
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-06-23
Дугаар 82
Улаанбаатар хот
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийн тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, холбогдох шүүгч Б.Цолмонг оролцуулан, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонд холбогдох сахилгын хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтдээ:
“... С.О-с Ю болон “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт холбогдуулан “гэм хорын хохиролд 1,117,660 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргаж, нэхэмжлэл шүүгч Б.Маринад хуваарилагдан, шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04144 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Улмаар 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04543 дугаар захирамжаар хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Цолмон томилогдсон ба шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05503 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр товлосон.
2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг “зохигчдын нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодруулахаар” хойшлуулсан.
2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг “хариуцагч хуулийн этгээдэд холбогдох ажиллагааг явуулахаар” жич товлохоор хойшлуулсан.
2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан ба Ерөнхий шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 197/ЕШ2026/0*** дугаар захирамжаар хангахаас татгалзсан.
2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан Улсын бүртгэлийн ерөнхий газраас хариуцагч “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт “Ж” ХХК-иас олгосон итгэмжлэл болон итгэмжлэлтэй холбоотой баримтыг гаргуулахаар хойшилсон ба уг захирамжид хариуцагч гомдол гаргасныг тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШТ2026/0*** дугаартай тогтоол хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдож байна.
1. Өргөдлийн “ ...2026 оны 01 сарын 13 болон 27-ны өдрүүдийн шүүх хуралдаанд даргалагчаар оролцохдоо шүүх хуралдааныг нээх ажиллагаа хийлгүйгээр хэргийг хэлэлцсэн, эрх, үүрэг тайлбарлаагүй” гэх үндэслэлийн тухайд:
1.1. 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг холбогдох шүүхийн Тамгын газраас гаргуулан авахад дүрсний бичлэгт дуу нь хаагдсан байсан ба “С.О 2026.01.13”, “О” гэх нэртэй MP3 дууны бичлэг ирүүлсэн ба үүнд үзлэг хийхэд:
“0:00:00-0:00:10 Даргалагчаас: Ойлголоо. Ингэе. Ажиллагаатай холбоотой танайх өмгөөлөгч авъя гэсэн юм уу. Өмгөөлөгч авсан уу гэхэд.
0:00:10-0:00:11 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өмгөөлөгч авсан байгаа гэв.
0:00:11-0:00:13 Даргалагчаас: Хэзээ орж ирэх вэ гэхэд.
0:00:13-0:00:14 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Уг нь бол гэхэд
0:00:14-0:00:19 Даргалагчаас: Одоо цаашид орох юм уу, за танайх танд хүсэлт байгаа юу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу явагдсан байна. Танайх бол та нэхэмжлэлд “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ю хоёр хариуцагч татсан байна. Тэгсэн чинь Төв аймгийн шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч ажилтай Ю-д гардуулсан байна. Гэтэл энэ хүн чинь төлөөлөгчийн газрын төлөөлөгч гэж юугаар тогтоогддог юм бэ. Хуулийн этгээд бол гэрчилгээ байх ёстой, тэр нь байхгүй байна
0:00:19-0:01:18 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Яг үнэн. Шүүгч ээ энэ хамгийн анх эргэлзээтэй гарч ирсэн. Хэнд хандаад байгаа нь мэдэгдэхгүй гэв.
0:01:19-0:01:54 Даргалагчаас: Ямар ч байсан иргэн хуулийн этгээдэд гаргасан гэж хэлж байна. Тэгэхээр нэгнээсээ татгалзаж болно тэгэхээр итгэмжлэл л шийднэ. Тэгэхээр одоо зайлшгүй төлөөлөгчийн тэр нэг юм хэрэгтэй байна. Хуулийн этгээдийн гэрчилгээ ч юм уу байж төлөөлөгч гэх гээд байна. Танай дээр бол тэр дутуу байна. Тан дээр бол нэхэмжлэгч талд тийз мийз гэж юм байдаггүй юм уу, мэйлд байдаг даа гэхэд.
0:01:54-0:01:56 Нэхэмжлэгч: Байгаа би дахиад авч болно гэв.
0:01:56-0:02:45 Даргалагчаас: Хэрэгт бол байхгүй байна. Тэгэхээр та мэйл дээрээ, шүүх нь уншиж танилцмаар байна. Тэгэхээр таны билет хэрэгтэй байна, яриад байгаа юмнууд чинь биет гэхээр эд хөрөнгө юм уу гэдгээ 1,100,000-г задлах нь юу юм. Учраад байгаа хэдэн төгрөг чинь, тухайн үед та зураг хөрөг авсан байдаг юм уу, үгүй юм уу гэхэд.
0:02:45-0:02:52 Нэхэмжлэгч: Өгсөн. Тэр нь “Ж” өөрсдөө аваад дотоод сүлжээгээрээ явуулсан зураг байдаг гэв.
0:02:52-0:03:11 Даргалагчаас: Хэрэгт дотор байхгүй байна. Би бол энэнээс харахаар байхгүй байна, энийг хэлээд байгаа юм уу, таны өгсөн юмыг ярьж байна гэхэд.
0:03:11-0:03:25 Нэхэмжлэгч: Энэ ингээд тайлбартайгаа. Тэгвэл ингээд хэргээс алга болчхож байгаа байхгүй юу шүүгч ээ гэхэд.
0:03:25-0:03:29 Даргалагчаас: Юу гэж хэргээс юм алга болох юм бэ гэхэд.
0:03:30-0:03:32 Нэхэмжлэгч: Би хэллээ. Энэ ингээд өгчихсөн юм энэ байна.
0:03:32-0:03:37 Даргалагчаас: Хаана байгаа юм тэр юм нь. Нэрийн хуудас чинь тоо ёсоороо орж ирлээ. Энийг яриад байгаа юм уу.
0:03:37-0:03:40 Нэхэмжлэгч: Биш биш иймд зураг байгаа шүүгч ээ.
0:03:40-0:03:42 Даргалагчаас: Байхгүй байна. Анх удаа харж байна.
0:03:45-0:03:55 Нэхэмжлэгч: За ойлголоо. Би энэ баримтыг мэйлээр явуулсан учраас би дахиад тэндээс нь гаргаад өгье
0:03:56-0:04:11 Нарийн бичгийн дарга: Шүүгч танаас юм асуугаад байна. Та шүүгчийг ярьсны дараа тайлбар хэлэлдээ. Шүүгч танаас ийм зүйл дутуу байна аа гэхээр та босож ирээд дахиж тайлбар хэлээд байна. Та сонсож байгаад тайлбараа хэл ээ гэв.
0:04:11-0:04:14 Нэхэмжлэгч: Энэ нэг хүн чинь бас хажуугаас үймүүлээд байх юм гэв.
0:04:14-0:04:44 Даргалагчаас: Одоо битгий давхардаад яриад бай. Та мэйл, тийз дутуу байна, наад юмнууд чинь дутуу байна. Тэгээд танайх болохоор төлөөлөгчтэй холбоотой гэрчилгээ дутуу байна. Өмгөөлөгч авах бол өмгөөлөгч чинь дараагийн хуралд ирэх юм байна. Хоёр хоёр юм дутуу боллоо ш дээ тэ. Өөр дутуу зүйл байна уу. Би нөгөө баримтуудаа бүрдүүлж байгаад дахиад шийдье, хурлаа товлоё.
0:04:44-0:05:01 Нэхэмжлэгч: За тэгэхдээ би нэг тодруулчихъя. Энэ хүүхэд нэг юм яриад байна дахиад би нотлох баримт дээр миний билет авсан Эйр маркет компани хуурамч гаргасан гаргасан юм шиг гэхэд.
0:05:01-0:05:16 Даргалагчаас: Мэдэхгүй ээ. Та ийшээ л явсан гээд байна. Тэгэхээр явсан гэдгээ юугаар нотлох юм бэ, тийз чинь байхгүй байна. Хуурамч билет гэх зүйл юу ч яригдаагүй байна тийм биз дээ гэхэд
0:05:17-0:05:18 Нэхэмжлэгч: Энэ өөрөө л ингээд биччихсэн байна.
0:05:19-0:06:16 Даргалагчаас: Тэгвэл тэр баримтаа танайх өөрсдөө гарга. Та 1,117,000 төгрөг нэхэж байгаа юм бол тэрийгээ нотол, танайх төлөхгүй гэж байгаа бол тэрийгээ нотол гэж байгаа. Тэгэхээр 1,117,000 төгрөгт чинь юу юу багтаад байгаа юм гэдгээ батлах хэрэгтэй байна, явсан гэдгээ нотлох хэрэгтэй, чемодан яасан яаж эвдэрсэн гэдгээ. За ингээд хурлаа товлоё. Тэр хооронд өмгөөлөгч аваад дараагийн хуралдаан хурал хойшлохгүй. Хялбарын шүүх хуралдаан 1 шүүх хурлаар шийднэ гэсэн боловч нөгөө шүүхийн дутуу ажиллагаанаас болоод нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулахаас аргагүй гэдэг үндэслэлээр хуралдааныг хойшлуулж байна. Товоо яаж тогтох уу. Танайх хэзээ боломжтой байна гэхэд.
0:06:18-0:06:22 Нэхэмжлэгч: Би бол маргааш байж болно. Надад хамааралгүй гэв.
0:06:29-0:06:33 Даргалагчаас: 1 сарын 27-нд 10 цагаас болж байна уу.
0:06:35-0:06:36 Нэхэмжлэгч: 1 сарын 27 хэд дэх өдөр вэ. Болно гэв.
0:06:39-0:06:54 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүгч ээ манай хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа н.Н өмгөөлөгч хурал хойшлуулах хүсэлтийн аваад ирсэн юм. Энд 1 сарын 27-ны 11:30-с хурал товлогдсон байгаа юм байна.
0:06:54-0:07:11 Даргалагчаас: 9:30-с болох уу. За Хуралдааны тов дээр гарын үсэг зураад, баримтуудаа бүрдүүлээд за 9:30-с. Тэмдэглээрэй” гэснээр бичлэг дуусав.
1.2. 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дууны бичлэгт үзлэг хийхэд:
0:00:09-0:00:16 Даргалагчаас: За бүгдээрээ суучих, баримттайгаа орж ирсэн үү гэхэд.
0:00:22-0:00:44 Нэхэмжлэгч: За байз шүүгч би баримт өгөх гэсэн юм. Урьд нь гардуулъя гээд хүсэлт өгсөн орчуулгын зарим баримт хассан байсан. Тэгээд одоо би нэлээн орой болсон учраас амжихгүй байж магадгүй өөрөө өгчихлөө. Дээр нь би нэхэмжлэлийн шаардлагаа нэмнэ гэхэд.
0:00:44-0:00:53 Даргалагчаас: Нэмэгдүүлсэн шаардлага хүлээж авахгүй ээ. Хугацаатай. Энэ хялбарын шүүх хуралдаан 5 хоногийн дотор гаргана. Өөр гэхэд.
0:00:55-0:01:03 Нэхэмжлэгч: Хамаагүй. Ийм баримт байна. Ингээд тоглоод байгаа юмыг би яах ёстой юм шүүх хурлаа хийгээд яана биз гэв.
0:01:04-0:01:06 Даргалагчаас: Нэмэгдүүлсэн байна. Өөр тийз мийзний асуудал авчирсан уу гэхэд.
0:01:06-0:01:07 Нэхэмжлэгч: Би өгчихсөн гэв.
0:01:07-0:01:09 Даргалагчаас: Өгчихсөн үү, хэзээ гэхэд.
0:01:10-0:01:24 Нэхэмжлэгч: Тийзний асуудал өгсөн, хөрөнгийн үнэлгээний юм алга болсон байсан дахиад нөхөөд өгсөн гэв.
0:01:26-0:01:30 Даргалагчаас: Хариуцагч тал. Баримтууд орж ирсэн үү гэхэд.
0:01:30-0:01:34 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээ гэв.
0:01:34-0:01:40 Даргалагчаас: Гэрчилгээгээ олж ирсэн. Аан за. Энэ баримтуудтай танилцсан уу хариуцагч гэхэд.
0:01:41-0:01:45 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Танилцсан байгаа гэв.
0:01:58-0:02:08 Нэхэмжлэгч: За танилцчихлаа.
0:02:52-0:03:18 Даргалагчаас: За талууд баримтуудаа авчирсан гэж ойлголоо. За хурлаа нээе. Шүүх хуралдаан нээж байна. С.О-н нэхэмжлэлтэй, хариуцагч компанид иргэний хэргийг хянан хэлэлцэнэ. Ирцээ илтгэе гэхэд.
0:03:18-0:03:29 Нарийн бичгийн дарга: Шүүх хуралдаанд хариуцагч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч С.Н нар ирсэн байна. Өөр дуудагдсан хүнгүй гэв.
0:03:30-0:03:47 Даргалагчаас: Ирцийн тухайд нэхэмжлэгч тал ирсэн. Хариуцагчаар төлөөлөгчийн газар нь яах юм, төлөөлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч яах юм, 2 этгээдийг хариуцагчаар татаад манай шүүхэд шилжүүлсэн байгаад байдаг гэхэд.
0:03:48-0:03:49 Нэхэмжлэгч: Үгүй гэв.
0:03:50-0:03:52 Даргалагчаас: За байж бай. Эхлээд хариуцагчаас асуугаадахъя гэхэд.
0:03:53-0:04:00 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүгч ээ энэ талаар нэхэмжлэгч өөрөө хариуцагчийг Ю буюу зөвхөн хувь хүнд холбогдуулж гаргасан байдаг гэв.
0:04:00-0:04:39 Даргалагчаас: Тэгсэн. Гэвч Төв шүүгч нь 2 этгээдийг захирамжаар хариуцагчаар татсан байгаа. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулна. Нэхэмжлэгч бол хэнийг хариуцагчаар татах нь өөрийнх нь эрхийн асуудал. Шүүх бол хуульд заасан ажиллагааг явуулна. Би бол төлөөлөгчийн газраасаа итгэмжлэл орж ирнэ гэж ойлгосон. Өмгөөлөгч нь юу гэж байна гэхэд.
0:04:39-0:05:19 Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүгч угаасаа анх Төв аймгийн шүүхээс ирэхдээ ойлгомжгүй байдлаар 2 хариуцагчийг томилсон. Манай тухайд нэхэмжлэгч бол яалт ч үгүй хувь хүн гэдэг утгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах байдлаар Ю-д гэсэн байдаг. Тэгээд хялбар ажиллагааны шүүхэд хэрэг ирснээс хойш шүүгчийн захирамж, эрхийн баримт бичгүүдэд хариуцагчаар Ю-д татсан байдаг. Тэгэхээр ерөөсөө салбар төлөөлөгчийн газрыг хариуцагчаар тогтоогоогүй гэж ойлгоод байгаа гэв.
0:05:19-0:05:37 Даргалагчаас: Ингэж өөрсдөө яриад байгаа. Одоо ингэж байгаа нэхэмжлэгч бол анх 2 этгээдийг хариуцагчаар татсан. “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ю нарыг албан тушаалтай нь хариуцагчаар татаад байгаа юм уу, ажил хийдэг иргэнээр татаад байгаа юм уу гэхэд.
0:05:37-0:05:41 Нэхэмжлэгч: Ажил хийдэг иргэнээр нь гэв.
0:05:42-0:06:36 Даргалагчаас: Тэгээд Төв аймгийн шүүх чинь өөрөө бүгдээрээ хэрэг үүсгэх тухай захирамж дээрээ хариуцагч Ю, “Ж” ХХК-ийн төлөөлөгчийн газарт холбогдох гээд яалт ч үгүй 2 байна. Нэхэмжлэгч бол аль ч ажиллагааны үед татах эсэх нь өөрийнх нь асуудал. Гагцхүү шүүх маань 2 этгээдийг хариуцагчаар татсан байгаа учраас шүүх хуульд заасан ажиллагааг хийнэ. Энэ захирамжид өөрчлөлт оруулах ямар ч боломж байхгүй. Миний гаргасан хамгийн сүүлчийн захирамжид хоёулаа хариуцагч байгаа гэв.
0:06:36-0:06:47 Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүгч ээ. Жишээ нь 2026 оны 01 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж, бусад шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж дээр хариуцагч Ю гээд яваад байгаа байхгүй юу гэхэд.
0:06:48-0:06:49 Даргалагчаас: Засах боломжтой гэв.
0:06:50-0:07:18 Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүгч ээ шууд оролцож байгаа юм чинь өөрөө яг хариуцагчаар хэнийг нь татаад байгааг дахиж тайлбарлуулж явахгүй бол энэ чинь бас 2 хариуцагч юм уу 1 хариуцагч юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Ю-ын итгэмжлэлээр оролцож байгаа. Миний хувьд зөвхөн Ю-ын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Тэгэхээр өөрөө үнийг тодруулах явахгүй бол гэв.
0:07:19-0:07:59 Нэхэмжлэгч: Би тодруулах уу. Таны яриад байгаа үнэн. Би эхлээд 2 хариуцагчийг татсан. Компанийг татсан, иргэн Ю. Компанийг татаж байгаа шалтгаан нь гомдлыг хугацаанд шийдвэрлэхгүй байгаа гэдэг утгаар татсан. Яг хариуцлага алдаж байгаа гэдэгт Ю хувь хүнийг татсан. Тэгээд бид нар өөрсдөө шүүхэд очоод өөрсдөө маргасан юм. Аль нэг нь боломжгүй байна гээд. Тэгээд шүүгчийн туслах нь над руу холбогдоод та аль нэгэн дээр орох шаардлагатай байна гэсэн. Тэгээд би дахиж тайлбарлаад та надад бичээд өг гэхээр нь би бичиж өгсөн юм гэв.
0:07:59-0:08:00 Даргалагчаас: Иргэн дээр, иргэнээс нэхнэ гэсэн юм уу гэхэд.
0:08:01-0:08:20 Нэхэмжлэгч: Тийм иргэн дээр. Эд нар яагаад ингээд хоёр утгаар явуулаад байна гэхээр нэг бол компанийнхаа нэрийг ашиглаж байгаад шүүхээр маргаан явуулахгүй байхыг оролдсон, тайлбар дээр нь ч байгаа дараа нь өөрсдөө хуурамч баримт бүрдүүлсэн гэв.
0:08:20-0:08:28 Даргалагчаас: За ойлгосон. Ирцийн тухайд ойлгосон. Хүсэлт байна уу нэхэмжлэгч тал, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Өөр гэхэд.
0:08:28-0:08:40 Нэхэмжлэгч: Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Баримт гаргаж өгсөн. Дээр нь эхний гаргасан тайлбар байгаа тэр нь арай дэндүү хуурамч байна. Өөр юм байхгүй гэв.
0:08:41-0:08:43 Даргалагчаас: Хүсэлт болон нотлох баримт байна уу гэхэд.
0:08:43-0:09:08 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нотлох баримт байна. Шүүгч ээ энэ хэрэг маргаан нь Солонгос улсаас Япон улс руу нисэх үед болсон үйл явдал учраас Олон улсын гэрээг өгч байна. Манай Монгол Улс нь Олон улсын гэрээг соёрхон баталдаг тул албан ёсны орчуулга хийдэггүй юм бил ээ. Тийм учраас Олон улсын конвенцын холбогдох нэмэлт заалтыг орчуулж өгнө байгаа гэв.
0:09:08-0:09:22 Даргалагчаас: Хүсэлт байхгүй, баримт байгаа юм байна. Конвенцтой танилцчих. Хүсэлттэй холбоотой хуралдааныг түр завсарлая гэв.
0:09:22-0:09:49 Нэхэмжлэгч: Би тодруулга хийчихье. Энэ Зам тээврийн яаманд байх ёстой. Зам тээврийн яаманд Олон улсын конвенц гэсэн файлын 3611 дүгээр хуудсанд эхлээд байгаа энэ баримтыг би үзэх шаардлагагүй гэв.
0:09:49-0:09:58 Даргалагчаас: За хүсэлт болон бусад ажиллагаатай холбоотой хуралдааныг түр завсарлая гэв.
0:10:07-0:11:17 Даргалагчаас: Хүсэлттэй холбоотой хуралдааныг түр завсарлаж байна. Хойшлуулахдаа Нэгдүгээрт бол нэхэмжлэгч тал анхнаасаа 2 хариуцагчийг татсан байдаг. Тодорхой илэрхийлсэн энэ дээр бол маргалдаад байх шаардлагагүй. Суурин төлөөлөгчийн газар буюу хуулийн этгээдэд холбогдуулан ажиллагаа явагдана. Тухайн суурин төлөөлөгчийн газар нь нэхэмжлэлийн хувийг гардуулах болно. Хоёрдугаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаад улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно. Гуравдугаарт нь Ю-с “Ж” ХХК-с явуулсан мейл хаяг гаргуулах хүсэлт гаргасан. Үүнийг бол хангах үндэслэлгүй байна. Энийг бол та өөрөө гаргаад өгөх боломжтой. Энийг өөрөө гаргаад өгсөн байгаа учраас хариуцагч талаас гаргуулах шаардлагагүй байна. Ингээд хуралдааныг хойшлуулж байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг гардуулах энэ ажиллагаа явагдана. Хуралдаан хааж байна. Энэ ажиллагаа явуулан хуралдааныг жич товлон хуралдаан хааж байна гэв.
0:11:17-0:11:18 Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүгч ээ гомдол гаргах захирамж уу гэхэд.
0:11:18-0:11:24 Даргалагчаас: Гомдол гаргах эрхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой болохоор. За хуралдаан хаалаа” гэснээр бичлэг дуусав.
Дээрх шүүх хуралдааны дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл даргалагч шүүгч Б.Цолмон нь 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг огт нээгээгүй, шүүх хуралдааны ирц ба түүнд оролцох эрхийг шалгаагүй, хэргийн оролцогчийн эрх, үүрэг татгалзан гаргах эрх зэргийг тайлбарлаагүй байна.
Түүнчлэн, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд талуудаас баримт авчирсан эсэхийг асуусны дараа шүүх хуралдааныг нээсэн ба мөн хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлаагүй байна.
Иймд шүүгч Б.Цолмон нь анхан шатны шүүх хуралдааны дэгийг зөрчиж хэргийн үйл баримт болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуултыг оролцогчдоос асуусан үйл баримт тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан.
Тодруулбал, даргалагчаас шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг оролцогчдоос асууж шийдвэрлэсний дараа шүүх бүрэлдэхүүнийг зарлан, татгалзан гаргах эрх болон хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлтийг шийдвэрлэж, улмаар хэргийг хэлэлцэж эхэлж, зохигч, оролцогч мэтгэлцэж, нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийн оролцогч нэмэлт тайлбар гаргасны дараа шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрээ гаргана.
Үүнээс үзвэл шүүх хуралдааныг ямар дарааллаар явуулахыг "заавал биелүүлэх" хэм хэмжээ болгон хуульд илт тодорхой заасан байна. Шүүгч үүнийг өөрийн үзэмжээр өөрчлөх, алгасах эрхгүй. Хуулийн энэхүү тодорхой дарааллыг баримтлаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчийн сахилгын зөрчилд хамаарна.
Шүүгч Б.Цолмон 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн болон 27-ны өдрийн шүүх хуралдааныг даргалахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйл “Шүүх хуралдааныг нээх”, 99 дүгээр зүйл “Шүүх хуралдааны ирц ба түүнд оролцох эрхийг шалгах”, 103 дугаар зүйл “Шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлах”, 104 дүгээр зүйл “Хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах”, 105 дугаар зүйл “Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх” гэж заасан шүүх хуралдааны дэг, дарааллыг зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдсон.
Холбогдох шүүгч нь хэд хэдэн хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байх боловч хэд хэдэн үйлдэл нь нэг зорилго чиглэлтэй, цаг хугацааны хувьд нэг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад гарсан, процессын нэг төрлийн хэм хэмжээг зөрчсөн байх тул үүнийг үргэлжилсэн нэг зөрчил үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг нээх, эрх, үүрэг тайлбарлах, татгалзал асуух зэрэг нь тус тусдаа даргалагчийн үүрэг мэт боловч энэ нь "Шүүх хуралдааныг хуулийн дагуу явуулах" гэсэн нэг процессын үйл ажиллагааны салшгүй хэсгүүд юм. Тиймээс эдгээрийг тухай бүрд сахилгын зөрчилд тооцох бус нэг процессын алдаа буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан шүүх хуралдаан даргалагчийн үүргийг зөрчсөн гэж дүгнэх нь үндэслэлтэй байна.
Гэхдээ илт тодорхой заалтыг “ноцтой” эсхүл “удаа дараа” зөрчсөн байж дээрх хуулийн шаардлага хангагддаг бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүрсэн бол “ноцтой” гэж үзэх бол “удаа дараа” гэдэг нь шүүгч зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.
Тус өдрийн хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүх хуралдааны дарааллыг зөрчсөний улмаас хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй тул уг зөрчлийг “ноцтой” гэж үзэхгүй.
Иймд, шүүгч Б.Цолмон нь 2026 оны 01 дүгээр сарын 13 болон 27-ны өдрүүдэд шүүх хуралдаан даргалагчийн үүрэг болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан хуулийн илт тодорхой заалтыг 2 удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзлээ.
Шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой тул шүүгч Б.Цолмон нь цаашид шүүх хуралдаан даргалахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж ажиллахыг анхаарах нь зүйтэй.
2. Өргөдлийн “ ...мэтгэлцэх зарчмыг хангаагүй, нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулсан” гэх үндэслэлийн тухайд:
2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг дээр дурдсан ба үүнээс шүүгч өөрийн санаачилгаар талуудаас дараах байдлаар нотлох баримт шаардсан байна. Үүнд:
“0:00:14-0:00:19 Даргалагчаас: Одоо цаашид орох юм уу, за танайх танд хүсэлт байгаа юу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу явагдсан байна. Танайх бол та нэхэмжлэлд “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ю хоёр хариуцагч татсан байна. Тэгсэн чинь Төв аймгийн шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч ажилтай Ю-д гардуулсан байна. Гэтэл энэ хүн чинь төлөөлөгчийн газрын төлөөлөгч гэж юугаар тогтоогддог юм бэ. Хуулийн этгээд бол гэрчилгээ байх ёстой, тэр нь байхгүй байна гэхэд.
0:00:19-0:01:18 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Яг үнэн. Шүүгч ээ энэ хамгийн анх эргэлзээтэй гарч ирсэн. Хэнд хандаад байгаа нь мэдэгдэхгүй гэв.
0:01:19-0:01:54 Даргалагчаас: Ямар ч байсан иргэн хуулийн этгээдэд гаргасан гэж хэлж байна. Тэгэхээр нэгнээсээ татгалзаж болно тэгэхээр итгэмжлэл л шийднэ. Тэгэхээр одоо зайлшгүй төлөөлөгчийн тэр нэг юм хэрэгтэй байна. Хуулийн этгээдийн гэрчилгээ ч юм уу байж төлөөлөгч гэх гээд байна. Танай дээр бол тэр дутуу байна. Тан дээр бол нэхэмжлэгч талд тийз мийз гэж юм байдаггүй юм уу, мэйлд байдаг даа гэхэд.
0:01:54-0:01:56 Нэхэмжлэгч: Байгаа би дахиад авч болно гэв.
0:01:56-0:02:45 Даргалагчаас: Хэрэгт бол байхгүй байна. Тэгэхээр та мэйл дээрээ, шүүх нь уншиж танилцмаар байна. Тэгэхээр таны билет хэрэгтэй байна, яриад байгаа юмнууд чинь биет гэхээр эд хөрөнгө юм уу гэдгээ 1,100,000-г задлах нь юу юм. Учраад байгаа хэдэн төгрөг чинь, тухайн үед та зураг хөрөг авсан байдаг юм уу, үгүй юм уу гэхэд.
0:02:45-0:02:52 Нэхэмжлэгч: Өгсөн. Тэр нь “Ж” өөрсдөө аваад дотоод сүлжээгээрээ явуулсан зураг байдаг гэв.
...0:04:14-0:04:44 Даргалагчаас: Одоо битгий давхардаад яриад бай. Та мэйл, тийз дутуу байна, наад юмнууд чинь дутуу байна. Тэгээд танайх болохоор төлөөлөгчтэй холбоотой гэрчилгээ дутуу байна. Өмгөөлөгч авах бол өмгөөлөгч чинь дараагийн хуралд ирэх юм байна. Хоёр хоёр юм дутуу боллоо ш дээ тэ. Өөр дутуу зүйл байна уу. Би нөгөө баримтуудаа бүрдүүлж байгаад дахиад шийдье, хурлаа товлоё.
...0:05:19-0:06:16 Даргалагчаас: Тэгвэл тэр баримтаа танайх өөрсдөө гарга. Та 1,117,000 төгрөг нэхэж байгаа юм бол тэрийгээ нотол, танайх төлөхгүй гэж байгаа бол тэрийгээ нотол гэж байгаа. Тэгэхээр 1,117,000 төгрөгт чинь юу юу багтаад байгаа юм гэдгээ батлах хэрэгтэй байна, явсан гэдгээ нотлох хэрэгтэй, чемодан яасан яаж эвдэрсэн гэдгээ. За ингээд хурлаа товлоё. Тэр хооронд өмгөөлөгч аваад дараагийн хуралдаан хурал хойшлохгүй. Хялбарын шүүх хуралдаан 1 шүүх хурлаар шийднэ гэсэн боловч нөгөө шүүхийн дутуу ажиллагаанаас болоод нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулахаас аргагүй гэдэг үндэслэлээр хуралдааныг хойшлуулж байна. Товоо яаж тогтох уу. Танайх хэзээ боломжтой байна” гэж тусгагджээ.
Түүнчлэн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШЗ2026/0*** дугаар захирамжийн үндэслэлд “...хэрэгт авагдсан баримтуудыг харвал “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрыг төлөөлөх эрхтэй этгээд нь Ю гэх баримт байхгүй байх тул хариуцагчаас энэ талаарх баримтыг гаргуулах, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар нэхэмжлэгчээс тодруулах нь зүйтэй” гэж дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ...нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж, 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан.
Үүнээс үзэхэд хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг цуглуулахыг харин 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хэргийг хянан шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай эсэхийг талуудын мэтгэлцээн бүрэн явагдаж, хэргийг хэлэлцэж дууссаны дараа шүүх зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэдгээр ялгаатай.
Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх зарим тохиолдолд өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах шаардлага үүсдэг.
Тухайлбал, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлээгүй, хэргийн оролцогчоос нотлох баримт цуглуулахаар хүсэлт гаргаагүй байхад маргааны төрөл, хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим тохиолдолд шүүгч өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаагүй байна.
Иймд шүүгч Б.Цолмон нь 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна.
Нөгөөтээгүүр, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №28 дугаартай “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 3-т “Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй” гэж тайлбарласан.
Үүнээс үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулахыг хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Өргөдлийн “ ...хамтран хариуцагчийг өөрийн санаачилгаар татсан” гэх үндэслэлийн тухайд:
Анх нэхэмжлэгч С.О-с Ю болон “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт холбогдуулан “гэм хорын хохиролд 1,117,660 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан.
Мөн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зөвхөн иргэн буюу Ю-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Түүнчлэн, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд:
“...0:05:19-0:05:37 Даргалагчаас: Ингэж өөрсдөө яриад байгаа. Одоо ингэж байгаа нэхэмжлэгч бол анх 2 этгээдийг хариуцагчаар татсан. “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ю нарыг албан тушаалтай нь хариуцагчаар татаад байгаа юм уу, ажил хийдэг иргэнээр татаад байгаа юм уу гэхэд.
0:05:37-0:05:41 Нэхэмжлэгч: Ажил хийдэг иргэнээр нь гэв.
0:05:42-0:06:36 Даргалагчаас: Тэгээд Төв аймгийн шүүх чинь өөрөө бүгдээрээ хэрэг үүсгэх тухай захирамж дээрээ хариуцагч Ю, “Ж” ХХК-ийн төлөөлөгчийн газарт холбогдох гээд яалт ч үгүй 2 байна. Нэхэмжлэгч бол аль ч ажиллагааны үед татах эсэх нь өөрийнх нь асуудал. Гагцхүү шүүх маань 2 этгээдийг хариуцагчаар татсан байгаа учраас шүүх хуульд заасан ажиллагааг хийнэ. Энэ захирамжид өөрчлөлт оруулах ямар ч боломж байхгүй. Миний гаргасан хамгийн сүүлчийн захирамжид хоёулаа хариуцагч байгаа гэв.
0:06:36-0:06:47 Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүгч ээ. Жишээ нь 2026 оны 01 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж, бусад шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж дээр хариуцагч Ю гээд яваад байгаа байхгүй юу гэхэд.
0:06:48-0:06:49 Даргалагчаас: Засах боломжтой гэв.
0:06:50-0:07:18 Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүгч ээ шууд оролцож байгаа юм чинь өөрөө яг хариуцагчаар хэнийг нь татаад байгааг дахиж тайлбарлуулж явахгүй бол энэ чинь бас 2 хариуцагч юм уу 1 хариуцагч юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Ю-ын итгэмжлэлээр оролцож байгаа. Миний хувьд зөвхөн Ю-ын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Тэгэхээр өөрөө үнийг тодруулах явахгүй бол гэв.
0:07:19-0:07:59 Нэхэмжлэгч: Би тодруулах уу. Таны яриад байгаа үнэн. Би эхлээд 2 хариуцагчийг татсан. Компанийг татсан, иргэн Ю. Компанийг татаж байгаа шалтгаан нь гомдлыг хугацаанд шийдвэрлэхгүй байгаа гэдэг утгаар татсан. Яг хариуцлага алдаж байгаа гэдэгт Ю хувь хүнийг татсан. Тэгээд бид нар өөрсдөө шүүхэд очоод өөрсдөө маргасан юм. Аль нэг нь боломжгүй байна гээд. Тэгээд шүүгчийн туслах нь над руу холбогдоод та аль нэгэн дээр орох шаардлагатай байна гэсэн. Тэгээд би дахиж тайлбарлаад та надад бичээд өг гэхээр нь би бичиж өгсөн юм гэв.
0:07:59-0:08:00 Даргалагчаас: Иргэн дээр, иргэнээс нэхнэ гэсэн юм уу гэхэд.
0:08:01-0:08:20 Нэхэмжлэгч: Тийм иргэн дээр” гэж тодруулсан байна.
Дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.О-с Ю болох иргэнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан талаараа тодруулсан байхад шүүгч Б.Цолмон 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “Ж” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт холбогдуулан хамтран хариуцагчаар татан холбогдох ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.1-т “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй” гэж хуульд илт тодорхой заасан.
Шүүгч Б.Цолмон дээрх байдлаар Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийсэн нь дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна.
Харин уг зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” эсхүл “удаа дараа” зөрчсөн байж дээрх хуулийн шаардлага хангагддаг бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүрсэн бол “ноцтой” гэж үзэх бол “удаа дараа” гэдэг нь шүүгч зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.
Шүүгч Б.Цолмон нь 2026 оны 01 дүгээр сарын 13 болон 27-ны өдрүүдэд шүүх хуралдааныг хуулийн дагуу явуулах даргалагчийн үүрэг болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан хуулийн илт тодорхой заалтыг 2 удаа зөрчсөн үйлдэл гаргасан,
2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.1-т заасан хуулийн илт тодорхой заалтыг 1 удаа нийт хуулийн илт тодорхой заалтыг 3 удаа зөрчсөн нь тогтоогдож байна.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргах” гэх шүүгчид хориглосон сахилгын зөрчил гаргасан гэж үзэн нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Б.Г “С.О-ын нэхэмжлэлтэй, Ю-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгч Б.Цолмон шүүх хуралдааны дэгийг зөрчиж 2026 оны 01 сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг огт нээлгүйгээр 30-40 минутын турш зохигч нараас нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлийн талаар тайлбар авч захирамж гаргасан, 2026 оны 01 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд талуудаас баримт авчирсан эсэх талаар асууж тодруулсны дараа шүүх хуралдааныг нээсэн үйлдлээрээ хэргийн оролцогчийн эрхийг хөндсөн гэх, мөн мэтгэлцэх зарчим хангалгүй нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулсан, хамтран хариуцагч татсан” гэх агуулга дурдаж, өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Холбогдох шүүгч Б.Цолмон түүнд хуваарилагдаж ирсэн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 317/ШЗ2025/0*** дугаар шүүгчийн захирамжтай, Ю, “Ж” ХХК-ний Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газарт холбогдох иргэний хэргийг хүлээн аваад, захирамжид хариуцагчаар тодорхойлогдсон этгээдүүдэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн байх ба харин хамтран хариуцагчаар татаагүй байна.
Иймд холбогдох шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгөн явуулахаар шүүх хуралдаанд тайлбарлаж, хэрэг үүсгэсэн захирамжид дурдсан хариуцагч нарт холбогдох хуульд заасан ажиллагааг бүрэн явуулахаар шийдвэрлэсэн үйл баримт нь сахилгын зөрчилд хамаарахгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.1-т “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй” гэж заасныг зөрчөөгүй байна.
Ямар ч нотлох баримт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогддоггүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон тэдгээрт агуулагдаж буй мэдээлэл, зохигчдын тайлбар, мэтгэлцээнээр хэлэлцэгдсэн үйл баримтад шүүгч дүгнэлт хийж, хуульд заасан хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор шийдвэр гаргах эрхтэй.
Илтгэгч гишүүний дүгнэлтэд “... шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлээгүй, хэргийн оролцогчоос нотлох баримт цуглуулахаар хүсэлт гаргаагүй байхад маргааны төрөл, хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим тохиолдолд шүүгч өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаагүй байна. Иймд шүүгч Б.Цолмон нь 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна.” гэснийг үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна.” гэж хуульчлан заасан бөгөөд анхан шатны шүүх хуралдааны дэгийг мөн хуулийн 98-114 дүгээр зүйлд нарийвчлан журамлан зохицуулж өгчээ.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан хуульд заасан тогтсон дэгийг дагуу явагдах бөгөөд шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг хуульд заасан дэг, дараалал, журмын дагуу явуулах үүрэгтэй.
Харин холбогдох шүүгч маргаан бүхий иргэний хэргийн хянан хэлэлцсэн 2026 оны 01 дүгээр сарын 13 болон 27-ны өдрийн шүүх хуралдааныг даргалахдаа хуульд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд журамлан зааж өгч зохицуулсан шүүх хуралдааны дэгийг зөрчиж хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн байна.
Харин дээрх шүүх хуралдаануудаар тухайн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу зөвтгөн явуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах зэрэг хариуцагчид холбогдох ажиллагааг хийхээр шийдвэрлэжээ.
Хэдийгээр холбогдох шүүгч шүүх хуралдаануудыг даргалан явуулахдаа хуульд заасан шүүх хуралдааны дэг дарааллыг зөрчсөн байх боловч энэхүү үйл баримтыг давтан буюу 2 удаа гаргасан зөрчил гэж үзэхгүй. Учир нь тухайн иргэний хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанууд нэг хэргийн үргэлжилсэн хуралдаан ба тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшилж, дахин цааш шүүх хуралдаан үргэлжлэн явагдсан байх тул энэхүү зөрчлийг нэг удаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн гаргасан дээрх үйлдлээс улбаалж хэргийн оролцогчдод илт зүй бус ноцтой үр дагавар үүсээгүй байна гэж үзэхээр байх тул шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэхгүй.
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн СХМ/2025/0046 дугаар хуулийн хүчин төгөлдөр магадлалаар шүүгч Б.Цолмон хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчлийг 1 удаа гаргасан гэж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлийн бүрдэл нь зөрчил “ноцтой” эсхүл “удаа дараа” байх ёстой бөгөөд хууль, тогтоомжид хэрэглэгдэж буй агуулгаас үзвэл аливаа үйлдлийн давтамжийг 1 удаа, 2 удаа бол давтан, 3 ба түүнээс дээш бол удаа, дараа гэж үзэхээр байх тул холбогдох шүүгчийн гаргасан зөрчил нь удаа дараа гэх агуулгад хамаарахгүй гэж бүрэлдэхүүн үзэв.
Харин холбогдох шүүгч дахин зөрчил гаргасан нь тогтоогдвол сахилгын шийтгэл оногдуулах урьдач нөхцөл үүссэн гэж үзэхийг тухайлан анхааруулах нь зүйтэй.
Иймд дээрхийг нэгтгэвэл, илтгэгч гишүүний ГНД/2026/0024 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгч Б.Цолмонд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ГНД/2026/0024 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
Д.АРИУНТУЯА