
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-06-24
Дугаар 87
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч А.М нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар, иргэн А.М-ийн өргөдөлтэй, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2026/0069 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
1. “... шүүгч Б.Дэлгэрцэцэг нь Х-тай танилын холбоотой байж болзошгүй, нөлөөнд автсан байх магадлалтай ...” гэх тухайд,
Иргэн О.Х-аас А.М-т холбогдуулан гаргасан орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа хүлээн авч, шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 312/ШЗ2025/.... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Т.У-ийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 312/ШЗ2025/.... дугаар захирамжаар хангаж, нэхэмжлэлийн шаардлагаа 8,900,000 төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлснийг хүлээн авсан байна.
Мөн нэхэмжлэгч нараас шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 312/ШЗ2025/... дугаар захирамжаар хангажээ.
Шүүгч Г.Жаргалтуяа нь Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсонтой холбоотойгоор Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн .... дүгээр тогтоолоор тус хэрэг шүүгч Б.Дэлгэрцэцэгт хуваарилагдсанаас үзэхэд, шүүгч нь О.Х-ын нэхэмжлэлийг хуваарилсан хуваарилалтад хөндлөнгөөс оролцсон байх боломжгүй бөгөөд тус иргэний хэргийг шийдвэрлэхийн тулд бусдад нөлөөлсөн гэх үндэслэл шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй болно.
2. “... миний бие 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хурал болон 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй эрүүл мэндийн шалтгаанаар буюу зүрхний хагалгаанд орох шийдвэр гарсан ч биеийн байдал сайжрахгүй байнгын эмнэлэг, эмч нарын хяналтад байгаа учир шалтгаанаа хүсэлтээр бичиж, эмчийн бичгийг давхар нотлох баримтаар хавсарган, мэдээлэл лавлагаагаар дамжуулан өгсөн байхад үл харгалзан үзэж, 50.1-д заасанчлан шүүгчийн эрх мэдлээ ашиглан хууль зөрчсөн ...” гэх тухайд;
2.1. Шүүгч Б.Дэлгэрцэцэг нь тус иргэний хэргийг хүлээн аваад хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлосон бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.У-гээс гэрч оролцуулах хүсэлт гаргаж, хариуцагч А.М эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг тус тус хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.
Хариуцагч А.М нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөгчөөр А.Т-ыг сонгон авсан бөгөөд өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
Харин хариуцагч А.М нь өмгөөлөгч А.Т-аас татгалзсан тул 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд шинээр сонгон авсан өмгөөлөгч Б.Т-ийн хамт оролцож, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авч, хэргийн оролцогчдоос дараагийн шүүх хуралдааны товын талаар санал асуун, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.
Гэвч 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч А.М ар гэрийн гачигдал гарсан болон Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх цаг авсан шалтгаанаар, түүний өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнөх шатанд хэлэлцэж, шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШЗ2026/..... дугаар захирамжаар “... өнөөдрийн шүүх хуралдааныг товлохдоо хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс саналыг асууж хуралдааныг товлосон. Гэвч хариуцагч эрүүл мэндийн болон гачигдал гарсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаанд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг баримтаар нотлоогүй, мөн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан шалтгаан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй ...” гэж дүгнээд, хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 34 дүгээр зүйлийн 34.3.10-д тус тус зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй боловч зөвхөн хуульд заасан үндэслэлээр хүсэлт гаргаж, баримтаар нотолсон байх ёстой.
Гэтэл хариуцагч, түүний өмгөөлөгч нь хүсэлтээ нотолсон баримтаа ирүүлээгүй, хариуцагчийн эмнэлэгт цаг захиалсан баримт нь түүнийг “эрүүл мэндийн шалтгаантай” гэх үндэслэлийг бүрэн нотлохгүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн үйлдлийг буруутгахгүй.
Мөн хариуцагчийн хүсэлтээр товлон зарласан шүүх хуралдаануудыг удаа дараа хойшлуулсан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зэрэг хуулиар олгосон эрхийг нь хангаж, зохигч мэтгэлцэх, тайлбар гаргах боломжийг олгосон гэж үзнэ.
Түүнчлэн, Шүүхийн сахилгын хороо нь хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх эрхгүй бөгөөд шүүгч тухайн хүсэлтийн шаардлага, үндэслэл, түүнд хавсаргасан баримтын хүрээнд тэдгээрийг үнэлж дүгнэн шийдвэрлэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заан олгосон болно.
Улмаар 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2026/*** дугаар шийдвэрээр хариуцагч А.М-ийн эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Т.У-гийн эзэмшилд шилжүүлж өгөхийг А.М-т даалгаж, нэхэмжлэгч Т.У-ээс 31,100,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.М-т олгож, нэхэмжлэгч О.Х-ын хариуцагч А.М-т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар саналаа хэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйлдэл хуульд нийцсэн байна.
2.2. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгчөөс гомдол гаргаж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр товлосон болохыг 04 дүгээр сарын 20-ны өдөр зохигчдод мэдэгджээ.
Дээрхээс үзэхэд, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан товлон зарлагдаагүй байх тул өргөдөл гаргагчийн “хариуцагчийг тус өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй” гэж дурдсан өргөдөл үндэслэлгүй байна.
Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч Б.Дэлгэрцэцэг ирүүлсэн тайлбартаа:
“... Нэхэмжлэгч О.Х, Т.У нарын нэхэмжлэлтэй хариуцагч А.М-т холбогдох ... аймаг, ... сум, ... багт байрлах .... хотхоны .... давхрын .... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 8,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 470 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106, 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч А.М-гийн эзэмшлээс ...аймаг, .... сум, ... баг, ... хороолол, Эрх чөлөөний өргөн чөлөө гудамж, .... байр, .... тоот 49 м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Т.У-гийн эзэмшилд шилжүүлж өгөхийг А.М-т даалгаж, нэхэмжлэгч Т.У-гээс 31,100,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.М-т олгож, нэхэмжлэгч О.Х-ын хариуцагч А.М-т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг шийдвэрт хэргийн оролцогч А.М болон түүний өмгөөлөгч гомдол гаргаж Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаж байгаа болно.
Тус хэрэг нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн .... дугаартай тогтоолоор шүүгч надад хуваарилагдаж ирсэн. Хэргийг хүлээж аваад 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 минутад хийхээр товлосон.
2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.У гэрч оролцуулах хүсэлтийг, хариуцагч А.М эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан.
2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч А.М өөрөө хүрэлцэн ирж өмгөөлөгчөөр А.Т-ыг сонгон авч байгаа гэсэн хүсэлтийг гаргасан тул түүний өмгөөлөх эрхийг хангаж хүсэлтийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10.00 минут хүртэл хойшлуулсан.
2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд А.М болон түүний сонгож авсан өмгөөлөгч Б.Т нар биечлэн оролцож, сонгосон өмгөөлөгч Б.Т хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн саналыг асууж байгаад 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
Гэвч 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 хуралдаанд хариуцагч А.М гачигдал гарсан болон эмнэлэгт үзүүлэх цаг авсан шалтгаанаар, түүний өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнөх шатанд хэлэлцэж тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ..... дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг шийдвэрлэсэн. Үндэслэл нь хариуцагч эрүүл мэндийн болон гачигдал гарсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаанд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг баримтаар нотлоогүй, мөн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан шалтгаан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг удаа дараа хариуцагч А.М-ийн гаргасан хүсэлтэд үндэслэн хойшлуулсан бөгөөд хамгийн сүүлийн хуралдаанд хариуцагч, өмгөөлөгчийн хамт биечлэн ирсэн бөгөөд хариуцагчийн сонгож авсан өмгөөлөгч Т нь хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүх хуралдаанд мөн гаргаж шүүх мөн л хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулахдаа тэднээс саналыг асууж байж хуралдааныг товлож хойшлуулсан.
Мөн хариуцагч А.М ар гэрийн гачигдал гарсан талаарх болон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч нь хуралдаан товлогдсон өдөр эмнэлэгт үзүүлэхээр цаг авч хүсэлтэд уг баримтыг хавсаргаж ирүүлсэн боловч уг баримтыг хэнийх болох нь тодорхойгүй, тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байсан бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд өөрийн биеэр биечлэн оролцох боломжгүй болсон буюу зүрхний хагалгаанд орох шийдвэр гарсан, байнгын эмнэлэг, эмч нарын хяналтад байж эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай болсон талаарх баримтыг хүсэлтэд хавсаргаж ирүүлээгүй.
Иймд хариуцагч эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон шалтгаан нөхцөл баримтаар нотлогдоогүй учир шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх үндэслэл болсон, мөн нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан зэрэгт үндэслэн хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтад үндэслэн шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.”, 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ.”, 123 дугаар зүйлийн 123.1-д “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасанд үндэслэн шийдвэрлэсэн.
Мөн А.М гомдолдоо “...шүүгч Б.Дэлгэрцэцэг Х-тай танилын холбоотой, нөлөөнд автсан байх магадлалтай...” гэж бичсэн байх бөгөөд миний бие нь хэргийн оролцогч Хишигнямтай гэр бүл, төрөл садан, хувийн харилцаа холбоо байхгүй, тус хэрэг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу надад хуваарилагдаж ирсэн, хэрэв би хэргийн оролцогчтой гэр бүл, төрөл садан хувийн харилцаатай байсан бол хуульд заасны дагуу татгалзан гарах хүсэлт гаргах байсан бөгөөд ийм үндэслэл байхгүй бол шүүгч хуваарилагдан ирсэн хэргийг түргэн шуурхай, хуулийн хүрээнд шийдвэрлэх нь шүүгчийн үүрэг юм.
Хэргийн оролцогч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлт гаргах эрхтэй боловч энэ эрхээ шударга бус зорилгоор ашиглах, шүүх хуралдааныг санаатай хойшлуулах ийм санаа зорилготой байсан болох нь дээрх хүсэлт, хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжуудаас илхэн харагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, 25.2.4-т зааснаар хэргийн оролцогчид нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
Мөн зохигч шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт давах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Иймд хуульд заасан чиг үүрэг болон хуулийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэсэн байхад хэргийн оролцогч болох А.М нь шүүгчийг хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эрх мэдэл, илт давуу байдлаа ашигласан гэж үндэслэлгүй гүтгэсэн гомдол гаргасан байх тул надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн, иргэн А.М-ийн “... миний бие 2026 оны 02 дугаар сарын 03 ... 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралд ... эрүүл мэндийн ... шалтгаанаа хүсэлтээр бичиж, ... нотлох баримтаар хавсарган ... өгсөн байхад үл харгалзан ... шүүгчийн эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж ... байна ... Хишигнямтай танилын холбоотой байж болзошгүй, нөлөөнд автсан байх магадлалтай ...” гэх агуулгатай өргөдлөөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэгт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэрэгт “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргасан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тухайлбал,
1. Нэхэмжлэгч О.Х нь хариуцагч А.М-т холбогдуулан “орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч Г.Жаргалтуяа хүлээн аваад 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 312/ШЗ2025/....... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Шүүгч Г.Жаргалтуяа нь Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар зарлигаар Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон тул анхан шатны шүүхийн шүүгчдийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөгөөний ..... дүгээр тогтоолд зааснаар, түүний хянан шийдвэрлэж байсан хэргүүдийг хуваарилахад, О.Х-ын нэхэмжлэгчтэй А.М-т холбогдох хэрэг шүүгч Б.Дэлгэрцэцэгт хуваарилагдсан байна.
Шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон нэрсийн дарааллаар хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2026/..... дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн шүүгчийг “нэхэмжлэгчтэй танилын холбоотой, нөлөөнд автсан” гэж үзэх үндэслэлгүй.
2. Шүүгч Б.Дэлгэрцэцэг хэргийг хүлээн аваад, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 312/ШЗ2026/..... дугаар захирамжаар 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон.
Тус хуралдаанд нэхэмжлэгч тал гэрч оролцуулах, хариуцагч А.М нь “хагалгаанд орох онош тодруулах зорилгоор Бээжин хот руу явах болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлсэн тул шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 312/ШЗ20256/...... дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Товлогдсон 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд А.М нь өмгөөлөгчөөр А.Т-ыг авах хүсэлт гаргасныг хүлээн авч, хуралдааныг хойшлуулсан.
Гэтэл товлогдсон 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд А.М нь өмгөөлөгч А.Т-аас татгалзаж, өмгөөлөгч Б.Т-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар, өмгөөлөгч нь хэрэгтэй танилцах хүсэлт тус тус гаргажээ. Тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгч авна гээд ... 8 хоногоор хойшлуулсан. Энэ хугацаанд шүүгчийн туслахын зүгээс хэн гэдэг өмгөөлөгч авсан, хэргийн материалтай танилцуулах талаар удаа дараа мэдэгдсэн. Сая хурлын өмнө хариуцагч тал танилцах боломжтой байсан боловч өөрсдөө танилцахгүй гэдэг тайлбар хэлсэн. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 8 сарын хугацаанд үргэлжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илтэд удааширч байгаа ...” гэж, хариуцагчийн өмгөөлөгч “Өнгөрсөн 7 хоногоос надтай холбогдож ирэх асуудыг ярьсан. Өнгөрсөн 7 хоногт ирэх боломж надад байгаагүй ... Ингээд хурал товлогдсон гэсэн учраас өчигдөр орой ажлаа зохицуулаад наашаа ирсэн ... миний хувьд хүн өмгөөлнө гэж ирчхээд одоо танилцаад гялс орно гэсэн ойлголт байж болохгүй. Боломжит хугацаа гэхээр 2 сар гаргаад товлоод өгөөч ...” гэж хэлэлцэж дараагийн хуралдааны товыг тогтоож, шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 312/ШЗ2026/.... дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Харин товлогдсон 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд А.М нь “... буяны ажил явдалтай давхцаж ... дахин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай учир ... хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг АШҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвд үзүүлэхээр цаг авсан баримттай, өмгөөлөгч Б.Т нь “Улсын дээд шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлснийг хэлэлцэн, 312/ШЗ2026/.... дугаар захирамжаар “... шүүх хуралдааныг товлохдоо хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс саналыг асууж хуралдааныг товлосон ... хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг баримтаар нотлоогүй, ... өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан шалтгаан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй ...” гэж хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Эрүүл мэндтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь өвчтэй байх, эмчилгээ хийлгэх гэх ойлголтыг хамруулдаг тул эмнэлэгт үзүүлэхээр цаг авсныг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцоогүй, мөн өмгөөлөгч Б.Т 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанд дараагийн шүүх хуралдааны товын талаар саналаа хэлсэн, хэргийн оролцогч нарын саналыг үндэслэн тов тогтоосон, иймээс шүүх хуралдаан давхацсан гэх хүсэлтийг хүлээж аваагүй, татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн үйлдлийг буруутгахгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй, шүүгчийг эрх мэдлээ ашиглан хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн өргөдөл гаргагч нь 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэж дурдсан, шалгах ажиллагаагаар энэ өдөр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан хийгдээгүй байх тул энэ талаарх өргөдөл үндэслэлгүй байна.
Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2026/0069 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
Г.ЦАГААНЦООЖ