтрүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, анхан шатны шүүхийн шийдвэр гардуулсан баримт зэргээр тогтоогдсон, энэ хугацаанд шүүгчид хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан байгаагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Харин илтгэгч гишүүний шүүгчийн зөрчлийн шинжтэй үйл баримтын талаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргаснаар, мөн илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад зөрчлийн шинжтэй үйл баримтыг илрүүлж, сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдлыг зөрчлийг илрүүлсэн буюу мэдсэн гэж ойлгохоор байх тул шалгах ажиллагааны явцад 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/0038 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлд шүүгчид оногдуулах сахилгын шийтгэлийн талаар хуульчлан зохицуулсан байх бөгөөд тухайлбал мөн зүйлийн 56.1.Шүүгч сахилгын зөрчил гаргасан бол Сахилгын хороо дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:
56.1.1.хаалттай сануулах;
56.1.2.нээлттэй сануулах;
56.1.3.цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах;
56.1.4.шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах;
56.1.5.огцруулах.
56.2.Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.
56.3.Энэ хуулийн 56.1.5-д заасан шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.
56.4.Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр энэ хуулийн 56.2, 56.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно.
56.5.Энэ хуулийн 56.1.4-т заасан шийтгэл оногдуулсан хугацаанд шүүгчид албан тушаалын цалинг 50 хувиар тооцож олгоно гэж тус тус хуульчлан заажээ.
Дээрх хуулийн зүйл заалтад зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол гэх нөхцөлийн утга агуулга нь зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлэн хуанлийн 2 /хоёр/ жилийн үргэлжилсэн хугацааг ойлгох ба уг хугацааны дотор сахилгын зөрчилд холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээгүй, сахилгын хэрэг үүсээгүй, уг хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж үзнэ.
Энэхүү хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хязгаарлалт нь хуулиар тусгайлан тогтоосон, заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт тул уг хугацаа нь хуульд заасан тохиолдолд тасалдана, харин түүнийг дахин эхлүүлж тоолох хууль зүйн боломжгүй.
Харин зөрчлийг илрүүлсэн үеэс эхлэн зөрчил гаргаснаас хойш хоёр жилийн хугацаа шинээр тоологдохгүй, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил гэх нөхцөл нь зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол гэх хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хязгаарлалтад багтах агуулгатай гэж бүрэлдэхүүн үзэв.
Шүүгч Т.Балжинням нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 140/ШШ2022/*** дугаар шийдвэрийн албажуулах хугацааг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 4 сар 13 хоног буюу 133 хоног хэтрүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтыг зөрчсөн зөрчил гаргасан боловч уг зөрчлийг гаргаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж хуульд заасан шийтгэл оногдуулах хуулийн хугацаа болох 2 жилийн хугацаа нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өнгөрсөн тул холбогдох шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд холбогдох шүүгч Т.Балжиннямын “Өөрөөр хэлбэл зөрчил гарснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад зөрчлийг илрүүлсэн бол сахилгын хэрэг үүсгэсэн хугацааг илрүүлсэн хугацаа гэж тоолно. Гэтэл нэгэнт дууссан хөөн хэлэлцэх хугацааг илрүүлсэн хугацаа гэсэн байдлаар тооцож байгаа нь үндэслэлгүй байна” гэх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 119 дүгээр зүйлийн 119.5, 119.8, 119.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид шуудангаар хүргүүлснээр гардуулан өгсөнд тооцох ба харин тухайн хаягтаа хэргийн оролцогч байсан эсэх нь тодорхойгүй тохиолдолд 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт зааснаар, зохих этгээдэд хүлээлгэн өгснийг шүүхийн шийдвэрийг хуульд зааснаар гардуулсан гэж үзнэ.
Мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна” гэжээ.
Шүүгчийн туслах нь хэргийн оролцогч Б.Н-тэй утсаар холбогдож давж заалдах гомдол гарсан гэдгийг мэдэгдэж, улмаар түүний өгсөн “фэйсбүүк” хаягт хүргүүлсэн үйл баримт нь цахим сүлжээгээр дамжуулан хүлээн авсан гэж дүгнэх үндэслэлтэй тул шүүгчийн туслах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд давж заалдах гомдлыг танилцуулсан гэж үзнэ.
Илтгэгч гишүүн “... хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсний дараа шийдвэрийг гардуулах, хавтаст хэргийн бүрдэлд хяналт тавих нь илтгэгч шүүгчид хамааралтай ажиллагаа бөгөөд өргөдөл гаргагч Б.Н гомдол гаргах хугацаа сэргээлгэх эрхээ хэрэгжүүлсэн, шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлтийг нь шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна” гэж дүгнэн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Дээрхийг нэгтгэвэл, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг бүхэлд нь хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямд холбогдох илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням нарт холбогдох “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Х.ХАШБААТАР