
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-06-24
Дугаар 85
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Ц.А нь тухайн үед Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч байсан, одоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одбаатарт холбогдуулан гаргасан мэдээллийг илтгэгч гишүүн хүлээн аваад 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ГЗҮ/2025/...7 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ГНД/2026/...4 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасныг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн СХМ/2026/...3 дугаар магадлалаар хүлээн авч, шүүгч Л.Одбаатарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан. Холбогдох шүүгч магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасныг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хянан үзэх хуралдаанаар хэлэлцэн, ХТ/2026/...0 дугаар хяналтын тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу дахин шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2026/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ц.А-ээс Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан, одоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одбаатарт холбогдуулан “...миний нөхөр Б.Н-ыг “нүдийг нь сохолно” гэж, дараа нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр миний албан өрөөнд орж ирээд үгийн зөрүүгүй “Сахилгын хороонд чамд холбогдуулан гомдол гаргасан бол битгий гомдоорой” гэж намайг заналхийлж байсан, ...шүүгч миний болон гэр бүлийн хүний минь нэр хүндийг унагааж, шүүхийн бүх шүүгч, ажилтан, албан хаагч нарт хувийн эмзэг мэдээллийг задруулсан...” гэж өргөдөл гаргажээ.
Нэг. Өргөдөлд “...миний нөхөр Б.Н-ыг “нүдийг нь сохолно” гэж, дараа нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр миний албан өрөөнд орж ирээд үгийн зөрүүгүй “Сахилгын хороонд чамд холбогдуулан гомдол гаргасан бол битгий гомдоорой” гэж намайг заналхийлж байсан...” гэж дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Б.Н нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч /өмнө нь ажиллаж байсан/ Л.Одбаатарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн ...хийдэд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ....тахилгын үер болсон үйл явдалтай холбогдуулан өргөдөл гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...7 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад “...өргөдөл гаргагч Б.Н-ын нүдийг сохолно гэж дайран зүй зохисгүй байдал гаргасан, архидан согтуурч ёс зүйн зөрчил гаргасан гэх үйл баримтууд тогтоогдохгүй байна...” гэх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн ...8 дугаар магадлалаар хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Мөн шүүгч Л.Одбаатараас шүүгч Ц.А-д холбогдуулан гаргасан “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дотоод сүлжээгээр дамжуулан миний шэйрт нэвтэрч албаны болон хувийн баримтуудын зургийг дарж, бичлэг хийж захиргааны 4 ажилтан болон жижүүр цагдаад үзүүлсэн үйлдэл гаргасан...” гэх өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад, сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдсэнийг Сахилгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн СХМ/2025/...7 дугаар магадлалаар хүлээн авч, шүүгч Ц.А-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, түүнд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Уг магадлалыг шүүгчийн гаргасан гомдлоор 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хянан үзэх хуралдаанаар хэлэлцэж ХТ/2025/...9 дүгээр хяналтын тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэнд шүүгчээс гомдол гаргасныг хянан үзэх хуралдаан даргалагчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ГЗБ/2025/...8 дугаар захирамжаар буцааж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид шүүгчээс гомдол гаргасныг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцэн, СХТ/2025/...5 дугаар тогтоолоор хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Сахилгын хорооны хуралдаанаар сахилгын хэргийг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” ...112.1.2-т “сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох”, 112.1.3-т “нотлох дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүлээн авч, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах”, 113 дугаар зүйлийн 113.12-т “Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд энэ хуулийн 114.1-д заасны дагуу гомдол гаргаснаас бусад тохиолдолд эцсийн шийдвэр байна”, 114.6-д “Хянан үзэх хуралдааны даргалагч гишүүн энэ хуулийн 114.1, 114.2, 114.3-т заасан шаардлагад нийцээгүй гомдол, эсэргүүцлийг буцаах тухай захирамж гаргаж, энэ талаар хариу мэдэгдэнэ”, 104 дүгээр зүйлийн 104.7-д “Гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүн дараах тогтоолын аль нэгийг гаргана”, 104.7.1-д “захирамжийг хэвээр үлдээх, эсхүл захирамжийн үндэслэлийг өөрчлөн захирамжийг хэвээр үлдээх”, 104.9-д “Энэ хуулийн 104.7-д заасан тогтоол нь эцсийн шийдвэр байна” гэж зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу өргөдлийн дээрх үндэслэлд дахин дүгнэлт хийхгүй.
Хоёр. Өргөдөлд “...шүүгч миний болон гэр бүлийн хүний минь нэр хүндийг унагааж, шүүхийн бүх шүүгч, ажилтан, албан хаагч нарт хувийн эмзэг мэдээллийг задруулсан...” гэж дурдсан.
Дээрх өргөдлийн үндэслэлээ “2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Одбаатар шүүгч нь тус шүүхийн дундын шэйрт миний нөхөр Б.Н-ыг Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурорт өгсөн гомдол, Ж.Т-ээс надад холбогдуулан Сахилгын хороонд гаргасан гомдлуудыг “Ес зүйн хороонд тайлбар” гэсэн ворд файлыг шүүхийн дотооддоо нэг сүлжээтэй, нээлттэй байдлаар ашиглагддаг нийтийн дотоод сүлжээнд ямар нэгэн нууц код, хамгаалалтгүйгээр, дурын хэн ч ороод үзэж болохоор байршуулсан” гэж тодорхойлсон байна.
Өмнө нь шүүгч Ц.А болон өмгөөлөгч Г.Н нараас дээрх агуулга бүхий өргөдөл гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ГЗТ/2024/...7 дугаар захирамжаар “...тус шүүхийн шүүгч, албан хаагчдын хэн ч нэвтэрч орох, аливаа мэдээллийг хадгалж, өөрчлөх боломжтой нээлттэй дундын мэдээллийн сан байх тул үүнд хадгалагдсан мэдээллийг үндэслэн өргөдөл гаргагчид хэн нэгэн нөлөөлсөн, хууль зүйн зөвлөгөө өгсөн байж болзошгүй гэсэн таамаглалд үндэслэн сахилгын хэрэг үүсгэх боломжгүй...” гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон хэдий ч өргөдөлд дурдсан үйл баримт нь цаг хугацааны хувьд Шүүхийн сахилгын хорооны гишүүний сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үед тодорхой баримтгүй, “таамаглал” гэж үзэхээр байсан, харин өөр бусад сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримтуудад тусгагдан, нотлох баримтаар үнэлэгдсэн зэргийг харгалзан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэн сахилгын хэрэг үүсгэсэн болно.
Дээр дурдсанчлан, шүүгч Л.Одбаатарын шэйрт шүүгч Ц.А нэвтэрч албаны болон хувийн баримтуудын зургийг дарж, бичлэг хийж захиргааны 4 ажилтан болон жижүүр цагдаад үзүүлсэн үйлдлийг сахилгын зөрчилд тооцож, шийтгэл оногдуулсан.
Тус сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад шүүгч Л.Одбаатарын ажлын өрөөний суурин компьютероос шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын дундын дотоод сүлжээ шэйрт үзлэг хийхэд “Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх” гэх хавтас /фолдер/-ны “Л.Одбаатар” гэх дэд хавтаст “Ес зүйн хорооны тайлбар” гэх ворд файлд:
1. Шүүхийн сахилгын хороонд хаяглан Р.Л-ын гаргасан гомдолд тайлбар бичсэн шүүгч Л.Одбаатарын нэр бүхий 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн огноотой бичвэр файл,
2. ...Прокурорын газрын Ерөнхий прокурор, ...Т.М-т хаягласан Сэлэнгэ аймгийн шүүхийн болон шүүгч нарын талаар Б.Н фейсбүүктээ нийтэлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн Ж.Т-ийн нэр бүхий 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн огноотой бичвэр файл,
3. Шүүхийн сахилгын хороонд хаяглан шүүгч Ц.А-д гомдол гаргахаар бичсэн Ж.Т-ийн нэр бүхий 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотой бичвэр файл,
4. Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албанд хаяглан төрийн албан хаагч нарт зориулсан орон нутгийн өмчийн байранд зохих шаардлагыг хангасны үндсэн дээр амьдарч байгаа талаар тайлбар бичсэн шүүгч Л.Одбаатарын нэр бүхий 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотой бичвэр файл,
5. Шүүхийн сахилгын хороонд хаяглан О.Б-ны гаргасан гомдолд тайлбар бичсэн шүүгч Л.Одбаатарын нэр бүхий 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой бичвэр файл,
6. Шүүхийн сахилгын хороонд хаяглан О.Б-ны гаргасан гомдолд тайлбар бичсэн шүүгч Л.Одбаатарын нэр бүхий 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн огноотой бичвэр файл,
7. ...шүүхийн Тамгын газрын дарга Э.Г-т хаяглан шүүгч Ц.А нь дотоод сүлжээгээр дамжуулан шэйрт нэвтэрч албаны болон хувийн баримтуудын зургийг дарж, бичлэг хийж захиргааны 4 ажилтан болон жижүүр цагдаад үзүүлсэн үйлдлээр шүүгчийн хараат бус халдашгүй байдал, хувь хүний нууцад халдсан тул холбогдох хуулийн болон бусад байгууллагад хандаж, шалгаж шийдвэрлүүлэх тухай хүсэлт бичсэн шүүгч Л.Одбаатарын нэр бүхий 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн огноотой бичвэр файл,
8. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Э.Г-т хаяглан шүүгч Ц.А-ийн өмгөөлөгч Г.Н нь дээрх хүсэлттэй холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан байх тул холбогдох хуулийн болон бусад байгууллагад хандаж, шалгаж шийдвэрлүүлэх тухай хүсэлт бичсэн шүүгч Л.Одбаатарын нэр бүхий 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн огноотой бичвэр файл тус тус хадгалагдаж байсныг тэмдэглэлээр баталгаажуулан, хуулбарлан авч хавсаргасан байна.
Дээрхээс үзэхэд тус шүүхийн шүүгч болон захиргааны ажилтнуудын дундын дотоод сүлжээ шэйрт байх Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одбаатарын файлд ...шүүхийн Тамгын газрын ...хэлтсийн дарга Ж.Т-ийн нэр бүхий шүүгч Ц.А, түүний нөхөр Б.Н нартай холбоотой гомдол, хүсэлт байсан болох нь тогтоогдож байна.
Мөн Ж.Т-ээс шүүгч Ц.А-д холбогдуулан гаргасан “...2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүгч Ц.А-ийн албан ажлын өрөөнд маргалдаж, улмаар шүүгч Ц.А Ж.Т-ийг “чи ажилдаа тэнцдэггүй биз дээ, нойлын ногоон тэг, гар, зайл” гэх зэргээр загнаж өрөөнөөсөө хөөж гаргасан...” гэх өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад, сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдсэнийг Сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, СХМ/2025/...3 дугаар магадлалаар хүлээн авч, шүүгч Ц.А-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, түүнд “цалингийн хэмжээг 3 сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Уг магадлалыг шүүгчийн гаргасан гомдлоор 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хянан үзэх хуралдаанаар хэлэлцэн ХТ/2025/...1 дүгээр хяналтын тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэнд шүүгчээс гомдол гаргасныг хянан үзэх хуралдаан даргалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГЗБ/2026/...1 дүгээр захирамжаар буцааж шийдвэрлэсэн бөгөөд уг сахилгын хэргийн агуулга нь шүүгч Л.Одбаатарын файлд байсан Ж.Т-ийн нэр бүхий 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотой бичвэр файлын агуулгатай тохирч байна.
Энэ талаар шүүгч Л.Одбаатараас “...Ж.Т нь надад хандаж “би Ц.А шүүгчид гомдолтой байх тул Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргахаар өргөдөл бичээд таны шэйр дотор ёс зүйн хорооны тайлбар хэсэгт хийчихлээ, та нэг хянаад өгөөрэй” гэж байсан...” гэж тайлбарласан, Ж.Т-ээс “...шүүгч Л.Одбаатар өмнө нь прокуророор ажиллаж байсан учраас надад хууль хэрэглээний үүднээс хянаад өгөх байх гэж бодоод хянуулахаар өгсөн. Дотоод чатаар хянаад өгөөч, шэйрт хийлээ гэж бичсэн...”, “...шүүгч Л.Одбаатар луу хянуулахаар өгөхдөө шүүхийн дотоод чатаар явуулсан. Би нэг гомдол гаргах гэж байгаа юм, та хянаад өгөөч гэх агуулгаар л бичээд явуулсан байх. Хариу өгөөгүй...” гэж мэдүүлсэн.
Үүнтэй холбогдуулан нэмэлт ажиллагаагаар шүүхийн албан хэрэгцээнд ашигладаг дотоод чат \Output Messenger\-т үзлэг хийхэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байсан шүүгч Л.Одбаатарын чатыг хэрэглэгчийн бүртгэлээс устгасан байсан бөгөөд энэ талаар Мэдээлэл технологийн мэргэжилтэн А.А “ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын ашиглаж байсан дотоод чатыг хэрэглээнээс устгаж, шинээр томилогдсон мэдээллүүдийг нэмж бүртгэн шинэчлэн оруулдаг” гэж тайлбарласан.
Тус шүүхийн дотоод чатын программын лицензийн хугацаа дууссантай холбоотойгоор шинээр дахин дотоод чатын программыг суулган, 2025 оны 12 дугаар сараас эхлэн шүүхийн хэмжээнд ашиглаж байх ба үүнээс өмнөх дотоод чатын программын дата баазыг авч үзэхэд дотоод чат хэрэглэгчдийн бүх түүх /бичвэр, файл гэх мэт/ устсан байсан тул 2023 оны дотоод албан бичиг солилцооны шэйр, дотоод чатыг архивлан хадгалж байгаа серверт үзлэг хийсэн ба шүүхийн дотоод чатыг хадгалж байгаа хард диск нь нээгдэхгүй, харин шүүхийн дотоод албан бичиг солилцооны шэйрт байх файлуудыг хадгалж байгаа хард дискт сахилгын хэрэгт холбоотой файлууд байхгүй байв.
Мөн гэрч Ж.Т-ийн ашиглаж буй суурин компьютерт үзлэг хийхэд тус компьютерын desktop дотор 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үүсгэсэн “Ж.Т” гэсэн фолдерт нийт 17 файл байсан бөгөөд тус файлуудаас сахилгын хэрэгт холбогдох “Гомдол”, “Улсын ерөнхий прокурорын газарт”, “Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор” гэсэн 3 файл байв.
“Гомдол” гэх файлд хадгалагдаж байсан 5 хуудас word файлд шүүгч Ц.А-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөл байсан бөгөөд шүүгч Л.Одбаатарын шэйрт хадгалагдаж байсан файлтай үг, үсгийн зөрүүгүйгээр тохирч байсныг хуулбарлан авсан.
Дээрх байдлаар Ж.Т-ийн мэдүүлэгт дурдсан “хариу өгөөгүй” гэх тайлбар нь шалгах ажиллагаагаар тогтоогдохгүй байх боловч түүнээс шүүгч Ц.А-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлөө хянуулахаар шүүгч Л.Одбаатарт явуулсан гэдэг нь тогтоогдож байх тул Ж.Т-ээс өргөдөл гаргахад шүүгч Л.Одбаатар хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, “хууль зүйн зөвлөгөө өгөх” гэдгийг хэн нэгэн этгээдийн нөхцөл байдалд эрх зүйн онол, хуулийн мэдлэг, чадвар шаардагдсан тохиолдолд хуульч зөвлөгөө өгч, тухайн этгээдийн өмнө эрх, үүргийг үүсгэн, уг этгээдийг шаардлагатай ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийхийг санал болгохыг ойлгох бөгөөд Ж.Т-ээс Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргахад шүүгч Л.Одбаатар хуульчийн зүгээс хууль, эрх зүйн хүрээнд хянаж чиглүүлсэн, улмаар Ж.Т нь өргөдөл гаргагчийн байр сууринаас, харин шүүгч Ц.А-д сахилгын хэргийн оролцогчийн эрх, үүргийг үүсгэн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
Харин холбогдох шүүгчээс “...Тухайн үед захиргааны шүүхийн хувьд би ганцаараа ажиллаж байсан тул юун тэрийг хянах завгүй ажилдаа дарагдаад таг мартсан байсан. Өөрөөр хэлбэл, мартсан учраас нээж ч үзээгүй, тэр өргөдөл /Ж.Т-ийн/ тэндээ үлдсэн байсан...” гэж тайлбартаа дурдсан боловч түүний файлд Шүүхийн сахилгын хороонд гаргаж байсан тайлбар, шүүгч Ц.А-д холбогдуулан бичсэн өргөдөл, мэдээлэл, Ж.Т-ийн гомдол, хүсэлт зэрэг бичвэр файлуудыг цаг хугацааны дарааллын дагуу үүсгэн хадгалж байсан буюу Ж.Т-ийн нэр бүхий Б.Н-тай холбоотой 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн огноотой бичвэр файл, шүүгч Ц.А-д холбоотой 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотой бичвэр файлаас өмнө ба дараа тус файлуудтай холбоотой бичвэр файлуудыг үүсгэн бичиж байсан, ингэхдээ нэг ворд файл дотор үргэлжлүүлэн бичиж хадгалсан болох нь тогтоогдож байх тул түүний тайлбар үгүйсгэгдэж байна.
Мөн Ж.Т нь Б.Н-т холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолд гаргасан гомдлоо өөрийг нь тус зөрчлийн хэрэгт шүүхийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон оролцуулсан гэж мэдүүлсэн боловч шүүхийн Тамгын газрын даргаас түүнд итгэмжлэл олгож байгаагүй болох нь тогтоогдсон ба ийм гомдол бичсэн талаараа Тамгын газрын даргад танилцуулж хянуулаагүй, тус шүүхийн бусад шүүгч нарт хянуулалгүйгээр зөвхөн шүүгч Л.Одбаатарт хянуулахаар өгсөн талаараа гэрчийн мэдүүлэгтээ дурдсан бөгөөд энэ нь тухайн өргөдөл, гомдлыг хянасан эсэхээс үл хамааран Ж.Т нь шүүгч Л.Одбаатараас хууль зүйн зөвлөгөө авах боломжтой гэж үзэж, танилцуулан зөвлөгөө авахыг хүсэж тодорхой үйлдэл хийсэн, үүнийг шүүгч Л.Одбаатар мэдэж байсан ч хянахаас татгалзах ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна.
Шүүгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар төрийн тусгай албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтныхаа хувьд хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлж, шүүгчийн хуулиар олгосон бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлд нийцүүлэн ажиллах үүрэгтэй.
Гэвч шүүгч Л.Одбаатар нь шүүгч Ц.А-ийн нөхөр Б.Н-тай маргалдаж, улмаар түүний гаргасан өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан, шүүгч Ц.А-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж байсан зэргээр хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн хувийн ашиг сонирхолдоо үндэслэн Ж.Т-ийн бичсэн өргөдлийг хуульчийн хувиар хянасан гэж үзэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 дэх заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.
Харин Ж.Т-ээс шүүгч Ц.А-д холбогдуулан 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдлөөр Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ГЗҮ/2023/...2 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байх бөгөөд шүүгч Л.Одбаатарт холбогдох уг сахилгын хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар үүсгэсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.3-т зааснаар дээрх зөрчилд оногдуулах сахилгын шийтгэл нь тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасанд хамаарахаар байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгч Л.Одбаатарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Гурав. Өргөдөлд “...шүүгч Л.Одбаатарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтад заасны дагуу холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэх тухайд.
Шүүгч Л.Одбаатар нь Ж.Т-ээс шүүгч Ц.А-д холбогдуулан гаргасан өргөдөл болон шүүгч Ц.А-ийн нөхөр Б.Н-тай холбоотой прокурорын байгууллагад гаргасан хүсэлтийг тус шүүхийн шүүгч болон захиргааны албан хаагчдын дунд ашиглагддаг дундын цахим сүлжээнд өөрийн файлдаа хадгалж байсан үйлдэл нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан хувь хүний нууцад хамаарах хүний эмзэг мэдээллийг шүүгчийн албан тушаалыг эрхэлж байгаатай холбоотойгоор олж мэдсэн гэж үзнэ.
Үүнийг шүүгч Л.Одбаатарын өргөдөлтэй, шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон Сахилгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн СХМ/2025/...7 дугаар магадлал, Хянан үзэх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХТ/2025/...9 дүгээр хяналтын тогтоолд тус тус тодорхой тайлбарлаж, дүгнэсэн.
Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтад заасан зөрчил нь “задруулсан байх” урьдач нөхцөлийг шаарддаг бөгөөд Ж.Т-ээс шүүгч Ц.А-д холбогдуулан өргөдөл бичсэн файл нь шүүгч Л.Одбаатарын файлд хадгалагдаж байгаа талаар өөр бусад этгээдэд хэлсэн, түүний файлд нэвтрэн танилцах талаар ярьсан, улмаар уг файлыг бусад этгээд олж мэдэх, уншиж танилцах үйлдэл гаргахад хүргэсэн, өөрөө шууд байдлаар бусад этгээдэд танилцуулсан зэрэг идэвхтэй үйлдэл хийсэн талаарх баримт дээрх сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
Монгол хэлний их тайлбар толинд “үйлдэл” гэдгийг үйлдэх үйлийн нэр гэж, “үйлдэх” гэдгийг хийх, бүтээх, гүйцэтгэх гэж тус тус тайлбарласан бөгөөд шүүгч Л.Одбаатар нь шүүгч Ц.А-ийн эмзэг мэдээллийг нууц үг, код ашиглалгүйгээр дундын цахим сүлжээнд байршуулан, бусад этгээд танилцах боломжийг олгосон боловч энэ нь түүнийг “мэдээлэл задруулах” үйлдлийг шууд хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэлд хамаарахгүй.
Иймд Ж.Т-ээс шүүгч Ц.А-д холбогдуулан гаргасан өргөдөл болон шүүгч Ц.А-ийн нөхөр Б.Н-тай холбоотой прокурорын байгууллагад гаргасан хүсэлтийг хянуулах зорилгоор хүргүүлснийг шүүгч Л.Одбаатар нь тус шүүхийн шүүгч болон захиргааны албан хаагчдын дунд ашиглагддаг дундын цахим сүлжээнд өөрийн файлдаа хадгалж байсан үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтад заасан “задруулсан байх” хуулийн урьдач нөхцөлийг хангаагүй, харин хянасан үйлдэл нь тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д “...хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасныг зөрчсөн боловч “сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одбаатарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүгч Л.Одбаатар хариу тайлбартаа: “...1.“Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одбаатар нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ...хийдэд хамт олноороо амарч байх үед миний нөхөр Б.Н нь ...тахилгад ирж таарсан бөгөөд нүдний хагалгаанд орсон тул хар нүдний шил зүүсэн явж байхад нь нүдийг нь сохолно гэж заналхийлж, дараа нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр миний албан өрөөнд орж ирээд үгийн зөрүүгүй “Сахилгын хороонд чамд холбогдуулан гомдол гаргасан бол битгий гомдоорой” гэж намайг заналхийлж байсан“ гэх гомдлын тухайд үндэслэлгүй худлаа гүтгэж байна.
Тухайн үед шүүхийн хамт олон ...хийдэд амрахаар хамт олноороо явсан бөгөөд гомдол гарагч Ц.А-ийн нөхөр хэн нэгэн удирдах ажилтантай зөвшилцөхгүйгээр шүүхийн захиргааны ажилтнууд сууж явсан микро автобусанд сууж, замын турш согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтууран шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарыг загнах, агсрах маягтай ...хийдэд орой нэлээн согтуу очсон. Улмаар үргэлжлүүлэн согтуурч, шүүгч нар бүгдээрээ ширээ тойроод сууж байхад агсан тавьж шүүгч н.О-ийг “чи миний эхнэрийг Ерөнхий шүүгч гэж дуудсангүй, чамайг гөлөг болгоно, өмнөх түүхийг чинь бүгдийг нь мэднэ” гэх зэргээр дарамталж, эмэгтэй хүн рүү дайрч давшилсан тул миний зүгээс “чи яагаад эмэгтэй шүүгч рүү агсраад байгаа юм, ер нь манай хамт олны үйл ажиллагаанд хэн чамайг оролц гэсэн юм” гэж хэлтэл над руу агсраад “чамайг бас мэднэ, хэн ч биш гөлөг болгоно” энээ тэрээ гээд доромжилсон. Ийм л үйл явдал болсон.
Энэ талаар үндэслэлгүй гомдлыг шүүгч Ц.А-ийн нөхөр Б.Н Шүүхийн сахилгын хороонд гаргасан бөгөөд Сахилгын хорооны гишүүн Д.А шалгаад сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай сахилгын хорооны хурлаар хэлэлцээд, надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
2. “Ж.Т-ээс надад холбогдуулан Сахилгын хороонд гаргасан гомдлуудыг “Ёс зүйн хорооны тайлбар” гэсэн ворд файлыг шүүхийн дотооддоо нэг сүлжээтэй, нээлттэй байдлаар ашиглагддаг нийтийн дотоод сүлжээнд ямар нэгэн нууц код хамгаалалтгүйгээр дурын хэн ч ороод үзэж болохоор байршуулж, улмаар шүүгч миний болон гэр бүлийн хүний минь нэр хүндийг унагааж, шүүхийн бүх шүүгч, ажилтан албан хаагч нарт хувийн эмзэг мэдээллийг задруулсан гэж үзэж байна. Иймд шүүгч Л.Одбаатарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь хэсэгт “хувь хүний нууцыг задруулах” гэснийг “хүний эмзэг мэдээллийг задруулах” гэж өөрчлөгдөн хуульчлагдсаны дагуу холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэх гомдлын тухайд.
Тус шүүхийн хэлтсийн дарга Ж.Т-ийг шүүгч Ц.А хэл амаар доромжилж, зүй бус харьцсан тухай шүүхийнхэн бүгд мэдэхээс гадна Ж.Т нь надад хандаж “би Ц.А шүүгчид гомдолтой байх тул Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргахаар өргөдөл бичээд таны шэйр дотор ёс зүйн хорооны тайлбар хэсэгт хийчихлээ, та нэг хянаад өгөөрэй” гэж байсан.
Тухайн үед захиргааны шүүхийн хувьд би ганцаараа ажиллаж байсан тул юун тэрийг хянах завгүй ажилдаа дарагдаад таг мартсан байсан. Өөрөөр хэлбэл мартсан учраас нээж ч үзээгүй, тэр өргөдөл /Ж.Т-ийн/ тэндээ үлдсэн байсан.
3. Нөгөө талаас тухайн өргөдөл нь Ж.Т-ийн шүүгч Ц.А-д холбогдуулан бичсэн өргөдөл болохоос шүүгч Ц.А-ийн бичсэн хувь хүний нууц болон эмзэг мэдээлэл биш юм. Мөн миний зүгээс уг өргөдлийг өөрийн ёс зүйн хорооны тайлбар хэсэгт байршуулаагүй, шүүгч Ц.А-ийн эмзэг мэдээллийг задруулсан ямар нэг үйлдэл хийгээгүй болно.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т “...хүний эмзэг мэдээллийг задруулах“ гэх заалт нь хувь хүний эмзэг мэдээллийг задруулах тодорхой санаа зорилготой идэвхтэй үйлдлийг ойлгохоор байна. Харин дээрх үйл баримтын хувьд өргөдөл гаргагч Ц.А болон түүний нөхөр Б.Н нарын ямар эмзэг мэдээллийг хэрхэн задруулсан талаар өргөдөлдөө тодорхой дурдаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна.
Иймд шүүгч Ц.А-ийн гомдлоор үүссэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Мэдээлэл гаргагч Ц.А “...Л.Одбаатар нь ...Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ...хийдэд хамт олноороо амарч байх үед миний нөхөр Б.Н ...нүдний хагалгаанд орсон тул хар нүдний шил зүүсэн байхад нь “нүдийг чинь сохолно” гэж заналхийлж байсан...; ...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний нөхөр Б.Н-ыг тус аймгийн Ерөнхий прокурорт өгсөн гомдол, Ж.Т-ээр надад холбогдуулан Сахилгын хороонд гаргасан гомдлуудыг ...шүүхийн дотооддоо нэг сүлжээтэй, нээлттэй байдлаар ашигладаг нийтийн дотоод сүлжээнд ямар нэгэн нууц код, хамгаалалтгүйгээр ...байршуулж... хувийн эмзэг мэдээллийг задруулсан тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтад заасны ...дагуу холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэх утга агуулга бүхий мэдээлэл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1 тал/
Илтгэгч гишүүн нь шалгах ажиллагаа явуулаад холбогдох шүүгч Л.Одбаатарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтыг зөрчөөгүй, харин мөн зүйлийн 50.1.9 дэх заалтад заасан зөрчил гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасан байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 41-50 тал/
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтыг зөрчсөн эсэх тухайд:
1.1. “Шүүгч Л.Одбаатар Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ...хийдэд миний нөхөр Б.Н-ыг ...“нүдийг чинь сохолно” гэж заналхийлсэн...” гэх мэдээлэлтэй холбогдуулан өмнө нь иргэн Б.Н-аас шүүгч Л.Одбаатарт холбогдуулж өргөдөл гаргаж байсан.
Б.Н-ын уг өргөдлийг үндэслэн илтгэгч гишүүн нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...7 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулан, хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, ...8 дугаар магадлалаар шийдвэрлэсэн нь энэхүү сахилгын хэрэгт нотлох баримтаар авагджээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 143-159 тал/
Дээрх 2022 оны ...8 дугаар магадлалаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, тус аймаг дахь шүүхийн Тамгын газрын хамт олон 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрүүдэд ...хийдэд зохион байгуулагдсан ...тахилгад оролцохоор явсан байна.
Гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгч Л.Одбаатар шүүхийн хамт олонтой ажлын цаг дууссан дараа тахилгад оролцохоор явсан байх ба тэрээр Б.Н-ыг “нүдийг сохолно” гэж дайрсан, архидан согтуурч ёс зүйн зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дахин нотолж, дүгнэлт өгөхгүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болсон гэж үзлээ.
1.2. “Шүүгч Л.Одбаатар нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Н-ыг тус аймгийн Ерөнхий прокурорт өгсөн гомдол, Ж.Т-ээр надад холбогдуулан Сахилгын хороонд гаргасан гомдлуудыг ...шүүхийн дотоод сүлжээнд ямар нэгэн нууц код, хамгаалалтгүйгээр ...байршуулж.... хувийн эмзэг мэдээллийг задруулсан” гэх мэдээлэлтэй холбогдуулан өмнө нь шүүгч Л.Одбаатараас хуучнаар ...шүүхийн ...шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д холбогдуулж “...шүүхийн дотоод сүлжээгээр дамжин миний нэртэй фолдерт нэвтэрч ...албаны болон хувийн нууцтай холбоотой баримтуудын зургийг дарж, бичлэг хийн, захиргааны 4 ажилтан ...нарт үзүүлж, ...тайлбар бичиж өг гэх үйлдлийг гаргасан нь ...миний шүүхийн байгууллага дахь нэр хүндэд хохирол учруулсан үйлдэл болсон...” гэх утга агуулга бүхий мэдээлэл гаргаж байсан байна.
Уг мэдээлэлд илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ГНД/2025/...0 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасан. Илтгэгч гишүүний дүгнэлтийг сахилгын хорооны хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн СХМ/2025/...7 дугаар магадлалаар хүлээн авч, холбогдох шүүгч Ц.А-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтад “...хүний эмзэг мэдээллийг задруулах” гэж заасан зөрчил гаргасан гэж үзээд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг хянан үзэх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХТ/2025/...9 дүгээр хяналтын тогтоолоор хэвээр үлдээжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 63-66, 95-142 тал/
Дээр дурдагдсан тус хорооны магадлал, хяналтын тогтоол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.4 дэх хэсэгт “Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 21 хоногийн дотор цахим хуудаст байршуулна” гэж зааснаар хуулийн хүчин төгөлдөр болж, цахимд байршуулагдсан бөгөөд илтгэгч гишүүн энэхүү тогтоогдсон үйл баримтын талаар саналдаа дэлгэрэнгүй тусгажээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 41-50 тал/
Сахилгын хэрэгт авагдсан шүүгч Л.Одбаатараас Ц.А-д холбогдуулсан мэдээлэлтэй 2025 оны СХМ/2025/...7 дугаар магадлал, мөн оны ХТ/2025/...9 дүгээр хяналтын тогтоолтой сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүгч Л.Одбаатарын албаны компьютероос тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудын хэрэглэдэг дундын дотоод сүлжээ болох шэйрт үзлэг хийсэн байна.
Үзлэгээр дундын шэйрт 14 фолдер байсны нэг болох “2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх” гэх нэртэй фолдерт нэвтэрч “2.1 Л.Одбаатар” гэх нэртэй фолдерт ороход “Ёс зүйн хорооны тайлбар” гэх нэртэй ворд файл байсан. Уг файлын дунд хэсэгт тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т-ээс Б.Н-т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолыг эс зөвшөөрч ...Прокурорын газрын Ерөнхий прокурор, ...Т.М-т хандсан 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн огноотой гомдол болон Ж.Т-ээс шүүгч Ц.А-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд хаягласан 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотой өргөдөл байсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 44-47, 50-53 тал/
Улмаар “Ёс зүйн хорооны тайлбар” гэх нэртэй ворд файл нь шалгах ажиллагааны явцад устсан ба илтгэгч гишүүн нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, уг “Ёс зүйн хорооны тайлбар” гэх нэртэй ворд файл байсан эсэх, байхгүй бол хэдийд, хэн, хаанаас устгасан, уг файлыг анх үүсгэсэн, засварласан, агуулгад өөрчлөлт оруулсан хүний компьютерт эх файл хадгалагдаж байгаа эсэх, устгагдсан бол өгөгдөл сэргээх программ уншуулж цахим ул мөр илрүүлэх боломжтой эсэх, сэргээх боломжтой бол цахим ул мөр илрүүлэхийг даалгаж байжээ.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГО...3 дугаар “...Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газарт байрлах толгой компьютерын “LOCAL DISK D:/Share/2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх/2.1 Л.Одбаатар” байрлалд “Ёс зүйн хорооны тайлбар.docx” файл байсан ул мөр илэрч байна. Уг файлыг хэн, хэзээ, хаанаас устгасныг тогтоох боломжгүй... “Ёс зүйн хорооны тайлбар.docx” нэртэй файл хадгалагдаж байсан ул мөр илэрсэн. 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийхэд байхгүй байна.... шүүгч Л.Одбаатарын албан хэрэглээний компьютерын хатуу диск дээрээс “Ёс зүйн хорооны тайлбар” нэртэй 16 файл сэргээж ...хуулбарлан хүргүүлэв” гэх дүгнэлт ирж байсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 83-94 тал/
Өөрөөр хэлбэл холбогдох шүүгч Л.Одбаатарын ворд файл дотор Ц.А, түүний нөхөр Б.Н нартай холбоотой файл байсан, тухайн файлд тус аймгийн шүүхийн бусад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэвтрэх боломжтой байсан үйл баримт тогтоогдож байна.
Харин энэхүү сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад ...шүүхийн Тамгын газрын ...хэлтсийн дарга Ж.Т-ийн албаны хэрэглээнд ашигладаг компьютерт үзлэг хийхэд шүүгч Л.Одбаатарын шэйрт хадгалагдаж байсан файлтай зөрүүгүй файл байсан талаар илтгэгч гишүүн саналын 8 дугаар талд тодорхой тусгажээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 34-35, 41-50 тал/
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтад “албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах” гэж заасан нь шүүгчид хориглосон зохицуулалт юм. Гэхдээ тухайн зохицуулалтыг шүүгч зөрчихдөө урьдач нөхцөлийг хангасан байх учиртай.
Тодруулбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад "захидал харилцааны мэдээлэл" гэж захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээллийг”, 4.1.12 дахь заалтад “хүний эмзэг мэдээлэл гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг” хэлнэ гэж тодорхойлсон ба тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1.12-т заасан ...захидал харилцаа, ...талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” гэж заасан. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад "мэдээлэл ашиглах гэж мэдээллийг цуглуулах, боловсруулахаас бусад хэлбэрээр үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг” хэлэхээр томьёолсон.
Дээрх хуулийн зохицуулалт, сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгч Л.Одбаатарын “Ёс зүйн хорооны тайлбар.docx” ворд файлд байсан Ж.Т-ээс ...Прокурорын газрын Ерөнхий прокурор, ...Т.М-т хандсан 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн огноотой гомдол, мөн түүний шүүгч Ц.А-д холбогдуулсан Шүүхийн сахилгын хороонд хаягласан 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотой өргөдөл нь Ц.А, түүний нөхөр Б.Н-тай холбоотой хүний хувийн мэдээлэлд хамаарах баримт байжээ. Гэвч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтад заасан хориглосон зохицуулалтыг шүүгч зөрчихийн тулд бусад этгээдэд танилцуулсан, мэдээлсэн, тараасан идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаардах юм.
Илтгэгч гишүүн саналдаа Монгол хэлний их тайлбар толинд “үйлдэл” гэдгийг үйлдэх үйлийн нэр гэж, “үйлдэх” гэдгийг хийх, бүтээх, гүйцэтгэх гэж тус тус тайлбарласныг дурдаад “шүүгч Л.Одбаатар нь шүүгч Ц.А-ийн эмзэг мэдээллийг нууц үг, код ашиглалгүйгээр дундын цахим сүлжээнд байршуулан, бусад этгээд танилцах боломжийг олгосон боловч энэ нь түүнийг “мэдээлэл задруулах” үйлдлийг шууд хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэлд хамаарахгүй байна” гэж үзсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 41-50 тал/
Мөн холбогдох шүүгч Л.Одбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтыг зөрчсөн эсэхийг Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2025 оны ХТ/2025/...9 дүгээр хяналтын тогтоолд “...хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтад заасан зөрчлийн талаар илтгэгч гишүүн “Ж.Т-ээс Ц.А-д холбогдуулан өргөдөл бичсэн файл нь шүүгч Л.Одбаатарын файлд хадгалагдаж байгаа талаар өөр бусад этгээдэд хэлсэн, түүний файлд нэвтрэн танилцах талаар ярьсан, улмаар уг файлыг бусад этгээд олж мэдэх, уншиж танилцах үйлдэл гаргахад хүргэсэн, өөрөө шууд байдлаар бусад этгээдэд танилцуулсан зэрэг идэвхтэй үйлдэл хийсэн талаарх баримт дээрх сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул “задруулсан байх” урьдач нөхцөлийг хангаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Аливаа этгээд өөрийн нэрээр хадгалсан файлд нууц үг хийсэн эсэх нь бусад этгээдийг уг мэдээлэлтэй танилцах, хуулбарлах, тараахыг зөвшөөрсөн үйлдэл гэж үзэхгүй...” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 241-248 тал/
Уг хяналтын тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасанд хамаарна.
Иймд илтгэгч гишүүний шүүгч Л.Одбаатарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзсэн саналыг хүлээн авах нь зүйтэй.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 дэх заалтыг зөрчсөн эсэх тухайд:
Шалгах ажиллагааны явцад шүүгч Л.Одбаатар “...Ж.Т нь надад хандаж “би Ц.А шүүгчид гомдолтой байх тул Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргахаар өргөдөл бичээд таны шэйр дотор ёс зүйн хорооны тайлбар хэсэгт хийчихлээ, та нэг хянаад өгөөрэй” гэж байсан...”, “...Тухайн үед захиргааны шүүхийн хувьд би ганцаараа ажиллаж байсан тул юун тэрийг хянах завгүй ажилдаа дарагдаад таг мартсан байсан. Өөрөөр хэлбэл, мартсан учраас нээж ч үзээгүй, тэр өргөдөл тэндээ үлдсэн...” гэж тайлбарласан, харин Ж.Т нь “...шүүгч Л.Одбаатар өмнө нь прокуророор ажиллаж байсан учраас надад хууль хэрэглээний үүднээс хянаад өгөх байх гэж бодоод хянуулахаар өгсөн. Дотоод чатаар хянаад өгөөч, шэйрт хийлээ гэж бичсэн..., ...шүүгч Л.Одбаатар луу хянуулахаар өгөхдөө шүүхийн дотоод чатаар явуулсан. Би нэг гомдол гаргах гэж байгаа юм, та хянаад өгөөч гэх агуулгаар л бичээд явуулсан байх. Хариу өгөөгүй...” гэж мэдүүлжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 31-32, 184-185, 2 дугаар хавтасны 34-35 тал/
Илтгэгч гишүүн “...шүүгч Л.Одбаатарын файлд ...Ж.Т-ийн нэр бүхий ...файлаас өмнө ба дараа тус файлуудтай холбоотой бичвэр файлуудыг үүсгэн бичиж байсан, ингэхдээ нэг ворд файл дотор үргэлжлүүлэн бичиж хадгалсан болох нь тогтоогдож ...байна. Мөн ...тус шүүхийн бусад шүүгч нарт хянуулалгүйгээр зөвхөн шүүгч Л.Одбаатарт хянуулахаар өгсөн талаараа гэрчийн мэдүүлэгтээ дурдсан бөгөөд энэ нь тухайн өргөдөл, гомдлыг хянасан эсэхээс үл хамааран Ж.Т нь шүүгч Л.Одбаатараас хууль зүйн зөвлөгөө авах боломжтой гэж үзэж, танилцуулан зөвлөгөө авахыг хүсэж тодорхой үйлдэл хийсэн, үүнийг шүүгч Л.Одбаатар мэдэж байсан ч хянахаас татгалзах ямар нэгэн үйлдэл хийгээгүй... Гэвч шүүгч Л.Одбаатар нь шүүгч Ц.А-ийн нөхөр Б.Н-тай маргалдаж, улмаар түүний гаргасан өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан, шүүгч Ц.А-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж байсан зэргээр хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн хувийн ашиг сонирхолдоо үндэслэн Ж.Т-ийн бичсэн өргөдлийг хуульчийн хувиар хянасан гэж үзэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 дэх заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ...” гэж дүгнэсэн. /с.х-ийн 2 дугаар хавтасны 41-50 тал/
Мөн илтгэгч гишүүн нь “хууль зүйн зөвлөгөө өгөх” гэдгийг хэн нэгэн этгээдийн нөхцөл байдалд эрх зүйн онол, хуулийн мэдлэг, чадвар шаардагдсан тохиолдолд хуульч зөвлөгөө өгч, тухайн этгээдийн өмнө эрх, үүргийг үүсгэн, уг этгээдийг шаардлагатай ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийхийг санал болгохыг ойлгох бөгөөд Ж.Т-ээс Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргахад шүүгч Л.Одбаатар хуульчийн зүгээс хууль, эрх зүйн хүрээнд хянаж чиглүүлсэн, улмаар Ж.Т нь өргөдөл гаргагчийн байр сууринаас, харин шүүгч Ц.А-д сахилгын хэргийн оролцогчийн эрх, үүргийг үүсгэн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна” гэж үзжээ. Гэвч сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар шүүгч Л.Одбаатар Ц.А-тэй хувийн таарамжгүй харилцаатай байсан, Ж.Т нь шүүгч Л.Одбаатараар дээр дурдагдсан өргөдөл, гомдлын төслүүдийг хянуулахаар тус шүүхийн дундын шэйрт байршуулсан, энэ талаар шүүгч Л.Одбаатар мэдэж байсан гэх үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч Ж.Т-д хуульчийн зүгээс зөвлөгөө өгсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, амаар зөвлөгөө өгсөн байх боломжтой боловч энэ нь мөн л баримтаар тогтоогдоогүй байх тул холбогдох шүүгчийг уг үндэслэлээр буруутгаж, зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20 дахь хэсэгт “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх...”, 106 дугаар зүйлийн 106.8 дахь хэсэгт “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.
Төрийн байгууллага, албан тушаалтан иргэний эрх зүйн байдлыг хууль бусаар дордуулах, үндэслэлгүйгээр эрхийг нь хязгаарлахыг хориглодог. Тухайн шүүгчид холбогдуулсан өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтаар тогтоогдоогүй тохиолдолд холбогдох шүүгчийн хуульд заасан эрх, баталгаа, хамгаалалт, шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх учиртай.
Иймд илтгэгч гишүүний “шүүгч Л.Одбаатарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 дэх заалтад “...хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн” саналын үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулж, холбогдох шүүгчийг уг зөрчлийг гаргаагүй гэж үзлээ.
Дээрх дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хэсэгт дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, шүүгч Л.Одбаатар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3, 50.1.9 дэх заалтуудад заасан зөрчлүүдийг гаргаагүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2026/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одбаатарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР