info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-07-07

Дугаар 102

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч Г.Т /цахимаар/ нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар, иргэн Г.Т-ын өргөдөлтэй, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ГС/2026/0079 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

1. “... Өргөдлийн “ ...шүүгч Б.Бат-Амгалан хэргийг шийдвэрлэхдээ хуулийг илт буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад хэрэгсэхгүй болгох ёстой байсан, надад холбогдох эрүүгийн хэрэг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.04.13-ны өдрийн .... дугаар захирамжтай байхад шийтгэл оногдуулсан” гэх үндэслэлийн тухайд:

1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ”, 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ”, 3 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдол, эсэргүүцлийн дагуу шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ”, 16.15 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан.

Дээрхээс үзэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж шийдвэр гаргах нь шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах тул өргөдөлд дурдсан үндэслэлээр шийдвэр анхан, давах, хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой,... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан нотлох баримтыг үнэлсэн, хуулийг тайлбарлан, хэрэглэхдээ буруу хэрэглэсэн алдааг дээд шатны шүүх нь залруулдаг онцлогтой.

Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн бүрэн эрхийн дагуу гаргасан шийдвэрийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй болно.

Өргөдөл гаргагчаас шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэсэн утга агуулгатай гомдол гаргасан байх бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэхэд дээд шатны шүүхийн хяналт хэрэгждэг бөгөөд шүүгдэгч Г.Т нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж хянуулсан байгааг дурдах нь зүйтэй.

1.2. Нөгөөтээгүүр, шүүгдэгч Г.Т нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байх хугацаанд хохирогч Д.А-д хохирлын мөнгө өгөх зорилгоор Дархан-Уул аймаг шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орж 2023 оны 04 сарыг 10-ны өдрийн .... дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарыг 13-ны өдрийн 135/Ш32023/.... дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

Уг баримтыг өргөдөл гаргагчаас “ ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-д “Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 1.4-т “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэж тус тус зааснаар шүүгч Б.Бат-Амгалан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан боловч эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Учир нь иргэний хэргийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээ нь зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан материалын болон материалын бус хохирлыг нөхөн төлөх, иргэний эрх зүйн маргааныг зохицуулах зорилготой баримт бичиг бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсвэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэх ойлголтод зөвхөн тухайн эрүүгийн хэрэг, үйл баримтад холбогдуулан урьд нь эрүүгийн хэргийн шүүхээс гаргасан, хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх, цагаатгах тогтоол эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хамааруулж үздэг.

Иймд иргэний шүүхийн эвлэрлийг баталсан захирамж нь эрүүгийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр биш тул уг үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжгүй юм.

Түүнчлэн, өргөдөл гаргагч нь Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой адилхан үндэслэлээр түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж хянуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн анх хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/..... дугаар захирамж болоод давж заалдах шатны шүүхийн магадлалд “ ...эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамж баримтаар авагдсан байхад прокуророос энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байх ба шүүхээс дээрх үйл баримтаар хэргийн хохирогч тодорхойгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн ба уг шийдвэрүүдэд хэргийг хэрэгсэхгүй болгох тухай утга, агуулга огт яригдаагүй байна.

1.3.Өргөдөл гаргагчаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн бөгөөд Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх олгогдоогүй ба гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахаар зохицуулсан.

Уг зохицуулалтын дагуу Г.Т нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар прокурорт гомдол гаргаж, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Б-ын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан байгааг дурдах нь зүйтэй байна.

2. Өргөдлийн “...хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1.9-д заасныг зөрчиж миний ээж Б.Ц-гийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан мэдүүлэгт үндэслэж гэм буруутай хэмжээн тооцсон” гэх үндэслэлийн тухайд:

Шүүгч Б.Бат-Амгалан шүүгдэгч Г.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын талаар шийтгэх тогтоолын 2-8 дугаар талуудад дэлгэрэнгүй дурдаж, улмаар эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Иймд “Б.Ц-гийн өгсөн мэдүүлэг үндэслэн гэм буруутайд тооцсон” гэх гомдол үндэслэлгүй ба дээр дурдсанаар шүүгдэгч Г.Т-ыг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол дээд шатны шүүхээр хянагдсан болно.

3.Өргөдлийн “ ...шүүгч Б.Бат-Амгалан шүүх танхимд шийдвэр гаргахдаа М.Г хохирогч биш хэмээн тогтоосон шийтгэх тогтоол бичгээр албажиж гаргахдаа М.Г хохирогч мөн хэмээн тогтоосон зөрүүтэй шийтгэх тогтоол гарсан”

Шүүгдэгч Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны гэм буруугийн шүүх хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болсон ба уг шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүгч дараах байдлаар шийдвэрээ танилцуулжээ. Үүнд:

0:00:10-0:04:40 Даргалагчаас: “За шүүхийн шийдвэрийг танилцуулъя. Шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, залилах гэмт хэргээс үйлдсэн нийт 63,250,000 төгрөгөөс хохирогч Д.А-д 23,000,000 төгрөгийг төлж, 250,000 төгрөгийн үлдэгдэл, хохирогч Ж.Б-д 40,000,000 төгрөгийн хохирол, завших гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.А-д 6,175,000 төгрөгийн хохирол учирсан. Эдгээр хохирлыг гаргуулахаар шийдвэрлэлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, хяналтын прокуророос хохирогч н.Гантөмөрийг гэрч болон хохирогчоор авсан мэдүүлгүүдийг зөвтгөж ирүүлээгүй алдаа гаргасан байна. Иймд хохирогч н.Г-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэхээр шийдвэрлэлээ. Хохирол төлөхтэй холбоотой шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар ярилцаж болно” гээд улмаар тэдгээрээс хохирол төлөхтэй холбоотой завсарлага авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшилсон байна.

Харин 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолын 10 дугаар талд “...харин шүүхээс үйл баримтыг тогтооход хохирогч М.Г, Д.А нарын хохирогчоос өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд давхцаж байгаа учраас М.Г-ийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Нөгөө талаар мөрдөгч нь Г.Т-ын хохирогч Д.А-г залилсан гэх гэмт хэрэгт хууль зүйн үндэслэлгүйгээр М.Г-ийг хохирогчоор тогтоосон байна. Тодруулбал, гэмт хэргийн талаар Цагдаагийн газарт анх гомдол, мэдээллийг гэрч М.Г гаргасан хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А-гийн Хаан банкны ..... тоот данснаас мөнгө шилжүүлсэн бөгөөд энэ талаарх дансны хуулгатай баримт хэрэгт авагдсан байдаг. Тиймээс М.Г-ийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг үнэлээгүй болно” гэж дурджээ.

Дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, шүүгч шийдвэрээ танилцуулахдаа М.Г-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлсэн тухай тайлбарласан бөгөөд энэ талаарх эрх зүйн дүгнэлтээ шийтгэх тогтоолд тодорхой тусгажээ.

Иймд шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэр, бичгээр албажиж гарсан шүүхийн шийдвэрээс зөрүүгүй болох нь тогтоогдож байна.

4. Өргөдлийн “... давж заалдах шатны шүүх хуралдаанд даргалагч шүүгчээр томилогдоогүй Б.М хурал даргалсан” гэх үндэслэлийн тухайд:

Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Манлайбаатар, бүрэлдэхүүнд шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нар томилогдсон байна.

Шалгах ажиллагаагаар тус эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд үзлэг хийхэд: давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, системээс 2024/ЕШЗ/.... дугаар олгогдож, даргалагч шүүгчээр Б.Манлайбаатар, илтгэгч шүүгчээр Ц.Амаржаргал, бүрэлдэхүүнд З.Төмөрхүү нар томилогдсон. Уг хэргийн бүрэлдэхүүн томилох ажиллагаанд хэн нэгний оролцоотойгоор эсхүл гараар тохируулсан, дугаар алгассан, устгасан зүйл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх эрүүгийн хэрэг нь давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан журмын дагуу хуваарилагдсан, үүний дагуу мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар Ерөнхий шүүгч шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байх тул тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

5. Өргөдлийн “... шүүгч З.Төмөрхүү чи хүн залилаагүй юу, энэ залилан биш үү, 6 сая төгрөг залилаагүй юу хэмээн дайрч тулгаж, үг хэлэх эрхийг хязгаарласан” гэх үндэслэлийн тухайд:

Г.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцсэн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд прокурор Б.Н, хохирогч Ж.Б-ны өмгөөлөгч Н.Д, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Ч нар оролцжээ.

Уг шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүхийн хэлэлцүүлгийн асуулт хариултын шатанд дараах байдлаар шүүгч нар хэргийн оролцогчоос асуулт асуусан байна. Үүнд:

“ ... 0:34:30-0:34:34 Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүнд асуулт байна уу? гэхэд

0:34:34-0:36:16 Илтгэгч шүүгч: Шүүгдэгчээс асууя, Ж.Б-ны хувьд бол өмгөөлөгч нь ч хэлж байна. Анх бол Ж.Б танд санал тавьдаг. Таны гомдлоос харахад Ж.Б өөрөө эхэлж санал тавьсан юм чинь би залилаагүй гэж ойлгогдохоор зүйл бичсэн байна. Тийм бол танд итгээд урьдын харьцааны та бол эмнэлэгт үйлчлүүлж байсан. Тэгээд таныг барилга барьдгийг чинь мэдээд итгээд танд захиалга өгсөн. Гэтэл та 2 сарын хугацаанд барьж өгнө гэж хэлсэн байгаа, та хоёрын тохиролцоо. Тэгээд 2 сарын хугацаа өнгөрчхөөд байгаа. Өнгөрөхөд та нэг ч ширхэг тоосго аваагүй байгаа шүү дээ. Тэгээд бариагүй, тэгээд өвөл болсон хойно нь барьж өгье гэхээр бариулахгүй гэж хэлэхээс яах юм. Та тэр мөнгөөр нэг ч юм аваагүй хувьдаа зарцуулсан байгаа. Үүнийг чинь одоо залилсан гэж үзэх үү. Юу гэж үзэх юм. Та өнөөдөр иргэний маргаан гээд баахан шийдвэр гаргуулсан юм уу мэдэхгүй байна. Хэрэг дотор байхгүй болохоор. Эрүүгийн хэрэг үүсэх үед тийм юм байгаагүй, тийм ямар ч баримт байхгүй. Та нар эвлэрээд иргэд хоорондын маргаан байсан гэх баримт байхгүй байсан. Гэтэл өнөөдөр залилаагүй гэдэг зүйл яриад байх юм. Залилаагүй юм бол та яасан юм бэ. Ж.Б-ны мөнгийг. Ж.Б-аас мөнгө авч байгаа үйлдлээ юу гэж үзээд байгаа юм гэхэд.

0:36:16-0:36:18 Шүүгдэгч: Барилгын материалууд бүгд байсан гэв.

0:36:19-0:36:24 Илтгэгч шүүгч: Байсан юм бол та мөрдөн байцаалтын үеэр хаана байгаа юм тэр зүйл чинь, тэрийгээ яаж нотолсон юм гэхэд.

0:36:24-0:36:27 Шүүгдэгч: Би зургаар тухайн үед өгсөн.

0:36:27-0:36:56 Илтгэгч шүүгч: Хэрэгт байна уу тэр зүйл. Бид нар энэ дотроос л энүүгээр л шийднэ. Та тэр яриад байгаа юм аа баримтаар мөрдөн байцаалтад өгсөн байх ёстой. Тийм баримт хаана байна. Таны дансны хуулга байж байгаа тэр мөнгө нь гараад явсан. Тэр өдөртөө та идээд уугаад явсан байна. Тэгэхээр одоо яах уу, та залилсан уу, залилаагүй юу гэдгээ тодотгоод нэг юм аа хэлчих гэхэд

0:36:57-0:37:14 Шүүгдэгч: Нэгдүгээрт хэт нэг талыг баримталсан нь надад чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх боломжийг олгоогүй байхгүй юу, хоёрдугаарт материалууд нь бүгд байсан гэв.

0:37:14-0:37:15 Илтгэгч шүүгч:  Энэ дотор байна уу, аль хуудас вэ гэхэд.

0:37:15-0:37:17 Шүүгдэгч: Харин тийм ээ гэв.

0:37:23-0:37:30 Илтгэгч шүүгч: Та ангийнхаа охиноос мөнгө зээлсэн үү, зээлээ яагаад хугацаанд нь төлөөгүй вэ гэхэд

0:37:31-0:37:34 Шүүгдэгч: Ковидын үе таарсан, модны үнийг тохиролцож чадаагүй гэв.

0:37:34-0:37:49 Илтгэгч шүүгч: Хохирогчийн мэдүүлэгт мөнгөө өгөхгүй болохоор нь оронд нь мод өгчих гэж хэлсэн. Модоо авах гээд очиход мод нь байгаагүй гэсэн байна. Энэ мод хаачсан ч мэдэгдэхгүй алга болсон. Танай ээжийн хашаанд байсан гэдэг дараа нь очсон байхгүй болсон. Тэр модоо яасан гэхэд

0:37:49-0:37:56 Шүүгдэгч: Бичгээ олж чадаагүй учраас модоо авахаа болиод, мөнгөө авъя гэсэн. Тэгээд мөнгөө өгөхөөр тохиролцож, би өөрөө модоо ашиглаж, хашааrаа хороогоо янзалсан гэв.

0:37:57-0:37:58 Илтгэгч шүүгч: Д.А-гийн мөнгийг хэзээ буцааж өгсөн бэ гэхэд

0:37:59-0:38:02 Шүүгдэгч: 04 дүгээр сарын гэхэд.

0:08:02-0:38:17 Илтгэгч шүүгч: Та өгөх ёстой хугацаандаа өгөх ёстой юм биш үү гэж хэлээд байна. Мөнгө өгөхгүй болохоор чинь аргаа барж байна шүү дээ хохирогч нарын мэдүүлгүүд А, Г нарынх байж байгаа гэхэд.

0:38:16-0:38:18 Шүүгдэгч: Бид хоорондоо хугацаа тохироогүй байсан. Хороондоо ярилцсан гэв.

0:38:18-0:38:22 Илтгэгч шүүгч: Та бол залилаагүй байсан, иргэд хоорондын маргаан юм аа гэж хэлэх гээд байна тийм үү гэхэд.

0:38:22-0:38:29 Шүүгдэгч: Тийм. Мөнгийн боловч надад залилан мэхлэх бодол санаа байгаагүй гэв.

0:38:30-0:38:31 Илтгэгч шүүгч: Өөр асуултгүй гэв.

0:38:33-0:38:40 Даргалагч шүүгч: Анх Д.А-гаас хэдэн төгрөг зээлсэн бэ, анх эхлэхдээ хэдэн төгрөг авна гэж явж байсан бэ гэхэд

0:38:50-0:38:51 Шүүгдэгч: 23,000,000 төгрөг гэв.

0:38:51-0:38:53 Даргалагч шүүгч: Өнөөдрийн байдлаар хэдийг нь төлсөн байгаа бэ гэхэд

0:38:53-0:38:54 Шүүгдэгч: 23,000,000 төгрөгөө бүгдийг нь барагдуулсан.

0:38:55-0:38:58  Даргалагч шүүгч: Анхан шатны шүүх дээр 6,000,000 төгрөг нь ямар учиртай бэ гэхэд

0:38:59-0:39:13 Шүүгдэгч: Тэр цагдаад хандахдаа завшсан гээд байгаа 29 сая төгрөгөөс хүү, алдангид 6,000,000 төгрөг нэхэмжилсэн.

0:39:14-0:39:16 Даргалагч шүүгч: Д.А та нарын хооронд хүү, алданги тооцохоор гэрээ байгуулсан уу гэхэд

0:39:16-0:36:19 Шүүгдэгч: Гэрээ байгуулаагүй, амаар хоорондоо тохиролцсон гэв.

0:39:20-0:39:21  Даргалагч шүүгч: Цаасан дээр буусан зүйл байхгүй юм уу гэхэд.

0:39:21-0:39:22  Шүүгдэгч: Амаар л яриад явсан гэв.

0:39:23-0:39:30 Даргалагч шүүгч: Та бол бүхэлд нь залилаагүй гэж үзээд тэр дотор нь 6,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу гэхэд

0:39:30-0:39:50 Шүүгдэгч: Зөвшөөрсөн. Би зөвшөөрөөд өгье гэсэн. Өгөөд тэр нь иргэний журмаар шийдвэрлээд өгнө гээд шийдэгдсэн байгаа гэв.

0:39:51-0:40:36 Илтгэгч шүүгч: Нэг асуулт байна. Даргалагч шүүгчийн асуусан асуулттай холбогдуулаад. Та 23 сая төгрөг чинь тусдаа асуудал. 15 саяыг зээлсэн, 8 сая 200 мянга нэмж зээлсэн, дахиад 274 ширхэг палк мод танай ээжийн хашаанд хадгалуулсан. Энэ үнэлгээ чинь 6,000,000 төгрөг. Энэ нэмэгдээд байхгүй юу. Та тэгээд ба хүү, алданги гээд энэ чинь хоёр өөр үйлдэл яваад байгаа. Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гээд ковид учраас ийш тийшээ зөөж болохгүй гээд энэ 6 сая төгрөг чинь ийм учиртай юм биш үү гэхэд.

0:40:37-0:40:44 Шүүгдэгч: Энэ дээр бол завшсан гэдэг юм байхгүй гэв.

0:40:45-0:41:19 Даргалагчаас: Чиний өнөөдрийн хурал дээр хэрхэн мэдүүлэг өгч байгаа, биеэ хэрхэн авч явж байгааг шүүх нэгийг бодож хоёрыг тунгаана. Та энэ газар дээр нь хоёр өөр зүйл яриад байх юм. Надад хэлэхдээ хүү, алданги гэж ярьсан. Сая илтгэгч шүүгч илүү сайн мэдэж байгаагаар яг барин тавин 6 сая чинь чамд өгсөн палкны мөнгө гэж хэлээд байна. Яагаад хоёр өөр зүйл яриад байна аа Г.Т-аа гэхэд.

0:41:19-0:41:42 Шүүгдэгч: Үндсэндээ 23 сая төгрөгийг 8 сая төгрөгөөр надаас палк авъя гээд надад байсан модыг авсан байхгүй юу. Тэрийг А-тай ярихдаа 6 саяыг хүү, алданги юм аа гээд иргэний журмаар шийдвэрлүүлсэн маргаан юм” гэж асуулт, хариулт явагдсан нь бичигджээ.

Өргөдөл гаргагчаас шүүгч З.Төмөрхүүг дайрч тулгаж, үг хэлэх эрхийг хязгаарласан гэх боловч уг шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр илтгэгч шүүгч Ц.Амаржаргал “ ...Гэтэл өнөөдөр залилаагүй гэдэг зүйл яриад байх юм. Залилаагүй юм бол та яасан юм бэ. Ж.Б-ны мөнгийг. Ж.Б-аас мөнгө авч байгаа үйлдлээ юу гэж үзээд байгаа юм” гэх байдлаар асуулт асуужээ.

Шүүх бүрэлдэхүүн нь шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй ба шүүгдэгчээс дээрх байдлаар асуусан асуулт нь шүүгдэгчийн гаргасан гомдол, түүний холбогдсон гэмт хэрэг, хэргийн үйл баримтыг тогтоох үйл ажиллагааны хүрээнд асуулт асуусан байна.

Мөн шүүгчийн хэргийн оролцогчоос асуулт асууж буй байдал, дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж, хэргийн оролцогчтой харьцахдаа буруу зохисгүй үйлдэл гаргаж хэргийн оролцогчийг үл хүндэтгэсэн, үл тоосон, загнасан, зүй бус хэллэг хэрэглэж зүй бус харьцсан, үг хэлэх эрхийг хязгаарласан гэх мэт нөхцөл байдал шүүх хуралдааны дүрс бичлэгт тусгагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд, дээрхийг нэгтгэн дүгнээд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргаагүй байх тул тэдгээрт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар тайлбартаа:

“ ... Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч С.Ч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.

2024 оны 05 дугаар сарын 15 өдрийн 91 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд шүүгч 3.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нар оролцож, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Манлайбаатарыг томилсон.

Иймд миний бие 91 дугаартай захирамжийн дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт заасан гэмт хэргийн үйлдэж гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдаж журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даргалж оролцсон болно.

Хуралдаанаас гарсан давж заалдах шатын шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг магадлалд зааж өгсөн.

Энэ дагуу шүүгдэгч Г.Т хяналтын журмаар гомдол гаргасан хэдий ч Улсын дээд шүүх хэргийг хэлэлцэхээс татгалзсан шийдвэр гаргасан юм байна” гэжээ.

 

Шүүгч Ц.Амаржаргал тайлбартаа:

“ ... давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болоод даруй 2 жил орчим хугацаа болжээ.

Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт, шүүгчийн хууль хэрэглээ, нотлох баримт үнэлэх процесс ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах асуудал билээ.

Тухайн үед миний бие тус шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ба 2024 оны 05 сарын 15-ны өдөр хэргийг хүлээн авангуут Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг томилох тухай 91 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд шүүгч 3.Төмөрхүү, илтгэгч шүүгчээр ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүх хуралдаан даргалагч шүүгчээр Б.Манлайбаатарыг томилжээ.

Дээрх бүрэлдэхүүн томилсон захирамжийн дагуу шүүх хуралдааныг хууль ёсны бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, шүүх хуралдаан явагдсан байна.

Г.Т нь буруу ойлгож, "...шүүх хурлын даргалагч шүүгчээр н.Амаржаргал томилогдон хурлын тов тогтоосон захирамжийг хүлээн авсан боловч 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралд оролцоход даргалагч шүүгчээр томилогдоогүй шүүгч н.Манлайбаатар даргалж,..." гэж өргөдөлдөө бичсэн байх ба магадгүй ерөнхий шүүгч даргалах байсан, эсхүл хэргийг илтгэгч шүүгч хуралдааныг даргалдаг гэж ойлгосон байж болох юм.

Түүнчлэн өргөдөлд "...надад холбогдох эрүүгийн ...... хэрэг иргэний хэргийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 2023/Ш32023/..... захирамжтай болохыг Сэлэнгэ аймгийн эрүүгийн гурван шатны шүүхээр тогтоож хуулийн төгөлдөр шийдвэр байхад Дархан-Уул аймгийн эрүүгийн гурван шатны шүүхээр гэм буруутай хэмээн тооцсон нь аймаг аймгийн хууль өөр өөр хэрэгжиж байгаад олон эргэлзээ дагуулсан хууль хэрэглээний зөрүүг арилгаж, хууль зүйн дүгнэлт хийж, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж, эрүүгийн хэргийн шүүгч Б.Бат-Амгалангийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү..." гэж бичсэн агуулгаас харахад энэ өргөдлөө Монгол Улсын Дээд шүүхэд хандан гаргах байжээ гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл: анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар гомдол гаргах, эсхүл хүчин төгөлдөр болсон шийдвэрт хуульд заасан үндэслэлээр гомдлоо гаргах эрхтэй юм. Иймд бидэнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгч З.Төмөрхүү тайлбартаа:

“ ... Гомдол гаргагч Г.Т гомдолдоо ... "бүрэлдэхүүн шүүгч н.Төмөрхүү "чи хүн залилаагүй юу, энэ залилан биш үү, 6 сая төгрөг залилаагүй юу хэмээн дайрч тулгаж, үг хэлэх эрхийг хязгаарласан нь шүүгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан шүүн таслах шүүх хурал болсон" гэжээ.

Шүүгдэгч Г.Т-т холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгч 3.Төмөрхүү би бүрэлдэхүүн шүүгчээр оролцсон бөгөөд шүүгч бид товлогдсон шүүх хуралдаанд оролцохдоо урьдчилан хэргийг уншиж танилцсан байдаг бөгөөд тухайн шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн оролцогчдоос асууж тодруулах асуултгүй байсан тул асуулт асуух, шүүгдэгчид "чи хүн залилаагүй юу, энэ залилан биш үү, 6 сая төгрөг залилаагүй юу хэмээн дайрч тулгаж, үг хэлэх эрхийг хязгаарласан нь шүүгчийн ёс зүйгүй үйлдэл" гаргаагүй болно” гэсэн.

 

Шүүгч Б.Бат-Амгалан тайлбартаа:

“ ... Дархан-Уул аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллагдагч Г.Т-т холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг шилжүүлсэн. Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дугаар зүйлд "Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана." зааснаар 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 2024/Ш3/.... дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Г.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаснаар 2024 оны 03 сарын 07-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоосон Ш3/..... дугаартай захирамж гарч 2024 оны 03 сарын 13-ны өдөр 2024/Ш3/.... дугаартай захирамжаар хүсэлт шийдвэрлэж, яллагдагч Г.Т-ыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоож шүүх хурал зарласан байна.

Эрүүгийн ...... дугаартай хэргийг 2024 оны 03 сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хохирол, хор уршиг нөхөн төлөхөөр завсарлага авч, 2024 оны 04 сарын 03-ны өдөр эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаан үргэлжлүүлэн явуулж 2024/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдөр 2024/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргаж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 2024/ДШМ/.... дугаартай магадлалаар гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Оролцогч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 2024/ДШМ/.... дугаартай магадлалыг эс зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 сарын 03-ны өдрийн .... дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай шийдвэр гарсан байна.

Ийнхүү давж заалдах болон хяналтын шатны шүүхээр анхан шатны шүүхийн шийдвэр хянагдсан ба анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

Түүнчлэн прокурорын хяналтын явцад Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Д 2023 оны 03 сарын 10-ны өдөр эрүүгийн ..... дугаартай хэрэгт Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, 2023 оны 03 сарын 30-ны өдөр .... дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тухайн яллах дүгнэлтийг Ерөнхий прокурор 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон байна. Улмаар хяналтын прокурор 2023 оны 04 сарын 19-ний өдрийн ..... дугаартай яллах дүгнэлт шинээр үйлдэж Сэлэнгэ аймгийн шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Энэ хугацаанд буюу шүүгдэгч Г.Т нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байх хугацаанд хохирогч Д.А-д хохирлын мөнгө өгөх зорилгоор Дархан-Уул аймаг шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орж 2023 оны 04 сарын 10-ны өдрийн .... дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, түүнийгээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 135/Ш32023/.... дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд "... Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй", мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Шүүх, ...нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж хуульчилсан.

Миний бие дээрх эвлэрлийн гэрээг байгуулсан хугацаа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хугацааны дараа байх тул тухайн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг үндэслэн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэхгүй гэж дүгнэсэн болно.

Харин дээрх захирамжийг хохирол төлсөн нотлох баримтаар үнэлсэн бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрх зүйн дүгнэлтдээ дурдсан. Мөн шийтгэл тогтоолд “...хуурч, эсхүл баримт бичиг, ...ашиглаж, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан их хэмжээний хохирол учруулсан" гэж дүгнэсэн.

Энэ нь шүүгч өөрийн дотоод итгэлийн хүрээнд, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудын хүрээнд, тухайн нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээний үндсэн дээр гаргаж буй шийдвэр бөгөөд ямар нэгэн байдлаар шүүгчид хуулиар хориглосон сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүгч гагцхүү гэм буруугийн шүүх хуралдаан явуулсны эцэст хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлэх бөгөөд Г.Т-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд гомдолд дурдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дурдсан, уг нотлох баримтыг үнэлсэн эсхүл үнэлээгүй нь зөв эсхүл буруу талаар дүгнэх нь давж заалдах болон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Мөн Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д "Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй" гэж заасан бөгөөд 2024 оны 04 сарын 03-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэртэй холбоотой гомдлыг 2026 оны 04 сарын 28-ны өдөр гаргасан байгааг дурдав” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ерөнхий шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЕШЗ/..... дугаар захирамжаар шүүгч Б.Бат-Амгаланг шүүх хуралдаан даргалагчаар томилж, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 2024/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолоор Г.Т-ыг гэм буруутайд тооцож, 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ДШМ/..... дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Илтгэгч гишүүн, дээрх эрүүгийн хэргийн шийдвэрлэсэн үйл баримттай холбогдуулж гаргасан Г.Т-ын өргөдлөөр, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан нарт 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ГЗҮ/2026/.... дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулжээ.

Уг сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал нь үндэслэл бүхий, сахилгын хэрэгт авагдсан баримтаар нотлогдох тул хүлээн авах нь зүйтэй байна.

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгаланд холбогдох сахилгын хэргийн тухайд:

Шүүгдэгч Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шүүгч Б.Бат-Амгалан хянан шийдвэрлэхээс өмнө дараах үйл баримт болсон нь тогтоогдоно. Үүнд,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/... дүгээр захирамжаар прокурорт буцаасныг тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ДШМ/.... дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар захирамж хүчин төгөлдөр болсон байна.

Мөн Г.Т нь Д.А-д төлөх байсан хохирлоос 29,425,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, эвлэрүүлэн зуучлалд хандсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 135/Ш32023/..... дүгээр захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.

Энэ үйл баримттай холбогдуулж, өргөдөлд “...  эвлэрүүлэн зуучлалд зээлийн харилцаа гэдгээ илэрхийлж гаргасан өргөдлийг ... 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дугаар .... хуулийн хүчин төгөлдөр захирамж гарсны дагуу 29,450,000 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэр гарсан ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 34.19 дүгээр зүйлийн 1.1, энэ хуулийн 1.4 дэх хэсэгт “Тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол хэрэгсэхгүй болгоно” ... хэмээн тогтоосны дагуу эрүүгийн ..... хэрэг хэрэгсэхгүй болно ... шүүгч Б.Бат-Амгалан хуулийг илт буруу хэрэглэж ... 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар .... магадлалд маш тодорхой заасан шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг үнэлж дүгнэлгүй ... зүйлчлэл хүндрүүлэн гэм буруутайд ... тооцсон ...” гэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Шүүгдэгч Г.Т-т холбогдох 2231002030154 дугаар эрүүгийн хэргийг, анхан шатны журмаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гараагүй нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ба нөгөө талаар эрүүгийн хэргийн хохирогчид зохих төлбөрийг төлсөн гэх иргэний шүүхийн шийдвэр нь уг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тооцогдохгүй. 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ДШМ/.... дугаар магадлал болон Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн .... дүгээр захирамж нь эрүүгийн хэргийн хохирогчийг тогтоосон, тодруулбал, талуудын эвлэрлийг баталгаажуулсан иргэний шүүхийн шийдвэрээр Д.А-д төлбөр төлсөн тул түүнийг хохирогч гэж үзсэн агуулгатай байна.

Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолд, “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч Д.А-д залилах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ... завших гэмт хэргийн улмаас учруулсан 6,000,000 төгрөг ... залилах гэмт хэргийн хохирогч Ж.Б-ны 40,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг тус тус төлж барагдуулаагүй ...” гэсэн байгаагаар хохирогч Д.А, Ж.Б нарын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байжээ.

Иймд, прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн шүүгч Б.Бат-Амгаланг сахилгын зөрчил гаргасан, хуулийг илт буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлах шатанд хохирогчийн өмгөөлөгч гэрч Б.Ц-гийн мэдүүлгийг шинжлэн судлуулах санал гаргаж[1] хэлэлцсэн, шийтгэх тогтоолын “Тодорхойлох” нь хэсэгт гэрч Б.Ц-гийн мэдүүлэг, мөн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, орон сууц барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, банкны дансны хуулга, бусад гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, Г.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шийтгэх тогтоолд дурдаж хэргийг шийдвэрлэснийг гэрч Б.Ц-гийн мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт, даргалагч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, хяналтын прокуророос хохирогч н.Г-ийг гэрч болон хохирогчоор авсан мэдүүлгүүдийг зөвтгөж ирүүлээгүй алдаа гаргасан байна. Иймд хохирогч н.Г-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэхээр шийдвэрлэлээ ...” гэж танилцуулсан байгаагаар н.Гантөмөрийг хохирогч гэж үзээгүй, гэрч гэж үзжээ.

Шийтгэх тогтоолд ч “... үйл баримтыг тогтооход хохирогч М.Г, Д.А нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд давхцаж байгаа учраас М.Г-ийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Нөгөө талаар мөрдөгч нь Г.Т-ын хохирогч Д.А-г залилсан гэх гэмт хэрэгт хууль зүйн үндэслэлгүйгээр М.Г-ийг хохирогчоор тогтоосон байна. Тодруулбал, гэмт хэргийн талаар Цагдаагийн газарт анх гомдол, мэдээллийг гэрч М.Г гаргасан хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А-гийн Хаан банкны .... тоот данснаас мөнгө шилжүүлсэн бөгөөд энэ талаарх дансны хуулгатай баримт хэрэгт авагдсан байдаг. Тиймээс М.Г-ийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг үнэлээгүй болно” гэсэн  байх тул илтгэгч гишүүний “... шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэр, бичгээр албажиж гарсан шүүхийн шийдвэрээс зөрүүгүй ...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

 Иймээс “... шүүгч Б.Бат-Амгалан шүүх танхимд шийдвэр гаргахдаа М.Г хохирогч биш хэмээн тогтоосон шийтгэх тогтоол бичгээр албажиж гарахдаа М.Г хохирогч хэмээн тогтоосон зөрүүтэй шийтгэх тогтоол гарсан ...” гэх өргөдөл үндэслэлгүй байна.

 

2.Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн шүүгч Б.Манлайбаатар, Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарт холбогдох сахилгын хэргийн тухайд:

Илтгэгч гишүүний хэрэг хуваарилалтыг шалгасан системийн үзлэгээр, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр илтгэгч шүүгчээр Ц.Амаржаргал, даргалагчаар Б.Манлайбаатар, бүрэлдэхүүнд З.Төмөрхүү нар томилогдсон, даргалагч, бүрэлдэхүүн томилсон захирамжийн дугаар алгассан, гараар тохируулсан, устгасан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Ерөнхий шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дүгээр захирамжаар бүрэлдэхүүнд шүүгч З.Төмөрхүү, Ц.Амаржаргал нарыг, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Манлайбаатарыг томилсон, давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд, даргалагч бүрэлдэхүүнийг танилцуулсан, татгалзах байгаа эсэхийг асуусан нь тусгагджээ. Хэрэв шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, хууль бус бүрэлдэхүүн гэж үзсэн бол татгалзах эрх нь хэргийн оролцогчийн хувьд нээлттэй,  тус хуралдаанд татгалзаагүй байна.

Иймд, “даргалагч шүүгчээр томилогдоогүй” шүүгч Б.Манлайбаатар хуралдаан даргалсан гэж үзэхгүй.

Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд шүүгч З.Төмөрхүү нь хэргийн оролцогчоос ямар нэгэн асуулт асуугаагүй, оролцогчийн үг хэлэх эрхийг хязгаарласан үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээр тогтоогдоогүй.

Эрүүгийн хэргийн хэлэлцүүлгийн явцад, илтгэгч шүүгч Ц.Амаржаргал “... залилаагүй гэдэг зүйл яриад байх юм. Залилаагүй юм бол та яасан юм бэ ... Ж.Б-аас мөнгө авч байгаа үйлдлээ юу гэж үзээд байгаа юм ...” гэж асуусан нь шүүх хуралдааны бичлэгийн тэмдэглэлд тусгагдсан, үүнийг хэргийн оролцогч руу дайрч давшилсан, үг хэлэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрхийг дүгнэвэл, өргөдөлд дурдсан үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байх тул Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ГС/2026/0079 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Ц.ДАВХАРБАЯР

 

                                    ГИШҮҮД                                          Х.ХАШБААТАР

                                                                                                Г.ЦАГААНЦООЖ

 

[1] Сх-ийн 54 дэх талын ар, шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь тал.