info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-25

Дугаар 90

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нарансолонго нарыг оролцуулан, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2026/0070 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд прокурор Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.М-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлснийг 2026 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 14 цаг 11 минутад хүлээн авсан болох нь тус шүүхийн “Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан бүртгэл 2026 он” бүртгэлийн дэвтрийн 575 дугаарт бүртгэгдсэн нь тус хэргийг хүлээн авсан талаарх мэдээлэл, гарын үсгээр тогтоогдож байна.

Тус эрүүгийн хэрэг шүүгч Ч.Алдарт хуваарилагдсанд, шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Шүүх хуралдаан товлон зарлах тухай” 2026/ШЗ/... дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутаас прокурор Т.М, хохирогч Э.Б, яллагдагч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэжээ.

Уг товлогдсон өдрийн шүүх хуралдаанд яллагдагч болон түүний өмгөөлөгч биечлэн оролцож, прокурор ирээгүй байх тул шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 2026/ШЗ/... дүгээр захирамжид ““... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдож байна”” хэмээн дурдаж, хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Тухайн өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг болох “camera_BE9358951_7-r_zaal-20260325102109_20260325102246_186150.av” гэх нэршилтэй 01 минут 49 секундийн бичлэгийн 00:54 дэх хоромд даргалагч “... Прокурор Танд хэзээ гэж юм яриагүй биз дээ” гэхэд бичлэгийн 01:00 дэх хоромд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “Тийм” гэж хариулсан нь хадгалагджээ.

Ийнхүү шүүгчийн 2026/ШЗ/... дугаартай захирамжаар товлогдсон, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд прокурор мөн хүрэлцэн ирээгүй байх ба шүүх хуралдаанд оролцогчийн саналыг харгалзан, хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгчийн 2026/ШЗ/... дүгээр захирамжаар шийдвэрлэсэн байна.

Уг захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болох ба энэ талаарх мэдээллийг харьяалах прокурорын байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд даруй хүргүүлнэ.” гэж заасныг баримталж шийдвэрлэжээ.

Прокурор хуралдаанд цахимаар оролцох хүсэлтийн талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б “Улсын яллагчид тов мэдэгдсэн. Шүүх хуралдааны өмнө утсаар мэдэгдэхэд цахимаар оролцох хүсэлтэй байна гэсэн” гэж ирц илтгэсэн байх бөгөөд энэ талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

“... 25-ны өдрийн шүүх хуралдааны өмнө прокурор луу залгасан. Гэтэл “шүүх хуралдаанаас дөнгөж гарч ирлээ, цахимаар оролцож болох уу” гэсэн. Тэгэхээр нь “Та хүрээд ирэх үү, Таныг ирэх хүртэл бэлэн байгаа хурлаа оруулж байх уу” гэхэд “Шалгалт ирчихсэн байгаа болохоор очих боломжгүй, цахимаар оролцчихъё, ямар ч маргаангүй хэрэг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд эрүүгийн шүүх хуралд “Та биечлэн оролцох ёстой” гэдгийг хэлсэн. Хурлын цаг болсон тул хурлаа оруулаад, шүүх хуралдаанд прокурор “цахимаар оролцох хүсэлттэй байна” гэсэн гэж танилцуулсан. 26-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, өмгөөлөгч ирчихсэн харин прокурор ирээгүй байхаар нь залгатал “Цахим баталгаа явуулсан байгаа. Цахимаар оролцоход бэлэн байна” гэсэн тул ирц танилцуулахдаа энэ талаар хэлсэн” гэж,

            Шүүгчийн туслах Д.О гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “... Хэрэг хүлээж авсан өдрөө хэргийн оролцогч болон прокурорт утсаар тов мэдэгдсэн. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн товлосон тухайн цагт хуралдаанд оролцох боломжтой гэсэн. Эрүүгийн хуралдаанд заавал биечлэн оролцох шаардлагатай шүү  гэдгийг прокурорт мэдэгддэг. М прокурорт ч мөн л хэлсэн. Тэгэхэд “За ойлголоо. Тов мэдлээ.” гэсэн.

Үүний дараа буюу дараагийн өдөр нь билүү ямартай ч шүүх хуралдааны өмнө өдөр прокурор над руу залгаад “Цахим баталгаа явуулсан, цахимаар оролцоно” гэж хэлсэн. Бичиг хэрэг и-мэйлээр ирсэн “Цахим баталгаа”-г авчирч өгсөн тул шүүгчид танилцуулсан. Шүүгч “Биечлэн оролц гэж хэлээрэй. Энэ чинь эрүүгийн хэрэг шүү” гэж хэлэхээр нь прокурорт утсаар хэлсэн. Тэгэхэд ажлын ачаалалтай, хяналт шалгалт ирчихсэн гэсэн” гэж тус тус мэдүүлсэн.

Дээрхээс үзвэл прокуророос хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй байх ба харин цахимаар оролцох хүсэлтээ илэрхийлжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам батлах тухай” 82 дугаар тогтоолоор баталж, уг тогтоолын 1-р хавсралтаар Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг, “Цахимаар оролцогчийн баталгаа”-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байна. Тодруулбал уг журмаар шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар шүүх хуралдаанд оролцуулах ажлыг зохион байгуулах харилцааг зохицуулсан байна.

Уг журмын 1 дүгээр хавсралтын 3.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад бичгээр, эсхүл утсаар, шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаяг /цаашид "цахим шуудан" гэх/-аар мэдэгдэнэ” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт хэсэгт буюу мөн зүйлийн 1.13-т ““оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;” ойлгоно гэж оролцогч гэдэгт хэн хэн хамаарах талаар нэрлэн зааж хуульчилсан байх бөгөөд тус хуульд тусгайлан зааснаар оролцогчид “прокурор” хамаарахгүй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хуралдаанд прокурор оролцохоор хуульчилсан, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын яллагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ, улсын яллагч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна гэж хуульчлан зохицуулсан байна.

          Иймд холбогдох шүүгчээс ирүүлсэн “... прокурор нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхэд нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар холбогдох шүүгчийн хэдийгээр хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлтийн прокурор хангаж, шүүхэд шилжүүлж байгаа боловч, гэм буруугийн асуудлыг заавал, шүүх шийдвэрлэсний эцэст, прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг батлах эсэх асуудлыг шийдвэрлэдэг” гэх тайлбар үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1-д “Шүүх … шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлэг явуулах ажиллагааг цахим платформ ашиглан явуулж болно.” гэж заасан нь шүүхэд эрх олгосон зохицуулалт байх бөгөөд заавал биелүүлэх үүрэг болгосон зохицуулалт биш тул шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Улсын яллагч шүүх хуралдаанд оролцохдоо хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тухайн этгээдийг шүүх хуралдаанд оролцох боломжгүй болгосон бодит нөхцөл байдлыг хэлэх бөгөөд хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадаагүй гэх үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн бол шүүх уг шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх, холбогдох баримт бий эсэх, шүүхэд урьдчилан мэдэгдсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухай бүрд шийдвэрлэдэг.

Яллагдагч Д.М-д холбогдох эрүүгийн хэргийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд прокурор Т.М, яллагдагч болон түүний өмгөөлөгч нар оролцон, хэргийг хуралдаанаар хэлэлцэж, шүүгчийн 2026/ШЗ/... дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 6.Прокурор яллагдагчийн гэм буруу, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчийн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан саналыг яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, хэргийг 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлнэ.” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчийн хүлээн зөвшөөрч баталгаажуулсан саналыг яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, хэргийг 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлнэ гэж хуульчилсан 7 хоног хэтэрсэн тохиолдолд дахин гардуулж, түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээ хүлээн зөвшөөрсөн эсэх талаар тодруулах нь зүйтэй” гэх үндэслэл дурдсаныг буруутгах үндэслэлгүй.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар прокуророос ... дугаартай эрүүгийн хэргийн яллагдагч Д.М-д 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 23-ний өдөр шүүхэд ирүүлсэн нь тогтоогдож байх ба холбогдох шүүгч хуулийг тайлбарлан хэрэглэхдээ хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.4 дэх заалтад “шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх” чиг үүргийг шүүхийн Тамгын газар хэрэгжүүлнэ гэж зааснаар хавтаст хэргийг хүлээн авах нь шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтны албан үүрэгт хамаарч байх бөгөөд шүүгч хэрэг хүлээн авах, хуваарилах ажиллагаанд оролцох, хяналт тавих эрх, үүрэггүй төдийгүй хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй.

Мэдээлэлд дурдагдаж буй эрүүгийн хэргийн 2026 оны 03 дугаар сарын 25, 26, 31-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүх хуралдаан хуульд заасан дэг, дарааллын дагуу хэвийн үргэлжилсэн байх бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд прокурор Т.М биечлэн оролцож шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд прокурорын зүгээс өмнөх хоёр удаагийн шүүх хуралдааны талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй, маргаан өрнөөгүй байна.

Мөн энэ талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... 31-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд өмнө шүүх хуралдаан хойшилсонтой холбоотой зэрэг зүйл огт яригдаагүй, хуралдаан хэвийн явагдсан” гэсэн мэдүүлэг өгсөн байна.

             Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “ажлын их ачаалалтай байсан, замын түгжрэл ихтэй, шүүх хуралдаанд биечлэн очиж оролцоход хүндрэлтэй, тус шүүхийн ойролцоо машины зогсоол олдоц муутай” гэж дурдсан нь прокурор шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдалд хамаарах эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байх ба дээрх агуулгад холбогдуулан шүүгч нь прокурорыг үл хүндэтгэсэн, залхаасан шинжтэй үйлдэл, хандлага гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгэвэл, холбогдох шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах ...”, 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.25 “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасныг зөрчөөгүй байх тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Холбогдох шүүгч Ч.Алдар Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

... Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.Ж, тус прокурорын газрын хяналтын прокурор Т.М нь эрүүгийн "..." дугаартай Д.М-д холбогдох хэргийг яллагдагч Д.М-с гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ... дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн боловч тус шүүхийн хэрэг хүлээн авдаг ажилтан "...хурал, зөвлөгөөнтэй байх тул 1 дэх өдөр хэргийн материалыг аваад ир" гэсний дагуу хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд хүлээлгэн өгч, хэрэг Ч.Алдар шүүгчид хуваарилагдсан гэх,

1. Яллагдагч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж ... дугаартай яллах дүгнэлт үйлдсэн, гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байсан.

2. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн боловч тус шүүхийн хэрэг хүлээн авдаг ажилтан “...хурал, зөвлөгөөнтэй байх тул 1 дэх өдөр хэргийн материалыг аваад ир" гэсний дагуу хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд хүлээлгэн өгч гэжээ. 

Тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд хэргийг өөрийн дураар хурал, зөвлөгөөнтэй гэх шалтгаанаар хэрэг хүлээн авахгүй гэх, ийм эрх хэмжээ мэдээлэл лавлагааны ажилтанд байхгүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй байсан.

Шүүгч Ч.Алдар хэргийг хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүх хурлыг товлосон талаар 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн туслах утсаар мэдэгдэхэд прокурор Т.М ШЕЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан "Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам"-ын дагуу "...яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцох хүсэлтээ гаргасан, ажлын ачаалал ихтэй байгаа тул цахимаар шүүх хуралд оролцъё" гэж хүсэлтээ бичгээр болон утсаар удаа дараа мэдэгдэж, мөн уг тогтоолын 2-р хавсралтад заасан "Цахим оролцогчийн баталгаа"-г гаргаж шүүхэд хүргүүлж, шүүх хурал товлосон цаг хугацаанд техник хэрэгслийг бэлтгэн хуралд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн гэх агуулгын хүрээнд:

... Шүүх хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг товлон зарласан. Товлон зарлахдаа шүүгчийн туслах нь шүүхэд хүрэлцэн ирж оролцох талаар мэдэгдэж, шүүх хуралдааныг хуулийн хугацаанд явуулах бэлтгэл ажлыг хангаж, шүүх хуралдааныг давхцалыг талуудаас тодруулж, шүүх хуралдааныг зарладаг. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй захирамж гардаг.

2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн туслах утсаар мэдэгдэхэд прокурор Т.М ШЕЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан "Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам"-ын дагуу "...яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцох хүсэлтээ гаргасан, ажлын ачаалал ихтэй байгаа тул цахимаар шүүх хуралд оролцъё" гэж хүсэлтээ бичгээр болон утсаар удаа дараа мэдэгдэж, мөн уг тогтоолын 2-р хавсралтад заасан "Цахим оролцогчийн баталгаа"- г гаргаж шүүхэд хүргүүлж, шүүх хурал товлосон цаг хугацаанд техник хэрэгслийг бэлтгэн хуралд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн .., гэх.

ШЕЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор "Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам" батлагдсан байна. Уг журмын нэгдүгээр заалтаар “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам"-ыг, "Цахимаар оролцогчийн баталгаа"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байна. 1 дүгээр хавсралтын 1.1 дэх заалтад "Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам"-аар шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцох ажиллагааны бэлтгэл хангах, зохион байгуулах харилцааг зохицуулна...” гэж тусгасан байна.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах харилцааг зохицуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг..., оролцогч гэж хуульчилсан байх ба, хуульд тусгайлан зааснаар оролцогч этгээдэд "прокурор" хамаарахааргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж хуульчилсан байх ба уг агуулгын хүрээнд, шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж, Прокурорын тухай хуулийн 19.2.Прокурор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхэд нотолно...” гэж тус тус хуульчилсан байна.

Хэдийгээр хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлтийн прокурор хангаж, шүүхэд шилжүүлж байгаа боловч, гэм буруугийн асуудлыг заавал, шүүх шийдвэрлэсний эцэст, прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг батлах эсэх асуудлыг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хуралдаан шүүхийн хэлэлцүүлэг явуулах ажиллагааг цахим платформ ашиглан явуулж болно” гэж заасны дагуу прокурор шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцох хүсэлтээ гаргаж, техникийн бэлэн байдлыг хангаж, шүүх хуралд цахимаар оролцоход бэлэн байхад 2 удаа прокурорыг биечлэн ирээгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь илтэд үндэслэлгүй байна.., гэх агуулгын хүрээнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...шүүх хуралдаан шүүхийн хэлэлцүүлэг явуулах ажиллагааг цахим платформ ашиглан явуулж болно" гэж заасны дагуу прокурор шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцох хүсэлтээ гаргаж, техникийн бэлэн байдлыг хангаж, шүүх хуралд цахимаар оролцоход бэлэн байхад 2 удаа прокурорыг биечлэн ирээгүй гэх...,

Шүүхэд эрх олгосон болон үүрэг болгосон зохицуулалтыг шүүх үүрэг болгосныг заавал биелүүлэх, эрх олгосныг шүүгч өөрөө шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхийн хэлэлцүүлэг явуулах ажиллагааг цахим платформ ашиглан явуулж болно, гэж хуульчилсан байна. “Явуулж болно” гэдэг зохицуулалт нь явуулахгүй байж болно гэсэн агуулгыг давхар илэрхийлдэг ба энэ зохицуулалт нь шүүхэд эрх олгосон зохицуулалт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь илтэд үндэслэлгүй байна.., гэх,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж хуульд хоёрдмол утга санаагүй тодорхой нэрлэн заасан байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах”, 6.1-т “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 6.2-т “Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.” гэж тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хяналтын прокурор Т.М нь шүүхийн туслахад цахим баталгаа явуулсан боловч, шүүх хуралд биечлэн оролцох талаар удаа дараа мэдэгдсээр байтал ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд оролцохгүй, хялбар ажиллагааны хэрэг гэж шүүхийг үл хүндэтгэн, би цахимаар л оролцоно, яахаараа танай шүүгч цахимаар ордоггүй юм гэж шүүхийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг удаа дараа загнах, шүүх хуралдааны тов мэдэгдсээр байхад шүүхэд шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болох ба энэ талаарх мэдээллийг харьяалах прокурорын байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд даруй хүргүүлнэ” гэж хуульчилсан тул холбогдох байгууллагад хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд улсын яллагч, оролцогч, бусад оролцогч ирээгүй бол шалтгааныг тодруулж, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ" гэж хуульчилсан байдаг.

... Хяналтын прокурор Т.М нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй 291 хэрэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 65, нийт 358 хэрэг, материалд хяналт тавьж байсан ба үүнээс гадна түүний хяналтад мөрдөгч санал гаргаж ирүүлсэн 46 хэрэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай ирүүлсэн 26 материал хянагдаж, ажлын их ачаалалтай гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.

Зөвхөн тухайн шүүхийн шүүгч Ч.Алдар миний хувьд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар шийдвэрлэсэн хэрийн тухайд, зөрчлийн хэрэг 700, эрүүгийн хэрэг 65, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 130, прокурорын дүгнэлт 40, зөрчлийн хэргийн гомдол 8, буюу зөвхөн шүүх хуралдаан заавал орж, эрх үүрэг тайлбарлаж шийдвэрлэсэн 1000 орчим биечилсэн шүүх хуралдаан хийгээд байна. Тухайн шүүхийн хэргийн ачааллын хувьд 2-оос 3 шүүгчийн ачаалалтай ажилдаг ба ингэж ажиллалаа гээд ачаалал ихтэй байна гэж, ямар нэгэн гомдол санал гаргалгүй, хуульд заасан хугацааны дотор хэргийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх болон хүний эрхийг хамгаалан ажиллаж байгаа дурдах нь зүйтэй байна.

Иймд хяналтын прокурор нь төрийн нэрийн өмнөөс шүүх хуралд оролцох үүргээ биелүүлэхгүй, би ачаалал ихтэй ажиллаж байна, хэргийг хялбаршуулсан учир цахимаар оролцоно гэж, шүүгчийн захирамж гарчхаад байхад дур зоргоороо шүүх хуралдааныг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцохгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд улсын яллагч шүүх хуралд оролцох үүрэгтэй ба улсын яллагч нь шүүх хуралд ирээгүй тохиолдолд, шүүх хуралдааныг хойшлуулах зохицуулалттай.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

... дүүргийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.Ж-с гаргасан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.23, 50.1.25 дахь заалтыг тус тус зөрчсөн гэх мэдээллийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГЗҮ/2026/0063 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ... дүүргийн прокурорын газраас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.М-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснийг шүүгч Ч.Алдар хүлээн авч, шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/... дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр товлон зарлажээ.

Хяналтын прокурор яллах дүгнэлтдээ шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлттэй байгаагаа дурдаад, цахим оролцогчийн баталгааг гарган ирүүлсэн байна.

Товлон зарласан шүүх хуралдаанд яллагдагч болон түүний өмгөөлөгч биечлэн оролцож, прокурор ирээгүй тул шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЗ/... дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн боловч прокурор дахин 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд ирээгүй тул 2026/ШЗ/... дүгээр захирамжаар 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.

Улмаар 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллагдагчийн гэм буруу, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчийн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан саналыг яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, хэргийг 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлнэ”, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана: ... 4.3.прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх;” гэж заасныг үндэслэн хэргийг прокурорт буцаасан ба уг хуралдаанд прокурор ирээгүй байна.

 Мэдээлэлд “... 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ... дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн боловч тус шүүхийн хэрэг хүлээн авдаг ажилтан "...хурал, зөвлөгөөнтэй байх тул 1 дэх өдөр хэргийн материалыг аваад ир" гэсний дагуу хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд хүлээлгэн өгсөн ...” гэж дурдсан боловч илтгэгч гишүүний шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлэг явуулах ажиллагааг цахим платформ ашиглан явуулж болно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан "Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам"-аар зохицуулсан.

Тус журмын 3.1-д “Шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад бичгээр, эсхүл утсаар, шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаягаар мэдэгдэнэ”, 3.3-д “Энэ журмын 3.1-д заасан шүүх хуралдаанд оролцогчийг цахимаар оролцуулах эсэх талаарх шүүгч, шүүх бүрэлдэхүүний хариуг шүүгчийн туслах шүүх хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө мэдэгдэнэ” гэж зааснаар прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт тодорхойлсон "оролцогч" гэдэгт хамаарахгүй боловч шүүх хуралдаанд яллах талын чиг үүргийг хэрэгжүүлэн оролцдог тул “шүүх хуралдааны оролцогч” мөн.

Гэвч цахимаар оролцох хүсэлттэй шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтийг заавал хангах зохицуулалтгүй, харин оролцуулах эсэхийг шүүгч шийдвэрлэхээр байх бөгөөд тухайн хэргийн хувьд хяналтын прокуророос биечлэн оролцох боломжгүй гэх хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлоогүй байх тул прокурорыг биечлэн шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэж, энэ талаар шүүгчийн туслахаас удаа дараа мэдэгдсэн байна.

Мөн шүүгч прокурорыг биечлэн шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 1.5-д “Прокурор, шүүгдэгчээс бусад оролцогчийг шүүх хуралдаанд цахимаар оролцуулж болно” гэж заасантай нийцсэн байх тул шүүгч шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолын 3-д Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын “илт тодорхой” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй” гэж тайлбарласан тул илтгэгч гишүүний саналд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1-д “Шүүх … шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлэг явуулах ажиллагааг цахим платформ ашиглан явуулж болно.” гэж заасан нь шүүхэд эрх олгосон зохицуулалт байх бөгөөд заавал биелүүлэх үүрэг болгосон зохицуулалт биш тул шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй ...” гэж дурдсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, прокурор шүүх хуралдаанд ирээгүйгээс шалтгаалан шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж шүүгчид хориглосон зохицуулалтад хамаарахгүй бөгөөд хууль, журмаар зохицуулсан зохицуулалтын хүрээнд прокурорыг шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлага тавьж, оролцох боломжоор хангахын тулд шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан гэж үзэхээр байх тул шүүгчийг прокурорыг залхаах байдлаар зүй бус авирлаж харилцсан гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2026/0070 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                                    ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                                О.НОМУУЛИН