info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-14

Дугаар 54

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга М.Нарансолонго, холбогдох шүүгч Н.Баярбаатар, С.Насанбуян, өргөдөл гаргагч Т.Э нарыг /цахимаар/ оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Н.Баярбаатар нарт холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Т.Э өргөдөлдөө: “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 8 хоног баривчлах шийтгэл оногдуулчхаад шийтгэлээ түдгэлзүүлэх, зогсоох, хойшлуулах талаар ямар ч шийдвэр гаргалгүй цагдан хорих захирамж гаргасан нь хууль зөрчсөн хийгээд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шийтгэврээ баривчлах байранд хүргүүлсэн нь хүчин төгөлдөрт тооцогдох үндэслэлтэй байна. Мөн 683 тоот шийтгэврийнхээ 8 хоногийн асуудлыг 2025 оны 565 тоот шийтгэвэртээ оруулалгүй дахин 8 хоног баривчлах шийтгэл оногдуулсан нь 1 хэрэгт 2 удаа шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Миний бие 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хорих 427 дугаар ангийн захиргаанд өгсөн байдаг. Харин шүүгч Н.Баярбаатар 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дээд шүүхээс хэргийн материалыг хүлээж аваад 08 дугаар сарын 01-ний өдөр талууд хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт өгөөгүй учир хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хурлын товыг зарласан /08 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолд дурдсанаар/ тухай захирамж гаргасан байдаг. Миний хүсэлт 08 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар ирсэн тухай дурдаад /08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хурлаар/ 08 дугаар сарын 01-ний өдөр хэрэг шүүхэд шилжсэн учир шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан хүсэлтийг авч хэлэлцээгүй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар миний хүсэлт хугацаа хэтрээгүй ба авч хэлэлцэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Энэ заалтын дагуу гомдол гаргахад 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШТ/0.. дугаар тогтоолд гомдол гаргах эрхгүй гэсэн хариу ирсэн. ... 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хурлыг даргалагч шүүгч Н.Баярбаатар, шүүгч С.Насанбуян гэсэн 2 шүүгч л хийж тогтоол гаргасан. Тогтоол нь тамга байхгүй 2 шүүгчийн гарын үсэгтэй тогтоол ирсэн. Ийм тогтоол хүчин төгөлдөр эсэх хууль зөрчсөн эсэхэд хариулт авахаар хүсэлт гаргахад хариу ирээгүй ба 08 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоо тамгатай болгон дахин хавтаст хэрэгт оруулсан байсан. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэхээр гомдол гаргасан боловч мөн л тогтоолд гомдол гаргах эрхгүй гэсэн хариу ирсэн. 08 дугаар сарын 06-ны өдрийн 2 шүүгч гаргасан тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүгчид үүрэг болгосон заалтуудыг ноцтой зөрчсөн...” гэжээ.

Шүүгч Н.Баярбаатар тайлбартаа:  “... 1. 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хурлыг Н.Баярбаатар, С.Насанбуян шүүгч нар хоёулаа хурал хийж тогтоол гаргасан, тогтоол тамга дарагдаагүй гомдлын талаар:

Т.Э-т холбогдох 24......43 дугаартай эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 02/2... тоот албан бичгээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлснийг тус шүүх 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг бүртгэл хяналтын нэгдсэн системд шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу надад хуваарилагдаж ирсэн. /тус 4-р хавтаст хэргийн арын нүүрэнд дарагдсан хэрэг хүлээн авсан дардас болон тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний 1..3 дугаартай шүүгчийн захирамжаас харагдана./

Ингээд миний бие хэргийг хүлээн авч, уншиж танилцаад Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг 2025 оны 08
дугаар сарын 06-ны өдөр тогтоосон.

Тус шүүх нь 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүгч П.Б нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан учир тус шүүхээс тухайн хэрэгт “бүрэлдэхүүнд оролцох шүүгч томилуулах тухай” хүсэлтийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий, Дорнод аймаг дахь сум дундын шүүхүүдэд хүргүүлсэн боловч тухайн шүүхүүдээс “шүүгч нар ээлжийн амралттай, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа, шүүхийн ажлын ачаалал зэргээс шалтгаалж бүрэлдэхүүнд шүүгч оролцох боломжгүй” гэсэн хариуг тус тус ирүүлсэн.

Бүрэлдэхүүнд оролцох шүүгч ирээгүй тул тухайн үед ажиллаж байсан Ерөнхий шүүгч С.Насанбуяны хамт шүүх хуралдааныг хойшлуулахдаа дээрх шалтгаан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэргийг
үндэслэн Т.Э-т холбогдох хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цагт хэлэлцэхээр хойшлуулсан болно. /Тус шүүхүүд рүү явуулсан албан тоот, хариу ирүүлсэн албан бичгээс харагдана./

Миний бие 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан бөгөөд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийн хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд БНТУ-ын Анкара хотноо зохион байгуулагдах сургалтад хамрагдахаар болсон.

Иймд тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчид хүндэтгэн үзэх шалтгаан
бий болсон тул Ерөнхий шүүгчид “... өөр шүүгч томилж өгөх ...” тухай хүсэлт өгч  Т.Э-т холбогдох хэргийн илтгэгч, даргалагч шүүгчээр С.Насанбуян шүүгч томилогдсон юм. /2025.09.17-ны шүүх хуралдааны бичлэгээс харагдана./

Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаа нь хууль, холбогдох, дүрэм, журам, аргачлалын хүрээнд явагддаг ба шүүхийн шийдвэрийг гардуулах, хүргүүлэх, холбогдох бусад ажиллагаа нь шүүхийн тамгын газрын зохион байгуулалттай холбоотой юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 229 дугаартай тогтоолоор баталсан
Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд зааснаас үзэхэд шүүхээс гарсан
эрхийн актыг хүргүүлэх, мэдэгдэх болон холбогдох бусад ажиллагаа нь шүүхийн
Тамгын газрын үүрэгт хамааралтай ба гомдолд дурдагдсан шүүхийн тогтоолд тамга
дарагдаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.

2. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй гэх гомдлын талаар:

Т.Э-ын “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх” тухай 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийг тус шүүх 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүлээн авчээ. /анхан шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэл-2025 харагдана./

Энэ нь Т.Э-т холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг зарласан 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамж гарснаас хойш буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хурлын өмнөх өдөр ирсэн нь тогтоогдож байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны
2025 оны 7.. дугаартай тогтоолоор Т.Э-т холбогдох хэргийн талаар гарсан анхан шатны шүүхийн 2024 оны 2.. дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2025 оны 1.. дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Иймд тухайн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх нөхцөл байдал үүссэн
бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг үндэслэвэл шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн боломжгүй байсан болно.

Өөрөөр хэлбэл тухайн хэрэг надад хуваарилагдан ирэхдээ урьдчилсан
хэлэлцүүлэг хийх хуулийн үе шат өнгөрсөн буюу урьд анхан шатны шүүхээр
яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн хурлыг хийж анхан шатны шүүхийн
гэм буруутайд тооцсон 2024 оны 2.. дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах
шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 2025 оны 1..
дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх
хуралдааны 2025 оны 7.. дугаартай тогтоолоор шийдвэрлэгдсэн байна.

Мөн гомдол гаргагчийн “... гомдол гаргах эрхгүйгээр тогтоол гаргасан гэх
асуудлын тухайд ...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж зааснаар уг тогтоолд гомдол гаргах эрхгүй юм.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно” гэх зохицуулалт нь мөрдөн шалгах ажиллагаанд хамааралтай заалт бөгөөд харин шүүгдэгч Т.Э-т холбогдох хэрэг шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдэж байгаа асуудал тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтад хамаарах юм.

3. 2024 оны 6.. тоот шийтгэврийг гомдолд дурдсан талаар:

Тухайн гомдолд дурдсан 2024 оны 683 дугаартай шийтгэврийн талаар Т.Э нь 2024 оны 4 сард Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж Сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3.. дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгаад, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний санал гарсныг Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн СХМ/2025/0075 дугаартай магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2-т “өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа” гэж заасны дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэл болно гэж үзэж байна.

4. Гомдолд дурдсан бусад асуудлын талаар:

Т.Э-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлуудад шүүгч Н.Баярбаатар миний бие шүүх бүрэлдэхүүнд оролцож байсан бөгөөд /гэм буруугийн хуралд илтгэгч шүүгчээр ороогүй/ зөвлөлдөх тасалгаанд гаргасан шүүх бүрэлдэхүүний хамтаар шийдвэрүүдийг гаргаж байсан.

Тухайн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд гомдолд дурдсан хууль хэрэглээ, шинжээчийн дүгнэлт, гэм буруугийн сэдэлт санаа зорилгын талаар хийсэн шүүх бүрэлдэхүүний хамтын зарчмаар гаргасан шийдвэрт тайлбар бичих шаардлагагүй болно” гэсэн.

Шүүгч С.Насанбуян тайлбартаа: 1. “... Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ХШТ/7.. дугаартай тогтоолоор Т.Э-т холбогдох эрүүгийн хэргийн талаар гарсан Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны 2.. дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1.. дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжээ.

Шүүх дээрх хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Насанбуяны ээлжийн амралтын хугацаанд Ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэж байсан шүүгч П.Б нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЕШЗ/1..3 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Н.Баярбаатарыг уг хэргийн даргалагч, илтгэгч шүүгчээр томилж албажуулсан.

Шүүгч Н.Баярбаатараас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3.. дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхээр шүүх хуралдааныг товлон зарласан бөгөөд Ерөнхий шүүгч С.Насанбуян ажилдаа орж, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ЕШЗ/1..3 дугаартай захирамжаар бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч С.Насанбуяныг томилон албажуулжээ.

Тухайн цаг хугацаанд тус шүүхийн шүүгч П.Б ээлжийн амралттай байсан тул өөр шүүхээс шүүгч бүрэлдэхүүнд томилуулахаар 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3/1.. дугаартай албан бичгээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, 3/1.. дугаартай албан бичгээр Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд, 3/1.. дугаартай албан бичгээр Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүсэлтийг тус тус хүргүүлсэн боловч шүүгч нарын ээлжийн амралт эхэлсэн, ажиллаж байгаа шүүгчдийн ажлын ачаалал өндөр, 1-2 шүүгч ажиллаж байгаа, шүүх хуралдаанд товлон зарлагдсан зэрэг үндэслэлээр шүүгч томилох боломжгүйг тус тус мэдэгдсэн байна.

Ингээд 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр товлон зарлагдсан шүүх
хуралдаанд бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Н.Баярбаатар, Ерөнхий шүүгч С.Насанбуян нар оролцож, шүүгдэгч Т.Э болон түүний өмгөөлөгч Г.Б нарын шүүх хуралдаанд гаргасан “Т.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай” хүсэлтүүдийг шийдвэрлэж, шүүхийн тогтоол гаргасан нь 4 хавтаст хэргийн 59-62 хуудас дахь шүүх хуралдаан тэмдэглэл, 64-69 дугаар хуудас дахь шүүхийн тогтоолд дурдагджээ.

Харин 4 хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудсанд 2025 оны 08 дугаар сарын
06-ны өдрийн 2025/ШТ/0.. дугаартай шийтгэх тогтоол гэсэн хэвлэмэл хуудсанд
дээр дурдагдсан шүүхийн тогтоолыг хэвлэж, шүүгч нарын гарын үсэг зурагдсан
байгаа ба үүнийг “Шийтгэх тогтоол” гэсэн хэвлэмэл маягт дээр андуурч гаргасан
гэж үзэж байгаа бөгөөд шүүгч нар гарын үсэг зурахдаа үүнийг анхаарч нягтлалгүй,
хайхрамжгүй хандсан байна.

Учир нь Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд “2025/ШТ/0..”
гэж шүүхийн тогтоолын дугаар авагдсан байгаа болно.

Т.Э-т холбогдох эрүүгийн хэрэг нь шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэх хэрэгт хамаарах тул 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ЕШЗ/1..3 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар бүрэлдэхүүнд шүүгч Н.Баярбаатар, Ерөнхий шүүгч С.Насанбуян нарыг томилон албажуулсан ба 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд бүрэлдэхүүнд оролцох нэг шүүгч нэмж томилогдоогүй, шүүх хуралдааныг нэгэнт товлон зарласан тул томилогдсон хоёр шүүгч оролцсон болно.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт “Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтад хамааралтай буюу бүрэлдэхүүнд томилогдсон, тухайн цаг хугацаанд байгаа шүүгч нар зайлшгүй шүүх хуралдаанд оролцох юм.

Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүн байхгүй, хүрэхгүй байгаа гэсэн үндэслэлээр
шүүх хуралдаан хийхгүй байх, илтгэгч, даргалагч шүүгч дангаар оролцох үндэслэлгүй ба энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасан шүүгчид хориглох зүйлд хамааралтай юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны
ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах
эрхтэй”, 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны
ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн
этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах
эрхтэй”, 15.2 дугаар зүйлийн 1-т “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны аль ч үед гаргаж болно”. 15.4 дүгээр зүйлийн 1-т “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн эсхүл хэсэгчлэн хангах эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана”, 2-т “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд
заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах,
завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэжээ.

2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярбаатар даргалж, Ерөнхий шүүгч С.Насанбуяныг оролцуулан явуулсан бөгөөд
шүүх бүрэлдэхүүн хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүгдэгч Т.Э болон түүний өмгөөлөгч Г.Б нарын шүүх хуралдаанд гаргасан “Т.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай” хүсэлтүүдэд хууль зүйн дүгнэлт өгч, шүүх хуралдааныг хойшлуулсан.

Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн бүрэн бус үндэслэлээр оролцогчдын
хүсэлтийг хэлэлцэхгүй байх эрх шүүгч, шүүх бүрэлдэхүүнд байхгүй буюу Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт хийгээд мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-аас “шүүх хуралдаан хойшлогдох эсэхээс үл хамааран, хүсэлтийг гаргаж, шийдвэрлүүлэх талаар” тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

2. 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүх хуралдааныг хойшлуулж 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцэхээр товлогдсон.

Шүүгч Н.Баярбаатараас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан
хүсэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр
сарын 09-ний өдрийн 2025/ШЗТ/2.. дугаартай тогтоолоор шүүгч Д.Баярбаатар,
П.Б нар 2025 оны 09 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд БНТУ-д сургалтад хамрагдах болсон тул Т.Э-т холбогдох хэргийг дахин хуваарилахаар шийдвэрлэсэн ба үүний дагуу хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр системээс дахин хуваарилж, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЕШЗ/1..7 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар даргалагч, илтгэгч шүүгчээр Ерөнхий шүүгч С.Насанбуян, бүрэлдэхүүнд шүүгч Н.Баярбаатар, П.Б нарыг томилон албажуулсан байна.

Шүүгч Н.Баярбаатар, П.Б нар гадаад улсад сургалтад хамрагдсантай холбоотойгоор шүүх бүрэлдэхүүнгүй болсон тул тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/7.. дугаартай албан бичгээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тухайн хэргийн бүрэлдэхүүнд 2 шүүгч томилуулах хүсэлтийг гаргасныг, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ЕШЗ/1.. дугаартай захирамжаар хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Х, А.Э нарыг томилж, оролцуулахаар тогтоосон бөгөөд тухайн бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэж 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШТ/0.. дүгээр тогтоолоор 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцэхээр хойшлуулсан байна.

Харин хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхий шүүгч
С.Насанбуян даргалж, шүүгч Н.Баярбаатар, П.Б нарын бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж, 2025/ШТ/1.. дугаартай тогтоолоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Тухайн хэрэгт Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ЕШЗ/1.. дугаартай захирамжаар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Х, А.Э нарыг бүрэлдэхүүнд томилж, оролцуулахаар тогтоосон, мөн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЕШЗ/1..7 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар даргалагч, илтгэгч шүүгчээр Ерөнхий шүүгч С.Насанбуян, бүрэлдэхүүнд шүүгч Н.Баярбаатар, П.Б нарыг тус тус томилон албажуулсан тул эдгээрийг Ерөнхий шүүгчийн захирамжаар дахин албажуулаагүй байна.

Мөн хэрэгт шүүгч Н.Баярбаатарын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын
09-ний өдрийн 2025/ШЗТ/2.. дугаартай тогтоол, тус шүүхийн 2025 оны 09 дүгээр
сарын 12-ны өдрийн 3/7.. дугаартай албан бичиг зэргийг хэрэгт хавсаргаагүй,
томилогдсон бүрэлдэхүүн болон шүүх хуралдаанд тухайн үед оролцох бүрэлдэхүүнийг томилж, албажуулаагүй нь хэргийг илтгэж, даргалж байсан
шүүгчийн хэргийн эмхэтгэл, тус шүүхийн “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол,
хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх
бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-д хяналт тавьж, хэрэгжүүлэх ерөнхий
шүүгч миний үйл ажиллагаатай холбоотой бөгөөд үүнд бусад шүүгч, ажилтныг
буруутгах үндэслэлгүй юм” гэжээ.

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...холбогдох шүүгч С.Насанбуян нь хэргийг хянан хэлэлцэх даргалагч, бүрэлдэхүүнийг хуульд зааснаар албажуулаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг зөрчжээ. ...томилогдсон бүрэлдэхүүнийг албажуулсан захирамж гаргаагүйн улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн нөхцөл байдал бий болоогүй тул зөрчлийг “ноцтой” гэж үзэхгүй. Хуулийн илт тодорхой заалтыг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн байхыг “удаа дараа” гэж ойлгох ба Ерөнхий шүүгч С.Насанбуянд холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл ирж байгаагүй нь лавлагаагаар тогтоогдох тул уг үйлдлийг эхний удаагийн зөрчил гэж үзэхээр байна. ... шүүгч С.Насанбуян, Н.Баярбаатар нар “хэргийг 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, … зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх зөрчил гаргасан...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ХШТ/7.. дугаар тогтоолоор Т.Э-т холбогдох эрүүгийн 24......43 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2... дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1.. дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ба Ерөнхий шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЕШЗ/1..3 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагч, илтгэгчээр шүүгч Н.Баярбаатарыг томилсныг албажуулсан байна. 

Шүүгч Н.Баярбаатар 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/3.. дүгээр захирамжаар хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, хэргийг бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгч оролцуулахаар шийдвэрлэжээ. 

Ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2028/ЕШЗ/1..3 дугаар захирамжаар дээрх хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч С.Насанбуян томилогдсоныг албажуулж, шүүгч П.Б ээлжийн амралттай тул бүрэлдэхүүний нэг шүүгчийг харьяалах шүүхээс томилуулахаар шийдвэрлэсний дагуу Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг томилуулах албан бичиг хүргүүлсэн боловч “шүүгч томилон оролцуулах боломжгүй” гэсэн хариуг тус тус ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ”, 7-т “Сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүнчлэн аймаг, нийслэлийн шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг харьяалах аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэж тус тус заасан.  

Прокуророос яллагдагч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байх тул шүүх хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.

Гэтэл Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярбаатар даргалж, Ерөнхий шүүгч С.Насанбуяны бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Б, улсын яллагч Б.Ц, иргэдийн төлөөлөгч Ц.М, хохирогч Д.А, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Г.Б нар оролцсон ба шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч тус бүр тайлбар гаргасан, улмаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг хянан хэлэлцэж, шүүхийн 2025/ШТ/0.. дугаар тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх гомдлыг хангахгүй орхиж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх бүрэлдэхүүний нэг шүүгч хуульд заасан журмын дагуу томилогдоогүй байхад шүүгч Н.Баярбаатар,  Ерөнхий шүүгч С.Насанбуян  нар нь шүүх хуралдааныг явуулж, хэргийн оролцогчдын тайлбар, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх бүрэлдэхүүн томилогдоогүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрх зөрчигдөхөд хүргэсэн байх тул уг үйлдлийг “ноцтой” гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. 

Дээрх үндэслэлээр Ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Н.Баярбаатар нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой...” зөрчсөн тул зөрчлийн шинж чанар, үр дагавар зэргийг харгалзан “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулав.

2. Харин өргөдөлд дурдсан бусад гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна. Үүнд:

2.1. Өргөдөл гаргагч өргөдөл болон тайлбартаа “... 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол бичиг хүргэгчээр хүргэгдэн ирсэн ... 2 шүүгчийн гарын үсэгтэй, тамгагүй байсан тул 5, 6 дугаар хуудсыг өргөдөлдөө хавсаргасан ... 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан хойшилсон ... дараа хэрэгтэй танилцахдаа харахад ... тамгатай, тамгагүй шүүхийн тогтоол байсан. Эхлээд танилцахад тамгагүй тогтоол миний өгсөн хүсэлт, түүнд хариу өгсөн баримтуудын араас тамгатай тогтоол нь байсан. Тэгээд би зөвтгөөд оруулсан юм байна гэж  бодсон ... 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шийдсэнээс хойш би хэрэгтэй танилцаагүй. Давж заалдах шатны шүүхэд хэрэг шилжиж очсоноос хойш 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэрэгтэй танилцахад 36 дугаар хуудаст байсан тогтоол тамгатай болчихсон байсан ...” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгээр 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШТ/0.. дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолыг “шийтгэх тогтоол” гэх хэвлэмэл хуудаст хэвлэж албажуулсан нь эрүүгийн хэргийн 4 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар талд, харин 64 дэх талд “шүүхийн тогтоол”-ын хэвлэмэл хуудаст хэвлэсэн нь тус тус авагдсан бөгөөд утга агуулгын хувьд зөрүүгүй болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2025/ШТ/0.. “Шүүх хуралдаан хойшлуулах” шүүхийн тогтоолын дугаар авагджээ.

Шүүгчийн туслах Э.Г гэрчийн мэдүүлэгтээ“... системээс шүүхийн тогтоолын дугаар авсан ... шүүхийн эрх зүйн актын бланк шүүгчийн туслахад байдаг. Хэвлэн гаргах зэрэг техник ажиллагааг шүүгчийн туслах хийж гүйцэтгэдэг ... төслийг шүүгчид хянуулж гаргахдаа шийтгэх тогтоолын  бланк дээр хэвлэсэн нь миний алдаа ... шүүгч зас гэсэн, тухайн үед ажлын ачаалал их байсан. Үүнээс шалтгаалсан байх, би буруу бланк дээр хэвлэсэн байсан, тэгээд засаад, шүүхийн тогтоолын бланк дээр хэвлэн гарын үсэг зуруулсан, хэрэгт хийхдээ өмнө нь хийсэн тогтоолоо аваагүй байсан. Энэ бүгд миний алдаа ...тамгатай зөвтгөсөн тогтоолоо гардуулсан гэж бодож байна ... тамга дарагдаж байж энэ тогтоол албажна гэж үзнэ ... тамгагүй байсан гэдгийг анх удаа сонсож байна ...” гэжээ.

Шүүгч Н.Баярбаатар тайлбартаа “... гарын үсэг зурахдаа хянаж байгаа, энэ тогтоол 4-5 хувь гарсан, тэдний 1 хувь нь шийтгэх тогтоол дээр эхний нүүр нь гаргасан байхаар би энийгээ засаарай гэж хэлж байсан. Тогтоол хэргийн оролцогч нарын тоогоор гарна, нэг нь хэрэгт, нэг нь Тамгын газрын өнгөн хувьд гээд 5 орчим хувь гарсан ... гэжээ.

Дээр дурдсанаар шүүгчийн туслах шүүхийн тогтоолын 1 хувийг шийтгэх тогтоолын хэвлэмэл хуудас дээр хэвлэсэн, энэ нь хэрэгт хавсаргагдсан болох нь тогтоогджээ.

Түүнчлэн Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/2.. дугаар албан бичгээр Т.Э-т гардуулсан гэх шүүхийн тогтоол нь шүүгч нарын гарын үсэгтэй, харин тамга дарагдаагүй байжээ.

Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг албажуулах, гардуулах ажиллагааг шүүгчийн даалгаснаар шүүгчийн туслах хийж гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд шүүгч Н.Баярбаатар “...тогтоолыг шийтгэх тогтоолын бланк дээр хэвлэсэн ...энийгээ засаарай гэж хэлж байсан...” гэж, шүүгчийн туслах Э.Г “...... би төслийг нь шүүгчид хянуулж гаргахдаа шийтгэх тогтоолыг бланк дээр хэвлэсэн нь миний алдаа ... Шүүгч үүнийг хараад зас гэсэн, ...тэгээд засаад, шүүхийн тогтоолын бланк дээр хэвлэн гарын үсэг зуруулсан, хэрэгт хийхдээ өмнө нь хийсэн тогтоолоо аваагүй байсан...” гэжээ.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-т “Шүүх соёмбо, өөрийн нэр бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэгтэй байх бөгөөд албан бичгийн болон шүүхийн шийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэх, хуульд нийцүүлэн баталсан албан хэрэг хөтлөх журамтай байна”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 2.1.8-д “бүх шатны шүүх, ...шүүхийн Тамгын газар” үйл ажиллагаандаа тамга хэрэглэнэ” гэжээ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-ын 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрээс гадна бүх шатны шүүхийн албан бичиг, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан тохиолдолд шүүхийн тамга дарна …” гэж зохицуулжээ.

Шүүгч шүүхийн тогтоолыг шийтгэх тогтоолын бланк дээр хэвлэсэн алдааг засахыг даалгасан байхад  шүүгчийн туслах Э.Г нь ажилдаа хайхрамжгүй хандаж алдааг залруулаагүй мөн хэргийн оролцогчид тамгагүй тогтоол гардуулсан, энэ тохиолдолд шүүгчийг буруутгах боломжгүй юм. 

2.2. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗТ/2.. дүгээр тогтоолоор “...шүүгч Н.Баярбаатар, П.Б нарын ээлжийн амралт 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусах бөгөөд улмаар 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 20-ны өдрүүдэд БНТУ-ын Анкара хотод албан ёсны сургалтад хамрагдах тул ... Т.Э ... нарт холбогдох эрүүгийн хэргийг системд дахин хуваарилж, даргалагч шүүгчийг албажуулахаар...” шийдвэрлэсний дагуу шүүх хуралдаан даргалагч, илтгэгч шүүгч Ерөнхий шүүгч С.Насанбуян томилогдсоныг албажуулсан.

Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүх бүрэлдэхүүн томилуулах тухай албан бичгийг хүргүүлэхэд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ЕШЗ/1.. дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Х, А.Э нарыг томилж оролцуулахаар шийдвэрлэсэн.

2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, бүрэлдэхүүнд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Х, А.Э нар оролцсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон. 

Харин 2025 оны 09 дүгээр сарын 25, 11 дүгээр сарын 10, 11 дүгээр сарын 18, 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Н.Баярбаатар, П.Б нар оролцсон байна.

Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд зөвхөн 2025 оны 08 дугаар сарын 06, мөн 09 дүгээр сарын 10-ны өдрийн бүрэлдэхүүн албажуулсан нь тэмдэглэгдсэн, харин адил шатны шүүхээс бүрэлдэхүүн хүссэн, бүрэлдэхүүнийг албажуулсан, мөн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотой баримт эрүүгийн хэрэгт хавсаргагдаагүй байсан талаар шалгах ажиллагааны явцад тогтоогдсон талаар нотлох дүгнэлтэд дурджээ.

Ерөнхий шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулна.  

Ерөнхий шүүгч С.Насанбуян “... хэрэгт Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ЕШЗ/1.. дугаартай захирамжаар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Х, А.Э нарыг бүрэлдэхүүнд томилж, оролцуулахаар тогтоосон, мөн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЕШЗ/1..7 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар даргалагч, илтгэгч шүүгчээр Ерөнхий шүүгч С.Насанбуян, бүрэлдэхүүнд шүүгч Н.Б, П.Б нарыг тус тус томилон албажуулсан тул эдгээрийг Ерөнхий шүүгчийн захирамжаар дахин албажуулаагүй байна. Мөн хэрэгт шүүгч Н.Баярбаатарын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗТ/2.. дүгээр тогтоол, тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/7.. дугаартай албан бичиг зэргийг хэрэгт хавсаргаагүй, томилогдсон бүрэлдэхүүн болон шүүх хуралдаанд тухайн үед оролцох бүрэлдэхүүнийг томилж, албажуулаагүй нь хэргийг илтгэж, даргалж байсан шүүгчийн хэргийн эмхэтгэл, тус шүүхийн “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-д хяналт тавьж, хэрэгжүүлэх ерөнхий шүүгч миний үйл ажиллагаатай холбоотой ...” гэжээ.

Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.С гэрчийн мэдүүлэгтээ “...ажилд анх орох үед л хэргийн бүрэлдэхүүн даргалагчийг албажуулахыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хийдэг байсан. ...шүүгчийн туслах эсвэл шүүгч нь надад даргалагч бүрэлдэхүүн солигдох зөвлөгөөний тогтоол гарсан, даргалагч бүрэлдэхүүн өөрчлөх шаардлагатай талаар хэлдэг. Зөвлөгөөний тогтоолын дагуу даргалагч бүрэлдэхүүн томилсон дугаар системээс авч, захирамжийн төслийг бэлтгэн, албажуулдаг...” гэжээ. 

Ерөнхий шүүгч нь шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдсөнийг албажуулаагүй боловч  энэ нь шүүхийн тамгын газрын зохион байгуулалт, үйл ажиллагаатай  холбоотойгоос гадна үүний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн эрх “ноцтой” зөрчигдөхөд хүргэсэн нөхцөл байдал бий болоогүй байна. 

Иймд Ерөнхий шүүгч С.Насанбуяны дээрх үйлдлийг “эхний удаагийн зөрчил” гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.

2.3. Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан  “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 5.3-т “Шүүгчийн ээлжийн амралтаа авахаас өмнө өөрт хуваарилагдсан хэргийг хянан шийдвэрлэх ба үлдэгдэл хэргийг ажиллаж байгаа шүүгч нарт ... шилжүүлэн хуваарилна. Шүүгч ээлжийн амралтаа эдэлж дуусгаад ажилдаа орох үед шилжүүлсэн хэргээс шийдвэрлээгүй үлдсэн хэргийг ... өөрт нь буцаан хуваарилна” гэж зааснаас үзвэл  дурдсан  нөхцөл  арилснаар хэргийг өмнө хуваарилагдсан шүүгчид буцаан шилжүүлэхээр байна.

Энэ талаар шүүгч Н.Баярбаатар  “... өөр шүүгчид шилжүүлсэн хэрэгт тухайн шүүгч тов тогтоочихсон бол шүүгч солихгүй гэдэг агуулгаар хэргийг буцааж авдаггүй, ...зарлагдаагүй хэргийн шүүгч ороод ирвэл буцааж өгнө”  гэж тайлбарлажээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2.. дугаар тогтоолоор дээрх “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-д өөрчлөлт оруулсан байх ба тус  зөвлөгөөний тэмдэглэлд,

Шүүгч Н.Баярбаатар: “... Шүүгч нар ээлжийн амралт, урт хугацааны чөлөө авах тохиолдолд түүн дээр байгаа хэргийг бусад шүүгч нарт, нөгөө шүүгч ажилдаа орохоор буцаагаад хуваарилна гэсэн. Харин шүүх хуралдаан товлон зарласан, хойшлуулсан хэргүүдийг яах вэ, тухайн шүүгч өөрөө шийдэх үү, эсхүл нөгөө шүүгчдээ шилжүүлэх юм уу ...” гэхэд

Ерөнхий шүүгч С.Насанбуян: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ”, 2 дахь хэсэгт “Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна” гэсэн байгаа тул хэрэг хүлээн авсан шүүгч нь шийдвэрлэж дуусгах нь зөв … шүүх хуралдаан товлон зарласан, хойшлуулсан түдгэлзүүлсэн хэрэгт даргалагчийг, шүүгчийг өөрчлөхгүйгээр, хэргийг ахин хуваарилж, шилжүүлэхгүйгээр тохирох уу ...” гэхэд шүүгч нар “зөвшөөрч байна” гэснээр нэг шүүгчээс нөгөө шүүгчид шилжүүлсэн хэргийг хэлэлцэхээр шүүх хуралдаан товлосон бол өмнөх шүүгчид буцаан шилжүүлэхгүй гэж шийдвэрлэжээ.

Иймд шүүгч Н.Баярбаатараас Ерөнхий шүүгч С.Насанбуянд шилжсэний дараа буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнээр товлосон байх тул хэргийг буцаан шилжүүлээгүйг хэрэг хуваарилах журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

2.4. Т.Э нь Шүүхийн сахилгын хороонд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүгч Н.Баярбаатарт холбогдуулан Зөрчлийн 24.....28 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулж “... Шүүгч Н.Баярбаатар нь надад холбогдох ... зөрчлийн хэрэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус тус 8 хоног баривчлан шийтгэл оногдуулсан байдаг. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 11 цагт намайг 8 хоног баривчлах шийтгэл оногдуулсан ба баривчлах байранд хүргэсэн байдаг. Харин тэр өдрийнхөө 19 цагт эрүүгийн хэрэгт 1 сар цагдан хорих шийдвэр гаргасан. Баривчлах шийтгэлийг хэрхэх тухай цагдан хорих захирамжид тусгаагүй ... 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр баривчлах шийтгэл оногдуулсан 6.. тоот шийтгэврийг баривчлах байранд хүргүүлсэн ба надад гардуулж өгөөгүй ... 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний бие хүсэлт гарган 6.. тоот шийтгэврийг гардан авч гомдол гаргаснаар 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр уг шийдвэрийг хүчингүй болж 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин 8 хоног баривчлах 5.. тоот шийтгэвэр гарсан ... Гэтэл уг 5... тоот шийтгэвэрт дурдсанаар баривчлах шийтгэлийг хорих 427 дугаар ангид гүйцэтгүүлэхээр гаргасан ... Үүнээс харахад 1 хэрэгт 2 удаа шийтгэл оногдуулсан ... Миний гомдлын агуулга бол 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 8 хоног баривчлах шийтгэл оногдуулчхаад шийтгэлээ түдгэлзүүлэх, зогсоох, хойшлуулах талаар ямар ч шийдвэр гаргалгүй цагдан хорих захирамж гаргасан нь хууль зөрчсөн хийгээд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шийтгэврээ баривчлах байранд хүргүүлсэн нь хүчин төгөлдөрт тооцогдох үндэслэлтэй байна. Мөн 6.. тоот шийтгэврийнхээ 8 хоногийн асуудлыг 2025 оны 5.. тоот шийтгэвэртээ оруулалгүй дахин 8 хоног баривчлах шийтгэл оногдуулсан нь 1 хэрэгт 2 удаа шийтгэл оногдуулсан гэж үзэж байна ...” гэж,

эрүүгийн 24......43 дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж “... гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь ... 5 хуудас хуулбар цааснаас гаргасан шүүх шинжилгээний тухай хуулийн зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн ба нотлох баримтын шаардлага хангахгүй байсан ... Миний гомдлын дагуу уг шинжээчийн дүгнэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хурлаар хууль зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй болохыг нь тогтоон 2025/ШТ/1.. тоот тогтоол гаргасан ... Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1... тоот сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоосон дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тооцон 18 сая төгрөгөөр тогтоосон. Уг дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасан хориглосон хэм хэмжээг зөрчин гаргасан ... Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар /2023.07.31/ баталсан Сэтгэцэд шинжилгээ хийх журам-ын 2.1, Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 1.2 болон 5.4-т заасныг Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолын хавсралт болох Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 2.1, 2.2-т заасныг зөрчин гаргасан ...” гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ.

Дээрх өргөдлөөр холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан ба Сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2026/0012 дугаар магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчинтэй байна.   

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-т зааснаар Сахилгын хорооны магадлалаар нэгэнт тогтоогдсон дээрх асуудлаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй.

3. Хэргийн оролцогчдын эрхийг хангасан талаар:

Илтгэгч гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ГЗҮ/2026/0012 дугаар захирамжаар шүүгч Н.Эрдэнэбаатарт сахилгын хэрэг үүсгэж, энэхүү захирамжийг өргөдлийн хамт холбогдох шүүгчид 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлджээ.

Шүүгч С.Насанбуянд 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ГЗҮ/2026/0027, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ГЗҮ/2026/0028 дугаар захирамжаар тус тус сахилгын хэрэг үүсгэж, энэхүү захирамжийг өргөдлийн хамт холбогдох шүүгчид 2026 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлджээ.

Илтгэгч гишүүний 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ГЗБ/2026/0155 дугаар захирамжаар дээрх сахилгын хэргүүдийг нэгтгэн шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр холбогдох шүүгч нарт сахилгын хэргийн материалыг танилцуулсан, 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн нотлох дүгнэлтийг шүүгч нарын мэйлээр хүргүүлжээ.

Сахилгын хорооны хуралдааны товыг хэргийн оролцогчид мэдэгдэж, энэ  тухай баримт үйлдсэн ба хэргийн оролцогчид цахимаар оролцсон болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3,  112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23,  57 дугаар зүйлийн 57.1.7-т заасныг баримтлан Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Н.Баярбаатар нарт тус тус “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.  

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

            4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                                    ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН