info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-23

Дугаар 84

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, өргөдөл гаргагч Б.З-ийг цахимаар байлцуулж, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Б.З-ийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чанцалням нарт холбогдуулан гаргасан өргөдөлд илтгэгч гишүүний 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/...5 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2026/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн саналдаа: “Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/...4 дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар шүүгдэгч Б.З-ийг үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2026/ДШМ/..1 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Дээрх шийтгэх тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүний шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чанцалням нарт холбогдуулан шүүгдэгч Б.З гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүгч Д.Мөнхтуяа “прокуророо З-ийн ярьж байгаа үндэслэлтэй байна энэ хэргийг дахиж жардъя” гэж тодорхой хэлснээ шийдвэр гаргасан нь хэлсэн агуулгаасаа хэрхэн яагаад няцах болсон нь эргэлзээ төрүүлсэн, ...шүүгч Э.Чанцалням намайг маш чухал гэм буруугийн асуудал, үнэлгээ, хохирлын тооцоог ярьж байх үед 15-20 орчим минут шүүх танхимыг орхиж гарсан, хэд хэдэн удаа гарсан санаж байна, нотлох баримт шинжлэн судлах үед би нэг ч өгүүлбэр хэлээгүй, нотлох баримтаа судлуулж чадаагүй, “прокуророос асуулт асууж болох уу” гэхэд шүүгч Э.Чанцалням прокурор чамд байцаагдаагүй гэж зандарсан” гэх агуулгаар тодорхойлжээ.

Нэг. Шүүгч Д.Мөнхтуяад холбогдох гомдлын тухайд:

2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдоно.

Даргалагч: Чиний өнөөдрийн мэдүүлээд байгаа мэдүүлгүүд ойлгомжтой байна. 4 дүгээр хавтаст хэрэгт байгаа баримтыг хархаар З-ээс гарсан зарлага 4 сая, 18 сая гээд нийт 22 сая төгрөг гарсан байна. Гэтэл Б-ын тооцоон дээр энэ 22 сая төгрөг хасагдаагүй байна гэхэд

Улсын яллагч: Би магадлалыг уншаад тулгаж харсан. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахдаа тайлбараа хэлээд явна.

Даргалагч: Жардаж байгаад энэ тооцоог гэхэд

Улсын яллагч: Шүүгчээ би харсан. Б мэдүүлэгтээ 2022 оны 3 дугаар сарын 30-нд хохирол болох 33.900.000 төгрөг өгсөн гэсэн. Цаг хугацааны хувьд анзаарч үзвэл 2022 оны 3 дугаар сарын 30-нд байгаа юм. Хавтаст хэрэгт байгаа мөрдөгчийн хийсэн дансны хуулганы тооцоо бол 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хийсэн гүйлгээ байгаа.  Үүнээс хойш хохирогч мөнгөө өгсөн. Цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа тул үүнийг үнэлэхгүй гэв.

Даргалагч: Хуулга нь байгаа юм уу гэхэд

Улсын яллагч: Байгаа. Мөрдөгч хуулгыг хийж байгаад ард нь тэмдэглэгээ хийсэн байгаа.

Даргалагч: Хавтас хэрэгт байгаа дансны хуулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хийсэн гүйлгээ байна. Б-т  хэдэн төгрөг өгсөн гэж байна вэ гэхэд

Шүүгдэгч: 22 сая 240 гэхэд

Шүүгч Э.Чанцалням: Цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Үүнээс өмнө харилцаатай байж байгаад мөнгө шилжүүлсэн. Одоо хохирол гэж орж байгаа мөнгө энэ дансны хуулганаас хойшоо юм. Тэр мөнгөө өгөөгүй гэдэг зүйл ярьж байна гэхэд

Шүүгдэгч: Үгүй. Прокурор тэгж яриад байна гэхэд

Шүүгч Э.Чанцалням: Нэг л зүйл асууя. Та 900.000 төгрөгийн дансны хуулга байхгүй байгаа гэдэг. Үүнийг авч болохгүй байгаа юм уу? Өмнөх хэд хэдэн хурал хойшлох явцад энэ хуулгыг авчихвал юм харагдах гээд байна аа. Хохирол төлбөр наашаа цаашаа болох нь дансны хуулгаар тогтоогдох юм аа гэдэг. Энэ яриад байгаа хохирлын зөрүүг гаргахад тусгай мэдлэг, санхүүч, шинжээч шаардлагатай байгаа юм уу гэхэд

Улсын яллагч: Өмнөх хурал дээр заавал шинжээчээр тогтоолгоё гэж өмгөөлөгч нар нь ярьж байсан. Үүнийг би шаардлагагүй гэж үзсэн. Мөрдөн байцаалтын үед З-ийн Хаан, Хас банкны хуулгыг авсан гэхэд

Шүүгч Э.Чанцалням: Оргон зайлах үеийн миний дансны хуулгыг аваагүй гээд байна гэхэд

Улсын яллагч: Хохирогч нар мэдүүлэг өгөхдөө бүгд дансны хуулгаа өгсөн. Сүүлд жардахад бүх хохирогч нараас дахин мэдүүлэг аваад авсан мөнгө нь хэд юм, өгсөн нь хэд юм гээд бүгдийг нь тулгасан гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШТ/..3 дугаар тогтоолоор шүүгдэгч Б.З-т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Б.Б, Ө.М, Ц.О, Л.Д, Ц.Г нарын хохирлын тооцоог дахин гаргуулах, хохирогч Ц.Э, Н.Н нарт өөр хүний данснаас хохирлын төлбөрийг төлсөн талаар шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тухайн үйл баримтыг он, сар, өдөртэй нь бичиж тэмдэглэн ирүүлсэн тул хохирогч нарын дансанд үзлэг хийлгэж тухайн цаг хугацаанд хохирогч нарын дансанд орлого орсон эсэх, орсон бол хэдэн төгрөгийн орлого орсон, хохирогч нарт төлөх хохирлын тооцоог дахин гаргаж ирүүлэх ажиллагааг хийж ирүүлэхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаар шүүх хуралдааныг гагцхүү нэг удаа 60 хоногоор хойшлуулах эрх олгосон байх бөгөөд даргалагч шүүгч Д.Мөнхтуяагийн “Жардаж байгаад энэ тооцоог” гэж хэлсэн төгсөөгүй өгүүлбэр нь тухайн эрүүгийн хуралдааныг дахин 60 хоногоор хойшлуулах шийдвэрээ хэлсэн гэж үзэхээргүй байна.

Иймд шүүгчийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар 60 хоног хойшлуулж хохирлын талаар тодруулахыг даалгаж байсан. Иймд дахин 60 хоног хойшлуулах боломжгүй тул би өргөдөлд дурдсан шиг “жардаж байгаад тооцоог гаргуулъя” гэх агуулгаар хэлээгүй. Харин өмнө нь жардаж байгаад тооцоог гаргуулсан гэх агуулгаар хэлсэн” гэх тайлбар үндэслэлтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 7-д “Шүүгдэгч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт шинжлэн судлах хүсэлт гаргасан тал эхэлж асуулт тавьж, шинжлэн судална”, 35.19 дүгээр зүйлийн 1-д “Нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна”,   4-т “Шүүх хуралдаанд оролцогчийн хүсэлтээр хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шалгаж, түүнийг уншин сонсгож болно” гэж заасан.

2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 00:54:52 минутаас:

Шүүгдэгч: Би ганцхан Н.Н-ийн   жарддаг хугацаанд орж ирсэн баримтыг гээд хавтаст хэргүүдээс баримт хайж эхэлсэн.

Улсын яллагч: Н.Н-ийн   мэдүүлгийг хайж байна уу?

Шүүгдэгч: Мэдүүлэг биш жарддаг хугацаанд гаргаж авсан дансны хуулга гэхэд

Шүүгч Э.Ч: 8 сараар гаргаж авсан уу?

Шүүгдэгч: Бүгдийг нь тулгаад үзүүлчихмээр байна. Цагаатгах талын нотлох баримт шинжлэн судалъя гэхээр тийм баримт авагдаагүй. Ганцхан тэрийг л үзүүлчихье, байгаа шүү шүүгчээ өөр ярих юм юу байх вэ гээд хавтас хэргийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад өгсөн ба шүүх хуралдаан нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой асуулт хариултаар үргэлжилжээ.

Ийнхүү шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд шүүгдэгч нотлох баримтаа шинжлэн судлахаар хавтаст хэргүүдийг авч, зөвхөн хохирогч Н.Н-ийн дансны хуулгыг шинжлэн судлахаа илэрхийлсэн ч тухайлан судлалгүй “өөр ярих юм юу байх вэ” гээд хавтас хэргийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад буцааж өгсөн байх тул “нотлох баримт шинжлэн судлах үед би нэг ч өгүүлбэр хэлээгүй, нотлох баримтаа судлуулж чадаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хоёр. Шүүгч Э.Чанцалнямд холбогдох гомдлын тухайд:

2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч Э.Чанцалнямын биеийн байдал таагүй, зовуурьтай байгаа нь илт харагдах бөгөөд шүүгдэгч мэдүүлгээ өгч байхад шүүх хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авч танхимаас гаран, 13 минутын дараа орж ирж байх ба энэ талаар шүүгч тайлбартаа “шүүх хуралдааны явцад биеийн эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн нөхцөл байдал үүссэний улмаас хурал даргалагчаас зөвшөөрөл авч, богино хугацаанд танхимаас гарсан нь үнэн болно” гээд тус шүүхийн эмчийн гар тэмдэглэлийг хавсарган ирүүлжээ.

Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар тус шүүхийн эмч Б.Г-аас мэдүүлэг авахад “...Би бүртгэлийн дэвтрээ авчирсан. 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чанцалням шүүгч нуруу тасарлаа гэсээр орж ирэхээр нь даралтыг нь үзэхэд 125.70, пульс 69 байхаар нь аспирин 100 өгөөд, бариа хийсэн. Ер нь Чанцалням шүүгч даралт багатай хүн л дээ. Даралт багатай хүнд 125 гэдэг ихэссэн гэсэн үг л дээ. Тэгээд даралтыг нь буулгах зорилгоор аспирин өгсөн. Цагийг нь харин санахгүй байна. Өдөр л орж ирсэн байх. Би уг нь өдөр өдрөөр орж ирж эмнэлгийн тусламж авсан хүмүүсээ бичиж тэмдэглэдэг. Харин цагийг нь бичдэггүй юм байна. Манайхан бол бүр болохоо байхаараа л орж ирдэг. Үхлээ л гэсэн хүмүүс орж ирдэг. Чанцалням шүүгчийг нарийн мэргэжлийн эмчид биеэ үзүүлээд яв гэж зөвлөгөө өгч байсан” гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасан ба энэхүү зохицуулалт нь амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх зарчмыг / Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6/ журамласан зохицуулалт бөгөөд шүүгч нь зайлшгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас даргалагчаас зөвшөөрөл авч хуралдааны танхимаас гарсан энэ тохиолдол дээрх хуулийн заалтыг зөрчсөнд тооцогдохгүй.

Зүй нь олон цаг үргэлжлэх шүүх хуралдааны явцад зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гарах шаардлага үүссэн тохиолдолд шүүх хуралдаан даргалагч болон бусад оролцогчдод илээр мэдэгдэж хуралдааны тэмдэглэлд тусгуулах, эсхүл тодорхой хугацаагаар хурлыг завсарлуулах аргыг хэрэглэх нь зөв бөгөөд нэр бүхий шүүгчийн үйлдэл хэргийн оролцогчид таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна шүүгдэгч мэдүүлгээ сонсгож чадаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэл болжээ.

Бангалорын зарчмын 6.6. “Шүүгч нь шүүх дэх бүхий л шүүх хуралдааныг зохистой, хэв журамд нийцүүлэн явуулах бөгөөд хэргийн оролцогч талууд, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, хуульч болон шүүгчийн албан үүргийн дагуу харьцаж буй бусад хүнтэй хүлээцтэй, хүндэтгэлтэй, эелдэг, анхааралтай харьцана...”,

 212. “Дэг” гэж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь түүнийг зохицуулсан дүрмийн дагуу тасралтгүй, эерэг уур амьсгалтай явагдах баталгааны төвшнийг илэрхийлнэ. “Хэв журам” гэж шүүхээс хэргийг хуулийн дагуу хүлээн авч шударгаар хянан хэлэлцэн шийдвэрлэхэд хэргийн оролцогчид болон олон нийт шүүх тухайн хэрэгт анхааралтай, чин сэтгэлээсээ хандаж байна гэсэн уур амьсгалыг бүрдүүлэхийг хэлнэ. ...” гэж заасныг цаашид нэр бүхий шүүгч үйл ажиллагаандаа анхаарвал зохино.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлийн 2-т “Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа түүнд эхэлж улсын яллагч, дараа нь өмгөөлөгч асуулт тавьж болно”, 3-т “Талууд шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу шүүгдэгчид асуулт тавьж болно” гэж зааснаар шүүгдэгчийн мэдүүлэгтэй холбоотой түүнээс асуулт асуух дэгийг журамласан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлгээр зохицуулсан яллагдагчийн эрх, үүрэгт “улсын яллагчаас асуулт асуух эрх” хамаарахгүй байна.

Иймд  шүүгч Э.Чанцалнямын “прокурор танд байцаагддаг хүн биш” гэж хэлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд ийнхүү хэлэхдээ илэрхий зандарч, зүй бус авирласан байдал шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр тогтоогдоогүй.

Нэгтгэн дүгнэвэл, нэр бүхий шүүгч нар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чанцалням нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

Холбогдох шүүгч Д.Мөнхтуяа тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан О овогт Б-ийн З-т яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2....1 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2026 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн ...4 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна.

Б.З-ийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой уншиж танилцлаа. Шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрхийг зөрчөөгүй. Б.З-т холбогдох хэрэг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд ирсэн цаг хугацаанаас хойш З-ийн өөрийнх нь хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан. Тус хэрэг нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргэгдсэн байх тул тодорхой тайлбар гаргах боломжгүй байна” гэжээ.

 

Шүүгч Д.Мөнхтуяаг асууж авсан нэмэлт тайлбартаа: “...Энэ хурал шүүгдэгч Б.З-ийн хүсэлтээр олон ч удаа хойшилж байсан бөгөөд өмнө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар 60 хоног хойшлуулж хохирлын талаар тодруулахыг даалгаж байсан. Иймд дахин 60 хоног хойшлуулах боломжгүй тул би өргөдөлд дурдсан шиг “жардаж байгаад тооцоог гаргуулъя” гэх агуулгаар хэлээгүй. Харин өмнө нь жардаж байгаад тооцоог гаргуулсан гэх агуулгаар хэлсэн. Шүүгдэгчийн үгийг хангалттай сайн сонссон. Нотлох баримтаа ч шинжлэн судалсан байх. Одоо нэг бүрчлэн санахгүй л байна. Б.З өмнө нь олон ч удаа өмгөөлөгч сольсон, үүнээс болж олон хурал хойшилж байсан. Өмнөх хурлууд дээр нотлох баримтаа судлуулж байсан.Тэгэхээр энэ шүүгдэгчийн эрхийг огт зөрчөөгүй. Хангалттай эрхээ эдэлсэн гэж бодож байна” гэжээ.

 

Холбогдох шүүгч Э.Чанцалням тайлбартаа: “...Нэгдүгээрт, миний бие шүүх хуралдааны явцад биеийн эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн нөхцөл байдал үүссэний улмаас хурал даргалагчаас зөвшөөрөл авч, богино хугацаанд танхимаас гарсан нь үнэн болно. Уг үйлдэл нь шүүх хуралдааны хэвийн явцыг алдагдуулах, оролцогчийн мэдүүлгийг үл ойшоох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилго агуулаагүй ба тухайн үеийн зайлшгүй нөхцөл байдлаас үүдэлтэй түр хугацааны арга хэмжээ байсан болно.

Шүүх бүрэлдэхүүн нь хэрэг маргааныг хамтын зарчмаар хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд шүүх хуралдааны явцад гарсан мэдүүлэг, тайлбар, хэлэлцүүлгийн бүхий л агуулга нь тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт бүрэн, тасралтгүй тусгагддаг. Иймд бүрэлдэхүүний шүүгч богино хугацаанд танхимаас гарсан тохиолдолд ч хэрэгт холбогдох нөхцөл байдал, хэлэлцэгдсэн асуудлыг бүрэн дүүрэн ойлгож, нотлох баримтыг үнэлэх боломж бодитоор хангагддаг билээ.

Хоёрдугаарт, гомдолд дурдсан “амин чухал мэдүүлгийг сонсоогүй” гэх асуудлын тухайд шүүх хуралдаан нь зөвхөн нэг оролцогчийн мэдүүлгээр хязгаарлагдахгүй, харин хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг харьцуулан, иж бүрэн байдлаар үнэлэх зарчимд тулгуурлан явагддаг. Хуралдааны явцад гарсан мэдүүлэг, тайлбарууд нь тэмдэглэл болон бичлэгт бүрэн тусгагддагаас гадна шүүх бүрэлдэхүүн хэлэлцүүлгийн агуулгыг бүхэлд нь хянан авч үзэх боломж бүрддэг. Иймд уг нөхцөл байдлыг оролцогчийн мэдүүлэгт үнэлэлт өгөх боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй гэж ойлгож байна.

Гуравдугаарт, прокуророос асуулт асуухтай холбоотой асуудлын хувьд шүүх хуралдааны дэг, дарааллыг хурал даргалагч хуульд заасан журмын дагуу зохион байгуулдаг бөгөөд оролцогч талууд тодорхой үе шат, дэс дарааллын хүрээнд асуулт тавих эрхээ хэрэгжүүлдэг. Прокурорт хандсан асуулт нь байцаалт бус, харин үйл баримтын уялдаа, нотолгооны үндэслэл, хууль хэрэглээг тодруулахад чиглэсэн байх шаардлагатай байдаг. Тухайн үед хуралдааны шат дараалал болон асуултын шинжтэй нийцээгүй нөхцөл байдал үүссэн тул хуралдааны дэг журмыг хангах үүднээс хурал даргалагчаас зөвшөөрөл авч холбогдох шаардлагыг тавьсан болно. Энэ нь оролцогчийн эрхийг хязгаарлах зорилготой бус, харин хуульд заасан журмыг баримтлуулахад чиглэсэн болно.

Дөрөвдүгээрт, шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр танхимаас түр хугацаанд гарсан нөхцөл байдал нь урьдчилан төлөвлөгдөөгүй, гэнэтийн шинжтэй биеийн эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой нөхцөл байсан юм. Шүүх хуралдааны ерөнхий явц, зохион байгуулалтад сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүднээс богино хугацаанд шийдвэрлэгдсэн асуудал болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд нь хуульд заасан эх сурвалжид тулгуурлан бүхэлд нь үнэлэгддэг тул уг нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд гомдолд дурдсан асуудлыг дээрх нөхцөл байдлын хүрээнд бүхэлд нь харгалзан үзэж, бодит байдалд нийцүүлэн хянаж өгөхийг хүсье” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Өргөдөл гаргагч Б.З “...2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгч Д.Мөнхтуяа “прокуророо З-ийн ярьж байгаа үндэслэлтэй байна, энэ хэргийг дахиж жардъя” гэж хэлсэн; мөн шүүгч Э.Чанцалням шүүх хуралдааны явцад 15-20 минут орчим танхимаас гарснаар миний мэдүүлгийг сонсоогүй; шүүх прокурорын нотлох баримтыг бүрэн сонссон атлаа, намайг нотлох баримт шинжлэх үед “нөгөө Н.Н-ийг л ярина биз дээ, тэрийг мэднэ” гээд хэргийг авснаар би нэг ч өгүүлбэр хэлж чадаагүй, шинжлэн судлаагүй; прокурор хохирогч нарын нэрийг сольж яриад байсан тул би гараа өргөөд прокуророос асуулт асууж болох уу гэхэд шүүгч Э.Чанцалням “прокурор чамд байцаагдахгүй” гэж ширүүн зандарч хэлсэн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 2-4 тал/

 

1. Шүүгч Д.Мөнхтуяагийн тухайд:

1.1. Сахилгын хэрэгт авагдсан илтгэгч гишүүний 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ...0 дугаар албан бичгийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ..5 дугаар албан бичгийн хавсралтаар Б.З-т холбогдох эрүүгийн хэргийн 2026 оны 01 дүгээр сарын 14 болон 02 дугаар сарын 04-ний өдрүүдийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг ирүүлжээ.

Тухайн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт илтгэгч гишүүний хийсэн тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээс үзэхэд “2026-01-14 гэм буруу” гэх нэртэй фолдерт “2....8” нэртэй 01 цаг 52 минут 33 секунд үргэлжлэх дуу-дүрсний бичлэг байв.

Бичлэгийг нээхэд “HD Endpoint” нэртэй шүүх бүрэлдэхүүнийг харуулсан, “HD Endpoint /2/” нэртэй шүүх бүрэлдэхүүний талаас  хуралдаанд оролцогчдыг харуулсан байдлаар бичигдсэн дүрсний бичлэгүүд харагдаж байна. /с.х-ийн 18, 20, 121-124 тал/

Уг бичлэгийн 38 минут 10 секундээс даргалагчаас “одоо хэд үлдсэн гэж үзээд байгаа юм бэ та” гэхэд шүүгдэгч “19.957.500” гэхэд даргалагч “...18 сая төгрөгөөр нэг өгөөд, 4 сая нэг өгөөд 22 сая өгсөн нь 7 дугаар хавтасны 113-т байна. Чиний хэлээд байгаа зүйл нотлох баримтаар харагдаад байна... Чи зөрүүтэй байгаа энийгээ бичиж, ерөнхийдөө өнөөдөр өгөх гэж байгаа мэдүүлгээ бичиж ирсэн үү?” гэхэд шүүгдэгч "бичээд ирсэн, уншаад явж байна” гэв. Даргалагч “тэгвэл чи тэрийгээ өгчих тэгэх үү” гэхэд шүүгдэгч “та хараад ойлгохгүй би хятад хэл дээр биччихсэн. Өөр хүнд харчих вий гээд хятадаар биччихсэн юм” гэв.

Дээрх шүүх хуралдааны явц нь илтгэгч гишүүний саналын 4-5 дугаар талуудад тусгагдсан байна.

Гэвч илтгэгч гишүүн саналдаа шүүгч Д.Мөнхтуяа “жардаж байгаад энэ тооцоог” гэсэн гэж бичсэн боловч дуу-дүрсний бичлэгээс үзэхэд /40 минут 13 секундэд/ даргалагч шүүгч Д.Мөнхтуяа “жардаж байгаад юу яачих уу, энэ асуудлыг бүгдийг нь” гэж хэлжээ.

Өргөдөл гаргагч нь “шүүгч Д.Мөнхтуяа “прокуророо Б.З-ийн ярьж байгаа үндэслэлтэй байна, энэ хэргийг дахиж жардая гэж тодорхой хэлсэн...” гэсэн боловч даргалагч шүүгч дээрх өгүүлбэрээ дуусгаагүй, мөн холбогдох шүүгч нь “прокуророо Б.З-ийн ярьж байгаа үндэслэлтэй байна” гэж хэлээгүй болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

Энэ талаар илтгэгч гишүүн холбогдох шүүгч Д.Мөнхтуяагаас тайлбар авахад тэрээр “Энэ хурал шүүгдэгч Б.З-ийн хүсэлтээр олон ч удаа хойшилж байсан бөгөөд өмнө нь ....60 хоног хойшлуулж, хохирлын талаар тодруулахыг даалгаж байсан. Иймд дахин 60 хоног хойшлуулах боломжгүй тул би өргөдөлд дурдсан шиг жардаж байгааг тооцоог гаргуулъя гэх агуулгаар хэлээгүй. Харин өмнө нь жардаж байгаад тооцоог гаргуулсан гэх агуулгаар хэлсэн байх” гэжээ. /с.х-ийн 132-133 тал/

Мөн бичлэгийн 43 минут 25 секундээс шүүгдэгч Б.З “дансны баримт яримаар байгаа юм. Хохирогч бол аваагүй, өгөөгүй, юу билээ гэж шүүх дээр мэдүүлээд байгаа. Тэгэхэд би прокуророос гуйгаад байгаа нь та дансны хуулгыг миний энэ баримттай тулгаад үзээч гээд байгаа...” гэх үед шүүгч Э.Чанцалням “таны наадах чинь та шилжүүлсэн өдөр болгоноо тэмдэглээд яваад байсан юм уу” гэхэд шүүгдэгч “би оргон зайлсан байхдаа хохирлоо төлнө гээд өдөр болгон төлөх гээд өдөрт хэдэн цаг” гэх үед шүүгч Э.Чанцалням “наад дансны хуулгыг тулгаад таарна гээд байгаа юм уу” гэхэд шүүгдэгч “100 хувь таарна. Энэ дансны хуулга өнөөдөр нэг ч хохирогчийн дансны хуулга байхгүй, энэ хугацааны... Би жил 6 сарын дансны хуулга аваад өгөөч гэж гуйсан, прокурор наймхан сарын дансны хуулга оруулж ирсэн... Өнөөдөр хохирогч авсан, өгсөн гэдэг. Хохирогч авсан гэж байгаа бол миний шилжүүлээд байгаа энэ баримтыг, өөрөөр хэлбэл 2 хүний нэг нь авсан, нэг нь өгөөгүй гээд байгаа бол аваагүй гээд байгаа хүнийхийг нотлох баримт гэж хүлээж авахдаа миний энэ баримтыг хэрхэн үгүйсгэж байгаад прокурор хууль зүйн үндэслэл хийж, дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай...” гэх үед прокурор “Б дээр л харахад Б 33.990.000 төгрөгийг Б.З-т өгсөн гээд байгаа. Б-аас Б.З-т орсон орлого дээр энэ харагдахгүй байгаа, энэ мөнгө. Харин Б.З-ийн гарсан зарлага дээр 22 сая төгрөг нь 33 сая төгрөгийн хугацаанд байгаа. Хохирогч нарын дансны хуулга байхгүй гэж яриад байх юм. Бүх хохирогч нарын дансны хуулгыг аваад тэрийг тулгаж мэдүүлэг авсан...” гэх зэргээр нотлох баримтын талаар ярьжээ.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж буюу нэг удаа 60 хоногоор хойшлуулна гэж заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн эрүүгийн хэргийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас 2025/ШТ/..3 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор “...хохирогч Б.Б, Ө.М, Ц.О, Л.Д, Ц.Г нарын хохирлын тооцоог дахин гаргуулах, хохирогч Ц.Э, Н.Н нарт өөр хүний данснаас хохирлын төлбөрийг төлсөн талаар шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тухайн үйл баримтыг он, сар, өдөртэй нь бичиж тэмдэглэн ирүүлсэн тул хохирогч нарын дансанд үзлэг хийлгэж, тухайн цаг хугацаанд хохирогч нарын дансанд орлого орсон эсэх, орсон бол хэдэн төгрөгийн орлого орсон, хохирогч нарт төлөх хохирлын тооцоог дахин гаргаж ирүүлэх ажиллагааг хийж ирүүлэхийг прокурорт даалгаж...” байсан байна. /с.х-ийн 135-138 тал/

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан болон холбогдох шүүгч өгүүлбэрээ дуусгаагүй байх тул түүнийг өргөдөлд дурдсанчлан агуулгаар хэлсэн гэж үзэхээргүй гэж дүгнээд илтгэгч гишүүний саналдаа “...шүүгчийн тайлбар үндэслэлтэй" гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй.

 

1.2. Шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дуу-дүрсний “2026-01-14 гэм буруу” гэх нэртэй фолдерт байх “2.....2” гэх нэртэй бичлэгээс үзэхэд 54 минут 37 секундээс даргалагч шүүгдэгчид “шинжлэх судлуулах юм байгаа юм уу” гэхэд 54 минут 52 секундэд шүүгдэгч “Би ганцхан Н.Н-ийн  ” гээд “жарддаг хоногтой хавтаст хэргийг аваад өгөөч” гэснээр 13 дугаар хавтаст хэргийг урдаа авч эргүүлэн баримт хайж эхэлж байх ба “энэ дээр байхгүй байна” гээд 12 дугаар хавтаст хэргийг авсны дараа прокурор “Н.Н-ийн мэдүүлгийг хайж байна уу” гэхэд шүүгдэгч “мэдүүлэг биш, дансны хуулганы, жарддаг хоног дээр” гэх үед шүүгч Э.Ч “8 сараар гаргаж авсан уу” гэж асуухад шүүгдэгч “бүгдийг нь тулгаад үзүүлчихмээр байна. Хавтаст хэрэгт цагаатгах талын нотлох баримт судалъя гэхээр цагаатгах талынх нь нотлох баримт авагдаагүй. Ганцхан тэрийг л үзүүлчье. Тэр нь байгаа шүү шүүгч ээ, өөр ярих юм юу байх вэ. Минийх болсоон одоо” гээд хавтаст хэргийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад өгч байна. Тэрээр хавтаст хэргийг буцааж өгөх үед шүүгч Э.Чанцалням “Н.Н билүү” гэхэд шүүгдэгч “тийм шүүгч ээ. 8 сар дээр бүгд таараад, жарддаг хоног дээр” гэх үед шүүгч Э.Чанцалням, Э.Ч нар ярьж байх бөгөөд шүүгдэгч үргэлжлүүлэн “тэрийг хараад өгөөч шүүгч ээ. Тэр 8 сар яг таараад. Хэрвээ бусад хохирогч нарынх нотлох баримт шинжлэн судлахад оруулсан бол яг таарчих юм л даа. Тэгэхээр цагаатгах талын нотлох баримт байхгүй болохоор ямар ч аргагүй” гэсний дараа даргалагч “өөр судлуулах зүйл байна уу” гэхэд шүүгдэгч дуугарсангүй суудалдаа сууж байна. /с.х-ийн 121-124 тал/

Дээрх үйл баримтаар Б.З-ийг нотлох баримт шинжлэн судлах явцад шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийг аваагүй, шүүгдэгч хэргийг өөрөө шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар дамжуулан шүүх бүрэлдэхүүнд өгсөн, мөн шүүгч нар “Н.Н-ийг л ярина биз дээ” гэж хэлсэн гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдсонгүй.

Мөн өргөдөл дурдсанчлан “нэг ч өгүүлбэр хэлж чадаагүй, шинжлэн судлаагүй” гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2. Шүүгч Э.Чанцалнямын тухайд:

2.1. Шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дуу-дүрсний “2026-01-14 гэм буруу” гэх нэртэй фолдерт байх “2....” гэх нэртэй бичлэгийн 01 цаг 27 минут 47 секундэд прокурор шүүгдэгчээс асуулт асууж, хариулт авч байх явцад шүүгч Э.Чанцалням даргалагч шүүгч Д.Мөнхтуяад юм хэлээд шүүх хуралдааны танхимаас гарч, 01 цаг 40 минут 10 секундэд танхимд орж ирж байгаа нь бичигджээ.

Бичлэгийг үзэхэд шүүгч Э.Чанцалням сандлын түшлэгийг баруун гараараа тулан биеийн жинг нэг талдаа төвлөрүүлж суусан, заримдаа хөшсөн болов уу гэмээр үсээ оролдох, хойш налах, шингэн зүйл ойр ойрхон балгах зэрэг үйлдлийг гаргаж байна.  /с.х-ийн 121-124 тал/

Энэ талаар холбогдох шүүгч Д.Мөнхтуяа тайлбар өгөхдөө “Э.Чанцалням шүүгчийн ...ууц нуруу өвдөөд бүр тэсэхээ байгаад надаас зөвшөөрөл аваад гарсан. Үнэхээр нуруу нь татчихсан, бөөр нь өвдчихсөн, ...гээд байж сууж чадахаа байгаад гарсан. Энэ талаар би сайн санаж байна” гэх тайлбар хэлсэн бол холбогдох шүүгч Э.Чанцалням бичгийн тайлбартаа “...биеийн эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн нөхцөл байдал үүссэний улмаас хурал даргалагчаас зөвшөөрөл авч, богино хугацаанд танхимаас гарсан нь үнэн... шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр танхимаас түр хугацаанд гарсан нөхцөл байдал нь урьдчилан төлөвлөгдөөгүй, гэнэтийн шинжтэй биеийн эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой нөхцөл байдал юм. Шүүх хуралдааны ерөнхий явц зохион байгуулалтад сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүднээс богино хугацаанд шийдвэрлэгдсэн асуудал...” гэжээ. /с.х-ийн 11-12, 132-133 тал/

Илтгэгч гишүүн нь дээрх үйл баримттай холбоотой Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эмч Б.Г-аас гэрчийн мэдүүлэг авахад тэрээр "шүүгч Э.Чанцалням 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нуруу тасарлаа гэсээр орж ирэхээр нь даралтыг нь үзэхэд 125/70, зүрхний цохилт 69 байхаар нь аспирин 100 өгөөд бариа хийсэн. Шүүгч ер нь даралт багатай хүн, Даралт багатай хүнд 125 гэдэг ихэссэн гэсэн үг тул даралт буулгах зорилгоор аспирин өгсөн. Ер нь бариа 15-20 минут болдог. Тэр хугацаанд л байсан байх. Харин хэдэн цагийн үед орж ирснийг санахгүй байна, өдөр л орж ирсэн байх” гэж мэдүүлсэн байна. /с.х-ийн 125-127 тал/

Мөн тухайн эмчийн “Үзлэгийн тэмдэглэл” бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дэс дугаарт “Чанцалням шүүгч” гээд “толгой, хүзүү нуруу өвдөнө. Баруун 125/70, зүүн 120/70, зүрхний цохилт 69. Аспирин 100 хоёр ширхэг өгөв. Бариа толгой, хүзүү, нуруу” гэх бичиглэл тэмдэглэгдсэн байсныг илтгэгч гишүүн үзлэгээр баталгаажуулан сахилгын хэрэгт хавсаргажээ. /с.х-ийн 129-131 тал/

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд мөн зүйлийн 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасан.

Зайлшгүй шаардлага гэдгийг аливаа зорилго, үр дүнд хүрэхийн тулд ямар нэгэн хувилбаргүйгээр, алгасаж болохгүйгээр заавал гүйцэлдүүлэх ёстой нөхцөл буюу амин чухал шаардлагыг хэлнэ гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл шүүгч Э.Чанцалням шүүгчийн албан тушаалыг эрхэлж, хуульд заасны дагуу шүүх хуралдааныг тасралтгүй явуулах боловч эрүүл мэндийн шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах бөгөөд үүнийг зайлшгүй шаардлагад хамааруулах боломжтой.

Энэ утгаараа шүүгч Э.Чанцалням шүүх хуралдааны танхимаас гарсан нь гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн эмчийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байх боловч түүнийг зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

Гэвч тухайн нөхцөл байдлыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдэж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах эсхүл тодорхой хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах арга хэмжээ авхуулах нь зүйтэй байсан бөгөөд энэ талаар илтгэгч гишүүний саналдаа бичсэн дүгнэлт, холбогдох шүүгчид анхааруулсныг цаашид онцгой анхаарч ажиллахыг зориуд тэмдэглэх нь зүйтэй.

 

2.2. Дээрх бичлэгийн 01 цаг 14 минут 45 секундэд шүүгдэгч гараа өргөөд “ганц асуулт асууж болох уу, прокуророос” гэхэд шүүгч Э.Чанцалням “прокурор танд байцаагддаг хүн биш за юу” гэж хэлжээ. /с.х-ийн 121-124 тал/

Гэвч тухайн шүүгчийн хоолойн өнгөнд загнасан, уцаарласан шинж илрэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт шүүх хуралдааны дарааллыг хуульчилсны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан явагдсан байх ба шүүхийн хэлэлцүүлэг мөн хуулийн 35.8 дугаар зүйлд заасан дарааллаар явагджээ.

Мөн хуульд шүүгдэгч мэдүүлэг өгөх,  даргалагчийн тогтоосон дарааллын дагуу шүүгдэгчээс улсын яллагч, өмгөөлөгч нар асуулт асууж болох талаар зааснаас шүүгдэгч прокуророос асуулт асуух талаар зохицуулаагүй болно.

Иймд холбогдох шүүгч Э.Чанцалнямыг буруутгахгүй боловч цаашид тэрээр үгийн сонголтоо зөв хийж, шүүх хуралдаанд оролцогч нарт буруу ойлголт төрүүлэхгүй байх талаар анхаарах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чанцалням нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, холбогдох шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 6 дугаар сарын 05-ны  өдрийн ГС/2026/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чанцалням нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                      Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

                                    ГИШҮҮД                                          Б.СУГАР

 

                                                                                                Х.ХАШБААТАР