info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-11

Дугаар 78

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Б.Гансүх /цахимаар/, гэрч Б.О нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ГС/2026/0062 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“ ...Зөрчлийн хэргийг хүлээж аваагүй гэх нөхцөл байдлыг тодруулахаар Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Б.Э, тухайн үед мэдээлэл, лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байсан Н.М, эрх бүхий албан тушаалтан цагдаагийн ахмад Ц.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Гэрч Н.М “Би 2025 оны 09 дүгээр сард мэдээлэл, лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байгаад 10 дугаар сараас шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилласан. Сая 3 сараас эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар ажиллаж эхэлсэн. Цагдаагийн ахмад Э Б-т холбогдох зөрчлийн хэргийг авч ирсэн. Зөрчлийн хэргийг авч ирэхэд холбогдогч байгаагүй. Тухайн үед холбогдогчийг байлцуулах шаардлагыг би тавьсан. Зөрчлийн хэргийг хүлээж авахад холбогдогч байгаа эсэх мөн холбогдогч мансуурсан, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж авдаг журмаар асуусан, холбогдогч байгаагүй. Тэгээд холбогдогчоо авч ирээрэй гээд буцаасан. Намайг байхад 1 удаа авч ирсэн. ...Ер нь эрүүгийн хэрэг ч бай, зөрчлийн хэрэг ч бай холбогдогчийг байлцуулан хэргийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн авдаг. Шүүгч нар ч хэргийг шүүгдэгч, холбогдогчтой нь авдаг юм. Байгаа этгээдээ харж байгаад нөлөөллийн мэдүүлэг, эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулж, хуралдааны товоо мэдэгддэг болохоор байлцуулан авдаг. Зөрчлийн хэргийн холбогдогчоо авч ирсний дараа бүртгэж, шүүгчид хуваарилдаг...” гэж,

Гэрч Б.Э “А.Б-т холбогдох зөрчлийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх саналтай Цагдаагийн ахмад, эрх бүхий албан тушаалтан Ц.Э 2025 оны 11 болон 12 сард 2 удаа ирсэн. Холбогдогч байхгүй бол зөрчлийн хэргийг хүлээж авахгүй гээд буцааж байсан. ЭБАТ нь хэлэхдээ холбогдогч А.Б нь Улаанбаатар хотод байгаа, дуудаад ирэхгүй байгаа учраас авч ирэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэхээр нь би зөрчлийн хэргийг холбогдогчгүй авахгүй, нийтлэг аргачлалд заавал холбогдогчийг байлцуулан авна гэж зохицуулсан учраас холбогдогч байхгүй бол системд бүртгэх боломжгүй гээд буцааж байсан. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд зөрчлийн хэргийг хүлээж авахдаа зөрчилд холбогдогчийг биечлэн байлцуулж бүртгэнэ гэсэн 4.3.3.5 дахь заалтыг баримтлан холбогдогчтой ирүүлсэн байхыг шаардсан. Зөрчилд холбогдогчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх, мансууруулах бодис болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тусгай хэмжих багажаар тогтоогдсон тохиолдолд хэргийг хүлээн авахгүй гэсэн заалт байгаа. Намайг анх ажлаа хүлээж аваад удаагүй байхад Базарт холбогдох зөрчлийн хэрэг ирсэн. Ер нь эрх бүхий албан тушаалтан холбогдогчийг авч ирээд согтолтын зэргийг тогтоогоод шүүгчийн туслахад хүлээлгэж өгдөг. Шүүгчийн туслах эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсгийг нь зуруулаад хурлаа товлоод явуулна гэсэн байр суурьтай байдаг учраас холбогдогчийг байлцуулан зөрчлийн хэргийг авдаг. Одоо ялгаагүй холбогдогчийг байлцуулан зөрчлийн хэргээ аваад явж байгаа. Цагдаагийн газраас ЭБАТ-ууд нь зөрчлийн хэргийг холбогдогчтой нь авчирч өгдөг. Би “хэргийг системд бүртгээд шүүгчийн туслах эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсгийг нь зуруулаад хурлын товоо мэдэгдэх шаардлага үүсдэг юм аа, та холбогдогчоо хамтад нь аваад ирэх боломжтой юу, одоогийн байдлаар хүлээж авах боломжгүй байна” гэж хэлсэн. Би дахиад холбогдъё гээд хэргээ аваад гарсан...” гэж,

Гэрч цагдаагчийн ахмад Ц.Э “Увс аймгийн шүүхээс А.Б шүүх хуралдаанд ирээгүй гэх зөрчлийг шалгуулахаар Цагдаагийн газарт албан бичиг ирүүлсэн. Түүний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад хяналтын прокуророор хянуулж хэргийг шүүхэд өгөх гэсэн боловч мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Б.Э холбогдогч нь хаана байна вэ гэсэн. Би холбогдогч нь Улаанбаатар хотод оршин суудаг, ирэх боломжгүй байна гэж хэлсэн. Тэгсэн, “за би ерөнхий шүүгчтэй уулзаад ирье, та хүлээж байгаарай” гээд ерөнхий шүүгчтэйгээ уулзаад гарч ирсэн. Тэгээд заавал холбогдогчтой нь авах юм байна, таны хэргийг авах боломжгүй гээд буцаагаад өгсөн. Нийт 3 удаа хүргэж өгсөн. Сүүлд цагдаагийн газраас албан бичиг явуулсан ч хэргийг аваагүй. Дараа нь прокурорын газраас яриад хэргээ аваачаад өгөөрэй гэхэд нь 4 дэх удаагаа шүүхэд аваачиж өгсөн. Тэгээд хэргийг аваад шүүх хурал болсон. Ерөнхийдөө аймагт байдаг холбогдогч нарыг хэрэгтэйгээ хамт аваачиж өгдөг. А.Б-н хувьд Улаанбаатар хотод байдаг учраас заавал авчирч шүүх хуралдаанд оролцуул гэдэг шаардлага тавьсан байх гэж ойлгосон...” гэж тус тус мэдүүлжээ.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар”-ыг шинэчлэн баталж, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан, улмаар “Цахим шүүх 2.0” цөм систем нэвтрүүлж байгаатай холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 234 дүгээр тогтоолоор  өөрчилсөн байна.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаар тогтоолоор “Цахим шүүх 2.0” цөм системийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд туршин нэвтрүүлэх төлөвлөгөөг баталсан байх бөгөөд мөн өдрийн 177 дугаар тогтоолоор “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ыг баталсан.

Уг түр аргачлалын 2.1.2-т “Ажилтан” гэж тухайн шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнийг хэлнэ, 6.1-д “Ажилтан цаасаар ирүүлсэн зөрчлийн хэрэг, прокурорын дүгнэлт, гомдлыг ирсэн цаг, минутын дарааллаар, ажлын өдрүүдэд, ажлын цагаар хүлээн авч, бүртгэж, “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу тэмдэг дарж баталгаажуулан хүлээн авна”, 6.2-т “Ажилтан зөрчлийн хэргийг хүлээж авахдаа дараах ажиллагаа хийгдсэн эсэхийг шалгана”: 6.2.5 “зөрчилд холбогдогчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх; /Мансууруулах бодис болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тусгай хэмжих багажаар тогтоогдсон тохиолдолд хэргийг хүлээн авахгүй/”, 6.3-т “Ажилтан энэ аргачлалын 6.2-т заасан ажиллагааны аль нэг нь дутуу, эсхүл алдаа, зөрчилтэй байвал зөрчлийг арилгуулахаар буцаана” гэж тус тус заажээ.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс орон нутгийн шүүхийн захиргааны ажилтнуудад  сургалт хийхдээ түр аргачлалыг баримталж зөрчлийн хэргийг хүлээж авахыг мэдэгдсэн нь гэрч Б.Э-гийн “...Манайд хэргийн хөдөлгөөний аргачлалтай холбоотой сургалт орсон. ...Зөрчилд холбогдогчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх, мансууруулах бодис болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тусгай хэмжих багажаар тогтоогдсон тохиолдолд хэргийг хүлээн авахгүй гэсэн заалт байгаа. Саяхан мэдээлэл, лавлагааны мэргэжилтнүүдэд сургалт орохдоо энэ аргачлалыг тайлбарлаж байсан. Үүний дагуу зөрчлийн хэргийг хүлээж авна гэж бид нарт заасан” гэсэн мэдүүлгээр нотлогдоно.

Дээр дурдсан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаар тогтоолоор баталсан “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ыг баримтлан Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн нь “зөрчлийн хэргийг холбогдогчтой нь хамт хүлээн авах” шаардлага тавьж, А.Б-т холбогдох зөрчлийн хэргийг хүлээн аваагүйд шүүгч нарыг буруутгах үндэслэлгүй байна.

 Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэргийг хүлээн авах нь тухайн шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд хэргийг хүлээн авч системд бүртгэснээр шүүгчид хуваарилагддаг тул ийнхүү системээр хуваарилагдсан хэргийг шүүгч хүлээн авахаас татгалзсан үйлдэл гараагүй.

Түүнчлэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн баталсан аргачлалд удаа дараа нэмэлт өөрчлөлт орсон, давхар түр аргачлал баталсантай холбоотойгоор шүүхүүд зөрчлийн хэргийг хүлээн авахдаа аль аргачлалыг баримтлах нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байх ба үүний улмаас шүүх зөрчлийн хэргийг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

Шүүгч Б.Гансүх, Б.Мөнхзаяа нар Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Монгол Улсын иргэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүрэгтэй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдогч нь шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, тэдгээрийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй.

Гэтэл холбогдогч нь тус зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд нэг ч удаа биечлэн оролцоогүй, эрх бүхий албан тушаалтны дуудсанаар хүрэлцэн ирээгүй болох нь дээр дурдсан, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, сахилгын мэдээлэлд дурдсанаар холбогдогч нь 2800 км явах боломжгүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн атлаа, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Э-н дуудсанаар хүрэлцэн очихгүйгээр тайлбар хүргүүлж байгаагаас үзвэл тэрээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон оролцогчийн үүргийг удаа дараа зөрчсөн байна.

Нөгөөтэйгөөр эрх бүхий албан тушаалтан болох Увс аймгийн цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Э нь дуудах хуудсаар 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэг удаа дуудсан байх бөгөөд өөрөөр холбогдогчийг дуудсан талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй байна.

2. Шүүхэд зөрчлийн хэргийг хүнтэй нь авах шаардлагын тухайд:

Сахилгын мэдээлэлд дурдсан хугацаанд болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний сугалаагаар томилох нийтлэг журам, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал зэрэгт эрүүгийн болон зөрчлийн хэргийг хүний хамт хүлээлгэн өгөхөөр зохицуулаагүй боловч яллагдагч, холбогдогчийн хамт хэргийг хүлээн авдаг шүүхийн практик Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа болно.

Тухайлбал, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.1.1-д эрүүгийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авах журмыг, мөн тус журмын 4.3.1-д зөрчлийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авах журмыг тус тус зохицуулсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, тасралтгүй явуулах зорилгоор зөрчлийн болон эрүүгийн хэргийг хүнтэй нь хамт шүүх хүлээн авдаг. Тухайлбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрх бүхий албан тушаалтны ирүүлсэн зөрчлийн хэргийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд шүүхээс гаргасан шийдвэр нь уншиж сонсгомогц хүчин төгөлдөр мөрдөгддөг. Энэхүү хуулийн үзэл санаа нь хэргийг шуурхай, хурдан шийдвэрлэх тул хэргийг хүлээн авсан даруй оролцогчдод хэргийн материал, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, шүүх хуралдааны тов мэдэгдэх зэрэг ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай байдаг.

Учир нь орон нутгийн хувьд хэргийн ихэнх оролцогч нар нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг тул сүлжээгүй газарт нүүдэллэж оршин суух зэргээс үүдэж дээр дурдсан ажиллагааг хийж чадахгүй байдалд хүрснээр хуулийн хугацаанд хэргийг хянан шийдвэрлэж чадахгүй цаг хугацаа алдах, оролцогч нэг талыг хохироох, чирэгдүүлэх зэрэг бэрхшээл учирдаг. Ийм учраас зөрчлийн болон эрүүгийн хэргийг хүний хамт шүүх хүлээн авдаг практик тогтсон.

Мөн хэргийн онцлогоос хамаарч хэргийг шуурхай богино хугацаанд шийдвэрлэх шаардлага үүсдэг. Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн холбогдогчийн зан байдал, зөрчил үйлдсэн нөхцөл байдлаас шалтгаалж хэргийг шуурхай шийдвэрлэх шаардлагатай болдог тул зөрчлийн хэрэг холбогдогчийн хамт ирсэн даруй буюу тухайн өдөрт нь шийдвэрлэдэг.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хувьд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтсон практикийг, яллагдагч, холбогдогч хүндээр өвдсөн, төрсөн, эмчилгээ хийлгэж байгаа, цагдан хоригдсон, хорих ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд хэрэгжүүлж ирсэн. Тус зөрчлийн хэргийн холбогдогч А.Б-г зөвхөн хэргийн хамт авна гэж тусгайлан /ялгаварласан/ шаардлага тавиагүй. Аливаа төрийн байгууллага, түүний дотор шүүх эрх мэдэл, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллага нь хүний нийгмийн байдал, албан тушаал, боловсрол, мэдлэг чадвар, оршин суугаа газар зэргээс үл шалтгаалж хууль ёсны шаардлагыг алагчлахгүйгээр адил тавих ёстой.

Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын хүрээнд хуульч, өмгөөлөгч ажилтай А.Б, бага боловсролтой малчин “Б”-ч шүүхийн өмнө хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хүлээсэн үүрэг, хууль ёсны шаардлагыг биелүүлэх ...ёстой. Иймд эрх бүхий албан тушаалтан холбогдогч А.Б-г хэрэг бүртгэлт явуулж буй байгууллагад хүрч ирэхийг шаардаж буй нь хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа хууль ёсны шаардлага юм.

Мөн эрүүгийн болон зөрчлийн хэргийг хүнтэй нь авдаг шүүхийн практикийг үгүйсгэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй болох зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, хурдан явагдах боломжгүй болно.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэх тухайд:

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Э мэдээллийнхээ хууль зүйн үндэслэлийг “...Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажуулсан “...хүн бүр шударга шүүхээр шүүлгэх..., зүй бусын хойшлуулалтгүйгээр шүүгдэх..., халдашгүй чөлөөтэй байх..., өөрийгөө өмгөөлөх эрхтэй...” гэсэн зохицуулалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй болжээ. Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан ба Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх, тус шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нар Шүүхийн тухай хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн” гэх агуулгаар тайлбарлажээ.

“Зөрчлийн хэргийг хүнтэй нь хүлээн авах тухай” шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл бус Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан холбогдогчийн үүрэгт суурилсан хууль ёсны шаардлага юм. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тодорхойлсон хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.

 

Шүүгч Б.Мөнхзаяа нэмэлт тайлбартаа:

“...2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл, нийт шүүгчдийн чуулганд оролцох, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалтад оролцох зэрэг шалтгаанаар Улаанбаатар хотод байсан. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс ажилдаа ороод удаагүй байхад Увс аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Э нь холбогдогч А.Б-г албадан ирүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Уг хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЗЗ/*** дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Эрх бүхий албан тушаалтан Ц.Э нь уг хүсэлтийг өгөхөөс өмнө /цаг хугацааны хувьд сайн санахгүй байна. 09 дүгээр сарын сүүлээр, эсхүл 11 дүгээр сарын эхээр байж магадгүй/ миний өрөөнд орж ирсэн бөгөөд тухайн үедээ “холбогдогч А.Б ирэхгүй байна, хүнгүй гээд хэрэг авахгүй байна” гэх агуулгатай зүйл хэлэхээр нь “хүнтэй нь авдаг нэг стандартаа л мөрдөнө” гэх агуулгатай зүйл би хэлсэн.

Өөрөөр миний хувьд эрх бүхий албан тушаалтан хэргээ өгөхөөр хэдэн удаа ирсэн, хэн татгалзсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед мэдээлэл лавлагааны ажилтнаар Н.М ажиллаж байсан тул энэ талаар түүнээс тайлбар авсан нь зүйтэй гэж үзэж байна. Мөн эрх бүхий албан тушаалтан Ц.Э нь энэ талаар тодорхой мэдэх байх” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Э нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нарт холбогдуулан гаргасан мэдээлэлд илтгэгч гишүүн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ГЗҮ/2026/0044 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, улмаар 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2026/0062 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

            Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар илтгэгч гишүүний саналыг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

            Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Увс аймгийн цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Э 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тогтоол”-оор иргэн А.Б-н холбогдсон “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан” гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зөрчлийн хэргийн холбогдогчид шийтгэл оногдуулах арга хэмжээ авхуулах саналыг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч шүүх холбогдогчийг биечлэн байлцуулах шаардлага тавьж, зөрчлийн хэргийг хүлээж аваагүй.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЗЗ/*** дугаар захирамжаар Увс аймгийн цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Э-н “Холбогдогч А.Б-г албадан ирүүлэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзсан, 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗЗ/*** дүгээр шүүгчийн захирамжаар дахин хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2025 оны 11 болон 12 сард эрх бүхий албан тушаалтан тус зөрчлийн хэргийг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Шүүх холбогдогчийг биечлэн байлцуулах шаардлага тавьж, зөрчлийн хэргийг хүлээж аваагүй.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ЕШЗ/*** дүгээр захирамжаар А.Б-т холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар ерөнхий шүүгч Б.Гансүхийг албажуулсан, тус өдрийн 2026/ШЗ/*** дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагт товлосон, 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЗ/*** дугаар шүүгчийн захирамжаар холбогдогч А.Б-н ерөнхий шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагт товлосон.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЗТ/*** дүгээр тогтоолоор холбогдогч А.Б-н ерөнхий шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг хангахаас татгалзсан.

2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЗ/*** дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт товлосон, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ЗШ/*** дугаар шийтгэврээр холбогдогч А.Б-т холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.

Мэдээлэлд “...Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх А.Б-т холбогдох зөрчлийн хэргийг заавал холбогдогчийн хамт хүлээн авч шийдвэрлэнэ гэх хууль, журмаар зохицуулаагүй шаардлага тавьж, хэргийг хүлээж авахаас удаа дараа татгалзсан, үүнээс шалтгаалж 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 110 хоног хугацаа алдсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан зөрчил”  гэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар”-ыг шинэчлэн баталж, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан, улмаар “Цахим шүүх 2.0” цөм систем нэвтрүүлж байгаатай холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 234 дүгээр тогтоолоор  өөрчилсөн байна.

Уг аргачлалын 4.3.2-т заасан зохицуулалтаар Зөрчлийн хэргийг шүүх хүлээн авахдаа холбогдогчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх шаардлага тавигдаагүй байсан.

Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг шинээр байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаар тогтоолоор “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ыг баталсан бөгөөд уг түр аргачлалын 6.2.5 “зөрчилд холбогдогчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх; /Мансууруулах бодис болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тусгай хэмжих багажаар тогтоогдсон тохиолдолд хэргийг хүлээн авахгүй/”, 6.3-т “Ажилтан энэ аргачлалын 6.2-т заасан ажиллагааны аль нэг нь дутуу, эсхүл алдаа, зөрчилтэй байвал зөрчлийг арилгуулахаар буцаана” гэж тус тус заасан байна.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 195 дүгээр тогтоолоор тус аргачлалын “Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд” гэснийг хассанаар бүх анхан шатны шүүх уг аргачлалыг дагаж мөрдөхөөр зохицуулжээ.

Энэ талаар Шүүхийн сахилгын хорооны хуралдаанд гэрч Б.О /ШЕЗ-ын Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газарт Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч/: “ ...2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр цахимжилттай холбоотойгоор өмнө баталсан 229 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтөд тогтоолын 8 дахь заалтад энэ тогтоол батлагдсан өдрөөс цахим шүүх 2.0 цөм системтэй холбоотой хэсгийг нэвтрүүлэлтийн ажил үе шаттай уялдуулан тус тус дагаж мөрдөнө. Тэгэхээр зөрчлийн хэргийг хүнтэй авна, авахгүй гэсэн зохицуулалт байсан. Энэ аргачлалаар зөрчлийн хэргийг хүнгүй авах зохицуулалт оруулсан. Энэ нь эрх бүхий албан тушаалтан буюу цагдаа зөрчлийн хэргээ цахимаар шүүх рүү илгээх үед энэ аргачлал хамаарна. Одоогоор цахим ашиглалтад ороогүй учраас тогтоолын 8 дахь заалтад заасан үе шаттайгаар нэвтрүүлэх агуулгаар түр аргачлалыг баталсан байсан. Анх дүүргийн хялбар ажиллагааны шүүхэд баталсан байсан бөгөөд 21 аймагт нэвтрүүлж эхлэхдээ тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж 1.1-д хялбар ажиллагааны шүүх гэснийг өөрчлөөд хассан байгаа. Тэгэхээр анхан шатны бүх шүүх хэрэглэхээр зохицуулсан байгаа, ... шүүхүүд зөрчлийн хэргийг холбогдогчтой хамт хүлээж авах шаардлагыг тавьж байгаа. Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нарт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд түр аргачлалыг баримтлах талаар хэлсэн. Эрх бүхий албан тушаалтан цахимаар шүүх рүү илгээх зохицуулалт эхлэхээр тухайн үед зөрчлийн хэргийг хүнгүй авах зохицуулалтыг хэрэглэнэ гэсэн мэдээлэл өгч байгаа” гэх мэдүүлгийг өгсөн болно.

Дээрхээс үзвэл Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь А.Б-т холбогдох зөрчлийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авахдаа “зөрчилд холбогдогчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” шаардлага тавьсан нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-д нийцжээ.

Түүнчлэн, зөрчлийн хэрэг хүлээн авах ажиллагаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтны албан үүрэгт хамаарч байх тул уг үйл баримттай холбогдуулан шүүгч нарыг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байна. 

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл, шүүгч Б.Гансүх, Б.Мөнхзаяа нар нь “ ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргаагүй” гэх үндэслэлээр түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2026/0062 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

 

                        ГИШҮҮН                                          Г.ЦАГААНЦООЖ,

                                                                                    Ц.ДАВХАРБАЯР