info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-17

Дугаар 80

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өргөдөл гаргагч З.Б өргөдөлдөө: “... Нэг: Дархан-Уул аймгийн шүүх, шүүхийн Тамгын газраас зарим шүүгч, захиргааны ажилчид 2025 оны 05 дугаар сард ... аймгийн шүүхийн ойн нэрэмжит тэмцээнд оролцоод буцах үед шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар архи нэхэж, нярав Х.М, ахлах нягтлан бодогч Т.П нарыг “урд нь машин барьж явсан жолооч Х.Г рүү залгаж “зогс наад машинаас чинь н.Б, н.Т нарыг авна” гэж зогсоож, ямар ч суух суудалгүй байхад гаргасан үйлдэл нь хэн нэгэн рүү чиглэсэн гадуурхалт, мөн арга буюу машинаас буусан ахлах нягтлан Т.П руу залгаж, утсаа авахгүй болохоор нярав Х.М-д хандан “энд байсан архийг Т.П аваад буучихлаа залуу хүмүүс байж та нар битгий ийм байгаач” гэх мэт уурлаж, дээрэнгүй, дорд үзсэн өнгөөр харьцсан. Би тэр архийг аваагүй байхад авсан мэт гүтгэж, хамт олны дунд дорд үзсэн гэдгийг тухайн үед ахлах нягтлан Т.П, нярав Х.М нар Тамгын газарт илэрхийлж байсан. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д заасан “хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” заалтыг зөрчсөн. Энэ байдлыг нь цуг нэг машинд явсан олон хүн гэрчилнэ. Арга буюу шүүгч н.Ж энэ хүүхдүүдийг ингэж загнаж болохгүй гэдгийг нь хэлж анхааруулсан байдаг.

Хоёр: Тус Тамгын газраас 2025 оны бүтэн жилийн ажлын тайланг танилцуулж, шүүх тус бүр үнэлэлт дүгнэлт өгөх явцад Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШТ2025/0...3 дугаартай шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 4 дүгээр хуудаст шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ “... “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1.10-д “шүүгч шүүхийн захиргааны ажилтныг шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, албан тасалгааг эрүүл, ахуйн шаардлагад нийцүүлэх” ажлыг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулах чиг үүргийн хувьд миний өрөөний хана мөөгөнцөртсөн, борооны ус нэвт урсаж, шалаар нэг урсдаг асуудал 3 жил болж байна. Энэ тухай хэлж би өөрөө засварлахад шаардлагатай материалыг авч өгье гэж хүртэл хэлэхэд засварлахгүй байна. Эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй өрөө тасалгаанд ажиллаж байна ...” гэж тэмдэглэлийг захиргааны дээд байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн нь тус аймгийн Тамгын газар огт ажил хийдэггүй, шүүгч нарын шаардлага биелүүлдэггүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд шүүгч нарыг ажиллуулдаг мэтээр ойлголт өгч, үнэлж, дүгнэж байгаа нь үнэнтэй огт нийцээгүй болно.

Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ  2023 оны 04 дүгээр сард шүүгчээр томилогдон ирж тус шүүхийн байрны 203 тоот өрөөнд орсон. Хүйтэн байна гээд өөдөөс харсан өрөө болох 204 тоот өрөөнд нүүж орсон. Тухайн үед Тамгын газраас засвар үйлчилгээ хийж оруулсан. Засвар хийсэн үйлчилгээний ажилчдын гаргасан өнгө таалагдахгүй байна “үйлчлэгч Б.Ү надад тааруулж албаар ийм өнгө гаргалаа мэдэхгүйн биш” гэж уурлаж, ажилчдыг дорд үзсэн байдаг. Ингээд дахин будгийн өнгийг гаргуулж, зардал нь хүрэхгүй ахлах нягтлан бодогч Т.П өөрөөсөө 30,000 төгрөгийн зардал гаргасан тохиолдол ч гарсан байдаг. Хэсэг хугацааны дараа халуун байна гээд өмнө байсан арын өрөөнд буцаж орсон. Тэнд нярав, нягтлан нар уг өрөөнд ажлаа явуулж байсан бөгөөд бусад хүмүүсийн ажиллах нөхцөлийг үл хүндэтгэж, дорд үзсэн. Уг 203 тоот өрөө нь бороо орох үед хананаасаа ус нэвчих, чийг өгөх тохиолдол байсан ч өөрийнх нь хэлж байгаа шиг шалаар нил ус урсах боломжгүй, учир нь үйлчлэгч Б.Ү, М.О нар уг газруудыг замаскдаж удаа дараа засаж сайжруулсан болно. Энэ мэт Тамгын газрын болон үйлчилгээний албан хаагчдын ажлыг үнэгүйдүүлсээр ирсэн. Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь энэ үйлдлээрээ мөн Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д заасан “хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” заалтыг зөрчсөн.

Гурав: Тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1.. дугаартай “Ажил хариуцуулах тухай” тушаалаар Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 2025 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны статистик тайлан, мэдээг алдаагүй, үнэн зөв гаргаж, тогтоосон хугацааны дотор хүргүүлэх талаар Тамгын газрын ажилтнуудад чиглэл өгсөн. Улмаар шүүх тус бүрээр мэдээ, тайлан бэлтгэгдэж, Тамгын газар нэгтгэн, Ерөнхий шүүгч нар хянан баталгаажуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Статистик хариуцсан референт П.А-аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдээ алдаатай гарсан талаар мэдэгдсэн тул үүний дагуу алдаатай мэдээ, тайланг засаж, хүргүүлэхээр тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Н-д мэдээ алдаатай гарсан, засаж илгээх талаар ярилцах гэхэд “Мэдэж байгаа, засаад явуулчихсан” гэж хэлсэн.

Засаж илгээсэн гэх мэдээ нь алдаатай байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дахин мэдэгдсэн. Тухайн үед буюу 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний бие өвчтэй байсан тул утсаар Ерөнхий шүүгч Д.Н-тай холбогдох гэтэл миний дуудлагыг аваагүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаартай “Шүүхийн статистикийн мэдээлэл, тайлан гаргах журам”-ын 3.1-д “Шүүхийн статистикийн анхан шатны мэдээлэгч мэдээллийг батлагдсан маягтаар нэгтгэж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хянан баталгаажуулж, дор дурдсан хугацаанд бичгээр болон цахим хэлбэрээр Хүрээлэнд хүргүүлнэ” гэж заасны дагуу Тамгын газрын нэгтгэсэн мэдээнд хяналт тавих эрх бүхий этгээд болох тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Н-тай гарсан алдаа болон түүнийг хянаж илгээх талаар ярилцсан асуудал л болсон. Гэтэл шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ уг асуудлыг хөндлөнгөөс өлгөж авч байгууллагын мэдээлэл солилцох албан ёсны чатаас миний бичсэн бичвэрийг хувилж Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргаж байгаа нь цэвэр субьектив хандлага гаргаж байгааг илтгэнэ.

Дөрөв: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар “Зарим шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийх аудитын удирдамж батлах тухай” тушаалын хүрээнд Дархан-Уул аймгийн шүүхийн Тамгын газрын архивд хадгалагдах ёстой зарим иргэний хэргүүд дутсан асуудалд анхаарал хандуулж эрэн хайх ажлын чиглэл, зөвлөмж ирсэн.

Уг зөвлөмжийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/1.. дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан “Дотоод хяналт хийх тухай” удирдамжийг баталсан.

Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, тус аргачлалуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 205, 218, 2025 оны 69 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсны дагуу хэрэгт хөтлөгдвөл зохих баримт, бүртгэлүүд үнэн зөв, алдаагүй, бүрэн гүйцэд, хугацаандаа хөтлөгдөж хэрэгт хавсаргасан эсэх мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 341 дүгээр тогтоолоор баталсан “Шүүх, шүүхийн Тамгын газарт албан хэрэг хөтлөх журам”-ын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн талаарх илтгэх хуудсыг нийт шүүхүүдийн Ерөнхий шүүгч нарт танилцуулсан.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу дахин комисс томилон дээрх хэргүүдийг эрэн хайх ажлыг өргөн хүрээнд хийхээр ажиллаж эхэлсэн.

Гэтэл шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ “... Миний шүүн таслах ажиллагааг явуулж буй хэргүүд магадгүй хугацаа хэтэрсэн, түдгэлзүүлээд удсан, цаашлаад давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгчийн туслахын үйл ажиллагаанаас шалтгаалан хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр ирсэн асуудал гараад үүнийг шалган тогтоох, шалтгаан нөхцөлийг судлах зорилготой байсан бол хүчээр ойлгож болох ч шүүгчээр томилогдсоноос хойш хүчингүй болсон хэрэг байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй 5 хэргийн хувьд хуулийн хугацаандаа байхад ямар санаа, зорилгоор шүүгч нарт мэдэгдэхгүйгээр тэрхүү үйлдлийг хийсэн нь анхаарал татаж байна ...”, “... шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ миний шүүн таслах ажиллагааг явуулж буй хэргийг үзэж шүүн таслах ажиллагаанд оролцсон төдийгүй хэргийн оролцогч нарын мэдээлэл алдагдсан үйл явдал нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан байна. Тамгын газрын энэхүү шүүгчийн хараат бус байдалд халдаж байгаа үйлдэл ганц энэ удаа биш юм. Дээрх ажиллагааг явуулж буй хэрэгт авагдсан баримтыг хэргээс авахыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н-ыг өрөөндөө дуудан оруулж шаардсан байдаг зэргээр тогтоогдоно ...” гэсэн гомдол нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хяналт шалгалт болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н-ын өгсөн тайлбар зэргээр тогтоогдоогүй бөгөөд мөн л хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн З.Б миний ажил хэргийн нэр хүнд болон Тамгын газрын үйл ажиллагааг үл тоомсорлож байгаагийн илэрхийлэл юм.

Тав: 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь томилолтоор явах үед машин саатсан, Тамгын газрын дарга бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулж, миний амь насыг санаатай алахыг завдсан гэх гомдлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргаж байсан. Улмаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж З.Б надад 20,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлд миний бие гомдол гаргаж Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хянаад 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэврээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэж байсан. Тухайн үед машин цааш явах боломжгүй гэдэг үндэслэлээр байгууллагын машиныг замдаа үлдээж хэргийн оролцогчийн машинд сууж явж хэргийн газрын үзлэг хийсэн. Жолооч Х.Г-ээс өөдөөс нь машин явуулъя машин эвдэрсэн юм уу гэж тодруулахад “хэрэггүй, машин эвдрээгүй хэргийн оролцогч гэх хүн нь энэ машин цааш цасанд явахгүй миний машинд суугаад явъя гээд шүүгч зөвшөөрөөд явсан” гэж хэлдэг.

2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Нийт шүүгчдийн чуулганд дээрх асуудлыг захиргааны хэргийн шүүгчийн зүгээс хөндөж ярьсан байдаг. Энэ нь Ө.Мөнх-Эрдэнэ нь буруу ойлголтыг нийт шүүгчдэд өөрийнхөө өнцгөөр ярьж миний нэр хүндэд халдаж байгаагийн нэг жишээ гэж үзэж байна.

Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн захиргааны хэргийг Тамгын газарт мэдэгдэлгүй өөрийн хувийн машинаар, өөрөө хүргэж өгөхөөр авч явсан нь мөн л Тамгын газрын үйл ажиллагааг огт хүлээн зөвшөөрдөггүй, үл тоомсорлодгийн нэг жишээ юм.

Дээрх үл ойлголцол, харилцаа хандлагын асуудалд миний бие уучлал гуйж шүүгч Ө.Мөнх-Эрдэнийн өрөөнд орж гар барьж ойлголцож ажиллахыг хүсэж байсан удаатай болно. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хамт олны хурал зөвлөгөөн, шагнал гардуулах ёслол, байгууллагын золголт гэх мэт Тамгын газраас зохион байгуулсан ямар нэгэн үйл ажиллагаануудад оролцдоггүй бөгөөд хувийн субьектив хандлагаар хандсаар ирсэн.

Миний бие өнөөдөр шүүхийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Би хүн алах хэмжээний санаа сэдэл өвөртөлж явдаг, ажлаа чин сэтгэлээсээ хийдэггүй байсан бол шүүх хэмээх энэ том айлд өнөөдрийг хүртэл ажиллахгүй байсан. Сэтгэл зүйн хувьд маш их гомдолтой явдаг.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны дарга Д.М шүүгчийн “Шүүгчийн ёс суртахуунгүй байдал хараат бус байдлаар хамгаалагдах ёсгүй” гэдэг эшлэлийг би өөрийн фейсбүүк хуудастаа нийтлэхэд зарим шүүгч нараас зэмлэл хүртэж байсан. Өнөөдөр энэ эшлэлийг дахин энэ гомдолдоо дурдахыг хүсэж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо хамтран “Шүүгчийн ёс зүйн хөтөч” гарын авлагатай нийт шүүгч нар танилцсан гэж итгэж байна.

Уг гарын авлагын 2 дугаар хэсэг Итгэл болон хүндлэл хүлээсэн байдал гэх дэд гарчгийн 5.1-д Шүүгч бусадтай зохистой харилцах нь шүүхийг хүндэтгэх, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Шүүгч бусдад ялангуяа өөрийн удирдлага дор ажилладаг хүнд үг хэллэг, үйл хөдлөлөөрөө болон бусад байдлаар зохисгүй авир гаргаж болохгүй... гэж дурджээ.

Зургаа: Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор зохион байгуулсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна гэх мэдээлэл нийтлэгдсэний дараа шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. Уг хүрээнд аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шүүхийн архивд үзлэг хийж байх юм. Гэтэл хэргийн оролцогч болж орж ирдэг байгууллага шүүхийн архивд хадгалагдаж буй хэргийг үзэх зохимжтой юу?” гэж мэдээлэл байршуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-д “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим мэдээ мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулах”-ыг хориглосон заалтыг зөрчиж байна гэж үзэх байна.  

Долоо: Мөн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь шүүхийн Тамгын газраас захиалж авсан хэргийн цагаан өнгийн хавтсыг бор өнгийн хавтас болгож өгөх, улмаар хэрэг үдэхэд хүндрэл учруулж байгаа талаар мэдэгдсэн. Гэвч хэргийн хавтасны нөөцтэй дуусах болоогүй, мөн үнийн хувьд нэг дахин илүү үнэтэй, өмнө нь жилүүдэд энэ хавтас хэрэглэгдэж ирсэн байна, бид хэмнэлтийн тухай хууль барьж ажиллахгүй бол болохгүй зэргийг илэрхийлсээр байхад үл тоож өөрийн мөнгөөр Улаанбаатараас захиалж 2026 оны 02 дугаар сард туслахаараа Монгол шуудангаас авчруулсан байсан.

Үүнээс үзэхэд шүүгч зөвхөн шүүн таслах үйл ажиллагааг хуульд захирагдаж явуулна гэсэн холбогдох хуулийн зарчмыг зөрчиж тамгын газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсоор ирсэн.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнийг Олон улсын Банглорын зарчим болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж дур зоргоороо субьектив хандлагаар хандаж байна гэж үзэж байгаа тул холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцож өгнө үү.

Энэ бүхний цаана бид дотроо бие биеэ ойлгож, ажиллах боломжгүй хурцадмал байдал үүсэж, 3 жилийн хугацаанд шүүхийн тамгын газрын ажлыг үгүйсгэж З.Б намайг буруутгах өнгөөр хандаж ирсэнд харамсаж байна. Би өрх толгойлсон ээж хүн хүүтэйгээ амьдрах гэж хичээж явааг өчүүхэн ч бодолцохгүй, миний ард амьдрал байгааг үл тоож маш олон гомдлыг жил дараалан гаргаж намайг гүтгэж, харлуулж явдагт харамсаж арга буюу энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ тайлбартаа: “... “1. Өөрийн цахим хуудас /facebook/-т 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “... Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-д заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. Уг хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шүүхийн архивд үзлэг хийж байх юм. Гэтэл хэргийн оролцогч болж орж ирдэг байгууллага шүүхийн архивд хадгалагдаж буй хэргийг үзэх боломжтой юу?” гэх мэдээлэл байршуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т заасан хориглосон заалтыг зөрчсөн ...” гэх үндэслэлийн тухайд:

1.1. Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийг мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийг шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тухайн шүүхэд болж байгаа үйл ажиллагааны талаар Тамгын газрын зүгээс шүүгч нарыг мэдээллээр хангаж ажилладаггүй. Үүнийг ч саяхан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирсэн н.Б мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг тогтоож, тамгын газарт үүрэг даалгавар өгөөд явсан байдаг. Миний хувьд архивын шалгалт ирсэн гэдгийг мэдээгүй бөгөөд тухайн үед өрөөнөөсөө гараад явж байтал өндөр насны тэтгэврээ тогтоолгосон Ж.О шүүгчийн өрөөний хаалга онгорхой байсан ба дотор нь аймгийн Засаг даргын Хуулийн хэлтсийн дарга Л.А баримт эргүүлээд үзээд сууж байсан. Ийнхүү шүүгчийн туслахаас “хэргийн оролцогчийг хэргийн материал танилцуулах өрөөнд оруулахгүй яагаад шүүгчийн өрөөнд оруулсан юм бэ” гэхэд “архивын үзлэг явагдаад архивд хадгалагдаж байгаа хэрэг, баримтуудтай танилцаж байгаа юм” гэсэн. Энэхүү ажиллагаа дан ганц манай аймагт бус үе шаттайгаар орон нутгуудад явагдсан ба аймгуудын захиргааны шүүгч нар тухайн асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан. Миний бие захиргааны шүүхийн байнгын гэж хэлэхэд хилсдэхгүй хариуцагч болох Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог хүн тухайн шүүхийнхээ материалтай танилцаж, үзээд сууж байгааг бол ойлгоогүй, хүлээн зөвшөөрөх зүйл биш байсан тул өөрийн цахим хуудастаа дээрх сэтгэгдлийг бичсэн нь үнэн.

1.2. Гэхдээ энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулах” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй байна. Уг хуулийн заалтыг хувь шүүгч өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлд болон олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ ашиглахдаа мэдээ мэдээлэл тараасан байхыг, ийнхүү тараасан мэдээ мэдээлэл нь шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хэмжээний байхыг ойлгоно.

1.3. Мөн тухайн үйл ажиллагаа нь аймгийн Засаг даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа болохоос шүүхийн үйл ажиллагаа биш бөгөөд миний хувьд сэтгэгдэл бичсэн боловч шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйл явдлын талаар бичээгүй.

2.“... шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн захиргааны хэргийг Тамгын газарт мэдэгдэлгүй өөрийн хувийн унаагаар, өөрөө хүргэж өгөхөөр авч явсан...” гэх үндэслэлийн тухайд:

2.1. Миний бие 2024 оны 07 дугаар сард ганцаараа шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байсан бөгөөд Тамгын газрын даргын өргөдөлд дурдсан хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ямар нэгэн хэргийг аль нэг шүүх рүү шилжүүлсэн, хүргүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй. Өргөдөл гаргагч гаргасан өргөдлийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэг хүлээх ёстой. Тамгын газрын үйл ажиллагааг үл тоомсорлох гэж дурдсан байх боловч шүүхтэйгээ хамтарч ажилладаггүй Тамгын газрын үйл ажиллагаа гэж юу байх билээ.

2.2. Харин 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 9.. дугаар албан бичгээр “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдох тусгай журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэгт хэргийн оролцогчийн гаргасан “шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах гаргах” тухай хүсэлтийг шийдвэрлүүлэхээр уг хэргийг ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

2.3. Дээрх захиргааны хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үүсгэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-д зааснаар богино хугацаанд буюу 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс шалтгаалан тухайн хэргийн хугацааг хуульд зааснаар сунгасан бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх гэсэн боловч гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “шүүгчийг татгалзан гаргах” тухай хүсэлтийг гаргасны дагуу шүүх хуралдааныг тухайн татгалзлыг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр хойшлуулсан. Тухайн үед зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан ойрхон адил шатны шүүгчдийн зөвлөгөөн хийж хүрэх бүрэлдэхүүнтэй шүүхийг хайхад ганц шүүгчдийн зөвлөгөөн хийх боломжтой шүүх нь ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх байсан тул тус шүүхийн Ерөнхий шүүгчтэй холбогдож хэргийг хүргүүлэх талаар мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, тусгай журмын хэрэг гэх мэдээллийг өгч, хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэж ирүүлэх талаар ярилцсан. Ер нь орон нутгийн шүүхийн хувьд “шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт” гарсан, гаргасантай холбоотой асуудлыг адил шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийг аль нэг аймаг руу хүргүүлэхэд шуудангаас шалтгаалж 20 буюу түүнээс дээш хоног алдах тохиолдол байдаг байсан. Тухайн хэргийн хувьд тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн боловч буцаад 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд ирсэн байх жишээтэй байна.

2.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гомдлоор хянаад хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдлаас үзвэл надад тухайн хэргийн нэг талд үйлчлэх, эсхүл өөрт ашигтай байдал бий болгох гэж бодсон, хийсэн зүйл байхгүй гэдгийг нотлох юм.

2.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн баталсан “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах” журмын 2.8-д “...Тамгын газар хавтаст хэргийг илгээхдээ хуульд заасан хугацааг алдагдуулахгүйгээр аюулгүй ажиллагааг ханган автомашинаар зөөвөрлөх эсхүл шуудангийн байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавина” гэж зааснаар манай шүүхийн хувьд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь хэргийг богцолж, холбогдох баримтыг үйлдэж, өөрөө хэргийг шууданд хүргэж өгдөг бөгөөд тухайн үед мэдээлэл лавлагааны мэргэжилтэн н.Э-д шүүгчийн туслахаас хэргийг өгч, богцолж, тухайн хүнээс би хэргийг авч, яг тэр хэвээр нь ...аймаг дахь шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд тухайн өдөр хүлээлгэж өгсөн. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хэргээс ямар нэгэн баримт алга болоогүй, лац, битүүмж алдагдаагүй тухайн шүүх хүлээн авсан нь хэрэг хүлээлцсэн актаар тогтоогдох боломжтой.

2.6. Шүүхийн тамгын газрын дарга З.Б-ын гаргасан үндэслэлд “Тамгын газарт мэдэгдэлгүйгээр” гэж дурдсан нь дээрх байдлаар холбогдох албан хаагчаас авсан гэдгээр няцаагдана.

2.7. Харин байгууллагын автомашинаар бус хувийн машинаар зөөвөрлөсөн гэдгийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх журамд машинаар зөөвөрлөх гэж заасан болохоос заавал албаны машин гэж журамлаагүй, Тамгын газрын хувьд шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд туслах чиг үүргээ хэрэгжүүлдэг байсан бол шүүгч өөрөөсөө зардал гаргаж, хувийн унаагаар хэргийг тухайн шүүхэд хүргүүлэхгүй байсан төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанаас шалтгаалж тухайн үйлдлийг гаргасан гэдгийг дурдах нь зүйтэй.

3. “...тус шүүхийн Тамгын газраас 2025 оны бүтэн жилийн ажлын тайланг танилцуулж, шүүх тус бүр үнэлэлт дүгнэлт өгөх явцад шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ “...миний өрөөний хана мөөгөнцөртсөн, борооны ус нэвт урсаж, шалаар нэг урсдаг асуудал 3 жил болж байна. Энэ тухай хэлж би өөрөө засварлахад шаардлагатай материалыг авч өгье гэж хүртэл хэлэхэд засварлахгүй байна. Эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй өрөө тасалгаанд ажиллаж байна...” гэж тэмдэглэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн нь тус аймгийн Тамгын газар огт ажил хийдэггүй, шүүгч нарын шаардлагыг биелүүлдэггүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд шүүгч нарыг ажиллуулдаг мэтээр ойлголт өгч, үнэлж, дүгнэж байгаа нь үнэнтэй огт нийцээгүй. Угтаа шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 04 дүгээр сард шүүгчээр томилогдон ирж тус шүүхийн байрны 203 тоот өрөөнд орсон. Хүйтэн байна гээд өөдөөс харсан өрөө болох 204 тоот өрөөнд нүүж орсон. Тухайн үед тамгын газраас завсар үйлчилгээ хийж оруулсан. Засвар хийсэн үйлчилгээний ажилчдын гаргасан өгнө таалагдахгүй байна “үйлчлэгч Б.Ү надад тааруулж албаар ийм өнгө гаргалаа мэдэхгүйн биш” гэж уурлаж, ажилчдыг дорд үзсэн байдаг. Ингээд дахин будгийн өнгийг гаргуулж, зардал нь хүрэхгүй ахлах нягтлан бодогч Т.П өөрөөсөө 30,000 төгрөгийг зардал гаргасан тохиолдол ч байдаг. Хэсэг хугацааны дараа халуун байна гээд өмнө байсан арын өрөөнд буцаж орсон. Тэнд нярав, нягтлан нар ур өрөөнд ажлаа явуулж байсан бөгөөд бусад хүмүүсийн ажиллах нөхцөлийг үл хүндэтгэж, дорд үзсэн. Уг 203 тоот өрөө нь бороо орох үед хананаасаа ус нэвчих, чийг өгөх тохиолдол байсан ч өөрийнх нь хэлж байгаа шиг шалаар нил ус урсах боломжгүй, учир нь үйлчлэгч Б.Ү, М.О нар уг газруудыг замаскдаж удаа дараа засаж сайжруулсан болно. Энэ мэт Тамгын газрын болон үйлчилгээний албан хаагчдын ажлыг үнэгүйдүүлсээр ирсэн. Энэ үйлдлээрээ Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д “хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлийн хувьд:

3.1. Тус шүүхийн байрны захын өрөөнүүд өвөл маш хүйтэн байдаг гэдгийг тухайн шүүхийн ажилтан, албан хаагч нар мэднэ. Анх намайг томилогдож ирэхэд 2 давхрын 203 тоот булангийн өрөөнд оруулсан бөгөөд өвөл нь маш хүйтэн, сууж чадахгүй даарч нярав, нягтлан нараас халаагуур авч өрөөндөө залгаж суусан. Тухайн үед 204 тоот өрөөнд нярав, нягтлан нар сууж байсан бөгөөд та өрөөгөө солих юм уу бид хоёр наад өрөөнд чинь орох уу гэж хэлэхээр нь тэгсэн ч яах вэ гээд хэлээд өнгөрсөн. Нэлээд хугацаа өнгөрч зуны нэгэн өдөр тамгын газрын дарга нь тухайн өрөөнд орох уу бид нар эмульс хийгээд өгье ер нь өвөл даарч байхаар гээд байхаар нь за гээд хэлчихсэн юм чинь гээд орсон.

3.2. Ер нь шүүхийн засварын ажлыг үйлчлэгч нар хийдэг бөгөөд тухайн үед 204 тоот өрөөнд ороход эмульс хийхдээ өрөөний өнгийг гаргаж чадахгүй зэсэн шар болгосон байсан. Манай өрөөнд орж ирсэн шүүгч, албан хаагч болгон арай л аймар өнгөтэй байна аа гэж хэлсэн тул тамгын газраас өөрсдөө өнгийн сольж өгье, бид нар өөрсдөө чадахгүй юм чинь өнгө гаргадаг хүнээр гаргуулна гэх зэргээр ярьж байсан. Миний хувьд өргөдөлд дурдаад байгаа шиг уурлаж, ажилчдыг дорд үзсэн зүйлгүй. Уурласан бол хэн рүү яаж, хэзээ уурласан гэдэг нь тодорхой бичих ёстой. Тийм зүйл болоогүй учраас бичих юм байхгүй байсан байх.

3.3. Засвар үйлчилгээгээ чанарын шаардлагад нийцүүлж хийлгүйгээр удаа дараа засварлаж байгаа нь тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой болохоос шүүгчийн ямар буруутай үйл ажиллагаа байгааг ойлгохгүй байна.

3.4. Тус шүүхийн шүүгч Ж.О өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаж, үүний дагуу сонгон шалгаруулалт зарлаж, шүүгч Б.А 2026 оны 06 дугаар сард томилогдож нэг хэсэг манай шүүх 4 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагааг явуулсан. Ийнхүү дөрвүүлээ ажиллах болсонтой холбогдуулан, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагын дагуу /Тамгын газрын албан хаагч нарыг шүүгч нартай хамт суулгаснаас шүүгчийн аюулгүй байдал алдагдах/ нярав, нягтлан нар 3 давхарт гарч, 203 тоот өрөө суларсан тул би Ерөнхий шүүгчид хойд өрөөнд орох саналаа хэлж орсон. Шалтгаан нь Дархан-Уул аймгийн хувьд зуны цагт их халдаг бөгөөд шүүгч нарын өрөөнд кондейшн авч өгсөн боловч намайг алгассан, улмаар шүүгч Б.А, Ж.О нарын өрөөний тавилга, үүнд кондейшн авсан тул урд өрөөнд орж, миний бие хуучин өрөөндөө орсон. Энд хэн хэний ажиллах нөхцөлийг үл хүндэтгэж, дорд үзсэн зүйл болоогүй бөгөөд суларсан хоосон өрөөнд орсон нь зөрчил биш юм. Үүнийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Н хамгийн сайн мэднэ.

3.5. Одоо байгаа 203 тоот өрөө анхнаасаа борооны ус нэвчиж, шалаар урсдаг нь үнэн энэ талаар үйлчилгээний албан хаагч Д.Г, Ж.Б, М.Б, үйлчлэгч нар бүгд мэднэ. Засвар хийхдээ ус ороод байгаа шалтгааныг засахгүйгээр наад хэсгийг л будаад өнгөрдөг. Нөгөөх нь нэг л борооны дараа унаад ирдэг, хэсэг хугацааны дараа мөөгөнцөртдөг. Арга буюу өөрөө хүртэл материалын авч өгье цонх, хана хоёрын залгааг бөглөөд, мөөгөнцрийн хусаад будаж өгөх талаар үйлчилгээний албан хаагч болон хэлтсийн дарга нарт хүсэлт тавьсан. Тамгын газрыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар хүсэлт тавьсан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь яагаад ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх зөрчил болж байгааг ойлгохгүй байна. Би ийм зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

3.6. Мөн үнэлэлт, дүгнэлт өгч байгаа нь огт үнэнтэй нийцэхгүй гэсэн үндэслэлийн хувьд тус шүүхийн тамгын газар 2025 оны үйл ажиллагааны тайлангаа шүүхүүдэд тайлагнах ёстой. Гэтэл шүүхийн Тамгын газраас тухайн жилийн тайлангаа тавьсан боловч алдаатай, дутуу, буруу байсан тул хамт олны /бүх шүүгч, Тамгын газрын албан хаагч нарын/ хурлаар дахин тайлангаа тавиулахаар хойшлуулсан. Гэвч Тамгын газрын дарга нь facebook мэдээлэл солилцох нэртэй чатаар тайлангаа ирүүлэхийг бүх шүүхээс шаардсан байдаг. Манай шүүхийн хувьд шүүгчдийн зөвлөгөөнөөр алдаагаа засах боломжийг олгож, тайлангаа зөвтгөж тавиулахаар хойшлуулсан боловч тайлангаа тавиагүй тул байгаа хүрээнд нь журамд заасны дагуу үнэлгээг өгсөн. Энэхүү үнэлгээг Тамгын газрын дарга дүгнэх эрх хэмжээ байхгүй бөгөөд дан ганц манай шүүх бус бусад шүүхүүд ажил сайжруулах шаардлагатай талаарх үнэлгээг өгсөн. Өнөөдөр томилох эрх бүхий этгээд дээрх шүүхүүдэд тайлангаа тавиагүй, өгсөн үнэлгээг нь хүлээн авч Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлээгүй гэх зөрчлийн асуудал нь шалгагдаад явж байгааг дурдах нь зүйтэй.

4. Дархан-Уул аймгийн шүүх, шүүхийн Тамгын газраас зарим шүүгч, захиргааны ажилчид 2025 оны 05 дугаар сард ...аймгийн шүүхийн ойн нэрэмжит тэмцээнд оролцоод буцах үед шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар архи нэхэж, нярав Х.М, ахлах нягтлан бодогч Т.П нарыг урд нь машин барьж явсан жолооч Х.Г рүү залгаж “зогс наад машинаас чинь Н.Б, н.Т нарыг авна” гэж зогсоож, ямар ч суух суудалгүй байхад гаргасан үйлдэл нь хэн нэгэн рүү чиглэсэн гадуурхалт, мөн арга буюу машинаас буусан ахлах нягтлан Т.П руу залгаж, утсаа авахгүй болохоор нярав Х.М-д хандан “энд байсан архийг н.П аваад буучихлаа, залуу хүмүүс байж та нар битгий ийм байгаач” гэх мэт уурлаж, дээрэнгүй, дорд үзсэн өнгөөр харьцсан. Би тэр архийг аваагүй байхад авсан мэт гүтгэж, хамт олны дунд дорд үзсэн гэдгийг тухайн үед ахлах нягтлан бодогч, нярав нар тамгын газарт илэрхийлсэн байсан. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

4.1. ...аймгийн шүүхийн ойн нэрэмжит тэмцээнд явсан асуудалтай холбогдуулан миний бие 2 дахь удаагаа сахилгын хэрэг үүсгэн шалгуулагдаж байна. Өмнө өөрийн машинд сууж байсан албан хаагч нарыг доромжилсон гэх агуулга бүхий байсан бол энэ удаагийнх нь өөр машинд байсан нярав, нягтлан нарыг ялгаварлан гадуурхаж, дарамт үзүүлсэн гэх гомдол байна.

4.2. Энэхүү гомдлын үндэслэлд хариу өгөхөөс өмнө энэхүү шүүхийн Тамгын газрын даргын хувийн байдалд тодорхой тайлбар бичих нь зүйтэй гэж үзлээ. Тус шүүхийн тамгын газрын дарга З.Б 2022 оны 9, 10 дугаар сар орчимд томилогдож ирсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд үнэхээр шударга, ёс зүйтэй ажилласан, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүн үү гэвэл үгүй юм аа. 4 жил гаруй хугацаанд маш олон хүмүүстэй маргаан үүсгэж, зөрчлүүд тухайлбал ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил, хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлт, 2 удаагийн сахилгын арга хэмжээ авагдсан байдаг. Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө “...3 жилийн хугацаанд шүүхийн Тамгын газрын ажлыг үгүйсгэж, З.Б намайг буруутгах өнгөөр хандаж ирсэн” гэж дурдсан байх бөгөөд ганц би гэдэг хүн тухайн хүнтэй зөрчилдөөн үүсгээд байгаа зүйл биш. Би тангараг өргөсөн хуульд захирагдаж үйл ажиллагаагаа явуулах ёстой хүн. Энэ хүн одоогийн байдлаар дахин ёс зүйн зөрчил гаргасан дүгнэлттэй, хэд хэдэн зөрчлийг гаргаж ажлаасаа халагдах мэдэгдлийг авсан байх ба шүүгч нарыг ёс зүйгүйгээр нь загнаж, өөрөө шүүгч нартайгаа ойлголцож, хамтарч ажиллаж чадахгүй намайг ямар нэгэн байдлаар ёс зүйн зөрчил гаргасан болгох гэж энэхүү өргөдлийг гаргасан гэдгийг бичсэн болон түүнд нэр дурдагдаж буй хүмүүсээр гэрчлүүлэхийг хүссэн байдлаар нь тогтоогдож байна.

4.3. Анхны зөрчлийн хэргийг шалгах үед шүүхийн Тамгын газрын дарга З.Б мэдүүлэг өгсөн байдаг. Үнэхээр тухайн үйл баримт өөрийнх нь бичиж байгаа шиг болсон бол тэр үед энэ талаар мэдүүлэг өгөхгүй одоо яагаад өргөдөл гаргах болов.

4.4. Миний хувьд тухайн тэмцээнд өөрийнхөө машинтай явсан бөгөөд буцаж ирэхдээ өөрийнхөө машинтай ирсэн. Харин ...шүүхийн хамт олон ...хуучин пост дээрээс үдэж өгөх талаар хэлсэн тул тэмцээн болж байсан газраас байгууллагын цагаан машинд сууж явсан. Ингээд тэндээс хөдлөхөд машиндаа суух гэтэл хамт явж байсан хүмүүс цуг явъя л даа гэсний дагуу арга буюу суугаад 10 км хиртээ явалгүй бууж өөрийн машиндаа суусан. Тухайн цаг хугацаанд тус машинд суухад хамт явж байсан хүмүүс нь өмнө уусан, нэлээд халсан байсан бөгөөд дуулах нь дуулж, бүжиглэх нь бүжиглэж байсан. Тэнд явсан Тамгын газрын албан хаагчаас хойд машинаас “н.Т, Н.Б” гэх хүмүүсийг авмаар байна гэх санааг гаргаж, бүгд л дэмжин орилолдож байсан. Миний хувьд тухайн үед эдгээр хүмүүсийг танихгүй байсан. Учир нь тухайн аймаг нь 2 шүүхийн Тамгын газартай байсан бөгөөд манай Тамгын газарт бус нөгөө шүүхийн Тамгын газарт ажилладаг албан хаагч нар байсан. Танихгүй хүмүүсийг машиндаа авмаар байна гэж хэлэх ямар ч боломжгүй, би тэгж хэлээгүй тул ямар хүн рүү чиглэж, ямар гадуурхалт явуулснаа мэдэхгүй байх төдийгүй тухайн зөрчлийг гаргаагүй. Мөн ахлах нягтлан бодогч Т.П-ыг машинаас хөөж буулгасан үйл баримт болоогүй. Машинд сууж байсан хүмүүс бие засах болж, бүгд бууцгаасан бөгөөд хамгийн сүүлд шүүгч Г.М бид хоёр бууж бие засчхаад ирэхэд ард явж байсан машин хажууд зогсож зарим хүмүүс нь холилдож суусан байна. Хэн нь хэнтэйгээ яаж ярилцаад тохиролцоод бууж, суусныг миний бие мэдэхгүй.

4.5. “энд байсан архийг Т.П аваад буучихлаа, залуу хүмүүс байж битгий ийм байгаач” гэж хэлсэн үгний тухайд бол би ахлах нягтлан бодогч Т.П-ыг архи авч буусныг харах битгий хил бие засчхаад ирээд хөдлөхөд шахуу байхгүй байгааг мэдсэн. Харин анх тэмцээн болсон газраас машин хөдлөхөд миний хөл доор хайрцагт 5, 6 шил архи бол байсан бөгөөд наана буугаад буцаад ороод ирэхэд байхгүй болсон байсан. Машинд явж байсан албан хаагчдаас машин хөдлөөд эхлэв үү үгүй юу архи байгаа юм уу гэх яриа гарч эхэлсэн. Тэгэхэд архи байхгүй, дууссан гэх хариуг өгөхөд нь би “...энд байсан ш дээ, яагаад байхгүй болсон юм бэ?, /ер нь бид нар тэмцээн уралдаан гээд огт элдэв юмнаас ууж идээгүй, харин зарим хүмүүс хамт олноос цуглуулсан мөнгөөр авсан зүйлээр хүмүүсийг дайлж, ууж идээд явсан тул/ хамт олны юмыг хамт олонд нь зарцуулах хэрэгтэй ш дээ, байхгүй бол тэрийгээ эртхэн хэлсэн бол би хамт олондоо өгнө гээд нэг юм авчирсан байсан юм тэрийгээ өгөх байсан ш дээ” гэж бол хэлсэн. Энэ үгийг яагаад нярав, нягтлан руу хэлж дарамталсан гэж байгааг ойлгохгүй байна. Тэгээд охидын багийн дасгалжуулж явсан багшийг дайлах хэрэгтэй талаар хүмүүс санал гаргасан тул би угаасаа хүмүүс нэлээн согтсон байна гэж бодоод өөрийн машинд яваа хүмүүсийг зогсоож, дотор нь сууж явсан багшийг хүмүүс таныг асуугаад байна та энэ машинд суух уу гэсэн тэгье гэхээр нь солигдож суугаад хамт олондоо авсан юмаа өгөөд явцгаасан.

4.6. Тамгын газрын даргын хувьд өмнөх өдөр нь тус аймагт ирж хүлээн авалтад орж, орой нь Тамгын газрын албан хаагч нартай ууж идэж, өөрийн шүүхийн жолоочтой муудалцаж шөнө буцсан талаар хэн, хүнгүй өөр шүүхийн хүмүүс ч ярьж байсан. Миний хувьд сайхан тэмцээн уралдаанд явчхаад ийм юманд хайран цаг зав, энерги ээ битгий алдаа гээд зарим хүмүүст нь хэлээд өнгөрч байсан. Би яагаад хүмүүсийн нэрийг дурдахгүй зарим гэх мэт эзэн биегүй бичээд байгаа нь шүүхийн Тамгын газрын даргын хувьд дараа нь энэ тайлбарыг уншаад хүмүүсийг дуудаж, дарамталж, айлгах магадлалтай тул ийнхүү бичлээ. Энэхүү үйл баримтын тухайд гэрчлэх 2, 3 хүний нэрийг дурдсан байна. Гэтэл тухайн хүмүүсийн хувьд Тамгын газрын даргын удирдлага доор нь ажилладаг, зарим нь бүүр зөрчлийн хэрэгт өөрөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, машины цохолт хийсэн гэж мэдүүлэг өгөхдөө шүүгчийн ёс зүй зөрчил гаргадаг гэх тайлбарыг хүртэл өгсөн байдаг.

4.7. Харин дээрх үйл баримтыг хамгийн сайн мэдэх тэр машинд байсан хүмүүсээс эрүүл байсан хүн бол жолооч Ж.Б юм. Иймд тухайн хүнээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг энэхүү тайлбарын хамт гаргаж байна.

Тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой, даргын ёс зүй, харилцаа, хандлагын талаарх гомдол Шүүхийн ерөнхий зөвлөлд шалгагдаж, ажлын хэсэг ирж шүүхийн тамгын газрын албан хаагч, шүүгч, Ерөнхий шүүгч нартай уулзаж санал, хүсэлтийг сонсоход шүүгч нар бараг бүгд энэ хүнтэй хамтарч ажиллах боломжгүйгээ илэрхийлэхийн зэрэгцээ, Тамгын газрын албан хаагчдын 90 гаруй хувь нь ёс зүйн хувьд зөрчилтэй гэх санал, асуулгыг өгсөн төдийгүй ёс зүйн дэд хорооноос ёс зүйн зөрчил гарсан гэх дүгнэлт гаргасан, бусад зөрчилтэй холбогдуулан тухайн зөвлөлийн дарга Дархан-Уул аймагт ирж ажиллахад дээрх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй.

Өргөдөл гаргагч намайг үндэслэлгүйгээр олон удаа гомдол гаргасан гэж байна. Өмнөх Шүүхийн ерөнхий зөвлөлийн үед хэн гэж гишүүн тухайн хүний асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэн хэнгүй л мэдэж байгаа. Энэ Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд гаргасан гомдлыг шалгаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, шүүгч нарыг олон нийтийн сүлжээнд ёс бус үг хэллэг хэрэглэсэн асуудлаар ёс зүйн дэд хорооноос ёс зүйн зөрчил гаргасан хэмээн дүгнэлт үйлдсэн, зөрчлийн хэрэг зөрчил бол гарсан харин шийтгэлийг хувь хүнд оногдуулсан нь буруу гэж үзсэн. Ер нь Тамгын газрын даргын зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн бол өнөөдрийн нөхцөл байдал буюу тус аймгийн 4 шүүхийн шүүгч нар хамтран ажиллах боломжгүй гэж илэрхийлэх хэмжээнд хүрэхгүй байсан болохыг дурдахыг хүсэж байна” гэжээ.

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд “...Холбогдох шүүгчийн тайлбар болон гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь өөрийн хувийн тээврийн хэрэгслээр ...аймаг руу явж, ирсэн бөгөөд тэмцээн дууссаны дараа шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ Ниссан Урбан маркийн бага оврын автобусанд нягтлан бодогч Т.П, нярав Х.М нарын 10 гаруй хүний хамт суун ...аймгаас хөдөлсөн байна. Машин хөдлөөд удаагүй байхад өөр машинд сууж явсан хүмүүс солигдож суухаар болж, энэ үед нягтлан бодогч Т.П машинаас буун өөр машинд суужээ. ...шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь машинд архи байсан эсэх талаар зөрүүтэй ойлголттой байсны улмаас энэ талаар нягтлан бодогч болон нярваас асуусныг “архи нэхэж уурласан” гэж үзэхээргүй байна. Мөн машинд хамт сууж явсан нягтлан бодогч машинаас буун өөр машинд суусан нь шүүгч Ө.Мөнх-Эрдэнэтэй хамааралгүй байх ба дээрэнгүй хандаж, дорд үзэж харьцсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

...шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь тус шүүхэд анх томилогдоход 203 тоот өрөөнд орсон, харин нягтлан бодогч болон нярав тус өрөөний эсрэг талын 204 тоот өрөөнд суудаг байсан бөгөөд өрөөнүүдээ солихоор болж, 204 тоот өрөөнд эмульс хийж засварлахад шүүгч эмульсийн өнгийг солих талаар хэлж, улмаар нягтлан бодогч мэргэжлийн хүнийг хөлслөн өнгийг гаргуулсан үйл явдал болжээ.

Үүнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд засварын өнгийг солиулах талаар хэлсэн үйлдлийг хүнийг ялгаварлан гадуурхсан гэж үзэхгүй, харин шүүхийн Тамгын газрыг “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1.10-д заасан шүүгчийн албан өрөө тасалгааг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх чиг үүргээ биелүүлэхтэй холбогдуулан санал хэлсэн, шаардлага тавьсан гэж үзэхээр байна.

...Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь 2024 оны 07 дугаар сард ганцаараа шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байсан бөгөөд ...2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/9.. дугаар албан бичгээр тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд тус тус холбогдох тусгай журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэгт хэргийн оролцогчийн гаргасан “шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах гаргах” тухай хүсэлтийг шийдвэрлүүлэхээр уг хэргийг ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, дээрх журамд заасан ажилтан болох Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн “Хэрэг хүлээлцсэн тухай тэмдэглэл”-ийг үйлдсэн ба хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авсан байна.

...Харин шүүгч хувийн машинаар зөөвөрлөсөн үйлдлээ “... Тухайн үед зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан ойрхон адил шатны шүүгчдийн зөвлөгөөн хийж хүрэх бүрэлдэхүүнтэй шүүхийг хайхад ганц шүүгчдийн зөвлөгөөн хийх боломжтой шүүх нь ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх байсан тул тус шүүхийн Ерөнхий шүүгчтэй холбогдож хэргийг хүргүүлэх талаар мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, тусгай журмын хэрэг гэх мэдээллийг өгч, хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэж ирүүлэх талаар ярилцсан. Ер нь орон нутгийн шүүхийн хувьд “шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт” гарсан, гаргасантай холбоотой асуудлыг адил шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийг аль нэг аймаг руу хүргүүлэхэд шуудангаас шалтгаалж 20 буюу түүнээс дээш хоног алдах тохиолдол байдаг байсан ...” гэж тайлбарласан бөгөөд тус хэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-д “Дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ: ... 112.4.2.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан” гэж заасанд хамаарах тусгай журмаар шийдвэрлэх маргаан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд багтаан явуулахаар хэргийг шүүхэд хүргэж өгсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй боловч шүүгч хэргийг хүргэж өгөх нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг үүсгэх магадлалтай тул цаашид журамд заасан шаардлагыг биелүүлж, шүүхийн Тамгын газрын чиг үүрэгт хамаарах ажиллагааг хэрэгжүүлэхгүй ажиллахад анхаарах шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.

...Өөрийн цахим хуудаснаа 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. Уг хүрээнд аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шүүхийн архивд үзлэг хийж байх юм. Гэтэл хэргийн оролцогч болж орж ирдэг байгууллага шүүхийн архивд хадгалагдаж буй хэргийг үзэх зохимжтой юу?” гэх ...нийтлэл нь Захиргааны хэргийн шүүхийн хувьд хэргийн оролцогчоор оролцдог байгууллага, албан тушаалтан шүүхийн хэрэг, архивд үзлэг шалгалт хийх нь зөв эсэх талаар асуусан шинжтэй байх бөгөөд шүүгч хэргийн талаар өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн, шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харшилсан, сөргөөр нөлөөлж болох мэдээлэл тараасан, байршуулсан гэх утга, агуулгагүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулах” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ГЗҮ/2026/0057 дугаар захирамжаар өргөдөлд дурдсан “...байгууллагын мэдээлэл солилцох албан ёсны чатаас миний бичсэн бичвэрийг хувилж Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан..., ...шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж гомдол гаргасан нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн З.Б миний ажил хэргийн нэр хүнд болон тамгын газрын үйл ажиллагааг үл тоомсорлосон..., ...Тамгын газрын дарга бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулж, миний амь насыг санаатай алахыг завдсан гэж …Нийт шүүгчдийн чуулганд ярьсан…, ...өөрийн мөнгөөр хэргийн бор өнгийн хавтас Улаанбаатараас захиалж 2026 оны 02 дугаар сард туслахаараа Монгол шуудангаас авчруулсан...” гэх гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан нь хүчинтэй байна.

1. Шалгах ажиллагааны явцад авагдсан баримтаас үзвэл ...аймагт 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бүсийн шүүхүүдийн спортын 4 төрөлт тэмцээнд Дархан-Уул аймгийн шүүхийн хамт олон оролцсон байна.

Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ тайлбартаа: “...тэмцээн болж байсан газраас байгууллагын цагаан машинд ...суугаад 10 км хиртээ явалгүй бууж өөрийн машиндаа суусан. ...Тэнд явсан тамгын газрын албан хаагчаас хойд машинаас “э.Т, Н.Б” гэх хүмүүсийг авмаар байна гэх санааг гаргасан ... би тэгж хэлээгүй ... Мөн ахлах нягтлан бодогч Т.П-ыг машинаас хөөж буулгасан үйл баримт болоогүй. ...Хэн нь хэнтэйгээ яаж ярилцаад тохиролцоод бууж, суусныг мэдэхгүй. ...анх тэмцээн болсон газраас машин хөдлөхөд миний хөл доор хайрцагт 5, 6 шил архи бол байсан бөгөөд наана буугаад буцаад ороод ирэхэд байхгүй болсон байсан. Машинд явж байсан албан хаагчдаас машин хөдлөөд эхлэв үү үгүй юу архи байгаа юм уу гэх яриа гарч эхэлсэн. Тэгэхэд архи байхгүй, дууссан гэх хариуг өгөхөд нь би “...энд байсан ш дээ, яагаад байхгүй болсон юм бэ ...хамт олны юмыг хамт олонд нь зарцуулах хэрэгтэй ш дээ, байхгүй бол тэрийгээ эртхэн хэлсэн бол би хамт олондоо өгнө гээд нэг юм авчирсан байсан юм тэрийгээ өгөх байсан ш дээ” гэж бол хэлсэн. ...өөрийн машинд ...сууж явсан багштай ... солигдож суугаад хамт олондоо авсан юмаа өгөөд явцгаасан...” гэжээ.

Гэрч нягтлан бодогч Т.П“... шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ машинд сул суудал байхгүй байхад “Н.Б, н.Т хоёрыг машиндаа суулгана” гээд машиныг зогсоосон. Тухайн үед Мөнх-Эрдэнэ шүүгч Тамгын газрыг бүрэн бус тээврийн хэрэгслээр үзлэгт явуулсан гэж цагдаад гомдол өгөөд, тэр нь шүүх дээр явж байсан болохоор надтай хамт нэг машинд сууж явахад дургүйлхээд байгаа юм байна гэж бодоод би өөрөө цүнхээ аваад нөгөө машинд суусан, ... Буу гэж хөөгөөгүй, өөр хүмүүсийг суудал байхгүй байхад суулгана гээд байсан болохоор би өөрөө буусан. Тэгээд намайг нөгөө машинд суусны дараа нярав н.М над руу залгаад “Эгчээ энэ машинд 8, 9 шил архи байсан гээд шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нэхээд байна, Таныг архи аваад буучихлаа гээд байна, Та авч буусан юм уу” гэж хэлэхэд нь би “Үгүй” гэдгээ хэлсэн ...” гэж,

нярав Х.М “... Ниссан Урбан гээд цагаан өнгийн машинд сууж явсан. Өөр машинаас хүн авна гэхэд нягтлан суух суудалгүй байна, би буучихъя гээд буусан. Буу гэж хөөгөөгүй, ... Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ архи байгаа юм уу гэж надаас асуусан. Би байхгүй гэхэд “машинд хайрцагтай архинууд байсан биз дээ, нягтлан аваад буучихсан юм биш үү” гэсэн ...” гэж,

жолооч Ж.Б “... Залуу хүмүүс байж хөгжилтэй яваарай гэсэн иймэрхүү зүйл яриад инээлдээд байсныг л санаж байна. Архи, ундаа ус байсан. Маргалдаж хэрэлдсэн зүйл сонсоогүй. Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нягтлан Т.П-ыг өөр машинд суу гэж хөөсөн зүйл болоогүй. Хүн нэмэгдэж орж ирээд суухад солигдоод суусан л гэж санаж байна ...” гэж,

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Н “... Эхний шилтэй архийг тойруулаад дууссаны дараа дараагийн архиа задлах гэхэд байхгүй гэдэг яриа гарсан. Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ байхгүй байсан юм бол эртхэн хэлэхгүй дээ, дэлгүүртэй газраас авах байсан гэдэг байдлаар нягтлан, няравтай маргалдсан. Эхлээд нягтлан буугаад, дараа нь нярав буусан. Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ машинаас хөөж буулгасан зүйл болоогүй. Архиа нуучихлаа гэсэн хандлага гаргасан болохоор л нягтлан, нярав 2 машинаас буусан болов уу гэж бодсон. Удалгүй шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ өөрөө хувийнхаа машинд сууна гээд буусан ...” гэж тус тус мэдүүлжээ.

Дээр дурдсанаас үзвэл, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ өөрийн хувийн тээврийн хэрэгслээр ...аймаг руу явж, ирсэн бөгөөд тэмцээн дууссаны дараа шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ Ниссан Урбан маркийн бага оврын автобусанд нягтлан бодогч Т.П, нярав Х.М нарын 10 гаруй хүний хамт суун ...аймгаас хөдөлсөн байна. Гэвч өөр машинд сууж явсан хүмүүс солигдож суухаар болж, энэ үед нягтлан бодогч Т.П өөр машинд суужээ.

Иймд тэмцээнээс буцах үед шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар архи нэхэж, нярав Х.М, ахлах нягтлан бодогч Т.П нарт уурлаж, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлж, дээрэнгүй, дорд үзсэн өнгөөр харьцсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно. 

2. Өргөдөлд “....шүүгчдийн зөвлөгөөний ....тэмдэглэлийг ...Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн нь тус аймгийн Тамгын газар огт ажил хийдэггүй, шүүгч нарын шаардлага биелүүлдэггүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд шүүгч нарыг ажиллуулдаг мэтээр ойлголт өгч, үнэлж, дүгнэж байгаа нь үнэнтэй огт нийцээгүй... Засвар хийсэн үйлчилгээний ажилчдын гаргасан өнгө таалагдахгүй байна ...гэж уурлаж, ажилчдыг дорд үзсэн ... “хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэх заалтыг зөрчсөн...” гэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-ын 5.1-т “Нийтлэг үнэлгээ нь Тамгын газрын жилийн үйл ажиллагааны дараах багц үр дүнгийн нийлбэр байна”, 5.1.5-т “тухайн шүүхийн үнэлгээ” гэж, 5.6-д “Шүүхийн үнэлгээ нь Тамгын газрын жилийн үйл ажиллагааны тайланд тухайн шүүхээс “0-100” хүртэл оноогоор илэрхийлэн өгсөн үнэлгээ байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, хурлын тэмдэглэлийг хавсаргасан байна” гэж заасан. 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зөвлөгөөнөөр Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайланг дүгнэх асуудлыг хэлэлцээд 46 оноогоор дүгнэж, зөвлөгөөний тогтоол, хурлын тэмдэглэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн байна.

Энэ зөвлөгөөнд шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ “...миний өрөөний хана мөөгөнцөртсөн, борооны ус нэвт урсаж, шалаар нэг урсдаг асуудал 3 жил болж байна. Энэ тухай хэлж би өрөө засварлахад шаардлагатай материалыг авч өгье гэж хүртэл хэлэхэд засварлахгүй байна. Эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй өрөө тасалгаанд ажиллаж байна ...” гэж хэлжээ. 

Тэрээр энэ талаарх тайлбартаа“... 203 тоот өрөө нь өвөл нь маш хүйтэн, сууж чадахгүй даарч нярав, нягтлан нараас халаагуур авч өрөөндөө залгаж суусан. Тухайн үед 204 тоот өрөөнд нярав, нягтлан нар сууж байсан бөгөөд та өрөөгөө солих юм уу бид хоёр наад өрөөнд чинь орох уу гэж хэлэхээр нь тэгсэн ч яах вэ гээд хэлээд өнгөрсөн. Нэлээд хугацаа өнгөрч зуны нэгэн өдөр Тамгын газрын дарга нь тухайн өрөөнд орох уу бид нар эмульс хийгээд өгье ер нь өвөл даарч байхаар гээд байхаар нь за гээд хэлчихсэн юм чинь гээд орсон. Ер нь шүүхийн засварын ажлыг үйлчлэгч нар хийдэг бөгөөд тухайн үед 204 тоот өрөөнд ороход эмульс хийхдээ өрөөний өнгийг гаргаж чадахгүй зэсэн шар болгосон байсан. Манай өрөөнд орж ирсэн шүүгч, албан хаагч болгон арай л аймар өнгөтэй байна аа гэж хэлсэн тул тамгын газраас өөрсдөө өнгийн сольж өгье, бид нар өөрсдөө чадахгүй юм чинь өнгө гаргадаг хүнээр гаргуулна гэх зэргээр ярьж байсан. Миний хувьд өргөдөлд дурдаад байгаа шиг уурлаж, ажилчдыг дорд үзсэн зүйлгүй ...” гэжээ.

Мөн нягтлан бодогч Т.П“... Шүүгч Ө.Мөнх-Эрдэнийн өрөө нь бороо орохоор цонхны амлагаагаар ус нэвчдэг байсан болохоор тухай бүрд нь манай үйлчлэгч засвар хийдэг байсан. Би шүүгч Ө.Мөнх-Эрдэнийн өөдөөс харсан өрөөнд суудаг байсан юм. 2024 оны 10 сард шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө өрөөг хүйтэн байна гээд миний өрөөтэй солихоор болсон. Тэгээд сольж орохоосоо өмнө засвар хийлгэнэ гээд үйлчлэгч Үенчимэг ханыг нь өнгө гаргаад эмульсдсэн. Тэгэхэд “надад тааруулж өнгө гаргалаа” гэхээр нь захаас барилгын хүн дуудаад өнгө гаргуулсан. Үнэ хөлс нь 30,000 төгрөг болсныг хувиасаа өгөөд явуулсан ...” гэж,

Ерөнхий шүүгч Д.Н“... . Миний хажуу талын өрөөнд нярав, нягтлан суудаг байсан, нэг л өдөр суухаа больчихсон байсан. Муудалцсан талаар надад мэдсэн зүйл байхгүй ...” гэж тус тус мэдүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам шинэчлэн батлах тухай” тогтоолын 7.1 дүгээр зүйлийн 7.1.10-т “шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, албан тасалгааг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх ажлыг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулах”, 7.1.13-т “шүүхийн автомашин, тоног төхөөрөмж, барилга байгууламжид засвар үйлчилгээг цаг хугацаанд нь тогтмол хийх” гэж заасан байна.

Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ анх томилогдоод 203 тоот өрөөнд орсон бөгөөд нягтлан бодогч болон нярав нартай өрөөгөө солихоор болж, засвар хийлгэж эмульсийн өнгийг солих талаар хэлснийг хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлсэн гэж үзэхгүй. Харин шүүхийн Тамгын газрыг дээрх журамд заасан чиг үүргээ биелүүлэхтэй холбогдуулан шаардлага тавьсан гэж үзэхээр байна.

 3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор баталсан “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”-д зааснаар хавтаст хэрэг илгээх, хүлээн авах ажлыг хариуцсан ажилтныг Тамгын газрын даргын тушаалаар томилж, уг ажилтанд шүүгчийн туслах илгээх хэргийг хүлээлгэн өгөх бөгөөд ажилтан хэргийг хүлээн авахдаа хэрэг илгээх тухай албан бичгийг үндэслэн тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргаж, хэргийг зориулалтын богцонд хийж, цоожлон, лацдаж автомашинаар зөөвөрлөх эсхүл шуудангаар хүргүүлэхээр байна.

Ерөнхий шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0...0 дугаар захирамжаар Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх шүүгчээр Ө.Мөнх-Эрдэнийг томилсон, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын өмгөөлөгчөөс шүүгч Ө.Мөнх-Эрдэнээс татгалзан гарах хүсэлт гаргасныг шийдвэрлүүлэхээр 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/9.. дугаар албан бичгээр хэргийг ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх ба дээрх журамд заасан ажилтан болох Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн “Хэрэг хүлээлцсэн тухай тэмдэглэл”-ийг үйлдэж хэргийг ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авсан байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д “Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ”, 85.6-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ”, 86 дугаар зүйлийн 86.2-т “Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шилжүүлнэ” гэж заасан.

Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ 2024 оны 07 дугаар сард ганцаараа шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байсан, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Н, шүүгч Ж.О нар ээлжийн амралттай, шүүгч Ө.Мөнх-Эрдэнийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх боломжгүй тул хүсэлтийг шийдвэрлүүлэхээр хэргийг ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Энэ талаар шүүгч тайлбартаа: “...манай шүүхийн хувьд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь хэргийг богцолж, холбогдох баримтыг үйлдэж, өөрөө хэргийг шууданд хүргэж өгдөг бөгөөд тухайн үед мэдээлэл лавлагааны мэргэжилтэн н.Э-д шүүгчийн туслахаас хэргийг өгч, богцолж, тухайн хүнээс би хэргийг авч, яг тэр хэвээр нь ...аймаг дахь шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд тухайн өдөр хүлээлгэж өгсөн. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хэргээс ямар нэгэн баримт алга болоогүй, лац, битүүмж алдагдаагүй тухайн шүүх хүлээн авсан нь хэрэг хүлээлцсэн актаар тогтоогдох боломжтой ...Тухайн үед зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан ойрхон адил шатны шүүгчдийн зөвлөгөөн хийж хүрэх бүрэлдэхүүнтэй шүүхийг хайхад ганц шүүгчдийн зөвлөгөөн хийх боломжтой шүүх нь ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх байсан тул тус шүүхийн Ерөнхий шүүгчтэй холбогдож хэргийг хүргүүлэх талаар мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, тусгай журмын хэрэг гэх мэдээллийг өгч, хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэж ирүүлэх талаар ярилцсан. Ер нь орон нутгийн шүүхийн хувьд “шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт” гарсан, гаргасантай холбоотой асуудлыг адил шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийг аль нэг аймаг руу хүргүүлэхэд шуудангаас шалтгаалж 20 буюу түүнээс дээш хоног алдах тохиолдол байдаг байсан...” гэж тайлбарласан бөгөөд тус хэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-д “Дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ: ... 112.4.2.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан” гэж заасанд хамаарах тусгай журмаар шийдвэрлэх маргаан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд багтаан явуулахаар хэргийг шүүхэд хүргэж өгснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

4. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01-А/4.. дугаар захирамжаар төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үзлэгийг орон нутагт зохион байгуулахаар шийдвэрлэж, удирдамжийг баталжээ.

...нэртэй фейсбүүк цахим хаягт “Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. Уг хүрээнд аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шүүхийн архивд үзлэг хийж байх юм. Гэтэл хэргийн оролцогч болж орж ирдэг байгууллага шүүхийн архивд хадгалдагдаж буй хэргийг үзэх зохимжтой юу?” гэх постыг нийтлэгджээ.

Холбогдох шүүгч тайлбартаа: “...өөрийн цахим хуудастаа дээрх сэтгэгдлийг бичсэн нь үнэн, ...Мөн тухайн үйл ажиллагаа нь аймгийн Засаг даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа болохоос шүүхийн үйл ажиллагаа биш бөгөөд миний хувьд сэтгэгдэл бичсэн боловч шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйл явдлын талаар бичээгүй ...” гэжээ.

Шүүгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулахыг хориглодог.

Шүүгчийн өөрийн цахим хаягт нийтэлсэн дээрх постыг хэргийн талаар өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн, шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харшилсан, сөргөөр нөлөөлж болох мэдээлэл тараасан, байршуулсан гэж үзэхгүй.

Дурдсан үндэслэлээр шүүгч Ө.Мөнх-эрдэнэд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.             

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                                    ГИШҮҮН                                          Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                Д.МЯГМАРЦЭРЭН