info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-30

Дугаар 65

Улаанбаатар хот

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,

сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нарансолонго, холбогдох шүүгч Б.Мандалбаяр нарыг оролцуулан сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаярт холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:

“... 1. Өргөдлийн “ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160 дугаар зүйлийн 1603.1.Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж 72 хоногийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч С.Б-аас хариуцагч Э.Т-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 480,428,421 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрт 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гарган, арбитрын ажиллагаа явагдаж улмаар 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ..... тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар хариуцагчаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасныг шүүх 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Мандалбаярт хуваарилагдан дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Үүнд:

Шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 210/БА2025/...... дугаартай албан бичгээр Монголын олон улсын арбитраас хэрэг татан авахаар шаардсаныг арбитраас 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаартай албан бичгээр хэргийг хүргүүлсэн.

Уг арбитрын хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Гэрэлтуяа, бүрэлдэхүүнд шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарыг томилсон шийдвэрийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/ЕШ2025/..... дугаартай захирамжаар албажуулсан.

2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид эрх үүрэг болон хэргийн материалыг танилцуулсан.

Шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210/АБ2025/.... дугаартай албан бичгээр Монголын олон улсын арбитраас уг арбитрын хэргийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг авахаар шаардсан.

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч хариу тайлбараа гаргасан үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт явуулаагүй бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийн оролцогч нарт шүүх хурлын товыг мэдэгдэж, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны 210/ШТ2026/..... дугаартай тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг шүүх хүлээн авсан бол илтгэгч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах буюу арбитрын хэргийг татах, хэргийн оролцогч нарт эрх, үүрэг, хэргийн материал танилцуулах, шүүх хуралдааны тов тогтоох, түүнчлэн магадлалын төслийн агуулгыг бичих зэрэг ажиллагааг хийдэг.

Иймд дээрхээс үзэхэд уг хэргийн илтгэгч шүүгч Б.Мандалбаяр нь арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээн авсан 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх буюу 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хүртэл нийт 73 хоног буюу 2 сар 13 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1603.1 “Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж зааснаар үзвэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 30 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулахаар хуульд илт тодорхой заасан байна.

Шүүгч Б.Мандалбаяр нь дээрх арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш 2 сар 13 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1603.1-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №28 дугаартай “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4.б-д “Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тайлбарласан.

Иймд хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй үйлдлийн улмаас шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрх ноцтой зөрчигдсөн, шүүхэд итгэх олон нийтийн итгэл буурсан, хэргийн оролцогчдод уг хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ үүссэн зэрэг нөхцөл байдлаас үзвэл шүүгч Б.Мандалбаярыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзлээ.  

2.Өргөдлийн “ ...хуулийн заалтаар гомдлыг хүлээж авахгүй, эсхүл хангахгүй орхих, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан, гэтэл илт хууль бус шийдвэр гаргасан” гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Хариуцагч Э.Т нь дээрх арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, өөртэй нь холбоотой арбитрын ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдээгүй, оролцох боломжоор хангаагүй, шийдвэрийг гардаж аваагүй гэх агуулгаар арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/ШТ2026/..... дугаартай тогтоолд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон талаар тодорхой дурдсан байна.

Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар талууд дотоодын арбитрын шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг шүүхэд гаргах эрхтэй.

Давж заалдах шатны шүүхийн тогтоолд “...Хариуцагч нь арбитрын ажиллагаа явагдаж байгаа болохыг мэдэх боломжгүй байсан тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас олгохоос татгалзсан 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжтай танилцаад арбитрын шийдвэрийн талаар мэдсэн гэсэн тайлбарыг үгүйсгэх баримтгүй тул хариуцагчийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд өргөдөл гаргасныг буруутгахгүй” гэж дүгнэсэн байна.

Иймд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.

Иймд, Шүүхийн сахилгын хороо нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй тул “илт хууль бус шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий өргөдөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй болно.

3. Өргөдлийн “ ...Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э "танай шүүх өөрөө хууль зөрчлөө 30 хоногийн дотор шийдэх ёстой байсан” гэж тайлбар хэлж байхад даргалагч шүүгч юм хэлээгүй байхад илтгэгч шүүгч Б.Мандалбаяр шууд зогсоогоод давтаж ярилаа гэж загнаад яриулахгүй байсан” гэх үндэслэлийн тухайд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд тус шүүхийн 210/ТМ2025/..... дугаар тэмдэглэлтэй утга, агуулгын хувьд зөрүүгүй байсан бөгөөд шүүх хуралдааныг шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Э.Т, түүний өмгөөлөгч Н.Э нар оролцсон байна.

Даргалагчаас шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирцтэй танилцан, шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзах эсэхийг асууж, шүүхэд гаргах хүсэлт байгааг асууж, шүүх хуралдаан явуулах дэг, дарааллыг тогтоон, илтгэгч шүүгч хэргийг илтгэн, хариуцагч гомдлоо танилцуулан, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолтой холбогдуулан тайлбар гаргасан байна.

Тодруулбал, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн:

0:06:37-0:06:38 Даргалагчаас: Нэхэмжлэгч тал өргөдөлд тайлбар хэлье гэхэд

0:06:39-0:14:44 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан. Арбитрын үндсэн шийдвэр 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Хариуцагч Э.Т-д 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Монгол шуудан компани гардуулж өгсөн байдаг. Э.Т арбитрын шүүхийн хуулбарлан өгөв гэсэн баримтыг үндэслэн хөөн лав хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн байдлаар гомдол гаргасан байна. Гэтэл Э.Т нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шийдвэрийг гардаж авсан буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 66 хоног өнгөрсөн. Хариуцагч Э.Т нь Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасан үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор өргөдлийг шүүхэд гаргана гэх хуулийн хугацааг зөрчсөн. Хурлын товыг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн утас руу мэдэгдсэн болон арбитрын ажиллагаанд оролцсон тэмдэглэлүүд хэрэгт авагдсан. Мөн Э.Т нь Ч.Э гэх хуульчийг арбитрчаар томилсон. Арбитрын ажиллагааны тухай мэдэгдсэн баримтууд нь хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч нь өөрийн биеэр оролцоно гэж хүсэлт гаргаагүй. Томилогдсон арбитрч Ч.Э арбитрын бүх ажиллагаанд оролцож нотлох баримт, тайлбар мэдээлэл өгсөн. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ... дугаартай албан бичгээр хэрэг үүсгэсэн тухай мэдэгдэл, нэхэмжлэлийн өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг хүргүүлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн урьдчилсан хуралдаанаар арбитрын журмыг тогтоосон. Хариуцагч Э.Т-д 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, мөн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус баталгаат шуудангаар ажиллагааны баримтуудыг хүргүүлсэн. Мөн цахимаар мэдэгдсэн болон гар утсаар нь мэдэгдсэн. Арбитрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу баримт бичгийг хүлээн авсанд тооцож арбитрын ажиллагааг үргэлжлүүлэн арбитрын үндсэн шийдвэр гарсан. Гомдол гаргагчийн шийдвэр хүлээн авсан өдөр нь анхан шатны шүүхээс шийдвэр гардуулан өгсөн баримт болон харилцаа холбооны газрын шууданд хүргэсэн бичиг баримт, албан бичиг, шуудангийн ажилтны бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр батлагдаж байгаа. Шүүхийн шийдвэрийг гардуулах боломжгүй бол зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасан. Давж заалдах гомдол гарах эрх бүхий этгээд нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлж гомдол гаргасан бол хугацаа сэргээлгэх тухай хүсэлт шүүхэд гаргах боломжтой. Энэ тохиолдолд хэргийг шийдвэрлэсэн шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт өвчлөх, хорио цээрийн дэглэмд орох зэргийг ойлгодог. Хэрэв давж заалдах гомдлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацааг хэтрүүлсэн бол давж заалдах шатны шүүх хуульд заасны дагуу гомдлыг хүлээн авахгүй байх боломжтой. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, "Монгол шуудан" ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаартай албан бичиг авагдсан байх бөгөөд тус албан бичигт "2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гардуулсан болно" гэж бичигдсэн. Түүнчлэн Олон улсын арбитрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаартай тодорхойлолт байгаа. Тус тодорхойлолтод "Монгол шуудан" ХК-ийн баталгаат шуудангаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн ба 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуулбарлан гардуулсан болно гэж бичигдсэн. Хариуцагч хуулбарласан өгсөн хугацаанаас эхлэн тооцож, хуулийн хугацаа хэтрүүлээгүй гэж гомдол гаргасан. Энэ нь хуулбарлан өгсөн болохыг нотолсон баримт болохоос гардуулсан баримт биш гэж үзэж байна. Гардаж авсан хүний нэр утасны дугаартайгаа бичигдсэн байгаа. Хариуцагч Э.Т нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдэж байсан. Тэгээд гэрийн хаягаа сольсон. Шийдвэр гүйцэтгэх хуудас бичүүлэх гээд Орхон аймгийн сум дундын шүүхэд хандсан талаар хариуцагч мэдэж байсан. Тэнд өгтөл хаягаа солиод хаана яваа нь мэдэгдэхгүй болсон учраас шүүх буцаасан гэхэд.

0:14:43-0:14:46 Илтгэгч шүүгч: Таных давхцаад байна болсон гэв. /яриаг нь таслав/

0:14:46-0:14:47 Даргалагчаас: Мэдэгдсэн гэж байгаа юм байна тийм үү гэхэд.

0:14:48-0:15:03 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Тийм. Хан-Уул гэж байсан, одоо Булган аймаг гээд хаягаа өөрчлөөд яваад байдаг хүн гэв.

0:15:03-0:15:13 Даргалагчаас: Арбитрын тухай хуулийн 47.2.1.б-д заасан үндэслэл буюу надад мэдэгдэхгүйгээр ажиллагаа явуулсан гэж хэлээд байна. Тэр талаар мэдсэн гэж байгаа юм уу гэхэд.

0:15:13-0:15:45 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуг мэдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж би хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд гомдлыг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1604 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

0:15:45-0:15:47 Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүнд асуух асуулт байна уу” гэж бичигдсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах”-ыг шүүгчид хориглосон.

Дээрх шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э гомдолтой холбогдуулан тайлбараа хэлэх явцад илтгэгч шүүгч Б.Мандалбаяр нь түүний яриаг таслан “Таных давхцаад байна болсон” гэж хэлэхдээ өндөр дуугаар, захиран тушаах өнгөөр тайлбарласан нь бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлж, хэргийн оролцогчийг үл хүндэтгэсэн, үл тоосон, загнаж, зандарсан гэх ойлголтыг бий болгосон байх боловч үүнийг шууд “зүй бус” харилцсан гэж үзэхгүй.

Шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой.

Иймд шүүгч Б.Мандалбаяр нь цаашид зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийж, шүүх хуралдааны явцад шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримтлан, бусадтай харилцахдаа анхаарах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаярыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх шүүгчид хориглосон сахилгын зөрчил гаргасан гэж үзэн нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.

 

Шүүгч Б.Мандалбаяр 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тайлбартаа:

“... Арбитрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар арбитрын шийдвэр, тогтоол, арбитрын ажиллагааны явцад талуудаас ирүүлсэн мэдээллийн нууцлалыг талууд, арбитрын бүрэлдэхүүн, байнгын арбитр хадгалах үүрэгтэй бөгөөд, харин арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгохоор шүүхэд өргөдөл гаргасан тохиолдолд нууцлалыг хадгалахгүй байж болно.

Тодруулбал, нэхэмжлэгч С.Б-гийн гаргасан хариуцагч Э.Т-д холбогдох гэрээний үүрэгт 480,428,421 төгрөг гаргуулах тухай хэргийг Монголын олон улсын арбитр шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир арбитрын шийдвэрийг хянасан тогтоолын хүрээнд хариу тайлбар бичих нь зүйтэй гэж үзлээ.

Бид бүхний мэдэж байгаачлан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох, шударга шүүхээр шүүлгэх гэх зэрэг эрхтэй бөгөөд эдгээр эрх бол ямар нэгэн саад, зөвшөөрөлгүйгээр өөрөө шууд хэрэгжих эрх байдаг тул процессын шударга байдалтай холбогддог билээ.

Тийм ч учир Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенци болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад аливаа иргэн шүүх хуралдаанд оролцох, шударгаар шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэж заасан.

Арбитрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "аливаа баримт бичгийг хүлээн авагч талд биечлэн хүргэсэн, эсхүл түүний үйл ажиллагаа явуулдаг, эсхүл байнга оршин байгаа /оршин суугаа/ газарт, эсхүл шуудангийн хаягаар хүргэснээр баримт бичгийг хүлээн авсанд тооцно" гэж арбитрын ажиллагаанд оролцож байгаа талуудад бичиг баримтыг гардуулах бус, мэдэгдэх зарчим үйлчилдэг.

Гэвч мэдэгдэх гэдэг нь тухайн этгээд /оролцогч/ арбитраас ирүүлсэн бичиг баримтыг хүлээн авах, мэдэх боломжтой байх /нягт холбоо/ оршин суух хаягийг ойлгох бөгөөд үүнд бүртгэлтэй, аль эсхүл байнга оршин сууж байгаа, эсхүл шуудангийн хаягийг тус тус хамааруулсан байна.

Монголын олон улсын арбитраас ирүүлсэн хэргийн баримтаар нэхэмжлэгч С.Б-ийн зүгээс хариуцагч Э.Т-ын оршин суух хаягийг Орхон аймаг, Баян- Өндөр сум..." гэж тодорхойлсон, үүний дараа ..... аймаг, ..... сум, ..... баг, .... дугаар микрорайон, ..... тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон боловч хариуцагч нь уг хаягт оршин сууж /бүртгэлтэй биш, байнга оршин суудаггүй/ байгаагүй болох нь тогтоогдсон.

Тодруулбал, нэхэмжлэгчийн тайлбараар зохигч бие биеэ таньж мэддэг, хариуцагчийг урьд өмнө тус хаягт оршин суудаг байсан тул арбитрт уг хаягийг өгсөн гэсэн боловч хэргийн баримтаар энэ нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч нь өөр аймагт оршин суудаг болох нь тогтоогддог.

Монголын олон улсын арбитр нь арбитрын ажиллагаа явуулахад туслан дэмжих, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг ба анхнаасаа зохигчийн байгуулсан гэрээнд хариуцагч Э.Т-ын оршин суух хаягийг тодорхой бичээгүй, мөн тус хаягаар шуудан хүргүүлэхэд удаа дараа буцсан байхад нэхэмжлэгч С.Б-аас хариуцагчийн оршин суух хаягийг дахин тодруулаагүй, түүнчлэн хариуцагчтай утсаар ярьсан гэх боловч холбогдох тэмдэглэл үйлдээгүй байсан учир Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг энэхүү арбитрын хэргийн талаар мэдэж байгаа гэж шууд магадлах /таамаглах/ байдлаар дүгнэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийг өөртэй нь холбоотой арбитрын ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдэж байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг арбитрын ажиллагаанд оролцохоос татгалзсан, эсхүл татгалзах эрхээсээ татгалзсан гэж үзэхэд учир дутагдалтай байсан.

Нэхэмжлэгч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь "...хариуцагч Э.Т-ыг өртэй болохыг хүлээн зөвшөөрч төлнө гэж бичиг өгсөн байсан...” гэсэн утгатай гомдол гаргажээ.

Гэтэл хэргийг шийдвэрлэж байгаа арбитр нь тухайн бичгийг хэрхэн үнэлэх нь шүүхийн хянах эрх хэмжээ биш, гагцхүү процессын шударга байдлын хүрээнд талууд арбитрын ажиллагаанд оролцох боломж, бололцоотой байсан эсэхийг шүүх Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.1.6-д заасан хүрээгээр хязгаарлаж хянасан.

Нөгөө талаар хариуцагч Э.Т нь арбитрын шийдвэрийг хэнээс, хэрхэн яаж мэдсэнийг мөн адил арбитрын ажиллагаа явагдаж байсан болохыг мэдэж байсан гэж таамаглах байдлаар түүнийг арбитрын ажиллагаанд оролцохоос зориуд зайлсхийсэн гэж дүгнэх боломжгүй тул мэдсэн өдрөөс хойш гомдол гаргах хугацааг тоолж байгааг шууд буруу гэж хэлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Арбитрын тухай хуульд тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодорхойлж өгөх үүрэгтэй. Гэхдээ арбитр нь хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох бүрэн эрхгүй тул нэхэмжлэгч нь илүү хариуцлагатай хандах ёстой.

Хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин сууж байгаа /түр оршин суугаагүй, байнга оршин сууж байгаагүй, бүртгэлтэй биш/-гүй болох нь тогтоогдсон учир шүүх хариуцагчийн арбитрын ажиллагаанд оролцох эрх зөрчигдсөн байна гэж үзсэн.

Миний бие арбитраас тухайн хэрэгтэй холбоотой баримтууд ирсний дараагаар нэмэлт тайлбар өгөх болно. Иймд, дээр дурдсан үндэслэлээр холбогдох гомдол болон захирамжийг эс зөвшөөрч байх тул Та бүхэн сахилгын хэрэг үүсгэсэн захирамжаа эргэн харж хүчингүй болгож өгнө үү” гэсэн.

 

Шүүгч Б.Мандалбаяр 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:

“... Хэдийгээр Шүүхийн сахилгын хорооны гишүүний нотлох дүгнэлтэд нэхэмжлэгч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын өргөдөлд дурдсан “...арбитрын шийдвэр гараад 66 хоног өнгөрсөн байхад шүүгч Б.Мандалбаяр нь хариуцагч Э.Т-ын гомдлыг хүлээн авч, арбитрын шийдвэрийг хүчингүй болгосон...” гэх агуулгатай гомдлыг судлаад шүүгч намайг зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн байгаа ч арбитрын ажиллагааны оролцогч талын эргэлзээг тайлах зорилгоор нэмэлт тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Монголын Олон улсын Арбитрын Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.8, 2.1.16-д тус тус зааснаар баримт бичиг, мэдэгдэл хүлээн авахаар талуудаас мэдэгдсэн хаягийг “арбитрын ажиллагаанд мэдэгдсэн хаяг” гэж тодорхойлсон.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Э.Т-ын оршин суух хаягийг “... аймаг, .... сум...” гэж, мөн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2 дугаар микрорайон, ..... тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон боловч хариуцагч нь уг хаягт оршин сууж /бүртгэлтэй биш, байнга оршин суудаггүй/ байгаагүй. Мөн энэхүү хаягийг талуудын байгуулсан гэрээ болоод бусад баримт бичигт огт дурдаагүй байсан.

Монголын Олон улсын Арбитр нь Арбитрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.6-т тус тус зааснаар бичиг баримтыг гардуулах бус, харин хүргэх зарчмыг баримталдаг бөгөөд тийнхүү хүргэхдээ дээрх дүрмийн 3 дугаар зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой.

Гэвч хэргийн баримтаар Монголын Олон улсын Арбитр нь нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэл, хожим шаардлагаа тодруулсан болон бусад арбитрын ажиллагааны талаар хариуцагч Э.Т-д зохих ёсоор мэдэгдээгүй буюу бичиг баримтыг зохих ёсоор хүргүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тодруулбал, баримт бичгийг арбитрын талуудад, аль эсхүл тэдгээрийн төлөөлөгчид хүргүүлэхдээ бодитоор мэдэгдэх /мэдэх/ боломжтой талуудын “хяналт, нөлөөллийн хүрээ”-нд багтах орчинд хүргүүлсэн байх шаардлага тавигддаг.

Арбитрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5-д тус тус зааснаар нэхэмжлэлийг хариуцагч нь хүлээн авсан өдрөөс арбитрын ажиллагаа эхэлж, улмаар талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж бүрддэг бөгөөд аль нэг тал арбитрын ажиллагаанд оролцохоос татгалзсан нь арбитрын ажиллагааг үргэлжлүүлэн явуулахгүй байх үндэслэл болохгүй.

Гэтэл нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлийг, түүнчлэн арбитрын ажиллагааны баримт бичгийг хариуцагч Э.Т-ыг хүлээн авсан гэж, эсхүл хүлээн авсанд тооцож болох илэрхий нөхцөл байдал тогтоогдохгүй байсан тул хариуцагчийг өөрт нь холбогдуулан арбитрын ажиллагаа явагдаж байгааг мэдэж байгаа, эсхүл мэдэх боломжтой байсан гэж таамаглан буруутгах боломжгүй юм.

Талууд, эсхүл тэдгээрийн төлөөлөгч нар арбитрын ажиллагаанд тэгш эрхтэй оролцох бөгөөд өөрсдийн байр суурийг илэрхийлэх, мэтгэлцэх боломжоор бүрэн хангагдах учиртай. Энэ талаар Арбитрын тухай хууль болон Хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд тодорхой заажээ.

Арбитрын тухай хуульд зааснаар арбитрын бүрэнд эрхэнд тухайн маргаан нь арбитрын харьяаллын маргаан мөн эсэх, талууд арбитрын хэлэлцээртэй эсэх, уг хэлэлцээр нь хүчин төгөлдөр эсэх, түүнчлэн аливаа нотлох баримтыг нотлох чадвартай, хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй болохыг тодорхойлох эрх тус тус хамаарна.

Тийм ч учир тус хуулийн 6 дугаар зүйлд арбитрын ажиллагаа дахь шүүхийн оролцоог хязгаарласан бөгөөд гагцхүү процессын шударга зарчим хэрэгжсэн эсэхтэй холбоотойгоор мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1.6-д заасан зөрчил илэрвэл шүүх арбитрын шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалттай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар аливаа иргэн, хуулийн этгээд шүүх /арбитр/-ийн үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, сонгогдох, сонсгох, мэдэгдэх, мэдүүлэх, ил тод ойлгомжтой ажиллагаанд оролцох гэх зэрэг эрхээр баталгаатай хангагдах үзэл баримтлалтай.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг маргаан бүхий мөнгийг өгнө гэж бичгээр зөвшөөрсөн өргөдөлд дурдсан нь процессын шударга байдлыг үл тоож алгасах, улмаар хариуцагч нь арбитрын үйл ажиллагаанд оролцохоос шууд татгалзсан зөвшөөрөл гэж дүгнэж болохгүй.

Иймээс дээрх үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/ШТ2026/.... тоот тогтоолоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ..... тоот шийдвэрийг хүчингүй болгосон болно.

Арбитрын хэргийг хүлээн авсан өдрөөс хойш 73 хоногийн дараа шийдвэрлэсэн шалтгааны тухайд,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасалбар болгосон 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар шүүгч Б.Мандалбаяр миний бие 16 хэргийн үлдэгдэлтэй байсан бөгөөд тухайн өдрөөс хойш 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 172 хэрэг илтгэж, шүүх хуралдааныг даргалж, 138 хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцжээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхлэхтэй холбоотойгоор анхан шатны шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан шийдвэрлээгүй хэргүүдийг тодорхой цаг хугацаанд олноор нь хянан шийдвэрлэснээр 2025 онд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ачаалал өмнөх онуудыг бодвол харьцангуй өссөн.

Мөн би, 2025 оны 5 дугаар сард БНХАУ руу 14 хоногийн хугацаатай албан томилолтоор явсан бөгөөд уг хугацаанд хэрэг хуваарилах ажиллагаа зогсоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй учир надад хуваарилагдсан хэргийн тоо нэмэгдсэн байсан.

Түүнчлэн миний ээлжийн амралтын хоног бусад шүүгчдээс бага байдагтай холбоотойгоор жил бүр тодорхой хэмжээгээр хуваарилагдсан хэргийн тоо илүү байдаг.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан хэсгийн бүрэлдэхүүний тооноос хамаарч 1 шүүгч 7 дунджаар 3-аас 4 хэргийг илтгэн хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааныг товло зарладаг тул үүнээс олон тоогоор хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай байна.

Үүнээс гадна 2025 оны 06 дугаар сараас зарим шүүгч нар ээлжийн амралтаа эдэлсэнтэй холбоотойгоор миний бие 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ачааллын үед ажиллаад, ээлжийн амралтаа эдлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 41 хэрэг үлдсэн.

Тодруулбал, энэ үед тус шүүхэд 12 шүүгч ажилласан байсан бөгөөд шүүгч нарын ээлжийн амралт дуусаагүй байсан учир ажиллаж буй үлдсэн цөөхөн шүүгч нар 7 хоногт 1-2 удаа шүүх хуралдаан зарлаж, хэрэг шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүхээс ирсэн давж заалдах гомдол их байсан тул амрахаас урьд өмнө хуваарилагдсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх дуусгах боломжгүй нөхцөл байдалтай байсан.

Мөн 2025 оны 08 дугаар сард шинээр томилогдож ирсэн шүүгч нарт ажиллагаанд байгаа /хуучин хэрэг/ хэргийг хуваарилаагүй бөгөөд миний ээлжийн амралтын хугацаа 20252 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дууссан ба дотоод журмын дагуу үүнээс 14 хоногийн өмнө буюу 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс надад хэрэг хуваарилж эхэлсэн.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл шүүгч би 2025 онд 16 хэргийн үлдэгдэлтэй, оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэмж 179 хэрэг хүлээж авч, нийт 195 хэргээс 174 хэргийг хянан шийдвэрлэснээс гадна 145 шүүх хуралдааныг даргалж, 138 хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцсон байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 208 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн зохист ачааллыг 1 жилд 95 хэрэг маргаан байхаар тогтоосон байгааг үүгээр дурдаж байна.

Шүүгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн тоо их /ачаалал байгаатай холбоотойгоор хэргийг ирсэн дарааллын дагуу хянан шийдвэрлэхээр товлон зарладаг. Үүнтэй холбоотойгоор миний бие 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилд орж ирэхдээ ээлжийн амралт эдлэхээс өмнөх хугацаанд хүлээж авсан 41 хэргийг хянан шийдвэрлэж дуусаад ээлжийн амралтын хугацаа дууссанаас хойш хуваарилагдсан хэргүүдийг ирсэн дарааллын дагуу товлон зарлаад 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С.Б-гийн нэхэмжлэлтэй Э.Т-д холбогдох арбитрын хэргийг хариуцагчийн гаргасан өргөдлөөр хянан хэлэлцсэн болно.

Би энэхүү тайлбарын хавсралтаар С.Б-гийн нэхэмжлэлтэй Э.Т-д холбогдох арбитрын хэргийг хүлээн авсан өдрөөс хойш 73 хоногийн дараа шийдвэрлэсэн шалтгаан нь объектив нөхцөл байдлын улмаас бий болсон гэдгийг нотлохоор холбогдох тоон мэдээ мэдээлэл, шүүх хуралдаан товлон зарласан зар, өдөр, хэргийн тоо, тус шүүхийн дотоод журам, хэргийн ачааллын судалгаа гэх зэргийг өгч байна. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нотлох дүгнэлт болон сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Э-ын өргөдлөөр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаярт үүсгэсэн сахилгын хэргийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт”-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Өргөдөлд “... шүүх хугацаа алдаж гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн ... гомдлыг хүлээж авахгүй, эсхүл хангахгүй орхих, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан ...” гэсэн.

Хариуцагч Э.Т арбитрын ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдээгүй, оролцох боломжоор хангаагүй, шийдвэрийг гардаж аваагүй гэсэн агуулгаар арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1602-1604 дүгээр зүйлд арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаанд, түүнчлэн давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан 15 дугаар бүлэгт, давж заалдах гомдол, өргөдлийг давж заалдах шатны шүүх хэрхэн хүлээн авах, арбитрын шийдвэр гарсан хугацаанаас хойш өргөдөл гаргаж буй хугацаанд тооцох эрх хэмжээг олгоогүй тул хугацаа алдаж гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн гэх өргөдлөөр шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/ЕШ/2025/...... дүгээр захирамжаар, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Гэрэлтуяа, бүрэлдэхүүнд шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарыг томилсон шийдвэрийг албажуулсан.

Тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/ШТ2026/..... дугаартай тогтоолоор “... Хариуцагч нь арбитрын ажиллагаа явагдаж байгаа болохыг мэдэх боломжгүй байсан тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас олгохоос татгалзсан 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжтай танилцаад арбитрын шийдвэрийн талаар мэдсэн гэсэн тайлбарыг үгүйсгэх баримтгүй тул хариуцагчийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд өргөдөл гаргасныг буруутгахгүй ...” гэж дүгнэн арбитрын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1604 дүгээр зүйлийн 1604.1 дэх хэсэгт “Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэж арбитрын үндсэн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох тухай тогтоол гаргана” гэж зааснаар арбитрын шийдвэрийг хүчингүй болгох нь давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгогдсон бүрэн эрх байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлж, хуулийн дагуу шүүх бүрэлдэхүүнээр шийдвэр гаргасан байхад бүрэлдэхүүний нэг шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

  

          2. “... хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ... тайлбар хэлж байхад ... илтгэгч шүүгч Б.Мандалбаяр шууд зогсоогоод давтаж ярилаа гэж загнаад яриулахгүй байсан ...” гэжээ.

Хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 0:06:39-0:14:44 дэх хоромд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлж байхад 0:14:43-0:14:46 дахь хоромд илтгэгч шүүгч “таных давхцаад байна, болсон” гээд яриаг нь тасалсан болох нь тусгагдсан байна. /сх-ийн 62-66 дахь тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 8 минут орчим хугацаанд тайлбар хэлсэн, шүүгч Б.Мандалбаяр нь “таных давхцаад байна, болсон” гэж хэлэхдээ хэргийн оролцогч руу дуугаа өндөрсгөсөн, загнаж, зандарч харьцаагүй байх тул шүүгчийг “хэргийн оролцогчийг загнасан, тайлбар хэлэх боломжийг нь хязгаарласан” гэж үзэхгүй.

         

3. Нэхэмжлэгч С.Б, Э.Т-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 480.428.421 төгрөг гаргуулах тухай” 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийг арбитр нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ..... тоот шийдвэрээр, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Э.Т-ын, арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах өргөдөл 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгч Б.Мандалбаярт хуваарилагдсан нь “Арбитрын хэрэг хуваарилсан бүртгэл №19”-ээр тогтоогдоно. /сх-ийн 69-70 дахь тал/

Илтгэгч гишүүн “... шүүгч Б.Мандалбаяр нь арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээн авсан 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх буюу 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хүртэл нийт 73 хоног буюу 2 сар 13 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ... хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн ...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1603 дугаар зүйлд арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах өргөдлийг хянан хэлэлцэх журмыг,  1603.1-д “Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 1603.2-т “Шүүх арбитрын хэлэлцээрийн талуудын хүсэлтээр арбитрын хэргийг энэ хуульд заасан журмаар гаргуулан авч болно”, 1603.3-т “Шүүх хуралдаан болох огноо, цаг, газрыг арбитрын маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ. Уг мэдэгдлийг хүлээн авсан этгээд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй”, 1603.4-т “Шүүх Арбитрын тухай хуулийн 47.2-т заасан арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг талуудын өргөдлийн шаардлага болон татгалзлаа үндэслэж байгаа, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэх замаар тогтооно” гэжээ.

Дээрхээс үзвэл арбитрын хэргийг гаргуулан авахаас өөр ажиллагаа хийх талаар нарийвчлан заагаагүй ч шүүх өргөдлийг хүлээн авсны дараа талуудад эрх, үүрэг тайлбарлан, нэхэмжлэгч талд өргөдлийг гардуулж, хариу тайлбар гаргасан 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс тооцвол 22 хоног хэтрүүлсэн гэж үзэхээр байх боловч хуульд энэхүү ажиллагааны талаар зохицуулаагүй тул хугацааг тухайн өдрөөс эхлэн тооцох үндэслэлгүй байна.

Харин 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1603 дугаар зүйлийн 1603.1-д заасан хянан шийдвэрлэх 30 хоногийг тооцвол, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд хянан шийдвэрлэсэн байх ёстой байтал хугацааг 42 хоногоор хэтрүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогдоно.

Холбогдох шүүгч нь 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тайлбартаа “... арбитраас тухайн хэрэгтэй холбоотой баримтууд ирсний дараагаар нэмэлт тайлбар өгөх болно ...” гэсэн, сахилгын хорооны хуралдаан товлогдсоны дараа “... нэг өдрийн дотор хэрэг болон нотлох дүгнэлтийг танилцуулах, хурлаар хэлэлцүүлэх ажиллагааг хийснээр шүүгч надад … нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгоогүй …” гэж хүсэлт гаргасан тул хуралдааныг хойшлуулсан, ачаалал буюу тус шүүхийн 2025 онд шийдвэрлэсэн хэргийн талаарх нотлох баримтуудыг сахилгын хорооны хуралдаанд гаргаж өгсөн.

Гэхдээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх заалтад “өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж зааснаар сахилгын хэргийн оролцогч аль ч үед хэрэгтэй танилцах, нотлох баримт гаргаж өгөх нь шүүгчид хуулиар олгосон эрх болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан баримтад, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл шүүх таслах ажиллагааны ачааллын мэдээ /17 хуудас/, зөвлөгөөний тогтоол /16 хуудас/, шүүгчийн туслахын ажил хүлээлцсэн акт /4 хуудас/, системээс авсан хэргийн жагсаалт /10 хуудас/, шүүх хуралдааны зар /69 хуудас/, шүүгч нарын ээлжийн амралтын хуваарь /7 хуудас/, хэрэг хуваарилах 2023 оны болон 2024 оны журам /11 хуудас/, илтгэсэн хэргийн шүүх бүрэлдэхүүн, даргалагч томилох хуваарь /1 хуудас/, Шүүхийн тамгын газрын иргэний хэргийн мэдээлэл /2 хуудас/ байсан болно. /сх-ийн 94-208, 226-246 дахь тал/

Шүүхийн тамгын газрын иргэний хэргийн мэдээгээр, шүүгчид 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 32 иргэний хэрэг хуваарилагдсан, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 66 хурал товлосон, 61 хэрэг илтгэсэн, 39 шүүх хуралдаан даргалсан, 37 шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон байна.

Шүүгч нь ачаалалтай байсан, хэргийг ирсэн дарааллаар нь тов тогтоодог, тодруулбал, “... хэрэг хянан шийдвэрлэх талуудын эрх тэгш байх зарчмыг баримталсан … Хэрэв аль нэг хурлыг урд нь оруулбал талуудын эрх тэгш байх зарчим зөрчигдөнө ...” гэж тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа шүүгч хуульд заасан хугацаанд шүүх хуралдааныг товлох, эсхүл хугацаа хэтрэх нөхцөл байдал үүсэж байгаа бол хуульд заасан арга хэмжээг авах боломж байсан гэж үзэхээр байх тул тус шүүхийн ачаалалтай байдал зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1603.1 дэх хэсгийн “Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэх заалт нь хэнд ч ойлгомжтой, илт тодорхой заалт байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч Б.Мандалбаяр нь арбитрын хэргийг шийдвэрлэх хугацааг 42 хоногоор хэтрүүлж хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн нөхцөл байдал бий болоогүй тул уг зөрчлийг “ноцтой” гэж үзэхгүй.

Хуулийн илт тодорхой заалтыг 3 ба түүнээс дээш удаа зөрчих нь “удаа дараа” гэж ойлгогдох ба шүүгч Б.Мандалбаярын дээрх үйлдэл нь илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн нэг удаагийн зөрчил тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэхдээ энэхүү нэг удаагийн зөрчил нь дахин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан зөрчлийг “удаа дараа” гэх үндэслэлээр гаргасан тохиолдолд тооцогдох болно гэдгийг дурдаж байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Илтгэгч гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ГНД/2026/0020 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаярт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Ц.ДАВХАРБАЯР

 

                                    ГИШҮҮД                                          Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

                                                                                                Г.ЦАГААНЦООЖ