
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-07-06
Дугаар 101
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох” саналд: “...“О” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Ц нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргалд холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...захирамжаа өөрчилсөн, захирамжид хуульд байхгүй үндэслэл зааж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн” гэх агуулгаар тодорхойлжээ.
Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл “О” СӨХ нь Б.Э-т холбогдуулан “СӨХ-ны төлбөрт ... төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг шүүгч Х.Оюунжаргал хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байх ба 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... дүгээр захирамжаар хангахаас татгалзсан, тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангахаас татгалзаж, захирамжийг хэвээр үлдээсэн, шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Өргөдөлд дурдсан нөхцөл байдлыг тодруулахаар шүүгчийн туслах Ж.Т-аас гэрчийн мэдүүлэг авахад “...2026 оны 3 дугаар сард байхаа манай хүсэлт шийдэгдсэн үү гэж асууж уулзсан. Тухайн үед шүүгчид хүсэлтээ танилцуулсан байгаа, шийдэгдээгүй байна, шийдэхээр нь танд утсаар мэдэгдэнэ гэж хэлээд явуулсан. Мөн тэр үед хэргийн материалтай танилцуулсан. Би тэгж хэлээгүй. Хүсэлт шийдээгүй, захирамж нь албажиж гараагүй байна гэж л хэлсэн. Тэр өдөр шүүгч шийдвэрээ бичээд өрөөндөө байсан. Яагаад гэвэл хүсэлт шийдсэн эсэхийг асуухаар шүүгч дээр ороход шийдвэрээ бичиж дуусаад хүсэлтийг шийдвэрлэнэ гэж хэлж байсан. Би захирамж гарсан гэдгийг утсаар мэдэгдээд 27-нд байхаа ирж захирамжаа авсан санаж байна. Тухайн үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор ийм захирамж гарч байгаа гэж огт хэлээгүй. Харин урд нь хариуцагчийн тайлбар ирэхээр нь нэхэмжлэгчид танилцуулахдаа СӨХ-ны төлбөр нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа байдаг талаар тайлбарлаж байсан. Би сүүлийн 3 долоо хоног өвчтэй байсан болохоор энэ хэргийн тухайд дахин хараагүй, сайн санахгүй байна. Ер нь хөөн хэлэлцэх хугацаа байдаг талаар танилцуулж ойлгуулсан нь дээр гэж үзээд танилцуулсан. 2019 оноос хойш хугацааны СӨХ-ны төлбөр нэхэмжилсэн байсан болохоор танилцуулах нь зөв гэж бодсон юм...” гэв.
Иймд шүүгчийн туслах, нэхэмжлэгчид “...танай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарч байгаа, төсөл нь шүүгч дээр байгаа, шүүгч хянаад гарын үсэг зурж албажуулж амжаагүй байна...”, “...шүүгч танай нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна ш дээ гэж байна, тэгээд ийм захирамж гаргаж байгаа...” гэж хэлсэн үйл баримт шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй төдийгүй шүүгчийн туслахын харьцаа хандлагатай холбоотойгоор шүүгчийг урьд гаргасан захирамжаа өөрчилсөн гэж буруутгах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, 69.1.3 “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” гэж заасан нь шүүгчид эрх олгосон хуулийн зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах эрх Сахилгын хороонд хуулиар олгогдоогүй билээ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Х.Оюунжаргал ирүүлсэн тайлбартаа: “...“...Нэхэмжлэгч “О” СӨХ-н төлөөлөгч Ж.Ц-гийн 2026 оны 03 дугаар сарын 09-нд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д заасан арга хэмжээ авхуулах хүсэлтийг туслахаас 03 дугаар сарын 23-нд танилцуулахад тодорхойлох хэсгээ бичээд өг гэсний дагуу бичиж өгсөн.
Хүсэлт ирсэн гээд танилцуулахаар нь тодорхойлохоо бичээд хэргээ өгөөрэй гэхэд, тодорхойлох бичээд хэрэг оруулаад ирэхээр нь амжвал өдөрт нь эсхүл 1, 2 хоногт бичээд өгдөг. Тэрнээс хүсэлтийг хангана, хангахгүй гэж урьдчилан хэлэх боломжгүй, хэргээ шүүгч үзэж, гаргасан хүсэлт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байгаа эсэхтэй танилцаж байж шийдвэрлэнэ. Тэрнээс туслах “танай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарч байгаа, төсөл нь шүүгч дээр байгаа, шүүгч хянаад гарын үсэг зурж амжаагүй байна” гэж хэлэх боломжгүй.
Мөн хүсэлт хангахаас татгалзсан захирамжийг гардуулахдаа нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас шүүгч ийм шийдвэр гаргасан гэж хэлсэн гэжээ. Шүүхэд хариуцагч хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардуулаад зөвшөөрсөн тайлбар ирүүлэхэд хуульд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн захирамж гаргана.
Харин хөөн хэлэлцэх хугацааны талаар маргах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шүүхийн шийдвэр гаргана. Иймд хүсэлт хангах эсэх нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй тул туслахаас тэгж хэлээгүй байхаа. Өөрөөс нь асуухад би тэгж хэлээгүй гэсэн.
“О” СӨХ-ийн төлөөлөгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 25-нд ... дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ “Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан 5 төрлийн арга хэмжээг авахдаа хэргийн нөхцөл байдлыг харгалзах, хэргийн оролцогчийн орлого олох эх үүсвэрийг хаасан эсэх, өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхээ хэргийн оролцогч чөлөөтэй хэрэгжүүлэх боломжтой эсэх, хариуцагч шүүхийн шийдвэрийг “биелүүлэх боломжгүй” бодит нөхцөл байдал бий болсон эсэхийг харгалзан үзэх байна. Түүнчлэн энэ хуулийн зохицуулалт нь шүүгчид үүрэг болгосон заалт биш, эрх олгосон заалт бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Э-ээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн нь тогтоогдохгүй байна” гэжээ.
Тус шүүгчийн захирамжид “О” СӨХ-ны төлөөлөгч Ж.Ц-гийн гомдол гаргасныг, 2026 оны 04 дүгээр сарын 08-нд ... дугаар шүүхийн тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтээр тодорхой арга хэмжээ авч болохыг хуульчилсан, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ байдаг.
...Сүүлийн үед банкууд, ББСБ, СӨХ-с шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт их гаргаж байгаа, хүсэлт ирүүлсэн хэргийн нэхэмжлэлийн үнийн дүн бага, хариуцагчид нэхэмжлэлийн хувиа гардуулаагүй, хариу тайлбар ирүүлээгүй байдаг. Хариуцагчид шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахад “хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад маргах эрхтэй ч энэ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй сөрөг үр дагаварт хүргэх нөхцөл байдалд хүрэх эрсдэлтэй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн мэтгэлцэх зарчим зөрчигдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй” байна. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт болгоныг шүүх хангана гэж ойлгож болохгүй юм.
...Х.Оюунжаргал миний ажиллагаанд байгаа хэрэг: 2026 оны 05 дугаар сарын 07-ны байдлаар ХХША-нд 1857 хэрэг, 509 хэрэг шийдсэн ч өдөрт ирэх нэхэмжлэлийн тоо нэмэгдэж байгаа тул гар дээр байгаа хэргийн тоо буурахгүй, мөн ажиллагаа хийж байгаа хэрэг рүү өдөр бүр нэг бүрчлэн орж амжихгүй байна.
...Энэ ажиллагааг гомдол гаргагч “О” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Ц мэдэж байгаа байх. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч дуудсан хугацаанд ирээд нэхэмжлэлээ гардаж аваад хүлээн зөвшөөрсөн тайлбар өгвөл хуулийн хугацаанд шүүхээр шийдэгдэж байгаа.
Тус шүүхэд болон шүүгч миний ажиллагаанд байгаа хэргүүдийн хуулийн хугацаа дууссан боловч хариуцагч нарыг ирүүлэн нэхэмжлэлийнхээ хувийг гардуулаад шийдэх, болж өгвөл хэргийг хэрэгсэхгүй болгохгүй /117/ байх бодлого барин ажиллаж байна.
...Шүүгч Х.Оюунжаргал миний төрсөн ах Х.Э нь Хэнтий аймагт ганцаараа амьдардаг, уушгины хорт хавдар нь эцсийн шатандаа орсон, эгч Х.Ц нь 70 гарсан эмэгтэй асардаг. Гэтэл ахын бие муудаж, явах шаардлага гарсан тул шүүгчид чөлөө олгох журамд зааснаар Ерөнхий шүүгчид 2026 оны 03 сарын 26, 27, 30, 31-ны ажлын 4 өдрийн чөлөө хүссэн хүсэлт 2026 оны 03 дугаар сарын 24-нд гаргасныг хангасан. 2026 оны 03 дугаар сарын 25-нд би ажилдаа 10 цаг өнгөрч байхад ирсэн. “О” СӨХ-н төлөөлөгч Ж.Ц-гийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д заасан арга хэмжээ авхуулах хүсэлтийг бичээд туслахад өгсөн. Ж.Ц-д туслах ...А нар юу гэж хэлснийг мэдээгүй, энэ талаар надад хэн ч юу ч хэлээгүй. Мөн энэ захирамжид 170-р гомдол гаргасныг ч мэдээгүй, хэрэг оруулж өгөөд 74 бичих гээд үзэхэд гомдол гаргасныг мэдсэн, гомдол гаргахад бичсэн зүйлийн талаар асуугаад чи тэгж хэлсэн юм уу гэж туслах Таас асуухад тэгж хэлээгүй л гэж хэлсэн. Мөн шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасанд сахилгын хэрэг үүсгэсэн талаар 2026 оны 04 дүгээр сарын 28-нд ярихад мэдсэн. Шүүгч 2026 оны 03 дугаар сарын 25-нд ажилдаа ирээгүй бол төлөөлөгч Ж.Ц-д 2026 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 08.30-д шүүгчийн захирамжийг гардуулах боломжгүй болох тул төлөөлөгч Ж.Ц-гийн “тухайн өдөр ажилдаа ирээгүй 17 цаг хүртэл хүлээсэн, ирээгүй тул явсан” гэсэн үндэслэлгүй, ингэж бичсэнд гомдолтой байна.
...Сүүлийн үед өөрөө 74 захирамж бичиж гүйцэхгүй /хугацаа алдаж/ байгаа тул 2 туслахаар 74 төсөл бичүүлээд хянаж байна. Туслахын бичсэн төслийг хянахгүй бол ямар нэгэн хайхрамжгүй алдаа буюу нэхэмжлэгч хариуцагч нарын нэр, регистрийн дугаарыг буруу бичих, нэхэмжлэлийн үнийн дүнг зөрүүтэй бичих алдаа гаргадаг тул хянасан үед хэвлэж байх талаар хэлдэг бөгөөд бичсэн төслийнх нь ард хянасан гэсэн үед туслах хэвлэн гарын үсэг зуруулдаг. Энэ мөн хүсэлт шийдэхэд адил явагддаг.
Шүүгч Х.Оюунжаргал миний ажиллагаанд байгаа хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дууссан олон хэргүүд байгаа боловч энэ нь шүүгчийн болон шүүхийн тамгын газраас үл хамаарч байгаа тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн “О” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Ц-гийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргалд холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн илтгэгч гишүүн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗҮ/2026/0056 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Өргөдөлд “...Тус шүүхэд 2025 оны 6 дугаар сард анх Б.Э-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл 10 гаруй сарын хугацаанд ...хэргийг шийдвэрлэхгүй удаашруулсаар байгаа болно. ...2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагийн үед шүүгчийн туслах н.Т-тай уулзаж мөн хүсэлтээ асуух үед ...Танай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарч байгаа, төсөл нь шүүгч дээр байгаа, шүүгч хянаад гарын үсэг зурж албажуулж амжаагүй байна.... гэсэн хариуг өгсөн. ...Маргааш нь буюу 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 8:30 минутад шүүх дээр ирж 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот шүүгчийн захирамжийг хүлээн авсан ба манай хүсэлтийг хангахаас татгалзсан болохыг мэдсэн. Энэ бүх нөхцөл байдлаас үзэхэд шүүгчийг ажилдаа ирээгүй талаар нь тодруулж, хүлээж байгаа талаараа мэдэгдэж, хэзээ ирэхийг нь асууж тодруулсны төлөө нэг өдрийн дотор гаргасан захирамжаа өөрчилж, захирамжид хуульд байхгүй үндэслэл зааж, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргалаа.” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “О” СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Э-т холбогдуулан “...СӨХ-ны төлбөрт ... гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан нь шүүгч Х.Оюунжаргалд хуваарилагдан, шүүгч 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ...дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуудан ирүүлэх хуудсыг Б.Э-т хүргүүлж, мөн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Б.Э-тэй шүүгчийн туслах холбогдоход “эмнэлэгт байна” гэж хэлсэн талаарх утсаар ярьсан тэмдэглэлийг хэрэгт хавсаргажээ.
Үүний дараа 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, албадан ирүүлэхийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.
Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, тус өдөр хариуцагч “...мөнгөө төлж барагдуулна эвийн журмаар шийдэж өгнө үү” гэх хариу тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгчээс 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан хариуцагчийн харилцах дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлт гаргаж, шүүгч 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... дүгээр захирамжаар “...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан 5 төрлийн арга хэмжээг авахдаа хэргийн нөхцөл байдлыг харгалзах, хэргийн оролцогчийн орлого олох эх үүсвэрийг хаасан эсэх, өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхээ хэргийн оролцогч чөлөөтэй хэрэгжүүлэх боломжтой эсэх, хариуцагч шүүхийн шийдвэрийг “биелүүлэх боломжгүй” бодит нөхцөл байдал бий болсон эсэхийг харгалзана. ...энэхүү хуулийн зохицуулалт нь шүүгчид үүрэг болгосон заалт биш, эрх олгосон заалт бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Э-ээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц-гийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Дээрх захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд, 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Мөн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.3 дахь хэсэгт “Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 752.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 752.3-т заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж зааснаас үзвэл “О” СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч ийнхүү хугацаа хэтэрсэн нь шүүгчээс шууд шалтгаалаагүй байх тул энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.
Тодруулбал, шүүгч Х.Оюунжаргал нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн, мөн хариуцагч нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүйгээс тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүгч 2968 нэхэмжлэл хүлээн авч, 5667 захирамж, 6 тогтоол, 1134 шийдвэр, 534 гүйцэтгэх хуудас, албан бичиг 111 албажуулан гаргаснаас үзвэл ажлын хэт ачаалалтай ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн хараат бус бүрэн эрхэд хамаарах тул шүүгчийг “...захирамжид хуульд байхгүй үндэслэл зааж, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан” гэх үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй.
Энэ талаар илтгэгч гишүүн “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, 69.1.3 “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” гэж заасан нь шүүгчид эрх олгосон хуулийн зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах эрх Сахилгын хороонд хуулиар олгогдоогүй билээ.” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Мөн өргөдөлд “...Шүүгчийн туслах н.Т ...шүүгч танай нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна ш дээ гэж байна, тэгээд ийм захирамж гаргаж байгаа гэж хэлсэн... гэж надад хэлсэн. ...Мөн шүүгчийн туслахын мэдээллээс үзэхэд шүүгч хэргийг хянан шийдвэрлэх хурлаас өмнө урьдчилаад ямар шийдвэр гаргахаа туслахдаа дамжуулж хэлээд дүгнэлт гаргаад байгаа нь маш ноцтой анхаарал татсан зүйл болно” гэжээ.
Дээрх өргөдөлтэй холбоотойгоор шүүгчийн туслах Ж.Т-аас гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “…Тухайн үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор ийм захирамж гарч байгаа гэж огт хэлээгүй. Харин урд нь хариуцагчийн тайлбар ирэхээр нь нэхэмжлэгчид танилцуулахдаа СӨХ-ны төлбөр нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа байдаг талаар тайлбарлаж байсан. …Ер нь хөөн хэлэлцэх хугацаа байдаг талаар танилцуулж ойлгуулсан нь дээр гэж үзээд танилцуулсан. 2019 оноос хойш хугацааны СӨХ-ны төлбөр нэхэмжилсэн байсан болохоор танилцуулах нь зөв гэж бодсон юм” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Ийнхүү шүүгчийн туслах нэхэмжлэгчид хэргийн нөхцөл байдлын талаар тайлбарласантай холбогдуулж шүүгчийг шүүхийн шийдвэрийг урьдчилж гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн өргөдөлд “...2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагийн үед шүүгчийн туслах н.Т-тай уулзаж мөн хүсэлтээ асуух үед ... Шүүгч өнөөдөр ажилдаа ирээгүй... гэсэн хариуг өгсөн. Ингээд 17 цаг хүртэл хүлээсэн боловч ирээгүй тул явсан.” гэж дурджээ.
Үүнтэй холбоотойгоор шүүгчийн туслах Ж.Т “...би тэгж хэлээгүй. Хүсэлт шийдээгүй, захирамж нь албажиж гараагүй байна гэж л хэлсэн. Тэр өдөр шүүгч шийдвэрээ бичээд өрөөндөө байсан.” гэх мэдүүлгийг, холбогдох шүүгч “...2026 оны 03 дугаар сарын 25-нд би ажилдаа 10 цаг өнгөрч байхад ирсэн. ... Шүүгч 2026 оны 03 дугаар сарын 25-нд ажилдаа ирээгүй бол төлөөлөгч Ж.Ц-д 2026 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 08:30-д шүүгчийн захирамжийг гардуулах боломжгүй” гэх тайлбарыг өгсөн байна.
Дээрх мэдүүлэг, тайлбараас үзвэл шүүгч Х.Оюунжаргал 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа ирээгүй гэх өргөдлийн үндэслэл үгүйсгэгдэж байх тул шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах” гэж заасан сахилгын зөрчил гаргаагүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд, илтгэгч гишүүний Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ГС/2026/0080 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргалд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Б.СУГАР
Д.МЯГМАРЦЭРЭН