
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-07-06
Дугаар 99
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нарансолонго, өргөдөл гаргагч Б.А нарыг оролцуулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ГС/2026/0076 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“... 1. Өргөдлийн: “ ...дандаа шүүхийн болон хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан хойшилдог, хариуцагчтай илтэд ашиг сонирхол нэгтэй” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч "Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн T, БНХАУ-ын иргэн F нараас Д.Э-д холбогдуулан “ ...“Т" ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн тамга гаргуулах” тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өд гаргасныг тус шүүхийн шүүгч Г.Солонгод хуваарилагдан шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2024/... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийг нэгтгэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийг шинээр байгуулсан.
Үүнтэй холбоотойгоор тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ЗТ2025/... дугаар тогтоолоор шүүгч Г.Солонгын сэлгэн ажиллах хугацаа дууссан тул түүний ажиллагаанд байгаа хэргүүдийг дахин хуваарилж, уг иргэний хэрэг нь шүүгч Б.Баярмаад хуваарилагдсан ба улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 192/ЕШ2025/... дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Баярмааг томилсон шийдвэрийг албажуулсан.
Шүүгч Б.Баярмаа уг иргэний хэргийг хүлээн аваад дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Үүнд:
2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан ба хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн 192/ШЗ2025/... дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ын эвлэрэн хэлэлцэх боломжоор хангах хангах хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Хятад хэл дээр болон албан ёсны орчуулгын товчоогоор нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг нэхэмжлэгч талд даалган, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны өмнөх товлогдсон шүүх хуралдаан 18 цаг хүртэл хугацаагаар үргэлжилж, ажлын цаг дууссан тул хэргийг жич товлохоор хойшлуулсан.
2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч сөрөг нэхэмжлэл дахин гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д гардуулсан.
2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа гаргасан.
2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагч талыг мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангах үндэслэлээр хойшилсон.
2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ын үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч F-ны эрх зүйн байдлыг тодруулах, сөрөг нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг гүйцэтгүүлэх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд татан оролцуулах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э-ийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч F-д гардуулсан.
2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газарт, ... дугаар албан бичгээр Хил хамгаалах ерөнхий газарт тус тус шүүгчийн захирамжийг хүргүүлсэн.
2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар гаргасан.
Шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/... дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаас хүндэтгэн үзэх шалтгаан шүүгчийн мэргэшүүлэх сургалтын улмаас хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн шүүх хуралдааныг товыг өөрчлөн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13:30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, харин нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э-ийн үзлэг хийх тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хойшлуулсан.
2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу “Т” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хурлын гэх 45 минутын дүрс бичлэгт үзлэг хийсэн.
2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар 16-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ын бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах үндэслэлээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08:30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсан ба тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ЕШ2026/... хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрхээс үзвэл шүүгч Б.Баярмаа нь зохигчдоос гаргасан хүсэлтүүдийг тухай бүр шийдвэрлэж байсан бөгөөд түүнчлэн шүүгчийн захирамж, зохигчдоос гаргасан хүсэлт бүрийг тэдгээрт мэдэгдэж танилцуулж, тайлбар, татгалзлыг хэргийн материалд хавсаргаж байсан нь сахилгын хэргийн материалд авагдсан.
Мөн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр анх иргэний хэрэг үүсгэсэн ба 2025 оны 03 дугаар сарын 07-ны шүүгч Б.Баярмаад хуваарилагдсанаас хойш одоог хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа ба хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл дээд шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 60 хоногийн хугацаанд явуулахаар хуульд илт тодорхой зохицуулжээ.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгч Б.Баярмаа нь шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулж байсан ба түүнчлэн зохигчдоос гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэх буюу хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх мэтгэлцээний үндсэнд явуулах нөхцөлийг хангах зорилгоор шаардлагатай арга хэмжээ авч ажилласан нь тогтоогдож байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан үндэслэлд шүүхээс шалтгаалж буюу шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас удааширсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2. Өргөдлийн “ ...сөрөг нэхэмжлэл хэрэгтэй огт хамааралгүй, ямар үндэслэлээр хүлээн авсан нь тодорхойгүй, үндсэн нэхэмжлэлтэй ямар үндэслэлээр тооцогдох талаар шийдвэр захирамж гаргаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Д.Э-с дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. Үүнд:
“ ...а. “Т” ГХО-тай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хурал, хурлын №02 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах
б. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Э, БНХАУ-ын иргэн Ф нарын хооронд байгуулсан “Т” ГХО-тай ХХК-ийн 25 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 2500 ширхэг хувьцааг бэлэглэсэн “Бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож 25 хувийн хувьцааг Д.Э-д буцаан шилжүүлэхийг даалгах;
в. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Э, БНХАУ-ын иргэн К нарын хооронд байгуулсан “Т” ГХО-тай ХХК-ийн 25 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 2500 ширхэг хувьцааг бэлэглэсэн “Бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож 25 хувийн хувьцааг Д.Э-д буцаан шилжүүлэхийг даалгах;
г. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Т” ГХО-тай ХХК-ийн хувьцаа эзэмшигч К болон Т нарын хооронд байгуулсан “Т” ГХО-тай ХХК-ийн 40 хувь буюу нэг бүрийн үнэ 100,000 төгрөгийн үнэлгээтэй 3029.2 ширхэг хувьцааг худалдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, 40 хувийн хувьцааг К-д буцаан шилжүүлэхийг даалгах” сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д гардуулсан ба 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариу тайлбараа гардуулсан байна.
Шүүгч Б.Баярмаа дээрх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахдаа захирамж гаргаагүй ба энэ талаар тайлбартаа: “ ...шүүгчийн туслах сөрөг нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн гээд хэргийг танилцуулсан байсан бөгөөд шүүгч хянан үзээд үндсэн нэхэмжлэлд хамаарна гэж үзсэн учир шүүгчийн туслахад 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн орой сууж хэргийн материалтай танилцаад 20 цаг 42 минутад шүүхийн албан ажлын хэрэгцээнд хэрэглэдэг дотоод чатаар сөрөг нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангасан гэж үзээд гардуулах ажиллагаа хийхийг шүүгчийн туслахад үүрэг болгосон” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.
Сөрөг нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан, хуулиар тогтоосон журамд нийцүүлж нэхэмжлэлээ гаргах шаардлагатай.
Нэхэмжлэл гаргах хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
Харин шүүгч Б.Баярмаа нь хариуцагч Д.Э-ын гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан, түүнчлэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй гэж үзэн захирамж гаргахгүйгээр хүлээн авсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн, Сахилгын хорооны тогтоолд “ ...“сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүгч зайлшгүй эрхийн акт гаргах үүрэгтэй” гэх үндэслэлийг шалгах боломжгүй, үүнийг хуулиар зохицуулаагүй” гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан "хуулийн илт тодорхой заалт" гэдэг нь тухайн зүйл, заалт дахь нэр томьёо нь эргэлзээгүй нэг утгаар ойлгогдох, хууль хэрэглээний мэргэжлийн түвшний тайлбарыг үл шаардаж, эрх зүйн практикт нийтлэг хэрэглэгдэж заншсан байхыг шаардана. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан заалт нь эрх зүйн нарийн төвөгтэй агуулгыг хөнддөг бөгөөд уг хуулийн хэрэглээ нь шүүгчийн нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлж, шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбоотой буюу шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалтад хамаарч байна.
Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох эсэхийг гагцхүү шүүгч дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргах бөгөөд Шүүхийн сахилгын хороо үүнд хууль зүйн дүгнэлт өгөх эрхгүй тул энэхүү хуулийн зүйл, заалт, хэсэг нь шүүгчид хориглосон илтэд тодорхой зохицуулалтад хамаарахгүй болно.
3. Өргөдлийн “ ...2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дундуур шүүгч нь гуравдагч этгээдэд сөрөг нэхэмжлэлийн хувь гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж дэг, дарааллыг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс БНХАУ-ын иргэн К-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 192/ШЗ2025/... дугаар захирамжаар хангаж, холбогдох ажиллагааг хийжээ.
Тодруулбал, шүүхээс К Монгол дахь хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй талаар шүүхийн бичиг хүргэгч тэмдэглэл үйлдсэн мөн, ... дүүргийн ... хорооны Засаг дарга Б.Б-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... тодорхойлолтоор тус хаягт оршин суудаггүй талаар дурджээ.
Мөн Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот албан бичгээр К нь Чингис хаан агаарын замын боомтоор 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр улсын хилээр орж, Замын-Үүд замын боомтоор 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хилээр гарсныг шүүхэд мэдэгджээ.
Улмаар 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах үндэслэлээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүгч хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Шалгах ажиллагааны явцад тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд 0:00:00-0:02:08 хэсэгт даргалагчаас шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба оролцогчтой танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, шүүх бүрэлдэхүүнийг зарлан, татгалзан гаргах эрх болон хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, улмаар хэрэг хэлэлцүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө талуудад шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа асуусан байна. Үүний дараа даргалагчаас хэрэг хэлэлцэх ажиллагааг эхлүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах хүсэлтийг гаргасан байна. Үүнд:
0:02:08-0:03:35 Шүүх хуралдаан даргалагчаас: За шүүх хуралдааны дэгийн талаар танилцуулъя. Хэрэг хэлэлцүүлэх ажиллагааг эхэлье. Шүүхэд нэхэмжлэгч нар 2024 оны 05 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. “Т” ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн тамга гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд татан оролцуулдаг. Гуравдагч этгээдэд шүүх хуралдааны тов хүргэгдэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал “Т” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны тогтоол, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа хэвээрээ юу нэхэмжлэгч тал гэхэд.
0:03:35-0:03:36 Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Дэмжиж байгаа гэв.
0:03:37-0:03:38 Шүүх хуралдаан даргалагчаас: Хариуцагч тал гэхэд.
0:03:39-0:03:45 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байгаа гэв.
0:03:45-0:03:48 Шүүх хуралдаан даргалагчаас: Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байгаа юу гэхэд.
0:03:49-0:03:51 Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Хүлээн зөвшөөрөхгүй гэв.
0:03:51-0:04:05 Шүүх хуралдаан даргалагчаас: Үндсэн, сөрөг тооцуулаад асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломж байгаа юу, аль аль нь шаардлагаа дэмжиж байгаа учраас үр дүн гарах боломжгүй юу гэхэд.
0:04:05-0:04:18 Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Өмнө нь шүүхээс хангалттай хугацаа гаргасан. Энэ хугацаанд талууд үр дүнд хүрээгүй учраас хурлаа үргэлжлүүлэх саналтай байна гэв.
0:04:18-0:04:32 Шүүх хуралдаан даргалагчаас: Талуудаас гуравдагч этгээд оролцуулахаар хянан шийдвэрлэсэн. Гуравдагч этгээд гадаад улсад байгаа тов мэдэгдэх боломжгүй гээд орхигдуулсан байгаа. Ирц дээр гаргах санал хүсэлт байгаа юу гэхэд.
0:04:32-0:04:34 Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Байхгүй гэв.
0:04:35-0:06:36 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбоотой асуудал. Магадгүй шүүх миний сөрөг нэхэмжлэлийг хангаад ирэхээр энэ К гэдэг хүн БНХАУ-ын иргэн T, БНХАУ- ын иргэн F нарын хооронд байгуулсан гэрээний асуудал, харилцан өгсөн авснаа буцаах тухай асуудал яригдана. Нэгэнт шүүх сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээд оролцуулах хүсэлтийг хүлээж авсан. Хариуцагчийн зүгээс тэр К-г бол олж ирэх үүрэг байхгүй. Хаягийг нь бол өгсөн. Тэгэхээр шүүх энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдээд явах ёстой. Яагаад гэвэл энэ дандаа гадаадын иргэн оролцсон хэрэг маргаан байгаа. Тэгэхээр зарим орчуулагчтай орчуулах ч үгүй, зарим нотлох баримттай нь орчуулахдаа орчуулга руу явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол Улсын иргэдийг монгол хэлээр явуулах нь ч гэдэг юм уу, ер нь Засгийн газрын зүгээс гадаад иргэд, хэрэг ялангуяа Хятад улсын иргэд Монгол Улсад бизнес хийж хохирч байгаа асуудлаар Засгийн газарт чиглэл өгч энэ асуудлыг буюу хятад иргэдтэй холбоотой асуудал зарлагчдаа залилуулж байгаа ч гэдэг юм уу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлыг нарийвчилж авч үзэж, аль болох бүгд түргэн шуурхай шийдвэрлэх, хуулийн дагуу шийдвэрлэхийг Засгийн газраас үүрэг болгож байсныг бол санаж байна. Тэгэхээр гадаадын иргэдийн оролцсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу зайлшгүй явагдах шаардлагатай. Энэ утгаараа Монгол Улсын эрх ашиг бас хөндөгдөхөөр байдаг юм байна. Тийм учраас захирамжийн биелэлтийг хангуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
0:06:36-0:06:40 Шүүх хуралдаан даргалагчаас: Захирамжийн биелэлт гэдгийг ямар утгаар хэлээд байгаа билээ гэхэд
0:06:41-0:07:21 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Захирамжийн биелэлт буюу К гэхэд гуравдагч этгээдээр оролцуулъя, эсвэл оролцохгүй гэсэн тэр албан бичиг юмнуудыг нь хуульд заасан шаардлага хангуулаад гаргуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын иргэн T, БНХАУ-ын иргэн F гэдэг юм уу, энэ хүмүүс нэгдмэл ашиг сонирхолтой, бие биедээ мэддэг, харилцаа холбоотой ийм хүмүүс байдаг. Гуравдагч этгээдээ оролцуулъя гэдэг захирамж гарсан гэдгийг К бол мэдсэн байгаа гэж би ойлгож байгаа. Тийм учраас захирамжийн биелэлтийг хангуулъя гэдэг саналтай байна” гэх хүсэлт гаргасан.
Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх хүсэлттэй холбогдуулан талуудын санал, хүсэлтийг сонссоны дараа хүсэлтийг хэлэлцэхээр завсарлаж, улмаар “...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд оролцуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах үндэслэлээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хариуцагч талын хүсэлтийг хангаж, Гадаад иргэн харьяатын газарт БНХАУ-ын иргэн К-ийн Монгол Улсад оршин суух бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа, Монгол Улсад болон гадаадад байх хаягийн мэдээллийн талаарх лавлагааг шүүхэд ирүүлэхийг даалгаж” шүүх хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан.
Тодруулбал, даргалагчаас шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг оролцогчдоос асууж шийдвэрлэсний дараа шүүх бүрэлдэхүүнийг зарлан, татгалзан гаргах эрх болон хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлтийг шийдвэрлэн, улмаар хэрэг хэлэлцэж эхэлдэг.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан.
Дээрх сахилгын хэрэгт авагдсан үйл баримтын тухайд хэргийн нөхцөл байдал буюу хэргийн оролцогчийн эрх зүйн байдлаас шалтгаалан шүүх хуралдаан хойшлуулсныг дэг, дараалал зөрчсөн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан бол холбогдох хуульд заасан ажиллагааг шүүх явуулах учиртай.
Гэтэл уг этгээд нь хуульд заасан эдлэх эрх, үүрэг, хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаанд ирээгүй байгаа зэрэг нөхцөл байдал нь дан ганц шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудал бус хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудалд хамаарах тул дээрх хуульд нийцүүлэн шүүх хуралдаан хойшлуулсан гэж үзнэ.
Нөгөөтээгүүр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн К нь Монгол Улсад байхгүй талаар баримт хэрэгт авагдсан боловч шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчимд нийцүүлэн шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй тул зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзэн хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлуулсныг буруутгахгүй.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь уг ажиллагаанд удирдлага болгодог тусгай зарчим болох диспозитив буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явуулах болон мэтгэлцэх зарчимд үндэслэгддэг.
Хэргийн үйл баримтыг иргэний хэргийн шүүх өөрийн санаачилгаар тогтоохгүй бөгөөд талуудын зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хөндлөнгийн байр сууринаас шинжлэн судалж маргааныг шийдвэрлэдэг.
Мөн шүүгч өөрийн санаачилгаар хэрэг хэлэлцэх үе шатанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай өмнөх шүүгчийн захирамж хангуулахаар шүүх хуралдааныг хойшлуулаагүй ба харин хэргийн оролцогч буюу хариуцагч талаас хүсэлт гаргасны дагуу шийдвэр гаргасныг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчид хориглосон хэм хэмжээг зөрчсөн зөрчлийг гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Баярмаа Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Нэг. Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн талаар гаргасан гомдлын талаар:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Т" ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Т, Ф нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-д холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 09- ний өдөр "Т" ГХОХХК-ийн ... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, ... дугаартай компанийн тамга гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
2. Хариуцагч нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гардан авч, хариу тайлбараа бичгээр ирүүлсэн.
3. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/3T2024/... дугаар тогтоолоор хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан.
4. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/Ш32024/... дугаартай захирамж гарч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдааныг товлосон.
5. Тус 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагч өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орох үндэслэлээр мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О оролцох болсон. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан.
6. Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд тойргийн шүүх байгуулагдсантай холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний 192/3T2025/... дугаар тогтоолоор хэргийг дахин хуваарилалтад оруулж, мөн үеэс шүүгч Б.Баярмаа миний биед хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулан тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагч албажуулсан.
7. Миний бие хэргийн материалтай танилцан 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан байсан боловч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Д.Э, нэхэмжлэгч Т, Ф нарт холбогдуулан "Т" ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "ээлжит бус" хурал, хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Э, БНХАУ- ын иргэн Ф нарын хооронд байгуулсан "Т" ГХОХХК-ийн 25 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 2,500 ширхэг хувьцааг бэлэглэсэн "Бэлэглэлийн гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцох, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Э, БНХАУ-ын иргэн К нарын хооронд байгуулсан "Т" ГХОХХК-ийн 25 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 2,500 ширхэг хувьцааг бэлэглэсэн "Бэлэглэлийн гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцох, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн "Т" ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч К болон Т нарын хооронд байгуулсан "Т" ГХО-тай ХХК-ийн 40 хувь буюу нэг бүрийн үнэ 100,000 төгрөгийн үнэлгээтэй 3029,2 ширхэг хувьцааг худалдсан "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд ирүүлснийг хүлээн аваад тус 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/Ш32025/... дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн, хариуцагч талын эвлэрэн хэлэлцэх эрхээр хангуулах тухай хүсэлтийг ханган шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байдаг.
8.2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан "Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй А.О-д холбогдох иргэний хэргийн мөн өдрийн ажлын цаг хүртэл хуралдаад шүүх хуралдаан дуусаагүй үндэслэлээр шүүх хуралдааны товыг өөрчлөн шүүх хуралдааныг жич товлохоор тус шүүхийн ... дугаар шүүгчийн захирамжаар хойшлуулсан.
9. Тиймээс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулан ирүүлсэн байсан ба дахин ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломж олдоогүй бөгөөд шүүгчийн туслах сөрөг нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн гээд хэргийг танилцуулсан байсан бөгөөд шүүгч хянан үзээд үндсэн нэхэмжлэлд хамаарна гэж үзсэн учир шүүгчийн туслахад 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн орой сууж хэргийн материалтай танилцаад 20 цаг 42 минутад шүүхийн албан ажлын хэрэгцээнд хэрэглэгддэг дотоод чатаар сөрөг нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангасан гэж үзээд гардуулах ажиллагаа хийхийг үүрэг болгосныг шүүгчийн туслах маргааш өглөө ирээд танилцаад 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 58 минутад сөрөг нэхэмжлэл хүлээн авсан шүүгчийн захирамж гаргах эсэхийг лавлахад шүүгч өөрөө хянасан тул шууд гардуулахыг даалгасан болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Т, Ф нарт холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон сөрөг нэхэмжлэл болох "Т" ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "ээлжит бус" хурал, хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Э, БНХАУ-ын иргэн Ф нарын хооронд байгуулсан "Т" ГХОХХК-ийн 25 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 2,500 ширхэг хувьцааг бэлэглэсэн "Бэлэглэлийн гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцож 25 хувийн хувьцааг Д.Э-д буцаан шилжүүлэхийг даалгах, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Э, БНХАУ-ын иргэн К нарын хооронд байгуулсан "Т" ГХОХХК-ийн 25 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 2,500 ширхэг хувьцааг бэлэглэсэн "Бэлэглэлийн гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцож 25 хувийн хувьцааг Д.Э-д буцаан шилжүүлэхийг даалгах; 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн "Т” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч К болон Т нарын хооронд байгуулсан "Т" ГХОХХК-ийн 40 хувь буюу нэг бүрийн үнэ 100,000 төгрөгийн үнэлгээтэй 3,029.2 ширхэг хувьцааг худалдсан "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"- г хүчин төгөлдөр бусад тооцож, 40 хувийн хувьцааг К-д буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг мөн өдрийн буюу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж чадаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй шүүгчийн хувиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д "Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай тооцогдоно гэж үзсэн тул хүлээн авч шүүгчийн туслахад сөрөг нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийхийг даалган 2025 оны 05 дугаар сарын 16- ны өдөр нэхэмжлэгч тал гардан авч 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариу тайлбараа бичгээр ирүүлсэн байна.
Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахдаа хариуцагч тал 2015 онд маргаан бүхий компанийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг байсан, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нар түүнийг төөрөгдүүлсэн гэх үндэслэл заан хувьцаатай холбоотой гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулан хувьцаагаа буцаан шилжүүлэхийг даалгуулах агуулга бүхий, мөн түүнчлэн түүнийг тус компанийн гүйцэтгэх удирдлагын үүргээс хувьцаа эзэмшигч нар чөлөөлсөн тул компанийн тамга, гэрчилгээ гаргуулах үндсэн нэхэмжлэлийн үндэслэл болгосон хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "ээлжит бус" хурал, хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай тооцогдох юм.
Иймд сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай, шүүх хуралдаан товоор хойшилсон тул шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн учир эрхийн акт гаргаагүй нь шүүх хуралдааны бус үед гаргасан шийдвэр юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан бол заавал захирамжаар шийдвэрлэх тусгайлсан журмыг тогтоогоогүй тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Харин сөрөг нэхэмжлэлд тавигдах бүрдүүлбэр шаардлага хангаагүй гэж үзсэн бол шүүгч өмнөх шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн журмын адилаар хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх байсан болно. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах болон татгалзаж журмыг шүүх хуралдаанаас бусад үед захирамжаар шийдвэрлэх журмыг нарийвчлан тогтоогоогүй тул уг гомдол үндэслэлгүй юм. Харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан талаар дэлгэрэнгүй тайлбар бичих нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй давхцах тул шүүх урьдчилан дүгнэлт хийх боломжгүй юм.
Мөн гомдолд хариуцагчтай илтэд ашиг сонирхол нэгтэй гэсэн гомдлын агуулгыг илт гүтгэлгийн шинжтэй гэж үзэхээр байна, гомдлыг агуулгаас хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алин болох нь тодорхой бус, шүүгчийн зүгээс эдгээр хүмүүстэй хувийн болон танилын зэрэг ямар ч хамааралгүй хүмүүс болохыг батлан илэрхийлж байна. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсэх огтоосоо боломжгүй гэх тайлбаруудыг өгч байна.
Хоёр. Шүүх хуралдааны дэг, дарааллыг санаатай зөрчсөн талаар
1. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш буюу хамгийн сүүлийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш жич зарласан шүүх хуралдаан шүүгчийн ээлжийн амралттай холбогдон 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр товлон зарлагдсан ба уг шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаанаар мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшилсон.
2. 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтүүдээс гомдолд хамааралтай хэсэг буюу тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Күйн Сингао-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар татан оролцуулах тухай хүсэлтийг түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үндэслэлээр хангасан.
3. Уг захирамжаар гуравдагч этгээдийн Монгол улсын гаалиар орж гарсан талаарх лавлагаа, Монгол улсад бүртгэлтэй хаягийн лавлагааг шүүхийн журмаар бүрдүүлэхээр шийдвэрлэсэн тул Хил хамгаалах Ерөнхий газраас 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар албан бичгээр 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын хилээр орж, Замын-Үүд авто боомтоор 08 дугаар сарын 27-ны өдөр гарах чиглэлд бүртгэгдсэн талаар хариуг ирүүлсэн.
4. 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дараагийн хуралдаан товлосон байсан боловч шүүгч нарын мэргэшүүлэх сургалтын улмаас шүүх хуралдааны тов өөрчилсөн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 27- ны өдөр товлосон. Тус хуралдаанаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэлэлцээд хаяг тодорхой бус үндэслэлээр хангахаас татгалзан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн үзлэг хийлгэх, талуудын эвлэрэн хэлэлцэх зэрэг эрхээр ханган шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
5. 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх /эрүүл мэнд/ шалтгааны улмаас мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшилсон.
6. 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гуравдагч этгээд оролцуулах шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах үндэслэлээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг ханган шүүх хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар, мөн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А даргалагч шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг тодорхой үндэслэл тавьж татгалзсныг шүүх хүлээн авч шүүх хуралдаан хойшлогдсон.
7. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/Ш32026/... дугаар захирамжаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэсэн тул шүүх хуралдааныг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр товлон зарласан байгаа болно.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор заасан, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж үзсэн тул хангасан, шүүхэд дуудан ирүүлж хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлах, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гардуулах хариу тайлбар авах ажиллагааг хийх зорилгоор шүүхийн журмаар баримт бүрдүүлэхэд Монгол улсад ... дүүргийн ... хороо, ... байрны ... тоотод оршин суудаггүй гэх тухайн хорооны Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын хилээр гарсан бүртгэл авагдсан, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд оршин суух бүртгэлтэй байсан болох нь тогтоогдсон.
Иймээс шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй болох нь хангалттай тогтоогдсон тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлэх товыг 04 дүгээр сарын 24-нд товлосон боловч нэхэмжлэгч тал шүүгчээс татгалзсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон, одоо 06 дугаар сарын 04-ний өдөр товлогдсон байгаа.
Шүүхээс нэгэнт гуравдагч этгээдийг татан оролцуулахаар шийдвэрлэсэн тул холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэснийг шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж үзэхийн сацуу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүх хуралдаан хойшлуулсан гэх гомдол мөн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буюу мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хэргийг хэлэлцүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулах явцад хариуцагч тал гуравдагч этгээдийг Монгол улсад ирсэн эсэхийг дахин тодруулах агуулгаар шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэсэн нь шүүгчийг сахилгын зөрчил алдсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гомдолд дурдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд шүүгч миний үйлдэл нь шүүн таслах ажиллагааны агуулгатай холбоотой ёс зүйн болон хууль тогтоомжийг зөрчөөгүй гомдолд дурдсан тайлбар, үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.А-с Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаад холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч, Сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн СХТ/2026/0052 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. “... Сөрөг нэхэмжлэл хэрэгтэй огт хамааралгүй, ямар үндэслэлээр хүлээн авсан нь тодорхойгүй, үндсэн нэхэмжлэлтэй ямар үндэслэлээр тооцогдох талаар шийдвэр захирамж гаргаагүй ...” гэх тухайд,
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, "Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн T, БНХАУ-ын иргэн F нараас Д.Э-д холбогдуулан ““Т" ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн тамга гаргуулах” тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгч Г.Солонгын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2024/... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдаж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ЗТ2025/... дугаар тогтоолоор шүүгч Г.Солонгын сэлгэн ажиллах хугацаа дууссан үндэслэлээр уг иргэний хэрэг шүүгч Б.Баярмаад хуваарилагдсан ба түүнийг Ерөнхий шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 192/ЕШ2025/... дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/... дугаар захирамжаар “нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, бүрдүүлбэр дутуу” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Харин хариуцагчаас 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр
“ ...а. “Т” ГХО-тай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хурал, хурлын ... тоот тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах
б. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Э, БНХАУ-ын иргэн Ф нарын хооронд байгуулсан “Т” ГХО-тай ХХК-ийн 25 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 2500 ширхэг хувьцааг бэлэглэсэн “Бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож 25 хувийн хувьцааг Д.Э-д буцаан шилжүүлэхийг даалгах;
в. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Э, БНХАУ-ын иргэн К нарын хооронд байгуулсан “Т” ГХО-тай ХХК-ийн 25 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 2500 ширхэг хувьцааг бэлэглэсэн “Бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож 25 хувийн хувьцааг Д.Э-д буцаан шилжүүлэхийг даалгах;
г. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Т” ГХО-тай ХХК-ийн хувьцаа эзэмшигч К болон Т нарын хооронд байгуулсан “Т” ГХО-тай ХХК-ийн 40 хувь буюу нэг бүрийн үнэ 100,000 төгрөгийн үнэлгээтэй 3029.2 ширхэг хувьцааг худалдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, 40 хувийн хувьцааг К-д буцаан шилжүүлэхийг даалгах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д гардуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох талаар шүүгчээс “... хариуцагч тал 2015 онд маргаан бүхий компанийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг байсан, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нар түүнийг төөрөгдүүлсэн гэх үндэслэл заан хувьцаатай холбоотой гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулан хувьцаагаа буцаан шилжүүлэхийг даалгуулах агуулга бүхий, мөн түүнчлэн түүнийг тус компанийн гүйцэтгэх удирдлагын үүргээс хувьцаа эзэмшигч нар чөлөөлсөн тул компанийн тамга, гэрчилгээ гаргуулах үндсэн нэхэмжлэлийн үндэслэл болгосон хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "ээлжит бус" хурал, хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай тооцогдох юм ...” гэж хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хүлээн авсан болохоо тайлбарлажээ.
Энэ нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн шийдвэрлэхээр заасан шүүгчийн бүрэн эрхэд хамаарна.
Үүнийг илтгэгч гишүүн “... сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох эсэхийг гагцхүү шүүгч дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргах бөгөөд Шүүхийн сахилгын хороо үүнд хууль зүйн дүгнэлт өгөх эрхгүй тул энэхүү хуулийн зүйл, заалт, хэсэг нь шүүгчид хориглосон илтэд тодорхой зохицуулалтад хамаарахгүй болно ...” гэж дурдсан нь үндэслэлтэй байна.
Мөн шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан бүрдүүлбэр хангагдсан эсэх, 65 дугаар зүйлийн 65.1-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон түүнд хавсаргасан баримтуудын хүрээнд шалгаж, татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн хүлээн авч байгаа тохиолдолд заавал эрх зүйн акт гаргах талаар хуульд заагаагүй, шүүгчид үүрэг болгоогүй тул захирамж гаргахгүйгээр хүлээн авч, холбогдох ажиллагаа явуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Хоёр. “ ... 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дундуур шүүгч нь гуравдагч этгээдэд сөрөг нэхэмжлэлийн хувь гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж дэг, дарааллыг зөрчсөн ...” гэх тухайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд БНХАУ-ын иргэн К-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 192/ШЗ2025/... дүгээр захирамжаар хангаж, К-д Монгол дахь хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй болох нь шүүхийн бичиг хүргэгчийн тэмдэглэл болон ... дүүргийн ... хорооны Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр тодорхойлолтоор тус тус тогтоогджээ.
Мөн Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар албан бичгээр К нь Чингис хаан агаарын замын боомтоор 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр улсын хилээр орж, Замын-Үүд авто замын боомтоор 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хилээр гарсныг шүүхэд мэдэгдсэн байна.
Товлон зарласан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн К-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хилийн чанадад ажиллагаа хийх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, харин нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э-ийн үзлэг хийх тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах үндэслэлээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүгч хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт шүүх хуралдааны дэгийг хуульчилсан бөгөөд шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдааныг нээн, шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалгаж, шүүх бүрэлдэхүүнийг зарлан татгалзан гаргах эрх болон хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлана.
Улмаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн оролцогчдоос гаргах хүсэлт байгааг асууж, хэрэв хүсэлттэй бол түүний үндэслэлийг сонсож, бусад оролцогчдоос хүсэлттэй холбоотой тайлбар, саналыг сонссоны дараа хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд даргалагч хэргийн талаар танилцуулснаар хэргийг хэлэлцэх шат эхлэх бөгөөд зохигч мэтгэлцсэний дараа нотлох баримт шинжлэх, асуулт асуух дарааллыг тогтоодог.
Тус иргэний хэргийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт, уг хүсэлттэй холбоотой нэхэмжлэгч талаас гаргасан санал, тайлбарыг сонсож, хүсэлтийг хэлэлцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэхээр шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, харин илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд, даргалагч хэргийг хэлэлцүүлэх ажиллагааг эхлүүлэх талаар хэлж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, зохигчид эвлэрэх боломж байгаа эсэхийг асуусны дараа гуравдагч этгээдийг оролцуулах ирцтэй холбоотой саналыг асуусан байх ба энэ үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтээ гаргасан байна.
Үүнийг илтгэгч гишүүн “... бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан бол холбогдох хуульд заасан ажиллагааг шүүх явуулах учиртай. Гэтэл уг этгээд нь хуульд заасан эдлэх эрх, үүрэг, хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаанд ирээгүй байгаа зэрэг нөхцөл байдал нь дан ганц шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудал бус хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудалд хамаарах тул дээрх хуульд нийцүүлэн шүүх хуралдаан хойшлуулсан гэж үзнэ ...” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй байна.
Хэдийгээр даргалагч хэргийг хэлэлцүүлэх талаар хэлсэн боловч зохигчид өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа хэлж, хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтэд үндэслэн шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй тул уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан БНХАУ-ын иргэн К нь Монгол Улсад байхгүй талаарх лавлагаа 4 сарын өмнө хэрэгт авагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс дахин тодруулах ажиллагаа хийхээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснийг шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн, хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байх боловч хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байхад шаардлагатай баримтуудыг цуглуулах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулсан гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр шүүгчийг “хариуцагчтай илтэд ашиг сонирхол нэгтэй” гэж дүгнэх боломжгүй.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ГС/2026/0076 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Б.СУГАР