
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-06-25
Дугаар 89
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нарансолонго, ажиглагчаар өргөдөл гаргагч “И” ХХК-ийн захирал В.К-ыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2026/0071 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...Сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар .../2025/42492/и индексийн дугаартай Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, “И” ХХК-д холбогдох иргэний хэрэгт авагдсан баримт, 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэг зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Ж.Б-ээс “И” ХХК-д холбогдуулан “хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөнд 3,645,956 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .../ШЗ2025/*** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн .../ШШ2026/*** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба шийдвэрийг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр талуудад гардуулсан байна.
Маргаан бүхий иргэний хэргийн нэхэмжлэгчээс 2026 оны 04 дүгээр сарын 08-нд шүүхэд “...хариуцагчийн төлөөлөгч шүүхийн туслах дээр ирж уулзан байгууллагын баримт бичгээ бүрдүүлж ирнэ гээд дахин ирэхгүй байх тул захирал В.К-ыг албадан ирүүлэх, харилцах банкны дансыг түр хаалгах” гэх хүсэлтийг,
- хариуцагчаас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариу тайлбар, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “нэхэмжлэлийн тайлбарын нотлох баримтад хамаарах 10, 11 сарын байгууллагын камерын бичлэг болон нөүтбүүкийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны вайбар болон 11 сарын 26-ны өдрүүдийн мэссэнжэр, ажлын чатны үзлэгийг хийлгэх хүсэлтийг хангаж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлжээ.
Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.Кульдана томилогдсоныг Ерөнхий шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн .../ЕШ2026/*** дугаар захирамжаар албажуулж, шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн .../ШЗ2026/*** дугаар захирамжаар 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг явуулахаар товлож, мөн өдөр шүүгчийн туслахаас товыг оролцогчдод мэдэгдсэн байна.
2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар оролцогчдоос шүүхэд гаргасан хүсэлтийг хэлэлцэж, шүүгчийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” .../ШЗ2026/41155 дугаар захирамжид ““нэхэмжлэгч “данс битүүмжлэх, хариуцагчийг албадан ирүүлэх” тухай хүсэлтээсээ татгалзсан, хариуцагч “ажлын газрын камерын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байгаа боловч цаг бүртгэлийн баримтыг хэрэгт өгсөн тул хүсэлтээсээ татгалзсан” гэж дурдан, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан “цалингийн талаар хоорондоо утсаар харилцсан зурваст үзлэг хийлгэх” хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Улмаар нэхэмжлэгч, хариуцагч нарын дугаар бүхий гар утсан дахь вайбарт нэвтэрч, үзлэг хийжээ. Үзлэгийг хийхэд нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.К нар оролцож, хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан явуулсан, холбогдох шүүгч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Үзлэгтэй холбоотой тусгайлан хэлэх санал байна уу гэхэд “Байхгүй” гэж хариулсан нь 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Үзлэгийн тэмдэглэл”-ийн баримтаар тогтоогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан. Шийдвэрлэнэ гэдэг нь хүсэлтийг хангах тухай шүүгчид үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд хүсэлтийн агуулгаас хамаарч, хэрэгт ач холбогдолтой эсэх, тухайн ажиллагааг хэргийн оролцогч өөрөө хийх боломжтой эсэх, эсвэл шүүх хийх шаардлагатай эсэхэд шүүгч үнэлэлт, дүгнэлт өгөх тухай гэж ойлгоно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигч талуудын оролцоонд тулгуурлан явагддаг тул шүүх оролцогчдын тайлбар, санал, үндэслэлийг сонсож, улмаар хөндлөнгийн байр сууринаас шийдвэрлэхээр хуульд заасан. Шүүх хуралдаан даргалагч шүүгч хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийн талаар асуусан байх ба хэргийн оролцогч шүүхэд гаргах хүсэлт, баримт нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай баримт байх талаар тайлбарласан үйл баримтыг шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Учир нь хэргийн оролцогчдын санал болгож буй баримт нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай зүйл байх ёстой бөгөөд эдгээр баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрх хэмжээг шүүгч эдэлдэг.
Иймд холбогдох шүүгч тайлбартаа “хэргийг шийдвэрлэхэд талуудыг эрх тэгш оролцуулж, хүсэлтийг хэргийг шийдвэрлэхэд хамааралтай нөхцөл байдлыг тодруулж шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа болно.” гэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “шүүгчийг татгалзан гаргах хүсэлт” гаргасан тул хүсэлтийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгчийн .../ШЗ2026/*** дугаар захирамжаар шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн .../ЕШ/2026/*** дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсоныг дурдав.
Дээрхийг нэгтгэвэл, холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчөөгүй байх тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульданад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“И” ХХК-ийн захирал В.К-ны гаргасан өргөдлөөр Сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГЗҮ/2026/0062 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульданад холбогдуулан шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтуудаас үзвэл, Ж.Б-ээс “И” ХХК-д холбогдуулан 3,645,956 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Ж.Кульдана хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .../ШЗ2025/87175 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай журмаар хянан шийдвэрлэхээр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн .../ШШ2026/14080 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Өргөдөл гаргагчаас “...2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд тэгш эрхийн зарчмыг алдагдуулж, ялгаварлан гадуурхсан, ...шүүгчээс татгалзахад хүргэсэн, ... хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангалгүй хэт нэг талыг барьсан” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагчийн төлөөлөгчөөс 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “...байгууллагын камерын бичлэг, вайбэр төхөөрөмж ашиглан харилцсан зурвас, ажлын чатад үзлэг хийлгэх” хүсэлтийг бичгээр гаргасан нь хэрэгт авагдсан байна.
Тус өдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэлэлцэж, .../ШЗ2026/41155 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн төлөөлөгч нь байгуулагын камерын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж, нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ. Улмаар мөн өдөр хэргийн оролцогч нарыг байлцуулан нэхэмжлэгч Ж.Б-ийн ... дугаар утсанд бүртгэлтэй вайбер төхөөрөмж ашиглан хариуцагчийн төлөөлөгчтэй харилцсан зурваст үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байна.
Шалгах ажиллагааны явцад, илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлсэн байх ба хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч “И” ХХК-ийн төлөөлөгч В.К-ийн нар биечлэн оролцож шүүхэд гаргасан хүсэлтээ тайлбарласан болох нь бичигджээ.
Бичлэгийн 06:44 минутаас, Даргалагчаас: Хүсэлтээ ярина уу гэхэд
Хариуцагчийн төлөөлөгч: Нэхэмжлэгч ажилдаа цагтаа ирдэггүй. Нэхэмжлэгч алдаатай ажил хийсэн. Нэхэмжлэгч ажилдаа цагтаа ирж байсан гэж надаас мөнгө нэхэмжилж байгаа. Түүнийг хянуулахаар ажлын газрын камерт үзлэг хийлгэх хүсэлт байгаа гэв.
Даргалагчаас: Түүгээр юуг тогтоох билээ. Энэ хүн ажилдаа ирж байсан үгүйг тогтоох гэж байгаа юм уу гэхэд
Хариуцагчийн төлөөлөгч: Тийн гэв.
Даргалагчаас: Танайд цаасаар бичиж тэмдэглэдэг юм байдаггүй юм уу
Хариуцагчийн төлөөлөгч: Байгаа
Даргалагчаас: Тэр камераа өөрсдөө бичээд энэ тэдэн цагт ирлээ, явлаа гээд бүртгэдэггүй юм уу. Нэг байгууллагын бүх камерыг хараад хийх ажилгүй юм шиг тэдэн цагт ирж байна, явж байна гээд байж байх зав байхгүй. Өөрсдөө цаасан дээрээ бичээд тэдэн цагт ирлээ, явлаа гээд байгууллагууд баримтжуулаад байдаг биз дээ. Одоо манайх гэхэд жишээлбэл хуруугаа уншуулаад бүртгэдэг гэхэд
Хариуцагчийн төлөөлөгч: Тэр хүснэгтээ өгчихсөн гэв.
Даргалагчаас: Тэр хүснэгтээ өгчихсөн юм бол заавал үзлэг хийлгэх хэрэг байгаа юм уу гэхэд
Хариуцагчийн төлөөлөгч: Толгой дохиж үг хэлэв /сонсогдохгүй байна/
Даргалагчаас: Хүснэгтээрээ явчих юм уу гэхэд
Хариуцагчийн төлөөлөгч: Тийн гэв
Даргалагчаас: За тэгвэл хүсэлт гаргаагүй гэж үзэх юм уу гэхэд
Хариуцагчийн төлөөлөгч толгой дохиж буй дүрс бичигджээ.
Дээрх дуу-дүрсний бичлэгээс үзвэл, даргалагчаас хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ гаргасан хүсэлттэй нь холбоотой асуулт асууж, хариулт авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. Тус шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь байгууллагын камерын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзаж байгаагаа үйлдлээрээ илэрхийлсэн байх ба шүүгчээс хариуцагчийг ялгаварлан гадуурхсан, тэгш эрхийн зарчмыг хөндсөн үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь дээрх 3 хүсэлтээс зөвхөн байгууллагын камерын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан байх ба цагийн бүртгэлийн хүснэгтийг цаасаар өгсөн учир уг хүсэлтээсээ татгалзаж байгааг асуухад тийм гэж хариулжээ. Иймд шүүгч уг хүсэлтээсээ татгалзсан болохыг шүүгчийн захирамжид дурдаж, хуралдаанаар хэлэлцээгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч нь уг үзлэг хийлгэх хүсэлттэй холбоотой камерын бичлэгийг тус хуралдаанд гаргаж өгөөгүй талаар шүүгч тайлбарлажээ.
Тус өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн вайбэр төхөөрөмж ашиглан харилцсан зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаар гаргасан хүсэлт мөн хангагдсан байна.
Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ажлын чатад үзлэг хийлгэх хүсэлтийг шүүгч тухайлан шийдвэрлээгүй байх боловч тэрээр шүүх хуралдаанд уг хүсэлтээ дэмжиж оролцоогүй, дахин гаргаагүй зэрэг байдлыг харгалзан үзэж шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй. Уг үзлэг хийлгэхтэй холбоотой баримтыг хариуцагч тал өөрөө гаргаж өгөх боломжтой байжээ.
Нөгөө талаар, хариуцагч талаас гаргасан хүсэлтийг шүүгч шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл энэ талаарх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.
Хариуцагчийн төлөөлөгч нь “...байгууллын камерын бичлэг үзлэг хийлгэх хүсэлтийг шүүгч татгалзаж, нэхэмжлэгчийн зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь нэг талыг баримталсан” үндэслэлээр шүүгч Ж.Кульданаг татгалзан гарах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн .../ЕШ2026/0*** дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй” гэж үзэж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлсэн байх тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2026/0071 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, “И” ХХК-ийн захирал В.К-ны өргөдлөөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульданад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР