
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-06-25
Дугаар 88
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжинд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2026/0064 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “1. Өргөдөл гаргагч “...Шүүгч Б.Бээжин нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан хэлэлцэн, нотлох баримтыг үнэлэхдээ: хариуцагч талаас албан ёсоор мэдэгдэн дурдсан шүүхэд гаргаж өгөөгүй 10 хуудас бүхий шинэ нотлох баримтыг хариуцагч талаас нууцаар авсан, ийм нотлох баримт шүүхэд шинээр ирсэн талаар шүүх хуралдааны бусад оролцогч буюу нэхэмжлэгч талд танилцуулаагүй, нуун дарагдуулан хүлээн авсан, хариуцагч талаас нотлох баримт хүлээн авсан талаар шүүх хуралдааны өмнө бусад оролцогч буюу нэхэмжлэгч талд мэдэгдэж танилцуулаагүй, хариуцагч талаас нотлох баримт гаргаж байгаа талаар ямар нэгэн тайлбар хүсэлт 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурал /тэмдэглэл/-д огт хэлэлцэгдээгүй, шинээр өгсөн гэх баримт нь ямар замаар, хэрхэн шүүгчид очсон, авсан болох нь тодорхойгүй “нотлох баримт”-ыг шүүгч үнэлэн, дүгнэлт хийсэн...” гэжээ.
Шалгах ажиллагааны хүрээнд цугларсан баримтуудаас үзвэл “*** СӨХ-ны нэхэмжлэлтэй Э.Ц-д холбогдох гэрээний үүрэгт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасныг шүүгч С.О-д хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар тогтоолын дагуу тус иргэний хэрэг шүүгч Б.Бээжинд шилжсэн байна.
Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр явуулсан байх ба хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А нарыг оролцуулан хийсэн.
Тус хуралдаанд даргалагчаас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахдаа “...2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хүсэлт гаргах нь хэрэгт дараах баримтуудыг шаардлага хангасан байдлаар хүргүүлж байна. Төлбөр төлсөн баримт, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ...үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нийт 10 хуудас баримтыг өгсөн байна.” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргаж өгсөн 10 хуудас баримтыг шинжлэн судалж, тус баримттай холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Би дараа нь хэлье гэж бодоод байж байлаа. Яагаад гэвэл шүүх хуралдааны дэг гэж байгаа. Хүсэлт байна уу гэж яваагүй. Надад бол байгаагүй. Эдний талаар бол юм гаргаж өгөөгүй. Харин хариуцагчийн тайлбар явж байхад худалдах, худалдан авах гэрээ ярьсан. Тэгээд би худалдах худалдан авах гэрээ орж ирэх юм байна. Эд нар өөрсдөө бодоод явж байгаа юм байна гэсэн чинь ийм ойлгомжгүй асуудал үүсэж байна. Гэнэт наадах чинь албан ёсоор өгөөгүй баримт байхгүй юу. Би албан ёсоор баримт өгч байна гэж хэлж байж, би танилцаад энэ баримт хавтаст хэрэгт орох ёстой. Ийм процесс огт явагдаагүй. Энэ баримтыг үнэлэх ёсгүй. Үнэлэх юм бол наадах чинь алдаа болно. Хариуцагч тайлбартаа худалдах, худалдан авах гэрээний асуудал яриад, уншаад явсны дараа би өөрийнхөө байр суурийг дэс дараагаар хэлье гэсэн байр суурьтай сууж байна. ...танилцуулаагүй, өгөөгүй баримт. Албан ёсоор гаргаж өгөөгүй баримт” гэх тайлбарыг гаргасан болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт бичигджээ.
...Шүүх хуралдаанд оролцсон нарийн бичгийн дарга Э.А гэрчээр “...хурал болохоос өмнө хариуцагч талаас хэргийн материалтай танилцаж байхдаа энийг ард нь хийе гээд юм хийж байсан. Тэгээд шүүгч орж ирээд би шүүгчид хэргийг өгсөн. Эхлээд нэхэмжлэгч танилцсан байсан. ...хурал эхлэхийн өмнө болсон. ... нэхэмжлэгч талд танилцуулаагүй байх сайн санахгүй байна. Хариуцагч талаас хэргийн ард баримт хийхээр нь өмнө нь өгсөн баримтаа нотлох баримтын шаардлага хангуулаад өгч байгаа юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлгийг,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М гэрчээр “...Хуралдааны танхимд эхлээд манай нөгөө төлөөлөгч бид хоёр түрүүлж орж ирээд нарийн бичгийн даргад баримтуудыг өгсөн. Дараа нь нэхэмжлэгч орж ирэхэд нарийн бичгийн дарга ийм баримтууд ирсэн байна гэж нэхэмжлэгчид танилцуулсан. Энэ нь шүүгчийг хүлээж байх хооронд болсон. Нэхэмжлэгч өөрөө баримтыг хараад аан за за гээд хурлаас өмнө баримтуудтай танилцсан, шүүгч бас хурал дээр баримтуудтай танилцах уу гэж асуусан” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
Дээрх тайлбар, мэдүүлгүүдээс үзвэл хариуцагч тал шүүх хуралдааны өмнө хуралдааны нарийн бичгийн даргад тухайн 10 хуудас баримтуудыг өгсөн, шүүгчээс тус баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй байх ба хуралдаан эхлэхэд хэргийн оролцогч нараас шинээр гаргаж өгөх санал, хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг асууж тодруулаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
Мөн шүүгч *** дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэртээ “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримт болох Б.Н, Э.Ц нарын хийсэн *** бүртгэлийн дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”, мөн үлдэгдэл төлбөр төлсөн зэрэг баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судалсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцахгүй гэсэн болохыг дурдах зүйтэй” гэж хариуцагч талын хуралдаанаас өмнө гаргаж өгсөн баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ээс дээрх өргөдөлд дурдсан үндэслэлээр тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж, *** дугаар магадлалаар “...анхан шатны шүүх хариуцагчийн талаас гаргасан баримтыг нэхэмжлэгч талд танилцуулж, мэтгэлцүүлээгүй атлаа уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож маргааныг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх залруулах боломжгүй байна. ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Л нараас 2025.12.25-ны өдөр нийт 10 хуудас баримтыг гаргасан байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасан хэргийн оролцогчид хэргийн үйл баримт, гэм бурууг байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, талууд нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш оролцох талаар мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шүүгч хариуцагч талаас өгсөн нотлох баримттай нэхэмжлэгч талыг танилцуулаагүй, тухайн баримттай холбоотой тайлбар гаргах боломжийг олгоогүй, тус баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэж заасан хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг зөрчсөн төдийгүй, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.4 дэх хэсэгт “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасан мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан байна.
Шүүгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд хамаарах боловч тус сахилгын зөрчлийн “удаа дараа” болон “ноцтой” гэх урьдач нөхцөлийг хангахгүй байна.
Тодруулбал, “Ноцтой зөрчих” гэдгийг “...процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Шүүгч санамсаргүй техникийн шинжтэй алдаа гаргасныг хуульд заасан журмын дагуу засах боломжтой, зассан тохиолдолд зөрчил гэж үзэхгүй” гэж тайлбарласан.
Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж хүчингүй болгож, шүүгчийн гаргасан алдааг залруулсан байх тул шүүгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн “Удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд шүүгч нэг удаагийн зөрчил гаргасан байна.
Харин шүүгч дахин 2 удаа хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчил гаргасан тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасанд тооцогдох болохыг дурдах нь зүйтэй.
2. Өргөдөл гаргагч “...шүүгч Б.Бээжин нь хурлын явцад мэдүүлсэн зүйлийг мушгин гуйвуулан, асуулт тулган асууж, илт нөгөө талыг хамгаалсан шүүгчийн өөрийн байр суурийг тодорхой харуулж байсан бөгөөд хариуцагч талын төлөөлөгч нарын зүй бус, илэрхий намайг басамжилсан, дайрч давшилсан үйлдлийг хязгаарлаагүй, хурлын явцын энэ талаар тэмдэглэлд бүрэн тусгаагүй хууль бус үйлдэл нь Монгол Улсын шүүхийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн” гэжээ.
Шалгах ажиллагааны хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр зохигчид нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнд гаргасан тайлбараа нотолж хуралдаанд мэтгэлцсэн байх ба зохигчид тайлбар, мэдүүлэг гаргахдаа дайрч давшилсан, басамжилсан, шүүгч дэг сахиулах үүргээ биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдоогүй.
Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааны дэгийг сахиулах үүргээ биелүүлж оролцсон байх тул тэрээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан сахилгын зөрчил гаргаагүй байна.
Түүнчлэн тус сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.18-т “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжинд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Б.Бээжин Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... “***” СӨХ-ийн нэхэмжлэлтэй Э.Ц-д холбогдох орон сууц ашиглалтын төлбөр *** төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэн *** дугаартай шийдвэр гарсан байна.
...“***” СӨХ-ийн нэхэмжлэлтэй Э.Ц-д холбогдох орон сууц ашиглалтын төлбөр *** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед “шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэхийг хэргийн оролцогч нараас асуух үед” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нотлох баримт буюу “худалдах худалдан авах гэрээ”-г шүүх хуралдаанд гарган өгсөн ба шүүгч миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарган өгч байгаа нотлох баримттай “танилц” гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь “танилцахгүй” гэсэн тул шүүх хуралдаан үргэлжлэн шүүхийн шийдвэр гарсан байна. Б.С нь “хариуцагч талаас албан ёсоор мэдэгдэн дурдаж шүүхэд гаргаж өгөөгүй 10 хуудас бүхий шинэ нотлох баримтыг хариуцагч талаас нууцаар авсан, ийм нотлох баримт шүүхэд шинээр ирсэн талаар шүүх хуралдааны бусад оролцогч буюу нэхэмжлэгч талд танилцуулаагүй, нуун дарагдуулан хүлээн авсан" гэж “гүтгэсэн” гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй ба миний бие уг хэргийн хэн нэгэн оролцогчоос хэргийн материал авах, нуун дарагдуулах болон уулзах шалтгаан байхгүй болно. /уг хэргийн оролцогч нарыг танихгүй бөгөөд тааралдаж байгаагүй болно/.
...Иймд Б.С-ийн надад холбогдуулан гаргасан гомдол, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэрээр “***” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Э.Ц-д холбогдох “орон сууц ашиглалтын төлбөр *** төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Дээрх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэрийг гаргасан шүүгч Б.Бээжинд холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С гомдол гаргаж, үндэслэлээ “...хариуцагч талаас албан ёсоор шүүхэд гаргаж өгөөгүй 10 хуудас шинэ нотлох баримтыг ... шүүх хуралдааны бусад оролцогч буюу нэхэмжлэгч талд танилцуулаагүй, хариуцагч талаас нотлох баримт гаргаж байгаа талаар тайлбар хүсэлт гаргаагүй, хариуцагч талын төлөөлөгч нарын зүй бус, илэрхий басамжилсан, дайрч давшилсан үйлдлийг хязгаарлаагүй, хурлын явцын энэ талаар тэмдэглэлд бүрэн тусгаагүй” гэх агуулгаар тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.4-д “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг, 25 дугаар зүйлийн 25.1.1-т “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэж хэргийн оролцогчийн эрхийг заасан.
Гэтэл шүүгч 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “***” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Э.Ц-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгчид танилцуулаагүй нь дээрх хуулиар тодорхойлсон хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, мэтгэлцэх эрхийг зөрчсөн нь гэрчийн мэдүүлгүүд, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг болон давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар магадлалд “...анхан шатны шүүхийн хариуцагч талаас гаргасан баримтыг нэхэмжлэгч талд танилцуулж, мэтгэлцүүлээгүй атлаа уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож маргааныг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх залруулах боломжгүй байна. ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Л нараас 2025.12.25-ны өдөр нийт 10 хуудас баримтыг гаргасан байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй нь ...хэргийн оролцогчид хэргийн үйл баримт, гэм бурууг байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, талууд нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш оролцох талаар мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэснээр тогтоогдсон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтууд нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн илт тодорхой заалт мөн.
Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул шүүгчийг “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэхгүй, энэ талаар илтгэгч гишүүн дэлгэрэнгүй тодорхой дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Харин шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчлийг дахин хоёр удаа гаргасан тохиолдолд удаа дараа гэх урьдач нөхцөл хангагдаж, сахилгын зөрчилд тооцогдох болохыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн, өргөдөлд дурдсан бусад үндэслэлд илтгэгч гишүүн зөв дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2026/0064 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжинд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Х.Хашбаатар
Д.Эрдэнэчулуун