info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-07-06

Дугаар 100

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Н нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Б.О-ийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Өнөржаргалд холбогдуулан гаргасан өргөдөлд илтгэгч гишүүний 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ГЗТ/2026/...4 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2026/...2 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн саналдаа: “...1. Өргөдлийн “үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл шүүгч 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Г.Н-оос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасныг, шүүгч Ц.Өнөржаргал хянаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй гэж үзэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 197/ШЗ2026/...2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн, шүүгчийн 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШЗ2026/...8 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйл “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх”, 27.1.4-т “гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол” гэж тус тус заасан нийцсэн байна.

2. Өргөдлийн “ ...өнөөдрийг хүртэл шүүх хуралдааныг товлоогүй, хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байна” гэх үндэслэлийн тухайд:

2.1. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О, Г.Н нарт холбогдох “Г.О-ээс 26.000.000 төгрөг, Г.Н-оос 192.984.018 төгрөг гаргуулах, нэр бүхий үл хөдлөх хөрөнгийг дундын өмч болохыг тогтоолгох, ногдох хэсэгт 43.100.000 төгрөг гаргуулах, нэр бүхий тээврийн хэрэгслийг дундын өмч болохыг тогтоолгох, ногдох хэсэгт 25.000.000 төгрөг гаргуулах, том оврын ачааны машины төлбөрт шилжүүлсэн 20.000.000 төгрөг гаргуулах, орон сууцны урьдчилгаа төлсөн 25.100.000 төгрөгийг дундын өмч болохыг тогтоолгох, урьдчилгаа төлбөрт ногдох хэсэгт 8.366.600 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/...0 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/...5 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан “...хариуцагч Г.Н-оос 96.466.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

Дээрх магадлалыг эс зөвшөөрч хариуцагч, түүний өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2024/...25 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2024/...8 дугаар захирамжаар дээрх шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн, гүйцэтгэх хуудас олгон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан ба тухайлбал, 207 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ½ дугаар тогтоолоор нэр бүхий орон сууцны хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор “Ү” ХХК-ийг шинжээчээр томилсон ба уг хөрөнгийг 230.000.000 төгрөгөөр үнэлж, энэ талаар 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.  

2.2. Дээрх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч төлбөр төлөгч Г.Н-оос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэл гаргаж, улмаар шүүгч Ц.Өнөржаргал 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШЗ2026/...2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн ба шүүгчийн туслахаас 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу 3 удаа утсаар холбогдсон талаар тэмдэглэл үйлдсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0...9 дугаар албан бичгээр уг иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр М.Х, Ц.Д нарыг итгэмжлэл олгосон.

2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, оролцогчийн эрх, үүргийн тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан.

2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/...5 дугаар магадлалын дагуу явагдаж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан.

2026 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа гаргасан бөгөөд мөн түүнээс эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Ү” ХХК-ийн шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 197/ЗТ2026/...4 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 14 хоногоор сунгасан.

Шүүгчийн 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШЗ2026/...8 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шүүгчийн 2026 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 197/ШЗ2026/...6 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр товлосон боловч нэхэмжлэгч болон хариуцагч нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.3-т “Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 752.4-т “Энэ хуулийн 752.3-т заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус зааснаар 45+14=59 хоногийн хугацаанд Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхээр хуульд илт тодорхой заажээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.

Шүүгч Ц.Өнөржаргал нь 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс тооцвол хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дууссан ба уг хугацаа дууссанаас хойш 2026 оны 6 дугаар сарын 09-ний шүүх хуралдааныг товлон зарлаж ажиллагаа хийсэн нь тогтоогдсон ба энэ дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлсэн талаар холбогдох шүүгч тайлбартаа “ ...Ажлын хэт их ачаалалтай, өдөр бүр хуваарилагдан шинээр ирсэн нэхэмжлэлийг уншиж танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа иргэний хэргээ уншиж танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт шийдвэрлэх, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлалын эвлэрлийн гэрээг баталгаажуулах зэргээр эрх зүйн акт гаргах, гаргасан эрх зүйн акт, шийдвэртээ гарын үсэг зурах, шүүх хуралдааныг даргалан явуулах, архивын хэргийг хянах, шүүх хуралдааны тэмдэглэлийг хянах, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг удирдлагаар хангах гээд ажлын 8 цагт яагаад ч багтахааргүй их ачаалалтай ажиллаж байна. Миний бие ажлын өдөрт ихэвчлэн 12 цаг, зарим өдөр тэрнээс ч илүү хугацаагаар тасралтгүй ажиллаж, Хөдөлмөрийн тухай хуульд зааж, тогтоож өгсөн ажлын цагаас байнга илүү цагаар ажиллаж, хүний ажиллах боломжоос давсан, мөн хүний бие физиологийн үйл ажиллагааг сарниулах, энгийн хүний өдөрт 8 цаг, ажлын 5 өдөрт 40 цаг ажиллахаас илүү цагаар, хүний боломжоос хэтэрсэн маш их ажлын ачаалалтай ажиллаж байгаа болно. Би бага насны хүүхэдтэй хэдий ч хүүхэд өвдсөн, хүүхэд өвдөж хатгаа болсон ч нэг удаа, нэг өдөр ч чөлөө авч байгаагүй, ажлаа тасалж ирээгүй нэг ч өдөр байхгүй. Өөрөө өвдсөн ч акт авалгүй хоёргүй сэтгэлээр хариуцлагатай ажил, надаас шалтгаалж бусдын эрх ашиг хохироож болохгүй хэмээн өөртөө шаардлага тавин ажиллаж байна. Түүнчлэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар байнга солигддог, туршлагажуулах гэж хугацаа ордог. Ажлын хэт их ачаалал, хугацаа хэтрэлт өндөртэй олон хэргийг нэг дор хүлээн авсан зэрэг шалтгаануудаас болж тухайн хэргийг 60 хоногийн дотор шийдвэрлэх ямар ч боломж байгаагүй болно. Өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 1.655 /амрахаас өмнө нэлээн шахсан/ хэрэгтэй байгаа зэрэг бодит ачааллаас шалтгаалж хуульд заасан 60 /45+15/ хоногийн хугацаанд тухайн хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан болно. Энэ хэргийн оролцогч, төлбөр төлөгч, төлбөр авагч, шийдвэр гүйцэтгэгч гээд аль ч оролцогчийг огт танихгүй, ямар нэгэн хувийн сонирхол огт байхгүй. Миний бие эс үйлдэхүй гаргаж эсхүл санаатайгаар хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхгүй дарсан зүйл огт байхгүй” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн холбогдох шүүгчийн ажлын ачааллын талаар дараах баримтуудыг авсан. Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ..2 дугаартай зарлигаар Ц.Өнөржаргал нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шүүгчийн албан тушаалд томилогдсон ба улмаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .../А дугаар тогтоолоор түүнийг Иргэний хэргийн танхимд ажиллуулан, 975 иргэний хэрэг, 12 нэхэмжлэлийг хуваарилсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 122 дугаар тогтоолоор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны зохист ачааллын дээд хязгаарыг иргэний хэрэгт 336 байхаар тогтоожээ.

Шүүгчээр томилогдсон өдрөөс хойш 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 1.564 нэхэмжлэл шинээр хүлээн авч, уг хугацаанд нийт 2.453 шүүгчийн захирамж гаргаж, 582 хэрэг шийдвэрлэн, 82 хэргийг хэрэгсэхгүй болгосон ба өмнөх оны үлдэгдэлтэй нийлээд 1.731 хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үлдэгдэлтэй ба анх томилогдоход түүнд зохист ачааллын дээд хязгаараас 296,7 хувьтай дүйцэхүйц иргэний хэрэг хуваарилагдсан байна.

Шалгах ажиллагааны явцад өргөдөл гаргагчаас холбогдох “шүүгчийг ажлын ачааллаас болоод хэргүүдээ он цагийн дарааллаар шийдвэрлэсэн үү гэдгийг тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг бөгөөд холбогдох судалгаагаар шүүгч Ц.Өнөржаргал анх шилжүүлсэн 975 иргэний хэргийн 596 нь 2025 оны 1-10 дугаар сард үүссэн ба өнөөдрийн байдлаар 369 хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн шүүгч Ц.Өнөржаргал нь 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалт, семинарт хамрагдах болсон тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор ажлын 10 хоногийн чөлөө авснаас өөр бусад өдөр өвчтэй, чөлөөтэй бусад шалтгаанаар ажилдаа ирээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго нь иргэний зарим төрлийн хэрэг, маргааныг ердийн бусад хэргээс богино хугацаанд үр дүнтэй, хялбар, зардал багатай журмаар шийдвэрлэхэд оршдог. Гэтэл Хялбар ажиллагааны шүүх нь бодит байдалд хэтийдсэн ажлын ачааллын улмаас хуулийн зорилго, зорилтод нийцүүлж ажиллах нөхцөл боломжгүй байгаа талаар тухайн шүүх байгуулагдсанаасаа хойш удаа дараа шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн холбогдох байгууллагууд руу хүний нөөцтэй холбоотой болон бусад санал, хүсэлтээ гаргаж байсан нь мөн тогтоогдож байна. 

Шүүхийн сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх хугацаа хэтэрсэн өргөдөл, мэдээллийг шалгахдаа шүүгчийн субьектив буруутай үйлдэл болох санаатай болон хайхрамжгүй хандсан үйлдэл байгаа эсэх болон объектив шалтгаан буюу хүний хүчин чадал, ажлын хэт ачааллаас шалтгаалсан хугацаа хэтрэлт байгаа эсэхийг тогтоох учиртай.

Өөрөөр хэлбэл, шүүгч ажилдаа хариуцлагагүй хандаж хэргийг шалтгаангүйгээр орхисон, залхуурсан эсвэл санаатайгаар цаг хугацаа сунгасан тохиолдолд сахилгын хариуцлага хүлээх ба харин хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь өөрөөс нь шалтгаалаагүй, харин бодит нөхцөл байдалд буюу объектив хүчин зүйлээс буюу хэт их ачааллаас шалтгаалсан бол үүнийг шүүгчийн буруутай үйлдэл гэж үзэхгүй.

Дээр дурдсанаар Ц.Өнөржаргал нь анх шүүгчээр томилогдоход түүнд 975 иргэний хэрэг хуваарилагдан, түүнээс хойш 1.564 нэхэмжлэл шинээр хүлээн авч, одоогоор 1.731 хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үлдэгдэлтэй байгаа зэрэг нь шүүгчийн зохист ачааллаас хэд дахин давагдсан, нэг шүүгч биечлэн богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй ⁠хэт өндөр ачаалал мөн болохыг илтгэнэ.

Иймд сахилгын хэрэг шалгах ажиллагаагаар холбогдох шүүгч нь ажлын хэтийдсэн ачааллын улмаас хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй нь тогтоогдсон бөгөөд харин санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Дээрх байдлаар холбогдох шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байгаа ч шинээр томилогдсон шүүгчид хууль дээдлэх, иргэний эрхийг хамгаалах үүднээс илтгэгч гишүүний хувьд дараах зүйлсийг сануулах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, Ажлын ачаалал их байгаа нь хэргийг бүрэн орхих шалтгаан болохгүй тул тусгайлсан журмаар шийдвэрлэх маргааны зорилтод нийцүүлэн, хэргийн ээдрээ төвөгтэй байдал, нэхэмжлэлийн үнийн дүн, талуудын нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөв хуваарилан, шуурхай шийдвэрлэх зөв менежмент хийж ажиллах шаардлагатай.

Түүнчлэн иргэд олон нийт үргэлж шүүхэд итгэж хүлээж байдаг тул хэрэг яагаад хугацаандаа шийдэгдэхгүй байгаа обьектив шалтгаан, хийгдэж буй ажиллагааны талаар талуудад шүүгчийн туслахаар дамжуулан тухай бүр зөв, нээлттэй мэдээлэл өгч, иргэдийг чирэгдүүлэхгүй байхад анхаарах.

Мөн дээрх шалтгаанаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь дараа дараагийн өөр бусад хэргийн хугацааг хэтрүүлж “болно" гэх ойлголт биш тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, шүүгчийн нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг сануулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Өнөржаргал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчид хориглосон хэм хэмжээг зөрчсөн зөрчлийг гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

Холбогдох шүүгч Ц.Өнөржаргал тайлбартаа: “ ...1. Үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн талаарх гомдолд тайлбар гаргах нь:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Г.Н-ны гаргасан нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.1-д "Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана" гэж заасныг баримтлан тухайн нэхэмжлэл бүрдүүлбэр хангасан, татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул иргэний хэрэг үүсгэсэн. Иймд үндэслэлгүй иргэний хэрэг үүсгэсэн гэх гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Хуулийн хугацаандаа шийдвэрлээгүй талаарх гомдолд тайлбар гаргах нь:

Миний бие Ц.Өнөржаргал нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ..2 дугаар зарлигаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдсон.

Улмаар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдийн ../А дугаар тогтоолоор шүүгч Э.О-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан нийт 975 хэрэг, 12 нэхэмжлэлийг надад шилжүүлэн өгсөн. Тухайн өдрөө надад 10 шинэ нэхэмжлэл системээс хуваарилагдан ирсэн. Ийнхүү шүүгчээр томилогдоод эхний өдрөө буюу 2025 оны 12 дугаар 15-ны өдөр нийт 975 хэрэг, 22 нэхэмжлэл хүлээн авч ажлаа эхлүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 122 дугаар "Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны ажлын зохист ачаалал тогтоох тухай" тогтоолоор Иргэний хэргийн шүүгчийн бүтэн жилийн зохист ачааллын дээд хязгаарыг 336 гэж тогтоож өгсөн. Бодит байдал дээр миний бие нэг шүүгчийн бүтэн жилийн ачааллыг 296.7 хувь нэмэгдүүлсэн ачааллыг нэг өдөрт буюу шүүгчээр ажиллаж эхэлсэн эхний өдрөө авсан. Надад шилжүүлэн өгсөн 975 иргэний хэргийн 596 нь 2025 оны 1-10 дугаар сард иргэний хэрэг үүсгэсэн буюу хугацаа сунгалтад орсон хэргүүд байсан. Миний бие 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ыг дуусталх хугацаанд хүлээн авсан 1.000 гаруй хэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, хэрэг тус бүр ажиллагааг хийн ажиллахын зэрэгцээ өдөр бүр шинээр дунджаар 15-20 нэхэмжлэл авч, хэргийн тоо тогтмол өсөж ирсэн.

Тус шүүхийн шүүх хуралдааны танхимын хүрэлцээ муу учир иргэний шүүгчид долоо хоногт нэг өдөр шүүх хуралдааны танхимд шүүх хуралдаан хийх боломжтой байдаг. Өмнөх оны буюу 2025 оны 1-10 дугаар сард иргэний хэрэг үүсгэсэн 596 хэргийн 187 хэргийг өнөөдрийн байдлаар шийдвэрлэсэн буюу 2025 оны өндөр хугацаа хэтрэлттэй хэргүүддээ түлхүү ажиллагааг хийн, шүүх хуралдааныг товлон хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Миний бие 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 625 хэргийг шийдвэрлэсний 186 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2.651 шүүгчийн захирамж гарган ажилласан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа иргэний хэргээ уншиж танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт шийдвэрлэх, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлалын эвлэрлийн гэрээг баталгаажуулах зэргээр эрх зүйн акт гаргах, гаргасан эрх зүйн акт, шийдвэртээ гарын үсэг зурах, шүүх хуралдааныг даргалан явуулах, архивын хэргийг хянах, шүүх хуралдааны тэмдэглэлийг хянах, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг удирдлагаар хангах гээд ажлын 8 цагт багтахааргүй их ачаалалтай ажиллаж байна. Миний бие ажлын өдөрт ихэвчлэн 12 цаг, зарим өдөр тэрнээс ч илүү хугацаагаар тасралтгүй ажиллаж, маш их ажлын ачаалалтай ажиллаж байгаа болно. Үүнийг тус шүүхийн харуул хамгаалалтын болон журам сахиулагч цагдаагийн ажилтан, нэг давхрын үйлчлэгч, миний суудаг 4 давхрын үйлчлэгч нараас гэрчийн мэдүүлэг авах юм уу, үүдний камерын бичлэгээр намайг өдөрт хэдэн цаг сууж ажилладаг болохыг тогтоох боломжтой.

Би бага насны хүүхэдтэй хэдий ч хүүхэд өвдсөн, хүүхэд өвдөж хатгаа болсон ч нэг удаа, нэг өдөр ч чөлөө авч байгаагүй, ажлаа тасалж ирээгүй нэг ч өдөр байхгүй. Өөрөө өвдсөн ч акт авалгүй хоёргүй сэтгэлээр хариуцлагатай ажил, надаас шалтгаалж бусдын эрх ашиг хохироож болохгүй хэмээн өөртөө шаардлага тавин ажиллаж байна. Харин 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 27-ны өдрийг дуусталх ажлын 10 хоногт Улсын Дээд шүүхийн дэргэдэх академид шинэ шүүгчийн сургалтад суусан тул албан ёсны чөлөө авсан болно.

Түүнчлэн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дийлэнх нь шинээр ажилд орсон хүүхдүүд байдаг ба ажлын ачаалал даахгүй ажлаас гарах, ажлыг суралцах хугацаандаа яваа учраас шүүгчид ирэх ажлын ачааллыг улам нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. 2025 оны 12 дугаар сард томилогдон ирснээс хойш шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 3 удаа солигдсоны нэг нь ажлын ачааллаа дийлэхгүй байна гээд хүсэлтээ өгөөд ажлаас гарсан, нэг нь эрүүгийн танхим руу шилжсэн, нэг нь 14 хоног өвдөөд алга болсон зэргээр ажлаа дутуу хагас хийж, хаяж явах зэргээр шүүгчид ирэх ажлын ачаалалд багагүй нөлөөлж байна.

Тухайн хэргийн хариуцагчид 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагч хариу тайлбараа 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн. Хурал зарлах хэргийн дараалалд оруулсан хэрэг байна. Ажлын ачаалал болон дээрх шалтгаануудаас болж тухайн хэрэг дээр шүүх хуралдааныг зарлаж чадаагүй нь үнэн болно.

3. Эдгээрийг нэгтгэн тайлбарлахад миний бие өөрийн хуулиар олгосон эрхийн хүрээнд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон нэг шүүгчийн бүтэн жилд авах зохист ачааллыг 296,7 хувь нэмэгдүүлсэн ачааллыг нэг өдөрт буюу томилогдсон өдрөө авсан. Өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 1.745 хэрэгтэй байгаа зэрэг бодит ачааллаас шалтгаалж хуульд заасан 60 /45+15/ хоногийн хугацаанд тухайн хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан болно. Тэрнээс биш миний бие эс үйлдэхүй гаргаж эсхүл санаатайгаар хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхгүй дарсан зүйл огт байхгүй болно. Тооцоо судалгааг үндэслэл муутай хийн шинээр байгуулсан өндөр ачаалалтай шүүхэд ажиллаж байгаа, зохист ачааллаас хэд дахин давсан ажлын ачаалалтай ажиллаж байгаа, шинэ шүүгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа нийт 1.745 хэргийн шүүх хуралдааныг хийхэд тодорхой хугацаа орж байгааг харгалзан үзэхийг хүсье.

Иймд миний бие Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэсэн заалтыг зөрчөөгүй болно” гэжээ.

 

   Холбогдох шүүгч Ц.Өнөржаргал нэмэлт тайлбартаа: “...Миний бие гомдол гаргагч иргэн Б.О-ийн гомдолтой танилцан дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

1. Үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн талаарх гомдолд тайлбар гаргах нь:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Г.Н-ны гаргасан нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.1-д "Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана" гэж заасныг баримтлан тухайн нэхэмжлэл бүрдүүлбэр хангасан, татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэл үндэслэлгүй байсан ч шууд шүүхийн шийдвэрээр шийдэх шийдэл рүү орж нэхэмжлэлийг татгалзаж болохгүй. Иймд үндэслэлгүй иргэний хэрэг үүсгэсэн гэх гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Хуулийн хугацаандаа шийдвэрлээгүй талаарх гомдолд тайлбар гаргах нь:

Миний бие Ц.Өнөржаргал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ..2 дугаар зарлигаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдсон. Улмаар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдийн ../А дугаар тогтоолоор шүүгч Э.Оюунтунгалагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан нийт 975 хэрэг, 12 нэхэмжлэлийг надад шилжүүлэн өгсөн. Тухайн өдрөө надад 10 шинэ нэхэмжлэл системээс хуваарилагдан ирсэн. Ийнхүү шүүгчээр томилогдоод эхний өдрөө буюу 2025 оны 12 дугаар 15-ны өдөр нийт 975 хэрэг, 22 нэхэмжлэл хүлээн авч ажлаа эхлүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 122 дугаар "Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны ажлын зохист ачаалал тогтоох тухай" тогтоолоор Иргэний хэргийн шүүгчийн бүтэн жилийн зохист ачааллын дээд хязгаарыг 336 гэж тогтоож өгсөн. Бодит байдал дээр миний бие нэг шүүгчийн бүтэн жилийн ачааллыг 296.7 хувь нэмэгдүүлсэн ачааллыг нэг өдөрт буюу шүүгчээр ажиллаж эхэлсэн эхний өдрөө авсан.

Надад шилжүүлэн өгсөн 975 иргэний хэргийн 596 нь 2025 оны 1-10 дугаар сард иргэний хэрэг үүсгэсэн буюу хугацаа сунгалтад орсон хэргүүд байсан. Миний бие 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ыг дуусталх хугацаанд хүлээн авсан 1.000 гаруй хэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, хэрэг тус бүр ажиллагааг хийн ажиллахын зэрэгцээ өдөр бүр шинээр дунджаар 15-20 нэхэмжлэл авч, хэргийн тоо тогтмол өсөж ирсэн.

Тус шүүхийн шүүх хуралдааны танхимын хүрэлцээ муу учир иргэний шүүгчид долоо хоногт нэг өдөр шүүх хуралдааны танхимд шүүх хуралдаан хийх боломжтой байдаг тул одоогийн байдлаар 208 шүүх хуралдааныг удирдан явуулсан.

Өмнөх оны буюу 2025 оны 1-10 дугаар сард иргэний хэрэг үүсгэсэн 596 хэргийн 369 хэргийг өнөөдрийн байдлаар шийдвэрлэсэн буюу 2025 оны өндөр хугацаа хэтрэлттэй хэргүүддээ түлхүү ажиллагааг хийн, шүүх хуралдааныг товлон хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ч байнга хугацаа хэтэрсэн хэргийн судалгааг авч, хугацаа хэтрэлт өндөртэй хэргүүдээ түлхүү шахаж ажиллахыг сануулж ирсэн. Миний бие долоо хоногт багадаа 20 шүүх хуралдаан даргалан явуулж, гарсан эрх зүйн актыг гарган ажиллаж байгаа ч шүүх хуралдаан зарлах хэргийн тоо хэтэрхий өндөр байгаа учраас хугацаа хэтрэлт өндөртэйгөөс түлхүү зарлан оруулж шийдвэрлэж ирсэн болно.

Миний бие 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 1622 нэхэмжлэл хүлээн авсны 1.543 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна.

Миний бие 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 733 хэргийг шийдвэрлэсний 186 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2.846 шүүгчийн захирамж гарган, 208 удаагийн шүүх хуралдааныг даргалан ажилласан байна.

Өдөр бүр хуваарилагдан шинээр ирсэн нэхэмжлэлийг уншиж танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа иргэний хэргээ уншиж танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт шийдвэрлэх, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлалын эвлэрлийн гэрээг баталгаажуулах зэргээр эрх зүйн акт гаргах, гаргасан эрх зүйн акт, шийдвэртээ гарын үсэг зурах, шүүх хуралдааныг даргалан явуулах, архивын хэргийг хянах, шүүх хуралдааны тэмдэглэлийг хянах, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг удирдлагаар хангах гээд ажлын 8 цагт яагаад ч багтахааргүй их ачаалалтай ажиллаж байна.

Миний бие ажлын өдөрт ихэвчлэн 12 цаг, зарим өдөр тэрнээс ч илүү хугацаагаар тасралтгүй ажиллаж, Хөдөлмөрийн тухай хуульд зааж, тогтоож өгсөн ажлын цагаас байнга илүү цагаар ажиллаж, хүний ажиллах боломжоос давсан, мөн хүний бие физиологийн үйл ажиллагааг сарниулах, энгийн хүний өдөрт 8 цаг, ажлын 5 өдөрт 40 цаг ажиллахаас илүү цагаар, хүний боломжоос хэтэрсэн маш их ажлын ачаалалтай ажиллаж байгаа болно. Үүнийг тус шүүхийн харуул хамгаалалтын болон журам сахиулагч цагдаагийн ажилтан, нэг давхрын үйлчлэгч, миний суудаг 4 давхрын үйлчлэгч нараас гэрчийн мэдүүлэг авах юм уу, үүдний камерын бичлэгээр намайг өдөрт хэдэн цаг сууж ажилладаг болохыг тогтоох боломжтой.

Би бага насны хүүхэдтэй хэдий ч хүүхэд өвдсөн, хүүхэд өвдөж хатгаа болсон ч нэг удаа, нэг өдөр ч чөлөө авч байгаагүй, ажлаа тасалж ирээгүй нэг ч өдөр байхгүй. Өөрөө өвдсөн ч акт авалгүй хоёргүй сэтгэлээр хариуцлагатай ажил, надаас шалтгаалж бусдын эрх ашиг хохироож болохгүй хэмээн өөртөө шаардлага тавин ажиллаж байна. Харин 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 27-ны өдрийг дуусталх ажлын 10 хоногт Улсын дээд шүүхийн дэргэдэх академид шинэ шүүгчийн сургалтад суусан тул албан ёсны чөлөө авсан болно.

Түүнчлэн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дийлэнх нь шинээр ажилд орсон хүүхдүүд байдаг ба ажлын ачаалал даахгүй ажлаас гарах, ажлыг суралцах хугацаандаа яваа учраас шүүгчид ирэх ажлын ачааллыг улам нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. Шинэ туршлагагүй хүүхдүүдийг сургаж авах, тэдний бичсэн тэмдэглэл, эрх зүйн актыг засварлах, гаргасан алдааг засах зэргээр илүү их ачаалал болж байна. 2025 оны 12 дугаар сард томилогдон ирснээс хойш шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 3 удаа солигдсоны нэг /Г.Э/ нь ажлын ачааллаа дийлэхгүй байна гээд хүсэлтээ өгөөд ажлаас гарсан, нэг /Б.М/ нь эрүүгийн танхим руу шилжсэн, нэг /Б.Т/ нь 14 хоног өвдөөд алга болсон зэргээр ажлаа дутуу хагас хийж, хаяж явах зэргээр шүүгчид ирэх ажлын ачаалалд багагүй нөлөөлж байна.

Тухайн хэргийн хариуцагчид 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагч хариу тайлбараа 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн. Хурал зарлах хэргийн дараалалд орсон хэрэг байсан ба 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг зарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сургалттай хэмээн хурал хойшлуулах хүсэлт ирүүлж хойшлуулсан болно.

Ажлын хэт их ачаалал, хугацаа хэтрэлт өндөртэй олон хэргийг нэг дор хүлээн авсан зэрэг шалтгаануудаас болж тухайн хэргийг 60 хоногийн дотор шийдвэрлэх ямар ч боломж байгаагүй болно.

3. Эдгээрийг нэгтгэн тайлбарлахад миний бие өөрийн хуулиар олгосон эрхийн хүрээнд татгалзах үндэслэл байгаагүй тул иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 1.655 /амрахаас өмнө нэлээн шахсан/ хэрэгтэй байгаа зэрэг бодит ачааллаас шалтгаалж хуульд заасан 60 /45+15/ хоногийн хугацаанд тухайн хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан болно. Энэ хэргийн оролцогч, төлбөр төлөгч, төлбөр авагч, шийдвэр гүйцэтгэгч гээд аль ч оролцогчийг огт танихгүй, ямар нэгэн хувийн сонирхол огт байхгүй. Миний бие эс үйлдэхүй гаргаж эсхүл санаатайгаар хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхгүй дарсан зүйл огт байхгүй болно.

Хялбар ажиллагааны шүүх гэхээр бүх хэрэг амархан жижигхэн биш, үнийн дүн бага ч адилхан маргаантай, ээдрээтэй хэргүүд ч олон байна. Үнийн дүн бага болохоор ээдрээ төвөг багатай гэсэн ойлголт нийтийн дунд түгээмэл байгаа ч бодит байдал дээр дүүргийн шүүхэд гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг гэм хорын маргааныг үнийн дүн бага гэдэг утгаар манай шүүхэд дангаар хянан шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн маргаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн маргаан, зарим гэрээний маргаан ч мөн ээдрээ төвөгтэй, бодох тооцоолол ихтэй, шинжээч томилох, хариуцагч солих зэрэг ажиллагааг хийх, гуравдагч этгээд оролцуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна.

Энгийн шүүхэд /дүүргийн иргэний хэргийн/ ажиллаж байгаа шүүгчийн авч байгаа ачаалал /дундаж 465,5/-аас 3-4 дахин илүү, хамгийн бага ачаалалтай байгаа Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн авч байгаа ачаалал /104,3/-aac 14,4 дахин илүү ачаалалтай ажиллаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны бүтэн жилийн шүүн таслах ажлын нэгдсэн дүн мэдээнээс харах боломжтой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан хэргийн хөдөлгөөний мэдээнээс харахад 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Иргэний шүүхийн нийт хүлээн авсан 16.473 нэхэмжлэлийн 7.485 буюу 45,4 хувийг дүүргийн анхан шатны шүүх, тэр дотроо 5.928 нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх авсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон нэг шүүгчийн бүтэн жилд авах зохист ачаалал /336/-ыг 296,7 хувь нэмэгдүүлсэн ачааллыг нэг өдөрт буюу томилогдсон өдрөө авсан. Нэг өдөрт 975 хэрэг, 22 нэхэмжлэлийг авахад сэтгэл санаа, бие физиологийн хувьд ч хүндхэн ачаа байсан хэдий ч нэг ч өдөр ажлаа тасалж, нэг ч өдөр хувийн шалтгаанаар чөлөө авч байгаагүй болно.

Хуулийн дагуу зохист ачааллыг аваад ажлаа зохих ёсоор хийх нөхцөл, боломжоор хангагдаж чадахгүй, цалингаас өөр орлогогүй, гэр орон үр хүүхдэдээ зарцуулах цаг завгүй, хөдөлмөрлөх эрх нь дэлхийн аль ч улсад байхгүй дорд үзэгдэн зөрчигдөж ажиллаж байгаа ч нэг удаа боловч шантраагүй.

Миний бие Хөдөлмөрийн тухай хуульд зааж, тогтоож өгсөн ажлын цагаас байнга илүү цагаар ажиллаж, хүний ажиллах боломжоос давсан, мөн хүний бие физиологийн үйл ажиллагааг сарниулах, энгийн хүний өдөрт 8 цаг, ажлын 5 өдөрт 40 цаг ажиллахаас илүү цагаар, хүний боломжоос хэтэрсэн ажлын болон сэтгэл зүй, биеийн маш их ачаалалтай байнга ажиллаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа нийт 1.655 хэргийн шүүх хуралдааныг хийхэд тодорхой хугацаа орж байгааг, ийм олон хэргийг нэг дор шүүх хуралдааныг товлоод хуулийн хугацаанд бүх хэргээ шийдвэрлэх ямар ч боломж байхгүй байгааг харгалзан үзэхийг хүсье.

Иймд миний бие Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэсэн заалтыг зөрчөөгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Өргөдөл гаргагч Б.О-ээс “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.3 дахь хэсэгт заасан хугацаанд хэргийг шийдвэрлээгүй, мөн үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэн өнөөдрийг хүртэл шүүх хуралдааныг товлохгүй байгаагаас гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна” гэх агуулгаар шүүгч Ц.Өнөржаргалыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-3 тал/

 

1. Үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн гэх тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.1 дэх заалтад “шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол” нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг бөгөөд мөн хуулийн 753 дугаар зүйлийн 753.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, бүртгэн, “Иргэн-2014” нэгдсэн системээс санамсаргүй тохиолдлоор шүүгчид хуваарилдаг. Тухайн нэхэмжлэлд мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан байхыг хуулиар тогтоосон бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нь мөн хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий эсэхийг хянаад бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бол 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэхээр хуульчилсан.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл иргэний хэрэг үүсгэх эсэх нь тухайн шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар Шүүхийн сахилгын хороо хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах эрх хэмжээгүй болно.

Мөн нэхэмжлэгч Г.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө”, 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”, 62 дугаар зүйлийн “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно” гэж зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан эсэх, нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой тул уг үндэслэлээр шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг буруутгахгүй.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй гэх тухайд:

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 752 дугаар зүйлийн 752.3 дахь хэсэгт “Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 ...хоногийн дотор ...шийдвэрлэнэ”, 752.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 752.3-т заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Ц.Өнөржаргал нь нэхэмжлэгч Г.Н-ны 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШЗ2026/...2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх ба илтгэгч гишүүн саналын “үндэслэх нь” хэсэгтээ шүүгч Ц.Өнөржаргалын явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай дэлгэрэнгүй тусгасан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 90-170, 2 дугаар хавтасны 19-32 тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 59 хоногийг тоолбол 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дууссан.

Гэвч холбогдох шүүгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ..2 дугаар зарлигаар  шүүгчийн албан тушаалд томилогдож, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ../А дугаар тогтоолоор 975 иргэний хэрэг, 12 нэхэмжлэлийг хүлээн авсан, Г.Н-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2026/3009/ЭХ/ЗТ/....8 дугаар тогтоолоор 2026 оны 3 дугаар сарын 16-30-ны өдрийг хүртэл ажлын 10 хоног Монгол Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт судалгаа, мэдээллийн академийн сургалтад хамрагдсан, тус шүүхийн Тамгын даргын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дүгээр тушаалаар шүүгч Ц.Өнөржаргал нь 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ээлжийн амралттай байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 35-69, 79-89, 173, 177-186, 2 дугаар хавтасны 16 тал/

Түүнчлэн шүүгчийн ажлын ачаалалтай холбогдуулан илтгэгч гишүүний бүрдүүлсэн баримтуудаас үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Монгол Улсын шүүхийн 2025 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ”-гээр “тус шүүх 2025 онд 28.611 иргэний хэргийг шийдвэрлэсэн, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 69,2 шүүгч ажилласан бөгөөд нэг шүүгчид дунджаар 465,5 иргэний хэрэг ногдож, иргэний танхимд тайлант хугацаанд ...нэг шүүгчид дунджаар иргэний 1.505,8 хэрэг ногдож байна”, нийтэд илэрхий байршуулагдсан тус зөвлөлийн “Дүүргүүдийн анхан шатны шүүхүүдийн 2025 оны 11 дүгээр сарын нэгдсэн тайлан мэдээнд “...хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 5.928 нэхэмжлэл хүлээн авсан, ...иргэний хэргийн шүүхүүд нийт 16.673 нэхэмжлэл хүлээн авсан...” гэх, 2026 оны 5 дугаар сарын нэгдсэн тайлан мэдээнд “...хялбар ажиллагааны шүүх 5.645 нэхэмжлэл, ...иргэний хэргийн шүүхүүд нийт 15.656 нэхэмжлэл хүлээн авсан...” гэх мэдээнүүд гарч байжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 209-210, 213-214 тал/

Тус шүүхийн Тамгын газраас “...Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 122 дугаар тогтоолоор нэг шүүгчид ногдох зохист ачаалал 336 хэрэг гэж тогтоосон. Гэтэл бодит байдалд нэг шүүгчид 1.430 хэрэг ногдсон нь норматив хэмжээнээс 4,2 дахин их,... шүүгчийн ажлын бодит ачаалал нь норматив нормоос 4 дахин их түвшинд хүрсэн” гэх судалгаа гарч, тус шүүхийн шүүгчдийн 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зөвлөгөөнөөр 2026 оны эхний хагас жилийн зохист ачааллын мэдээг хэлэлцэн, 2026/3009/ЭХ/ЗТ/...1 дүгээр тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 166 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүгчийн ажлын бодит ачааллыг тооцох аргачлал”-д өөрчлөлт оруулах, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчийн орон тоо нэмэгдүүлэх саналуудыг уламжлахаар шийдвэрлэж байсан байна. Уг зөвлөгөөний тогтоолын хавсралтаас үзэхэд холбогдох шүүгч нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 582 хэргийг тусгайлсан журмаар шийдвэрлэж, 111 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 199-203, 215-222 тал/

Мөн сахилгын хэрэгт авагдсан шүүгч Ц.Өнөржаргалын 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх хэргийн тоон мэдээгээр 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 975 хэрэг хүлээн авсан бол судалгааг гаргах өдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 1.655 хэрэгтэй, 733 хэрэг шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 212 тал/

Иймд сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар шүүгч нь хэт ачаалалтай ажиллаж байгаагаас хуульд заасан хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулах боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзээд илтгэгч гишүүний "...шүүгч ажилдаа хариуцлагагүй хандаж хэргийг шалтгаангүйгээр орхисон, залхуурсан эсвэл санаатайгаар цаг хугацаа сунгасан тохиолдолд сахилгын хариуцлага хүлээх ба харин хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь өөрөөс нь шалтгаалаагүй, харин бодит нөхцөл байдалд /объектив/ хүчин зүйлээс буюу хэт их ачааллаас шалтгаалсан бол үүнийг шүүгчийн буруутай үйлдэл гэж үзэхгүй. Дээр дурдсанаар Ц.Өнөржаргал нь ...шүүгчийн зохист ачааллаас хэд дахин давагдсан, нэг шүүгч биечлэн богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй ⁠хэт өндөр ачаалал мөн болохыг илтгэнэ. Иймд сахилгын хэрэг шалгах ажиллагаагаар холбогдох шүүгч нь ажлын хэтийдсэн ачааллын улмаас хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй нь тогтоогдсон бөгөөд харин санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж үзсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн, хүлээн авах нь зүйтэй.

Мөн илтгэгч гишүүний зүгээс “...хийгдэж буй ажиллагааны талаар талуудад шүүгчийн туслахаар дамжуулан тухай бүр зөв, нээлттэй мэдээлэл өгч иргэдийг чирэгдүүлэхгүй байхад анхаарах. Дээрх шалтгаанаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь дараа дараагийн өөр бусад хэргийн хугацааг хэтрүүлж болно гэх ойлголт биш тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, шүүгчийн нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг сануулах...” гэж холбогдох шүүгчид анхааруулсныг магадлалд тухайлан тэмдэглэж, цаашид шүүгч Ц.Өнөржаргал нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг баримталж ажиллахад анхаарахыг сануулж байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Ц.Өнөржаргал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг холбогдох шүүгч санаатайгаар зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, холбогдох шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 6 дугаар сарын 26-ны  өдрийн ГС/2026/...2 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Өнөржаргалд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                      Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

                                    ГИШҮҮД                                          Х.ХАШБААТАР,

                                                                                                С.ЭНХТӨР