
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-06-26
Дугаар 92
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Н, цахимаар холбогдох шүүгч Ө.Бахытбек нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Нэрээ нууцалсан иргэнээс Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбект холбогдуулан гаргасан мэдээлэлд илтгэгч гишүүний 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ГЗҮ/2026/...6 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ГС/2026/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...Шалгах ажиллагаагаар тогтоогдсон баримтуудаас үзвэл шүүгч Ө.Бахытбек нь 2020-2021 он хүртэл 1...7 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээг авах тухай прокурорын саналыг хянан шийдвэрлэсэн байх ба шүүгч 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “..яллагдагч Х.Т-ийн нөхөр нь болох Н.Б-тэй Баян-Өлгий аймгийн Шүүхийн Тамгын газарт 2013-2016 оны хооронд хамт ажиллаж байсан, мөн миний аав Б.Ө нь ясны сийрэгжилтээс үүдэлтэй өвдөгний өвчнөөр өвддөг бөгөөд Х.Т эмчлэгч эмчээр нь ажилладаг юм байна. Иймд хэргийн оролцогч болон бусад этгээдийн зүгээс шууд бусаар хэрэгт хувийн сонирхолтой гэж, мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэх үндэслэлээр яллагдагчид холбогдох таслан сэргийлэх арга хэмжээг хянан шийдвэрлэхээс татгалзах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ЕШЗ/..4 дүгээр захирамжаар хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Мөн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүгч “...миний эхнэр Н.Ж ...аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчаар ажилладаг бөгөөд яллагдагч Т.Ө нь тус хэлтсийн даргаар, яллагдагч Н.С нь мэргэжилтнээр ажилладаг. Иймд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэх үндэслэлээр яллагдагч Т.Ө, Н.С нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хянан шийдвэрлэхээс татгалзах хүсэлтийг Ерөнхий шүүгчид гаргаж байсан нь эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Үүний дараагаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х.Т /48/ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх даргалагч /илтгэгч/ шүүгчээр Ө.Бахытбекийг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ЕШЗ/..8 дугаар захирамжаар албажуулжээ.
Шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор “...даргалагч шүүгчийн төрсөн эцгийн эмчилгээг яллагдагч Х.Т хийж, байгаа учраас хувийн ашиг сонирхол үүсэж болзошгүй гэж өөрийн хүсэлтээр татгалзан гарсан байдаг. Уг үндэслэлүүд арилах боломжгүй” гээд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан, яллагдагчийн өмгөөлөгч А.К “...нэр бүхий яллагдагч Х.Т, Т.Ө, Н.С нартай холбоотой асуудлыг Ерөнхий шүүгчээр шийдвэрлэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх тул прокурорын санал үндэслэлтэй” гэх тайлбарыг гаргасан байна.
Дээрх хүсэлттэй холбогдуулан шүүгч Ө.Бахытбек “...Миний бие 2021 онд таслан сэргийлэх арга хэмжээг хариуцсан шүүгчээр ажиллахдаа тухайн үед прокуророос ирүүлсэн яллагдагч Х.Т, Н.С, Т.Ө нарт холбогдох албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх саналыг шийдвэрлэхээс татгалзаж хүсэлтээ гаргаж байсан. Тухайн үед яллагдагч Н.С, Т.Ө нар нь ...аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст манай эхнэр Н.Ж-тай хамт ажилладаг, яллагдагч Х.Т /эмч/-д миний аав үзүүлж, эмнэлгийн үйлчилгээ авч байсан, Х.Т-ийн нөхөртэй хамт 2012-2016 оны хооронд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар ажиллахдаа хамт ажиллаж байсан учраас олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан тул 3 яллагдагчид холбогдох албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэхээс татгалзаж байсан. Өнөөдрийн байдлаар яллагдагч Н.С, Т.Ө нар нь ...аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилладаггүй, яллагдагч /эмч/ Х.Т-ийн хяналтад манай аав ороогүй. 2022-2024 онд Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэлгэж ажиллахдаа яллагдагчийн нөхөр Н.Б миний туслахаар ажиллаж байсан бөгөөд найз нөхдийн болон хувийн харилцаа байхгүй. Иймд прокурорын татгалзан гаргах хүсэлт, дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлд хамаарах эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг гаргажээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ЕШЗ/..8 дугаар захирамжаар “...шүүгч Ө.Бахытбек нь өөрөө шууд эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэн прокуророос гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Дээрх үйл баримттай холбогдуулан Ерөнхий шүүгч Б.Г “...Улсын дээд шүүхийн татгалзалтай холбоотой тогтоол гарсан. Өмнө нь шийдвэрлэхэд Дээд шүүхийн тайлбар гараагүй байсан. Хамаатан садан төрөл гэдэг ойлголтыг тайлбарласан. Өмнөх ерөнхий яагаад шийдвэрлэснийг мэдэхгүй байна. Татгалзах үндэслэлд хамаарахгүй байсан. Би хүсэлтийг үндэслэлгүй гэж үзээд шүүгчээс татгалзсаныг хүлээн аваагүй. ...Х.Т-тэй холбоотой үндэслэл байвал татгалзаж болно. Аавыг нь эмчлэгч эмч гэдгээр татгалзах үндэслэл болохгүй. Тийм болохоор татгалзах үндэслэл болохгүй гэж үзсэн” гэх мэдүүлгийг,
өмнө нь Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан шүүгч асан Т.Ц “...Шүүгч Ө.Бахытбекийн аавын бие нь муу Х.Т эмч эмчилж байгаа. Энэ хүний маргааныг шийдвэрлэж болохгүй байх гээд амбулаторийн картыг оруулж ирсэн. Би шүүгчийн аавын эрүүл мэндийн асуудал, эмчлэгч эмч нь юм байна гээд хүсэлтийг хангаад шийдвэрлэж байсан. ...Одоо Х.Т эмчээр Ө.Бахытбек шүүгчийн аав нь эмчлэгдэхгүй, нөхцөл байдал өөрчлөгдсөн байж магадгүй. Энэ хэрэг нь олон хүний асуудал шийдвэрлэгдэж байгаа, дан ганц Х.Т-ийн асуудал биш. ...Улсын дээд шүүхээс татгалзлыг тайлбарласан албан ёсны тайлбар гарсан байгаа. Тэр тайлбарт заасан үндэслэлд хамааруулан ойлгох уу, үгүй юу гэдэг асуудал одоо яригдана. Тухайн үндэслэл хамаарахгүй бол шүүгч нарын татгалзах хүсэлтийг хангахгүй шийдвэрлээд яваад байгаа” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
Мөн холбогдох шүүгч “...Миний татгалзал зөвхөн Х.Т гэх дотрын эмчийн эмнэлгийн тусламж, үзүүлэх чиг үүрэгтэй холбоотой байсан. Түүнээс өөр үндэслэлээр буюу төрөл, садны холбоотой, хувийн харилцаатай гэх агуулгаар татгалзаагүй. Би Х.Т-тэй уулзаж, харилцаж, хувийн харилцаа тогтоож байгаагүй. ...Одоо Н.С, Т.Ө нар нь ...аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилладаггүй, ажлаасаа гарсан, миний аав эмч Х.Т-д 5 жилийн өмнө үзүүлж байснаас өөр түүнээс эмнэлгийн тусламж аваагүй, Х.Т-ийн нөхөр Н.Б-тэй хамт ажиллаж байсан, ажил хэргийн холбоотой буюу шүүгч, шүүгчийн туслахын чиг үүргийн хүрээнд харилцаж байснаас өөр найз нөхдийн болон хувийн харилцаа тогтоож байгаагүй. 2021 онд татгалзах хүсэлт гаргах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор дээрх нөхцөл байдлууд нь "хувийн харилцаа, ашиг сонирхлын зөрчилд" хамаарахгүй гэж үзэж нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг баримталж Х.Т-тэй холбоотой татгалзлыг эцэслэн шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ..8 дугаар захирамж хүчин төгөлдөр учраас миний бие хэргийг хянан шийдвэрлэж байгаа” гэх тайлбар гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.
Тодруулбал шүүгч өмнө нь шүүгдэгч Х.Т, С.Ө, Н.С нарт таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хянан шийдвэрлэхээс татгалзаж байсан үндэслэл нь одоо тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлд хамаарахгүй.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол”, 1.2-т “тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн бол”, 1.3-т “өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол”, 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэх үндэслэл байгаа бол шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй бөгөөд прокурорын шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл нь дээрх хуульд хамаарахгүй байна.
Түүнчлэн өмнө нь шүүгч Ө.Бахытбекийн гаргаж байсан татгалзан гарах хүсэлтэд дурдагдсан нөхцөл байдал өөрчлөгдсөн төдийгүй “хувийн харилцаатай”, “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх”, “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй” гэх нөхцөл байдлыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор дэлгэрэнгүй тайлбарласан тул шүүгч Ө.Бахытбекийг шүүгдэгч Х.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг буруутгах боломжгүй.
Иймд шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Харин шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргасан яллагдагч Т.Ө, Н.С нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хянан шийдвэрлэхээс татгалзах хүсэлтийг хянан шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамж тус эрүүгийн хэрэгт авагдаагүй байв.
Энэ талаар холбогдох шүүгчийн “...Энэ хэргийн Н.С, Т.Ө гээд хүнтэй манай гэрийн хүн хамт ажиллаж байсан. Энэ талаар олон нийтийн сүлжээнд бичээд байхаар нь би энэ талаар татгалзах хүсэлтээ Ерөнхий шүүгчид өгсөн. Ерөнхий шүүгч тэр хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон. ...Тэр үед би ганцаараа таслан сэргийлэх санал, хүсэлт шийдвэрлэж байсан. ...миний хүсэлтийг шийдвэрлээгүй, чи ордгоороо ор гэсэн. Тэрний дараа би Н.С-тай холбоотой албан үүргээ биелүүлэхийг гурван удаа түдгэлзүүлсэн” гэх тайлбар болон Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан шүүгч асан Т.Ц-ийн “...Татгалзал шийдвэрлэсэн захирамж хэрэгт байхгүй болохоор нь гайхаад байна. Би тухайн үед хүсэлт өгсөн бол захирамж гаргаж шийдсэн л байх ёстой. ...Татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гаргасан, гаргаагүй гээд би хэлж чадахгүй байна” гэх мэдүүлгээс үзвэл шүүгч Ө.Бахытбекийн яллагдагч Н.С, Т.Ө нарт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шийдвэрлэхээс татгалзах хүсэлтийг тухайн үед ажиллаж байсан Ерөнхий шүүгч шийдвэрлээгүй, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орох талаар амаар хэлсэн гэж үзэхээр байх тул дээрх үйл баримттай холбогдуулан шүүгчийг буруутгах боломжгүй.
Мөн мэдээлэлд “...Шүүгч Ө.Бахытбек нь Баян-Өлгий аймагт өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдын хахууль авсан үйлдэлд хамтран оролцож дээрх хэрэгт 48 цаг баривчлагдан саатуулагдаж, яллагдагчаар татагдаж байсан” гэжээ.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл шүүгч Ө.Бахытбекээс яллагдагч М.А-д холбогдох “Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгч А.К, Б.Д нараас “...хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарсан. Тухайн мэдээлэл гарсантай холбоотой шүүгч Ө.Бахытбекийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Тухайн мэдээлэл гарсны дараа миний үйлчлүүлэгчийг Авлигатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авсан байгаа” гэх үндэслэлээр шүүгч Ө.Бахытбекийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ц-ийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ЕШЗ/..3 дугаар захирамжаар “..хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээлэлд шүүгчийн нэр дурдагдсан, урьд нь Баян-Өлгий аймгийн шүүхэд ажиллаж байсан гэх үндэслэлээр шүүгч Ө.Бахытбекийг яллагдагч М.А-ийн өмгөөлөгч нараас түүнийг хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах хүсэлт гаргасан боловч татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй гэж үзнэ” гэж өмгөөлөгч нарын шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Дээрх үйл баримттай холбогдуулан холбогдох шүүгч “...Тэр хэрэг нь 2019 онд өмгөөлөгчөөр ажиллаж байхад 48 цаг саатуулагдаагүй. 10 хэдэн цаг саатуулагдсан. Хууль бусаар саатуулагдсан гээд суллагдсан. Шалгагдаад надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гээд хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт холбогдсон хүмүүс нь ялаа аваад явсан. Тухайн хэрэг нь 2020 онд шийдвэрлэгдсэн. Би Шүүхийн ерөнхий зөвлөлд шалгалт өгч 2020 оны 5 дугаар сард шүүгчээр томилогдсон. Энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй” гэх тайлбарыг өгсөн.
Мөн тус эрүүгийн хэрэгт авагдсан ergelt.mn сайтын “...Тус аймгийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А нь ...баз хүргэн болох Ө.Бахытбекээр дамжуулан гурван сая төгрөг авсныхаа дараа И.Х-ын тушаалыг гаргаж, ажилд авчээ. ...Түүнчлэн Т.Б болон хяналтын прокурор Б.Б нар нь “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А, Ө.Б, И.Х нарт давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан. Мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон нь тогтоогдсон байдаг” гэх мэдээллээс үзвэл шүүгч Ө.Бахытбек нь шүүгчээр томилогдохоос өмнө эрүүгийн хэрэгт холбогдож баривчлан саатуулагдаж байсан нь тогтоогдож байх боловч энэ нь одоо хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрүүгийн хэрэгт хамааралгүй тул шүүгчийг энэ үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбект холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүгч Ө.Бахытбек ирүүлсэн тайлбартаа “...аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга, гишүүд, нэр бүхий эмч нар иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоож, сунгахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан, мөн албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоож, хугацааг сунгуулан өгч давуу байдал бий болгосон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, уг мөнгөний эх үүсвэр захиран зарцуулах арга, эд хөрөнгийн эрхийг нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэх эрүүгийн 1...7 дугаартай, М.Р, Ш.Х, Х.Х, Б.Х, К.Т, Ө.Е, М.Е, Т.Ж, Ө.Ж, Ө.А, С.А, Х.А, Х.Ө, Ш.Г, С.Н, Д.С, А.С, Х.С, Х.М, Н.М, М.М, Б.Ж, Х.Б, З.М, О.Н, Б.Б, Х.Г, П.Д, А.Р, Ш.С, Д.Х, Х.М, Д.М, Б.А, С.С, А.М, З.Б, И.С, А.А, Д.А, Х.Х, Х.Т, К.Х, Т.С, Ш.А, М.А, Т.Ө, Н.С, А.Е нарт холбогдох хэрэгт Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
1. Эрүүгийн 1...7 /цаашид нэр бүхий 49 хүнд холбогдох хэрэг/ дугаартай хэрэгт прокурор 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхэд тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ц-д хуваарилагдаж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ...6 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байсан. Улмаар прокуророос 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснээр хэрэг Ерөнхий шүүгч Т.Ц-д хуваарилагдаж, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дүгээр сарын 16-ны өдрийн ..8 дугаарт магадлалаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснээр 49 яллагдагчид холбогдох “...аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга, гишүүд, нэр бүхий эмч нарт холбогдох хэрэг” гэсэн тодотголтой 274 хавтас эрүүгийн хэрэг Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек надад 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуваарилагдсан. Энэхүү хэрэг нь шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэг бөгөөд тухайн үед шүүх бүрэлдэхүүнд томилогдсон 3 шүүгч гурвуулаа татгалзсанаар Ерөнхий шүүгч Б.Г, бид хоёр шүүх бүрэлдэхүүнд үлдсэн. Өөрөөр хэлбэл манай шүүхэд ажиллаж байсан 5 шүүгчийн 3 шүүгч нь уг хэргээс татгалзсанаар Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Ө.Бахытбек бид хоёроос өөр шүүх бүрэлдэхүүнд орох шүүгчгүй болсон.
2. Энэхүү нэр бүхий 49 яллагдагчид холбогдох 274 хавтас эрүүгийн хэрэг нь давхардсан тоогоор нэр бүхий 300 гаруй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоож, хугацааг сунгахдаа өөрөө болон бусдаар дамжуулан хахууль авсан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоож, хугацааг сунгахдаа бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамтран оролцсон, мөн мөнгө угаасан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх ээдрээ төвөгтэй, 1 яллагдагч 1-ээс 60 гаруй үйлдэл, холбогдолд холбогдсон, 2018 оноос эхлэн АТГ, Ховд, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч нараас бүрдсэн ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж, 2020 оноос эхлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэг юм.
Миний бие нэр бүхий 49 яллагдагчид холбогдох 274 хавтас бүхий /60.000 орчим хуудас/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш 6 жил, шүүхээс мөрдөн байцаалтад 2 удаа буцааж байсан, эрүүгийн хэргийг хүлээн авч уншиж танилцан яллагдагчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан тул 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр тов товлосон.
2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцүүлэх үед прокуророос хуралдаан даргалагч шүүгч намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр татгалзах хүсэлт гаргасан тул хэргийн оролцогч болон /шүүхийн хэлэлцүүлгийг фейсбүүк олон нийтийн цахим сүлжээгээр шууд дамжуулж байсан/ олон нийтэд татгалзалтай холбоотой дэлгэрэнгүй тайлбараа гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. /Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа/
Улмаар шүүгчээс татгалзах хүсэлтийг Ерөнхий шүүгч Б.Г-д танилцуулан, татгалзах хүсэлттэй холбоотой тайлбараа гаргаж, тайлбар дотор нэр бүхий яллагдагч Х.Т, Н.С, Т.Ө нартай холбоотой гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй 4 үндэслэлийг аль нэгэнд хамаарах эсэхийг шийдвэрлэж өгөхийг хүсэж, хүсэлтээ гаргасан. Ерөнхий шүүгч татгалзах хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ..8 дугаар захирамжаар прокурорын шүүгч Ө.Бахытбек намайг татгалзах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Ерөнхий шүүгчийн дээрх шүүгч Ө.Бахытбек намайг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамж нь эцсийн шийдвэр учраас би шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг үргэлжлүүлэн хэлэлцүүлж, яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан “хэргийг мөрдөн байцаалтад буцаах" хүсэлтийг хангахаас татгалзаж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг товлосон. Өөрөөр хэлбэл 2020 оноос мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн, 2021 онд прокурор анхны яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 5 жилийн дотор өөр шүүгч хэд хэдэн удаа мөрдөн байцаалтад буцааж байсан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг шийдвэрлэх /гэм буруугийн/ шүүх хуралдааныг товлосон.
3. Миний бие 2013 оноос ...аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад шүүгчийн сонгон шалгаруулалтад орж 2 удаа тэнцсэн бөгөөд Шүүхийн тухай хуульд заасан шүүгчээр ажиллах болзол, шаардлагыг хангасан гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшүүлснээр 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон. Шүүгчийн албан тушаалд томилогдсоноос хойш эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, саатуулагдаж байгаагүй.
Т.Ө нарын нэр бүхий 49 шүүгдэгчид холбогдох хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй. 2020 онд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ерөнхий шүүгч 1, 2 шүүгч нийт батлагдсан 3 шүүгчийн орон тоотой байсан. Миний бие томилогдож ирснээс хойш таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлт, саналыг хэрэг хуваарилах журмын дагуу дангаараа хариуцаж ажилласан. Таслан сэргийлэх арга хэмжээ хариуцсан шүүгчээр ажиллаж байхдаа нэр бүхий 49 шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэрэгт давхардсан тоогоор 100 гаруй таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, санал, хүсэлтийг прокурор хэргийн оролцогч нар гаргасны ихэнхийг миний бие шийдвэрлэж, яллагдагч нарт цагдан хорих, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, ...аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, магадлагч эмчийн албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх, нэр бүхий эмч нарт тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэж байсан.
4. 2020-2021 онуудад таслан сэргийлэх арга хэмжээ хариуцсан шүүгчээр ажиллахдаа тухайн үед прокуророос ирүүлсэн яллагдагч Х.Т, Н.С, Т.Ө нарт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шийдвэрлэхээс татгалзаж хүсэлтээ гаргаж байсан.
Миний эхнэр Н.Ж 2013 оноос ...аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс ажилладаг. Эрүүгийн 1...7 дугаартай хэргийн яллагдагч Т.Ө нь ...аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даргаар, яллагдагч Н.С нь тус хэлтэст магадлагч эмч, байцаагчаар ажилладаг байсан. /2022 оноос хойш Т.Ө, Н.С нар Нийгмийн даатгалын хэлтэст ажиллахгүй байгаа/
Мөн яллагдагч Х.Т нь ...аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ажиллаж байхдаа ясны сийрэгжилтийн шинжилгээ авдаг ганц эмч байсан учраас 2020 оны хавар /таслан сэргийлэх арга хэмжээ шийдвэрлэхээс өмнө/ миний аав Б.Ө /60 гарсан хүн/ шинжилгээний хариугаа үзүүлж, бусад иргэдийн адил эмнэлгийн үйлчилгээ авч байсан байна. Би 2012-2016 оны хооронд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар ажиллахдаа Х.Т-ийн нөхөр Н.Б-тэй хамт ажиллаж байсан, мөн фейсбүүк олон нийтийн цахим сүлжээгээр Ховд, Баян-Өлгий аймгийн нийт шүүгч, Ховд аймгийн Ерөнхий прокурор, прокуроруудыг энэ хэрэгт холбогдуулан хардаж, сэрдсэн сэтгэгдэл /пост/ нийтэлж байсан учраас олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж тухайн үеийн нөхцөл байдлын хүрээнд миний бие дээрх 3 яллагдагчид холбогдох албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шийдвэрлэхээс татгалзаж байсан.
Ерөнхий шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ..4 дугаар захирамжаар Х.Т-тэй холбоотой татгалзлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Тухайн үед энэхүү хэрэгт холбогдуулан прокуророос олон санал ирж байсан, би дангаараа таслан сэргийлэх арга хэмжээг хариуцдаг байсан учраас Ерөнхий шүүгч Т.Ц надад “бусад шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч нартай холбогдож татгалзалтай холбоотой асууж тодрууллаа. Чиний татгалзал шүүгчийг татгалзах үндэслэлд хамаарахгүй юм байна, нэг удаа татгалзлыг хүлээж авлаа, дахин санал, хүсэлт ирвэл татгалзахгүйгээр өөрөө шийдвэрлэ” гэж сануулсны дагуу дараагийн удаад энэ хэргийн яллагдагч нартай холбоотой надад хуваарилагдсан таслан сэргийлэх арга хэмжээний санал, хүсэлтийг шийдвэрлэж байсан.
Тухайн үед Улсын дээд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцохгүй байх үндэслэлүүдийг тайлбарласан албан ёсны тайлбар гараагүй байсан учраас шүүхүүд өөрөөр тайлбарлаж хэрэглэдэг, хууль хэрэглээний нэгдсэн практик тогтоогүй байсан. Энэ нь Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай" 4 дүгээр тогтоолын 5.2.1-д “шүүхийн шийдвэр, практикаас үзвэл "...хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэх заалтын агуулгыг шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, шүүгчийг татгалзах хүсэлтийг харилцан адилгүй шийдвэрлэж байна. Тухайлбал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг ”...хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэлд хамааруулан ойлгож, нэг нутгийн, эсхүл нэг ангид хамт сурч байсан гэх шалгуураар шүүгчийг татгалзан гаргах, мөн дээрх үндэслэлээр шүүгч татгалзан гарах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн тохиолдлууд гарсан байна” гэж дурдсанаас тодорхой харагдана.
Энэхүү Улсын дээд шүүхийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1.4 дэх заалтад заасан шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байх үндэслэлийг тодорхой тайлбарласан.
Улсын дээд шүүхийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолд “хувийн харилцаатай” гэж аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн зэрэг ашгийн төлөө үйл ажиллагаа хамт эрхэлдэг, хөрөнгийн биржээр дамжуулж нийтэд зарагдсан болон төрөөс иргэн бүрд эзэмшүүлснээс бусад тохиолдолд аж ахуйн нэгжийн хувьцааг хамтран эзэмшдэг, аливаа байдлаар ашиг орлого, зардал хуваахад эрх үүрэг харилцан хүлээдэг; найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаа хамаарна. Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа.түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь “хувийн харилцаа"-нд хамаарахгүй. Шүүгч, шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдал болон шийдвэрлэхэд оролцож байсан нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй.
“Ашиг сонирхлын зөрчил” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно. Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгчийн болон түүний хамаарал бүхий этгээдийн /эдийн болон эдийн бус/ хувийн ашиг сонирхол аливаа байдлаар хөндөгдөх, эерэг болон сөрөг үр дагавар үүсэх, эсхүл ийм байдал үүсэж болзошгүй байгаагийн улмаас тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд оролцож болохгүй нөхцөлүүдийг хамааруулна.
“Үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно. Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй” гэж тус тус тайлбарласан.
5. Прокурор яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл саналаа шүүхэд ирүүлэх бөгөөд мөрдөн байцаалтын үед дахин таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай бол өөр саналаа ирүүлдэг. Өөрөөр хэлбэл прокурорын яллагдагчид албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга авах саналыг шүүх хүлээн авах эсэхийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэж шүүгчийн захирамж гаргаснаар тухайн таслан сэргийлэх арга хэмжээ шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа дуусгавар болдог. Дараагийн удаад прокурор дахин санал ирүүлбэл шүүх дахин өөр шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэдэг.
Тухайн үед би зөвхөн Х.Т-тэй холбоотой прокурорын 1 санал буюу эмчийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой ...аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотрын тасгийн их эмчийн албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шийдвэрлэхээс татгалзсан. Түүнээс өөрөөр тухайн үед Х.Т-тэй холбоотой ирүүлсэн бүх таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаагүй.
6. Эрх зүйн хэм хэмжээ хоорондоо зөрчилдсөн тохиолдолд тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг дагаж мөрдөх ба нарийвчилсан хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг баримтална. Тусгай зохицуулалт буюу нарийвчилсан хууль нь тухайн үүссэн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан учраас бусад ерөнхий хуулиасаа давамгайлж хэрэгжинэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэснийг нарийвчлан тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр тогтоол гарсан учраас энэхүү хууль тайлбарлах эрх бүхий субъектийн хүчин төгөлдөр тогтоолын хүрээнд дээрх хуулийн зүйл, хэсэг, заалтыг тайлбарлаж хэрэглэнэ.
Ерөнхий шүүгч Т.Ц-ийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ..4 дугаар захирамжид дурдсан /Х.Т-тэй холбоотой/ хүсэлтийг хүлээн авсан үндэслэл буюу миний тайлбар, хүсэлтэд дурдсан Х.Т-тэй холбоотой болон бусад нөхцөл байдал нь Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу шууд эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ үүсэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж дүгнэж, прокурорын татгалзах хүсэлтийг хангахаас татгалзсан Ерөнхий шүүгч Т.Г-ийн 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ..8 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Нөгөөтээгүүр өмнөх Ерөнхий шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, дангаар хэрэг шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээ Ерөнхий шүүгчид хамаарах учир шүүгч би Ерөнхий шүүгчийн “намайг татгалзсан хүсэлтийг хангахаас татгалзсан” сүүлийн захирамжийг баримтлахаас аргагүй.
Хэрэв миний аав таслан сэргийлэх арга хэмжээний санал ирэхээс өмнө Х.Т эмчид үзүүлж, эм бичүүлж аваагүй, прокурор эмчийн албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх буюу дотрын эмчийн чиг үүрэгтэй холбоогүй өөр таслан сэргийлэх арга хэмжээний санал ирүүлсэн бол магадгүй би тухайн үед татгалзах хүсэлт гаргахгүй байсан байх. Миний татгалзал зөвхөн Х.Т гэх дотрын эмчийн эмнэлгийн тусламж, үзүүлэх чиг үүрэгтэй холбоотой байсан. Түүнээс өөр үндэслэлээр буюу төрөл, садангийн холбоотой, хувийн харилцаатай гэх агуулгаар татгалзаагүй. Би Х.Т-тэй уулзаж, харилцаж, хувийн харилцаа тогтоож байгаагүй. Надад Х.Т, Т.Ө, Н.С болон энэ хэргийн 49 шүүгдэгч нартай төрөл, садны холбоо, харилцан хамаарал, хувийн харилцаа, ашиг сонирхлын зөрчил байхгүй. ...аймагт төрсөн өссөн маань тус аймгийн хэрэгт холбогдсон бүх иргэдтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх боломжгүй юм.
Одоо Н.С, Т.Ө нар нь ...аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилладаггүй, ажлаасаа гарсан, миний аав эмч Х.Т-д 5 жилийн өмнө үзүүлж байснаас өөр түүнээс эмнэлгийн тусламж аваагүй, Х.Т-ийн нөхөр Н.Б-тэй хамт ажиллаж байсан, ажил хэргийн холбоотой буюу шүүгч, шүүгчийн туслахын чиг үүргийн хүрээнд харилцаж байснаас өөр найз нөхдийн болон хувийн харилцаа тогтоож байгаагүй. 2021 онд татгалзах хүсэлт гаргах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор дээрх нөхцөл байдлууд нь "хувийн харилцаа, ашиг сонирхлын зөрчилд" хамаарахгүй гэж үзэж нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг /Улсын дээд шүүхийн тогтоолыг/ баримталж Х.Т-тэй холбоотой татгалзлыг эцэслэн шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ..8 дугаартай захирамж хүчин төгөлдөр учраас миний бие хэргийг хянан шийдвэрлэж байгаа.
Хамтарсан ажлын хэсгийн буюу АТГ-ын мөрдөгчийн 2020, 2021 онд гаргасан ...аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүн, Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Н.С-ий “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүн, Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч” эмчийн албан үүргийг түдгэлзүүлэх тухай” 2 удаагийн саналыг прокурор шүүхэд ирүүлснийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлээд 2 удаа хүлээн авч Н.С-ий албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч 2 удаа Ерөнхий шүүгчийн захирамжаар миний захирамжийг хүчингүй болгож, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Мөн энэ хэргийн олон үйлдэлтэй /10-аас 60 гаруй үйлдэлтэй/ зарим яллагдагч нарын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж байсан. Би дээрх шийдвэрүүдийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан гаргасан бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсгэж, хэн нэгний нөлөөнд автаж шийдвэрлэж байгаагүй.
Ээдрээ төвөгтэй 49 шүүгдэгчид холбогдох, 300 гаруй үйлдэл холбогдолтой эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүгч олдохгүй, манай шүүхийн 5 шүүгчийн 3 нь татгалзаж, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар Ховд аймгийн ...анхан шатны шүүхийн 1 шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилсноор бусад эрүү, иргэний хэргийн хажуугаар шүүх бүрэлдэхүүний 3 шүүгч хэдэн арван мянган хуудас нотлох баримтыг уншиж судлан, шүүх хуралдааны танхимд багтахгүй 80 гаруй /шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч/ оролцогчтой энэ хэргийг бусад байгууллагын хурлын заалыг түрээсэлж авч шүүх хуралдаанаа явуулж, хуулийн дагуу шийдвэрлэхийн тулд ажиллаж байна.
Миний бие хуваарилагдсан хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хүссэнээс биш элдэв шалтаг тоочиж, ээдрээ төвөгтэй хэргийг шийдвэрлэхээс зугтаж байгаагүй.
Энэхүү эрүүгийн хэргийг хүлээж авснаас хойш 274 хавтас, 60.000 гаруй хуудас хэргийг өглөөний 8 цагаас оройн 22 цаг хүртэл, амралтын өдөргүй, гэртээ ч харьж чадахгүй, хүйтэн өрөөнд 2 сар сууж уншиж танилцан, 500 хуудас түүвэр хийж, яллагдагчаар татагдаад 6 жил, яллах дүгнэлт үйлдэгдээд 5 жил болсон, шүүхээс 2 ч удаа прокурорт буцаасан, ээдрээ төвөгтэй хэргийг шийдвэрлэхийн тулд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын хэргийг прокурорт буцаалгах, түдгэлзүүлэх хүсэлтийг /хэргийг удаашруулах/ хангахаас татгалзаж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон маань энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй мэтээр харагдуулж байгаад харамсаж байна. Иймд шүүгч Ө.Бахытбек надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг эрхэм гишүүдээс хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэрээ нууцалсан иргэн “...аймгийн ...Эмнэлэг хяналтын комиссын дарга, гишүүд болон нэр бүхий эмч нар нь иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоож сунгахдаа ...нэр бүхий 146 иргэнээс хахууль авсан, мөн ...153 иргэнд давуу байдал бий болгож улсын төсөвт ...хохирол учруулсан гэх нэр бүхий 52 яллагдагчид холбогдох 251 хавтас хэргийг ...Ховд аймгийн шүүхэд хүргүүлсэн. ...шүүгч Ө.Бахытбек нь ...өөрөө тухайн хэргийг шийдвэрлэхээс татгалзах үндэслэл байхад татгалзахгүйгээр хувийн ашиг сонирхлоор хэргийг хүлээн авч хянаж байна. Шүүгч нь Баян-Өлгий аймагт өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа ...дээрх хэрэгт 48 цаг баривчлагдан саатуулагдаж, яллагдагчаар татагдаж байсан ба 2020-2021 онд 1...7 дугаартай эрүүгийн хэргийн зарим яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахад ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэх үндэслэлээр татгалзан гарч байсан бөгөөд одоо уг хэргийг хүлээн авч, хянаж байгаа нь хэргийг шударгаар шийдвэрлэх боломжгүй. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасныг зөрчсөн...” гэх агуулгатай мэдээллийг Шүүхийн сахилгын хороонд утсаар гаргажээ. /с.х-ийн 1 тал/
1. Мэдээллийн “...шүүгч Ө.Бахытбек нь ...өөрөө тухайн хэргийг шийдвэрлэхээс татгалзах үндэслэл байхад татгалзахгүйгээр хувийн ашиг сонирхлоор хэргийг хүлээн авч хянаж байна... 2020-2021 онд ...эрүүгийн хэргийн зарим яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахад ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэх үндэслэлээр татгалзан гарч байсан” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь Х.Т нарын 49 этгээдэд холбогдох эрүүгийн 1...7 дугаартай 275 хавтаст хэрэгт үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг хуулбарлан авсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 6-234, 2 дугаар хавтасны 1-64 тал/
Тухайн сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд холбогдох шүүгч нь яллагдагч нарт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх явцдаа:
- 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр холбогдох шүүгч “миний эхнэр Н.Ж-ны ажилдаг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар яллагдагч Т.Ө, мэргэжилтнээр яллагдагч Н.С нар ажилладаг” гэх үндэслэлээр яллагдагч нарт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах хүсэлт гаргаж, хуулийн дагуу тус шүүхийнхээ Ерөнхий шүүгч Т.Ц-аар шийдвэрлүүлсэн боловч уг хүсэлтийг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамж эрүүгийн хавтаст хэрэгт авагдаагүй байжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 88 тал/
Уг үйл баримттай холбоотой холбогдох шүүгч “...тэр үед би ганцаараа таслан сэргийлэх санал, хүсэлт шийдвэрлэж байсан. Ерөнхий шүүгч Улсын дээд шүүхийн шүүгч нартай ярьж байгаад татгалзаж болохгүй юм байна... гээд миний хүсэлтийг шийдвэрлээгүй “чи ордгоороо ор” гэсэн...” гэх тайлбар, тухайн үед Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Т.Ц гэрчийн мэдүүлэгтээ “татгалзал шийдвэрлэсэн захирамж хэрэгт байхгүй болохоор нь гайхаад байна. Би тухайн үед хүсэлт өгсөн бол захирамж гаргаж шийдвэрлэсэн л байх ёстой. Тэр үед яллагдагч нарын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хилээр гарахыг хязгаарлах прокурорын санал ирж байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газрынхан бид нарыг хүртэл шалгаж байсан. Би эрх зүйн акт гаргахгүйгээр амаар шийдвэрлэнэ гэж байхгүй. Татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гаргасан, гаргаагүй гээд би хэлж чадахгүй байна. Уг нь бол би Ерөнхий шүүгч байхдаа татгалзсан хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийг өөрөө бичиж гаргадаг байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчид захирамжийг хийгээгүй байж магадгүй” гэсэн тайлбарыг өгчээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 72-75, 77-79 тал/
Мөн тухайн хүсэлтийг холбогдох шүүгч гаргасны дараа, шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ЦХШЗ/..9 дүгээр захирамжаар яллагдагч Н.С-д “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан, шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ЦХШЗ/..7 дугаар захирамжаар яллагдагч Н.С-д тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан, шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ЦХШЗ/..7 дугаар захирамжаар яллагдагч Н.С-ыг ...аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч, тэтгэмжийн хяналтын байцаагчийн алба үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан, шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ЦХШЗ/..1 дүгээр захирамжаар яллагдагч Н.С-д тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн зэргээс үзвэл холбогдох шүүгчийн хүсэлтийг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлтэй байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 89-119 тал/
- 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр холбогдох шүүгчийн “яллагдагч Х.Т-ийн нөхөр Н.Б-тэй ...2013-2016 онд хамт ажиллаж байсан, мөн миний аав Б.Ө өвдөгний өвчнөөр өвддөг бөгөөд Х.Т нь эмчлэгч эмчээр нь ажилладаг” гэх үндэслэлээр яллагдагчид холбогдох таслан сэргийлэх арга хэмжээг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ЕШЗ/..4 дугаар захирамжаар хүсэлтийг хангасан, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 67-69 тал/
- 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагч М.А-ийн өмгөөлөгч А.К, Б.Д нараас “шүүгч Ө.Бахытбекийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн мөн өдрийн 2021/ЕШЗ/..3 дугаар захирамжаар хангахаас татгалзсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 10-12 тал/
- Харин анхан шатны шүүхээс буцаасан уг эрүүгийн хэрэгт прокурор нэмэлт ажиллагаа явуулаад шүүхэд хүргүүлснийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Эрүүгийн хэргийн хяналт бүртгэлийн нэгдсэн систем”-ээс хуваарилсан байх ба илтгэгч гишүүн систем болон хэргийг шүүгч Ө.Бахытбект хуваарилж буй бичлэгт тус тус үзлэг хийн бэхжүүлэн, сахилгын хэрэгт хавсаргажээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 65-67, 86 тал/
Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ЕШЗ/..0 дүгээр захирамжаар нэр бүхий 49 яллагдагчтай, эрүүгийн 1...7 дугаартай хэрийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ө.Бахытбек /илтгэгч/, бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Х.Т нарыг албажуулан, шүүгч Ө.Бахытбекийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/..0 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоосон байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 197-207 тал/
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг удаа дараа хойшлогдсон бөгөөд шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад прокуророос “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргахад холбогдох шүүгч “2021 онд Х.Т, Н.С, Т.Ө нарт холбогдох прокурорын “Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” саналыг шийдвэрлэхээс татгалзах хүсэлт гаргаж байсан... Өнөөдрийн байдлаар яллагдагч Н.С, Т.Ө нар нь ...аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилладаггүй, яллагдагч Х.Т-ийн хяналтад манай аав ороогүй, 2022-2024 онд Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэлгэж ажиллахдаа яллагдагчийн нөхөр Н.Б миний туслахаар ажиллаж байсан бөгөөд найз нөхдийн, хувийн харилцаа байхгүй” гэх тайлбар гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 227-235, 239 тал/
Прокурорын дээрх хүсэлтийг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г-ийн 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ЕШЗ/..8 дугаар захирамжаар хангахаас татгалзсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 243-246 тал/
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг харилцааг зохицуулсан ерөнхий хууль бөгөөд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нарийвчилсан зохицуулалтаар шийдвэрлэгдэнэ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3 дахь заалтад “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг”, 3.1.5 дахь заалтад “хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” хэлнэ гэж тодорхойлжээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4 дэх заалтуудад шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүдийг хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд прокурорын “...өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн даргалагч шүүгч өөрийн хүсэлтээр татгалзаж уг хүсэлтийг Ерөнхий шүүгч Т.Ц хүлээн авч, ханган шийдвэрлэж байсан. Тухайн үеийн татгалзан гарах хүсэлт нь яллагдагч Х.Т-ийн нөхөр Н.Б гэх хүнтэй шүүгч нь Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газарт 2013-2016 онд шүүгчийн туслахаар хамт ажиллаж байсан, мөн даргалагч шүүгчийн төрсөн эцгийн эмчилгээг яллагдагч Х.Т хийж байгаа учраас хувийн ашиг сонирхол үүсэж болзошгүй гэж үзэн шүүгч өөрийн хүсэлтээр татгалзан гарсан байдаг. Уг үндэслэлүүд арилах боломжгүй үндэслэлүүд байх тул өнөөдөр ч байгаа гэж үзэж байна” гэх шүүгч Ө.Бахытбекийг татгалзан гаргах хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй юм.
Учир нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 16 дугаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын “тайлбарлах нь” хэсгийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын “...хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэснийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгоно” гэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын “тайлбарлах нь” хэсгийн 1-д “...“хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно... Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй”, 3-т “...“ашиг сонирхлын зөрчил” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно... “үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно.
Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй...” гэж тайлбарласан.
Иймд илтгэгч гишүүний “...шүүгч Ө.Бахытбекийг шүүгдэгч Х.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг буруутгах боломжгүй” гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
2. Мэдээллийн “...шүүгч нь Баян-Өлгий аймагт өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа ...дээрх хэрэгт 48 цаг баривчлагдан саатуулагдаж, яллагдагчаар татагдаж байсан...” гэх үндэслэлийн тухайд:
Эрүүгийн хэргийн явцад прокурорын “Яллагдагч М.А-д холбогдох тодорхой үйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг хэлэлцэх үед яллагдагчийн өмгөөлөгч А.К, Б.Д нараас “...саналыг хэлэлцэх шүүх хуралдааны үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарсан. Тухайн мэдээлэл гарсантай холбоотой шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан...” гэх хүсэлтийг тухайн үед Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Т.Ц-ийн 2021 оны 2021/ЕШЗ/..3 дугаар захирамжаар “...шүүхэд ergelt.mn сайтад гарсан ...мэдээллийг шүүхэд ирүүлжээ. Тухайн мэдээлэлд шүүгч Ө.Бахытбекийн нэр дурдагдсан хэдий ч түүнийг ямар хэрэгт хэрхэн холбогдуулан шалгасан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн өмгөөлөгч А.К нь тухайн мэдээлэл гарсантай холбоотойгоор миний үйлчлүүлэгчийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа гэх боловч энэ талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Мөн шүүгч Ө.Бахытбекийг Баян-Өлгий аймгийн шүүхэд ажиллаж байсан гэх үндэслэлээр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан ...үндэслэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээлэлд шүүгчийн нэр дурдагдсан, урьд нь аймгийн шүүхэд ажиллаж байсан гэх үндэслэлүүдээр шүүгч Ө.Бахытбекийг яллагдагч М.А-ийн өмгөөлөгч нараас түүнийг хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах хүсэлт гаргасан боловч татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй гэж үзнэ...” гээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 10-12 тал/
Олон нийтийн ergelt.mn сайтад 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “...аймгийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А нь 2017 оны 6 дугаар сарын 12-нд өөрийн баз Ө.Бахытбекийн найз болох И.Х-ыг компанидаа ажилд томилохын тулд 3.000.000 төгрөгийн авлига авчээ. Тэрээр баз хүргэн болох Ө.Бахытбекээр дамжуулан 3.000.000 төгрөг авсныхаа дараа И.Х-ын тушаалыг гаргаж, ажилд авчээ.... Дээрх хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Гэтэл Т.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор аль алиныг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ...” гэх нийтлэл гарч байсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 170-174 тал/
Холбогдох шүүгчийн тайлбараас үзэхэд тэрээр 2020 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалд томилогдсон байх ба дээрх нийтлэлд дурдагдсан үйл баримт нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг байна.
Иймд илтгэгч гишүүний “...энэ нь одоо хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрүүгийн хэрэгт хамааралгүй тул шүүгчийг энэ үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Ө.Бахытбек Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж мэдээлэлд дурдсан нь шалгах ажиллагааны хүрээнд сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдохгүй байх тул гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, холбогдох шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ГС/2026/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбект холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
С.ЭНХТӨР