
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-06-11
Дугаар 77
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2026/0061 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Өргөдөл гаргагчаас шүүгч Г.Батзаяад холбогдуулан “ ...хэргээс татгалзан гарсан атлаа өөрийн эрх, мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хариуцагч О.Б--ын давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхэд, мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
1. Шүүхийн шийдвэр гардуулсан баримтаас үзвэл анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 00603 дугаартай шийдвэрийг хариуцагчид 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гардан авчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг шүүгч 14 хоногийн дотор бичиж албажуулах бөгөөд энэ хугацаанаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд өөрсдөө хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг үүрэгжүүлсэн.
Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх шийдвэрийг хүргүүлэх үүрэг хүлээхгүй, өөрсдөө шүүхэд ирж гардан авна гэж ойлгох ба түүнчлэн тухайн талын давж заалдах гомдол гаргах хугацаа нь шийдвэрийг шүүхэд ирж гардаж аваагүй бол хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасан журмын дагуу хуульд заасан хугацаа өнгөрсөн өдрөөс тус тус тоологдоно.
Иймээс шүүхийн шийдвэр 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр гарснаас хойш хариуцагчид 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гардан авч, давж заалдах гомдлоо 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталгаат шуудангаар шүүх рүү хүргүүлсэн талаарх баримтыг үнэлэн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн шүүгчийн ажиллагаа хуульд нийцсэн байна.
Мөн хариуцагч нь давж заалдах гомдлоо анх гаргахдаа шийдвэрийг хэзээ гардан авч, хэзээ баталгаат шууданд хийсэн талаарх баримтаа шүүхэд өгөөгүйгээс үүдэн гомдлыг буцаах үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан “...О.Б-ын давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхэд нөлөөлсөн” гэх үйл баримтыг тодруулахаар хүсэлт шийдвэрлэсэн шүүгч Ч.Байгалмаагаас гэрчээр асуухад “нөлөөлсөн зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул өргөдлийн уг үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар Б.Гантөмөр нь хариуцагч О.Б-т холбогдуулан “***” нэхэмжлэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасныг, шүүгч Г.Батзаяа хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн холбогдох хуульд заасан ажиллагааг явуулсан байна.
Улмаар шүүгч Г.Батзаяагаас 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус хэргийн хариуцагч О.Б-тай төрөл, садны хамааралтай гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргаж, Ерөнхий шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай захирамжаар хүсэлтийг хангасан үйл баримт тогтоогдсон.
Холбогдох шүүгч нэмэлт тайлбартаа “...иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгчийн туслах дээр хэрэг байж, хариуцагчийг дуудах, нэхэмжлэлийн хувийг гардуулах, зохигчдод эрх, үүрэг тайлбарлах зэрэг ажиллагаануудыг хийдэг тул тус хэрэг шүүгчийн туслах В.У дээр байсан, ...хариуцагч О.Б нь шүүхэд хариу тайлбарыг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлснийг, шүүгчийн туслахаас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр надад танилцуулсан тул миний бие 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр татгалзах тухай хүсэлтээ Ерөнхий шүүгчид гаргасан” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т “уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садны холбоотой хүмүүс орсон байвал” шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.1-д заасан “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч ... энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй”, мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах...” үүрэгтэй гэж тус тус заасан.
Шүүгч Г.Батзаяа нь хариуцагч О.Б-тай төрөл, садны хамааралтай талаар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэн даруй 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ерөнхий шүүгчид хүсэлт гарган шийдвэрлүүлсэн нь дээрх хуульд нийцсэн байна.
Иймд ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдсээр байж хэргийг санаатайгаар нуун дарагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин дээрх байдлаар төрөл, садны хамааралтай гэдгээ мэдсэн дариуд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан, түүнчлэн Ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэсэн байх тул шүүгч Г.Батзаяаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 44 дүгээр зүйлийн 44.1-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж тус тус заасан.
Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх, мөн нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргээ биелүүлээгүй тохиолдлыг сахилгын зөрчилд тооцохоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7, 50.1.39-т заасан.
Уг иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн болох шүүгч Л.Н, Ч.Б, Т.Г нараас “шүүгч Г.Батзаяа хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн” эсэх талаар гэрчээр асуухад “нөлөөлсөн зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн ба энэ асуудлаар шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байна.
Мөн өргөдөл гаргагч Б.Г-ийн гар утсанд үзлэг хийхэд хариуцагчийн *** дугаарын утаснаас өргөдөл гаргагч руу: “...Сайн байна уу, сайхан намаржиж байна уу, Би хотод байна. 4 сая төгрөг байна. Энүүгээр эвлэрэх санал байна. Бид өмгөөлөгч аваад дахиад мөнгө төлнө, давахаас анхан руу дахиад 1-2 жил шүүхээр явах юм байна. Та юу гэж бодож байна” гэх зурвас бичсэн байна.
Гэхдээ дээрх зурвасын утга, агуулгаас үзвэл шүүгч Г.Батзаяагаар дамжуулан бусад шүүгч нарт “шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэж шууд дүгнэх боломжгүй ба түүнчлэн “нөлөөлсөн” гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэж заасан шүүгчид хориглосон зөрчлийг гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Г.Батзаяа Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус шүүхэд иргэний хэрэг маргаан дагнан шийдвэрлэдэг шүүгчээр ажиллаж байгаа.
Иргэн Б.Г-ийн нэхэмжлэлтэй О.Б-т холбогдох *** шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тус хэргийн хариуцагч О.Б-ын эхнэр Д.Д нь миний үеэл эгч учир миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-д зааснаар тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг гаргасан. Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай захирамжаар татгалзан гарах хүсэлтийг хангаж, тус хэргийг шүүгч Ч.Б-д шилжүүлсэн.
Миний бие болон тус шүүхийн /анхан, давах/ бусад шүүгч нар нь Монгол улсын шүүгчийнхээ хувьд өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шүүгчийн ёс зүйг чанд сахин ажилладаг. Анхан шатны шүүгчийн хувьд давж заалдах шатны шүүхийн шүүгч нараас мэргэжлийн болоод ёс зүйн хувьд үлгэрлэн дуурайж суралцдаг, Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан бусад шүүгчид нөлөөлөхгүй байх, бусдын нөлөөнд орохгүй байх чиг үүргийнхээ хүрээнд аливаа хэлбэрээр бусдад нөлөөлөх үйлдэл гаргаагүй. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэснийг миний бие зөрчөөгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Г нь Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяад холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “шүүгч Г.Батзаяа нь хэргээс татгалзан гарсан атлаа өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж хариуцагч О.Б-ын давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхэд, мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Г-ийн О.Б-т холбогдуулан гаргасан “***” нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 03 дугаар сарын 10-ны өдөр гардуулсан байх ба хариуцагч 04 дүгээр сарын 08-ний өдөр хариу тайлбараа ирүүлж, улмаар шүүгч 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч О.Б-тай төрөл, садны хамааралтай гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасныг ерөнхий шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” 91.1.2 “уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, ...”, 92 дугаар зүйлийн 92.1-д “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч ... энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, ... мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгч Г.Батзаяа нь дээрх иргэний хэргийн хариуцагчтай төрөл садан гэдгээ мэдсэн даруйд татгалзан гарах хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн нь хуульд нийцсэн, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн, тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчид шуудангаар хүргүүлсэн, хариуцагч 10 дугаар сарын 04-ний өдөр давж заалдах гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн ч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэлэлцүүлэхээс татгалзсан, хариуцагч давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүгч Ч.Б 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй талаар илтгэгч гишүүн тодорхой, зөв дүгнэлт хийжээ.
Мөн хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэхэд болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт шүүгч Г.Батзаяаг нөлөөлсөн гэж үзэх үндэслэл шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
Ийнхүү илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул шүүгч Г.Батзаяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2026/0061 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Х.Хашбаатар
Д.Эрдэнэчулуун