
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-07-02
Дугаар 97
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, холбогдох шүүгч Д.Баттулга /цахим/, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулгад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
М.В өргөдөлдөө: “...н.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ. Тус хэрэг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0../ШХТ2025/0...4 дүгээр тогтоолоор буцаагдсаныг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 01 минутад Д.Баттулга шүүгчид хуваарилагдсан байдаг.
Энэ тухайг бидэнд мэдээлж танилцуулаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн, нэхэмжлэгчийн Хаан банк дахь холбогдох дансыг битүүмжлэх хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан. Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн үнийн дүн агуулга бүхий нэхэмжлэлийг хуулийн хугацаанд нэхэмжлэгчид гардуулж хариу тайлбар ирэхгүй удсан тул очиж лавлахад шүүгчийн туслах цагаан сарын баярын өдрүүд давхардсан хуулийн байгууллагуудын спортын тэмцээн гээд ажил их байгаа болохоор танилцуулж амжаагүй байна тэгээд танилцуулаад хариу тайлбар ирвэл мэдэгдэнэ олон дахин ирэх хэрэггүй гээд явуулсан, хүлээсээр өнөөдрийг буюу 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүрлээ.
Гэтэл 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 11 цаг 22 минутад миний 99....94 дугаарт бүртгэл бүхий вайбер хаягт танихгүй Б.М гэх нэр бүхий хаягаас та н.Б-ийн хэрэгт байгаа юу гэсэн асуулт ирсэн, тиймээ гэсэн хариу өгөхөд өөдөөс утга агуулга тайлбаргүй 3 зураг илгээснийг үзвэл эхний зурагт нэхэмжлэгч н.Б-ийн төлөөлөгч н.Г-ийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилуулах хүсэлт, 2 болон 3 дугаар зурагт Д.Б-ын нэхэмжлэгч н.Б-ийн төлөөлөгч н.Г-ийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн захирамж ирсэн. Гайхаад манай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлээ гардуулсан уу? хариу тайлбар ирсэн үү? гэхэд хариу тайлбар ирсэн зүйл байхгүй нэхэмжлэгч талаас хүсэлт өгсөн ... за танай шүүхэд хэрэг хэзээ ирсэн? Яагаад үндэслэлгүйгээр хугацаа өдий хүрэв? гэхэд өмнөх туслах солигдсон хүсэлт шийдсэн захирамж гарсан болохоор танилцуулж байгаа юм гэх хариу тайлбар өгөв.
Гэтэл тухайн хэрэг Д.Баттулга шүүгчид хуваарилагдсанаас хойш өнөөдрийг хүртэл /2025.12.30 өдрөөс 2026.05.26 өдрийг хүртэл/ нийт 147 хоног өнгөрсөн байна. Хэдийгээр шүүх ачаалалтай ажиллаж байж болох ч аливаа зүйл хэм хэмжээндээ хууль зүйн үндэслэл бүхий, хэргийн оролцогчдод нээлттэй ил тод ажиллагаа явуулж хэргийн оролцогчдод ялгамжгүй тэгш хандах нь хууль зүйн үндсэн зарчим билээ. Иймд өнөөдрийг хүртэл шүүх хуралдаан огт товлогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үндэслэлгүйгээр удааширч байгааг тодруулж, үндэслэл бүхий хариуг бичгээр өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч хөндлөнгийн байх сууринаас шударга шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүй байхыг анхааруулан гомдлыг шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгч Д.Баттулга тайлбартаа: “...миний хувьд М.В-ийн өргөдөлд дурдсанчлан тухай хэрэгт ямар нэг ашиг сонирхол байхгүй. Зориудаар хэрэг маргааныг удаашруулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно. Тухайн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүгчдийн зөвлөгөөнөөс гарсан хэрэг хуваарилах журмын дагуу хүлээж авсан. Хэргийг мэдээлэл лавлагааны ажилтнаас хүлээж аваад тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Б.Б-д хүлээлгэж өгсөн...
Хариуцагч “Б” ХХК-ийн захирал М.Д 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн”-ийг хүлээж аваад, зохигчид гардуулаад 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх талаар тайлбарлахыг шүүгчийн туслахад даалгасан. 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан.
Энэ хугацаанд сөрөг нэхэмжлэлтэй холбоотой М.Д-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан арга хэмжээг авхуулах хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ирүүлснийг тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Б.Б нь танилцуулалгүй дарсан байсныг сүүлд нь мэдсэн.
Шүүгчийн туслахаар ажиллаж байсан Б.Б-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдийн хугацааны талаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ирсэн хүсэлтүүдийг тухай бүр танилцуулж байх талаар үүрэг өгч байсан. Гэсэн хэдий ч танилцуулалгүй хэд хэдэн хэргийн хугацаа алдсан, хэрэгт ирсэн хүсэлтүүдийг шүүгч надад танилцуулалгүй дарсан байсан. Энэ байдлыг шүүхийн тамгын дарга, зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргад удаа дараа танилцуулж, эцэст нь 2026 оны 04 дүгээр сард шүүгчийн туслах Б.Б-г солих шийдвэр гаргасан.
Үүний дараа шүүгчийн туслахаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.М-г авч ажиллаж эхэлсэн. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.М нь ажилдаа дадах, хэргийн хөдөлгөөний стандарт болон хуульд заасан ажиллагааг хийх дадлага туршлага бага учраас мөн тухайн хэрэгт зохигчдоос ирсэн хүсэлт, хэргийг танилцуулалгүй удсан асуудал гарсан.
Шүүгч миний хувьд ажиллаж байсан туслахуудад “өглөө бүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт ирсэн хүсэлт, хэргийн үйл явцын талаар танилцуулж байхыг даалгаж ирсэн” ч танилцуулалгүй удаасан байдал гарсаар байсан. Дээрх нөхцөл байдлын улмаас өргөдөл гаргагч М.В-ийн өргөдөлд дурдсан нөхцөл байдал үүссэн. Хэдийгээр шүүгч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байнга хяналт тавьж байх үүрэгтэй хэдий ч туслахуудын хариуцлагагүй, ажилдаа дадаагүй зэрэг байдлаас зохигчдоос ирсэн хүсэлт дарагдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах зэрэг нөхцөл шүүгчийн ажилд нөлөөлж байгааг анхаарч үзнэ үү.
Хэргийн оролцогчдод ялгамжтай буюу тэгш бус хандаж байсан байдал огт байхгүй. Тухайн хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлт, хариуцагч “Б” ХХК-ийн захирал М.Д-ийн гаргасан хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Түүнээс өргөдөл гаргагч М.В нь ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй. Харин өргөдөл гаргагч М.В нь 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд цахимаар оролцож, энэ талаар тайлбартаа дурдаж байсан.
2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагт зарлагдсан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-оос “…Г.Б-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг миний эзгүйд хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг баталж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн өмгөөлөгчөөр сонгож авсан Г.Г өмгөөлөгчтэй байгуулсан гэрээгээ цуцалсан байх тул өмгөөлөгчөөс татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Г.Б-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгааг баталж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгч надад холбогдох сахилгын хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан “...талбай түрээслэх гэрээний дагуу 145 мкв талбайг өөрийн эзэмшилд байлгаж, үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг ...аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0...4 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0...6 дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 00090 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0...4 дүгээр тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Дараах үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:
1. Монгол Улсын дээд шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буцаасан хэргийг анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авчээ.
Тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зөвлөгөөнөөр баталсан “Иргэний хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3.8 дахь хэсэгт “Хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэрэг ... өмнө шийдсэн шүүгчийг алгасан ... шүүгчдийн нэрсийн дарааллын дагуу гараар хуваарилах аргаар хуваарилна” гэж заасан ба 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4.. дүгээр зөвлөгөөний тогтоолоор шүүгч нарын нэрсийн дарааллыг баталжээ.
Дээрх тогтоолд заасан нэрсийн дарааллын дагуу хэрэг шүүгч Д.Баттулгад 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуваарилсан болох нь “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэг, хавтаст хэргийг хүлээлгэн өгсөн дардас, хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байна.
Хэрэг хүлээн авсан, хуваарилагдсан талаарх мэдээллийг хэргийн оролцогчид мэдэгдэх үүргийг шүүхийн мэдээлэл лавлагаа, шүүгчийн туслах гэх шүүхийн захиргааны ажилтан болон шүүгчид хууль, журмаар тусгайлан заагаагүй тул “... Улсын Дээд шүүхээс хэрэг ирснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй байдлыг хангаж мэдээлж танилцуулаагүй ...” гэх гомдлоор шүүгчийг буруутгах боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад
- “Б” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн баримтаа 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн,
- 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэргийн хугацааг сунгасан,
- 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулсан,
- хариуцагч 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан,
- тухайн шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3../ШЗ2026/0...4 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн,
-нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3../ШЗ2026/0...1 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн байх ба 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаан товлосон байна.
Холбогдох шүүгч 2026 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 180 орчим хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хэргийн талаарх мэдээлэл, шүүгчийн туслах Б.Б, Б.М нарын ажил хүлээлцсэн акт, шүүгчийн туслах Б.М-ийн мэдүүлгээр тогтоогджээ.
Хэрэг хуваарилагдсанаас хойш сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүртэл 29 хоногийн хугацаанд ямар нэг ажиллагаа хийгээгүй, энэ талаар шүүгчийн туслах Б.Б“... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.М гэдэг хүн байж байгаад л ирдэг, утсаар ч ярина, юу болж байна яаж байна гээд асуудаг байсан. Үүнийг нь хэргийн нөгөө талд хэлдэг, энэ хүн ирээд байна хурал зарлая гээд байна гээд хэлэхээр хүсэлт өгнө, энэ хүсэлт бол давж заалдах заалдах шатны шүүхээс буцаасан үндэслэлтэй холбоотой гэж хэлсэн. Ажиллагаа дутуу учраас энэ ажиллагааг хийхгүй бол өмнө хурлаа зарлаад шийдвэр хүчингүй болсон ...” гэж мэдүүлжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд үндэслэн, нэхэмжлэгч шаардаж буй шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй учраас давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хэргийн оролцогчийн хөндөгдсөн эрх буюу нотлох баримт гэж үзсэн флаш дисктэй холбогдуулан ажиллагаа хийх нь талуудын үүрэг болох тул тухайн хугацаанд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч “Б” ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хэргийн нөгөө талд 19 хоногийн дараа буюу 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гардуулжээ.
Энэ талаар туслах Б.Б“... Лавтай цагаан сар болсон 7 хоногийн хугацаагаар амарсан. Хуулийн байгууллагуудын дунд бил үү, прокурорын байгууллагын тэмцээн болсон. Шүүгч тэмцээнд оролцсон. Шүүгч сургалтад явсан эсэхийг санахгүй байна. Өөрөө сургагч багш тул сургалт гээд их явдаг. Гэхдээ би он гараад явсан эсэхийг санахгүй байна ...” гэсэн.
Холбогдох шүүгч “... сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хүлээж аваад, зохигчид гардуулаад 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх талаар шүүгчийн туслахад даалгасан ... Энэ хугацаанд ... М.Д-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан арга хэмжээг авхуулах хүсэлтийг 2026 оны 02 сарын 12-ны өдөр ирүүлснийг тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Б.Б танилцуулалгүй дарсан байсныг сүүлд мэдсэн ... Б.Б-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдийн хугацааны талаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ирсэн хүсэлтүүдийг тухай бүр танилцуулж байх талаар үүрэг өгч байсан. Гэсэн хэдий ч танилцуулалгүй хэд хэдэн хэргийн хугацаа алдсан, хэрэгт ирсэн хүсэлтүүдийг надад танилцуулаагүй байсан. Энэ байдлыг шүүхийн Тамгын дарга, зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргад удаа дараа танилцуулж, эцэст нь 2026 оны 04 дүгээр сард шүүгчийн туслах Б.Б-г солих шийдвэр гаргасан ...” гэж тайлбарласан.
Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 5.1.1-д “Иргэний хэрэг үүсгэмэгц шүүгч, шүүгчийн туслах нь хаана, хэзээ хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авахыг хариуцагчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэх бөгөөд "Шүүхийн мэдэгдэх хуудас” Баримт №2-ыг нэгдсэн системээс хэвлэн, тухайн өдөрт нь бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө” гэж зааснаар нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн нөгөө талд гардуулах ажиллагаа удааширсанд шүүгчийг буруутгах боломжгүй.
Хариуцагчаас 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэн, үүнээс хойш 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 2 сар 14 хоног буюу нийт 74 хоног огт ажиллагаа хийгдээгүй талаар шүүгч “... туслахуудад ажиллагаанд байгаа хугацаа дөхсөн, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг өглөө болгон танилцуулж бай гэдэг шаардлага тавьдаг. Дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргүүд яагаад танилцуулагдаагүй байна гэдэг асуудал үүссэн. .. туслах Б.Б-г солих болсон шалтгаан нь энэ хэргээс гадна өөр дахин хэлэлцүүлэхээр буцаасан 2-3 хэргийг танилцуулаагүй тул тамгын газрын дарга танилцуулсан, ... тэгээд Б.Б солигдсон ...” гэж тайлбарласан.
Шүүгчийн туслах Б.Б-г ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан боловч 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хэргийн оролцогчоос хүсэлт ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтад “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заасан.
Шүүгч Д.Баттулга тухайн иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан, шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0....5 дугаар тогтоолоор хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан, шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6...7 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр товлон зарласнаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлж, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Гэвч шүүгчийн туслах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь зөрчил гарахад нөлөөлсөн нь тогтоогдсон, мөн хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн нөхцөл байдал бий болоогүй тул зөрчлийг “ноцтой” гэж үзээгүй талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий гэж үзэж, энэхүү үйлдлийг эхний удаагийн зөрчилд тооцов.
2. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсний дараа, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “... Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, нөгөө талаар түрээсийн объектыг бусдад дамжуулан түрээслэх, түрээсийн төлбөрийг цаг хугацаанд төлөхгүй байх зэрэг зөрчил, нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж буй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт ... заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр ... дансыг битүүмжлүүлэх ...” хүсэлт гаргажээ.
Шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0...4 дүгээр захирамжид “хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүднээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй” гэжээ.
Шүүгч хүсэлтийг хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэн хуульд нийцүүлж шийдвэрлэх эрхтэй тул хүсэлт шийдвэрлэсэнтэй нь холбогдуулж шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “... гар утсанд хадгалагдаж байгаа дуу-дүрсний бичлэг ... нь М.Д-ийн дуу хоолойтой тохирч байгаа эсэхийг талаар ... шинжээч томилуулах ...” тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0...1 дүгээр захирамжаар “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ..., Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль ...-д заасан зарчимд харшилж байна ...” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж, захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэжээ.
Дээрх захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлтийг хангахаас татгалзсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхтэй захирамжид хамаарахгүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулгад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН