info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-23

Дугаар 81

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга М.Нарансолонго нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Э өргөдөлдөө “ ...Д.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Э-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон болно. Шүүгч П.Нямсүрэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн дараах үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болно.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т “хариуцагчийн хаяг тодорхойгүй” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Нэхэмжлэгчийн дурдсан хаягт хариуцагч оршин суудаггүй болох нь Налайх дүүргийн ...хорооны Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 7... дүгээр тодорхойлолт шүүхийн мэдэгдэх хуудас, тогтоогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн дотор гардуулна гэж заасан. Нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хуульд заасан хугацаа буюу 19-ний өдрийн дотор хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах ёстой байсан. Шүүхээс дээрх хугацаанд шүүхийн мэдэгдэх хуудас, холбогдох утас, хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүхийн бичиг хэргийн ажилтан зэрэг бүхий л аргаар нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Гэтэл шүүгч П.Нямсүрэн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах ёстой байтал 23-ны өдөр буюу хуулийн хугацаа дууссанаас хойш 4 хоногийн дараа “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай” захирамж гаргаж процессын хуулийг ноцтой зөрчсөн.

2. П.Нямсүрэн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0...3 дугаар захирамжийн 2 дугаар зүйлд хариуцагчийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд эрэн сурвалжилсугай гэж хугацаа заасан. Шүүгчийн захирамжид заасан хугацаанд хариуцагчийг олж тогтоож чадаагүй бөгөөд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс 2025 оны 07 дугаар 24-ны өдөр хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоон шүүхэд илтгэх хуудас хүргүүлсэн байдаг. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс шүүгчийн захирамжийн хугацаа дууссан буюу захирамжгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан Д.Т-д сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Шүүгч П.Нямсүрэн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0...6 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар тусгана” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгч П.Нямсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-г үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хэргийг сэргээж, хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Гэтэл захирамжид заасан эрэн сурвалжлах хугацаа дуусаад 12 хоногийн дараа хэргийг сэргээсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа зөрчсөн маш ноцтой зөрчил болно.

3. Шүүгч П.Нямсүрэн нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0...2 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэх шийдвэр гаргасан. Шүүхийн мэдэгдэх хуудсыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Д.Т ...аймгийн ...суманд очиж ...дүгээр багийн Засаг даргад шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т шүүхийн мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ, шаардлагатай тохиолдолд утас, факс, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болохоор хуульчилсан. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.4-т газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болно гэж шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргэдэг субьектуудыг хуульчилсан. 77.4-тэй холбоотой шүүгч П.Нямсүрэн шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргэж өгөхийг цагдаагийн ахлах ахлагч Д.Т-д даалгасан захирамж гаргаагүй бөгөөд Д.Т шүүхийн мэдэгдэх хуудсыг хууль бусаар хүргэж өгсөн бөгөөд тус үйлдэлд гомдол гарган сахилгын шийтгэл ногдуулсан болохыг дээр дурдсан. Хууль болон шүүгчийн захирамжид дурдаагүй цагдаагийн алба хаагч шүүхийн мэдэгдэх хуудсыг ... аймгийн ...сумын ... багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн үйлдэл нь хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй. Иймд мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулаагүй, мөн утсаар ярьж мэдэгдээгүй, ямар нэгэн мэдэгдэл холбогдох майл хаягаар хүргүүлээгүй байж шууд албадах захирамж гаргаж хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зохицуулсан. Хариуцагчийн түр болон байнга оршин суудаг хаяг нь хавтаст хэрэг хангалттай авагдсан байгаа. Гэтэл шүүхээс үүнийг харгалзаж үзэлгүй бүр хууль зөрчин иргэний хэрэг үүсгэсэн. Хуулийн холбогдох заалтыг зөрчиж буй талаар хүсэлт гаргасан боловч мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана” гэж зохицуулсан. Хэрэв тус заалтад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой болон гэж зохицуулсан бол хэргийн харьяалалтай маргахгүй. Гэвч хууль тогтоогчийн зүгээс буюу гэж тодотгоод үүнд нь эд хөрөнгийн битүүмжтэй холбоотой асуудал багтсан байхаар зохицуулжээ. Үүнийг шүүхээс буруу тайлбарлаж хэрэглэсэн.

5. Хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн туслах ажилтан Б.Б-тэй уулзсан байдаг бөгөөд “Процессын зөрчлийг арилгасан тохиолдолд би нэхэмжлэлийг гардаж авна” гэж шаардлага тавьсан байдаг. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байдаггүй ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдсэн. Ингэхдээ хариуцагчийн хэлээгүй үгийг хэлсэн мэтээр “Хариуцагч П.Э нь нэхэмжлэлийн хувийг гардаж авахгүй гэсэн болно” гэж худал тэмдэглэл үйлдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ” гэж зохицуулсан.

Дээрх гомдол нь шүүгчийн гаргасан шийдвэртэй холбоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тул, шүүгч П.Нямсүрэнг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-т заасныг үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгаж эсвэл огцруулж өгнө үү” гэжээ.

Шүүгч П.Нямсүрэн тайлбартаа: “ ...Нэхэмжлэгч Д.Т-ын хариуцагч П.Э-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1../ШЗ2025/0...2 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ гэж заасныг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдгийг нэхэмжлэлд хаяг бичигдээгүй, бүрэн бус, дутуу бичигдсэн, бичигдсэн хаяг нь буруу үүний улмаас хариуцагчийг дуудан ирүүлэх боломжгүйг ойлгохоор Улсын Дээд шүүхээс нэгэнт тогтоосон практик юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс дүгнэхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийнх нь эрхтэй (эзэмших, ашиглах, захиран зарцуулах) шууд холбоотой байсан тул нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэл нь шүүхийн онцгой харьяалалд хамаарах юм. Тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай байсан тул шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хуульд заасан ажиллагааг хийсэн.

Хариуцагч П.Э нь “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлүүлэх тухай”, “Хэрэг шилжүүлэх тухай” хүсэлтийг гаргахдаа “Шүүхийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэл зааж хүсэлт гаргасан.

П.Э-ын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг бүрэлдэхүүн хянан үзэж тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1../ШТ2025/0...7 дугаар шүүхийн тогтоолоор “Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар П.Энь ...аймгийн ...сумын ...дүгээр баг, ...дугаар гудамж ...тоотод оршин суудаг, бүртгэлтэй талаар баримт авагдсан хэдий ч бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгөө шаардсан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заасан шүүхийн онцгой харьяаллаар шийдвэрлэх эрх зүйн маргаан юм” гэж дүгнэж, хэргийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзэж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Шүүх иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн хаягт шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч “... уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй...” гэх тус хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн.

Талуудын зарчим үйлчлэх иргэний хэрэг маргаанд шүүх өөрийн санаачлагаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, хариуцагчийг эрэн хайх үйлдэлд хуулийн тодорхой хязгаар байдаг. Өөрийн санаачлагаараа хариуцагчийн эрэн сурвалжилж, албадан авчраагүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Ингэхдээ хариуцагч П.Э-ыг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг ажиллагааг тус дүүргийн Цагдаагийн байгууллага хариуцах бөгөөд түүнд тус шүүхийн Тамгын газар хяналт тавихыг үүргийг шүүгчийн захирамжаар даалгасан. Шүүгчийн захирамжаар тодорхой субъектэд гүйцэтгүүлэх ажил /нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх, цуглуулах, эрэн хайх, олж тогтоох гэх мэт/ даалгасан бол хэрэгжих боломжтой эсвэл боломжгүй тухай хариуг ирүүлсний дараа шүүгч шийдвэрээ гаргана.

2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан эсэхийг хянаж үзэхэд эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа албан хаагчид хүндэтгэн үзэх шалтгаан гарсан, хариуцагчийн хаягийг илрүүлэх тодорхой ажиллагаа хийгдсэн талаарх мэдээлэл ирсэн тул шүүгчийн туслахдаа шүүгчийн захирамжийн хариуг яаралтай ирүүлэх талаар даалгасан.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс хаягийг олж тогтоон ирүүлсэн тул шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Харин шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулах гэхэд уг хаягт байхгүй байсан учраас тус багийн Засаг даргад гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4-д “Газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болно” гэж заасан. ...аймгийн ...сум нь Налайх дүүргээс 80 гаран км зайтай учраас тус шүүхийн бичиг хүргэгч биечлэн очиход хүндрэлтэй юм. Иймээс Д.Т нь тухайн хэргийн оролцогч биш учир хуульд харшлахгүй гэж үзэж байна.

Үүний дараагаар хариуцагч П.Э-ыг шүүхийн мэдэгдэх хуудас, утсаар дуудах ажиллагааг хийсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

Хариуцагч П.Э-ыг цагдаагийн байгууллага албадан авчирсан. Шүүгчийн туслах Б.Б-ийн нэхэмжлэл гардуулах баримтад “нэхэмжлэлийн хувийг гардаж авахгүй” гэсэн болно гэх туслахын гарын үсэгтэй тэмдэглэл үйлдэгдэж хэрэгт авагдсан. Уг баримтад худал тэмдэглэл үйлдсэн буюу “процессын зөрчлийг арилгасан тохиолдолд би нэхэмжлэлийг гардаж авна” гэх үндэслэлээр гомдол гаргасан нь хуульд нийцэхгүй. Учир нь шүүгчийн туслах Б.Б-ийн үйлдсэн туслахын тэмдэглэл гомдол гаргагчийн хэлсэн үгийг агуулгын хувьд зөрүүтэй бичсэн гэх боловч үр дагаврын хувьд ялгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгөсний дараа нэхэмжлэлийг гардуулах хуулийн зохицуулалт байхгүй. Мөн шүүгчийн туслахын баримтад үйлдсэн тэмдэглэлийг үндэслэж шүүгчид сахилгын хариуцлага оногдуулах боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.Т-ын хариуцагч П.Э-т холбогдох иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж үзээд, Б.Э-ийн гаргасан процессын ноцтой зөрчил гаргасан гэх гомдлын үндэслэл тус бүрд 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2../MA2026/0...0 дугаар магадлалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гаргаагүй гэх дүгнэлт өгсөн болно.

Иймд шүүгчийн зүгээс Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон аливаа зөрчлийг гаргаагүй болно” гэжээ.

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд “...2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1../ШШ2026/0...3 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан ба уг гомдолд “ ... хэргийг үндэслэлгүйгээр сэргээсэн, хэргийн харьяалал зөрчсөн, худал тэмдэглэл үйлдсэн” гэх үндэслэл дурдсан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2../МА2026/0...0 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан ба ... өргөдөл гаргагчийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийн үндэслэлтэй адилхан агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолд дээд шатны шүүхээс дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгч П.Нямсүрэнгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчөөгүй талаар давж заалдах шүүхийн магадлалд тодорхой дүгнэсэн байх тул уг үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

...Д.Т-аас П.Э-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүгч П.Нямсүрэн хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан, түүнчлэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй гэж үзэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1../ШЗ2025/0...2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул өргөдөл гаргагчийн “...нэхэмжлэл хүлээн авах процесс зөрчсөн хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэх гомдол үндэслэлгүй.

... шүүгч П.Нямсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.1, 67.1.2-т зааснаар хариуцагч П.Э-т нэхэмжлэлийг гардуулахаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг иргэний хэрэг үүсгэсэн даруй буюу 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ба 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дахин хүргүүлсэн боловч хариуцагч хүлээн аваагүй байна.

            Улмаар нэхэмжлэгчээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1../ШЗ2025/0...3 дугаар захирамжаар хариуцагч П.Э-ыг эрэн сурвалжилж, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Т түүний оршин суугаа хаягийг шүүхэд ирүүлсэн байна.

            Үүний дагуу шүүхээс хариуцагчийн оршин суугаа хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн ба Цагдаагийн албан хаагч мэдэгдэх хуудсыг ...аймгийн ...сумын ...дүгээр багийн Засаг даргад хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна.

            Дээрх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” гэж заасанд нийцсэн байна.

            Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.4-т “Газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болно” гэж заасанд нийцүүлэн цагдаагийн албан хаагчаар мэдэгдэх хуудсыг Засаг даргад хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулсан байх ба энэ талаар холбогдох шүүгчийн: “ ...аймгийн ...сум нь Налайх дүүргээс 80 гаран км зайтай учраас тус шүүхийн бичиг хүргэгч очиход хүндрэлтэй юм. Иймээс цагдаа Д.Т нь тухайн хэргийн оролцогч биш учир хуульд харшлахгүй” гэх тайлбарыг буруутгах боломжгүй байна.

            Түүнчлэн, хариуцагч шүүхэд ирээгүй тул нэхэмжлэгчээс хариуцагчийг албадан ирүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1../ШЗ2025/0...2 дугаартай захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гардуулсан үйл баримт тогтоогдож байна.

            ...Дээр дурдсанаар шүүгч өөрийн санаачилгаар хариуцагчийг эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааг хийгээгүй ба харин хэргийн оролцогч буюу нэхэмжлэгчийн санал, санаачилгаар уг ажиллагаануудыг хийж гүйцэтгэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.Т нь П.Э-т холбогдуулан “Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ...дугаар хэсэг, ... тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, граашийн зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хууль ёсоор өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах тухай” нэхэмжлэлийг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасныг шүүгч П.Нямсүрэн хүлээн авч, шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1../ШЗ2025/0...2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1../ШШ2026/0...3 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдол гаргасан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2../МА2026/0...0 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Дараах үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан хариуцагчийн хаяг, оршин байгаа газрыг нэхэмжлэлд тусгаагүй буюу бичээгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан.

Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг “Налайх дүүргийн ... хороо, ...гудамж ...хэсэг ...хашаанд оршин суух П овогт Э РД:НА9.....3” гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.1-т “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд энэ нь шүүхийн онцгой харьяалалд хамаардаг. 

Холбогдох шүүгч нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2...2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцжээ. 

2. Хэрэг үүсгэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-д зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа явагддаг.

Шүүгч нэхэмжлэл гардуулахаар хариуцагч П.Э-ыг шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 10 цаг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагт ирэхийг мэдэгдэж 2 удаа мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд дурдсан Налайх дүүрэг, ...хороо, ... гэх хаягаар хүргүүлжээ. 

Дээрх мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай баримтад “хаягаар ирэхэд эзэнгүй, 88....28 гэх дугаар руу залгасан П.Э-ын эгч н.Т гэх хүн авч хотод амьдардаг гэв. Энэ хаягт ямар хүн амьдардгийг хэлээгүй. 80....28 эхнэр н.З гэх хүнтэй утсаар холбогдсон боловч П.Э энэ хаягт амьдардаггүй, холбогдох утас байхгүй” гэсэн тэмдэглэл хийгджээ.

Мөн Налайх дүүргийн ...дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7.. дүгээр тодорхойлолтод “П.Э тус хорооны ...гудамжны ...тоот хаягт амьдардаггүй, бүртгэлгүй” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно”, 14.5-т “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан.

Дээрх нөхцөл байдал тогтоогдсоны дараа нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0...3 дугаар захирамжаар хариуцагч П.Э-ыг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд эрэн сурвалжлах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Д.Т 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулж, шүүхэд илтгэх хуудас ирүүлсэн, шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0...6 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.

Хариуцагчийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдэж мэдэгдэх хуудас хүргүүлсэн, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Д.Т-ний 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн илтгэх хуудаст “...П.Э оршин суудаг хаягийг шалгахаар очиход хүнгүй байв. ...шүүхийн мэдэгдэх хуудсыг ...аймгийн ...сумын ...дүгээр багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн” гэсэн байх ба мэдэгдэх хуудсыг хорооны Засаг дарга А.Б-д хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байна.

Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж оршин суух хаягийг тодруулсан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд өргөдөлд дурдсан “…шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан...” гэх гомдол үндэслэлгүй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-т “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Хариуцагч П.Э шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0...2 дугаар захирамжаар хариуцагч П.Э-ыг албадан ирүүлэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасан, хариуцагч 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан байна. 

Өөрөөр хэлбэл, шүүгч хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-г зөрчөөгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хариуцагчийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр сэргээсэн гэх гомдлыг хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1../ШЗ2025/0...3 дугаартай захирамж гаргаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл түдгэлзүүлсэн байна. Улмаар 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1../ШЗ2025/0...6 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн бөгөөд захирамжид заасан хугацаа хэтэрсэн байгаа хэдий ч ажиллагааг үргэлжлүүлэн явуулсныг буруутгахгүй. ...хэрэгт авагдсан 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл/ гардуулсан тухай баримт №4-д нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан талаараа тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй, ...хариуцагч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “... хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хэргийг шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1../ШЗ2025/0...0 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1.../ШТ2025/0...7 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээсэн байх тул хэргийн харьяалал зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.             

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                         Г.ЦАГААНЦООЖ

                                    ГИШҮҮН                              Д.АРИУНТУЯА

                                                                                    Ц.ДАВХАРБАЯР