
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2026-06-10
Дугаар 20
Улаанбаатар хот
Магадлалд өөрчлөлт оруулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч болох шүүгч Г.Намуунтуяа /цахим/ нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2026/0055 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяагийн гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн сахилгын хороонд өмгөөлөгч Л.Б-с “... ажлын цаг дуусахаас өмнө мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч өөрийнхөө яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжийн дугаар авсан гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлж байгаа талаар өмгөөлөгчид мэдэгдээгүй зэргээр холбогдох хуулийн заалтыг ноцтой зөрчсөн” гэх өргөдөл гаргажээ.
Илтгэгч гишүүн уг өргөдөлд дурдсан үндэслэл болон өргөдөлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт илэрсэн тул илтгэгч гишүүний захирамжаар нэмж сахилгын хэрэг үүсгэн, нэгтгэн шалгаад шүүгч Г.Намуунтуяаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ГНД/2026/0019 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн СХМ/2026/0055 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалаар, илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэн, сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, “цалингийн хэмжээг хоёр сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Холбогдох шүүгч уг магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:
“... шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг 2025.10.09-ний өдөр хүлээн авч танилцаад 2025.10.24-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжтой байна гэж үзэж шүүгчийн захирамжийн дугаарыг үдийн цагаар /11:54 минутад/ авсан. Дугаар авахаас өмнө шүүгчийн туслах Б.Б хэргийн оролцогч яллагдагч, хохирогч талын өмгөөлөгч нар руу утсаар холбогдож хүсэлт гаргах эсэхийг тодруулахад яллагдагчийн талаас хүсэлт гаргахгүй гэдгээ илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Б утсаа аваагүй. Ингээд шүүгчийн хувьд өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэл тогтоогдоогүй тул хуульд заасан хугацааны дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл өмгөөлөгч Л.Б урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг 2025.10.24-ний өдрийн 15:05 минутад мэйлээр явуулсан талаараа туслахтай утсаар холбогдож хэлсэн байдаг. Энэ нь урьдчилсан хэлэлцүүлгийн хурал товлох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэж заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгч Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр заасан. Шүүгчийн хувьд 14 хоногийн байдлаар яллагдагч, хохирогч талаас хүсэлт ирүүлээгүй байсан тул 15 дахь хоногт нь дээрх байдлаар холбогдож яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.
Миний хувьд “илт тодорхой заалт” зөрчсөн гэдэгтэй маргахгүй. Харин Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн СХМ/2026/0055 дугаартай магадлалаар "....талуудаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах боловч хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тохиолдол бүр нь хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлэхээр байхад шийдвэрлээгүйн улмаас шүүгдэгчид давуу байдал үүсгэж. хохирогч талын урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ." гэсэнд эргэлзэж байна.
Тус магадлалд "...яллагдагч Б.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, өөрийн нөхрийг дайрч амь насыг нь хохироосон гэх үйлдлээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг хохирогчийн талаас эс зөвшөөрч, эрүүгийн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд хохирогчийн биед тээврийн хэрэгсэлд дайруулснаас үүсэх боломжгүй олон гэмтэл байсан, санаатай гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой гэж үзэн, яллагдагчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж марган, улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан" гэж дурджээ.
Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Б нь "Миний бие Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө-н зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгчөөр оролцож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1-т заасныг үндэслэн хавтаст хэрэг шүүхэд шилжсэнийг өнөөдөр мэдэнгүүтээ дараах хүсэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхэд хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн, мөн зайлшгүй хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт заагдсаныг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахыг хүсье.
Жич: Урьдчилсан хэлэлцүүлэг дээр хүсэлтийн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаж, бичгээр гаргаж өгөх болно." гэх хүсэлт шүүхэд ирүүлсэн.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан байна.
Дээрх тогтоолд "Ноцтой зөрчих" гэдгийг материаллаг болон процессын хуулийн хувьд ялгамжтай авч үзсэн байх ба Процессын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Жишээ нь, гомдол гаргах эрхтэй шүүхийн шийдвэрт "гомдол гаргах эрхгүй" гэж хэргийн оролцогчийн нэр, хаяг, эд хөрөнгө зэрэг чухал мэдээлэл, шүүхээс авсан арга хэмжээ, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг (нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хангасугай гэх мэтээр)-ийг буруу бичсэн зэргээс хэргийн оролцогч болон бусад этгээд эрх, эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хохирох ноцтой үр дагаварт хүргэсэн бол уг ойлголтод хамааруулах боломжтой” гэжээ.
Надад хуваарилагдсан шүүгдэгч Б.Г-д холбогдох хэрэг нь өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Б нь хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногоор хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдоод байна.
/Өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан, сургалтад явсан, өвчтэй гэх зэрэг хүндэтгэн үзэх шалтгааныг дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсарган ирүүлдэг./
Өөрөөр хэлбэл яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа ирүүлсэн өмгөөлөгч Л.Б-н урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлээгүйгээс хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт давуу ашигтай байдал бий болоогүй, эрх нь ноцтой зөрчигдөж хохирсон нөхцөл байдал өнөөдрийн байдлаар бий болоогүй гэж үзэж байна.
Иймд та бүхэн шүүгч Г.Намуунтуяа миний гаргасан зөрчлийг ноцтой зөрчилд хамаарах эсэхийг хянаж үзнэ үү.
Шүүгч миний бие нь шүүгчээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож байгаагүй бөгөөд тухайн хэргийн аль ч оролцогчтой ашиг сонирхлын зөрчил байхгүй.
Миний бие өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүний эрх эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэн шүүн таслах ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд болсон үйл баримтыг харгалзан үзэж надад оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн СХМ/2026/0055 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяад “цалингийн хэмжээг хоёр сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг холбогдох шүүгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 33.1.1-д прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар гаргах шийдвэрийг тодорхой заасан байх ба мөн зүйлийн 6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж хуульчилсан байна.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шүүх шийдвэрлэнэ гэж холбогдох хуульд заасан байх ба “хэлэлцэнэ” гэдгийг шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ гэж ойлгоно.
Ийнхүү хуульд заасан дээрх хугацааны дотор буюу тодруулбал 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4-д заасан “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно” гэж хэрэв хүсэлт гараагүй бол урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй байхаар заасан байна.
Иймд магадлалд “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлэхээр байхад шийдвэрлээгүйн улмаас шүүгдэгчид давуу байдал үүсгэж, хохирогч талын урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.” гэсэн нь үндэслэлтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах сахилгын шийтгэлийг оногдуулж болохоор мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан.
Сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар шүүгч хуульд тодорхой заасан журмыг буруу хэрэглэсэн нь тогтоогдсон, үүнтэй холбогдох шүүгч Г.Намуунтуяа маргаагүй харин ноцтой зөрчилд тооцсоныг эс зөвшөөрсөн агуулгаар магадлалд гомдол гаргасан ч Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанд оролцохдоо “Сахилгын зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан сахилгын шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж мэдүүлсэн.
Мөн дээрх сахилгын зөрчлөөс улбаалж хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд залруулж үл болох шинжтэй ноцтой хор уршиг учруулсан, хэргийн шийдэлд бодитойгоор нөлөөлсөн зэрэг хортой үр дагаварт хүргэсэн гэж дүгнэхүйц нөхцөл байдал үүсээгүй, холбогдох шүүгчийн хувийн байдал, энэ төрлийн зөрчилд урьд өмнө нь холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.11, 113.13 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяагаас гаргасан гомдлыг хангаж, Сахилгын хорооны хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн СХМ/2026/0055 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчилд “цалингийн хэмжээг хоёр сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсныг “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл болгон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
2.Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид зохих журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Энэхүү хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл Улсын дээд шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Г.ЦАГААНЦООЖ