info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-23

Дугаар 83

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,

сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, холбогдох шүүгч Ч.Алдар, өргөдөл гаргагч Г.И /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга М.Нарансолонго нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарт холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний “Сахилгын зөрчил гаргасны нотлох дүгнэлт”-д: “... ... дүүргийн прокурорын газраас шилжүүлсэн Д.Л-д холбогдох зөрчлийн ... дугаартай хэрэг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарт хуваарилагдсан байх ба шүүгч 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар шийтгэврээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийтгэврийг эс зөвшөөрч хохирогч Г.И, түүний өмгөөлөгч О.А нарын гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд ... дүгээр магадлалаар шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг буцаан хүргүүлжээ.

Шүүгч Ч.Алдар 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 002708 дугаар шийтгэврээр тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд ... дугаар магадлалаар шийтгэврийг дахин хүчингүй болгожээ. 

Холбогдох шүүгч уг зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын дүгнэлт, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ”, 9.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч дараах үндэслэлээр зөрчлийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ:, 1.1-т “энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай санал”, 2-т “Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

     Г.И-ы гаргасан гомдолтой Д.Л-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ч.Алдар 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч зөрчилд холбогдогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хойшлуулж, улмаар мөн өдөр хэргийг хянан хэлэлцсэн нь хэрэг хүлээн авсан дардас, шүүх хуралдаан хойшлуулсан захирамж, шийтгэврээр тогтоогдож байна.

Энэ нь хуульд заасан “…3 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсэнтэй нийцэж байх тул өргөдөлд дурдсан “…бүтэн 1 сар буюу 30 хоногийн дараа хурлын товыг зарласан…” гэх гомдол үндэслэлгүй байна.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид "Зөвлөгөөн" гэх/ ажиллана”, 19.2.5-т “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж заасан.

 Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 9/А дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Эрүү, зөрчлийн хэрэг, дүгнэлт, өргөдөл, гомдол, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох нарийвчилсан журмын 2.13-т “давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг өмнө хянан шийдвэрлэсэн шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд дахин хуваарилна” гэжээ. 

Давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан дээрх зөрчлийн хэргийг шүүгч Ч.Алдарт хуваарилагдсан нь журмын холбогдох заалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн хэргийг шүүгч Ч.Алдар 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан хэргийн дардас болон гэрч Д.О-ийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7-т зааснаар шүүгчийн туслах нь шүүгчийн удирдлага дор шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах чиг үүрэгтэй.

Шүүгчийн туслах Д.О гэрчийн мэдүүлэгтээ “...давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж ирсний дараа шүүгчээс шүүх хуралдааныг товлон зарлах үүрэг өгсний дагуу би 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зөрчлийн хэргийн холбогдогч Д.Л-тэй холбогдоход тэрээр утсаа аваагүй, ...2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн оролцогч нартай яриад тэдний боломжийг асууж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр товлон зарласан, ...шүүгч ихээхэн ачаалалтай ажилладаг...”  гэжээ.

Тухайн зөрчлийн хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн хугацаанд шүүгч Ч.Алдар нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн хэрэг 3, зөрчлийн хэрэг 112, прокурорын дүгнэлт 3, таслан сэргийлэх арга хэмжээний санал 21 хүлээн авч, үүнээс эрүүгийн хэрэг 1, шүүгчийн захирамж 15, зөрчлийн хэрэг 112, прокурорын дүгнэлт 3, таслан сэргийлэх арга хэмжээний санал 16 шийдвэрлэсэн нь шүүхийн Тамгын газраас ирүүлсэн судалгаагаар тогтоогдож байна.

Давж заалдах шатны шүүхээс зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд анхан шатны шүүх хэргийг ямар хугацаанд шийдвэрлэх талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулаагүй байна.  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд  анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хугацааг хуульд дараах байдлаар зохицуулжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-т “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” 33.2 дугаар зүйлийн 2-т “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасан ба харин давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг буцаасан тохиолдолд анхан шатны шүүх ямар хугацаанд шийдвэрлэх талаар хуульд тодорхой тусгаагүй байна.  

Иймд давж заалдах шатны шүүхээс буцаасан зөрчлийн хэргийг шүүгч Ч.Алдар 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

3. Дээрх журмын 2.16-т “Шийтгэх тогтоолыг дээд шатны шүүхээс 2 удаа …хүчингүй болгосон бол тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилахгүйгээр алгасаж, өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнд тойрог дотор санамсаргүй сонгогдох зарчмаар хуваарилна” гэж заасан.

Шүүгч Ч.Алдарын гаргасан шийтгэврийг давж заалдах шатны шүүхээс дахин хүчингүй болгосон тул тус зөрчлийн хэрэг шүүгч С.С-т хуваарилагдсан нь хууль болон журмыг зөрчөөгүй байна. 

Тэрээр 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд  ... дүгээр захирамжаар “...холбогдогч болон хохирогч нараас гаргаж өгсөн баримтуудыг нотлох баримтаар тооцох, үнэлэх, дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, энэ зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлэхээр шийдвэрлэж” шүүх хуралдааныг 14 хоногоор завсарлуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5-т заасантай нийцжээ. 

Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс  нөлөөлөхөөр  оролдсон  бүх  тохиолдлыг  шүүгч тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, эрх бүхий байгууллагад хандаж уг үйлдлийг шалгуулж шийдвэрлүүлэх ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.10-т зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.

 Энэ талаар холбогдох шүүгч “...давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж ирсэн, хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан талаар мэдэх боломжгүй...” гэсэн тайлбар ирүүлсэн ба шүүгч С.С нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй талаар шүүхийн тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1061 тоот албан бичигт дурджээ.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө “....шүүгч Ч.Алдар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгчид хууль бусаар нөлөөлж болзошгүй гэж хардаж буй” талаар дурдсан нь холбогдох  шүүгчийг  энэ төрлийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т  зааснаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогчийг бичих ба 36.7 дугаар зүйлийн 2.3-т “тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заасан нь хуулийн илт тодорхой заалт байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батлах бөгөөд шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын /https://supremecourt.mn/ 1 дүгээр хавсралтаар баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журмын 4.1-д “анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэвэр бичих арга зүйг тус тус аргачлалаар нарийвчлан зохицуулна”, 4.3-т “шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэр, бүтцийн талаар хууль болон энэхүү журам, холбогдох аргачлалд заасан шаардлагыг бүх шатны шүүхийн шүүгч хэлбэрэлтгүй баримталж, шүүхээс гарч буй аливаа эрхийн актын боловсруулалт, найруулгад онцгой анхаарч ажиллах үүрэгтэй” гэж, 2 дугаар хавсралтаар баталсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын 2.1.4-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.5 дэх хэсгүүдэд заасан зүйлсийг нэг бүрчлэн дүгнэж бичнэ...” гэжээ.

4.1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар шийтгэврээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “...хүүхдийн эрх ашиг сонирхлыг эцэг, эхийн хэн, хэн нь адил тэгш эрхтэйгээр үүрэг хүлээж, улс орон хүүхдийн эрх ашиг сонирхлыг уртал болгон хамгаалж оролцдог. Иймд эцэг, эхийн аль нэгэнд нь давуу эрх болон үүрэг өгөөгүй байна. Эдгээр хууль тогтоомжоос хүүхдийн эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрх, аль аль талд нь нээлттэй байна. Харин хүүхэд эцэг эхийн аль нэг дээр хэр хугацаанд хэнтэй байх талаар маргаан үүсэх юм бол уг харилцааг Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Өөрөөр хэлбэл хүүхэд эцэг, эхийнхээ хэн нэгтэй байгаа нь маргалдагч талын ашиг сонирхлоос болж зөрчлийн хэргийн шинжтэй гэж дүгнэх учир дутагдалтай. Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан “бусадтай харилцахыг хязгаарласан” гэх зөрчлийн шинжийг хангахгүй байна...” гэж дүгнэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дүгээр магадлалаар шийтгэврийг хүчингүй болгохдоо “...анхан шатны шүүх Д.Л-д холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бусадтай харилцахыг хязгаарласан гэх зөрчлийг хэрхэн яаж няцаан үгүйсгэж буй үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт “...шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-г тусгахаар заасан шүүхийн шийдвэрийн нийтлэг шаардлагад нийцэхгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...” гэсэн ноцтой зөрчилд хамаарах бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад заасан “...шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд тус тус хамаарч байна...” гэсэн үндэслэл дурджээ.

 4.2. Холбогдох шүүгч зөрчлийн хэргийг дахин шийдвэрлэсэн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар шийтгэвэрт “…гэрлэгчид гэр бүлийн баталгаатай байх ба дуусгавар болоогүй байна. Иймд гэр бүлийн гишүүн биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зөрчилд холбогдогч Д.Л-г Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг бусадтай харилцахыг хязгаарласан үйлдлийг, “бусадтай” гэж хууль тогтоогчид хуульчилсан байх ба бусад гэх нэр томьёоны агуулгад гэр бүлийн гишүүн орох эсэх нь тодорхойгүй байх ба Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн гишүүдийг тодорхойлсон байна. Иймд анхан шатны шүүхээс бусадтай харилцахыг хязгаарласан гэх зөрчил нь “гэр бүлийн гишүүд”-ийг бусад гэж үзэхээргүй байна гэж дүгнэлээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бусадтай харилцахыг хязгаарласан” гэх зөрчлийн шинжийг хангахгүй байна…” гэж дүгнэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар магадлалд “…анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг бусадтай харилцахыг хязгаарласан зөрчлийн шинжийг зөвхөн “бусадтай” гэдэг үгийг хэт явцуу утгаар тайлбарласан нь Д.Л-гийн үйлдэлд ямар үндэслэлээр хамааралгүй болж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хуулийн тодорхой заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв. …Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч И.А-ын “…Би фейсбүүкээ хаагаагүй байх үед ээж хааяа ордог байсан. Би блок хийснийг санахгүй байна…”, И.А-ын “…ээж миний утсыг зөвшөөрөлгүй авдаггүй, би өөрөө утсаа оролдож байгаад аавыг блок хийчихсэн юм…”, гэрч Т.М, Б.Б нарын мэдүүлгүүд, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “…цэнхэр футболктой хүүгийн аавтай ярьсан яриа: хурдан аваарай, ээж уурлаад байна, ээж утас шалгаад байна, гэрт камер тавина гэсэн…” гэх тэмдэглэл, хохирогч Г.И-ы хүүхдүүдтэйгээ харьцаж байсан талаарх фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн…” гэжээ. 

Шүүгч  хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай хэдий ч холбогдох шүүгч нь зөрчлийн хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болох нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “Ноцтой зөрчих” гэдгийг б/процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт/зүй бус/ ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэжээ. 

Холбогдох шүүгч зөрчлийн хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийн нийтлэг шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийтгэврийг хүчингүй болгосон, үүнээс хохирогч хуульд заасан хугацаанд гомдлоо шийдвэрлүүлж чадаагүй байх тул уг үйлдлийг ноцтой гэж үзэв. 

Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” зөрчил гаргасанд нотлох дүгнэлт үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

 

Шүүгч Ч.Алдар ирүүлсэн тайлбартаа: “ Иргэн Г.И-ы гомдолтой холбогдуулан дараах тайлбар болон нотлох баримтыг гаргаж байна. Иргэн Г.И-ы гомдолд: Зөрчлийн ... дугаартай хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрх бүхий албан тушаалтай Д.Л-гийн үйлдсэн зөрчил нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдох байх тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэнэ/ гэж шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг нарийвчлан зохицуулсан байхад Д.Л-д холбогдох зөрчлийн ... дугаартай хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар нь шийдвэрлэхгүй хэт удаашруулж бүтэн 1 сар буюу 30 хоногийн дараа хурлын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зарласан.

Шүүгч Ч.Алдар нь Д.Л-д холбогдох зөрчлийн ... дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ЗШ/... дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэхдээ..., гэх агуулга бүхий гомдолд нь дараах тайлбар хийх нь зүйтэй байна. 

1. Нийслэлийн ... дүүргийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ...тоот албан бичигтэй хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлснийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгч Ч.Алдар надад систем дээрээс санамсаргүй тохиолдлоор хуваарилдаг ба уг хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр холбогдогч Д.Л, хяналтын прокурор Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 9 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар зөрчилд холбогдогч Д.Л нь өмгөөлөгчтэйгөө оролцох тухай хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, зөрчилд холбогдогч Д.Л-г Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлөгч авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг хүлээн авсан дардасны тэмдэг, болон шүүгчийн захирамж, Нийслэлийн ... дүүргийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ...тоот албан бичиг зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлэв.

Иргэн Г.И-ы гомдлын агуулгын хувьд зөрчилд холбогдогч Д.Л-г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай байх ба хуулийн илт тодорхой заалтыг буруу тайлбарлах, удаа дараа хууль зөрчиж өөрийн үйлдэл эс үйлдэхгүйгээр бусдад давуу байдал олгосон үйлдэл гэж гомдлыг гаргасан байна. Иймд дараах тайлбарыг хийх нь зүйтэй байна.

1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль зөрчих гэсэн үндсэн агуулгын илэрхийлдэг ба “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг.., гэж хуульчилсан байх ба уг агуулга нь Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн хооронд тодорхой цаг хугацаанд тогтвортойгоор биеийн эрүүл мэнд болон сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэсэн, гэр бүлийн харилцаан дахь эрх үүрэгт тэгш бус байдал үүссэн зэрэг шинжүүдийг агуулж байдаг ба зөрчилд холбогдогч Д.Л-гийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан буюу “бусадтай харилцахыг хязгаарласан”, гэж зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлснийг шүүх дүгнэхдээ, бусадтай харилцахыг хязгаарласан буюу бусад гэдэгт ямар этгээд хамаарах, мөн харилцахыг хязгаарлах буюу харилцаа холбооны ямар хэрэгсэл ашиглах эрхтэй этгээдийг, хэнтэй харилцахыг хязгаарлаад байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн үр хүүхэдтэйгээ, уулзах болон асран хамгаалах эрхийг талаар харилцан маргаан гарвал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байдаг гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хувьд тодорхой хоёрдмол салаа утга агуулга илэрхийлдэггүй, ба хуулийн төсөөтэй хэрэглэх боломжгүй байдгаар онцлогтой. Хууль зүйн техникийн хувьд хууль өөрөө хийдэлтэй юм уу алдаатай байх боломжтой ба хийдэлтэй хууль байлаа гээд өөр харилцааг зохицуулах зорилготой хуулийг шүүх хэрэглэх боломжгүй юм. Мөн шүүхийн эрх мэдэл нь зүйлчлэлийг өөрчлөх болон хүндрүүлэх эрх мэдэлгүй ба зөвхөн хөнгөрүүлэх өөрчлөх л эрхтэй байдаг тул зөрчилд холбогдогч Д.Л-гийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т үйлдэлд дүгнэлт хийн шийдвэрлэсэн ба энэ шийдвэр эцсийн шийдвэр биш учир талууд гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэсэн болно.

Мөн Д.Л-д холбогдох зөрчлийн ... дугаартай хэрэг нь одоо Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.С-т хуваарилагдан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа боловч шүүх хуралдааны тов тодорхойгүй шалтгаанаар удаа дараа хойшлогдох... хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчид Ч.Алдар шүүгч хууль бусаар нөлөөлж байж болзошгүй гэж иргэн хүний хувьд хардаж байна..., гэх тухайд

1. Шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлан шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан тохиолдолд, тухайн хэргийг өөр шүүгчид хуваарилдаг ба энэ нь шүүгчийн дотоод итгэлийг хамгаалах үндсэн зарчимд суурилсан байдаг ба давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж ирсэн, хэн шүүгчид хуваарилагдсан талаар мэдэх боломжгүй байдаг. 

Хэрэв шүүгчид нөлөөлөх аливаа нэг оролдлого хийсэн тохиолдолд заавал нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ба нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүйгээрээ хариуцлага хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.

Шүүгч Ч.Алдар 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Иргэн Г.И-ы гомдолтой холбогдуулан дараах нэмэлт тайлбар болон нотлох баримтыг гаргаж байна.

Иргэн Г.И-ийн гомдолд: “Зөрчлийн ... дугаартай хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрх бүхий албан тушаалтан Д.Л-гийн үйлдсэн зөрчил нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: /Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэнэ/ гэж шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг нарийвчлан зохицуулсан байхад Д.Л-д холбогдох зөрчлийн ... дугаартай хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар нь өөр дээрээ шийдвэрлэхгүй хэт удаашруулж бүтэн 1 сар буюу 30 хоногийн дараа хурлыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зарласан” гэх гомдолд дараах нэмэлт тайлбар хүргүүлж байна.

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Д.Л-д холбогдох ... дугаартай зөрчлийн хэргийг ирүүлснийг тус шүүх хүлээн авсан болох нь зөрчлийн хэрэгт дарагдсан дардасны тэмдгээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх зөрчлийн хэргийг хүлээн авсан өдрөө шүүх хуралдааныг товлон зарлаж, улмаар шүүх хуралдаанаар холбогдогч Д.Л-гийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Иймд иргэн Г.И-ы гомдолд дурдагдаад байгаа “2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрх бүхий албан тушаалтан Д.Л-гийн үйлдсэн зөрчил нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг. ...Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар нь өөр дээрээ шийдвэрлэхгүй хэт удаашруулж бүтэн 1 сар буюу 30 хоногийн дараа хурлын товыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зарласан..." гэх гомдол нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан тус зөрчлийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлээгүй ба 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хэргийг хүлээн авсан болох нь дардасны тэмдгээр нотлогдон тогтоогдож байна. Мөн өдөр шүүх хуралдааныг явуулсан талаар шүүгчийн захирамжийг хүргүүлсэн болно. 

2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр буцаан ирүүлснийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг товлон зарлах гэсэн боловч холбогдогч Д.Л-гийн утас нь холбогдохгүй, утсаа авахгүй байсан учир шүүгчийн туслах Д.О нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, прокурор Ю.Б, хохирогч Г.И, түүний өмгөөлөгч О.А, Холбогдогч Д.Л-гийн өмгөөлөгч О.С энэ талаар мэдэгдэж, зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч шүүх хуралдааны товыг үйлчлүүлэгчдээ мэдэгдчихнэ гэсэн учир зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч Б.Г нарын шүүх хуралдааны тов болон давхцал бол талуудын саналыг харгалзан 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг товлосон талаар тов мэдэгдсэн баримтыг хэргээс хуулбарлан авч гаргаж өгч байна.

Иймд шүүгчийн зүгээс ямар нэгэн шалтгаангүй буюу 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 11 хүртэлх хугацаанд буюу 1 сар буюу 30 хоногийн хугацаанд удаашруулсан зүйл байхгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.И-аас Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн илтгэгч гишүүн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ГЗҮ/2026/0053 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг гаргажээ. 

Нэг: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэнэ/-т шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг нарийвчлан зохицуулсан байхад Д.Л-д холбогдох зөрчлийн ... дугаартай хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар нь шийдвэрлэхгүй хэт удаашруулж бүтэн 1 сар буюу 30 хоногийн дараа хурлын товыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зарласан” гэх өргөдлийн тухайд:

            Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... дүүргийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас Д.Л-д Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан зөрчилд шийтгэл оногдуулах саналтай зөрчлийн материалыг шүүхэд шилжүүлсэн нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүгч Ч.Алдарт хуваарилагдаж, тус өдрийн хуралдаанд зөрчилд холбогдогч өмгөөлөгчтэй хуралдаанд оролцох хүсэлт гаргасны дагуу ... дугаар шүүгчийн захирамжаар хуралдааныг хойшлуулж, улмаар хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан шийдвэрлэсэн байна.

            Мөн тус зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ЗШ/... дугаар шийтгэврийг хохирогч, түүний өмгөөлөгч нараас  эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ДШМЗ/... дугаар магадлалаар шийтгэврийг хүчингүй болгож, буцаасан.

            Тус зөрчлийн хэргийг шүүгч Ч.Алдар 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дахин хянан шийдвэрлэсэн байх ба энэ талаар шүүгчийн туслах Д.О гэрчээр “...давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж ирсний дараа шүүгчээс шүүх хуралдааныг товлон зарлах үүрэг өгсний дагуу би 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зөрчлийн хэргийн холбогдогч Д.Л-тэй холбогдоход тэрээр утсаа аваагүй, ...2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн оролцогч нартай яриад тэдний боломжийг асууж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр товлон зарласан, ...шүүгч ихээхэн ачаалалтай ажилладаг...”  гэх мэдүүлгийг өгчээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгч саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан боловч шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хуралдааныг хойшлуулж, саналыг хүлээн авснаас хойш 4 хоногийн дараа хянан шийдвэрлэсэн нь түүнийг дээрх хуулийг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна. 

Мөн илтгэгч гишүүний “...давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг буцаасан тохиолдолд анхан шатны шүүх ямар хугацаанд шийдвэрлэх талаар хуульд тодорхой тусгаагүй байна.  Иймд давж заалдах шатны шүүхээс буцаасан зөрчлийн хэргийг шүүгч Ч.Алдар 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хоёр: “...Д.Л-д холбогдох зөрчлийн ... дугаартай хэрэг нь одоо Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.С-т хуваарилагдан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа боловч шүүх хуралдааны тов тодорхойгүй шалтгаанаар удаа дараа хойшлогдох, зөрчлийн хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс буцааснаас хойш шийдвэрлэгдэхгүй удааширч байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн хугацааг зөрчсөн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчид Ч.Алдар шүүгч хууль бусаар нөлөөлж байж болзошгүй гэж иргэн хүний хувьд хардаж байна” гэх өргөдлийн тухайд:

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зөвлөгөөнөөр баталсан Эрүү, зөрчлийн хэрэг, дүгнэлт, өргөдөл, гомдол, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох нарийвчилсан журмын 2.16-т “Шийтгэх тогтоолыг дээд шатны шүүхээс 2 удаа …хүчингүй болгосон бол тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилахгүйгээр алгасаж, өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнд тойрог дотор санамсаргүй сонгогдох зарчмаар хуваарилна” гэж заажээ.

Зөрчилд холбогдогч Д.Л-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэврийг давж заалдах шатны шүүхээс хоёр удаа хүчингүй болгосон тул дээрх журамд заасны дагуу уг зөрчлийн хэрэг шүүгч С.С-т хуваарилагдаж, шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ... дүгээр захирамжаар “...холбогдогч болон хохирогч нараас гаргаж өгсөн баримтуудыг нотлох баримтаар тооцох, үнэлэх, дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, энэ зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлэхээр шийдвэрлэж” Д.Л-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг 14 хоногоор завсарлуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг.

Шүүгч С.С-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч Ч.Алдар нөлөөлсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учир дээрх өргөдөл нь үндэслэлгүй байна.

            Гурав. “...анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар нь Д.Л-д холбогдох зөрчлийн ... дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ санаатай хуулийн илт тодорхой заалтыг буруу тайлбарлах, удаа дараа хууль зөрчиж өөрийн үйлдэл эс үйлдэхгүйгээр бусдад давуу байдал олгосон үйлдэл гэж үзэж байна.” гэх өргөдлийн тухайд:         

            Хэрэгт авагдсан баримтуудаар Д.Л нь “2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш одоог хүртэл Г.И-ыг хүүхдүүдтэй нь болох И.А, И.А нартай уулзахгүй, мөн төрсөн хүүхэд Г.И-тай уулзуулахгүй бусадтай харилцахыг хязгаарласан” гэх  зөрчилд холбогдуулан ... дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар Д.Л-д шийтгэл оногдуулах саналтай зөрчлийн хэргийг шүүгч Ч.Алдар хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ЗШ/... дугаар шийтгэврээр “..хүүхэд эцэг, эхийнхээ хэн нэгтэй байгаа нь маргалдагч талын ашиг сонирхлоос болж, зөрчлийн хэргийн шинжтэй гэж дүгнэх нь учиртай дутагдалтай. Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бусадтай харилцахыг хязгаарласан” гэх зөрчлийн шинжийг хангахгүй байна” гэж дүгнэн Д.Л-д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Тус шийтгэврийг эс зөвшөөрч хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ДШМЗ/... дүгээр магадлалаар “...анхан шатны шүүх Д.Л-д холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бусадтай харилцахыг хязгаарласан гэх зөрчлийг хэрхэн яаж няцаан үгүйсгэж буй үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл..”-г тусгахаар заасан шүүхийн шийдвэрийн нийтлэг шаардлагад нийцэхгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.3-т заасан үндэслэлд хамаарна” гэж дүгнэн шийтгэврийг хүчингүй болгожээ.

            Шүүгч Ч.Алдар хэргийг дахин хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар шийтгэврээр “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг бусадтай харилцахыг хязгаарласан үйлдлийг, “бусадтай” гэж хууль тогтоогчид хуульчилсан байх ба Гэр бүлийн тухай хуульд, гэр бүлийн гишүүдийг тодорхойлсон байна. Иймд анхан шатны шүүхээс бусадтай харилцахыг хязгаарласан гэх зөрчил нь “гэр бүлийн гишүүд”-ийг бусад гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

            Тус шийтгэврийг давж заалдах шатны шүүхээс  хянаад, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ЗШМЗ/... дугаар магадлалаар “...нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно. ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг бусадтай харилцахыг хязгаарласан зөрчлийн шинжийг зөвхөн “бусадтай” гэдэг үгийг хэт явцуу утгаар тайлбарласан нь Д.Л-гийн үйлдэлд ямар үндэслэлээр хамааралгүй болж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хуулийн тодорхой заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэн дээрх шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг буцаан шийдвэрлэсэн байна.

Илтгэгч гишүүн дээрх үйл баримтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогчийг бичих ба 36.7 дугаар зүйлийн 2.3-т “тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заасан нь хуулийн илт тодорхой заалт байна. ...Шүүгч  хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай хэдий ч холбогдох шүүгч нь зөрчлийн хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болох нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байна. ...Холбогдох шүүгч зөрчлийн хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийн нийтлэг шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийтгэврийг хүчингүй болгосон, үүнээс хохирогч хуульд заасан хугацаанд гомдлоо шийдвэрлүүлж чадаагүй байх тул уг үйлдлийг ноцтой гэж үзэв” гэснийг хүлээн авах боломжгүй.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн хараат бус бүрэн эрхэд хамаарна.

Энэ хүрээнд шүүгч Ч.Алдар нь Д.Л-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан үнэлж, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгч, үүнийгээ шийтгэвэртээ тусгасан байх тул шүүгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгчийн шийтгэвэрт гаргасан оролцогчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх шийтгэврийн хууль зүйн үндэслэлийг хянаж, дүгнэлт өгөх эрхтэй.

Уг эрхийнхээ дагуу давж заалдах шатны шүүх шийтгэврийг хянаж, хүчингүй болгосонтой нь холбогдуулж шүүгчийг  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.  

            Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарт холбогдох нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ГНД/2026/0026 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                                    ГИШҮҮН                                          О.НОМУУЛИН

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН