info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-07-06

Дугаар 98

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д-ыг байлцуулж, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Н.Ч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа, Т.Бадрах нарт холбогдуулан гаргасан өргөдөлд илтгэгч гишүүний 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ГЗТ/2026/...0 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Тухайн захирамжийг өргөдөл гаргагч эс зөвшөөрч гомдол гаргасныг 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцэн, СХТ/2026/...0 дугаар тогтоолоор гомдлыг хангаж, холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ГС/2026/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн саналдаа: “...тус хорооны 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн СХТ/2026/...0 дугаар “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай” тогтоолоор сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэсэн.

Тогтоолд “...Өргөдөлд дурдсанаар, нэхэмжлэгч аль байрыг худалдан авах болсон, өөр байр хөлсөлсөн эсэх, ...17 тоотод амьдарч байсан эсэх, тухайн байрны өмчлөл бусдад шилжсэн эсэх, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмаар улсын бүртгэлд өмчлөгч гэж бүртгэгдсэн этгээдийн эрхийг хэрхсэн гэх асуудлыг шалгах шаардлагатай. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан, гэтэл шүүх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг маргааны хүрээнд хамааралгүй гэж үзсэн байгаа нь хуульд нийцэх эсэхийг шалган дүгнэх нь өргөдлийн дээрх хэсгийг тодруулахад ч ач холбогдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ...5 дугаар тогтоол авагдсан боловч уг тогтоол хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, үүнээс хойших хугацаанд прокурорын 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн ..05 дугаар тогтоолоор П.А-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна” гэж дүгнэсэн байх боловч тэмдэглэлд, илтгэгч шүүгч “шийтгэх тогтоол хүчингүй болсны дараа хэргийг прокурорт буцаасан бөгөөд прокурорын тогтоолоор ....эрүүгийн хэргийг өршөөлд хамруулж хэрэгсэхгүй болгосон...” гэж асуулт асуухдаа тайлбарласан нь зөрүүтэй, өөрөөр хэлбэл энэ нөхцөл байдлыг тогтоосон баримт хэрэгт байгаа эсэхийг шалгаж, дүгнэх шаардлагатай байна.

2. Түүнчлэн өргөдөл болон гомдолд “...Л.А-ийн нөхөр асан н.Б-тай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах нь ураг садны холбоотой тухай яриаг Л.А гуай надад хэлж байсан... Т.Бадрах нь нэхэмжлэгчид өөрийн хамаарал бүхий гэдгээ нотлох мэт үндэслэлгүйгээр албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан... Өнөөдөр шүүгч өөрт олдсон давуу байдлаа ашиглаж хамаатан садан, танилаа орон сууцтай болгож өгч байна...” гэж дурдсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно” гэж зааснаар хэргийн оролцогч нь шүүгчтэй хамаарал бүхий этгээд мөн эсэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас лавлагаа, баримт гаргуулах зэргээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй атал “...үндэслэлээ дэмжихүйц аливаа баримт ирүүлээгүй байх тул сахилгын хэргийн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй...” гэж дүгнэн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсаныг учир дутагдалтай гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд, өргөдөл гаргагч өргөдөлд дурдсан үйл баримтыг нотлох үүрэг хүлээгээгүй тул дээрх нөхцөл байдлыг эрх бүхий, тухайлбал, Авлигатай тэмцэх газар, Үндэсний төв архив зэрэг байгууллагаас тодруулан шалгах шаардлагатай гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр, гишүүний Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа, Ж.Лхагвасүрэн нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэв” гэжээ. /с.х-ийн хавтас 1, 190-194 дэх талд/

Шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн тухайд:

Нэхэмжлэгч Л.А-аас Н.Ч-д холбогдуулан гаргасан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасанд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/...1 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд “...17 тоот орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан тул энэ байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаад явж байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор маргаан бүхий орон сууцыг хураан авсан. Иймд ...хуульд зааснаар хураан авах, үнэлгээ тогтоох, дуудлага худалдаанд оруулах болон уг байртай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.

Хүсэлтэд дурдагдсан 1...2 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолд хураасан эд хөрөнгийг “Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо /одоо 30 дугаар хороо/ ...17 тоот, 1 өрөө, төлбөр төлөгч Н.Ч, шийдвэр гүйцэтгэгч Б.А” гэсэн байна.

Хариуцагч Н.Ч-аас 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “иргэн Л.А тус байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэтэл тус байрыг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ...4 тоот тогтоолоор албадан дуудлага худалдаанд оруулж худалдсан байна. Энэхүү хууль бус үйлдэл нь нэхэмжлэгч болон хариуцагчийн маргааны зүйл болох хөрөнгийг худалдаж, бусдад шилжүүлэх үйл ажиллагаа юм. Гэтэл дуудлага худалдааны талаар нэхэмжлэгч Л.А болон хариуцагч нарт огт мэдэгдээгүй. Иймд ...5 баримт бичгийг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэгт шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/...7 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, төлбөр төлөгч Н.Ч-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр авагч “Д” ХХК-д олгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ...5 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай”, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ...4 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол авагдсан байна.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж тус шүүхийн шүүгч Г.Т-ын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2024/...1 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ч-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны ...5 дугаар шийдвэр, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ч-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар 11-ний өдрийн 183/ШШ2022/...6 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ...0 дүгээр магадлалын дагуу явагдаж байгаа гүйцэтгэх ажиллагааг Л.А-ийн нэхэмжлэлтэй, Н.Ч-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаа түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2024/...2 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар “Л.А-ийн нэхэмжлэлтэй, Н.Ч-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “А” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсугай” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Ч-аас шүүхэд гаргасан 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийг мөн өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгчийн 183/ШЗ2024/...5 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хэргийг хэлэлцэн, 183/ШШ2024/...4 дүгээр шүүхийн шийдвэрээр “тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.А-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Л.А-д холбогдох тоот орон байрыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Н.Ч-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ. /с.х-ийн хавтас 2, 39-45 дахь тал/

Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, хариуцагч талын гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2024/0...0 дүгээр магадлалаар тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. /с.х-ийн хавтас 2, 57-60 дахь тал/

Н.Ч 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШЗ2025/...5 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар “Ц.Д-ыг гэрчээр оролцуулах, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөх” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж,

  • шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1...4 дүгээр захирамжаар “захирамжийн биелэлтийг хангуулахаар” шүүх хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж,
  • шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1...6 дугаар захирамжаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж,
  • шүүгчийн 2025 оны 5 дүгээр сарын 12-ны өдрийн 2...8 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар “И” ХХК-ийг татан оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж,
  • шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2...0 дугаар захирамжаар захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж,
  • шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2...2 дугаар захирамжаар хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна.

Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ...4 дүгээр шийдвэрээр “хариуцагч Н.Ч-д холбогдох ...дүүргийн ...хороо 30 айлын орон сууцны ...16 тоот, 1 өрөө захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр хэлцэл бус байхыг тооцуулж, ...18 тоот, 50 м.кв, 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хариуцагч Н.Ч-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ. /с.х-ийн хавтас 3, 50-57 дахь тал/

Тус шийдвэрт “Л.А шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байх тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцагч Н.Ч-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. ...хариуцагч Н.Ч нь “И” ХХК, Л.А нарын хооронд хийсэн ...16 тоот, 1 өрөө захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр хэлцэл бус байхыг тооцуулахаар шаардаж байх бөгөөд “И” ХХК-ийг төлөөлж шаардах эрхтэй болохоо шүүхийн өмнө нотлоогүй ба шаардах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж өөрчлөхдөө ...18 тоот, 50м.кв, 1 өрөө байрыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр сөрөг шаардлагыг техникийн алдаа гэж дүгнэж, эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй юм. Иймд хариуцагчийн 18 тоот орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдоогүй, түүнчлэн уг нэхэмжлэгч Л.А хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа нь нотлогдохгүй байх тул 18 тоотоос албадан чөлөөлүүлэх хариуцагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.

Анхан шатны шүүхийн тус ...4 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг шийдвэрлэх бүрэлдэхүүнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа, Т.Бадрах нар томилогдсоныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21/ЕШ2025/...2 дугаар захирамжаар албажуулсны дагуу 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 210/МА2025/...1 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.  /с.х-ийн хавтас 3, 68-73 дахь тал/

Магадлалд “...шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 100.1, 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...17 тоот хаягт байрших 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Л.А-г тогтоож, ...17 тоот хаягт байрших 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Н.Ч-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “И” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэх заалт нэмж,

2 дахь заалтыг “3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөг, хариуцагчийн төлсөн 420.150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 357.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос 349.950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын дугаарлалтыг 4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ “...2010 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр "И" ХХК нь ...16 тоот 1 өрөө орон сууцыг худалдахаар Л.А нь орон сууцны үнэд 38.400.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу "И" ХХК нь Л.А-д ...17 тоот, 1 өрөө орон сууцыг 2010 онд хүлээлгэн өгсөн ба одоог хүртэл уг орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж байгаа болно.

Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 25.000.000 төгрөгийг "И" ХХК-ийн менежер П.А-д хүлээлгэн өгсөн.

Харин Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ..05 дугаар тогтоолоор П.А-ын "И" ХХК-ийн менежерээр 2009-2010 онд ажиллах хугацаандаа орон сууц захиалгын гэрээний дагуу 23 иргэний тушаасан 111.010.000 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн үйлдлийг өршөөлд хамааруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ...5 дугаар шийтгэх тогтоол авагдсан боловч уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, үүнээс хойших хугацаанд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ..05 дугаар тогтоолоор П.А-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон болно. Үүнийг анхан шатны шүүх анхааралгүй шийтгэх тогтоолыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.

Мөн "И" ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч нь Ц.Д-д 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 14.450.000 төгрөгийг төлжээ.

Ц.Д нь нэхэмжлэгчийн 2010 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “И" ХХК-тай байгуулсан орон сууц худалдан авах гэрээнд тус компанийн ерөнхий менежер гэж дурдагдсан болно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ...5 дугаар шийдвэрийн дагуу маргааны зүйл болж буй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

...17 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Ч улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Нэхэмжлэгч нь бусдаас худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн зөрчилтэй байдалтай холбоотойгоор Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн хүрээнд хариуцагч Н.Ч-ын эсрэг нэхэмжлэл гаргасан байна. Иймээс энэхүү маргаан үүсэхээс өмнө нэхэмжлэгчид үүргийн болон өмчийн хэлцлийн хүрээнд өмчлөх эрх үүссэн эсэхэд шүүх дүгнэлт өгнө.

Нэхэмжлэгчийн 2010 оны 6 дугаар сарын 01-ний өдөр "И" ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах. худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

Хариуцагчийн зүгээс "И" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсны хувьд дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч энэ нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин хариуцагчийн энэ талаарх сөрөг нэхэмжлэл нь бие даасан шаардлага бус, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн мэтгэлцээний байр суурьт хамаарах асуудал тул үүнийг сөрөг нэхэмжлэлд хамааруулан шийдвэрлэсэн нь буруу бөгөөд уг алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой орон сууцны үнэ болох 38.400.000 төгрөгийг нэхэмжлэгч нь П.А, Ц.Д нарт төлөх замаар бүрэн төлжээ.

Учир нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг тухайн хуулийн этгээдийн ажилтан, төлөөлөх эрх бүхий гэж ойлгогдож болохуйц этгээдүүдэд төлсөн байна.

Мөн "И" ХХК-ийн зүгээс гэрээний төлбөр төлөөгүй үндэслэлээр орон сууц худалдах. худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны эзэмшлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.

“И” ХХК нь нэхэмжлэгчтэй 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нь бие даасан үүргийн эрх зүйн шинжийг агуулаагүй, харин худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах зорилготой байжээ.

Энэ нь нэхэмжлэгчээс худалдах худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлсөн 2014 оноос хойших хугацаанд орон сууц хөлслөх гэрээний үүргийн талаар "И" ХХК-ийн зүгээс аливаа шаардлага гаргаагүй байдлаар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахтай холбоотой үүргийн хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, өмчийн хэлцлийн хүрээнд орон сууцыг эзэмшилдээ авсан байна.

...Хариуцагч Н.Ч нь "И" ХХК-ийн нэхэмжлэгчид худалдсан орон сууцыг эзэмшилдээ авах давуу эрхтэй. мөн нэхэмжлэгчид өмчлөл үүсэхээс өмнө үүргийн болон өмчийн эрх зүйн хүрээнд өмчлөх эрхтэй байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байна.

Нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн нөхцөл байдал одоо ч үргэлжилж буй тул энэ шаардлагад хамаарах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй.

Харин ...17 тоотод байрших 1 өрөө орон сууцад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй нь энэ хэргийн маргааны хүрээнд хамаарахгүй тул дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй...” гэж магадлалын үндэслэлээ тайлбарласан байна.

Тус магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Н.Ч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2026/...0 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор “Л.А-ийн нэхэмжлэлтэй, Н.Ч-д холбогдох, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/...4 дүгээр шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 247-ны өдрийн 210/МА2025/...1 дүгээр магадлалтай гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байна” гэж дурдаж, хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /с.х-ийн хавтас 3, 82-83 дахь тал/

Ийнхүү маргаан бүхий иргэний хэргийг хуульд заасан үндэслэлээр шат шатны шүүх нь хянасан үйл баримт тогтоогдоно.

Индексийн 183/2024/...4/и дугаартай Л.А-ийн нэхэмжлэлтэй Н.Ч-д холбогдох иргэний хэрэгт “И” ХХК-ны захирал Н.Ч гэх нэрээр баталсан, А тал буюу гүйцэтгэгч нь “И” ХХК, “Б” тал буюу захиалагч нь Л.А нарын хооронд байгуулагдсан, гэрээний зүйл нь “...дүүргийн ...хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ...30 айлын орон сууцны ...16 тоот, 1 өрөө” гэх “орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ” /с.х-ийн хавтас 2, 65-68 дахь тал/ болон 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “И” ХХК болон Л.А нарын хооронд байгуулагдсан “...17 тоот, 1 өрөө орон сууцыг 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 12 сарын хугацаагаар хөлслөх гэрээ /с.х-ийн хавтас 2, 14-15 дахь тал/ авагдсан.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2...2 дугаарт бүртгэгдсэн ...17 тоот хаягт орших орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Н.Ч, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ц.Д, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Н.Ч, Ц.Д нарын дундын өмчлөлд, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.Ч-ын өмчлөлд бүртгэгдсэн талаарх баримт авагджээ.

Тус иргэний хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхэд гаргасан тайлбар, гэрээ зэрэг баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Л.А маргаан бүхий орон сууц болох ...17 тоот хаягт 2010 оноос эхлэн амьдарч байгаа талаар талуудын хэн аль нь үгүйсгээгүй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ...5 дугаар шийтгэх тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ...6 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол иргэний хэрэгт авагдсан байх ба давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар “Харин Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ..05 дугаар тогтоолоор П.А-ын "И" ХХК-ийн менежерээр 2009-2010 онд ажиллах хугацаандаа орон сууц захиалгын гэрээний дагуу 23 иргэний тушаасан 111.010.000 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн үйлдлийг өршөөлд хамааруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ..5 дугаар шийтгэх тогтоол авагдсан боловч уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, үүнээс хойших хугацаанд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ..05 дугаар тогтоолоор П.А-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон болно. Үүнийг анхан шатны шүүх анхааралгүй шийтгэх тогтоолыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй” гэж дүгнэжээ.

Шүүх ийнхүү хэрэгт авагдсан баримтыг үнэлж, шийдвэр гаргасан байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасанд хамаарна.

Өөрөөр хэлбэл шүүгч хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг, энэ нь гагцхүү шүүгчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон онцгой бүрэн юм.

Тодруулбал, магадлалын үндэслэх хэсгийн хувьд, ямар үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн,  хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлэх зэрэг нь Үндсэн хуулиар бэхжигдсэн шүүгч хараат бусаар хэрэг, маргааныг шийдвэрлэх зарчмын илэрхийлэл болох шүүгчийн дотоод итгэл үнэмшил, материаллаг хуулийн хэрэглээтэй холбогдуулж Шүүхийн сахилгын хороо шалгах дүгнэх эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдлын үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянах бөгөөд мөн зүйлд зааснаар “давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй буюу үндэслэлгүй бол түүнийг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”, “анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах”, “анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх”, “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох”, “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” эрхийг эдлэхээр байна.

Иймд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг холбогдох хуульд заасны дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж, “анхан шатны шүүхийн 192/ШШ2025/...4 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж” 210/МА2025/...1 дугаар магадлалаар шийдвэрлэсэн байна.

Шүүх бүрэлдэхүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж магадлал гаргасан үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байсан эсэхийг хэргийн оролцогчийн гаргасан гомдлын дагуу гагцхүү дээд шатны шүүх нь буюу давж заалдах шатны шүүх хянадаг бөгөөд сахилгын хэрэгт авагдсан баримтаар давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянасан, шийдвэрийг хянаж гаргасан магадлалыг эс зөвшөөрч гаргасан хяналын гомдлыг хяналтын шатны шүүх буюу Монгол Улсын дээд шүүх хянасан үйл баримт тогтоогдож бай бөгөөд шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг магадлал гаргасан үйл баримтыг хууль зөрчсөн, шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн “хянавал” хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заасан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүх “хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн” гэх үндэслэлтэй бол хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр хуульчилсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд шүүгч, шүүх бүрэлдэхүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийг тайлбарлан, хэрэглэхдээ буруу хэрэглэсэн эсэхийг гагцхүү дээд шатны шүүх нь залруулдаг.

Шүүхийн сахилгын хороо Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэрлэн заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчсөн эсэхэд шалгах ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлэхдээ шүүхийн хараат бусаар хэрэг маргааныг шийдвэрлэх бүрэн эрхэд халдахгүй байж, тэрхүү тэнцвэрийг хадгалж ажилладаг бөгөөд шүүхээр хянан хэлэлцэж буй аливаа хэрэг маргааны үйл баримтыг шинжлэн судалж, хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүний гаргасан аливаа шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй.

Өргөдөл гаргагч Н.Ч өргөдөлдөө “Л.А-ийн нөхөр асан н.Б-тай Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах нь ураг садны холбоотой тухай яриаг Л.А гуай надад хэлж байсан” гэж, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д “Гомдол шийдвэрлэх хуралдаан”-д гаргасан тайлбартаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан н.Б байр авах гээд Н.Ч-ыг дагуулаад Л.А гуайн гэрт ороход “манай дүү Нийслэлийн шүүхэд байдаг гэсэн” гэж дурдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно.

Хэрэв шүүгч уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садны холбоотой хүмүүс орсон байвал хэргийг хэлэлцэхээс татгалзан гарах үүрэгтэй байна.

Мөн хуулийн 92.2-т зааснаар “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж шүүгч татгалзах, шүүгчээс татгалзах үндэслэлийг хуульчилсан байна.

Тус хэрэгт авагдсан баримтаас үзвэл хуульд заасан дээрх үндэслэлээр шүүгчээс татгалзсан, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргаагүй байна.

Энэ талаар холбогдох шүүгч Т.Бадрахаас ирүүлсэн хариу тайлбарт “Миний хувьд нэхэмжлэгч болон хариуцагч талын хэн алиныг таньж мэдэхгүй, садан төрлийн холбоо байхгүй., ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.1.2-т зааснаар шүүгч өөрөө уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүргийг хүлээдэг.

Энэ үүргийн хүрээнд хэргийн болон шүүх хуралдааны оролцогчтой гэр бүл, төрөл, садан гэх үндэслэл байхгүй байсан тул миний бие хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчтэй садан төрлийн холбоотой гэх асуудлын хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд шүүгчтэй садан төрлийн холбоотой гэх яриа бодитоор болсон эсэх. түүнчлэн нэхэмжлэгч, түүний нөхөр нь шүүгчтэй төрөл садны холбоотой эсэхийг нэхэмжлэгчээс асууж тодруулна уу” гэж,

Холбогдох шүүгч Ж.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу тайлбарт: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал; мөн зүйлийн 91.1.3-т хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй, татгалзан гарах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийг хянан хэлэлцэх явцад илтгэгч шүүгч Т.Бадрах нь хэргийн оролцогчтой төрөл садангийн холбоотой гэх нөхцөл байдал илрээгүй болно” гэх,

Холбогдох шүүгч Т.Гандиймаагаас ирүүлсэн хариу тайлбартаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл байвал шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй, мөн хэргийн оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй. Энэ хүрээнд тухайн үед дээрх үндэслэл байгаа эсэх талаар ямар нэг мэдээлэл яригдаагүй” гэх тайлбарыг тус тус гаргасан.

Иргэний хэргийн нэхэмжлэгч иргэн Л.А-аас гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Ёстой шүүхэд таньдаг хүн байхгүй. Манай өвгөн өнгөрөөд 8 жил болж байна. 2018 онд нас барсан. Бид 2-т танил тал байхгүй. ...аймгийн ...суманд насаараа жоншны үйлдвэрт ажиллаж байгаад группт орсон. Тэгээд Улаанбаатарт орж ирсэн.  Цагдаа, шүүхэд ямар ч танил огт байхгүй. Би сумынхаа сургуульд 37 жил багшлаад тэтгэвэр гарсан. Түүхийн багш, пионерын удирдагч хийж байсан. Би шүүгч нарыг анх хуралд орохдоо л харж байсан. Нэрийг нь ч мэдэхгүй. Олон ч хуралд орсон. Би худлаа хэлж, хулгай хийхгүй, өргүй бол баян гэж бодож явдаг. Хуулийн улсуудад таних хүн байхгүй. Ерөөсөө таньдаг хүн байхгүй байхад би Н.Ч-д юу гэж тэгж хэлэх вэ. Худлаа хэлсэн байна” гэж мэдүүлсэн.

Дээрхийг нэгтгэвэл, бүрэлдэхүүний шүүгч Т.Бадрах нь хэргийн оролцогчтой садан, төрөл гэх харилцаа холбоо тогтоогдоогүй тул шүүгч татгалзан гарах үүргээ хэрэгжүүлээгүй гэж улмаар хэргийн нэг талд давуу байдал олгосон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан байх бөгөөд мөн хуульд нэрлэн заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчлийг сахилгын зөрчил гэж үзэх бөгөөд өргөдөлд дурдагдаж буй иргэний хэргийг шийдвэрлэхдээ холбогдох шүүгч нар сахилгын зөрчил гаргасан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй.

Дээрхийг нэгтгэвэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа, Т.Бадрах нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

 

Холбогдох шүүгч Ж.Лхагвасүрэн хариу тайлбартаа: “Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн СХТ/2026/...0 дугаар тогтоолыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана" гэж заасан.

Миний бие хуулийн энэ заалтыг баримтлан, эрх зүйн этгээдийн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой шүүн таслах ажиллагаагаа нэр төртэй, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийг хичээн ажиллаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/...4 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Л.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ч-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/...1 дүгээр магадлалаар хянан шийдвэрлэсэн.

Ийнхүү давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, магадлал гаргасан байна.

Хэрэг, маргааны хувьд нэхэмжлэгч Л.А нь гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр ...17 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Ч нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь “И” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, харин орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэх агуулгаар тайлбар гарган маргаж, орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан үндсэн нэхэмжлэлд холбогдох баримтуудыг үнэлэлгүй орхигдуулсан, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн, маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарласан зэрэг алдааг залруулж, хэргийн үйл баримтын хүрээнд нэмж дүгнэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...17 тоот хаягт байрших 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Л.А-г тогтоож, нэхэмжлэгч Л.А-д холбогдох ...17 тоот хаягт байрших 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Н.Ч-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садны холбоотой хүмүүс орсон байвал; мөн зүйлийн 91.1.3-т хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй, татгалзан гарах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийг хянан хэлэлцэх явцад илтгэгч шүүгч Т.Бадрах нь хэргийн оролцогчтой төрөл садны холбоотой гэх нөхцөл байдал илрээгүй болно.

Иймд миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зүй бус үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Холбогдох шүүгч Т.Гандиймаа хариу тайлбартаа: “Тус хорооны 2026 оны СХТ/2026/...0 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, тайлбар гаргаж байна

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/...4 дүгээр шийдвэртэй Л.А-ийн нэхэмжлэлтэй, Н.Ч-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/...1 дүгээр магадлалаар хянан шийдвэрлэжээ.

1.1. Дээрх хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлээгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ алдаатай эрх зүйн дүгнэлт хийсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн.

Тухайн магадлалд хариуцагч Н.Ч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2 дахь хэсэгт заасны дагуу магадлал хүчин төгөлдөр болсон.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2 дахь заалтад заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл байвал шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй, мөн хэргийн оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй. Энэ хүрээнд тухайн үед дээрх үндэслэл байгаа эсэх талаар ямар нэг мэдээлэл яригдаагүй.

  Иймд миний бие дээрх хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Холбогдох шүүгч Т.Бадрах хариу тайлбартаа: “...1.Миний хувьд нэхэмжлэгч болон хариуцагч талын хэн алиныг таньж мэдэхгүй, садан төрлийн холбоо байхгүй. Гомдолд дурдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд шүүгчтэй садан төрлийн холбоотой гэх яриа бодитоор болсон эсэх, түүнчлэн нэхэмжлэгч, түүний нөхөр нь шүүгчтэй төрөл садны холбоотой эсэхийг нэхэмжлэгчээс асууж тодруулна уу.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.1.2-т зааснаар шүүгч өөрөө уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүргийг хүлээдэг.

Энэ үүргийн хүрээнд хэргийн болон шүүх хуралдааны оролцогчтой гэр бүл, төрөл, садан гэх үндэслэл байхгүй байсан тул миний бие хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Миний бие давж заалдах шатны журмаар 800 орчим хэрэг илтгэж, 2.000 орчим шүүх  хуралдаан  даргалж,   шүүх  бүрэлдэхүүнд  хэргийг  хянан   шийдвэрлэхдээ шүүгчийн тангаргаас няцаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй билээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын буюу мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдаж, үүний дагуу нотлох үүргийн хуваарилалт хэргийн оролцогчдод ногддог.

Гомдолд дурдсан нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон, орон сууц захиалгаар бариулах болон орой сууц хөлслөх гэрээ, П.А-тай холбоотой эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, орон сууц Н.Ч-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудалд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/...1 дүгээр магадлалаар хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу харьцуулан үнэлж, зохигчдын тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндэслэн хамтын зарчмаар эрх зүйн дүгнэлт хийсэн.

Магадлалд холбогдуулан хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул дээрх магадлал хүчин төгөлдөр болсон.

4. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлт, тогтоосон үйл баримт нь сахилгын зөрчилд бус, шүүхийн хэрэг маргаан шийдвэрлэх, нотлох баримт үнэлэх үндсэн чиг үүрэгт хамаарна.

Иймд гомдолд дурдсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Холбогдох шүүгч Т.Бадрах нэмэлт тайлбартаа: “Иргэн Н.Ч-ын гаргасан нэмэлт тайлбаруудтай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Гомдолд дурдсан нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон орон сууц захиалгаар бариулах болон орон сууц хөлслөх гэрээ П.А-тай холбоотой эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нотлох баримтын хуваарилалт, үнэлгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой талаарх урьд өгсөн хариу тайлбараа дэмжиж байна.

2. Нэхэмжлэгчтэй садан төрлийн холбоотой гэх асуудлын хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд шүүгчтэй садан төрлийн холбоотой гэх яриа бодитоор болсон эсэх, түүнчлэн нэхэмжлэгч, түүний нөхөр нь шүүгчтэй төрөл садангийн холбоотой эсэхийг нэхэмжлэгчээс асууж тодруулна уу гэж мөн холбогдох тайлбарыг өгсөн байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.1.2-т заасны дагуу хэргийн болон шүүх хуралдааны оролцогчтой гэр бүл төрөл садан гэх үндэслэл байхгүй байсан тул миний бие хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Өргөдөл гаргагч Н.Ч “...шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтыг зөрчиж иргэний хэргийн нэхэмжлэлд огт дурдаагүй “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г маргааны утга болгож нэхэмжлэлийн хүрээнд бус, дур зоргоороо аашилж шүүгчийн ёс зүйгээ умартан... миний хууль ёсны өмчлөх ...эрхэд халдсан... шүүхийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өмнө нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, ....тогтоогдсон хууль ёсны нотлох баримтуудыг эрүүгийн шүүх, прокурор хянасан шийдвэрийг иргэний хэргийн маргаанд дахин хянасан нь нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй...; ...Л.А-ийн нөхөр асан н.Б-тай шүүгч Т.Бадрах нь ураг садны холбоотой тухай яриаг Л.А гуай надад хэлж байсан... анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгч Т.Бадрах нь нэхэмжлэгчид өөрийн хамаарал бүхий гэдгээ нотлох мэт үндэслэлгүйгээр албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан...” гэх утга агуулга бүхий өргөдөл гаргаж, холбоотой гэж үзсэн баримтуудаа ирүүлжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-4, 209-214, 217-220, 3 дугаар хавтасны 80-814 тал/

 

Харин тус хорооны 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн СХТ/2026/...0 дугаар тогтоолоор “...нэхэмжлэгч аль байрыг худалдан авах болсон, өөр байр хөлсөлсөн эсэх, ...17 тоотод амьдарч байсан эсэх, тухайн байрны өмчлөл бусдад шилжсэн эсэх, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар бүртгэл үнэн  зав байх зарчмаар улсын бүртгэлд өмчлөгч гэж бүртгэгдсэн этгээдийн эрхийг хэрхсэн гэх асуудлыг шалгах; ...давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ..5 дугаар тогтоол авагдсан боловч уг тогтоол хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, үүнээс хойших хугацаанд прокурорын 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн ..05 дугаар тогтоолоор П.А-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна...” гэж дүгнэсэн байх боловч тэмдэглэлд, илтгэгч шүүгч асуулт асуухдаа “...шийтгэх тогтоол хүчингүй болсны дараа хэргийг прокурорт буцаасан бөгөөд прокурорын тогтоолоор… эрүүгийн хэргийг өршөөлд хамруулж хэрэгсэхгүй болгосон…” гэж тайлбарласан нь зөрүүтэй, өөрөөр хэлбэл энэ нөхцөл байдлыг тогтоосон баримт хэрэгт байгаа эсэхийг шалгаж, ....хэргийн оролцогч нь шүүгчтэй хамаарал бүхий этгээд мөн эсэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас лавлагаа, баримт гаргуулах зэргээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй..., тухайлбал, Авлигатай тэмцэх газар, Үндэсний төв архив зэрэг байгууллагаас тодруулан шалгах шаардлагатай” гэх үндэслэлээр холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэсэн. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 190-194 тал/

 

1. Өргөдлийн “...иргэний хэргийн нэхэмжлэлд огт дурдаагүй “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г маргааны утга болгож нэхэмжлэлийн хүрээнд бус, дур зоргоороо аашилж... миний хууль ёсны өмчлөх ...эрхэд халдсан...” гэх үндэслэлийн тухайд:

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн иргэний 2 хавтас, 392 хуудастай хэрэгт үзлэг хийж холбогдох баримтуудыг сахилгын хэрэгт хавсаргажээ. /с.х-ийн 1 дүгээр  хавтасны 223-250, 2 дугаар хавтасны 1-250, 3 дугаар хавтасны 1-79 тал/

Тухайн баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШЗ2025/...8 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ...16, 17 тоот орон сууцуудын түүхчилсэн лавлагааг гаргуулан авч, тус хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1...2 дугаар албан бичгээр орон сууцуудын лавлагаа, хувийн хэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр баталгаажуулан шүүхэд хүргүүлсэн, энэ талаар илтгэгч  гишүүн саналдаа тусгасан байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 109-111, 117-250 тал/

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ..5 дугаар шийтгэх тогтоолд дурдсанаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ч “...Л.А-ийн 13.000.000 төгрөг дутуу байгаа. Энэ мөнгийг төлбөл гэрчилгээг нь өгнө. Л.А байрандаа орсон байгаа...” гэж мэдүүлсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Л.А “...би ордероо авах гээд сууж байна, 15 жил энэ байрны анхны оршин суугч... гэж хэлсэн” гэж хэлсэн тухай тус тус тусгагдсан байх бөгөөд сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хуулбарлан авсан Л.А-ийн  иргэний үнэмлэх буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн оршин суух хаягийн бүртгэл зэргээс үзэхэд Л.А нь өргөдөлд дурдсан хаягт оршин сууж байгаа боловч одоогоор маргаан бүхий орон сууц нь хариуцагч Н.Ч-ын нэр дээр бүртгэлтэй гэж үзэхээр байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 226-240, 3 дугаар хавтасны 20-45, 87-94 тал/

          Иймд илтгэгч гишүүн саналдаа “...иргэний хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхэд гаргасан тайлбар, гэрээ зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Л.А нь маргаан бүхий орон сууц болон ...17 тоот хаягт 2010 оноос эхлэн амьдарч байгаа талаар талуудын хэн аль нь үгүйсгээгүй байна...  Шүүх ийнхүү хэрэгт авагдсан баримтыг үнэлж, шийдвэр гаргасан байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд хамаарна... Өөрөөр хэлбэл шүүгч хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг, энэ нь гагцхүү шүүгчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон онцгой бүрэн юм...” гэсэн нь үндэслэлтэй.

 

2. Өргөдлийн “...эрүүгийн хэрэгт шалгагдаж, ....тогтоогдсон хууль ёсны нотлох баримтуудыг эрүүгийн шүүх, прокурор хянасан шийдвэрийг иргэний хэргийн маргаанд дахин хянасан нь нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй...” гэх үндэслэлийн  тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд давж заалдах шатны шүүхийн хуралдааны явцад илтгэгч шүүгч “шийтгэх тогтоол хүчингүй болсны дараа хэргийг прокурорт буцаасан бөгөөд прокурорын тогтоолоор П.А-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөлд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэж тайлбарласан бол харин давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны ...5 дугаар шийтгэх тогтоол авагдсан боловч уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, үүнээс хойших хугацаанд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны ...05 дугаар тогтоолоор П.А-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон болно...” гэж тусгагдсан байна. /с.х-ийн 3 дугаар хавтасны 60-69 тал/

Илтгэгч шүүгчийн дээрх тайлбарыг магадлалын үндэслэлийг дүгнэсэн гэж үзэхгүй.

Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, 3-т “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна” гэж зааснаар шүүх эрх мэдлийг Шүүхийн сахилгын хороо хэрэгжүүлэхгүй, тус хороо нь давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлийг хянах эрхгүй юм.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр ...магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж зааснаар хариуцагч Н.Ч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргажээ. /с.х-ийн 2 дугаар  хавтасны 8-9, 3 дугаар хавтасны 70-77 тал/

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалыг Монгол Улсын дээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүд байгаа тохиолдолд хяналтын журмаар хянахаар хуульчилсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2026/...0 дугаар тогтоолоор “...гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байна...” гээд хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /с.х-ийн 3 дугаар хавтасны 78-79 тал/

Иймд илтгэгч гишүүний “...шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг ...хууль зөрчсөн, шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм...” гэж дүгнэснийг үндэслэл бүхий гэж үзлээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ..5 дугаар тогтоол авагдсан боловч уг тогтоол хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй,...” гэж дурдсан нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянасан гэж үзэхгүй буюу энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгээд илтгэгч гишүүний “...шүүх бүрэлдэхүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж магадлал гаргасан үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй.

 

3. Өргөдлийн “...шүүгч Т.Бадрах нь нэхэмжлэгчид өөрийн хамаарал бүхий гэдгээ нотлох мэт үндэслэлгүйгээр албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан...” гэх үндэслэлийн  тухайд:

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад Л.А-ийн нэхэмжлэлтэй, Н.Ч-д холбогдох иргэний хэргийг давж заалдах журмаар  хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний даргалагч шүүгч Ж.Лхагвасүрэн “...тухайн хэргийг хянан хэлэлцэх явцад илтгэгч шүүгч Т.Бадрах нь хэргийн оролцогчтой төрөл садны холбоотой гэх нөхцөл байдал илрээгүй...”, бүрэлдэхүүний шүүгч Т.Гандиймаа “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл байвал шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй, мөн хэргийн оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй. Энэ хүрээнд тухайн үед дээрх үндэслэл байгаа эсэх талаар ямар нэг мэдээлэл яригдаагүй...” гэх хариу тайлбарыг Сахилгын хороонд ирүүлсэн. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 200-201, 204-205 тал/

Харин илтгэгч шүүгч Т.Бадрах “...миний хувьд нэхэмжлэгч болон хариуцагч талын хэн алиныг таньж мэдэхгүй, садан төрлийн холбоо байхгүй. Гомдолд дурдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд шүүгчтэй садан төрлийн холбоотой гэх яриа бодитоор болсон эсэх, түүнчлэн нэхэмжлэгч, түүний нөхөр нь шүүгчтэй төрөл садны холбоотой эсэхийг нэхэмжлэгчээс асууж тодруулна уу... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.1.2-т зааснаар... хэргийн болон шүүх хуралдааны оролцогчтой гэр бүл, төрөл, садан гэх үндэслэл байхгүй байсан тул миний бие хэргийг хянан шийдвэрлэсэн болно”, “...Нэхэмжлэгчтэй садан төрлийн холбоотой гэх асуудлын хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд шүүгчтэй садан төрлийн холбоотой гэх яриа бодитоор болсон эсэх, түүнчлэн нэхэмжлэгч, түүний нөхөр нь шүүгчтэй төрөл садны холбоотой эсэхийг нэхэмжлэгчээс асууж тодруулна уу гэж мөн холбогдох тайлбарыг өгсөн байгаа болно” гэж тайлбарлажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 208, 3 дугаар хавтасны 86 тал/

Илтгэгч гишүүн нь иргэний хэргийн нэхэмжлэгч Л.А-аас гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “...ёстой шүүхэд таньдаг хүн байхгүй. Манай өвгөн өнгөрөөд /2018 онд/  8 жил болж байна. Бид хоёрт танил тал байхгүй. ...аймгийн ...сумд насаараа жоншны үйлдвэрт ажиллаж байгаад группэд орж, Улаанбаатарт ирсэн. Цагдаа шүүхэд ямар ч танил байхгүй... Би шүүгч нарыг анх хуралд орохдоо л харж байсан. Нэрийг нь ч мэдэхгүй, олон ч хуралд орсон... Хуулийн улсуудад таних  хүн байхгүй, ерөөсөө таньдаг хүн байхгүй байхад би Н.Ч-д юу гэж тэгж хэлэх вэ, худлаа хэлсэн байна” гэж мэдүүлсэн байна. /с.х-ийн 3 дугаар хавтасны 87-94 тал/

Шүүх бүрэлдэхүүнд оролцож буй шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж хуульчилсан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/...4 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч Л.А эс зөвшөөрч гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 210/ЕШ2025/...2 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг албажуулж, хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн шийдвэрлэжээ. /с.х-ийн 3 дугаар хавтасны 54-69 тал/

Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, холбогдох  шүүгч нарын хариу тайлбараар илтгэгч  шүүгч Т.Бадрах “татгалзан гарах тухай” хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байна. /с.х-ийн 3 дугаар  хавтасны 60-63 тал/

Өргөдөл гаргагч “...шүүгч Т.Бадрах иргэний хэргийн нэхэмжлэгч Л.А-ийн талийгч нөхөр н.Б-тай ураг садны холбоотой...” гэж дурдсан.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг”, 3.1.5-д “төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг”; 3.1.6-д “садны хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” хэлнэ, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно” гэж заажээ.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг”, 3.1.5-д "хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” хэлнэ гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаар иргэний хэргийн нэхэмжлэгч Л.А-ийн нөхөр асан н.Б нь нас барсан тул тэдний гэрлэлт дуусгавар болсон, мөн шүүгч Т.Бадрах, Л.А нар хуульд зааснаар хамаарал бүхий, эсхүл төрөл, садны холбоотой гэсэн нь шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.

Нөгөө талаар тухайн иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаар олонхын саналаар шийдвэрлэсэн, түүнчлэн шүүгч Т.Бадрах, нэхэмжлэгч Л.А нар нэг гэр бүлийн гишүүн биш, төрөл, садны холбоогүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хувийн ашиг сонирхолтой гэж үзэхээргүй тул шүүгч Т.Бадрахыг “...албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан...” гэж буруутгах үндэслэлгүй юм.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа, Т.Бадрах нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, холбогдох шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 6 дугаар сарын 22-ны  өдрийн ГС/2026/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа, Т.Бадрах нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                      Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

                                    ГИШҮҮД                                          Ц.ДАВХАРБАЯР,

                                                                                                О.НОМУУЛИН