info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2026-05-26

Дугаар 18

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, холбогдох шүүгч Н.Баярбаатар /цахимаар/, өргөдөл гаргагч Т.Э /цахимаар, ажиглагчаар/, нарийн бичгийн дарга  М.Нарансолонго нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2026/0054 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гаргасан холбогдох шүүгч Н.Баярбаатар, С.Насанбуян нарын гомдлыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Т.Э-аас Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Н.Баярбаатар нарт холбогдуулан гаргасан өргөдөлд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, илтгэгч гишүүнээс шүүгч С.Насанбуян, Н.Баярбаатар нарыг сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн СХМ/2026/0054 дүгээр магадлалаар “...Шүүх бүрэлдэхүүний нэг шүүгч хуульд заасан журмын дагуу томилогдоогүй байхад шүүгч Н.Баярбаатар, Ерөнхий шүүгч С.Насанбуян  нар нь шүүх хуралдааныг явуулж, хэргийн оролцогчдын тайлбар, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ. Шүүх бүрэлдэхүүн томилогдоогүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрх зөрчигдөхөд хүргэсэн байх тул уг үйлдлийг “ноцтой” гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.” гэж дүгнэн шүүгч нарт нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан байх бөгөөд холбогдох шүүгч нар уг магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

Шүүгч С.Насанбуян, Н.Баярбаатар нар гаргасан гомдолдоо “...Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Н.Баярбаатар нар Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0054 дугаартай “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай' магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Дээрх магадлалаар шүүгч нарыг "шүүгдэгч Т.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нэгээс таван жил хүртэлх хугацаагаар хорих/, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад /таваас арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорих/ заасан гэмт хэргийг үйлдсэн гэх яллах дүгнэлттэй эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна ” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

      1. Т.Э-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот албан бичгээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлснийг тус шүүх 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу шүүгч Н.Баярбаатарт хуваарилагдаж ирсэн. Шүүгч хэргийг хүлээн авч уншиж танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тогтоосон. Тус шүүх нь 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүгч  нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан учир тус шүүхээс тухайн хэрэгт “бүрэлдэхүүнд оролцох шүүгч томилуулах тухай” хүсэлтийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий, Дорнод аймаг дахь сум дундын шүүхүүдэд хүргүүлсэн боловч тухайн шүүхүүдээс “шүүгч нар ээлжийн амралттай, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа, шүүхийн ажлын ачаалал зэргээс шалтгаалж бүрэлдэхүүнд шүүгч оролцох боломжгүй” гэсэн хариуг тус тус ирүүлсэн.

Бүрэлдэхүүнд оролцох шүүгч томилогдоогүй тул тухайн үед ажиллаж байсан 2 шүүгч товлогдсон шүүх хуралдааныг орж хойшлуулахаас өөр аргагүй байдалд орж /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааныг орохгүйгээр хойшлуулах талаар зохицуулалт байхгүй/, Т.Э-т холбогдох хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цагт хэлэлцэхээр хойшлуулсан болно.

      2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар зохицуулсан бөгөөд хуулийн 1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу ... шүүх хуралдааныг хойшлуулах ...үед ... шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан тул шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн. Ингэхдээ хуралдаан эхлэн үед даргалагчаас “тус шүүх нь 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүгч П.Б нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан учир тус шүүхээс тухайн хэрэгт “бүрэлдэхүүнд оролцох шүүгч томилуулах тухай" хүсэлтийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий, Дорнод аймаг дахь сум дундын шүүхүүдэд хүргүүлсэн боловч тухайн шүүхүүдээс “шүүгч нар ээлжийн амралттай, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа, шүүхийн ажлын ачаалал зэргээс шалтгаалж бүрэлдэхүүнд шүүгч оролцох боломжгүй” гэсэн албан бичгүүд ирсэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй талаар дурдаж энэ нь тус хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон үндэслэлийг хэлсэн. Тус шүүх хурал 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хуралдах товтой байсан бөгөөд хурлыг орохгүйгээр хойшлуулах боломжгүй энэ талаар хуульд зохицуулаагүй хийгээд бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нь шүүх хуралдааныг тогтоосон хугацаанд орохгүй байх шалтгаан гэж үзэхгүй байна. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д заасан “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” зөрчилд хамаарах юм. Т.Эт холбогдох хэргийн шүүх хуралдааныг тогтоосон хугацаанд явуулах талаар шүүгчээс чармайлт гаргаж Хэнтий, Дорнод, Нийслэлийн давж заалдах шатны шүүхүүдээс бүрэлдэхүүн авахаар албан бичгүүдийг явуулсан боловч ачаалал ихтэй, шүүгчид ээлжийн амралттай гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг томилж өгөөгүй. Энэ шалтгаанаар тухайн 2 шүүгч хурлыг хойшлуулсан байхад хууль зөрчсөн гэж үзэх нь учир дутагдалтай юм. Орон нутгийн шүүхүүдэд шүүгчийн хүний нөөц хангалтгүй, дутагдалтай ажилладаг, зуны ээлжийн амралт таарсан зэрэг нь шүүгчээс үл шалтгаалах шалтгааны улмаас бүрэлдэхүүнд оролцох шүүгч томилогдоогүй байхад хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

      3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэхээр заасан хэргийг илтгэгч шүүгчээр томилогдсон шүүгч хүлээн авч, шүүх хуралдаанаар гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоос бусад процесс ажиллагааг шүүгч дангаар шийдвэрлэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй”,. 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно”, 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана., 2.Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ...гэж, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас” шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй талаар мэдэгдэхэд өмгөөлөгч Г.Буянбадрал болон шүүгдэгч Т.Э нараас хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн “хүсэлтээ заавал танилцуулж, шийдвэрлүүлнэ” гэж шүүхэд хүсэлтээ гарган танилцуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэх үүргийг хуулийн дээрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулсан ба эдгээр зохицуулалт заавал биелэгдэх, шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэхээр заасан хэргийг хүлээн авсан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процесс ажиллагааг дангаар хэрэгжүүлэхээр заасан ба гэтэл адил байдлаар, хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 шүүгчийн бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаатай холбоотой асуудал буюу өмгөөлөгч, шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан санал, хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэж байгаа ажиллагааг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Харин ч тухайн нөхцөл байдалд шүүх оролцогчдоос гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь оролцогчийн эрхийг хязгаарласан, хүний эрхийг дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болох юм.

      4. Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолд ноцтой зөрчих гэдгийг “Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тайлбарласан. Шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг дээд шатны шүүхээс томилоогүй нь бүрэлдэхүүнд оролцсон шүүгчдийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй, шүүх хурлыг бүрэлдэхүүн хүрэлцээгүй шалтгаанаар хойшлуулсан нь шүүгч хуулиар хүлээсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн үүний улмаас хэргийн оролцогчийн хэн алинд ашигтай байдал бий болгосон, эрхийг нь дордуулсан гэж үзэх боломжгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Холбогдох шүүгч С.Насанбуян, Н.Баярбаатар нарын Сахилгын хорооны хуралдааны магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгч нар гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар зохицуулсан бөгөөд хуулийн 1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу ... шүүх хуралдааныг хойшлуулах ...үед ... шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан тул шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн. ... Тус шүүх хурал 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хуралдах товтой байсан бөгөөд хурлыг орохгүйгээр хойшлуулах боломжгүй энэ талаар хуульд зохицуулаагүй хийгээд бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нь шүүх хуралдааныг тогтоосон хугацаанд орохгүй байх шалтгаан гэж үзэхгүй байна. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д заасан “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” зөрчилд хамаарах юм. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэхээр заасан хэргийг хүлээн авсан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процесс ажиллагааг дангаар хэрэгжүүлэхээр заасан ба гэтэл адил байдлаар, хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 шүүгчийн бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаатай холбоотой асуудал буюу өмгөөлөгч, шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан санал, хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэж байгаа ажиллагааг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Харин ч тухайн нөхцөл байдалд шүүх оролцогчдоос гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь оролцогчийн эрхийг хязгаарласан, хүний эрхийг дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болох юм” гэжээ.

      Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т.Э-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар тогтоолоор Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож ирүүлснийг Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар тус эрүүгийн хэргийн илтгэгч шүүгчээр шүүгч Н.Баярбаатарыг томилжээ.

      Шүүгч Н.Баярбаатар 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад явуулахаар тогтоож, хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхийг дурдсан байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

      Шүүгдэгч Т.Э-т холбогдох эрүүгийн хэрэг нь гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхэд хамаарах тул 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагч, илтгэгч шүүгчээр Н.Баярбаатарыг, бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч С.Насанбуян нарыг томилсныг албажуулж, тус шүүхийн шүүгч П.Б нь ээлжийн амралттай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар бүрэлдэхүүнд орох шүүгчийг харьяалах шүүхээс томилуулахаар шийдвэрлэжээ.

      Тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр товлон зарлагдсан 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Н.Баярбаатар, ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцож, даргалагч шүүгчээс ... шүүх бүрэлдэхүүн томилуулах талаар гурван газрын шүүх рүү шүүгч томилох томилгоог хүссэн боловч шүүгч нар ээлжийн амралттай, ажлын ачаалалтай байгаа учраас Сүхбаатар аймагт болох шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай бичгүүд ирсэн” талаар танилцуулахад улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүх бүрэлдэхүүн томилогдсоны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэх тайлбарыг гаргасан.

      Мөн тус хуралдаанд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасныг ... дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааныг хуралдуулахгүйгээр хойшлуулах тодорхой зохицуулалт байхгүй тул хоёр шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдааныг хойшлуулахаар хуралдсаныг буруутгаагүй.

      Харин шүүх бүрэлдэхүүний нэг шүүгч томилогдоогүй байхад хэргийн оролцогчоос шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн нь шүүгч нарыг буруутгах үндэслэл болсон байх ба нэгэнт хэргийг бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр тогтоосон тул хуралдаанд гаргасан санал, хүсэлтийг томилогдсон бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх нь дээрх хуульд нийцнэ.

      Шүүгч нарын дээрх үйлдлийг Сахилын хорооны хуралдааны магадлалд “...шүүх бүрэлдэхүүний нэг шүүгч хуульд заасан журмын дагуу томилогдоогүй байхад шүүгч Н.Баярбаатар, Ерөнхий шүүгч С.Насанбуян нар нь шүүх хуралдааныг явуулж, хэргийн оролцогчдын тайлбар хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ. ...улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрх зөрчигдөхөд хүргэсэн байх тул уг үйлдлийг “ноцтой” гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

      Тодруулбал, “Ноцтой зөрчих” гэдгийг ...процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох[1] бөгөөд хоёр шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийн оролцогчийн хүсэлтийг хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. 

      Мөн холбогдох шүүгч нараас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулсан ба эдгээр зохицуулалт заавал биелэгдэх, шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ юм” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлсон.

      Гомдолд дурдсан хуулийн зохицуулалтыг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар нэмэлт оруулсан тул шүүгч 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн үйл баримттай холбогдуулан гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүйгээс гадна, шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг хоёр шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтаар зөвтгөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй. 

      Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Н.Баярбаатар нарын Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой...” зөрчсөн гэж дүгнэн шүүгч нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж үзэн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13-т заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Н.Баярбаатар нарын гомдлыг хангахгүй орхиж, Сахилгын хорооны хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2026/0054 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

      2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

      3.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                     Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                          О.НОМУУЛИН

                                                                                                Б.СУГАР

 

[1] Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоол