
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-04-08
Дугаар 51
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүлээн авч,
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нарансолонго, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2026/0011 дүгээр Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “Өргөдөл гаргагч А.А-ээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэлд холбогдуулан “... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүгч А.Зүмбэрэл нь хувийн сонирхлоор хандан, эрүүгийн хэргийн оролцогч Г.Н-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан ба энэхүү үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалан, хувийн харилцаатай байсан атлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзахгүйгээр шүүгчийн ёс зүйн зөрчил гаргаж байна...” гэх агуулга бүхий өргөдөл гаргасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Хан-Уул дүүргийн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2010022590*** дугаар тогтоолоор А.А-ийг “Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь эх бурхан мөн гэж иргэн Г.Н-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан орчин цагт дуурайлган хийсэн Дарь эх гэх бурхныг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 ам.доллароор худалдаж их хэмжээний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явуулаад, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Өмгөөлөгч А.З нь хохирогч Г.Н-тай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан, хяналтын прокурор болон Улсын ерөнхий прокурорт хүсэлт, гомдол гаргах, хэргийг хянан хэлэлцэхээр товлон зарласан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14, 04 дүгээр сарын 26, 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд тус тус оролцсон байна.
Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2002/ШЗ/*** дугаар захирамжийг эс зөвшөөрч хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч А.З нараас гомдол, улсын яллагчаас эсэргүүцэл гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 2022/ДШМ/*** дүгээр магадлалаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг прокурорт буцсанаас хойш хохирогч Г.Н-ийн өмгөөлөгчөөр Р.М оролцож, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *** дүгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр талууд “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулан А.А 1,540,000,000 төгрөгийг Г.Н-т төлөхөөр тохиролцсоны дагуу төлбөрийг барагдуулан, уг гэрээг дүгнэсэн актыг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйлдэж “төлбөр барагдуулах гэрээг биелүүлж дууссан, бурхантай холбоотой ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг баталгаажуулж” дүгнэсэн байна.
Хэргийг хэлэлцсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03, 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд хохирогч Г.Н-ийн өмгөөлөгчөөр Б.Н, Б.М нар тус тус оролцсон, мөн Г.Н нь өмгөөлөгч Н.У-тэй 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулжээ.
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор А.А-ийг гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/*** дүгээр магадлалаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох болгон өөрчилсөн байна.
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болжээ.
А.З нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зарлигаар шүүгчээр томилогдсон бөгөөд иргэн Г.Н-аас А.А-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 71,889,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан нь шүүгч А.Зүмбэрэлд иргэний хэргийн системээс хуваарилагдан, шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/39*** дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Холбогдох шүүгчээс “... Иргэний хэрэг үүсгэхээс өмнө шүүгч татгалзан гарах ойлголт хуульд байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж зааснаар зохицуулжээ. Шүүгч иргэний хэрэг үүсгэх шатанд өөрөө татгалзан гарах боломжийг хуулиар нээгээгүй ...” гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Шүүгч дараахь үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй: ... 91.1.4.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол.” гэж заасан.
Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3-д “... “ашиг сонирхлын зөрчил” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно.
... “үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно.
Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж тайлбарлажээ.
Шүүгч А.Зүмбэрэл нь шүүгчээр томилогдохоосоо өмнө хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн хохирогч Г.Н-ийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгааг шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл болох ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж үзнэ.
Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор хохирогч Г.Н-ийг хүүний төлбөрт олох байсан орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/*** дүгээр магадлалд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн зэргээс үзэхэд, Г.Н-ийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь түүнд шүүгч А.Зүмбэрэл хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байсан эрүүгийн хэрэгтэй холбоотой буюу шүүгдэгч А.А-ээс хуурамч бурхан худалдан авсан гэх үйл баримтын улмаас Г.Н учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа энэ тохиолдолд шүүгчийн албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдалд хүргэх магадлалтай байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд энэ хуулиар шүүхэд нэхэмжлэл гаргахаас эхлээд хэргийг эцэслэн шийдвэрлэх, улмаар шийдвэрийг гүйцэтгэх хүртэлх бүхий л харилцааг зохицуулсан тул шүүгч хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шүүгчийн оролцож болохгүй нөхцөлийг тухай бүр хэргийн оролцогчдод мэдэгдэх, эсхүл татгалзан гарах хүсэлт гаргаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлж байх учиртай.
Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн шүүх нь иргэд хоорондын маргааныг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагааг шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хамааруулан ойлгох бөгөөд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх нь үүнд хамаарах тул шүүгчийн оролцож болохгүй нөхцөл байгаа эсэхийг нягтлан шалгаж, хэрэв хуульд заасан үндэслэл байвал татгалзан гарах үүрэгтэй.
Гэтэл шүүгч нь өөрийн үйлчлүүлэгч байсан этгээдийн тухайн ажиллаж байсан эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар хандсан нэхэмжлэл гэдгийг мэдэж байсан боловч татгалзан гарах хүсэлт гарган шийдвэрлүүлэхгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн нь шүүгчийг ашиг сонирхлын зөрчил үүс ч болзошгүй нөхцөл байдал бий болсон байхад хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэл болох тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэлээ.
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д "ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан ... олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” гэж тодорхойлсон бөгөөд эрүүгийн хэргийн шүүгдэгч байсан этгээдээс хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн маргааныг хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан шүүгч хянан шийдвэрлэх үйл баримт нь шүүгч тухайн иргэний хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгох хангалттай үндэслэл болно.
Хэдийгээр шүүгч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш татгалзан гарах хүсэлт гаргасан боловч энэ нь шүүгчийг татгалзан гарах үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Учир нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 3 сар орчмын дараа буюу сахилгын хэрэг үүсгэсэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр татгалзан гарах хүсэлт гаргахдаа зөвхөн Г.Н-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан талаараа дурдаад, харин тухайн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь түүний ажиллаж байсан эрүүгийн хэрэгтэй холбоотой зэрэг хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлуудын талаар тодорхой дурдаагүй байх бөгөөд энэ хүрээнд Ерөнхий шүүгч 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ЕШ2026/00*** дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь түүний “... Эрүүгийн яг ямар хэрэг дээр ажилласан гэдгийг мэдээгүй, өмнө нь Н-ийн өмгөөлөгч байсан гэдгийг нь л ойлгосон ...” гэх гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин тус нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “... нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна ...” гэж заасны дагуу шүүгч А.Зүмбэрэлд системээс хуваарилагдсан болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн системийн хуваарилалт, бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэсэн зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл болох ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад татгалзан гарах хүсэлт гаралгүйгээр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн, иргэний хэрэг үүссэнээс хойш 3 сар гаруйн хугацаанд татгалзан гарах хүсэлт гаргаагүй, сахилгын хэрэг үүссэний дараа татгалзан гарах хүсэлт гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөлийн талаар тодорхой тусгаагүй зэрэг нөхцөл байдлууд сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасан үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч А.Зүмбэрэл Шүүхийн сахилгын хороонд 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “... Тус шүүхэд гаргасан Г.Н-ийн нэхэмжлэлтэй, А.А-д холбогдох 71,889,800 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр системээс хуваарилагдсаны дагуу миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул мөн хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн.
Иргэний хэрэг үүсгэхээс өмнө шүүгч татгалзан гарах ойлголт хуульд байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж зааснаар зохицуулжээ. Шүүгч иргэний хэрэг үүсгэх шатанд өөрөө татгалзан гарах боломжийг хуулиар нээгээгүй нь иргэн, хуулийн этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангахтай холбоотой, иргэний хэрэг үүсгэхэд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээс тусдаа анхан шатны ойлголт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлд заасан бүрдэл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаад татгалзах үндэслэл байхгүй бол иргэний хэрэг үүсгэдэг.
Миний бие 2022 оны 07 дугаар сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч Г.Н-ийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байсан бөгөөд зөвхөн хуулиар зөвшөөрсөн мэргэжлийн үйл ажиллагаа буюу хууль зүйн туслалцаа үзүүлж байсан. Мөн Г.Н-тай гэр бүл, төрөл садан болон хувийн дотно харилцаагүйгээс гадна эрүүгийн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаас хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, Г.Н-тай холбоогүй байсан болно. Шүүгч би талуудыг өөрсдөө шүүгчээс татгалзах эрхээр хангасан бөгөөд татгалзаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө татгалзан гарах хүсэлтээ гаргах боломжтой байсан юм.
Гэвч зохигч шүүгчээс татгалзаагүй бөгөөд шүүхийн сахилгын хорооноос сахилгын хэрэг үүсгэсэн тул хэргийн оролцогчоос шүүхэд итгэх итгэлийг хамгаалах, шүүгч төвийг сахих зарчмыг хангах үүднээс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлтийг би Ерөнхий шүүгчид гаргасан боловч хуульд заасан татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж зааснаар миний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл үүсээгүй болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Иймд миний хувьд хэрэгт хэлэлцүүлэг явуулж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй, дараагийн боломжит үе буюу хэргийг хэлэлцүүлэх захирамж гарах болон шүүх хуралдаан эхлэхээс өмнө татгалзлаа илэрхийлэх байсан тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж;
Шүүгч А.Зүмбэрэлээс Шүүхийн сахилгын хороонд 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн тайлбартаа: “Г.Н-ийн өмгөөлөгчөөр хэзээнээс эхэлж ажилласнаа санахгүй байна. Гэрээгээ хайгаад олоогүй. Г.Н-ийн гомдлоор А.А-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхлэн 2022 оны 07 дугаар сард давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаах хүртэл нь ажилласан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг албан ёсоор дүгнэсэн, дуусгавар болгосон зүйл байхгүй, давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан шийдвэр гарснаас хойш Намдаг надтай холбогдоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд нь би оролцоогүй, нийтийн албан тушаалд томилогдсон тул өмгөөлөгчөөр ажиллах боломжгүй болсон тул холбогдсон тохиолдолд энийгээ хэлэх байсан. Ганцаарчлан өмгөөлөл үзүүлж байсан, шүүх дээр байсан хэргийнхээ хүмүүст мэдэгдээд ажлаа зохицуулсан. Н-ийн хувьд надаас гадна Н, М гэсэн 2 өмгөөлөгчтэй байсан. Надтай хэрэг мөрдөн байцаалтад буцсан буюу 2022 оноос хойш холбогдоогүй. Намайг шүүгч болсныг нөгөө 2 өмгөөлөгчөөсөө мэдсэн байх, нөгөө өмгөөлөгчдийг яаж сонгосныг би мэдэхгүй, надтай хамтарч ажилладаг өмгөөлөгчид биш байсан. Намайг урьд таних Б гэдэг хүнээр дамжуулан холбогдож өмгөөлөгчөөрөө ажиллуулсан. Өргөдлийн агуулга намайг өөртөө хуваарилаад авчлаа гэсэн байх шиг байна, нэхэмжлэл системээр хуваарилагддаг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгч татгалзан гарна гэсэн зохицуулалттай, ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө татгалзан гарах агуулгатай гэж ойлгодог. Мөн миний зүгээс нэхэмжлэгч болон хариуцагчаас татгалзан гарах үндэслэлээ нуусан зүйл байхгүй, аль аль нь намайг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсныг мэдэж байгаа, ийм учраас ганц шүүгч биш талууд ч мөн адил шүүгчээс татгалзах эрхтэй, энэ эрхээ талууд хэрэгжүүлнэ гэсэн хүлээлттэй байсан, эрхийг нь хангаж хүлээсэн нь татгалзах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлгүй болохгүй байх гэж бодож байна. Нэхэмжлэлийг аваад Улсын дээд шүүхийн тайлбарыг харсан, урьд нь энэ маргааныг шийдвэрлэсэн гэдгийг яг энэ иргэний хэргийг гэж үзсэн буюу энэ нөхцөлтэй таарахгүй байсан, гэхдээ миний анх иргэний хэрэг үүсгэхдээ баримталсан байр суурь бол хэргийг би шийдвэрлэх нь зохисгүй гэж үзсэн учраас нотлох баримт бүрдүүлэх, хэргийг хэлэлцүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бодитоор ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Процессын дарааллын хувьд ямар нэгэн ажиллагаа хийгдэхээс өмнө татгалзсан байх байр суурьтай байсан учир хэргийн хэлэлцүүлэх захирамж гаргахаас өмнө татгалзлаа Ерөнхий шүүгчид өгсөн бөгөөд энэ үед талуудын байр суурь тодорхой болж татгалзахгүй гэдгээ илэрхийлж Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан байсан.
Иргэний хэрэг үүсгэж байгаа нь шийдвэр мөн. Түрүүн тайлбарласнаар талууд шүүгчийг татгалзах эрхтэй учраас энэ хугацаанд энэ эрхээр нь хангасан гэж үзэж байна. Харин Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаснаар талууд татгалзахгүй гэдэг байр суурь нь тодорхой болсон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан учраас хэргийг хэлэлцэхээс өмнө татгалзлаа гаргасан, Сахилгын хороонд өргөдөл гаргасантай холбогдуулан татгалзал гаргасан зүйл байхгүй. Хуульд шүүгч хэргийг шийдвэрлэхээс өмнө татгалзахаар зохицуулсан байхаас нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэхээс өмнө татгалзана гэсэн зохицуулалт байхгүй гэж ойлгож байна. Мөн ямар нэгэн шийдвэр гаргах нотлох баримт бүрдүүлэх, талуудын эрх ашигт холбоотой шийдвэр гаргуулах, хэргийг хэлэлцүүлэх гэх мэт шийдвэр гаргахаас өмнө татгалзлыг гаргасан байх учиртай учраас энэ татгалзлыг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуралдаанаас өмнө л татгалзах асуудлыг зохицуулснаас бус иргэний хэрэг үүсгэхээс өмнө эсхүл нэн даруй татгалзах үүрэгтэй болохыг дурдаагүй байна.
Иргэний хэрэг үүсгэсэн шийдвэр ажиллагааны нэг хэсэг бол мөн. Талууд хэн болов ч шүүхэд мэдүүлэх Үндсэн хуульд заасан эрхтэй. Хуульд татгалзах үндэслэл байвал л татгалзана, үндэслэл байхгүй бол шууд үүсгэхээр заасан. Иргэний хэрэг үүсгэж байгаа нь хэргийг шийдвэрлэж байгаа бус процессыг эхлүүлсэн агуулгатай гэж ойлгож байна.
Миний хувьд татгалзалдаа Ерөнхий шүүгчээс ямар нэгэн зүйл нуусан асуудал байхгүй. Нээлттэй мэдээллийнх нь линкийг хавсаргаж өгсөн. Тэр дээр нь нэхэмжлэгч, хариуцагч нь тодорхой байгаа. Ерөнхий шүүгч намайг дуудаж энэ ямар хэрэг юм, чи яг ямар хэрэг дээр нь өмгөөлөл үзүүлсэн юм гэж асуугаагүй, мэдээллээ татаж харсан байх
Татгалзлын асуудлаа бусад шүүгчээс бол асуугаагүй, миний анхны байр суурь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна гэсэн байр суурьтай байсан. Талууд урьд нь өмгөөлөгчөөр ажиллаж байсныг мэдэхгүй зүйл бол байхгүй аль аль нь нэг хэрэгт явж байсан мэдэж байсан. Нуусан зүйл байхгүй. Хэргийг шийдвэрлүүлэх талаар идэвх чармайлт гаргаж, ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Талуудыг татгалзах эрхээр нь хангасан. Талуудын байр суурь нь тодорхой болсон учраас процессын зохих үе шатанд нь татгалзлаа илэрхийлсэн, цаашид ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах байр суурь хэвээрээ байгаа.” гэжээ;.
Шүүгч А.Зүмбэрэл Шүүхийн сахилгын хороонд 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл надад холбогдуулан гаргасан гишүүний дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргах нь зүйтэй гэж үзлээ.
1. Иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан тухайд
Нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлд заасан бүрдэл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаад хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан. Иргэний хэрэг үүсгэхээс өмнө шүүгч татгалзан гарах ойлголт хуульд байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” зааснаар зохицуулжээ. Шүүгч иргэний хэрэг үүсгэх шатанд өөрөө татгалзах боломжийг хуулиар нээгээгүй нь иргэн, хуулийн этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангахтай холбоотой, иргэний хэрэг үүсгэх нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээс тусдаа юм. Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэл хүлээн авч хэрэг үүсгэхээс өмнө заавал татгалзана гэсэн тусгай зохицуулалт байхгүй бөгөөд иргэний хэрэг үүсгэх нь маргааныг шийдвэрлэсэн үйлдэл биш процесс эхлүүлсэн хэлбэрийн шинжтэй үйл ажиллагаа юм. Иймээс би хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасныг ашиг сонирхлын зөрчилтэй адилтгах үндэслэл болохгүй гэж бодож байна.
2. Иргэний хэрэг үүсгэснээс хойш 3 сар гаруйн хугацаанд татгалзаагүй тухайд
Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан бөгөөд мөн өдөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүргийг танилцуулсан бол нэхэмжлэгч талд 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр танилцуулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-д “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах” заасан эрхийг Г.Н болон А.А нар эдлэх бөгөөд энэхүү эрхийг зохигч эрх, үүрэгтэйгээ танилцсан үеэс эдэлнэ. Шүүгчээс хэргийн оролцогчийн татгалзан гарах эрхээр хангахгүй, тэдэнд мэдэгдэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах нь диспозитив зарчимтай зөрчилдөх бөгөөд нэхэмжлэгч А.А татгалзах эрхтэйгээ мэдсэнээс хойш 2 сар өнгөрсөн бол нэхэмжлэгч Г.Н 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл татгалзан гарах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байжээ. Хэргийн нэг оролцогч буюу нэхэмжлэгч Г.Н нь татгалзан гарах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байхад түүнийг Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “... эсхүл хэргийн оролцогчид мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” заасан эрхээр хангасан гэж үзэхгүй тул шүүгч хэргийн нөгөө талыг татгалзан гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр татгалзах нь зохимжгүй байжээ. Миний хувьд энэ хугацаанд хэргийн оролцогчид ямар нэгэн давуу байдал олгоогүй, тийм олгосон шийдвэр гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй болно.
3. Цаг хугацааны хувьд нөхцөл байдал ийм байдалтай байсан бөгөөд шүүгч би шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалах, төвийг сахих зарчмыг хангах үүднээс хэргийг хянан шийдвэрлэх нь зохимжгүй гэж анхнаасаа үзэж байсан бөгөөд талуудыг өөрсдөө шүүгчээс татгалзах эрхээр хангаж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө татгалзан гарах үүргээ 2 удаа биелүүлсэн. Гэвч зохигч шүүгчээс татгалзаагүй бөгөөд шүүхийн сахилгын хороонд хандсанаар нэг талын байр суурь тодорхой болсон тул 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзах хүсэлтийг би Ерөнхий шүүгчид гаргасан боловч хуульд заасан татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон. Миний хувьд А.А-тэй хувийн болон бусад харилцаагүй тул түүний талаар татгалзалд дурдах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон магадлалын холбоосыг татгалзалд дурдсан тул түүнээс харах, тодруулах боломж Ерөнхий шүүгчид байжээ.
Дахин 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дээрх үндэслэлээр миний бие болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзал гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн татгалзлыг хүлээж аваагүй болно. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” зааснаар би шүүх хуралдаан эхлэхээс өмнө татгалзан гарах үүргээ 2 удаа хэрэгжүүлжээ.
Иймээс миний хувьд дээрх нөхцөл байдлыг нуугаагүй, талууд өөрсдөө татгалзах эрхтэй боловч татгалзаагүй байхад энэ эрхээр хангасан гэж буруутгах үндэслэлгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль үе шатанд татгалзах хуулийн тайлбарын маргаан нь сахилгын хариуцлага хүлээлгэх хэмжээний санаатай зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Тухайлбал иргэний хэрэг үүсгэхээс өмнө татгалзах, үүсгэсний дараа татгалзах, Үүсгэсний дараа ямар хугацаад татгалзах, талуудын татгалзах эрхээр хангахгүйгээр шууд татгалзах эсэх асуудал нь хуульд заасан татгалзан гарах үүргийг санаатайгаар зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй гэж бодож байна.
4. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” заасан нөхцөл байдал байсан гэж үзсэн боловч уг ойлголтыг бодит нөхцөл байдлаас ангид, хэт өргөтгөн тайлбарласан гэж үзэж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг”, 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” хэлнэ гэж тодорхой тодорхой зохицуулсан байхад мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг.” заасныг ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй юм. Дээрх зохицуулалт нь хууль зүйн хувьд өөр өөр үр дагавар үүсгэх бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй тохиолдолд шүүгч заавал татгалзан гарах, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал байвал энэ талаараа хэргийн оролцогчид мэдэгдэхээр байна. Гэтэл гишүүний дүгнэлтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил үүссэнтэй адилтан үзсэн нь өрөөсгөл болжээ. Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 36 дугаар тогтоолоор нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй.” гэжээ. Миний хувьд 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө Өмгөөллийн тухай хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор Г.Н-тай өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэсэн ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш түүнтэй холбогдоогүй, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой хувийн харилцаагүй болно. Иймээс Г.Н-тай хувийн харилцаа үүсээгүй байхад албан үүргийг тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд нөлөөлөх ашиг сонирхлын бодит зөрчил үүсэх боломжгүй юм. Иймээс 3 жилийн өмнөх өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааг одоогийн нийтийн албатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Гишүүний дүгнэлтэд дурдсан албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдалд хүргэх магадлалтай гэдгийг шалгуур болговол ямар ч маргаанд шүүгчийг буруутгах боломжтой, тогтвортой практик байхгүй болно.
Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн А.А-ээс гаргасан өргөдлийн дагуу Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/0003 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэлд холбогдуулан шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2026/0011 дүгээр нотлох дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2010022590*** дугаар тогтоолоор А.А-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ[1].
Мөрдөн шалгах ажиллагааны явцад, өмгөөлөгч А.З нь хохирогч Г.Н-тай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг[2] байгуулан, хяналтын прокурор болон Улсын ерөнхий прокурорт хүсэлт, гомдол гаргах, хэргийг хянан хэлэлцэхээр товлон зарласан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14, 04 дүгээр сарын 26, 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд тус тус оролцсон байна.[3]
Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2002/ШЗ/*** дугаар захирамжийг эс зөвшөөрч хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч А.З нараас гомдол, улсын яллагчаас эсэргүүцэл гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 2022/ДШМ/*** дүгээр магадлалаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.[4]
Үүний дараагаар хохирогч Г.Н-ийн өмгөөлөгчөөр А.З оролцоогүй байх бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 424 дүгээр[5] яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна[6].
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор А.А-ийг гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/*** дүгээр магадлалаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болгон өөрчилсөн байх[7] ба Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр[8] тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зарлигаар А.Зүмбэрэл нь шүүгчээр томилогдсон байна. Дээрх Эрүүгийн хэргийн хохирогч Г.Н*аас тус хэрэгт ял шийтгүүлсэн А.А*д холбогдуулан тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 71,889,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргаж, тус шүүхийн иргэний хэргийн системээс шүүгч А.Зүмбэрэлд хуваарилагдан[9], тэрээр 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/39*** дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн үйл баримтын тогтоогдсон.[10]
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Шүүгч дараахь үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй: ... 91.1.4.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” гэж заасан.
А.Зүмбэрэл нь шүүгчээр томилогдохоос өмнө тухайн иргэний хэргийн нэхэмжлэгч буюу дээрх Эрүүгийн хэргийн хохирогч Г.Н-ийн эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцсон ба хариуцагч А.А- нь тухайн гэмт хэргийн шүүгдэгч болон нэхэмжлэлийн шаардлага нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол болохыг тэрээр үгүйсгээгүй. Энэхүү үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл болох “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал” буюу шүүгчид хориглосон зохицуулалтад хамаарна гэж үзлээ.
Учир нь, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан ... олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” хориглоно гэж тус тус заасан.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3-д ““үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно” гэж, “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.” гэж тус тус тайлбарласан.
Гэтэл холбогдох шүүгч нь хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан эрүүгийн хэргийн үр дагавраас үүссэн хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн хохирогч Г.Н-ийн нэхэмжлэл нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон болохыг мэдэж байсан атал тухайн үед нь татгалзан гарах хүсэлт гаргахгүйгээр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Энэ талаар холбогдох шүүгчээс “... Иргэний хэрэг үүсгэхээс өмнө шүүгч татгалзан гарах ойлголт хуульд байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж зааснаар зохицуулжээ. Шүүгч иргэний хэрэг үүсгэх шатанд өөрөө татгалзан гарах боломжийг хуулиар нээгээгүй ...” гэж тайлбарлан, хавсралтаар 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн мөн оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШЗ2026/00*** дугаар Ерөнхий шүүгчийн захирамж,[11] 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд татгалзан гарах тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тус шүүхийн 192/ШТ2026/00*** дугаар[12] тогтоолыг тус тус ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т “Татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 92.6-д “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж тус тус заасны дагуу шүүгчийн татгалзан гарах хүсэлтийг Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь түүнийг зөрчил гаргасныг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Шүүгч А.Зүмбэрэл нь өөрт нь сахилгын хэрэг үүсгэсэн өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 06, мөн 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлт гаргасан байх боловч дээрх үндэслэл бий болсныг нэхэмжлэл хүлээн авах үед мэдсээр байж татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд заасан татгалзан гарах үүргээ биелүүлээгүйд тооцогдоно.
Татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө мэдээгүй, сахилгын хэрэг үүсгэх үед болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанаас өмнө, эсхүл шүүх хуралдааны явцад мэдсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй. Түүнчлэн, шүүгчээр томилогдохоос өмнө оролцсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасан үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-д “энэ хуулийн 50.1.13, 50.1.14, 50.1.20, 50.1.25, 50.1.29, 50.1.32, 50.1.33, 51.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах” гэж тус тус заасан.
Шүүгчийн гаргасан дээрх сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2026/0011 дүгээр нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 57 дугаар зүйлийн 57.1.2-д заасныг тус тус баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэлд нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.ЭРДЭНЭЧУЛУУН
Д.МЯГМАРЦЭРЭН