info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-03

Дугаар 75

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Б.Амарбаясгалан нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батхуяг нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2026/0057 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“ ...Шүүгч Д.Батхуяг, Б.Амарбаясгалан нар өргөдөлд дурдагдаж буй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “Шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих" гэж заасан зөрчлийг гаргасан эсэхийг тогтоохоор сахилгын хэргийн шалгах ажиллагаа явуулж, 191/2025/*** индексийн дугаартай иргэний хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтаар сахилгын хэрэгт авахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК-аас “Г” ХК-д холбогдуулан “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 293,4122,574.17 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэнд, шүүгч Д.Батхуяг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/*** дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийг дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн,

- 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч талд нэхэмжлэл гардуулсан, танилцуулсан, эрх, үүрэг танилцуулсан, нөлөөллийн мэдүүлэг тайлбарласан,

- 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зөвлөгөөний “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай” 191/ЗТ2025/*** дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл сунгажээ.

Улмаар тус шүүхийн шүүгчдийн Зөвлөгөөний 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Шүүгч Б.Амарбаясгалангийн нэрийг системд байршуулан хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, гомдол хуваарилах тухай” 191/ЗТ2025/*** дугаар тогтоолоор “Д” ХХК-ны нэхэмжлэлтэй “Г” ХК-д холбогдох иргэний хэрэг шүүгч Б.Амарбаясгаланд шилжсэн байна.

Шүүгч Б.Амарбаясгалан хэргийг хүлээн аваад, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр талуудад нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан, эрх үүрэг тайлбарласан, хэрэг танилцуулах ажиллагааг хийсэн байх ба 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “Д” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмгөөлөгчөөр Ж.Ө-г оролцуулах” хүсэлтийг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч “Г” ХК-аас “өмгөөлөгчөөр Г.М оролцох тухай 1//*** тоот албан бичгийг ирүүлжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.М-д 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэрэг танилцуулахтай холбоотой мэдэгдсэн Баримт №3 хэрэгт авагдсан байна.

 Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 191/ЕШ2025/*** дугаар захирамжаар уг хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Амарбаясгаланг томилсныг албажуулж, улмаар холбогдох шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/*** дугаар захирамжаар иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, товыг мөн өдөр хэргийн оролцогчдод мэдэгдсэн нь Баримт №6-д тэмдэглэгдсэн байна.

Товлогдсон өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ө , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар хүсэлт тайлбараа гаргаж оролцсон байх шүүгчийн 191/ШЗ2025/*** дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлт гаргаж, мөн өдөр хэргийн зохигчдод танилцуулан, шүүх хуралдаанаар хэлэлцэж, “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 191/ШЗ2026/*** дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч талаас уг захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянаж, тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШТ2026/*** дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хариуцагч талаас 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан “гомдол шийдвэрлэх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг 191/ШТ2026/*** дугаар шүүхийн тогтоолоор хангахаас татгалзаж, “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах” хүсэлтийг 191/ШТ2026/*** дугаар шүүхийн тогтоолоор шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Сахилгын хэрэгт авагдсан дээрх баримтаар шүүгч Д.Батхуяг иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хариуцагчийг дуудан ирүүлэх, нэхэмжлэл гардуулах, холбогдох баримтыг танилцуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-д “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасанд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 1 удаа сунгаж шийдвэрлэсэн нь тогтоогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 3 урьдчилсан нөхцөл буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн, хуульд заасан 60 хоногийн хугацаа дууссан,  шаардлагатай бусад тохиолдол аль нэг нь бүрдсэн гэж шүүгч үзвэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргахаар хуульд заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд шүүгч хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргах тул хэргийг шийдвэрлэх хангалттай баримт бүрдээгүй гэж үзвэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд харшилна.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шийдвэрлэхэд шаардагдах хангалттай бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтооход хүрэлцэхүйц  байх нь үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулах нь зөвхөн шүүхийн үүрэгт хамаарна гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд хэргийн оролцогч хуулиар хүлээсэн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, хэргийг түдгэлзүүлэх гэх мэт ажиллагаанууд хийгдэж цаг хугацааны хувьд үргэлжлэн явагдсан байх ба шүүгчээс шууд шалтгаалж хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх зөрчил тогтоогдоогүй байх ба холбогдох шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийг шийдвэрлэхгүйгээр дарагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ганц ч ажиллагаа хийгээгүй гэх өргөдлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26.шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих гэж заасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг, Б.Амарбаясгалан нар зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

 

Холбогдох шүүгч Б.Амарбаясгалан Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: 

“ ...Миний бие Монгол Улсын ерөнхийлөгчийн 2025.10.20-ны өдрийн 154 дүгээр зарлигаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдож, 2025.11.03-ны өдөр шүүгчийн тангараг өргөсөн.

2025.11.03-ны өдрийн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч Б.Амарбаясгаланд 24 шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буй хэргээс тус бүр 2 хэрэг буюу нийт 48 хэргийг сугалааны аргаар, шинээр ирж буй 107 нэхэмжлэлийг дараалан тус тус хуваарилж, нэхэмжлэл 107 болсны дараа ердийн журмын дагуу хуваарилахаар шийдвэрлэсэн.

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г”-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 293,412,574.17 төгрөг гаргуулах тухай хэрэгт шүүгч Д.Батхуяг ажиллагаа явуулж байсан бөгөөд зөвлөгөөний тогтоолын дагуу сугалаагаар шүүгч Б.Амарбаясгаланд хуваарилагдсан.

Тус хэргийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан 60 хоногийн хугацаа нь 2025.10.20-ны өдөр дууссан байх бөгөөд 2025.10.16-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийн хугацааг сунгасан байна. Миний бие тус хэргийг хүлээн авснаас хойш дараах ажиллагааг хийсэн. Үүнд:

1. 2025.11.10-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт, хэргийн материал танилцуулсан баримтууд дээр гарын үсэг зуруулсан.

2. 2025.11.10-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М нь өмгөөлөгчөөр Ж.Ө-г оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

3. 2025.11.27-ны өдөр хариуцагч Г/Зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшин/-аас төлөөлөгчөөр З.Д, өмгөөлөгчөөр Г.М нарыг оролцуулах тухай итгэмжлэлийг ирүүлсэн.

4. 2025.12.11-ний өдөр Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 15:00 цагт товлосон.

5. 2025.12.12-ны өдөр хариуцагч талаас хариу тайлбар болон нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6. 2025.12.18-ны өдрийн шүүх хуралдаан нь хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх олгосон Зээл цуглуулах газрын захирал Б.Э-д Г-ыг төлөөлөх, төлөөлөгч томилох эрх олгосон тухай баримт, итгэмжлэлгүй байна гэх шалтгаанаар 2026.01.13-ны өдрийг хүртэл хойшилсон.

7. 2026.01.13-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтүүдийг гаргасан бөгөөд хариуцагч талын гаргасан хүсэлтээс хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангаж, 2026.01.13-ны өдрийн 191 /Ш32026/*** дүгээр захирамжийг гаргасан.

Тус захирамжийг эс зөвшөөрч “Д” ХХК-ийн төлөөлөгч М.М гомдол гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.03.13-ны өдрийн 191/ШТ2026/*** дугаар шүүхийн тогтоолоор хангахгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн 2026.01.13-ны өдрийн 191/Ш32026/*** дүгээр захирамжийг хэвээр үлдээсэн байна. Иймд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Холбогдох шүүгч Д.Батхуяг Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: 

“ ... Тус нэхэмжлэл нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүгч Д.Батхуяг надад хуваарилагдаж, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д "Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагааг явуулна" гэж заасан бөгөөд 67.1.1-д "зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлах", 67.1.2-т "нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах" гэж тус тус зохицуулсан байна.

Шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудсаар хариуцагчийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн бөгөөд хариуцагч 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцан гарын үсэг зурсан байна.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хуульд заасан хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дууссан.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 191/ЗТ2025/*** дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногоор сунгасан.

Мөн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ЗТ2025/*** дугаар тогтоолоор уг иргэний хэргийг шүүгч Б.Амарбаясгаланд хуваарилсан байна.

Шүүгч Д.Батхуяг миний бие нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хуульд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулсан болно. Түүнчлэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд  миний  зүгээс  хуульд  заасан  үүргээ  хэрэгжүүлсэн  бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан зөрчил гаргаагүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц-с Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч И.А, шүүгч Д.Б, Н.Н, Б.Амарбаясгалан, Д.Батхуяг нарт холбогдуулан өргөдөл гаргасныг илтгэгч гишүүн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ГЗҮ/2026/0051 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай” захирамжаар “ ...шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн агуулгаар тодорхойлсон өргөдлийн үндэслэл нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй” гэж дүгнэн шүүгч И.А, Д.Б, Н.Н нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлд шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батхуяг нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулжээ.

Улмаар 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2026/0057 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасан байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч “Д” ХХК-аас “Г” ХК-д холбогдуулан “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 293,4122,574.17 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргаж, шүүгч Д.Батхуягт хуваарилагдан, улмаар шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/*** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 154 дугаар зарлигаар Б.Амарбаясгаланг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсонтой холбогдуулан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор түүнд уг иргэний хэрэг шилжсэн байна.

Шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батхуяг нарын дээрх  иргэний хэрэгт явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илтгэгч гишүүн саналдаа дэлгэрэнгүй тусгасан байх ба үүнээс үзвэл шүүгч Д.Батхуяг нь иргэний хэрэг үүсгэсэн даруй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулсан.

Мөн шүүгч Б.Амарбаясгалан нь хэрэг хүлээн авснаас хойш хэргийн оролцогч нарт эрх, үүрэг, хэргийн материалтай танилцуулж, хүсэлт гаргах эрхээр хангаж, тэдгээрийн тайлбар, татгалзлыг хэргийн материалд хавсаргаж байсан нь сахилгын хэргийн материалд авагдсан.

Түүнчлэн, шүүгч Б.Амарбаясгалан нь шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулсан ба мөн зохигчдоос гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэх буюу хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх мэтгэлцээний үндсэнд явуулах нөхцөлийг хангах зорилгоор шаардлагатай арга хэмжээ авч ажилласан нь тогтоогдож байна.

Хэдийгээр хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн байх боловч ажиллагаа удааширсан үндэслэлд шүүхээс шалтгаалж буюу шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас удааширсан гэх нөхцөл байдал сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байна. 

Харин шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зөрчихтэй холбоотой өргөдөлд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчид хориглосон хэм хэмжээ буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан хуулийн илт тодорхой заалтад хамааруулан хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.

Илтгэгч гишүүн саналдаа өргөдлийн үндэслэлд хамааралгүй шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой зохицуулалтыг баримтлан сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь тухайн хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй тул шийдвэр гаргах хугацаа хэтрүүлсэн гэх ойлголт яригдах боломжгүй.

Гэхдээ сахилгын хэрэгт авагдсан баримтын хүрээнд илтгэгч гишүүний саналыг зөвтгөх боломжтой гэж бүрэлдэхүүн үзэн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батхуяг нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авч, үндэслэх хэсэгт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т заасныг зөрчөөгүй гэснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 гэж зөвтгөв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2026/0057 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батхуяг нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

 

                        ГИШҮҮН                                          С.ЭНХТӨР,

                                                                                    Д.АРИУНТУЯА