info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2026-05-12

Дугаар 14

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай 

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга  Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2026/0051 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гаргасан холбогдох шүүгч А.Зүмбэрэлийн гомдлыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэн А.А-ээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэлд холбогдуулан гаргасан өргөдөлд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, илтгэгч гишүүнээс холбогдох шүүгч  А.Зүмбэрэлийг “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл болох ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад татгалзан гаргах хүсэлт гаралгүйгээр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн, иргэний хэрэг үүссэнээс хойш 3 сар гаруйн хугацаанд татгалзан гарах хүсэлт гаргаагүй, сахилгын хэрэг үүссэний дараа татгалзан гарах хүсэлт гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөлийн талаар тодорхой тусгаагүй зэрэг нөхцөл байдлууд сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасан үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн” гэж дүгнэн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн СХМ/2026/0051 дүгээр магадлалаар “...Татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө мэдээгүй, сахилгын хэрэг үүсгэх үед болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанаас өмнө, эсхүл шүүх хуралдааны явцад мэдсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй. Түүнчлэн, шүүгчээр томилогдохоос өмнө оролцсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасан үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-д “энэ хуулийн 50.1.13, 50.1.14, 50.1.20, 50.1.25, 50.1.29, 50.1.32, 50.1.33, 51.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах” гэж тус тус заасан.  Шүүгчийн гаргасан дээрх сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан байх бөгөөд холбогдох шүүгч А.Зүмбэрэл уг магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

Шүүгч А.Зүмбэрэл гаргасан гомдолдоо “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл миний бие магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Энэхүү магадлал нь хуулийг буруу тайлбарласан, хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнийг тогтоогоогүй тул хууль зүйн үндэслэлгүй болно.

  1. Сахилгын хороо ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж ойлгогдох нөхцөлийг шууд зөрчил /ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал/ гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.” заасныг Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.” гэж тайлбарлажээ.

Дээрх зохицуулалт нь хууль зүйн хувьд өөр өөр үр дагавар үүсгэх бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй тохиолдолд шүүгч заавал татгалзан гарах, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал байвал энэ талаараа хэргийн оролцогчид мэдэгдэхээр байна. Гэтэл гишүүний дүгнэлтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил үүссэнтэй адилтан үзсэн байхад магадлалаар түүнийг зөвтгөсөн нь хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” заасан ашиг сонирхлын зөрчил нь бодит нөлөөлөл шаарддаг бол мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д "ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг.” заасан ойлгогдохгүй нөхцөл нь зөвхөн мэдэгдэх үүрэг үүсгэдэг.

Иймээс өмгөөлж байсан этгээдийн эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол шаардсан нэхэмжлэл нь миний ямар хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон шүүгчийн хувьд албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд ямар байдлаар харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал байгааг нотолж, дүгнэхгүйгээр ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэх боломжгүй юм.

Миний хувьд Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” зааснаар шүүх хуралдаанаас өмнө хэргийн оролцогчтой харилцах боломжгүй бөгөөд Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “... эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.” заасан үүргээ 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр хэрэгжүүлсэн.

  1. Сахилгын хороо ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байх шаардлагыг зөрчиж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор “ашиг сонирхлын зөрчил” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно. “үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно. Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй.” гэжээ.

Миний хувьд нэхэмжлэгч Г.Н-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь зөвхөн мэргэжлийн үйлчилгээ бөгөөд хувийн ашиг сонирхол болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг үүсгэх хууль зүйн үндэслэл биш гэж үзэж байна. Хуульд өмгөөлөгчийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлснийг хувийн ашиг сонирхолтойд тооцоогүй бөгөөд сахилгын хорооны магадлал хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийн мэргэжлийн эрхийг хязгаарласан нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэй байна. Хэрэв өмнө өмгөөлж байсан бүх тохиолдлыг ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзвэл хуульч шүүгч болох боломж бодитоор үгүйсгэгдэнэ. Энгийн жишээгээр эмч, үсчин гэх мэт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгч бүр үйлчлүүлэгчтэй хувийн ашиг сонирхолтой байдаггүйтэй адил өмгөөлөгч хүн өмнөх үйлчлүүлэгчтэйгээ хувийн ашиг сонирхолтой байдаггүй.

Дээрх тайлбарт дурдсанаар ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй ч ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь сахилгын хэргийн материалаас тодорхойлогдсон байх ёстой байхад түүнийг нотлохгүйгээр ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж дүгнэсэн сахилгын хорооны магадлал үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, шүүгчээс нэхэмжлэгч Г.Н-тай хувийн, эдийн засгийн, гэр бүлийн, дотно харилцаа байгаагүй нь нотлогдсон байхад ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болохгүй юм.

Тухайлбал, ашиг сонирхлын зөрчлийн зайлшгүй бүрэлдэхүүнд хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх байдал, албан үүрэгт нөлөөлөх байдал тогтоогдсон байх шаардлагатай байхад сахилгын хэрэгт шүүгчид хувийн ашиг сонирхол байсан, тухайн ашиг сонирхол албан үүрэгт нөлөөлсөн, эсхүл нөлөөлөх бодит эрсдэл үүссэн гэх нөхцөл байдлыг нотолсон аливаа баримт байхгүй байна. Сахилгын хороонд ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсхүл үүсэх бодит магадлал байгааг баримтаар тогтоох, нотлох үүрэг байсан боловч уг үүргээ биелүүлээгүй байна.

Иймд ашиг сонирхлын бодит зөрчил үүсээгүй, үүсэж болзошгүй нь баримтаар тодорхойлогдоогүй, зөрчлийн зайлшгүй бүрэлдэхүүн тогтоогдоогүй байхад мэргэжлийн харилцааг хувийн ашиг сонирхолтой адилтган үзсэн нь хуулийг буруугаар тайлбарласан гэж үзэж байна.

  1. Татгалзах хугацааны талаар хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүхээс нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлд заасан бүрдэл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаад хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан.

Шүүгч иргэний хэрэг үүсгэх шатанд өөрөө татгалзах боломжийг хуулиар нээгээгүй нь иргэн, хуулийн этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангахтай холбоотой, иргэний хэрэг үүсгэх нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээс тусдаа юм. Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэл хүлээн авч хэрэг үүсгэхээс өмнө заавал татгалзана гэсэн тусгай зохицуулалт байхгүй бөгөөд иргэний хэрэг үүсгэх нь маргааныг шийдвэрлэсэн үйлдэл биш процесс эхлүүлсэн шинжтэй үйл ажиллагаа юм. Иймээс би хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасныг ашиг сонирхлын зөрчилтэй адилтгах үндэслэл болохгүй гэж бодож байна.

Мөн магадлалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн боловч ямар ажиллагаа явуулсан, ямар нотлох баримтаар тогтоогдсон, аль талд хэрхэн нөлөөлсөн нь огт тодорхойлогдоогүй, баримтаар батлагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт татгалзах хугацааг шүүх хуралдаанаас өмнө, эсхүл явцад гэж тодорхой заасан бөгөөд иргэний хэрэг үүсгэхээс өмнө заавал татгалзах гэсэн зохицуулалт хуульд огт байхгүй. Жолоочийг замд гарахаас өмнө дүрэм зөрчсөн гэж буруутгаж болохгүйтэй адил хуульд заагаагүй үе шатанд үүрэг ногдуулж болохгүй.

Шүүгч татгалзах үүргээ, талуудад мэдэгдэх үүргээ биелүүлэх хугацааг хуульд заагаагүй байхад сахилгын зөрчил шалгах ажиллагааны явцад хугацааг тогтоох, шүүгч татгалзлаа тийм үед хэрэгжүүлэх ёстой гэх байдлаар ажиллавал энэ өөрөө хууль тогтоогчтой адил эрх хэрэгжүүлж буй хэрэг юм. Ерөнхийдөө хуульд үүрэгжүүлсэн атлаа хугацаа заагаагүй тохиолдлыг хэрхэн авч үзэх вэ гэдэг эрх зүйн асуудал энд тавигдах ба ийм эрх зүйн маргаантай асуудалд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах нь хэтийдсэн тохиолдол болно гэж харж байна. Хугацаа өөрөө императив хэм хэмжээ буюу шууд хуульд тусгагдах байдлаар нэг мөр ойлгогддог ойлголт гэдгийг анхаарах ёстой ба ийнхүү хугацаа тодорхойлсон хэм хэмжээ байхгүйг сахилгын дүрмээр хязгаар тавьж болохгүй. Хуулийн хугацааг сахилгын хэм хэмжээгээр нөхөн зохицуулах хэр зохистой эсэхийг миний тохиолдол дээр та бүхэн харгалзан үзэхийг хүсье.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч татгалзах боломжоо алдаагүй, татгалзах үүрэг нээлттэй, татгалзан гарах хугацаа, үе шатны асуудал нь хууль хэрэглээний маргаантай асуудал байхад үүнийг сахилгын зөрчилд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

  1. Шүүгч татгалзан гарах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч эрх бүхий этгээд хүлээн авахаас татгалзсан. Ийм нөхцөлд шүүгчийг буруутгах боломжгүй гэж үзэж байна.

Шүүгч би шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалах, төвийг сахих зарчмыг хангах үүднээс хэргийг хянан шийдвэрлэх нь зохимжгүй гэж анхнаасаа үзэж байсан бөгөөд талуудыг өөрсдөө шүүгчээс татгалзах эрхээр хангаж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө татгалзан гарах үүргээ 2026 оны 01 дүгээр сарын 06, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тус тус 2 удаа биелүүлсэн.

Татгалзал нь хэлбэрдэх асуудал биш бөгөөд татгалзлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт  хийхгүйгээр шүүгчийг буруутгах нь үндэслэлгүй байна. Татгалзал хүлээн авах үндэслэлгүй бол татгалзах нь ямар ч ач холбогдолгүй юм.

Шүүгчийн татгалзсан татгалзлыг эрх бүхий этгээд шийдвэрлэсэн байхад уг асуудлыг урьд гаргах байсан гэж сахилгын журмаар буруутгах нь эрх зүйн тодорхой байдлын болон шударга ёсны зарчимд нийцэхгүй тул урьд татгалзал гаргах байсан, татгалзлыг хүлээн аваагүй нь шүүгчийн зөвтгөх үндэслэлгүй гэсэн магадлал үндэслэл муутай гэж үзэж байна.

Эцэст нь шүүгчийн ёс зүйн зөрчил хараат бус байдлаар халхавчлагдах ёсгүйг миний бие маш сайн ойлгож, ухамсарладаг. Миний тохиолдолд магадлал сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний нөхцөл байдал тогтоогдоогүйг анхаараагүйгээс гадна шүүх, шүүгчийн аюулгүй байдал, хараат бус байдлын талаарх олон улсын зөвлөмж, гадаад улсуудын жишгээр шүүх процессоороо зөвтгөх, хянуулах механизмаараа дамжуулан засах боломжтой нөхцөл байдлуудад сахилгын зөрчил гэж үздэггүйг та бүхэн анхааралдаа авахыг хүсье.

5. Энэхүү хэрэгт бодит хор уршиг байхгүй бөгөөд шүүгч хэрэг шийдээгүй, нотлох баримт бүрдүүлээгүй, талуудад давуу байдал олгоогүй байхад сахилгын зөрчлийн хор уршиг тогтоогдохгүй. Сахилгын хариуцлага хүлээлгэхийн тулд зөрчил, буруутай үйлдэл, хор уршиг шаардлагатай. Үр дагавар үүсээгүй, хор уршиггүй нөхцөлд шийтгэл ногдуулах нь хариуцлагын зорилгод нийцэхгүй.

Иймд магадал нь хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн, сахилгын зөрчлийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй төдийгүй сахилгын хариуцлага ногдуулах эрх зүйн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Холбогдох шүүгч А.Зүмбэрэлийн Сахилгын хорооны хуралдааны магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Гомдолд “...өмгөөлж байсан этгээдийн эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол шаардсан нэхэмжлэл нь миний ямар хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон шүүгчийн хувьд албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд ямар байдлаар харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал байгааг нотолж, дүгнэхгүйгээр ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэх боломжгүй юм. Миний хувьд Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж зааснаар шүүх хуралдаанаас өмнө хэргийн оролцогчтой харилцах боломжгүй бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “... эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.” гэж заасан үүргээ 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр хэрэгжүүлсэн, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч татгалзах боломжоо алдаагүй, татгалзах үүрэг нээлттэй, татгалзан гарах хугацаа, үе шатны асуудал нь хууль хэрэглээний маргаантай асуудал байхад үүнийг сахилгын зөрчилд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. …Сахилгын хариуцлага хүлээлгэхийн тулд зөрчил, буруутай үйлдэл, хор уршиг шаардлагатай. Үр дагавар үүсээгүй, хор уршиггүй нөхцөлд шийтгэл ногдуулах нь хариуцлагын зорилгод нийцэхгүй” гэж дурдсан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, шүүгч А.Зүмбэрэл нь А.А-д холбогдох “А.А нь Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь эх бурхан мөн гэж иргэн Г.Н-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан орчин цагт дуурайлган хийсэн Дарь эх гэх бурхныг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 500,000 ам доллароор худалдсан буюу дуураймал эд зүйлийг бодит байдлыг нуух замаар жинхэнэ гэж итгүүлэн хуурч, түүнд 1,330,930,326 төгрөгийн хохирол учруулсан” гэх эрүүгийн хэргийн хохирогч Г.Н-тай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн өмгөөлөгчөөр 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл оролцож байжээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зарлигаар А.Зүмбэрэл нь шүүгчийн албан тушаалд томилогдсон байна.

            Тус эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор А.А-ийг гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, …хохирогч Г.Н нь 158,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хүүний төлбөрт олох байсан орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн байна.

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ... дүгээр магадлалаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 дүгээр тогтоолоор хохирогч талаас гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дээрх эрүүгийн хэргийн хохирогч Г.Н-аас “гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 71,889,800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг А.А-д холбогдуулан гаргасан нь шүүгч А.Зүмбэрэлд хуваарилагдаж, шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Өмнө дурдсанчлан шүүгч А.Зүмбэрэл А.А-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Г.Н-ийн хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байсан атлаа  Г.Н-аас тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч А.А-ээс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, ажиллагаа явуулсан нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасан “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” гэх үндэслэлд хамаарна.

Тодруулбал, шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах ба татгалзан гарах үндэслэлийг мэдсэн даруйдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах нь түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.

Гэтэл шүүгч А.Зүмбэрэл Г.Н-ийн нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд илтгэгч гишүүнээс шүүгчид холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр татгалзах хүсэлтээ гарган шийдвэрлүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах тул шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, татгалзах үндэслэл байгааг мэдмэгц татгалзан гарах нь шүүгчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Гэтэл шүүгч “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт татгалзах хугацааг шүүх хуралдаанаас өмнө, эсхүл явцад гэж тодорхой заасан бөгөөд иргэний хэрэг үүсгэхээс өмнө заавал татгалзах гэсэн зохицуулалт хуульд огт байхгүй.” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 36 дугаар тогтоолд “…“ашиг сонирхлын зөрчил” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно. “үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаар тодорхойлогдсон байхыг ойлгоно” гэж тайлбарласнаас үзвэл холбогдох шүүгчийн “…Сахилгын хороонд ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсхүл үүсэх бодит магадлал байгааг баримтаар тогтоох, нотлох үүрэг байсан боловч уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд ашиг сонирхлын бодит зөрчил үүсээгүй, үүсэж болзошгүй нь баримтаар тодорхойлогдоогүй, зөрчлийг зайлшгүй бүрэлдэхүүн тогтоогдоогүй байхад мэргэжлийн харилцааг хувийн ашиг сонирхолтой адилтган үзсэн нь хуулийг буруугаар тайлбарласан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хэдийгээр шүүгч нь шүүгчийн албан тушаалд томилогдохоос өмнө хууль зүйн туслалцаа үзүүлж байсан иргэнтэй холбоотой хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хуулиар хориглоогүй ч энэ хэргийн тухайд нэг хэргийн гэм хорын асуудал, шүүгч өмнө нь тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдалд хамаарах тул шүүгч хуульд заасны дагуу татгалзан гарах үүргийг хэрэгжүүлэх ёстой байсан.

Мөн гомдолд “...Шүүгч татгалзан гарах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч эрх бүхий этгээд хүлээн авахаас татгалзсан. Ийм нөхцөлд шүүгчийг буруутгах боломжгүй гэж үзэж байна.” гэжээ. 

Шүүгчээс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу энэ үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэсэн өдөр Г.Н-ийн нэхэмжлэлтэй А.А-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн ... дугаар захирамжаар шүүгч А.Зүмбэрэлийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч А.Зүмбэрэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг, хариуцагч А.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ээс шүүгч А.Зүмбэрэлийг татгалзан гаргах хүсэлтийг тус тус өгснийг бүрэлдэхүүний шүүгч Э.А, А.С нар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5 дахь хэсэгт “Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг үндэслэлтэй эсэхийг түүнийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид шийдвэрлэнэ. Санал тэнцвэл шүүгчийг татгалзан гаргасанд тооцно”, 92.6 дахь хэсэгт “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж зохицуулсан.

            Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл бий болсон буюу нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх хүртэл хугацаанд татгалзан гарах хүсэлтийг гарган шийдвэрлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлүүлэн явуулсан нь шүүгчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн ба харин шүүгчийн татгалзлыг Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийн дээрх үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

            Түүнчлэн тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Эрүүгийн яг ямар хэрэг дээр ажилласан гэдгийг мэдээгүй, өмнө нь Г.Н-ийн өмгөөлөгч байсан гэдгийг нь л ойлгосон. ...энэ хэргийн хувьд бүр нарийн холбоо хэлхээг нь тогтоохоор асуугаагүй, нэг хэргийн гэм хорын асуудал байна гэдэг нь тодорхойгүй байсан санагдаж байна.” гэснээс үзвэл шүүгч татгалзан гарах үндэслэлээ тодорхой, үнэн зөв, бодитой мэдүүлээгүй гэж үзэхээр байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.” гэж заасан сахилгын зөрчил гаргасан байна гэж дүгнэн шүүгч А.Зүмбэрэлд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж үзэн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13-т заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэлийн гомдлыг хангахгүй орхиж, Сахилгын хорооны хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2026/0051 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Д.АРИУНТУЯА

                                    ГИШҮҮН                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                Б.СУГАР