info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-07-07

Дугаар 103

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга М.Нарансолонго нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Банзрагч, Д.Батбаатар, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох” саналд: “...А” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр тушаалын А” ХХК-д холбогдох хэсгийг,  Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.    

Тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар шийдвэрээр “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр тушаалын А” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас “А” ХХК-д хуульд заасан журмын дагуу нөхөн олговор олгох, дүйцүүлэн газар олгох эсхүл хохирлын асуудлыг шийдвэрлэх хүртэл дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.  

Зохигчид давж заалдах гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  ... дугаар  магадлалаар шийдвэрийн тогтоох хэсэгт 3 дахь заалт нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоолоор гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр тушаалын А” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл /энэ тогтоолын хянавал хэсгийн 20, 26-д заасан ажиллагааг хэрэгжүүлэх замаар/ тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж,  2 дахь заалтыг “...түдгэлзүүлсэн 6 сарын хугацаанд хариуцагч нар шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байна.

Холбогдох шүүгч нар тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д заасан “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх” 1/анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэснийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэж өөрчлөн найруулжээ. Үүнтэй уялдан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж өөрчлөн найруулсан ба 123.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэжээ. 

 Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т “хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана” гэж заасан ба нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол  хуульд заасан дээрх 2 үндэслэлийг хангаж байна гэж 5 шүүгч санал гаргасан тул гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн талаар танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолд тодорхой дурдсан байна. 

2.Монгол Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам”-ын 3.3-т “Хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх танхимын нийт шүүгчийн хуралдаанд тухайн танхимд ажиллаж байгаа бүх шүүгч оролцсоноор хуралдааныг ирцийн хувьд хүчинтэйд тооцно. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүгч биечлэн оролцох боломжгүй бол онлайнаар оролцож болно. Хуралдааны ирц хүрээгүй бол хуралдааныг хойшлуулж, энэ талаар танхимаас тогтоол гаргана”, 3.4-т “Танхимын нийт шүүгчийн хуралдааны ирц хуульд заасан үндэслэлээр хүрэлцэхгүй болсон тохиолдолд бусад танхимын шүүгчдээс сугалааны журмаар томилж оролцуулна”  гэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэх Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанд шүүгч М.Батсуурь чөлөөтэй тул бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсонтой холбогдуулан гомдлыг хэлэлцэх хуралдаанд оролцох 1 шүүгчийг сугалаагаар томилох  ажиллагааг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр явуулахад Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны зохион байгуулалт хариуцсан ахлах шинжээч Г.Гантогтох, нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг байлцуулан явуулахад шүүгч Э.Золзаяа 1 дугаартай сугалааг сугалж, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанд оролцохоор томилогдсон нь тус ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна. 

Монгол Улсын дээд шүүхийн /https://www.supremecourt.mn// сайтад байршуулсан шүүх хуралдааны зард Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар 8 гомдол,  Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар 40 гомдлыг тус тус хэлэлцэхээр товлон зарлажээ.

Холбогдох шүүгч нар тайлбартаа: “...Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон хурал ирц хүрэлцэхгүй болсны улмаас дээрх журамд заасны дагуу Иргэний хэргийн танхимаас шүүгч томилогдсон боловч мөн өдөр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан давхар товлогдсон байсны улмаас бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанд оролцох боломжгүй болсон, хуралдааны давхцалыг арилгах зорилгоор Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдуулахаар зохион байгуулалт хийсэн...” гэжээ.

Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журмын 3.2-т “хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааныг 7-14 хоног тутамд тогтмол хуралдуулна. Тухайн танхим 7 хоног бүрийн тогтмол хуралдах гараг, хуралдааны дэгээ өөрөө тогтооно” гэж, Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 04 дүгээр сарын ...-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ын 1.3-т “танхимын нийт шүүгчийн хуралдааныг танхим тус бүр 7 хоногт тогтмол нэг гарагт товлон явуулна. Хэргийн ачаалал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хуралдааныг 14 хоногт нэг удаа хийж болох бөгөөд шаардлагатай бусад тохиолдолд тухайн танхимын тэргүүн товлоно” гэж заасан.

Захиргааны болон Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаан давхацсаны улмаас Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны товыг урагшлуулсан нь дээрх баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгч Э.Золзаяа  хууль болон журамд заасны дагуу захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанд оролцсон байх тул өргөдөлд дурдсан “...тодорхойгүй шалтгаанаар хурлын товыг урагшлуулж, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар оруулж, “хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн” нь анхнаасаа хэргийн шийдэлд нөлөөлөх зорилгоор шүүх бүрэлдэхүүнийг сольсон, захиргааны хэргийн танхимын ирц ирц бүрдээгүй байхад иргэний танхимын шүүгчийг бүрэлдэхүүнд оруулж,хүчээр ирц бүрдүүлсэн...” гэх гомдол үндэслэлгүй.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5.т зааснаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шүүгчдийн зөвлөгөөнөөр батлах ба энэ нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд программ хангамжийг ашиглахаар 19.3-т заасан.

Өөрөөр хэлбэл, гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хэргийг хүлээн авсан дарааллаар хэрэг хуваарилах нэгдсэн программын дагуу санамсаргүй горимоор шүүгчид хуваарилах ба энэ талаар тогтоолд мөн дурджээ.

Улсын Дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журмын /https://www.supremecourt.mn// 1.3-т “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагч, илтгэгч болон танилцуулах шүүгчийг программ хангамж ашиглан томилох ажиллагаа нь “урьдчилан мэдэх боломжгүй байх”, “тойрог дотор санамсаргүй хуваарилах”, “хүний нөлөөллөөс ангид байх”, “ил тод байх”, “баримтжуулсан байх”, “шуурхай байх”, “ачаалал тэнцвэртэй байх” зарчмыг хангасан байна, 5.1-т “танхимын нийт шүүгчийн хуралдаанаас хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу тухайн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Танхимын тэргүүний туслах нэн даруй нэгдсэн системд бүртгэж, хэргийг хуваарилах ажиллагааг эхлүүлнэ”, 10.4-т “сонгох ажиллагааны явцыг дэлгэцийн бичлэгтэй хийж, бичлэгийг тухайн талбарт хавсаргаж хадгална...” гэжээ.

Гэрч  Ч.У “...“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гурван шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр биечлэн оролцсон. Өмгөөлөгч н.О зөвхөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох гэрээ байгуулсан учир хяналтын шатанд оролцоогүй. Би өөрөө өмгөөлөгч учир дахин өмгөөлөгч авч зардал гаргахгүй гэсэн тул аваагүй. Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч болон түүний гэр бүлийн хүнийг огт танихгүй, хэргийн хуваарилалт, шийдвэрлэлтийн талаар хэн нэгэнтэй ярьж байгаагүй, шүүх хуралдааны товыг надад мэдэгдэхдээ Г.Банзрагч шүүгчийн туслах байна гэж хэлсэн...”  гэж,

Гэрч Ч.Х “... Ч.Г захирал надад “Г.Банзрагч шүүгчийн нөхөр н.О нь “А” ХХК-ийн хэргийн хуваарилалтыг зохицуулсан, санаа зоволтгүй гэж хамт сууж байсан 2 хүндээ хэлсэн гэсэн агуулгатай зүйл ярьсан, 4 сард яригдаж байсан болохоор нэг бүрчлэн сайн санахгүй байна, ... хаана, хэзээ гэдгийг надад хэлээгүй...” гэж,

Гэрч П.О “...“А” ХХК болон тус компанийн удирдлага, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Удаанжаргал нарыг таньж мэдэхгүй. Царайг нь харахгүй бол Б.О гэх өмгөөлөгчийг мэдэхгүй байна.  “А” ХХК болон  “О” ХХК-ийн хоорондын маргаан дээд шүүхээр хянан шийдвэрлэх үед хэргийн хуваарилалт болон шийдвэрлэлтийн талаар хэн нэгэн хүнтэй яриагүй бөгөөд ийм зүйл яриагүй гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна..” гэж,

Гэрч Т.М “....танхимын нийт шүүгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул хуралдаан дуусмагц шүүгч нарыг байж байхад танхимаас бүртгэл хяналтын нэгдсэн систем рүү орж шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүн, илтгэгч шүүгчийг томилогдсон ба энэ ажиллагаа бичлэгээр баталгаажсан...” гэж тус тус мэдүүлжээ.

 Харин  өргөдөлд дурдсан ... болон компанийн зөвлөх гэсэн ... дугаарын утсаар холбогдоход 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “захирал Дархан-Уул  аймагт байгаа, өглөө тодруулаад хариу хэлнэ” гэж, 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “дарга ажилдаа ирээгүй байна, дугаарыг нь мэдэхгүй ирэхээр нь танилцуулаад хариу мэдэгдье” гэж, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “даргын туслахад мэдэгдсэн, хувийн дугаарыг мэдэхгүй, даргыг ирэхээр танилцуулаад хариу хэлнэ” гэж, мөн өдрийн үдээс хойш 16:25 цагт ярихад “гадаад руу ажлаар явсан холбоо барих боломжгүй, хэзээ ирэхийг мэдэхгүй” гэж, 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа гарсан, компанийн дугаарт залга гэсэн,  2026 оны 06 дугаар сарын ...-ны өдөр “даргад танилцуулаад мэдэгдье хувийн дугаарыг өгөхгүй” гэсэн тайлбар өгсөн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 22, 06 дугаар сарын 24, 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд залгахад утсаа аваагүй, мөн өргөдөлд дурдсан мэйлээр яаралтай холбогдох талаар мэдэгдсэн боловч хариу өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсанаас үзвэл, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх танхимын шүүгчдийн тогтоол гармагц программаар тойрог дотор санамсаргүй, тохиолдлын аргаар хуваарилагдаж, хуралдаан даргалагчаар шүүгч Ц.Цогт, илтгэгч шүүгчээр Г.Банзрагч, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, Д.Батбаатар нар томилогдсон нь тогтоогдож байна.

Хэрэг маргаан программаар хуваарилагдаж байгаа тохиолдолд хэн нэгэн этгээд, шүүгч хуваарилалтад нөлөөлөх ямар ч боломжгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

4.Өргөдөлд “...шүүх бүрэлдэхүүний зүгээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн гомдолд дурдсан үндэслэлүүд нь тогтоогдохгүй байгааг тодорхой асууж, илтгэж, ярьж байсан хэр нь шийдвэр гаргахдаа хурал дээр ярьсан зүйлээсээ эсрэг шийдвэр гаргаж, “нэхэмжлэгчийн гомдол нотлогдохгүй байхад зарим хэсгийг нь хангаж” шийдвэр гаргасан, түүнчлэн, шийдвэрээ бичгээр албажуулж гаргахдаа хурал дээр уншиж танилцуулсан шийдвэрээс зөрүүтэй  байдлаар “А” ХХК-д ашигтай байдлаар дүгнэн бичиж, тогтоолын хянавал, тогтоох хэсгүүд хоорондоо зөрчилтэй шийдвэр гаргасан...” гэжээ.

Дээрх гомдлын хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийж, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчоос асуусан асуултыг нэг бүрчлэн тодруулав. Үүнд:

Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн асууж тодруулна гэв. /Бичлэгийн 0:36:37-0:36:39/

Илтгэгч шүүгч: Нэхэмжлэгчээс эхлээд тодруулъя. Хилийн зааг тогтоосон Улсын их хурлын тогтоол өөрчлөгдөөгүй гэдэг нь тодорхой гэхдээ бодит байдалд цэгийн дагуу бэхжүүлэхдээ алдаа гаргасан байна гэдэг нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдож, анхнаасаа тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй байсан гэсэн үндэслэлээр 59 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Тэгэхээр танай зүгээс тусгай хамгаалалтай газар нутагт хамаарна гэж маргаж байгаа юм уу, эсвэл захиргааны гаргасан алдаанаас үүдэн бид хохирох ёсгүй гэдэг агуулгаар маргаж байна уу. Би тэгж маргаж байна уу гэж ойлгоод байгаа сая бол арай өөрөөр хэлээд байна гэхэд /Бичлэгийн 0:36:42-0:37:36/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тусгай хамгаалалттай газар нутагт
хамаарна гэж маргаж байгаа юм. /Бичлэгийн 0:37:37-0:37:41/

Илтгэгч шүүгч: Хэрэв тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна гэж үзэж
байгаа юм бол хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэх вэ гэхэд /Бичлэгийн 0:37:42-0:37:50/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хэрэгт авагдсан зургаар тусгай
хамгаалалттай газрын хилийн цэсийг тогтоох боломжгүй. Монгол Улсын их хурлын
тогтоол гарах ёстой... гэхэд /Бичлэгийн 0:37:51-0:38:01/

Илтгэгч шүүгч: Монгол Улсын их хурлын тогтоолоор тусгай хамгаалалттай
газар нутгийн хилийн заагийг тогтоосон байгаа. Тэр тогтоол өөрчлөгдөөгүй, өөрчлөх шаардлагагүй байгаа. Тэгэхээр тэрийг өөрчилсөн тогтоол гарах ёстой гэж байгаа юм уу. Энэ удаа гарч байгаа маргаан биш нэлээн хэдэн жилийн өмнөөс үргэлжилсэн, хилийн цэг нь хаагуураа байна, байхгүй, тодорхойгүй байна гээд нэг хэсэг нэлээн явж ажлыг хэсэг байгуулагдаж цэгээ тогтоож, хилийн зааг, хязгаараа гаргасан юм байна гэж харж байна гэхэд /Бичлэгийн 0:38:01-0:38:39/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгчийн зүгээс Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаар тогтоолыг барьж байгаа. Тухайн тогтоолын хянавал хэсгийн 9-д “Монгол Улсын их хурлаас дахин шинэ тогтоол гараагүй. Өмнөх 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан хилийн цэсэд өөрчлөлт ороогүй учраас тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг зөвтгөсөн гэдэг үндэслэлээр цуцлах үндэслэлгүй” гэж дүгнэсэн байдаг. Мөн 1995 онд хилийн цэсийг тогтоочхоод тухайн үед тэмдэглэгээг нь буруу хийсэн байдаг юм аа гэхэд 28 жилийн дараа алдаатай гэдгийг захиргааны байгууллага гэнэт ухаараад байгаа юм уу. Мөн маргаан бүхий актад заасан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Байгаль орчны яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын хамтарсан уулзалтаар ажлын хэсэг гэхэд /Бичлэгийн 0:38:40-0:39:25/

Илтгэгч гишүүн: Ажлын хэсэг байгуулж, хилийн заагийг тогтоосон юм байна. Ямар ч байсан маргаан тодорхой болсон юм байна. Дээрээс нь Байнгын хорооны хурлын тогтоол гарсан юм байна. Энэ ажиллагааг хий, буруу зөрүү газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлж шийдвэрлэ, эрхийг нь ханга гэх шийдвэр гарсан юм байна. Өмнө нь гарсан тогтоолыг үндэслэхээс  илүүтэй энэ хэргийн хувьд авагдсан нотлох баримтын хүрээнд нөхцөл байдлыг яаж тогтоох вэ гэдгийг ярина. Үүнийг үгүйсгэж байгаа бол үгүйсгэж байгаа үндэслэл нотлох баримтаар няцаана. Тэгэхээр анхан болон давж заалдах шатны шүүх бодит байдалд хилийн цэсийг буруу тогтоож, үүнээс болж маргаан үүссэн байна гэж дүгнэсэн байна. Танай зүгээс тусгай хамгаалалттай газар нутагт хамааралтай гэдэг утгаараа сайдын тушаалыг хүчингүй болгуулъя гэж байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:39:25-0:40:40/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм гэв. /Бичлэгийн 0:40:41/

Илтгэгч шүүгч: Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй гэж маргаж байна гэсэн үг үү гэхэд /Бичлэгийн 0:40:41-0:40:45/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм гэв. /Бичлэгийн 0:40:46/

Илтгэгч шүүгч: Хэрэв тэгж маргаж байгаа бол нотлох баримтыг үгүйсгэмээр байх юм. Би одоо арай өөр агуулгаар маргаж байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирохгүй гэх агуулгаар маргаж байна гэж ойлгож байсан юм. Тэр утгаар нь цаашаа асуух гэхээр үндэслэл нь өөр болоод явчхав уу. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэхэд /Бичлэгийн 0:40:47-0:41:09/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм, Тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд өөрчлөлт ороогүй учраас манай газар ашиглах эрх анхнаасаа
цуцлагдах ёсгүй гэж үзэж байна. Үүн дээр хүчин төгөлдөр Улсын Дээд шүүхийн тогтоол байгаа гэв. /Бичлэгийн 0:41:10-0:41:.../

Илтгэгч гишүүн: Тогтоол гэдгийг та Б хэлж байна уу эсхүл бүүр өмнөхийг хэлж байна уу гэхэд /Бичлэгийн 0:41:19-0:41:25/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Түүнээс гадна 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаар тогтоол аль алийн гэхэд /Бичлэгийн 0:41:26-0:41:29/

Илтгэгч гишүүн: Тэр үед нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл тэрнээс хойш ажлын хэсэг байгуулагдаж ажил явуулсан байна гэхэд /Бичлэгийн 0:41:29-0:41:37/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ажлын хэсэг байгуулагдаж тогтоосон гэдэг боловч түүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй байгаа. Үүнтэй холбоотой ч гомдлоо гаргасан гэв. /Бичлэгийн 0:41:37-0:41:45/

Илтгэгч шүүгч: Ямар баримт байх ёстой гэж та үзэж байна вэ гэхэд /Бичлэгийн 0:41:46-0:41:47/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Маргаан бүхий актын тушаах нь
хэсгийн 1-д “2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар хилийн
цэс алдаатай байсан гэдгийг харилцан зөвшөөрч байна” гэж заасан байдаг. ...Гэтэл
тухайн уулзалтын тэмдэглэлийг авах гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж
өгөөгүй. Тэгэхээр ямар уулзалт болсон юм, уулзалтад хэн хэн оролцсон юм, ямар
асуудлыг хэрхэн ярилцаад, яаж алдаатай болохыг зөвшөөрөөд байгаа юм, өмнө нь
ямар байсан, одоо ямар болгож байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. /Бичлэгийн 0:41:47-0:42:41/

Илтгэгч шүүгч: Хариуцагч талууд энэ талаар ямар тайлбар өгөх вэ гэхэд /Бичлэгийн 0:42:41-0:42:43/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Хурлын тэмдэглэл нь байнгын хорооны 03 болон 08 дугаар тогтоолтой холбогдуулаад ажлын хэсэг дээр ярьсан ярианууд байдаг. Үүнээс өөр хамтарсан уулзалтыг хийгээгүй. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан гэв. /Бичлэгийн 0:42:43-0:43:19/

Илтгэгч шүүгч: Байгаль орчны яамнаас асууя. Та нар бол манай эрх, хэмжээний хүрээнээс гарсан гэх байр суурьтай байгаа юм байна лээ. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болсон учраас бид хүчингүй болгосон гэсэн тийм үү гэхэд /Бичлэгийн 0:43:26-0:43:43/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М: Тийм, 2022 оны байнгын хорооны 08 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газрын зарим хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцсэн. Үүний нэг асуудал нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс дээр байнга алдаа гарч, ...маш олон давхцалууд үүссэн учраас Улсын их хурал бүрэн эрхийнхээ хүрээнд нэг талд нь гаргаж шийдвэрлэх ёстой гэдэг агуулгаар хэлэлцсэн. Үүний дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтарч Засгийн газраар дамжуулаад Монгол Улсын Их хуралд тайлагнах зорилгоор уулзалтууд хийж 2019 онд 65 дугаар ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг 1995 оноос хойш газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, хил заагийг тогтоодог байсан бол сүүлд хил заагийн нарийн систем бий болсон учраас тодорхой тэмдэгжүүлэх шаардлагатай юм байна гэж үзсэн. Улмаар 2021 онд 66 дугаар ажлын хэсэг байгуулагдаж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэд хэдэн хамтарсан уулзалтууд хийгдэж, асуудлыг эцэслэн нэг талд нь шийдэхгүй бол нийслэлийн Засаг дарга газар олголтууд хийгээд, манайхаас ч газар олголтууд хийгдэж байгаа гэх тоо баримтууд байсан гэхэд /Бичлэгийн 0:43:44-0:45:43/

Илтгэгч шүүгч: Нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн газар давхцаж байсан нь
тухайн ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн гэж ойлгож болох уу гэхэд /Бичлэгийн 0:45:45-0:45:55/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М: Тийм... гэв. /Бичлэгийн 0:45:56-0:46:05/

Илтгэгч шүүгч: Нийслэлийн Засаг даргаас Байгаль орчин, аялал жуулчлалын
сайдын тусгай хамгаалалттай газар нутагт харьяалах хэсэгт газар эзэмших эрх
олгосон зүйл байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:46:05-0:46:13/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М: Байдаг. Нийслэлийн
Засаг даргаас 312 нэгж талбарын 31 га газарт газар эзэмших эрх олгосон давхцалууд байдаг гэв. /Бичлэгийн 0:46:13-0:46:27/

Илтгэгч шүүгч:  Монгол Улсын их хурлын байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасныг та нар ямар байдлаар хэрэгжүүлсэн бэ. Өөрөөр хэлбэл Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг дарга өөрт хамааралгүй газарт эзэмших эрх олгочихсон байна. Үүнийг хууль дүрмийн дагуу шийдвэрлэж, газрын эрхийг нь олгож, гэрээ байгуулах эрхийг зохион байгуул гэх үүрэг өгсөн байна. Үүнийг яаж хэрэгжүүлсэн бэ. Бодит байдалд байгаа асуудлууд нь иргэд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд ямар ч хамааралгүй асуудал ш дээ тийм ээ. Энэ бол цэвэр захиргааны ажил юм. Тэгэхээр захиргааны ажлын алдаанаас болоод хэн аль нь хохирсон. Ганцхан энэ оролцогч нар ч биш цаашаагаа 59 аж ахуй нэгжийн асуудал яригдаж байна. Тэгэхээр энэ олон аж ахуй нэгжийн асуудлыг та нар яаж шийдэв гэхэд /Бичлэгийн 0:46:26-0:47:36/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М: 03 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Засгийн газраар дамжуулаад байнгын хороонд танилцуулагдах ёстой байсан. Ингэж танилцуулахын тулд Нийслэлийн Засаг даргын зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагдах газарт олгосон газруудыг хүчингүй болгуулах гэхэд /Бичлэгийн 0:47:36-0:47:58/

Илтгэгч шүүгч: Үгүй ээ, хүчингүй болгоод хаячих биш, алдаагаа хоёр байгууллага засаад газар ашиглах эрх олгосон бол эзэмших эрх, газар эзэмших эрх олгосон бол ашиглах эрх болгож алдаагаа засах арга хэмжээ авсан уу гэж асууж байна. Хүчингүй болгосноос болж маргаан үүсэж байна гэхэд /Бичлэгийн 0:47:58-0:48:19/

Даргалагч: Үр дагаврыг нь засахтай холбоотой гэхэд /Бичлэгийн 0:48:19-0:48:21/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М: Үүсээд байгаа үр
дагаврыг шийдүүлэхтэй холбоотой хамтарсан уулзалтууд хийгдэж, түүний дагуу
арга хэмжээнүүд авагдсан. /Бичлэгийн 0:48:22-0:48:27/

Илтгэгч шүүгч: Та нар тийм тайлбар өгдөг. Эд нар шийднэ гэсэн ш дээ гэдэг юм байна лээ. Энэ ганцхан аж ахуй нэгж биш өшөө олон аж ахуй нэгж гарч ирэх гээд байна. Нэгэнт хууль бус шийдвэр гаргасан бол түүнээс учирсан хохирлыг хуулийн дагуу захиргааны байгууллага хариуцна. Тэгэхээр та нар өөрсдөдөө асуудал үүсгэхгүй иргэдийг хохироохгүй үүднээс ямар арга хэмжээ авсан бэ. Тодорхой үр дүнд хүрсэн үү. Үүнд Засаг даргын төлөөлөгч бас ямар тайлбар өгөх үү гэхэд /Бичлэгийн 0:48:27-0:48:54/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М: Нийслэлийн Засаг
дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам гаргасан алдаагаа засаад, Засгийн газарт танилцуулаад, Засгийн газраас хохирол төлөх, эсвэл дүйцүүлэн газар олгох асуудлыг эцэслэн шийдэх байсан. Гэхдээ энэ үйл ажиллагаа явагдаагүй. Зөвхөн манай сайдын гаргасан газар ашиглах 3 тушаал цуцлагдаад, нийслэлийн зүгээс тодорхой үйл ажиллагаанууд хийгдээгүй учраас ийм асуудлууд үүссэн гэж ойлгож байна гэв. /Бичлэгийн 0:48:55-0:49:30/

Илтгэгч шүүгч: Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар тайлбар өгөх вэ гэхэд /Бичлэгийн 0:49:31-0:49:33/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга газар эзэмших, ашиглах эрхтэй байсан
захирамжуудаа хүчингүй болгож, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар
чөлөөлөх журмын хүрээнд тодорхой ажлуудыг хийсэн. Байгаль орчин, аялал
жуулчлалын яамны зүгээс манайд газар байхгүй учраас танайх өөрсдөө учраа
олоод шийд гэдэг байдлаар хандаж байсан гэв. /Бичлэгийн 0:49:35-0:50:22/

Илтгэгч шүүгч: Монгол Улсын их хурлын тогтоолыг та нар юу гэж ойлгож байгаа юм. Хаа хаана нь эзэмшил, ашиглалтад өгчихсөн байна ш дээ. Хүчингүй болгоод мөнгийг нь өг гэх агуулга энд яригдахгүй байна ш дээ. Өөрөөр хэлбэл нэгэнт эзэмшил, ашиглалт үүсчихсэн байгаа бол эзэмших, ашиглах захирамжуудыг залруулах байдлаар ашиглах эрхийг эзэмших, эзэмших эрхийг ашиглах байдлаар залруулж, засаж яагаад болохгүй байгаа вэ л гэж асуугаад байна гэхэд /Бичлэгийн 0:50:23-0:50:53/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Нийслэлийн Засаг даргын зүгээс ямар нэгэн байдлаар бусдын хууль ёсны эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалгүй газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой асуудал байсан бол бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдэх бүрэн боломжтой байсан гэв. /Бичлэгийн 0:50:53-0:51:25/

Илтгэгч шүүгч: Энэ газрыг хашаалж, бодитоор эзэмшил үүссэн байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс газар эзэмших эрх болгож өгөөч гэсэн хүсэлт гаргахад танай зүгээс одоохондоо бүх зүйл түр зогссон байгаа гэсэн шалтгаанаар татгалзсан юм байна. Улмаар шүүхэд хандаж маргаан үүсгэсэн байхад гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон нь ямар учир юм бэ. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд маргаан үүсгэсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж тайлбар гаргаж байна. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ гэхэд /Бичлэгийн 0:51:26-0:52:05/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Нэхэмжлэгчийн зүгээс анх Байгаль орчны сайдад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Гуравдагч этгээдийн хувьд 2023 онд газар эзэмших талаар хүсэлт гаргасан байсан. Үүнийг нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэсэн гэв. /Бичлэгийн 0:52:05-0:52:38/

Илтгэгч шүүгч: Гуравдагч этгээдийг буруутгаад байгаа биш. Гуравдагч этгээд болон нэхэмжлэгч ч гаргасан байгаа ш дээ. Тэгэхээр гэхэд /Бичлэгийн 0:52:38-0:52:43/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Нэхэмжлэгчийн гол нэхэмжлэлийн шаардлага нь газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгох гэж байсан гэхэд /Бичлэгийн 0:52:43-0:52:47/

Илтгэгч шүүгч: Би нэхэмжлэлийн шаардлагыг огт асуугаагүй байна. Бодит эзэмшил үүссэн байсан. Танай зүгээс хэрэг маргаан үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломж байсан. Захиргааны буруугаас болоод ашиглах эрх авчихсан, хохирчихсон, мөнгө төгрөг зарцуулчихсан мөн Монгол Улсын их хурлын уг асуудлуудыг шийдвэрлэ гэх тогтоол байсан. Хүсэлтээ гаргасан бодит нөхцөл байдалтай, тэгээд шүүхэд маргаад явж байхад гуравдагч этгээдэд эзэмших эрх олгочихсон. Эрх үүсээгүй байсан компани хүсэлт гаргасан байгаа асуудал ш дээ гэхэд /Бичлэгийн 0:52:48-0:53:23/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Байнгын хорооны 03, 08 дугаар тогтоолын 4 дэх заалтыг хэн аль нь өөрийнхөө буруутай шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд, иргэн, хуулийн этгээдийн газрыг зохих журмын дагуу шийдвэрлэх юм байна гэж бид ойлгосон. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газартай давхцуулан олгосон газрын иргэн, хуулийн этгээдэд газрын нөхөн олговор олгох асуудал буюу дүйцэн олгох асуудлуудыг өөрийнхөө хэмжээнд шийдэж байгаа гэв. /Бичлэгийн 0:53:23-0:54:11/

Шүүгч М.Батсуурь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууя.
Газрын хилийн цэстэй холбоотой маргаан Улсын дээд шүүхээр анх удаа хэлэлцэгдэж байгаа юм биш. Энэ төрлийн маргааныг шийдвэрлэсэн олон тогтоол байдаг. Тухайлбал, 2020 оны 309 дүгээр тогтоол, 20... оны 117 дугаар тогтоол, 20... оны 214 дүгээр тогтоол, 2020 оны 147 дугаар тогтоол, 2019 оны 343 дугаар тогтоол зэргийг та харсан уу гэхэд /Бичлэгийн 0:54:15-0:55:10/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 147 дугаар тогтоолыг харсан гэв. /Бичлэгийн 0:55:11-0:55:13/

Шүүгч М.Батсуурь: Дээрх тогтоолууд дээр адилхан газрын давхцалтай,
гэхдээ түрүүлж үүссэн эрхийн асуудал огт хөндөөгүй. Эрх бүхий этгээдийн
шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх нь хууль бусаар үүссэн үү, үгүй юу гэдгийг л дүгнэсэн байдаг. Энэ тогтоолуудад дурдаж байгаа үйл баримтуудаас одоо хэлэлцэж байгаа хэрэг өөр юм гэсэн агуулга байна уу гэхэд /Бичлэгийн 0:55:14-0:55:46/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ тогтоолуудад дурдаад байгаа үйл баримттай ижилхэн гэж ойлгож байна гэв. /Бичлэгийн 0:55:47-0:55:50/

Шүүгч М.Батсуурь: Анх 2008 онд газар эзэмших эрх үүссэн байхад 2015 онд
дараагийн хүнд олгосноор давхцал үүссэн байна. Гэхдээ тухайн газарт хэн ашиглах,
эзэмших шийдвэр гаргах хууль ёсны эрх хэмжээтэй вэ гэдэг асуудалд шүүх дүгнэлт
хийсэн байна. Тэгэхээр хилийн цэс нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд
хамаарч байна гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон юм шиг байна. Тэгэхээр Байгаль орчны сайд би буруу газарт газар олгочихлоо гээд цуцалсан  олгосон шийдвэрээ цуцалж байгаа нь ямар хуулийн зүйлийг зөрчсөн гэж үзэж байна вэ гэхэд /Бичлэгийн 0:55:51-0:56:38/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 147 дугаар тогтоолд хилийн цэсийг буруу тэмдэглэсэн гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах боломжгүй гэж дүгнэсэн байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг олгохдоо хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэж олгодог. Нэгэнт дээрх хуульд зааснаар газар ашиглах эрх олгох эрхийнхээ хүрээнд олгож байгаа учраас тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд хамаарч байгаа гэж ойлгож байна. /Бичлэгийн 0:56:40-0:57:08/

Шүүгч М.Батсуурь: Байгаль орчны сайдын төлөөлөгчөөс тодруулъя. Танай гаргасан тушаалыг нэхэмжлэгч эсэргүүцэж, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Таны зүгээс нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна гэдэг нь ямар агуулгатай юм бэ. Хууль бус тушаал гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:57:11-0:57:37/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн гэхэд /Бичлэгийн 0:57:40-0:57:46/

Шүүгч М.Батсуурь: Танд эвлэрэх эрх олгогдсон уу эсхүл хүлээн зөвшөөрөх гэхэд /Бичлэгийн 0:57:46-0:57:48/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М: Эвлэрэх эрх олгогдоогүй гэв. /Бичлэгийн 0:57:48-0:57:49/

Шүүгч М.Батсуурь: Хяналтын журмаар гаргасан гомдлыг нь би дэмжиж байна гэсэн нь юу гэсэн үг вэ. Танай хэсэгт хууль бус тушаал гаргажээ гэж сайдын өмнөөс дугарах эрх байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:57:50-0:58:01/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгосон газрыг хэрэгсэхгүй болгож, нөхөн олговор буюу хохирлыг тооцох талаар анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга тухайн газрыг эзэмших эрхийг “А” ХХК-д олгох боломжтой байсан. Түүнийг дэмжиж байна гэдэг агуулгаар хэлсэн гэв. /Бичлэгийн 0:57:03-0:58:45/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас асууя. Монгол Улсын Их хурлаас холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх талаар тогтоол гаргасан байна. Тэгэхээр яах юм та хэд өөрсдийнхөө бодлоор тайлбарлаад шийдэх юм уу. Яаж ажиллах уу, миний бодлоор гээд та тайлбарлаад байгаа. Та өөрийнхөө бодлоор тушаал, шийдвэр гаргах, зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй юм уу гэхэд /Бичлэгийн 0:58:49-0:59:14/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: 03, 08 дугаар тогтоолын 4 дэх заалтад тодорхой хохиролтой холбоотой асуудлыг гэхэд /Бичлэгийн 0:59:16-0:59:21/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: За, би асууя. Ямар хуулийг хэрэглэх вэ. Та уг шийдвэрийг гаргахдаа ямар хуулийг судалсан гэхэд /Бичлэгийн 0:59:21-0:59:27/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Миний шийдвэр биш Засаг даргын хэрэгжүүлж байгаа ажилд бид нар бол гэхэд /Бичлэгийн 0:59:31-0:59:35/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: Зөвлөгөө өгч байгаа шүү дээ. Шийдвэр гаргахад зөвлөн туслах чиг үүрэгтэй төрийн захиргааны албан хаагч ямар хуулийг судалсан, шийдвэр гаргахад ямар хуулийг хэрэглэсэн бэ гэхэд /Бичлэгийн 0:59:35-0:59:43/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Аль асуудал дээр шүүгчээ гэв. /Бичлэгийн 0:59:47/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргахад гуравдагч этгээдэд олгосон байна. Ямар учраас гэхэд /Бичлэгийн 0:59:48-0:59:54/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Газрын
тухай хууль тогтоомжид нийцүүлээд тухайн жилийн газар зохион байгуулалтын
төлөвлөгөөнд тусгагдсан байршилд газар эзэмших эрх олгосон гэхэд /Бичлэгийн 0:59:55-1:00:03/

Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа зүйлээ тодруулж асууж байна. Битгий ерөнхий юм яриад бай. Тэр асуултад хариулах боломжтой бол энэ хуулийн ийм заалтыг үндэслэж бид ийм шийдвэр гаргасан гээд тайлбараа хэлчих. Жишээлбэл одоо түрүүнээс хойш яригдаад байгаа асуудал нь 40.5 зөрчигдөөд шийдвэр гарсан гэж маргаад байгаа ш дээ. Та бүхэн 40.5-ыг юу гэж үзсэн юм. Тодорхой хариулт байвал хэлээд явъя. /Бичлэгийн 1:00:03-1:00:40/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л:  Нийслэлийн Засаг даргын зүгээс гуравдагч этгээдэд тухайн газрыг олгож шийдвэрлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн 21, 22 дүгээр зүйлүүдийг үндэслэл болгосон. Гуравдагч этгээдэд урьд нь тухайн газрыг ашиглах эрх олгосон, улмаар шүүхийн маргаантай байсан гэдгийг бид мэдэх боломжгүй. Учир нь газрын удирдлагын нэгдсэн системд зөвхөн нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд байх газар бүртгэлтэй байдаг гэхэд /Бичлэгийн 1:00:44-1:01:20/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: Энэ газар бол арай онцлогтой би тодруулаад асууя. Байгаль орчны сайдын шийдвэрээр газар ашиглах эрхтэй байсан газар дараа нь хилийн цэс өөрчлөгдөөд Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд ирсэн. Тэгэхээр нөхцөл байдлыг тодруулж тухайн газарт очиж үзэх, тэмдэгжүүлэх зэрэг ажиллагаа байдаггүй юм уу гэхэд /Бичлэгийн 1:01:21-1:01:38/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Тухайн
газарт очсон боловч хэний эзэмшлийн хашаа вэ гэдэг нь мэдэгдэхгүй учраас тэр этгээдийн Газрын тухай хуульд заасан зохих зөвшөөрөлгүйгээр газрыг хууль бусаар ашиглаж байгаа этгээд гэж ойлгоно гэв. /Бичлэгийн 1:01:38-1:01:55/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: Үүнийг хэнд өмнө нь эзэмшүүлж байсан гээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас асууж болдоггүй юм уу. Хоёр захиргааны байгууллага хоорондоо харилцах юм биш үү гэхэд /Бичлэгийн 1:01:56-1:02:01/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Хэн хашаалсан бэ гэдгийг бид мэдэх боломжгүй байсан гэв. /Бичлэгийн 1:02:03-1:02:07/

Даргалагчаас: Хилийн заагийн зөрчилтэй холбоотой та нар уулзалт хийгээд хэчнээн аж ахуй нэгж байсан талаар та түрүүн тайлбартаа Баянзүрхийн тэр хавьд давхацсан асуудал бий гэсэн. Тэгэхээр энийг мэдэх боломжтой, давхцал үүссэн маргаантай байгаа гэдэг нь тодорхой газрууд юм биш үү. Ийм тохиолдолд та нар яагаад өмнөх эзэмшил жишээлбэл хашаа барьсан байхад энийг тодруулахгүйгээр өөр этгээдэд шууд газар эзэмших эрх үүсгэсэн юм бэ. Энэ байдал нь маргааныг улам даамжруулж өөр этгээдийг татаж оруулаад гэж л асуугаад байна шүү дээ гэхэд /Бичлэгийн 1:02:07-1:02:51/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Байнгын хорооны 03, 08 дугаар тогтоол гарахаас өмнө газрын удирдлагын нэгдсэн системтэй байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэг тусдаа, Нийслэлийн Засаг даргынх тусдаа болсон учраас аль газарт хэн нь газар олгосон бэ гэдгийг мэдэх боломжгүй гэхэд /Бичлэгийн 1:02:52-1:03:15/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: Ингэж асууя. Газар анхнаасаа буруу олгогдсон гэж та нар маргахгүй байгаа гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр Байгаль орчны сайдын эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан. Энэ газар жишээлбэл нийтийн эзэмшил хэн нэгэнд олгохгүй гэвэл ойлгохоор байна л даа. Гэтэл нэхэмжлэгч компанид олгож болохгүй гуравдагч этгээдэд үйлдвэрлэлийн зориулалтаар олгож болоод байгаа  учир шалтгаан нь юу вэ гэхэд /Бичлэгийн 1:03:16-1:03:40/

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Нэхэмжлэгч
анх 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандан газар
эзэмших, ашиглах тухай хүсэлтийг гаргасан. Үүнээс өмнө 2023 онд “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон байсан асуудлыг тухайн жилийн газар
зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах асуудлыг нийслэлийн Газар зохион
байгуулалтын албанаас санал хүргүүлж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаар баталж шийдвэрлэсэн байсан. Хүсэлт өгсөн газар нь төлөвлөгөөнд батлагдсан байсан учраас “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон.  2023 онд өргөдөл өгсөн иргэн, аж ахуйн нэгжийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж байсан. 2024 оны 06 дугаар сард Засгийн газрын шийдвэр гарсан гэв. /Бичлэгийн 1:03:41-1:05:06/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: Энэ газрыг хүсэлтээр олгодог газар биш. Хэрвээ тийм бол та нар дуудлага худалдаа зарлах ёстой байх тийм ээ. Гуравдагч этгээд бол дуудлага худалдаанд ороогүй анхны үнэ төлөөд орсон. Хэрвээ дуудлага худалдаа зарлаад хэн нэгэн оролцоогүй, ялагч тодроогүй бол дараа нь анхны үнэ төлүүлэх асуудал яригддаг журамтай биз дээ гэхэд /Бичлэгийн 1:05:07-1:05:24/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л: Газрын тухай хуульд 2023 оны нэмэлт өөрчлөлтөөр дуудлага худалдааны сонгон шалгаруулалт гэх зүйл нэмэгдсэн гэхэд /Бичлэгийн 1:05:25-1:05:36/

Даргалагчаас: Үгүй ээ, Газрын тухай хуульд анхнаасаа байсан заалт байхгүй юу. Төсөл сонгон шалгаруулалт гэдэгт тодруулга л орсон түүнээс биш дуудлага худалдааг ямар зориулалтаар ямар хэмжээний газрыг ямар журмаар олгох юм бэ гэдэг нь Газрын тухай хуульд анхнаасаа байсан гэв. /Бичлэгийн 1:05:37-1:05:54/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: Заа ойлголоо. Шал өөр тайлбар хэлээд байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс асууя. Хууль ёсны итгэл яригдахгүй, утга учиргүй нэхэмжлэл гаргасан гээд байна. Яахав танайх Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшлээ гэтэл хэдэн жилийн дараа захиргаа аль нь ч байдаг юм газрын солбицол хил заагийг өөрчлөөд энэ газар буцаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнд хамаарлаа тэгвэл танайд хууль ёсны ашиг сонирхол, итгэл хамгаалагдах энэ зарчим үйлчлэхгүй юу. Шийдвэрийг тэгээд даган биелүүлэх үү гэхэд /Бичлэгийн 1:05:56-1:06:28/

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Тухайн орчинд нийслэлийн Засаг даргын
захирамжаар тодорхой айлууд газар эзэмшиж байсан. Түүний дагуу манай компани 2023 оны 09 дүгээр сард хүсэлтээ гаргасан байдаг. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар түрүүлж өргөдөл гаргасан дарааллын дагуу шийдвэрлэнэ гэдгээр манай тал гэхэд /Бичлэгийн 1:06:32-1:06:54/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: Би өөр зүйл асуугаад байна. Хилийн цэсийг захиргаа өөрчлөөд байдаг юм байна. Тэгэхээр маргах эрхгүй юу. Хохирлын асуудал яригдахгүй юу гэхэд /Бичлэгийн 1:06:54-1:07:00/

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Гуравдагч этгээдийн хувьд уу гэхэд /Бичлэгийн 1:07:01/

Шүүгч П.Соёл-Эрдэнэ: Танайд ийм нөхцөл байдал тохиолдвол яах вэ хууль хэрэглээний хувьд яах вэ гэж асууж байна гэхэд /Бичлэгийн 1:07:03-1:07:08/

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Хэрвээ манай компани тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байх хугацаанд хилийн цэс нь өөрчлөгдөөд тусгай хамгаалалттай газар биш болж цуцлагдсан тохиолдолд хуулийн дагуу буруутай шийдвэр гаргасан захиргааны байгууллагаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй гэв. /Бичлэгийн 1:07:09-1:07:26/

Даргалагчаас: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс асууя. Танай зориулалт юу вэ гэхэд /Бичлэгийн 1:07:29-1:07:35/

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Орон сууцны төсөл гэв. /Бичлэгийн 1:07:36/

Даргалагчаас: Газрын тухай хуульд зориулалтаас хамаараад газар эзэмших
эрх үүсэх журам нь өөр байдаг. Түрүүлж хүсэлтээ гаргаснаар газар эзэмших эрх
үүсдэг ганцхан зориулалт бол гэр бүлийн хэрэгцээний зориулалт юм. Өөрөөр  түрүүлж хүсэлтээ гаргасан компани түрүүлж эзэмших эрх ялангуяа орон сууцны зориулалтаар авдаггүй байхгүй юу. Тэгэхээр одоо бидний яриад байгаа асуудал нь мэдээж 2 захиргааны байгууллагын хоорондын асуудлаас үүдэлтэй байна. Нэхэмжлэгчийн хувьд маргаан нь өөр, өөрөө тэр газрыг тусгай хэрэгцээний газарт хамаарна. Өөрөөр хэлбэл Байгаль орчны газар гэж маргаж байна. Танай зүгээс Нийслэлийн Засаг даргад хамааралтай газар, бидний эрх үүсэх үед өөр бусад этгээдэд газар эзэмших эрх ямар нэгэн байдлаар үүссэн байсан гэдгийг шалгах боломж байсан уу. Юу хэлэх гээд байна гэхээр хүсэж байсан газар чинь өөр бусад этгээдүүдийн шийдвэрээр бусдад газар эзэмших, ашиглах эрх үүссэн байвал маргааны эх болно. Газар эзэмших эрх хүсэж байгаа хүний хувьд эсхүл өмгөөлөгч нь шалгаад эрхийн зөрчил үүсэхээс сэргийлэх урьдчилан шалгалт хийсэн, судалсан зүйл байна уу гэхэд /Бичлэгийн 1:07:37-1:09:17/

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Тухайн үед 2023 онд хүсэлт гаргах үед би хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагүй. Одоогийн байдлаар цахимаар тухайн газар давхцалтай байна уу үгүй юу гэдгийг мэдэх боломжтой болсон. Тэгэхээр 2019 онд эргэлтийн цэгийг тодруулаад, газрын мэдээллийн санд залруулсан байсан учраас энэ хэсэг давхцалгүй байна гэж үзэж газар эзэмших хүсэлтээ гаргасан гэж ойлгож байна гэв. /Бичлэгийн 1:09:...-1:09:42/

Даргалагчаас: Асуултад хариулах, нэмж хариулах зүйл байвал хариулъя. Түүнээс тайлбар хэлэх үе өнгөрсөн гэв. /Бичлэгийн 1:09:43-1:09:49/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тухайн газрыг очиж шалгаж
үзэхэд хашаалсан зүйл байгаагүй. Хөрш зэргэлдээ айлуудын хашаа хэрэгт
авагдсан зурагт орсон байсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрыг хашаалсан зүйл байгаагүй учраас гуравдагч этгээдийн зүгээс эрхийн зөрчилтэй гэж мэдэх боломж тухайн үед байгаагүй гэв. /Бичлэгийн 1:09:51-1:10:44/

Даргалагчаас: Танай зүгээс захиргааны байгууллагад хүсэлт гаргахдаа ямар
баримтыг үндэслэж тухайн газрын эзэмшил чөлөөтэй юм байна гэж үзсэн бэ гэхэд /Бичлэгийн 1:10:45-1:10:57/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Манай компани тодорхой
хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг учраас Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд амины орон сууцын төсөл хэрэгжүүлэх боломжтой юм байна гэж үзээд энэ хэсэгт талбай байвал эзэмших боломжтой юм байна гэж үзэж хүсэлтээ гаргасан гэв. /Бичлэгийн 1:10:57-1:11:16/

Даргалагчаас: Газрын зургийг үзсэн юм уу гэхэд /Бичлэгийн 1:11:17-1:11:21/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үзээд гаргасан гэв. /Бичлэгийн 1:11:21-1:11:22/

Даргалагчаас: Өөр асуултгүй юм байна. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих бөгөөд шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчоос нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, гомдолтой холбогдуулан асуулт асуужээ.

Шүүх бүрэлдэхүүн хяналтын гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар асуулт асууж, тайлбар хэлээгүй байх бөгөөд харин тогтоолын хянавал хэсэгт “Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дурджээ.    

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 105.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно” гэж заасан ба дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана, 127.2.1 “шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих”, 127.2.2 “шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах”, 127.2.3 “магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх”, 127.2.4 “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангах”, 127.2.5 “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах” гэжээ.

Даргалагчаас: Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, тогтоолын тогтоох хэсгийн агуулгыг “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 596, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 730 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж байна. Ер нь зарчмын хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан, одоо гомдлын зарим хэсгийг хангасан агуулгаар өөрчлөлт орууллаа. Товчхон танилцуулъя. Хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж үзэхэд Улсын Их Хурлын 2023 оны 3 дугаар тогтоолын 4 дүгээр заалтаар энэ үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар маш тодорхой, одоо чиглэл өгсөн юм байна. Захиргааны байгууллагуудад хууль хэрэгжүүлэх үүрэгтэй захиргааны байгууллагуудад, тэр дотроо өнөөдрийн энэ хэргийн хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарт бол энэ давхцалаас хилийн заагийн тодорхойгүй байдлаас үүссэн давхцалтай холбоотой асуудлыг шийд гэдэг үүрэг, чигийг өгчихсөн юм байна. Тэгэхээр энэ тогтоолын 2023 оны Улсын Их Хурлын тогтоолын 1.4-д заасны дагуу бол асуудлыг 2 захиргааны байгууллага шийдэх ёстой. Ингэж шийдэхдээ өнөөдрийн энэ шүүхийн шийдлийн агуулга бол ямар өөрчлөлтийг нэмсэн гэхээр Нийслэлийн Засаг даргын одоо маргаан бүхий захиргааны акт байгаа шүү дээ. Анхан, давахын шүүх дээр хэрэгсэхгүй болгочихсон нэхэмжлэлийн энэ холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тэр Засаг даргын 2024 оны ... дугаар захирамжийн О-д холбогдох хэсгийг мөн адил түдгэлзүүлсэн өөрчлөлт орууллаа, 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдлээ. Ингэхдээ бол ямар агуулгаар шийдэж байна вэ гэхээр одоо бол хилийн зааг тодорхой болсон. Нэхэмжлэгчийн маргаад байгаа тэр үндэслэл бол одоо тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл одоо энэ газар тусгай хамгаалалттай газар нутагт орж байна гэдэг тэр үндэслэлийг бол шүүх хүлээж аваагүй. Энэ бол одоо Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газарт бол хамаарч байна. Энэ нь бол тодорхой болсон. Гэхдээ Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахдаа бол хуульд нийцээгүй байдлаар шийдвэр гаргасан. Зарчмын хувьд өмнө нь энэ Их хурлын тогтоолд зааснаар хилийн цэг тодорхойгүй гэдэг юм уу байх үед Байгаль орчны сайдын одоо шийдвэрийн дагуу эрх үүссэн нэхэмжлэгчийн тэр газар эзэмших эрхийг бол шийдвэрлэх ёстой. Шууд тэгээд хүчингүй болгоод орхихгүй, шийдсэн байдлаар шийдвэрээ гарга, Газрын тухай хуульд нийцүүлж гээд энэ 2023 оны 3 дугаар тогтоолын чинь 1.4 дээр заачихсан байгаа. Давхцалтай, давхцалгүй тэр хэсгийг ялгаж салгаад шийдвэрээ гарга гэдэг агуулгаар хяналтын шатны шүүхийн тогтоол гарлаа. Аль алинд нь бол дуудлага худалдааны анхны үнэ ч гэдэг юм уу, эсвэл газрын төлбөр гээд одоо тодорхой хэмжээний хохирол төлбөрүүд гарсан. Энэ асуудлуудыг бас захиргаа шийдвэрээ гаргахдаа бол шийдэх ёстой. Ямар байдлаар одоо гуравдагч этгээдийн ч тэр хохирлын асуудал, нэхэмжлэгчийн ч тэр төлсөн асуудлуудыг ямар байдлаар шийдэх ёстой юм, тэрийгээ захиргаа бас шийдэх ёстой. Бусад одоо яг тодорхой дэлгэрэнгүй шийдлийн агуулгыг бол шийдвэр бичгээр гарах үед та бүхэнд мэдэгдэнэ. За шүүх хуралдаан хаасан” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна.  /Бичлэгийн 1:14:07-1:...:09/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.3-т “Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын журмаар гаргасан гомдлын болон гаргаж байгаа тогтоолын хуулийн үндэслэлийг тусгаж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”,  127.4-т “Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тус тус тусгана” гэж заасан.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан “Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол боловсруулах аргачлал”-д тогтоол нь удиртгал, тодорхойлох, хянавал, тогтоох хэсгээс бүрдэнэ, ...хянавал хэсэгт хяналтын шатны шүүхээс гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, хэргийн оролцогчоос хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасан/хангаагүй эрх зүйн үндэслэлийг буюу гомдол гаргагчийн маргаж буй хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгнө. Хянавал хэсгийн агуулга нь бүхэлдээ тогтоолын тодорхойлох хэсэгт заасан хэргийн оролцогчийн гаргасан гомдолд хариу өгөх байдлаар бичигдэнэ, тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийг удирдлага болгон хэргийн оролцогчийн гомдлыг хангасан эсэхийг тодорхой заана...” гэжээ.

Хуралдаан даргалагч шүүх хуралдаанд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан үндэслэлээ тодорхой танилцуулсан байх ба тогтоолын хянавал болон тогтоох  хэсэг нь уншиж танилцуулснаас  зөрүүгүй байна. 

Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...шүүхүүд тухайн тохиолдолд “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ын агуулгыг зөрүүтэй буюу буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэхүү зарчмыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоож шийдвэрлэсэн талаар тогтоолд дурдсан нь  хяналтын шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Иймд холбогдох шүүгч нарын “...тогтоолын хянавал хэсгийн 20, 26-д маргаан бүхий актуудыг түдгэлзүүлэх болсон үндэслэл, хариуцагчаас дахин шинэ акт гаргахад анхаарах ёстой асуудал, шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмыг тодорхойлсон” гэсэн тайлбар үндэслэлтэй.

Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах түүнд дүгнэлт өгөх эрхгүй тул хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг “нэхэмжлэлийн шаардлага, гомдлын хүрээнээс хальсан”, “шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн, “А” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.22-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, Д.Батбаатар, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, Ц.Цогт нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Шүүгч Г.Банзрагч, Д.Батбаатар, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, Ц.Цогт нар тайлбартаа: 1. “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 001/ШХТ2026/00... дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 123.2.3 “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэсэн үндэслэлд хамаарч байгаа талаар 5 шүүгч санал гаргасан тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүх (шүүх бүрэлдэхүүн) хэргийг хянан хэлэлцээд, уг хэргийн хувьд өмнө нь шийдвэрлэгдсэн ижил төстэй хэргийн үйл баримтаас ялгаатай байх тул "Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй, харин шүүхүүд тухайн тохиолдолд “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ын агуулгыг зөрүүтэй буюу буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэхүү зарчмыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоож шийдвэрлэсэн, энэ нь хяналтын шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал болно.

Захиргааны хэргийн онцлог нь шүүхээс шаардлагатай тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэдэг бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа юу анхаарах ёстой, ямар ажиллагаа явуулахыг тодорхой заах, ингэснээр шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, тодорхой болох, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хууль ёсны зарчим хэрэгжих нөхцөл бүрддэг.

Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 001/ХТ2026/... дугаар тогтоолын хянавал хэсгийн 20, 26-д маргаан бүхий актуудыг түдгэлзүүлэх болсон үндэслэл, хариуцагчаас дахин шинэ акт гаргахад анхаарах ёстой асуудал, шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмыг тодорхойлсон нь шүүх “нэхэмжлэлийн шаардлага, гомдлын хүрээнээс хальсан”, “нэг талд/ нэхэмжлэгчид илт давуу байдал үүсгэсэн”, “шүүх хөндлөнгийн байх” зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 105.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно...” гэж заасны дагуу хуралдаан даргалагч нь гаргасан шийдвэрийн үндэслэлээ товч тайлбарладаг.

Уг хэргийн тухайд, даргалагч шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэлийг харьцангуй дэлгэрэнгүй, тодорхой танилцуулсан байх бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа ийнхүү уншиж сонсгосноосоо өөрөөр шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй.

3. Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 04 дүгээр сарын ...-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ын 3.1-д Танхимын нийт шүүгчийн хуралдаан нь 6, түүнээс дээш шүүгч оролцсоноор хүчинтэйд тооцогдохоор, мөн  зөвлөгөөний 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдолд хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам”-ын 3.4-т “Танхимын нийт шүүгчийн хуралдааны ирц хуульд заасан үндэслэлээр хүрэлцэхгүй болсон тохиолдолд бусад танхимын шүүгчдээс сугалааны журмаар томилж оруулна” гэж тус тус заасан байна.

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон хурал ирц хүрэлцэхгүй болсны улмаас дээрх журамд заасны дагуу Иргэний хэргийн танхимаас шүүгч томилогдсон боловч мөн өдөр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан давхар товлогдсон байсны улмаас бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанд оролцох боломжгүй болсон, хуралдааны давхцалыг арилгах зорилгоор Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдуулахаар зохион байгуулалт хийсэн” гэжээ.

Шүүгч Г.Банзрагч тайлбартаа: “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г-гээс надад холбогдуулан гаргасан гомдолд дараах тайлбарыг өгч байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журмын 1.3.т “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагч, илтгэгч болон танилцуулах шүүгчийг программ хангамж ашиглан томилох ажиллагаа нь дараах зарчимд үндэслэсэн байна”, 1.3.1.“урьдчилан мэдэх боломжгүй байх”, 1,3.2.“тойрог дотор санамсаргүй хуваарилах”, 1.3.3.“хүний нөлөөллөөс ангид байх”, 1.3.4.“ил тод байх”, 1.3.5.“баримтжуулсан байх, ...” гэж заасан бөгөөд үүнийг тус журмын 10-14 дүгээр хэсэгт нарийвчлан зохицуулсан байдаг. Журмын 5.1-д заасны дагуу хэрэг хуваарилах ажиллагааг эхлүүлдэг бөгөөд “А” ХХК-ийн хэрэг нь программ хангамжийн дагуу шүүгч надад хуваарилагдсан. Хэрэг хуваарилалтад (илтгэгч, даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилоход) миний зүгээс болон бусад шүүгч нарын зүгээс шууд болон шууд бус байдлаар нөлөөлөх ямар ч боломж байхгүй, уг ажлыг захиргааны ажилтнууд хариуцдаг. 

Иймд гомдол гаргагчийн “...илтгэгч шүүгч Г.Банзрагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэр гаргахад нөлөөлсөн, тухайн хэргийн хуваарилалтад нөлөөлж, өөрөө илтгэгч шүүгч болсон талаар түүний гэр бүлийн гишүүн болох этгээд нь бусдад ярьсан болохыг Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасныхаа дараа мэдсэн...” гэх тайлбар, мэдээлэл нь огт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй, миний болон гэр бүлийн хүний маань нэр төрийг гутаасан үйлдэл гэж үзэж байна.

Гомдол гаргагчаас манай гэр бүлийн хүн хэзээ, хэнтэй ийм зүйл ярьсныг хэн гэдэг хүнээс сонссоныг нь тодруулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, асуудлыг нэг мөр тодорхой болгож өгнө үү.

Миний бие тус хэргийн нэхэмжлэгч “А” ХХК, тус компанийн хувьцаа эзэмшигч, төлөөлөгч, өмгөөлөгч нартай ямар нэгэн албаны болон хувийн харилцаа огт байхгүй тул надтай “хамаарал бүхий этгээд” биш тул шалган тогтоох бүрэн боломжтой” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г-гийн өргөдөлтэй Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Банзрагч, Д.Батбаатар, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ нарт холбогдуулан гаргасан өргөдлөөр илтгэгч гишүүн нь 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ГЗТ/2026/0041 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, өргөдөл гаргагчийн гомдлыг хэлэлцсэн гомдол шийдвэрлэх хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн СХТ/2026/0048 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэж, илтгэгч гишүүн тус тогтоолын дагуу шалгах ажиллагаа явуулан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ. 

1. Өргөдөлд “...тус хэргийг анхан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар “хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх”-ийг шийдвэрлэхээр товлосон байсан боловч тодорхойгүй шалтгаанаар хурлын товыг урагшлуулж, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар оруулж, “хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр  шийдвэрлэсэн” нь анхнаасаа хэргийн шийдэлд нөлөөлөх зорилгоор хийсэн үйлдэл гэж хардаж байна.” гэжээ.

 Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар “А” ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад холбогдох “сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр тушаалын А” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэл бүхий хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр тушаалын А” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас нэхэмжлэгч “А” ХХК-д хуульд заасан журмын дагуу нөхөн олговор олгох, дүйцүүлэн газар олгох эсхүл хохирлын асуудлыг шийдвэрлэх хүртэл дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.  

Тус хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан  хэлэлцээд,  2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  221/МА2025... дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсэгт 3 дахь заалт нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана” гэж заасан хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

Танхимын тэргүүний туслах Т.М “...Энэхүү компанийн хэргийг танхим 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан байна. Хэргийг хүлээн авснаас хойш 10-14 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой байдаг. Энэ хэргийн тухайд 2026 оны 01 дүгээр сарын 12-ны  өдрийн танхимын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байсан боловч шүүгч М.Батсуурь чөлөөтэй байсны улмаас мөн өдрийн танхимын хуралдаанд оролцох  боломжгүйгээс ирц хүрэхгүй болсон. Ийм учраас “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, маргааны хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам”-ын 3.4-т заасны дагуу бусад танхимын шүүгчдээс сугалааны журмаар оролцуулдаг. Дээрх тохиолдолд иргэний хэргийн танхимын шүүгчдээс сугалаа явуулахад шүүгч Э.Золзаяа томилогдсон тул захиргааны хэргийн танхимын хуралдаанд тус шүүгч оролцохоор болоод үүний дагуу танхимын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болсон.  ...иргэний хэргийн танхимын хуралдаан давхацсан тул захиргааны хэргийн танхимын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлж сайт дээр тавьсан байгаа” гэх гэрчийн мэдүүлгийг өгсөн байна.

“Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргаан шийдвэрлэх, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам”-ын 3.4 дэх хэсэгт танхимын нийт шүүгчийн хуралдааны ирц хуульд заасан үндэслэлээр хүрэлцэхгүй болсон тохиолдолд бусад танхимын шүүгчдээс сугалааны журмаар томилж оруулна гэж заажээ.

Үүний дагуу 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч нарын дунд 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагт товлогдсон Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанд оролцох шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох ажиллагааг явуулж шүүгч Э.Золзаяа 1 дугаарыг сугалж томилогдсон болох нь тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөн холбогдох шүүгч нар “...Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон хуралд ирц хүрэлцэхгүй болсны улмаас дээрх журамд заасны дагуу Иргэний хэргийн танхимаас шүүгч томилогдсон боловч мөн өдөр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан давхар товлогдсон байсны улмаас бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанд оролцох боломжгүй болсон, хуралдааны давхцалыг арилгах зорилгоор Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдуулахаар зохион байгуулалт хийсэн” гэх тайлбар гаргасан.

Дээрхээс үзвэл Захиргаа болон Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан давхацсаны улмаас Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны товыг урагшлуулсан болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр шүүгч нарыг буруутгах боломжгүй.

2.Өргөдөлд “...Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим уг гомдлыг хэлэлцүүлэхээр хүлээж авахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.1, 123.1.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хяналтын шатны шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдал” тогтоогдоогүй. Мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт заасан “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл тогтоогдоогүй. Гэтэл хэргийг хүлээн авсан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн болон гомдлын шаардлага, гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээн авсан үндэслэлээс хальж, шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчид ашигтайгаар өөрчилсөн явдал нь “О” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна” гэх үндэслэлийн тухайд,

Дээрх өргөдөлтэй холбоотойгоор холбогдох шүүгч нараас “...Хяналтын шатны шүүх (шүүх бүрэлдэхүүн) хэргийг хянан хэлэлцээд, уг хэргийн хувьд өмнө нь шийдвэрлэгдсэн ижил төстэй хэргийн үйл баримтаас ялгаатай байх тул "Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй, харин шүүхүүд тухайн тохиолдолд “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ын агуулгын зөрүүтэй буюу буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэхүү зарчмыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоож шийдвэрлэсэн, энэ нь хяналтын шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал болно. Захиргааны хэргийн онцлог нь шүүхээс шаардлагатай тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэдэг бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа юу анхаарах ёстой, ямар ажиллагаа явуулахыг тодорхой заах, ингэснээр шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, тодорхой болох, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хууль ёсны зарчим хэрэгжих нөхцөл бүрддэг.” гэх тайлбар гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна. 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д зааснаар Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх нь шүүн таслах ажиллагааны бүрэн эрхэд хамаарна. 

Ийнхүү Улсын дээд шүүх өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн оролцогчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь зөв, буруу байсан эсэхэд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.

Энэ талаар дүгнэсэн гишүүний “Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах түүнд дүгнэлт өгөх эрхгүй тул хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг “нэхэмжлэлийн шаардлага, гомдлын хүрээнээс хальсан”, “шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн, “А” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэхгүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3.Өргөдлийн “...шүүх бүрэлдэхүүний зүгээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн гомдолд дурдсан үндэслэлүүд нь тогтоогдохгүй байгааг тодорхой асууж, илтгэж, ярьж байсан хэр нь шийдвэр гаргахдаа хурал дээр ярьсан зүйлээсээ эсрэг шийдвэр гаргаж, “нэхэмжлэгчийн гомдол нотлогдохгүй байхад зарим хэсгийг нь хангаж” шийдвэр гаргасан, түүнчлэн шийдвэрээ бичгээр албажуулж гаргахдаа хурал дээр уншиж танилцуулсан шийдвэрээс зөрүүтэй  байдлаар  “А” ХХК-д ашигтай байдлаар дүгнэн бичиж, тогтоолын хянавал, тогтоох хэсгүүд хоорондоо зөрчилтэй шийдвэр гаргасан нь шүүх бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэхээр байна.” гэх үндэслэлийн тухайд,

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, Г.Банзрагч  нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд, 001/ХТ2026/... дугаар тогтоолоор шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр тушаалын А” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл /энэ тогтоолын хянавал хэсгийн 20, 26-д заасан ажиллагааг хэрэгжүүлэх замаар/ тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж,  2 дахь заалтыг “...түдгэлзүүлсэн 6 сарын хугацаанд хариуцагч нар шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 105.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно.” гэж заасан.

Дээрх хуульд заасны дагуу хуралдаан даргалагч нь гаргасан шийдвэрийн үндэслэлээ “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 596, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 730 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж байна. Ер нь зарчмын хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан, одоо гомдлын зарим хэсгийг хангасан агуулгаар өөрчлөлт орууллаа. Товчхон танилцуулъя. Хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж үзэхэд Улсын Их Хурлын 2023 оны 3 дугаар тогтоолын 4 дүгээр заалтаар энэ үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар маш тодорхой, одоо чиглэл өгсөн юм байна. Захиргааны байгууллагуудад хууль хэрэгжүүлэх үүрэгтэй захиргааны байгууллагуудад, тэр дотроо өнөөдрийн энэ хэргийн хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарт бол энэ давхцалаас хилийн заагийн тодорхойгүй байдлаас үүссэн давхцалтай холбоотой асуудлыг шийд гэдэг үүрэг, чигийг өгчихсөн юм байна. Тэгэхээр энэ тогтоолын 2023 оны Улсын Их Хурлын тогтоолын 1.4-д заасны дагуу бол асуудлыг 2 захиргааны байгууллага шийдэх ёстой. Ингэж шийдэхдээ өнөөдрийн энэ шүүхийн шийдлийн агуулга бол ямар өөрчлөлтийг нэмсэн гэхээр Нийслэлийн Засаг даргын одоо маргаан бүхий захиргааны акт байгаа шүү дээ. Анхан, давахын шүүх дээр хэрэгсэхгүй болгочихсон нэхэмжлэлийн энэ холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тэр Засаг даргын 2024 оны ... дугаар захирамжийн О-д холбогдох хэсгийг мөн адил түдгэлзүүлсэн өөрчлөлт орууллаа, 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдлээ. Ингэхдээ бол ямар агуулгаар шийдэж байна вэ гэхээр одоо бол хилийн зааг тодорхой болсон. Нэхэмжлэгчийн маргаад байгаа тэр үндэслэл бол одоо тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл одоо энэ газар тусгай хамгаалалттай газар нутагт орж байна гэдэг тэр үндэслэлийг бол шүүх хүлээж аваагүй. Энэ бол одоо Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газарт бол хамаарч байна. Энэ нь бол тодорхой болсон. Гэхдээ Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахдаа бол хуульд нийцээгүй байдлаар шийдвэр гаргасан. Зарчмын хувьд өмнө нь энэ Их хурлын тогтоолд зааснаар хилийн цэг тодорхойгүй гэдэг юм уу байх үед Байгаль орчны сайдын одоо шийдвэрийн дагуу эрх үүссэн нэхэмжлэгчийн тэр газар эзэмших эрхийг бол шийдвэрлэх ёстой. Шууд тэгээд хүчингүй болгоод орхихгүй, шийдсэн байдлаар шийдвэрээ гарга, Газрын тухай хуульд нийцүүлж гээд энэ 2023 оны 3 дугаар тогтоолын чинь 1.4 дээр заачихсан байгаа. Давхцалтай, давхцалгүй тэр хэсгийг ялгаж салгаад шийдвэрээ гарга гэдэг агуулгаар хяналтын шатны шүүхийн тогтоол гарлаа. Аль алинд нь бол дуудлага худалдааны анхны үнэ ч гэдэг юм уу, эсвэл газрын төлбөр гээд одоо тодорхой хэмжээний хохирол төлбөрүүд гарсан. Энэ асуудлуудыг бас захиргаа шийдвэрээ гаргахдаа бол шийдэх ёстой. Ямар байдлаар одоо гуравдагч этгээдийн ч тэр хохирлын асуудал, нэхэмжлэгчийн ч тэр төлсөн асуудлуудыг ямар байдлаар шийдэх ёстой юм, тэрийгээ захиргаа бас шийдэх ёстой. Бусад одоо яг тодорхой дэлгэрэнгүй шийдлийн агуулгыг бол шийдвэр бичгээр гарах үед та бүхэнд мэдэгдэнэ. За шүүх хуралдаан хаасан” гэж тайлбарласан байх ба энэ нь шүүх хуралдааны бичлэгт бичигджээ.

Дээрхээс үзвэл даргалагч шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дэлгэрэнгүй танилцуулсан байх бөгөөд уншиж танилцуулсан шийдвэрийн агуулга, бичгээр албажин гарсан шийдвэр хоорондоо зөрүүгүй байна.

4.Өргөдөл гаргагч сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжид гаргасан  гомдолдоо  “…Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны шүүгч Г.Банзрагч нь нэхэмжлэгчийн гаргасан хяналтын шатны гомдлыг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хэлэлцүүлэхээр шийдвэр гаргахад нөлөөлсөн, тухайн хэргийн хуваарилалтад нөлөөлж, өөрөө  илтгэгч шүүгч болсон талаар түүний гэр бүлийн гишүүн болох этгээд нь бусдад ам алдаж ярьсан бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасны дараа бусдаас мэдсэн болно” гэжээ.

Улсын Дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журмын 5.1-т “танхимын нийт шүүгчийн хуралдаанаас хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу тухайн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Танхимын тэргүүний туслах нэн даруй нэгдсэн системд бүртгэж, хэргийг хуваарилах ажиллагааг эхлүүлнэ”, 10.4-т “сонгох ажиллагааны явцыг дэлгэцийн бичлэгтэй хийж, бичлэгийг тухайн талбарт хавсаргаж хадгална...” гэж заажээ.

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  001/ШХТ2026/00... дугаар тогтоолоор  А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул дээрх журамд заасны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагч, илтгэгч болон танилцуулах шүүгчийг программ хангамж ашиглан томилсон байх ба илтгэгч шүүгчээр шүүгч Г.Банзрагч Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс хуваарилагдаж, даргалагч шүүгчээр шүүгч Ц.Цогт, бүрэлдэхүүний шүүгчээр шүүгч М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, Д.Батбаатар нар томилогдсон болох нь дэлгэцийн бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон байна.

Энэ нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн томилох ажиллагаа урьдчилан мэдэх боломжгүй байх, тойрог дотор санамсаргүй хуваарилах, хүний нөлөөллөөс ангид байх, ил тод байх, баримтжуулсан байх, шуурхай байх, ачаалал тэнцвэртэй байх гэх зарчимд нийцсэн байна.

 Мөн дээрх гомдолтой холбоотойгоор гэрч Ч.У “...Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч болон түүний гэр бүлийн хүнийг огт танихгүй, хэргийн хуваарилалт, шийдвэрлэлтийн талаар хэн нэгэнтэй ярьж байгаагүй, шүүх хуралдааны товыг надад мэдэгдэхдээ Г.Банзрагч шүүгчийн туслах байна гэж хэлсэн...”  гэх мэдүүлгийг,

Гэрч Ч.Х “...Ч.Г захирал надад “Г.Банзрагч шүүгчийн нөхөр н.О нь “А” ХХК-ийн хэргийн хуваарилалтыг зохицуулсан, санаа зоволтгүй гэж хамт сууж байсан 2 хүндээ хэлсэн гэсэн агуулгатай зүйл ярьсан, 4 сард яригдаж байсан болохоор нэг бүрчлэн сайн санахгүй байна, ... хаана, хэзээ гэдгийг надад хэлээгүй...” гэх мэдүүлгийг,

Гэрч П.О “...“А” ХХК болон тус компанийн удирдлага, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Удаанжаргал нарыг таньж мэдэхгүй. Царайг нь харахгүй бол Б.О гэх өмгөөлөгчийг мэдэхгүй байна.  “А” ХХК болон  “О” ХХК-ийн хоорондын маргаан дээд шүүхээр хянан шийдвэрлэх үед хэргийн хуваарилалт болон шийдвэрлэлтийн талаар хэн нэгэн хүнтэй яриагүй бөгөөд ийм зүйл яриагүй гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна..” гэх мэдүүлгийг,

Гэрч Т.М “....танхимын нийт шүүгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул хуралдаан дуусмагц шүүгч нарыг байж байхад танхимаас бүртгэл хяналтын нэгдсэн систем рүү орж шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүн, илтгэгч шүүгчийг томилогдсон ба энэ ажиллагаа бичлэгээр баталгаажсан...” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.

Илтгэгч гишүүнээс гомдолд дурдсан асуудлыг тодруулахаар тухайн компанийн гүйцэтгэх захиралтай холбогдохоор удаа дараа оролдсон боловч холбогдож чадаагүй талаарх тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байна.

Иймд, “шүүгч Г.Банзрагч нь нэхэмжлэгчийн гаргасан хяналтын шатны гомдлыг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хэлэлцүүлэхээр шийдвэр гаргахад нөлөөлсөн, тухайн хэргийн хуваарилалтад нөлөөлж, өөрөө  илтгэгч шүүгч болсон талаар түүний гэр бүлийн гишүүн болох этгээд нь бусдад ам алдаж ярьсан” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, илтгэгч гишүүний Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Банзрагч, Д.Батбаатар, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2026/0083 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Банзрагч, Д.Батбаатар, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                                    ГИШҮҮН                                          Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                О.НОМУУЛИН