info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-25

Дугаар 91

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатарыг оролцуулж, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайханд холбогдох  сахилгын хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сахилгын хорооны гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн саналд:

 

“... Шүүгч Ч.Оюунсайхан нь 2024 оны 06 дугаар сард амаржиж бага хүүгээ төрүүлсэн. 2024 оны 05, 06 дугаар сард ажлаа хийж, цалингаа авсан. Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын хугацаанд ажлын өдрөөр тооцож, сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 100%-аар бодож олгоно. Даатгуулагч эхэд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эмнэлгийн байгууллагаас жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг тус бүр 60 хоногийн хугацаагаар олгодог. Энэ эмнэлгийн хуудсыг үндэслэн жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авдаг.

Шүүгч Ч.Оюунсайхан нь тухайн үедээ надад “би ажлаа хийгээд давхар амаржсаны тэтгэмжээ авч байгаа” гэж хэлсэн. Жирэмсэн эх ажлын зайлшгүй шаардлагатай ажиллаж байгаа тохиолдолд цалингаа авч болно. Харин авсан тэтгэмжийг төрд буцаан олгож төрийг хохиролгүй болгох ёстой. Амаржсаны тэтгэмж нь эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах гэж өгдөг тэтгэмж бөгөөд ажлаа хийгээд хүүхдээ эрүүл саруул төрүүлж чадна гэж бодож байгаа бол ажлаа хийж болохыг үгүйсгэхгүй байна. Харин амаржсаны тэтгэмжийг авахгүй байх ёстой. Шүүгч Ч.Оюунсайхан нь хууль бусаар орлого олсон байж болзошгүй тул шалгаж, хууль бусаар орлого олсон нь тогтоогдвол Шүүхийн тухай хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэж,

“... Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хагалгааны заалтаар хүүхдээ төрүүлсэн бөгөөд жирэмсний амралтаа 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсний дараа авсан.

Миний хүүхдээ төрүүлэх сүүлийн хугацааг эмч нар 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр гэж тооцоолж байсан бөгөөд /эмэгтэйчүүдийн эмч нар дүрс оношилгооны аргаар үзэж/, жирэмсний хожуу үеийн хүндрэл буюу хавагнах, умайн булчингийн чангарлаас үүдэн алхаж чадахгүй байсан тул хугацаанаас өмнө 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хагалгаа хийгдсэн.

Жирэмсний тодорхой недель хүрсэн үед /5 болон 7 сартай/ багц шинжилгээнүүдийг хийлгэж, ургийн гажиг болон эхийн эрсдэлт хүчин зүйлүүдийг шалгадаг. Тэдгээр үзлэг, шинжилгээний хариуг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “О” өрхийн эмнэлгийн эмч, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч Нийгмийн даатгалын байгууллагад миний материалыг илгээснээр /программаар/ жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авсан.

Уг ажиллагаанд миний оролцоо байдаггүй бөгөөд тэтгэмж олгох эсэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж хариуцсан улсын байцаагч хянан шийдвэрлэж, тэтгэмжийн бодолтыг хуульд заасан хувь хэмжээгээр олгодог атал амаржсаны тэтгэмжийг авах ёсгүй байсан, ... хууль бусаар орлого олсон гэж гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар 6.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй:”, 6.1.1-д “хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх;” гэж тус тус заасан.

196 хоног буюу 28 неделиэс дээш хүрч төрүүлсэн хүүхдэд олгохыг хуулиар зөвшөөрсөн тэтгэмжийг “... авах ёсгүй” байсан, “... төрийг хохироосон” гэж тайлбарлан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Жирэмсний амралтаа 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажиллаад /нэг ч хэргийн үлдэгдэлгүй/ авсан учир 2024 оны 05 дугаар сард ажилласан хоногт ногдох цалин ... сая төгрөгийг нягтлан бодогч бодож, олгосны дагуу өөрийн цалингийн дансаар авсан. Харин 2024 оны 06 дугаар сард ажиллаагүй тул цалин аваагүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

“... Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хийсвэр хагалгаагаар төрсөн  бөгөөд түүнд шүүхийн Тамгын газраас 2024 оны 05 дугаар сард 8 хоногийн цалинг бодон олгосон байна.

Шүүгчид дээрх цалинг олгосон нь “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б-д холбогдох захиргааны хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлосон болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн албан бичиг, тус өдрийн 111/ШШ2024/*** дүгээр шийдвэр  зэргээр үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Харин Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/383 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар шүүгчид жирэмсний тэтгэмж авах эрх нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсэж, 05 дугаар сарын 15-ны өдөр тэтгэмжийг олгосон байна.

Үүнийг холбогдох шүүгчээс “... үзлэг, шинжилгээний хариуг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Оточ номгон” өрхийн эмнэлгийн эмч, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч Нийгмийн даатгалын байгууллагад миний материалыг илгээснээр /программаар/ жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авсан.

Уг ажиллагаанд миний оролцоо байдаггүй бөгөөд тэтгэмж олгох эсэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж хариуцсан улсын байцаагч хянан шийдвэрлэж, тэтгэмжийн бодолтыг хуульд заасан хувь хэмжээгээр олгодог атал амаржсаны тэтгэмжийг авах ёсгүй байсан, ... хууль бусаар орлого олсон гэж гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж,

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч Б.М “... 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаад түүнээс хойш тэтгэмжээ авсан. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт ороод жирэмсний болон амаржсаны лист байгууллагаар дамжихаа больсон. Хувь хүн өөрөө бүх баримтаа бүрдүүлнэ. Лист нь байгууллагын дансаар орж ирэхгүй, шууд хувь хүний данс руу ордог болсон, ... 06 дугаар сард цалин бодогдоогүй, жирэмсний болон амаржсаны амралттай байсан ...” гэж  тайлбар, мэдүүлгийг өгсөн. Дээрхээс үзэхэд, шүүгч Ч.Оюунсайханы жирэмсний тэтгэмж авах эрх нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үүссэн боловч түүнд тэтгэмжийг амралтаа авснаас хойш буюу 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон, мөн 2024 оны 06 дугаар сард цалин бодогдоогүй  байх тул шүүгчийг 2024 оны 05, 06 дугаар сард цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг давхардуулан авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар 6.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй: 6.1.1.хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх;” гэж зааснаар шүүгч Ч.Оюунсайхан нь тэтгэмж авах эрхтэй ба тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Даатгуулагч, иргэн тэтгэмж авах өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад дараах хугацаанд цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана: 14.1.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн тэтгэмж авахыг хүссэн өргөдлийг энэ хуулийн 15.2-т заасан журмын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт хүлээж авснаас хойш хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг 14 хоногийн дотор, ... шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхийн Тамгын газрын нягтлан бодогчийн оролцоогүйгээр тэтгэмж олгох асуудлыг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд мэдээлэлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайханд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Илтгэгч гишүүн мэдээлэлд дурдсан үндэслэлээр шалгах ажиллагаа явуулж, улмаар “...шүүгч Ч.Оюунсайханы жирэмсний тэтгэмж авах эрх нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үүссэн боловч түүнд тэтгэмжийг амралтаа авснаас хойш буюу 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон, мөн 2024 оны 06 дугаар сард цалин бодогдоогүй  байх тул шүүгчийг 2024 оны 05, 06 дугаар сард цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг давхардуулан авсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үзэж, “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан нь үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзэв.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх”, 14 дүгээр зүйлд “Тэтгэмж авах өргөдөл гаргах хугацаа”, 16 дугаар зүйлд “Тэтгэмжийг буцаан төлүүлэх, суутгал хийх” талаарх харилцааг тус тус зохицуулсан байх ба хэрэв даатгуулагч үндэслэлгүй болон илүү тэтгэмж авсан бол эрх бүхий этгээд актаар тогтоож, үлдсэн тэтгэмжээс суутган авахаар байна.

Мөн “Хөдөлмөрийн тухай хууль”-д ажил олгогч ажилтанд гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгох үүрэгтэй гэжээ.

Тус сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч Ч.Оюунсайханд холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагын албан тушаалтны гаргасан шийдвэрээр жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг, Шүүхийн Тамгын газар шүүгчийн 5 дугаар сард ажилласан хугацааны цалинг тус тус олгосон болох нь тогтоогдож байх тул хууль бусаар орлого олсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд дээрхийг нэгтгэвэл, илтгэгч гишүүний ГС/2026/0072 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайханд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

 

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Б.СУГАР

 

                                    ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

 

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН