info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-30

Дугаар 93

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Б.Эрдэнэмөнх /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнхөд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2026/0074 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“ ...Д.Б-с Д.О-т холбогдуулан “36,375,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэнд, шүүгч Б.Эрдэнэмөнх 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 149/ШЗ2023/*** дугаар шүүгчийн захирамжаар  “Д.Б-н нэхэмжлэлтэй Д.О-т холбогдох 36,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь хуульд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байх тул иргэний хэрэг үүсгэх нь зүйтэй” гэж дурдан иргэний хэрэг үүсгэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-с уг захирамжид өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасныг баримтлан, “үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг чөлөөлүүлэх, 36,375,000 төгрөг гаргуулах” хэмээн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 149/ШЗ2024/*** дугаар захирамжаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “захирамжид өөрчлөлт оруулах”,  2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “нотлох баримт гаргуулах, өмгөөлөгч оролцуулах, шүүх хуралдаанд цахимаар оролцох”, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “үзлэг хийлгэх, гэрч асуулгах, шүүх хуралдааныг хойшлуулах”, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “гэрч асуулгах, албадан ирүүлэх, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “хүсэлт шийдвэрлүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг  хариуцагч талаас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Б.У-н нэхэмжлэлтэй, Д.Б нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар хэргийг түдгэлзүүлэх,  2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “нэхэмжлэгч Д.Б-г шүүх хуралдаанд оролцуулах, сөрөг нэхэмжлэл гардуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч эсхүл түүний төлөөлөгч Э.Н оролцох эсэхийг тодруулах” зэрэг хүсэлтүүдийг гаргажээ.

Оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг шүүх холбогдох хуулийн заалтыг баримтлан тухай бүр шийдвэрлэсэн байх ба шүүгчийн захирамжид талуудаас гомдол гаргаагүй болох нь иргэний хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар талуудаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарахаар байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан баримтаар нэхэмжлэгч Д Б-н нэхэмжлэлтэй Д.О-т холбогдох иргэний хэргийн маргааны зүйл нь нэхэмжлэгч Б.У-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-т холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийг нураалгах буюу газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага” бүхий иргэний хэргийн объект нэг болох нь тогтоогдож байна гэж дүгнэн, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 149/ШЗ2024/*** дугаар захирамжаар хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг үндэслэл арилсан тухай шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааны тов тогтоох тухай” 149/ШЗ2025/*** дугаар захирамжаар сэргээжээ.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж, мөн зүйлийн 80.3 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах...” гэж тус тус заасанд нийцсэн байх ба хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Д.Б-с Д.О-т холбогдуулан гаргасан иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Б 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд уг маргаанд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхийг Э.Н-т итгэмжлэлээр олгож /с.х-ийн хавтас 1, тал 224/, мөн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Э.Н-т олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Н.М-г өөрийн өмгөөлөгчөөр оролцуулахаар гаргасан хүсэлт болон хүсэл зориг хэвээрээ байгаа бөгөөд процессын хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан шүүх хурлыг явуулж нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч тал ажиллагааны явцад маргаан бүхий асуудлаар эвлэрэх санал байгаа бол миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлж шийдвэрлүүлэх боломжтой болохыг дахин хэлэхийг хүсэж байна” гэх хүсэлт /с.х-ийн хавтас 2, тал 29/ шүүхэд ирүүлсэн нь иргэний хэрэгт баримтаар авагджээ.

Шүүгчийн  149/ШЗ2025/*** дугаар захирамжаар товлогдсон 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б нар оролцсон байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б-г оролцуулахтай холбоотойгоор талуудаас гаргасан санал, хүсэлт нь “mainfeed_dual_768.mp4” гэх нэршилтэй, 13 минут 43 секундийн хугацаатай шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт хадгалагдсан байна.:

Бичлэгийн 01:06 хоромд, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М-аас: “Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б гуайг оролцуулах хүсэлттэй байна. Багануур дүүрэгт байгаа сурагтай, холбогдож чаддаггүй. Охиноор нь дамжуулж хэлсэн. Багануураас хөдөө байгаа юм болов уу сүлжээ холбогдохгүй байх тул холбоо барьж чаддаггүй. Шүүх хуралдаанд Б гуайг оролцуулсны үндсэн дээр шүүх хуралдааныг хийж өгнө үү, биечлэн оролцох боломжийг хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэж,

01:41 хоромд, Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-с: “Нэхэмжлэгч өөрөө ирээгүй, түүний өмгөөлөгч өөрийг нь биечлэн оролцуулъя гэсэн хүсэлт гаргаж байгаа юм байна. Би сая хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгчид хурлын тов мэдэгдсэнийг баталгаажуулсан баримт харагдсангүй. Бидний зүгээс нэхэмжлэгчийг биечлэн байлцуулъя гэсэн санал, хүсэлттэй байна” гэжээ.

Ийнхүү зохигчдоос шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэж, шүүгчийн 149/ШЗ2025/*** дугаар захирамжаар шийдвэрлэж, товлогдсон 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М нар цахимаар, хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б нар биечлэн оролцсон байх ба нэхэмжлэгчийг оролцуулах талаар өмнөх шүүх хуралдаанд талуудаас гаргасан санал, хүсэлтийн талаар тодруулахад нэхэмжлэгч талаас дараах байдлаар хариулсан нь шүүх хуралдааны дуу-дүрсний 28 минут 30 секундийн, “mainfeed_dual_768_mp.4” нэршилтэй бичлэгт хадгалагдсан байна.

Бичлэгийн 04:30 хоромд, Даргалагч: Түрүүчийн хурал дээр М өмгөөлөгч нэхэмжлэгч болох Б-г шүүх хуралдаанд оролцуулъя гээд хүсэлт гаргаж байсан. Яасан юм бол. Манайх шүүх хуралдааны тов мэдэгдсэн байгаа,

04:52 хоромд, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М: Оролцуулъя гээгүй, тодруулъя гэсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах юм уу өөрөө оролцох юм уу. Энэ нөхцөл байдлыг тодруулъя гэж хүсэлт гаргасан. Б гуай өөрөө шүүхэд бичгээр хүсэлтээ өгчихсөн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараа оролцуулъя гээд,

05:11 хоромд, Даргалагч: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ээдрээтэй байдал гаргаад байна. Нэг болохоор итгэмжлэгдсэн төлөөлөгч яваад нэг бол нэхэмжлэгч өөрөө яваад байдаг. Тов хэнд нь мэдэгдэх вэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би орохоо больчихлоо гэдэг, татгалзчихсан гэдэг, нэхэмжлэгч би оролцоно гэдэг, шүүх хуралдаан болохоор оролцохоо больчхоод байдаг. Ийм нөхцөл байдал үүсээд байдаг. Цаашид анхаарна биз,

05:45 хоромд, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н: “Тиймээ. Хүсэлтээ шүүхэд бичгээр өгчихсөн байгаа,

08:09 хоромд, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн шүүх хурал зарлагдах 11 сарын өмнөх дээр шүү дээ. Зарлагдах үедээ Б гуай өөрийн биеэр оролцъё гэсэн юм. Би тэр агуулгаараа би оролцохгүй өөрөө оролцоно гэсэн. Бичгээр албан ёсоор татгалзсан ч юм уу нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аль аль нь шүүхэд баримт өгөөгүй. Тухайн шүүх хуралдаанд Б гуай оролцоно гэж байгаад би тэр байдлыг нь туслахад хэлээд тэгээд шүүх хуралдаан тухайн үед хойшлоод, тэрнээс хойш Б гуай ер нь би шүүхийн ажиллагаанд цаашдаа оролцохгүй, өөрөө оролцъё гэсэн боловч төвөгтэй юм байна. Туслахтай харилцахаас эхлээд төвөгтэй юм байна. Чи шүүх хуралдаанд оролц гэх байдлаар би оролцоод явж байгаа. Тэрнээс биш албан ёсоор аль аль нь татгалзчихсан гэсэн өөр нотлох баримт байхгүй. Тухайн шүүх хурал дээр л оролцохгүй гэдгээ илэрхийлээд туслахад хэлж байсан ийм л юм байгаа,

09:07 хоромд, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М: ...Б гуай өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Өнгөрсөн 7 хоногт шүүхэд өөрийн биеэр бичгээр хүсэлтээ өгсөн. Өөрөөр хэлбэл би өөрөө биечлэн оролцохгүй миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Нарангарав оролцоно өмгөөлөгч бас хамт оролцоно гээд. Энэ нь өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлсэн...,

10:00 хоромд, Даргалагч: Өнгөрсөн жил үзлэг хийхэд бас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах тов мэдэгдсэн. Гэтэл би оролцохоо больчихсон Б гуай өөрөө ороод явна гэсэн. Мөн шүүгчийн туслах миний хажууд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд би татгалзсан байгаа гэсэн тэрийг би сонсож байсан. Тийм учраас энэ асуудлыг яриад байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж байгаа бол тэрнийхээ дагуу оролцоод явах нь зөв байх. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгэнт тохиролцсон бол..., ... Хавтаст хэрэгт нэхэмжлэгч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзсан нотлох баримт байхгүй байгаа учир хуулийн хүчин төгөлдөр байна гэж шүүх дүгнэлээ..., ... Тодорхой бус хугацаагаар хойшлуулсан шалтгаан нь сөрөг нэхэмжлэлийг гардуулах цаашлаад нотлох баримт гаргах шаардлага гарах байх. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж, нэхэмжлэлийг гардаж авахыг анхааруулъя гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “За” гэж хариулжээ.

Дээрхээс үзвэл даргалагч, талуудаас өмнөх шүүх хуралдаанд гаргасан хүсэлтүүд, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримт зэргээр тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид нэхэмжлэгч өөрөө эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн оролцох талаар тодруулж, шүүхэд төлөөлөх үүргийг талуудад тайлбарласан байх ба үүнийг оролцогчид зөвшөөрсөн байна.

Маргаан бүхий иргэний хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанууд хэвийн явагдаж, талууд тайлбар хэлэх, мэтгэлцэх эрхээ тэгш эдэлж оролцсон байх ба шүүгч Б.Эрдэнэмөнх шүүх хуралдааныг даргалан явуулахдаа зохигчийн аль нэгэнд нь давуу байдал бий болгоогүй, бусад этгээдэд зохисгүй гэж ойлгогдохуйц үг, үйлдэл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө гаргаагүй нь тогтоогдож байна. 

Аливаа эрх зүйн харилцаа эрх, үүргийн нэгдлээс бүрддэг тул аль нэг хэсгийг нь орхигдуулахгүй байх шаардлагатай бөгөөд хэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахиж, шүүхээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Шүүгч итгэмжлэлээр эрх олгогдсон, нэхэмжлэгчийн өмнөөс шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй этгээд болох Э.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авах талаар шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарлахад  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ойлголоо” гэж хариулсан байна.

Гэтэл тус 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дараа нэхэмжлэгч болох Д.Б сөрөг нэхэмжлэлийг гардаж авахаар шүүхэд очсон байх бөгөөд тухайн үед үүссэн нөхцөл байдлын талаар өргөдөлдөө “бэр Г.А-ийн хамт шүүхэд очиход шүүгч Д.Эрдэнэмөнх болон түүний туслах элдвээр загнасан, нэхэмжлэлийг гардуулаагүй” гэснээс үзвэл, иргэний хэргийн нэхэмжлэгч болох Д.Б болон шүүгч Б.Эрдэнэмөнхийн хоорондох харилцан яриа шүүхийн байранд хөндлөнгийн бусад этгээдийн хажууд өрнөжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн Тамгын газрын үйлчилгээний танхим байрлах нэгдүгээр давхарт шилэн хана бүхий хэсэгт шүүхийн захиргааны албан хаагч нар ажилладаг байх ба тус давхрын баруун, зүүн талд байрлуулсан 2 ширхэг хяналтын камерт 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийг хүртэлх дүрсний бичлэг хадгалагдсан нь үзлэгээр тогтоогдсон.

Бичлэгийн талаар тус шүүхийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн Г.Б “камерын бичлэг нь 4 хоногийн хугацаатай хадгалдаг ба үүнээс хойших бичлэг араас нь дарагдаж бичдэг. Хяналтын камер нь зөвхөн дүрс бичих зориулалттай дуу бичдэггүй болно” гэх тайлбарыг өгсөн.

Холбогдох шүүгч тайлбартаа “... миний зүгээс Д.Б гуайг айлган сүрдүүлж, хэл амаар доромжилж, элдэв янзын үг хэллэг хэлсэн зүйлгүй бөгөөд миний бие захиргааны ажилчдынхаа хажуу зүй бус үйлдэл гаргаж иргэнийг элдвээр хэлж дайрч доромжлох үйлдэл хэрвээ гаргасан бол залуу хойч үедээ ямар муу үлгэр дуурайлал болох нь ойлгомжтой шүүгчийн ёс зүйд ч нийцэхгүй байх.

Энэ асуудал болох үед миний хажууд шүүгчийн туслах Э.Б, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.О, шүүгчийн туслах Г.М, шүүгчийн туслах Б.Б нар ажлаа хийгээд сууж байсан. Мөн Д.Б гуайтай хамт нэг эмэгтэй явж байсан тэр эмэгтэй бидний яриаг чагнаад зогсож байсан бөгөөд энэ асуудал 2-3 минут орчим л болсон бөгөөд би туслахдаа ирэх 7 хоногт товлох хурлаа хэлж өгчхөөд буцаад өрөөндөө орсон. Түүнээс гомдолд дурдсан шиг гэнэт хоёр давхраас бууж ирээд Д.Б гуайг загнаж хэл амаар доромжилж айлган сүрдүүлсэн зүйлгүй болно.” гэжээ.

Шүүгчийн туслах Г.М гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Манай шүүхээр байнга л хүн орж гарч, нэхэмжлэл гардуулах ажиллагаа явагддаг. Бусад туслахын ажиллагаатай холбоотой үйлдлийг нээх анзаардаггүй. Маргаан болох ч гэх юм уу содон үйлдэл болбол анзаарах байх. Б-тэй яг зэрэгцэж суудаг болохоор маргаан гэх зүйл болбол надад сонсогдох байсан. Тийм зүйл болоогүй, ... шүүгч Эрдэнэмөнх иргэнтэй маргасан, эвгүй харилцсан үйлдэл гаргасан гэх зүйл огт болоогүй, ... Шүүгчийн туслахууд зэрэгцээд шилэн тасалгаанд суудаг бөгөөд зааланд олон оролцогч ирсэн тохиолдолд чанга ярихгүй бол шилний цаана байгаа хүнд сайн сонсогддоггүй.” гэж ,

Шүүгчийн туслах Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Нэг давхрын үйлчилгээний төв буюу 106 тоотод 5 уулаа суудаг. О, Б, М, би, Б нар суудаг. Яг зэрэгцээ сууж байгаа болохоор яриа нь сайн сонсогддог, харин шилний цаана ярьж байгаа хүмүүсийн яриа сул сонсогддог., ... Хэрэв маргаан болбол анзаарна., ...шүүгч Б.Эрдэнэмөнх төлөв даруу, үлгэр жишээч хүн. Шүүгч хүний хувьд үлгэр дуурайлал болсон хүн гэж боддог., ... Өндөр настай хүнийг загнахаар хүн биш. Хэрэв эвгүй харилцсан бол санах байсан тэгэхээр болоогүй гэж бодож байна., ... шүүгчийн туслах Э.Б нийтэч, шударга хүн байгаа. Ажилдаа хариуцлагатай.” гэж,

Шүүгчийн туслах О.О гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...: Би 2019 оноос хойш би энд ажиллаж байгаа. Намайг ажиллаж байх хугацаанд маргаан гэх юм уу тийм зүйл ерөөсөө болоогүй, ...шүүгч Б.Эрдэнэмөнх ер нь маш дөлгөөн хүн. Чанга дуугаар ч ярьдаггүй. Би уурлаж хүн загнаж байхыг нь огт харж байгаагүй. Шүүгч нар дундаа хамгийн зөөлөн хүн., ... Шүүгч туслахдаа хэргээ өгөх гэж бууж ирдэг бөгөөд бусдаар зааланд хэн нэгэнтэй харилцаж байхыг нь харж байгаагүй. Хэрэв маргаан ч гэх юм уу зүйл болсон бол анзаарах байсан тул хэн нэгэнтэй эвгүй харилцсан зүйл болоогүй гэж бодож байна. Манай шүүгч нараас Мөнгөнцэцэг шүүгч, Эрдэнэмөнх шүүгч 2 туслахдаа хэргээ өгөх гэж хааяа бууж ирдэг., ... шүүгчийн туслах Б харилцаа хандлага сайтай. Б зүүн чих нь төрөлхийн битүү учраас тэр талд нь хүн яривал сайн сонсдоггүй юм шиг байна лээ. Тийм болохоор чанга ярьдаг. Чанга яриарай сонсогдохгүй байна шүү гэж хэлж байгаа харагддаг.Бид хэд шилэн хоргоны цаанаас чанга ярихгүй бол сонсогддоггүй болохоор ер нь бүгд чанга яриад сурчихсан.” гэж

Шүүгчийн туслах Э.Б-ээс гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Шүүх хуралдаан 08-ны өдөр болсон. Тэрнээс хойш 12 сарын 11-ний өдөр байхаа нэг эмэгтэйн хамт Б гуай ирээд "Намайг эндээс юм авчир гэсэн" гэж хэлсэн. Тэгэхэд нь би юу билээ гэж бодоод хэргээ үзэхэд хэрэгт сөрөг нэхэмжлэл байсан тул тэрийг гэж ойлгосон. Нэхэмжлэл гардуулах ажиллагааг Б гуайд гардуулах нь зөв эсэхийг шүүгчээс асуухаар сөрөг нэхэмжлэл, гардуулах баримтаа бэлдээд байж байтал шүүгч дээрээс буугаад ирж таарсан. Тэгэхэд нь би шүүгчид байдлыг танилцуулсан.

Шүүгч "Б гуай Таны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-т өгсөн итгэмжлэл хүчин төгөлдөр байгаа. Танаас гаргасан "шүүхэд энэ хүмүүс л төлөөлнө" гэсэн хүсэлт хэрэгт авагдсаны дагуу Таны төлөөлөгч, өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Шүүх хуралдаанд цахимаар оролцоход нь энэ тухай тодорхой хэлсэн. Хэрэв Та итгэмжлэлээсээ татгалзвал өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, одоогоор Н-т өгсөн итгэмжлэл тань хүчин төгөлдөр байгаа тул түүнд гардуулна гэх зэргээр тайлбарласан..., .... Шүүгч тайлбарлачхаад өрөө рүүгээ дээшээ явсны дараа Б гуай явсан...

... Ажлын байран дээр ажил дээрээ байгаа тохиолдолд зөвхөн дотоод сүлжээгээр харилцдаг. Гадуур ажилтай тохиолдолд гар утсаар харилцдаг. Би утсаар харилцсан бүх харилцаа байгаа байх. Би ерөөсөө устгадаггүй, ... 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хавьцаа шүүгчид Б.Б-г ирсэн талаар шүүгчид мэдэгдээгүй ээ. Хэргийн оролцогч нар ирж, явж л байдаг. Ерөөсөө мэдэгддэггүй, тийм шаардлага ч байхгүй тул туслахад оногдсон чиг үүргийнхээ дагуу ажиллагаагаа хийгээд оролцогчийг явуулдаг. Тухайн өдөр шүүгч миний санаж байгаагаар эрүүгийн хэрэг барьсан бууж ирсэн санагдаж байна.” гэж тус тус мэдүүлсэн.

Мөн мэдүүлэгтээ “... Яг тэр үед хамт ирсэн эмэгтэй нь шилэн хоргонд гар утсаа наачихсан зогсож байсан. Би бичлэг хийж байна гэж бодсон” гэжээ.

 

Ийнхүү гэрч Э.Б, О.О, Б.Б, Г.М нарын мэдүүлгээр шүүгч Д.Эрдэнэмөнх нь өргөдөл гаргагч Д.Б-г загнасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд холбогдох шүүгчийн харилцаа хандлагын талаар “Тайван, дөлгөөн хүн. Уурлаж байхыг нь хараагүй” гэх байдлаар тодорхойлсон.

Иймд өргөдөлд дурдагдаж буй үйл баримтад холбогдуулан нэмэлт тайлбар, баримт байгаа эсэхийг тодруулахаар өргөдөл гаргагч Д.Б-н өргөдөлд бичсэн дугаарт удаа дараа залгахад холбогдохгүй байх тул “тухайн үед болсон үйл явдлыг гэрчилнэ” гэж өргөдөлд дурдсан Г.А-с хэргийн бодит байдлыг тогтоохоор гэрчийн мэдүүлэг авах, хэрэв бичлэг хийсэн бол гаргуулан авахаар 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр утсаар холбогдоход /с.х-ийн 73 тал/ “Хадам аав намайг гэрчилнэ гэчихсэн байгаа юм уу. Шүүхээс дахин дахин дуудаад байх юм. Би наад асуудлыг чинь сайн мэдэхгүй болохоор очиж мэдүүлэг өгөх боломжгүй байна. Аав хагалгаанд орсон хотод байгаа. Шүүхийн асуудлаа наагуураа шийдээрэй гэж байсан” гэж,

-2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр уулзахад “Завгүй байна. Эргээд залгая” гэсэн бөгөөд утсаар холбогдон /с.х-ийн 209 тал/ “...Заавал очихгүйгээр асуултад чинь хариулж болохгүй юм уу. Би ер нь наад асуудлыг чинь мэдэхгүй гэж хэлсэн дээ, гэрчээр мэдүүлэг өгмөөргүй байна.... ...шүүх дээр ямар хэргээр явж байгааг нь ч сайн мэдэхгүй болохоор яриаг нь анзаараагүй. Тэгээд ч би утсаа оролдоод зогсож байсан. Шүүгчийн туслах Та бичлэг хийгээд байгаа юм уу гэхээр нь би тийм хүн биш, утсаа үзэж байна гэж хариулсан. Шүүгч нь бууж ирээд “Танай хүнд хурал дээр хэлсэн дээ. Танд өгөхгүй гэж байх шиг л байсан. Загнаад гэх нь хаашаа юм ширүүн л хэлэх шиг санагдсан” гэж тайлбарласан.

Ийнхүү өргөдөл гаргагчийн дурдсан иргэн гэрчийн мэдүүлэг өгөхөөс удаа дараа татгалзсан тул тулган шаардах байдлаар мэдүүлэг авах нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд тавигдах хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэв.

Өргөдөл гаргагчаас шүүгчийн туслах Э.Б-д холбогдуулан адил агуулга бүхий гомдол гаргасныг тус шүүхийн Ёс зүйн дэд хороо хүлээн авч, хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд гомдол гаргагчид мэдэгдсэн, оролцогч нарыг хуралд оролцох боломжоор хангах,  нэмж шалгах үндэслэлээр гомдол шалгах хугацааг сунгаж улмаар 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж, “Ёс зүйн зөрчил гаргаагүй тухай” 01 тоот дүгнэлтээр шийдвэрлэснийг сахилгын хэрэгт баримтаар авсан.

Уг дүгнэлтэд /с.х-ийн 105-114 тал/ “...Гомдол гаргагчийн оролцох эрхийг хангаж, хуралдааны тов мэдэгдэхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэрч Алтанцэцэгт мэдэгдэхэд оролцохгүй, мэдүүлэг өгөхгүй гэж мэдэгдсэн. Гомдол гаргагчаас ямар нэгэн бичгийн болон бусад нотлох баримт гаргаж өгөөгүй..” гэжээ.

Энэ талаар Э.Б “...үнэхээр тийм маргасан, ёс зүйгүй үйлдэл гаргасан эсэхийг тодруулахаар Ёс зүйн дэд хорооноос ярьсан байсан. Дэд хорооны хуралд намайг оролцох үед гэрчээр оролцуулна гэсэн хүн рүү залгасан. Тэгэхэд гэрч гэх тэр хүн "Аав миний нэрийг биччихсэн байна уу, би гомдол гаргаагүй дээ ааваас асуугаад эргээд хэлье" гээд утсаа тасалсан., ... Огт тийм зүйл болоогүй байхад загнасан гэхээр нь би хөхүүл болохоор ч тэр юм уу гомдоод уйлсан.” гэж мэдүүлсэн.

Өргөдөл гаргагч Д.Б дээрх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд “шүүгч Б.Эрдэнэмөнхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах” хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 149/ЕШ2026/*** дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шүүгч шийдвэрлэсэн болон хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хэргийг өөр шүүхэд шилжүүлсэн зэрэг үйл баримт нь “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэх зөрчилд хамаарахгүй.

Нэр бүхий шүүгчид холбогдуулан гаргасан өргөдөлд дурдсантай адил үндэслэлээр шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид гаргасан гомдолдоо өргөдлийн үндэслэлээ нотлохуйц аливаа баримт хавсаргаагүй, нэмэлт тайлбар гаргаагүй, өргөдөл гаргагчийн хамт байсан Г.А тухайн үйл явдлыг дэмжих тайлбар өгөөгүй, гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан зэргээр “загнасан, дээрэнгүй харьцсан” гэж өргөдөлд дурдсаныг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байх бөгөөд өргөдөл дангаараа шүүгчийг буруутгах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур” гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласан бол “зүй бус” гэх ойлголтын эерэг утга болох “зохистой” гэдгийг “зүйтэй, ёстой, таатай, нийлэмжтэй” гэж тайлбарласан байх бөгөөд бусдад энгийн нийлэмжтэй харагдахуйц хүмүүс хоорондын зөв харилцааг “зохистой” гэж ойлгох бол энэ хэм хэмжээнээс хэтэрсэн, энгийн үг хэллэгээс илтэд өөр үг хэллэг хэрэглэж буй нийлэмжгүй харилцааг “зүй бус” гэж ойлгохоор байна.

Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, тайлбар, мэдүүлэгт тулгуурлан нэгтгэн дүгнэвэл, шүүгч Б.Эрдэнэмөнх нь иргэнтэй зүй бус харилцсан гэх үйлдэл нотлогдоогүй.

Шүүгчийн туслах Э.Б нь түүний эрүүл мэндийн шалтгаан, шилэн хананы цаана ажилладаг ажлын байрны нөхцөлийн улмаас чанга ярьдаг байж болзошгүй байх ба энэ нь өргөдөл гаргагчид буруу ойлголт төрүүлсэн байх магадлалтай юм.

Хэргийн оролцогчийн эрх, үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гуравдугаар бүлэгт тодорхойлсон байх ба уг хуулийн 36 дугаар зүйлд зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлогдох ба төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг төлөөлөх талаар зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно” гэж, 32.5 дахь хэсэгт “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж тодорхой заажээ.

Үүнийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулж оролцох, хэргийн оролцогчийн хувийн байдал зэрэг тухайн нөхцөлд үүссэн шалтгаанаар оролцогч өөрчлөгдөх бол журмын дагуу хүсэлт гаргасны үндсэн дээр шүүхэд төлөөлөх эрх нь нээлттэй байна гэж ойлгоно.

Хуулийн илт тодорхой заалт гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт юм. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүргийн талаар зөвхөн шүүх хуралдаан дээр тайлбарлаж өгөх талаар хууль, тогтоомжоор тодорхойлоогүй ба шүүгч анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үед буюу иргэний хэрэг үүсгэх үеэс зохигчдод эрх, үүргийг нь танилцуулж, энэ талаарх баримтад гарын үсэг зуруулах хэлбэрээр баталгаажуулдаг бөгөөд тэдгээрийн утга, агуулга, учир холбогдлыг тайлбарлах шаардлагатай тул иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох шүүгч хуулиар олгосон хүрээний дотор эрх, үүргээ хэрэгжүүлсэн байх бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй байна.

Шүүгч Б.Эрдэнэмөнх хэргийн оролцогчтой уулзах санаа зорилго агуулаагүй, тухайн цаг хугацаанд ажлын байрандаа санаандгүй таарсан, ганцаарчлан уулзаагүй, шүүхэд хянан шийдвэрлэж буй иргэний хэргийн үйл баримтын талаар огт ярилцаагүй байх ба хөндлөнгийн бусад этгээдүүдийн дэргэд харилцахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох талаарх харилцааг зохицуулж буй хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн талаар тайлбарласан нь баримтаар тогтоогдож байна.

Иймд холбогдох шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах журам зэргийг иш татан “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8 дахь хэсэгт хууль тогтоогч хуульчлахдаа шүүгч хувийн ашиг сонирхлын зорилгоор хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзах, харилцахыг хязгаарласан хуулийн зохицуулалт гэж үзэж байна. Түүнээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгчийн хийж гүйцэтгэх хэргийн оролцогчтой уулзах харилцах хуулиар олгосон эрхийн хүрээнд уулзсан тохиолдлыг хэргийн оролцогчтой нөгөө талыг байлцуулахгүйгээр уулзах харилцах гэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж ойлгож байна.” гэх тайлбар ирүүлсэн нь үндэслэлтэй.    

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйл, шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолт, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд тус тус шүүгчийн туслахын албан тушаалын чиг үүргийг заасан байх ба хуулийн 89.3 дахь хэсэгт “шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу холбогдох шүүгч өөрт хуваарилагдсан хэрэгт хамааралтай ажиллагааг гүйцэтгүүлэхээр шүүгчийн туслахад даалгах нь “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” гэх заалтыг зөрчсөн үйлдэлд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгэвэл, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7,  50.1.18, 50.1.20, 50.1.23, 50.1.35-т заасан сахилгын зөрчил гаргаагүй байх тул уг сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Б.Эрдэнэмөнх Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“...“... Миний бие нь 1979 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 47 настай, шүүхийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны /жижүүр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, тамгын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, эвлэрүүлэн зуучлагч/ ажилтнаар 16 жил, шүүгчээр 8 дахь жилдээ ажиллаж байгаа Б.Эрдэнэмөнх гэдэг. Ямар учраас товч танилцуулга бичсэн бэ гэхээр иргэн Д.Б-н гаргасан гомдолд миний овгийг Д.Эрдэнэмөнх гэж удаа дараа бичсэн байсан учраас уг танилцуулгыг бичсэн болно.

Нэг. ...Нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хугацаанд зохигчдын хүсэлтээр хуульд заасан ажиллагааг явуулж зохигчийн эрхийг хангаж олон тооны ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэр бүхий байгууллага биелүүлэхээс татгалзаж, нотлох баримтыг шүүгчийн захирамжид заасан хугацаанаас олон сараар хэтрүүлж, удаа дараа мэдэгдэл шаардлага тавьж байж бүрэн гүйцэт хийсэн байдаг.

Хоёр. ...Тайлбар 1. Нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-т холбогдох “Сэлэнгэ аймгийн М сумын , ***  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай 257.3м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн баруун талын 128.65м2 хэмжээнд Д.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч Д.О-ээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашигласнаас олсон үр шим буюу бусдад түрээслүүлсний ашиг орлого 16,456,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №149/Ш32023/*** дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож иргэний хэрэг үүсгэсэн.

Иргэний хэрэг үүсгэх захирамжийг шүүгчийн туслах бичихдээ нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож нэхэмжлэгчийн хоёр шаардлага бүхий нэхэмжлэлийн нэгийг буюу хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулан бичсэнийг анзааралгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулсан байсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан "шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №149/11132023/*** дугаартай "иргэний хэрэг үүсгэсэн" захирамжид нэхэмжлэлийн шаардлагыг нэмж оруулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно". ... зааснаар иргэний хэрэг үүсгэсэн захирамжид гарсан алдааг засаж өөрчлөлт оруулж, орхигдсон "хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх" нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №149/11132024/*** дугаартай захирамжаар өөрчлөлт оруулан иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг зөвтгөн гаргаж зохигч нарт танилцуулсан.

Түүнээс гомдол гаргагч Д.Б-н гомдолд дурдсан шиг иргэний хэрэг үүсгэхдээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж байсан нэхэмжлэгч Б.У-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О, Д.Б нарт холбогдох “газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шаардлагатай холбоотой учраас нэхэмжлэлийн шаардлагаас “хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх” тухай шаардлагыг хасаж иргэний хэрэг үүсгэсэн зүйл байхгүй бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагыг хэрхэн хассан талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар дурдаагүй болно.

Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хассан зүйлгүй болно./1-6 дугаар хуудас/

Тайлбар 2. Нэхэмжлэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг зааснаар иргэн Э.Н-т Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл. "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг төлөөлөх, 32.1 дэх хэсэг “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно” гэж, 32.5 дахь хэсэгт “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №01 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг шүүхийн практикт хэрэглэхэд анхаарах зарим асуудлын талаар” зөвлөмжийн 2 дугаар зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг төлөөлөх” талаар тайлбар зөвлөмжийг гаргахдаа “...зөвлөмжийн 2.1 -д “иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. ...Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. ...Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ, энэ шаардлагыг хангаагүй бол түүнийг төлөөлөгчөөсөө татгалзсан гэж үзэхгүй... гэж тайлбар зөвлөмжийг гаргасан ба энэ тайлбар зөвлөмжийг МУ-ын Дээд шүүхээс өнөөдрийн байдлаар хүчингүй болгоогүй, бүх шатны шүүх практик болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж байна. 2013 оноос МУ-ын дээд шүүхээс тайлбар гаргаагүй бөгөөд тайлбарыг зөвлөмж хэлбэрээр хуулийг тайлбарлаж байсан учраас уг зөвлөмжийг тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн тайлбар гэж ойлгож байна.

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй Д.О-т холбогдох нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн үеэс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд буюу нэхэмжлэгч Д.Б нь тус шүүхэд  “...иргэний хэрэгт холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг төлөөлөх Э.Н-т олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Н.М-г өөрийн өмгөөлөгчөөр оролцуулахаар гаргасан хүсэлт болон хүсэл зориг хэвээрээ байгаа бөгөөд процессын хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг оролцуулан шүүх хурлыг явуулж нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч тал ажиллагааны явцад маргаан бүхий асуудлаар эвлэрэх санал байгаа бол миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлж шийдвэрлүүлэх боломжтой болохыг дахин хэлэхийг хүсэж байна.” гэх хүсэлтийг ирэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нарын хэн алиныг нь оролцуулж байсан. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогчийн хувьд эргэлзээ бүхий байсан ч зохигчдын эрхийг хязгаарлалгүйгээр адил тэгш байдлаар хандаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж ирсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-с олон төрлийн хүсэлт гаргаж байсан бөгөөд шүүхийн зүгээс оролцогчийн гаргасан хүсэлтийн хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай хүсэлтийг хангаж ирсэн ба хэргийн материалтай танилцах, шүүгчийн захирамжтай танилцах, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр маргаан бүхий объектод үзлэг хийх болохоор үндсэн нэхэмжлэгч Д.Б оролцоод явдаг итгэмжлэгдсэн төлөөлөгч ирэх боломжгүй очихгүй, Д.Б өөрөө оролцох болно гэх тайлбарыг гаргадаг байдлаас хэргийн зохигч буюу нэхэмжлэгч Д.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох юм уу итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н оролцох юм уу гэдэг байдал дээр эргэлзээ гардаг. Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яг хэн оролцох, оролцох нь аль нэгнээсээ татгалзсан тайлбар хүсэлтийг бичгээр гаргаж өгөх талаар удаа дараа сануулж тайлбарлаж хэлж байсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ыг ирж хэргийн материалтай танилцах талаар шүүгчийн туслахаас удаа дараа сануулж байсан боловч 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш нэг ч удаа ирээгүй, одоогийн байдлаар тус иргэний хэрэг хоёр хавтас 400 гаран хуудас материал болоод байгаа бөгөөд түүнээс хойш маш олон өөрийнх нь болон хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн ажиллагааны баримтууд байгаа боловч өнөөдрийн байдлаар хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаан товлогдоод л явж байна. Энэ нь цаашдаа хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэргийн материал танилцуулаагүй, эрх үүрэг тайлбарлаагүй гэх процессын зөрчил болж байгаа болно.

Ингэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холилдож оролцох нь гудамжинд явж байгаа Д-г дуудаж ирээд чи шүүх рүү ороод нэхэмжлэлийг нь гардаад авчих дараа нь надад өгчхөөрэй гэж хэлж байгаатай адил болно.

2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-т мэдэгдэхээр шүүгчийн туслах Э.Б утсаар мэдэгдэхэд миний бие энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоос татгалзаж байгаа, би өөр ажил албан тушаалд томилогдож байгаа, цаашид Д.Б гуай өөрөө оролцох болно." гэх тайлбарыг өгөхөд та тэгвэл итгэмжлэлээс татгалзсан хүсэлтээ бичгээр ирүүлээрэй гэхэд мөн л ирүүлээгүй.

Ингээд нэхэмжлэгч Д.Б-д 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М нь ч өөрөө энэ хэрэгт яг Д.Б оролцох юм уу итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н оролцох юм уу гэдгийг мэдэхгүй байсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б-г биечлэн оролцуулах хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байсан болох нь тус шүүх хуралдааны хурлын бичлэгээс тодорхой харагдах болно.

Мөн нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагт товлон зарласан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч Н.М нар нь шүүх хуралдаанд онлайнаар, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Д.Б нар нь шүүх хуралдааны танхимаас шүүхийн хэлэлцүүлэгт оролцож хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг гаргасан учраас шүүх хуралдааныг шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №*** дугаар захирамжаар шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан.

Учир нь хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргах хариу тайлбартай холбоотойгоор өөр орон нутгаас /Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх/ нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг гарах талаар тайлбар хэлсэн учраас шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүгчийн захирамжийг тайлбарлаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-т үндсэн нэхэмжлэгч Д.Б нь цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М нар оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлт /тайлбар/-ийг гаргаж ирүүлсэн учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н та шүүхэд хүрэлцэн ирж сөрөг нэхэмжлэлийг гардаж авах нь зүйтэй гэж тайлбарлан өгсөн.

Шүүх хуралдаанд шүүгчийн зүгээс зохигч нарт зүй ёсны шаардлага тавьсан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ныг хариуцагч болон түүний өмгөөлөгчтэй нийлж байгаад загнасан сүрдүүлсэн шүүгчид харшлах ямар нэгэн үйлдлийг гаргаагүй гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холилдож оролцож байгаа нь хүндрэл үүсгэж байгаа талаар тайлбарласан, нэхэмжлэгчээс Э.Н-т олгосон итгэмжлэл хүчинтэй хэвээр байгаа талаар тайлбарласан нь хэргийн оролцогчийг загнаж айлгаж дарамталсан зүйл болохгүй байх гэж үзэж байна. Тэгээд ч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж сөрөг нэхэмжлэлийг гардан авах талаар хэлж ярьж байсан нь шүүх хуралдааны бичлэгт тодорхой байгаа бөгөөд загнасан юм уу хууль ёсны шаардлагыг шүүгчийн зүгээс тавьсан юм уу гэдэг нь тодорхой харагдах болно.

2025 оны 09 дүгээр сараас эхлэн миний туслах Э.Б нь хоёр шүүгчийн туслахаар ажиллаж маш их ачаалалтай, өөрөө нялх хөхүүл хүүхэдтэй учраас миний зүгээс туслахыгаа дуудаж цаг хугацаа алдаж байхаар ганц захирамж ч болтугай бичиж байг, нэг ч гэсэн хүнтэй уулзаж нэхэмжлэл гардуулаг, нэг ч гэсэн хэргийн материал үдэж цэгцлэг гэж боддог учраас шүүгчийн туслах дээрээ өөрөө очиж өөрийн бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн нэхэмжлэлийг өгөх, унших шаардлагатай эрүү, иргэний хэргээ авах, иргэний хэрэг тус бүр дээр хийгдэх ажиллагаануудыг стикер /наадаг цаас/ дээр бичиж тайлбарлаж өгдөг учраас өдөрт хэдэн ч удаа хамаагүй туслах дээр очих шаардлага гардаг.

Түүний нэг нь тус шүүх нь долоо хоног бүрийн 4 өдөр бүр ирэх долоо хоногийн шүүх хуралдааны товыг гаргаж баталгаажуулдаг бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу пүрэв гарагт шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах Э.Б-тэй ярилцахаар шүүхийн хоёр давхарт байрлах өрөөнөөсөө гарч нэг давхарт бууж шүүгчийн туслах дээрээ очиход нэхэмжлэгч Д.Б нь ирсэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардаж авна гэж шүүгчийн туслахтай уулзаад байж байсан.

Шүүгчийн туслахаас та өөрөө бичгээр хүсэлт гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэсэн байж яагаад сөрөг нэхэмжлэл гардаж авна гээд байгаа юм бэ гэсэн агуулга бүхий асуулт тавьж байсан. Миний зүгээс шүүгчийн туслах Э.Б-ээс “нэхэмжлэгч Д.Б гуайг ирж сөрөг нэхэмжлэл гардаж ав гэж дуудсан юм уу” гэж асуухад. “Үгүй” гэсэн. Тэгээд яагаад ирсэн юм гэхэд “итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь шүүх дээр очоод сөрөг нэхэмжлэлийн хувийг аваад над руу явуулчих гэж хэлсэн юм гэнэ.” гэсэн.

Тийм учраас би шүүгчийн туслах Э.Бийн хажууд Д.Б гуайд шүүгчийн туслахын Д.Б гуайд тайлбарлан хэлсэн зүйлийг дахин тайлбарлаж хэлсэн. “Та өнөөдөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин оролцохгүй миний өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н болон өмгөөлөгч Н.М нар оролцох болно гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж шүүхэд өгсөн байгаа шүү дээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч чинь ирэх боломжгүй гээд байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгч чинь манай туслахтай яриад мэйлээр ч авсан болно. Нэг болохоор та хэргийн оролцогч болоод яваад байдаг аль эсхүл Э.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод эргэлзээтэй байдал үүсгээд байна аа тиймээс танд өнөөдөр сөрөг нэхэмжлэлийг гардуулах боломжгүй байна. Манай зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй чинь яриад ирэх боломжгүй бол мэйлээр ч хамаагүй гардуулчихна” гэж  тайлбарлаж  хэлсэн.

Мөн тухайн үед нэхэмжлэгч Д.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-с татгалзсан хүсэлтийг бичгээр гаргаж шүүхэд ирүүлсэн бол миний болон шүүгчийн туслахаас сөрөг нэхэмжлэлийг Д.Б-д гардуулах бүрэн боломжтой хууль ёсны байх байсан боловч тийм хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй.

Нэгэнт нэхэмжлэгч ч бай хариуцагч бай түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болохыг зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бол итгэмжлэлээр олгосон бүх эрх үүргийг төлөөлөгч иргэн хэрэгжүүлэх л үүрэгтэй учраас сөрөг нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирж авах боломжгүй бол цахим хэлбэрээр ч авах боломжтой.

Шүүгчийн туслах иргэдтэй уулзахад 5-6 мм зузаантай шилний цаана наанаас ярилцдаг учраас миний зүгээс чанга ярьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний зүгээс Д.Б гуайг айлган сүрдүүлж, хэл амаар доромжилж, элдэв янзын үг хэллэг хэлсэн зүйлгүй бөгөөд миний бие захиргааны ажилчдынхаа хажуу зүй бус үйлдэл гаргаж иргэнийг элдвээр хэлж дайрч доромжлох үйлдэл хэрвээ гаргасан бол залуу хойч үедээ ямар муу үлгэр дуурайлал болох нь ойлгомжтой шүүгчийн ёс зүйд ч нийцэхгүй байх.

Энэ асуудал болох үед миний хажууд шүүгчийн туслах Э.Б, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.О, шүүгчийн туслах Г.М, шүүгчийн туслах Б.Б нар ажлаа хийгээд сууж байсан. Мөн Д.Б гуайтай хамт нэг эмэгтэй явж байсан тэр эмэгтэй бидний яриаг чагнаад зогсож байсан бөгөөд энэ асуудал 2-3 минут орчим л болсон бөгөөд би туслахдаа ирэх 7 хоногт товлох хурлаа хэлж өгчхөөд буцаад өрөөндөө орсон. Түүнээс гомдолд дурдсан шиг гэнэт хоёр давхраас бууж ирээд Д.Б гуайг загнаж хэл амаар доромжилж айлган сүрдүүлсэн зүйлгүй болно.

Хэрвээ шаардлагатай гэж үзвэл тухайн асуудал болох цаг хугацаанд тэнд байсан шүүгчийн туслах нарыг, мэдээлэл лавлагааны мэргэжилтнийг гэрчээр асууж өгнө үү.

Мэдээлэл лавлагааны ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг хянах зорилгоор /миний ойлгож байгаагаар/ тавигдсан дуу дүрс бичлэгийн хяналтын камер байнга ажиллагаатай байсан миний ямар зүйлийг Д.Б гуайд тайлбарлан хэлж байсан яриа дүрс бичлэг тус камерт бичигдсэн боловч тус камер нь 14 хоногийн хугацаанд бичлэгийг хадгалж өөрөө өмнөх бичлэгийг устгаж /формат/ хийдэг тохиргоотой болохыг мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Б тайлбарлан хэлсэн учраас тухайн үеийн бичлэгийн хуулбарлан авч нотлох баримтаар хүргүүлэх боломжгүй болоод байна. Хэрвээ уг камерын бичлэг байсан бол үйл явдал тодорхой харагдаж сонсогдох байсан учраас миний зүгээс ингэж тайлбар бичих шаардлагагүй байсан болно.

Миний бие нь өөрөө бага наснаасаа эцэх эхийн зөв хүмүүжлээр өсөж хүмүүжсэн үг дуу цөөн, уурлах гэдэг зүйлийг миний бие сэтгэл зүйн хувьд мэдэхгүй, тайван хүн бөгөөд хэн нэгнийг өнгө үзэмж, албан тушаал, хөрөнгө чинээ залуу хөгшнөөр нь ялгаж харьцдаггүй бүгдтэй нь адил тэгш харьцахыг боддог. 2018 онд шүүгч хэмээх эрхэм бөгөөд нэр хүндтэй албан тушаалд томилогдож ажилласан цаг хугацаанаас хойш хэргийн оролцогч битгий хэл туслах захиргааны ажилчид руугаа муухай харьж загнаж зандарч үзээгүй бөгөөд манай хамт олон болон мэргэжил нэгт хамт олон маань намайг ямар зан араншинтай хүн болохыг тодорхой хэлэх болов уу гэж бодож байна.

Нэхэмжлэгч Д.Б гуай ч миний эцэг эх намайг сайн мэдэх хүн бөгөөд ямар амьдрал ахуй хүмүүжилтэй хүн бэ гэдгийг мэдэж байгаа бөгөөд энэ гомдол Д.Б гэдэг хүн бус Э.Н гэдэг хүн бичсэн юм байна гэж ойлгохоор байгаа бөгөөд хэн бичсэнээс үл шалтгаалан хардах эрхийн хүрээнд гомдлыг гаргасан гэж ойлгож байна.

Тиймээс хэргийн оролцогч зохигч нарт хууль ёсны шаардлага тавьснаар бусдыг загнасан зандарсан элдвээр хэлж хэл амаар доромжилсон гэж үзвэл хуулийг нэг мөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бидний амыг үд гэсэнтэй адил болох болов гэж бодож байна.

Тайлбар 3. Нэхэмжлэгч Б.У-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийг нураалгаж, газар чөлөөлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүгч Б.Эрдэнэмөнх намайг хянан шийдвэрлэхдээ Д.Б-г иргэний хариуцагчаар татан оролцуулахаас татгалзаж эрхийг нь зөрчиж байсан гэж гомдол гаргажээ.

Миний бие нь нэхэмжлэгч Б.У-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох "Үл хөдлөх эд хөрөнгийг нураалгаж, газар чөлөөлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг урьд өмнө хянан шийдвэрлэж байгаагүй бөгөөд тус шүүхийн шүүгч Ж.Э-тай андуурсан юм болов уу гэж бодож байгаа ба тус хэргийг Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

Тайлбар 4. “Нэхэмжлэгч Б.У-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох "хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй /Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэрэг/ нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.О-т холбогдох иргэний хэрэг хамааралтай гэж хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлж байсан” гэх гомдолд:

Иргэн Б.У нь иргэн Д.Б, Д.О нарт холбогдуулан гарсан нэхэмжлэлийн шаардлагын маргааны зүйл нь нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.О-т холбогдох "Сэлэнгэ аймгийн М сумын , ***  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай 257.3м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн баруун талын 128.65м2 хэмжээнд Д.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч Д.О-ээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашигласнаас олсон үр шим буюу бусдад түрээслүүлсний ашиг орлого 16,456,600 төгрөгийг гаргуулах тухай" тухай иргэний хэргийн маргааны зүйлтэй холбоотой буюу нэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэгч Б.У-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж ирүүлсэн.

Шүүх хүсэлтийг хянаж үзээд Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж байгаа Б.У-н нэхэмжлэлтэй хариуцагч    Д.Б, Д.О нарт холбогдох иргэний хэргийн маргааны зүйл болох хариуцагчийн хууль бус эзэмшлээс  газар  чөлөөлүүлэх,   үл   хөдлөх   эд  хөрөнгийг  албадан  буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Д.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.О-т холбогдох иргэний хэргийн маргааны зүйл хоёр нь хоёр өөр шаардлагатай нэг маргааны зүйлтэй иргэний хэрэг болох нь тогтоогдож байна гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.” гэж зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №149/Ш32024/*** дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гомдол гаргах эрхийг захирамжид зааж өгсөн.

Хэрвээ хууль зөрчсөн гэж үзсэн бол нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд шүүхээс гомдол гаргах эрхийг хязгаарласан зүйлгүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Б.У-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох иргэний хэргийг хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж Дээд шүүхийн №*** дугаартай тогтоолыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж байна.

Энэ хугацаанд иргэний хариуцагч болон нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах хүсэлт байгаа эсэх талаар удаа дараа лавлаж байсан болох нь шүүгчийн туслах утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдоно.

Тайлбар 5. Шүүхийн тухай хуулийн 50.1.1,50.1.7, 50.1.23 дугаар зүйл, Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэх гомдолд:

Дээр тайлбарласан тайлбартай давхардуулж тайлбар гаргах шаардлага үүсэж байна. Шүүгчийн ёс зүйн дүрэм нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хууль нь 16 бүлэг, 118 зүйлтэйгээр хууль тогтоогч буюу УИХ-аас батлагдаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнөөр Шүүгчийн ёс дүрэм хүчингүй болсон гэж ойлгож байгаа. Учир нь шүүгчийн ёс зүйн зөрчлийг Шүүхийн тухай хуулиар тусгайлан шүүгчийн ёс зүйн зөрчлийг зааж зохицуулсан байгаа.

Тиймээс гомдол гаргагчийн дурдсан ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх гомдолд тайлбар гаргах шаардлагагүй бөгөөд дээр дурдсан тайлбаруудад шүүгчийн зүгээс ямар нэгэн байдлаар хэргийн оролцогчтой зүй бус харьцсан ёс зүйн зөрчил гаргаагүй талаар тайлбарласан байгаа учраас дахин тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн Шүүхийн тухай хуулийн 50.1.1-д "албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох" гэж заасныг зөрчсөн гэх гомдлыг гаргасан байна.

Шүүгч Б.Эрдэнэмөнх миний зүгээс өөрийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж өөртөө болон яг хэнд яаж ямар хэлбэрээр давуу байдал олгоод хэргийн бусад оролцогчийн эрхийг яаж хэрхэн хязгаарлаад байгааг ойлгохгүй байна. Хэргийн оролцогч зохигч нарт хууль зүй албан ёсны шаардлагыг зохигчдын хэн алины хажууд тавьж байгаа нь бусдад давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй байх. Миний зүгээс бусдад давуу байдал бий болох гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хэн нэгний хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, нөгөө талын гаргасан ямар нэгэн хүсэлт гомдол саналыг шийдвэрлэхийг хэлнэ гэж ойлгож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн зүгээс нэхэмжлэгч, хариуцагч  нарын гаргасан бүхий л хүсэлтийг хангаж шийдвэрлэж, шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид заасан бүхий л ажиллагааг бүрэн хийгдэж нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, хэргийн газрын үзлэгт зохигчийн хэн алиныг нь оролцуулж /нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын оролцоо эргэлзээтэй байсан хэдий ч/ байгаа.

Тиймээс албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэх гомдлыг гаргасныг хүлээн зөвшөөрөх үндэслэл нь нотлох баримтаар тогтоодохгүй байна гэж үзэж байна.

Шүүхийн тухай хуулийн 50.1.7-д "шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэж заасан зөрчлийг гаргасан гэх гомдлыг гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.У-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох "хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй холбоотойгоор уг гомдлыг гаргасан юм байна гэж ойлголоо. Мөн дээр дурдсанчлан шүүгч Б.Эрдэнэмөнх миний бие нь тус хэргийг хянан шийдвэрлээгүй бөгөөд шүүгч Ж.Э-д шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлж яаж хэрхэн нөлөөлөл үзүүлсэн юм бэ.

Миний бие тус шүүхийн шүүгчийн албан тушаалд 2020 онд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Ж.Э шүүгчид яаж ямар хэлбэрээр удирдаж чиглэл өгсөн гэдгийг мэдэхгүй байна. Тус хэргийг манай шүүх ч эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзаж Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн тус шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн үйл баримт байдаг болно.

Тэгэхээр миний бие Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүгчид нөлөөлсөн удирдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд чиглэл өгсөн байж болох гээд байна. Тэгвэл хэн гэдэг шүүгчид нөлөөлсөн удирдан чиглэл өгсөн юм бэ. Шүүгч нарын хувьд нөгөө шүүгчийнхээ хянан шийдвэрлэж байгаа хэргийг үзээд хараад ингэж шийдэх юм байна тэгж шийдэх юм байна гэж ярилцаад явдаг зүйл байхгүй. /нотлох баримтаар Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хавсаргав. 19-22, 25-29 дүгээр хуудас/

Шүүхийн тухай хуулийн 50.1.23-д "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэж заасныг зөрчсөн гэх гомдлыг гаргажээ.

Мөн л яг ямар хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн нь ойлгомжгүй байна. Хэрвээ иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан нь уг зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа бол миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл. Хэрэг үүсгэх. 66.1 -д Шүүгч энэ хуулийн 65.1 -д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана." гэж, 66.2.Нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, түүнийг багасгасан, хэсэгчлэн төлүүлэх болон хойшлуулах тухай асуудлыг шүүх шийдвэрлэсэн бол энэ талаар хэрэг үүсгэсэн захирамждаа заана." гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д "Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115,116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана." гэж тус тус заасныг удирдлага болгон иргэний хэрэг үүсгэсэн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн" гэж үзэж байгаа бол миний бие нь хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, хүсэлтийн хамт ирүүлсэн нотлох баримтыг хянаад маргааны зүйл нэг болох нь тогтоогдож байна гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.” гэж заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан Б.У-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б , Д.О нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсний эцэст тус хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг,  маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.” гэж тодорхой заасан байгаа учраас хэргийг түдгэлзүүлсэн, түүнээс хуульд огт байхгүй заалтаар хэргийг түдгэлзүүлж болохгүй хуулийн заалтыг барьж хэргийг түдгэлзүүлж хуулийг буруу хэрэглэж тайлбарласан зүйлгүй болно.

Хэрвээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүй түдгэлзүүлсэн гэж үзэж байсан бол тухай үед нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрх нээлттэй байсан шүүх, шүүгчийн зүгээс эрхийг хязгаарласан хаасан зүйлгүй болно. /нотлох баримт 1-6,17-24 дүгээр хуудас/

Шүүхийн тухай хуулийн 50.1.35-д "шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх" гэж заасныг зөрчсөн гэх гомдлыг гаргажээ.

Энэ талаар мөн л дээр тайлбарт дурдсан учраас товч байдлаар тайлбар хийх нь зүйтэй болов уу.

Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарь, шүүгчийн удирдлага дор ямар ажил үүргийг хийж гүйцэтгэх хэрэгжүүлэх талаар хуульчилсан. Шүүгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг манлайлах, удирдан чиглүүлэх, шүүгчийн туслах өдөр тутамд хийж ажлыг талаар чиглэл өгөх, хуулийн хүрээнд зөв манлайлал, хэрэг хэрэг шийдвэрлэх ажиллагааны зөв менежментийг хэрэгжүүлэх эрх бүхий субъект үүнийг мөн хуульчилсан байдаг.

Д.Б гуай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг надад битгий өг өгч болохгүй гэж өөрийн удирдлага дор байгаа албан тушаалтанд хууль бус үүрэг даалгавар өгсөн гэж үзэж байгаа бол Д.Б нь 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид оролцохгүй миний өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М нар оролцоно гээд бичгээр хүсэлт гаргаж ирүүлсэн учраас сөрөг нэхэмжлэлийг Д.Б-д гаруулах боломжгүй гэх тайлбарыг Д.Б-д өөрт нь хэлсэн, энэ талаар дээр дурдсан тайлбарт тодорхой бичсэн байгаа учраас шүүгчийн туслахын ажил үүрэгт хамаарахгүй үүрэг даалгавар өгсөн гэх гомдолд хамаарахгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийг гардуулах, хэргийн материал танилцуулах нь шүүгчийн туслахын өдөр тутам хийж гүйцэтгэх ажил үүрэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөрөө сайн дураар татгалзаж гарсан нэхэмжлэгчид сөрөг нэхэмжлэлийг гардуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Хэрвээ Д.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-с татгалзсан хүсэлтийг бичгээр гаргаад ирүүлсэн бол шүүгчийн туслах сөрөг нэхэмжлэлийг гардуулах нь хууль ёсны байх байсан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаагүй байхад сөрөг нэхэмжлэл гардуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохоор байна.

Шүүгчийн туслах ажил үүрэгт хамаарахгүй үүрэг даалгавар гэж Шүүхийн тухай хууль, ажлын байрны тодорхойлолтод зааснаас бусад байдлаар үүрэг чиглэл өгөхийг ойлгох бөгөөд тухайн үед шүүгчийн туслах хууль болон бусад эрх зүйн актад заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан, шүүгчийн зүгээс нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан бичгийн хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг гардуулахгүй гэсэн нь шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх гэсэн хууль зохицуулалтад хамаарахгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.Б-н зүгээс шүүгч Б.Эрдэнэмөнх надаас татгалзаж тус шүүхийн ерөнхий шүүгчид хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэж байсныг дурдах нь зүйтэй байна.

Тиймээс нэхэмжлэгч Д.Б-н Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар илтгэгч гишүүний саналыг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

           

1. Өргөдлийн: “...нэхэмжлэгч Д.Б-н хариуцагч Д.О-т холбогдох нэхэмжлэлд иргэний хэргийг хэрэг үүсгэхдээ хоёр нэхэмжлэлийн шаардлагын нэг шаардлагыг орхигдуулан иргэний хэрэг үүсгэсэн” гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, Д.Б-с Д.О-т холбогдуулан “36,375,000 төгрөг гаргуулах, Д.О-ийн хууль бус өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг, шүүгч Б.Эрдэнэмөнх хүлээн авч, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 149/ШЗ2023/*** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Шүүгч захирамжаар албажуулахдаа хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн “Д.О-ийн хууль бус өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг чөлөөлүүлэх” гэх нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг орхигдуулан гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дээрх шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар захирамжаар хангаж, өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан. 

Иймд шүүгч Б.Эрдэнэмөнх нь иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлагыг орхигдуулан албажуулсан нь техникийн шинжтэй алдаа бөгөөд уг алдааг залруулсан байх тул холбогдох шүүгчийг  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-д “...Шүүгч санамсаргүй техникийн шинжтэй алдаа гаргасныг хуульд заасан журмын дагуу засах боломжтой, зассан тохиолдолд зөрчил гэж үзэхгүй” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

2. Өргөдлийн: “...Шүүгч Б.Эрдэнэмөнх нь нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-т холбогдох иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ыг хариуцагч талтай нийлж загнасан” гэх тухайд:

Д.Б-н нэхэмжлэлтэй, Д.О-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд Э.Н-т итгэмжлэл олгожээ. Түүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байсан байх ба мөн нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Н, өмгөөлөгчөөр Н.М нарыг оролцуулахаар хүсэл зоригийн илэрхийлэл хэвээрээ байгаа талаар шүүхэд бичгээр мэдэгджээ.

Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эсэхийг тодруулах шаардлагатай байгаа талаар хүсэлт гаргасны дагуу шүүгч Б.Эрдэнэмөнх хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид нэхэмжлэгч өөрөө эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн оролцох талаар тодруулж, шүүхэд төлөөлөх эрх, үүргийг талуудад тайлбарласан нь илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаан даргалагч нь шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух, тодруулах эрхтэй. Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч Б.Эрдэнэмөнх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас асуусан асуулт нь хүсэлтийн шаардлага үндэслэл, хэргийн үйл баримттай холбоотой байх тул түүнийг “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан” гэж буруутгах боломжгүй. Түүнчлэн, хэргийн оролцогчийг загнасан, дарамталсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй гэж үзлээ.

3. Өргөдлийн “...нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.О-т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг гардаж авахаар очиход шүүгч Б.Эрдэнэмөнх, шүүгчийн туслах Э.Б-ийн хамт нэхэмжлэгч Д.Б-г элдвээр хэлж загнаж, доромжилсон” гэх тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2014 оны 01 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг шүүхийн практикт хэрэглэхэд анхаарах зарим асуудлын талаар” зөвлөмжийн 2.1-т “иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. ...Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. ...Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ, энэ шаардлагыг хангаагүй бол түүнийг төлөөлөгчөөсөө татгалзсан гэж үзэхгүй” гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-с татгалзсан хүсэлт шүүхэд гаргаагүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-т хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг гардуулах талаар шүүгч Б.Эрдэнэмөнх 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан байна.

Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаагүй атлаа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг гардаж авахаар шүүхэд ирэхэд шүүгч Б.Эрдэнэмөнх, шүүгчийн туслах Э.Б нар нь “загнаж, доромжилсон” гэх өргөдөлд дурдагдсан үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах Г.М-ын гэрчээр өгсөн “...Э.Б-тэй яг зэрэгцэж суудаг болохоор маргаан гэх зүйл болбол надад сонсогдох байсан. Тийм зүйл болоогүй. Шүүгч Эрдэнэмөнх иргэнтэй маргасан, эвгүй харилцсан үйлдэл гаргасан гэх зүйл огт болоогүй” гэх мэдүүлэг,

шүүгчийн туслах Б.Б гэрчээр өгсөн “ ...Яг зэрэгцээ сууж байгаа болохоор яриа нь сайн сонсогддог, харин шилний цаана ярьж байгаа хүмүүсийн яриа сул сонсогддог. Хэрэв маргаан болбол анзаарна. Шүүгч Б.Эрдэнэмөнх төлөв даруу, үлгэр жишээч хүн. Шүүгч хүний хувьд үлгэр дуурайлал болсон хүн гэж боддог. Өндөр настай хүнийг загнахаар хүн биш. Хэрэв эвгүй харилцсан бол санах байсан тэгэхээр болоогүй гэж бодож байна” гэх мэдүүлэг,

шүүгчийн туслах О.О-ийн гэрчээр өгсөн “ ...шүүгч Б.Эрдэнэмөнх ер нь маш дөлгөөн хүн. Чанга дуугаар ч ярьдаггүй. Би уурлаж хүн загнаж байхыг нь огт харж байгаагүй. Шүүгч нар дундаа хамгийн зөөлөн хүн., Шүүгч туслахдаа хэргээ өгөх гэж бууж ирдэг бөгөөд бусдаар зааланд хэн нэгэнтэй харилцаж байхыг нь харж байгаагүй. Хэрэв маргаан ч гэх юм уу зүйл болсон бол анзаарах байсан тул хэн нэгэнтэй эвгүй харилцсан зүйл болоогүй гэж бодож байна. Шүүгчийн туслах Э.Б харилцаа хандлага сайтай. Э.Б зүүн чих нь төрөлхийн битүү учраас тэр талд нь хүн яривал сайн сонсдоггүй юм шиг байна лээ. Тийм болохоор чанга ярьдаг. Чанга яриарай сонсогдохгүй байна шүү гэж хэлж байгаа харагддаг. Бид хэд шилэн хоргоны цаанаас чанга ярихгүй бол сонсогддоггүй болохоор ер нь бүгд чанга яриад сурчихсан” гэх мэдүүлэг,

шүүгчийн туслах Э.Б-ээс гэрчээр өгсөн “...Шүүх хуралдаан 08-ны өдөр болсон. Тэрнээс хойш 12 сарын 11-ний өдөр байхаа нэг эмэгтэйн хамт Д.Б гуай ирээд "намайг эндээс юм авчир гэсэн" гэж хэлсэн. Тэгэхэд нь би юу билээ гэж бодоод хэргээ үзэхэд хэрэгт сөрөг нэхэмжлэл байсан тул тэрийг гэж ойлгосон. Нэхэмжлэл гардуулах ажиллагааг Д.Б гуайд гардуулах нь зөв эсэхийг шүүгчээс асуухаар сөрөг нэхэмжлэл, гардуулах баримтаа бэлдээд байж байтал шүүгч дээрээс буугаад ирж таарсан. Тэгэхэд нь би шүүгчид байдлыг танилцуулсан. Шүүгч "Б гуай таны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-т өгсөн итгэмжлэл хүчин төгөлдөр байгаа. Танаас гаргасан "шүүхэд энэ хүмүүс л төлөөлнө" гэсэн хүсэлт хэрэгт авагдсаны дагуу таны төлөөлөгч, өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Шүүх хуралдаанд цахимаар оролцоход нь энэ тухай тодорхой хэлсэн. Хэрэв та итгэмжлэлээсээ татгалзвал өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, одоогоор Н-т өгсөн итгэмжлэл тань хүчин төгөлдөр байгаа тул түүнд гардуулна гэх зэргээр тайлбарласан. Шүүгч тайлбарлачхаад өрөө рүүгээ дээшээ явсны дараа Д.Б гуай явсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн болно.

Мөн шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзах бол шүүхийн туслахыг байлцуулна. Энэхүү урьдчилсан нөхцөлийг хангаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан зөрчилд тооцогдоно.

Шүүгч Б.Эрдэнэмөнх нь өөрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Б-тай 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн байранд тохиолдлын шинжтэй санамсаргүй байдлаар шүүгчийн туслахуудын албан өрөөнд уулзсан гэх үйл баримт тогтоогдож байх хэдий ч ингэхдээ нэхэмжлэл болоод түүний үндэслэл, шаардлага, хэргийн үйл баримтын талаар огт яриагүй байх тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй талаар илтгэгч гишүүн зөв дүгнэсэн байна.

З. Өргөдлийн: “...Б.У-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг нураалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүгч Б.Эрдэнэмөнх урьд өмнө хянан шийдвэрлэхдээ иргэн Д.Б-г иргэний хариуцагчаар оролцуулахаас татгалзаж эрхийг нь хязгаарлаж байсан” гэх тухайд:

            Шүүгч Б.Эрдэнэмөнх нь Б.У-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох “Үл хөдлөх хөрөнгийг нураалгаж, газар чөлөөлүүлэх тухай” иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин тус иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 00878 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс хянан үзээд хэвээр үлдээн, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4. Өргөдлийн: “...Үндэслэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн” гэх тухайд:

            Д.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-т холбогдох иргэний хэргийг хэлэлцсэн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс “...Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 00878 дугаар шийдвэртэй, Б.У-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох иргэний хэргийн маргааны зүйл нь энэхүү иргэний хэргийн маргааны зүйлтэй адилхан ба хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан тул хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг холбогдох баримтыг хамт гаргасныг шүүгчийн 149/ШЗ2024/*** дугаар захирамжаар хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр хуульчилсан.

            Шүүгч Б.Эрдэнэмөнх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байх ба үүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 149/ШЗ2024/*** дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргаж хянуулах эрх нь нээлттэй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, шүүгч Б.Эрдэнэмөнх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.18, 50.1.20, 50.1.23, 50.1.35-т заасан сахилгын зөрчил гаргаагүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2026/0074 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнхөд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

                                    ГИШҮҮН                                          Г.ЦАГААНЦООЖ,                                                                                                              Д.ЭРДЭНЭЧУЛУУН