info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-07-06

Дугаар 96

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

             Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нарансолонгыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ГС/2026/0077 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Илтгэгч гишүүн саналдаа: “...“К Э Б С” ХХК-наас  Ц.Г-д холбогдуулан гаргасан “түрээсийн гэрээний дагуу төлбөр шилжүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлээр, шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн .../ШШ2025/4*** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч гардан авсан байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдан, 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг товлож, хэргийг хэлэлцэн, шүүхийн .../ШШ2026/0*** дугаар шийдвэрээр “хариуцагч Ц.Г-аас 71,403,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К Э Б С” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 31,513,824.63 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нээхмжлэлээс 791,500 төгрөгийг ханган үндсэн нэхэмжлэлийн шаардалагад харилцан тооцсон болохыг дурдаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.   

Шүүгч Б.Баярмаагаас тус хороонд ирүүлсэн тайлбартаа маргаан бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэнээс 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 6 долоо хоногийн хугацаанд 75 шүүхийн шийдвэр, 5 шүүхийн тогтоол, 281 шүүгчийн захирамж, 24 гүйцэтгэх хуудас, 123 албан бичиг гаргасан, хүсэлт шийдвэрлэх, гэрч асуух зэрэг ажиллагаа явуулсан гадна 3 удаа шүүгчдийн Зөвлөгөөнд оролцсон, шүүх хуралдааны бүрэлдэхүүнд ажилласанаас гадна 05 дугаар сарын 04-нөөс 11-ний өдрийн хооронд эрүүл  мэндийн шалтгааны улмаас рашаан сувилалд эмчлүүлсэн болохоо дурдаж, баримтууд хавсарган ирүүлжээ.

Хэдийгээр холбогдох шүүгчийн тайлбартаа хавсарган ирүүлсэн гар утасны зурвас, албаны дотоод сүлжээний харилцаа зэрэг хуулбар баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч, шүүгч  2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн .../ШШ2026/04711 дугаар шийдвэрийг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр албажуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул дурдсан хуулбар баримтуудад дүгнэлт өгөхгүй байх боломжтой гэж үзэв. Тус шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/1676 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт дурдсанаас үзвэл холбогдох шүүгч Б.Баярмаа нь 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 67 нэхэмжлэл, 6 хүсэлт, давж заалдах, хяналтын шатны шүүхэд гаргасан 7 гомдол хүлээн авч, 114 шүүх хуралдаан товлон хуралдуулсан, захирамж 268, шүүхийн шийдвэр 54, шүүхийн тогтоолын 5 дугаар авсан байх ба 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 175 хэрэг, нэхэмжлэлийн үлдэгдэлтэй байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд шийдвэрийг танилцуулах, гардуулах талаар зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 119.2.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно, 119.3.Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан байна. Маргаан бүхий иргэний хэргийн .../ШШ2026/0*** дугаар шийдвэр 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр албажиж, талуудад 06 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан нь 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн “Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан Баримт №11, 06 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн Баримт №11, Шийдвэрийг цахим хуудаст байршуулахыг мэдэгдэх Баримт №12 гэх сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба холбогдох шүүгч 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрийг 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор албажуулж, хүргүүлэх байсан боловч хуульд заасан хугацаанаас 21 хоног хэтрүүлжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, холбогдох шүүгч ачаалалтай ажиллаж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байх бөгөөд шүүхийн шийдвэрийг хуульд  заасан хугацаанаас 21 хоногоор хэтрүүлж албажуулсан нь зөвхөн шүүгчээс шууд шалтгаалсан гэж үзэхээргүй байх зэргээр сахилгын зөрчилд тооцох урьдач нөхцөл хангагдаагүй байна.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26.шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих гэжээ. Энэ хугацаа иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бичгээр гаргах 14 хоногийн хугацаа дууссанаас хойш тоологдох бөгөөд түүнээс хойш дээрх хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хуульд нэрлэн заасан сахилгын зөрчилд хамаарна гэж ойлгох бөгөөд тухайн тохиолдол бүрд хэргийн нөхцөл байдал, үр дагавар зэрэг холбогдох бүхий л үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хуульд заасан сахилгын зөрчилд тооцогдох эсэх талаар шийдвэрлэх ёстой.

Дээрхийг нэгтгэвэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасныг зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

            Сахилгын хэрэгт цугласан баримтаар, “К Э Б С” ХХК-ийн нэхэмжлэлтэй  Ц.Г-д холбогдох Түрээсийн гэрээний үүрэг, хохиролд 102,916,825.64 төгрөг гаргуулах тухай үндсэн, түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, хохиролд 10,791,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүгч Б.Баярмаа хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн .../ШШ2026/*** дугаар шийдвэрээр “хариуцагч Ц.Г-аас 71,403,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К Э Б С” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 31,513,824.63 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 791,500 төгрөгийг ханган үндсэн нэхэмжлэлийн шаардалагад харилцан тооцсон болохыг дурдаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. Тус шийдвэрийг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр албажуулж, хэргийн оролцогчид гардуулсан болох нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдож байна.  

            Өргөдөл гаргагчаас шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд албажуулж гаргаагүй гэх үндэслэлээр өргөдөл гаргажээ.

            Шүүхийн шийдвэрийг албажуулж гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж хуульчилсан.

            Дээрх хуульд зааснаар холбогдох шүүгч 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг 14 хоногийн дотор буюу 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор албажуулж гаргах ёстой байсан боловч 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр албажуулж хуульд заасан хугацаааг 21 хоногоор хэтрүүлсэн байна.

 

Шүүгч Б.Баярмаа нь 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 67 нэхэмжлэл, 6 хүсэлт, давж заалдах, хяналтын шатны шүүхэд гаргасан 7 гомдол хүлээн авч, 114 шүүх хуралдаан товлон хуралдуулсан, захирамж 268, шүүхийн шийдвэр 54, шүүхийн тогтоолын таван дугаар авсан байх ба 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 175 хэрэг, нэхэмжлэлийн үлдэгдэлтэй байгаа талаар тус шүүхийн Тамгын газрын 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/*** тоот албан бичигт дурдагджээ.

 

Шүүхийн шийдвэр албажуулж гаргах хугацааг 21 хоногоор хэтрүүлсэн нь дээр дурдсан хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай холбоотой гэж илтгэгч гишүүн саналдаа дурдсан нь үндэслэл бүхий болжээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн  бол сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.

 

Өргөдөлд дурдсан үндэслэл нь дээрх хуульд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ГС/2026/0077 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, өмгөөлөгч А.С-ийн өргөдлөөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч  болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

 

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.                          

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     С.ЭНХТӨР

 

                                    ГИШҮҮН                                          Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                                Д.Эрдэнэчулуун