info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-15

Дугаар 55

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч Г.Намуунтуяа /цахимаар/ нарыг оролцуулан, өмгөөлөгч Л.Б-ын өргөдөлтэй, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ГНД/2026/0019 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:

   “1. Эрүүгийн ... дугаартай хэргийг танилцуулсан “Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл”-д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч М.Т нар 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр танилцаж, гарын үсэг зурсны доор “өмгөөлөгч Л.Б нь гадаад улсад томилолтоор явсан” гэж тэмдэглэгдсэн байна. /с.х-ийн 27 дахь тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг эх хувиар нь танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж зааснаар хэрэг танилцуулсан, ингэснээр мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг, мөн хуульд заасан хугацаанд хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байгааг мэдэх бүрэн боломжтой тул өмгөөлөгч Л.Б-ын “БНХАУ-д томилолтоор явсан” нь хэргийг шүүхэд шилжүүлэхийг мэдээгүй гэж үзэх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.

2. Өргөдөл гаргагч “... ажлын цаг дуусахаас өмнө мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч өөрийнхөө яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжийн дугаар авсан гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй нь мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг хязгаарлаж, хууль ноцтой зөрчсөн ...” гэжээ.

Яллагдагч Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Намуунтуяад хуваарилагдсан нь “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ийн баримт, “Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг хүлээн авсан бүртгэл”-ийн дэвтрийн хуулбараар тогтоогдоно.

Шүүх хэргийг хүлээн аваад,

- шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Г.Намуунтуяа томилогдсоныг Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар захирамжаар албажуулсан,

- шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний ... дугаар захирамжаар яллагдагч Б.Г-т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан,

- яллагдагч нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргаж, өмгөөлөгч Э.Б 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийн материалтай танилцжээ.

Шүүгч нь “... талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт гаргаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зайлшгүй явуулах нөхцөл үүсээгүй ...” гэж дүгнэн, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжаар яллагдагч Б.Г-ийг шүүхэд шилжүүлж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, эсхүл хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх талаар шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан.

Тухайн хэргийн хувьд, дээрх 15 хоногийн хугацаа нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусахаар байжээ.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийн дугаарыг “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ээс 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11:54 минутад авсан бол өмгөөлөгч Л.Б-ын “урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлтийг тухайн өдрийн 15:05 минутад dornod_tg@shuukh.mn хаягаар шүүх хүлээн авсан байна.

Шүүгчийн туслах Б.Б “... шүүгч, Б.Г-ийн хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх сүүлийн хугацаа гэж сануулж хэлж байсан болон оройн цагаар эрүүгийн программ гацах, дугаар авахаа мартаж санах зэргээс санаа зовсондоо үдийн цайны цагаас өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн орчим ... системээс яллагдагч Б.Г-ийг шүүхэд шилжүүлэх дугаарыг авсан. Тус дугаарыг авахаас өмнө оролцогч нарын өмгөөлөгч нартай холбогдсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Б-ын утсыг хавтаст хэргээс олж залгасан боловч утсаа аваагүй. Гэтэл ... үдээс хойш Л.Б өмгөөлөгч холбогдоод хүсэлт цахимаар явуулсан гэж хэлсэн. Тус хүсэлтийг 15 цаг 05 минутад хүлээн авч, шүүгчид танилцуулахад “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх дугаар авсан бол урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжгүй” гэж хэлсэн учраас хүсэлт шийдвэрлэсэн тухай дугаар авалгүй өмгөөлөгч Л.Б-т энэ талаар дамжуулж хэлэхэд “... гомдол гаргах эрхгүй захирамж уу” гэж асуусан. Би хариуд нь “... гомдол гаргах эрхгүй захирамж байна гэж хэлсэн ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасан. Үүгээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг хэргийн оролцогч, өмгөөлөгч гаргах эрхтэй болохыг, тухайн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогчоос гаргасан санал хүсэлт төдийгүй шүүх өөрийн санаачилгаараа хуульд заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ба харин уг заалтын 4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гараагүй бол урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй байхаар хуульчилсан байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу тухайн ажлын өдрийн ажлын цаг дуусахад дуусахаас өмнө өмгөөлөгч хүсэлт ирүүлсэн байх боловч “... хүсэлт ирүүлээгүй ...” гэж дүгнэсэн захирамж гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй нь дээрх 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Уг заалт нь ойлгомжтой, тодорхой нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ... зөрчсөн ...” гэж үзнэ.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийх ёстой үүргээ зөрчсөнөөр, өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй буюу урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдэх асуудлууд хэлэлцэгдээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тул зөрчлийг “ноцтой” гэж үзнэ.

3. Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжид, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийхээр товлосон.

Өмгөөлөгч Л.Б-ын хүсэлтээр хуралдаан хойшилсон, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 09:00 цагт эхэлсэн хуралдаанаас, өмгөөлөгчийг хэрэгтэй танилцуулахаар шүүх хуралдааныг 10:40 цаг хүртэл хойшлуулсан ... дугаар захирамж, өмгөөлөгчийн “дахин шинжээч томилуулах, нотлох баримтыг бүрдүүлэхэд гарсан алдааг засуулахаар хэргийг 60 хоногоор прокурорт буцаах” хүсэлтийг хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан ... дүгээр захирамж, хэргийн оролцогч өмгөөлөгчөөсөө татгалзсан, түүнийг өмгөөлөх эрхээр нь хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан ... дүгээр захирамж гарсан байна.

Үүнийг “20251201” гэж тэмдэглэгдсэн 1-4 хэсэгтэй дуу-дүрсний бичлэгээс тодруулбал,

- санал, хүсэлт гаргах шатанд өмгөөлөгч Л.Б “хэргийн материалтай танилцах тухай” хүсэлт гаргасныг хангаж, шүүгчийн ... дугаар захирамжаар 1 цаг 30 минутын хугацаагаар хуралдааныг хойшлуулсан,

- хуралдаан үргэлжлэхэд, өмгөөлөгч Л.Б шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт дахин хийлгэхтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоног хойшлуулах хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэхээр завсарласан,

- завсарлаж орж ирээд, даргалагч: ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг гаргасан. Шүүхээс энэ хүсэлтийг хуралдааны өмнө хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн тул хуралдааны өмнө үүнийг шийдвэрлэх боломжгүй байна. Тийм учраас хуралдааныг үргэлжлүүлэн явуулна. Өөрөөр хэлбэл 60 хоногоор хойшлуулах нөхцөлтэй шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх хэлэлцүүлгийн явцад үүнийгээ гарган шийдвэрлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хуралдааныг үргэлжлүүлье гэж тайлбарласан,

- өмгөөлөгч Л.: Захирамжид гомдол гаргаж болох уу, би хуулийг хуралдааны явцад эсвэл гэж байгаа байхгүй юу, тэгэхээр наана нь шийдэх боломжтой гэж бодоод шийдвэрлүүлэх гээд байгаа юм. Захирамжид гомдол гаргаж болох уу гэхэд

- даргалагч: “Би одоогоор захирамжаа гаргаагүй байна. Хэлэлцүүлгийн явцад гэж байгаа учраас шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн гэж байгаа, та 34.16 дугаар зүйлийн 5-ыг уншаарай. Хэлэлцүүлгээр гэж байгаа тул гэм буруугийн хуралдаанд энэ асуудлыг шийдвэрлэнэ. Энэ хэргийнхээ нотлох баримтыг үндэслээд хэлэлцүүлэг явуулж байж, энэ асуудал цаашаа шийдэгдэнэ” гэсэн,

- өмгөөлөгч Л.Б:  “Эхнийхээр шийдвэрлэвэл би гомдол гаргах гээд байгаа юм. Хуульд “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол” гэж байгаа нь өнөөдрийн хүсэлтэд хамаарахгүй. Учир нь хүндрүүлэх асуудал яриагүй. Эсхүл “эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа” гэж байгаа. Тэгэхээр 6.13, 6.14-т заасан гомдол гэдэг нь урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэх байсан, урьдчилсан хэлэлцүүлгээр гаргасан асуудал чинь миний эрхийг зөрччихсөн байхгүй юу. Би оролцогчийн эрхийг зөрчсөн тул үүнийг шийдвэрлэх үүднээс хойшлуулж болно гэсэн тул одоо шийдэх ёстой гэж би ойлгоод байгаа юм” гэсэн,

- даргалагч: “Шүүхээр энэ асуудлаа хэлэлцчихээд дараа нь хойшлуулах асуудлаа шийдье гэхэд, өмгөөлөгч Л.Б: Захирамж гаргах уу шүүгч ээ, хүсэлт гаргасан юм чинь заавал захирамж гарч байгаа гэж ойлгож байгаа. Хэлэлцүүлгээр энэ асуудал буцахгүй байвал яах вэ гэдэг асуудал байгаа гэхэд даргалагч: Нотлох баримтаа үндэслээд энэ асуудлаа тухайн цаг хугацаандаа шийдье” гэсэн,

- өмгөөлөгч Л.Б: “Процессын хувьд захирамж гарах ёстой гэж ойлгож байгаа шүүгч ээ. Захирамжаа авмаар байна, хуулийнхаа дагуу хандъя. Тэгэхгүй бол хурал үргэлжлээд явбал үүнийг засаж залруулах боломжгүй гэж ойлгож байгаа. Хүсэлт шийдсэн тул захирамж гарах ёстой” гэсэн,

- даргалагч: Таны гаргаж байгаа хүсэлт чинь хойшлуулъя гэж байгаа. Ямар учраас хойшлуулах вэ гэдэг чинь 33.1 дүгээр зүйлийн 6.4-т заасан хүсэлтийг шийдвэрлээгүй тул нэмж ажиллагаа хийлгүүлье гээд та хойшлуулъя гээд байгаа шүү дээ гэсэн,

- өмгөөлөгч Л.Б: Энэ 34.16-ын 5-д эсхүл гэж байгаа. Нэг нь шүүх хуралдааны явцад хойшлуулж болно, эсвэл шүүх хуралдаанаас өмнө энэ хүсэлтийг шийдвэрлэнэ гэж байгаа. Түүнээс шүүх хуралдааны явцад 33.1-ийн 13, 14-т зааснаар нөхцөл байдал тогтоогдох юм бол буцаана гэсэн үг биш шүү дээ. 2 өөр зохицуулалт, тийм учраас шийдвэрийг авъя гээд байгаа юм. Шийдэх нь бол таны асуудал. Би бол буруу шийдэж байна гэж ойлгож байгаа, таны захирамжид давж заалдах гомдол гаргах хуулийн зохицуулалт байгаа. Тэр хуулийн заалтыг эдлэх эрхээ эдлэх гээд байгаа юм л даа. Захирамжаа гаргаад өгчихвөл тэрийг нь шийдчихмээр л байна шүүгч ээ гээд “Захирамжаа гаргаад, нотлох баримтаар үнэлэхгүй гээд буцаачихвал болно л доо” гэсэн, даргалагч: 34.16 дугаар зүйлд заасан шийдвэрт гомдол гаргах эрхгүй ш дээ. Захирамжийг тэмдэглэлд тусгаад явчихъя. Та заавал бичгээр авах гээд байна уу. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй гэсэн, өмгөөлөгч Л.Б: “Захирамжаа л авъя л даа, үзэж харъя” гэсэн, даргалагч: “За, хуралдааныг түр завсарлъя. Бичгээр нь гаргаж өгье” гэснээр бичлэг дууссан ба хуралдаан үргэлжлэхэд, даргалагч: Хуралдааныг үргэлжлүүлж, хэргийн оролцогч нарт шүүхээс гарсан захирамжийг танилцуулсан байгаа гээд хуралдааныг үргэлжлүүлье гэсэн нь 0:00:01-0:00:25 дахь хоромд /20251201-3-р хэсэг.mp4 гэсэн нэртэй бичлэг/ тусгагджээ.

Хэрэг маргааныг шүүн таслах ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд суурилан хэрэгжихдээ хэлэлцүүлгээр, хуульд заасан тодорхой дэг дараалалтай шүүх хуралдаан хийх байдлаар явагддаг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг, 34.20 дугаар зүйлд шүүх хуралдааны дэгийг тухайлан зохицуулж, мөн энэхүү шүүх хуралдааныг даргалах даргалагчийн эрхийг ч тодорхойлсон.

Тухайлбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шүүгчийн бүрэн эрхийн нэгийг 16.1.1 дэх хэсгийн “шүүх хуралдааныг даргалах” гэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.5 дугаар зүйлийн 1. “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, 2. “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана” гэж зааснаар даргалагч нь хуралдааныг удирдан чиглүүлж, дэг сахиулан шүүх хуралдаан хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх үүргийг хуулиар хүлээжээ.

Хэргийг хэлэлцсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд, өмгөөлөгч хүсэлт гаргасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэргийн оролцогч хүсэлт гаргах талаар, мөн хүсэлтийг шийдвэрлэх талаар зохицуулахдаа 15.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүсэлтийг шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ гэж зааснаар, өмгөөлөгчийн хүсэлтийг тэр даруйд бус, хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэж шийдвэрлэх болсон нь нийцнэ.

Гэтэл бичлэгт тусгагдсанаар, шүүгч нь хүсэлтийг “шийдвэрлэлгүй хойшлуулсан” атлаа хангахаас татгалзаж шийдвэрлэсэн мэтээр захирамж гаргасан нь нэг хүсэлтийг 2 удаа “шийдвэрлэж” байгаа нөхцөл байдлыг бий болгож, шүүх хуралдааныг дэг, дарааллыг алдагдуулсан, зөвлөлдөж шийдвэрээ танилцуулан, шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэсэн боловч шүүгчийн гаргасан шийдвэрийг хүлээж авалгүй, шүүх хуралдааны “дэг зөрчсөн” гэж үзэхээр өмгөөлөгчийн тайлбарт автан хуулиар хүлээсэн дэг сахиулах үүргээ хэрэгжүүлэлгүй, гаргаагүй захирамжаа гаргасан мэт ойлголт үүсгэн, бичгээр гаргахаар шүүх хуралдааныг 3 цаг гаруй завсарлуулж, хуралдааныг сунжруулж даргалагчийн үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан илт тодорхой заалтыг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанд шүүгч нь “хүсэлтийг шийдвэрлэхгүй”, “хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ”, “захирамж гарахгүй”, “тэмдэглэлд тусгана” гэх зэргээр захирамж гаргалгүй, шүүх хуралдааны явцад шийдвэрлэнэ гэж хүсэл зоригоо удаа дараа илэрхийлсэн атлаа “… шүүх хуралдааны бичлэг сонсоход шүүгчийн захирамж гаргаагүй гэж хэлсэн минь буруу болжээ ...” гэж тайлбар өгснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Холбогдох шүүгч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдсөн үр дагавар бий болоогүй байх тул зөрчлийг “ноцтой” гэж үзэхгүй, харин “удаа дараа” зөрчих гэх ойлголтод хамааруулав. 

Хуулийн илт тодорхой заалтыг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн байхыг “удаа дараа” гэж ойлгох ба Сахилгын хэргийн бүртгэл хяналтын системийн мэдээлэл лавлагаагаар, шүүгч Г.Намуунтуяад,

- иргэн Д.Н-ын өргөдлөөр үүсгэсэн сахилгын хэрэгт, сахилгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийг буюу “хуулийн илт тодорхой заалтыг ... ноцтой” зөрчсөн гэж үзэж, сахилгын шийтгэл оногдуулсан,

- “М” ТББ-ын өргөдлөөр илтгэгч гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Дээрхээс өөр шийдвэр гараагүй байх тул шүүгчийн уг үйлдлийг эхний удаагийн зөрчил гэж үзнэ.

Иймд, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, … зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэж үзэж, нотлох дүгнэлт гаргав.” гэжээ.

 Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа тайлбартаа: 

... Шүүхийн сахилгын хорооноос шүүгч Г.Намуунтуяа надад холбогдуулан өмгөөлөгч Л.Б-ын гаргасан өргөдлийн 1, 2, 3 дахь хэсэг нь урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хүсэлт гаргасантай холбоотой асуудал гэж үзэн сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Шүүгч Г.Намуунтуяа миний бие Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Г-т холбогдох хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж хуульчилсан ба яллагдагч Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацаа нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусах байсан.

Мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Прокурор, оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан.

Улмаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт ирээгүй, шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэл тогтоогдохгүй байсан тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамжийн дугаарыг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчим авсан. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх дугаар авахаас өмнө шүүгчийн туслах Б.Б өмгөөлөгч Л.Б-ын 99... дугаарын утас руу холбогдсон боловч тэрээр утсаа аваагүй.

Өмгөөлөгч Л.Б нь өргөдөлдөө уг хэргийг шүүхэд шилжиж ирсэн гэдгийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн гэжээ. Гэтэл түүний үйлчлүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь хэргийг шүүхэд шилжүүлэх мөрдөгчийн санал болон хэргийн материалтай 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр танилцсан байна. Тухайн тэмдэглэлийн доод хэсэгт өмгөөлөгч М.Т /.../ “өмгөөлөгч Л.Б нь БНХАУ-д томилолтоор явсан” гэж тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан байна. Эндээс харахад өмгөөлөгч Л.Б нь уг хэргийг шүүхэд шилжиж байгаа гэдгийг мэдсэн байх бүрэн боломжтой байжээ.

Ингээд яллагдагч Б.Г-ийг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад товлож, хуралдааны товыг хуульд зааснаар оролцогч нарт мэдэгдсэн боловч өмгөөлөгч Л.Б нь шүүх хуралдаан давхардсан шалтгаанаар тус хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч Б.Г-т холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан.

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Б нь биеэр оролцсон бөгөөд хэргийн материалтай танилцах шаардлагатай гэж хуралдааныг 2 цагаар хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүхээс түүний хүсэлтийг хүлээн авч хэргийн материалыг танилцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд өмгөөлөгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг 60 хоногоор хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хянаад шүүхээс хэрэгсэхгүй болгоход хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь “өмгөөлөгч Л.Б нь миний хүслийг гүйцэлдүүлэхгүй байгаа учир өмгөөлөгч Л.Б-аас бүр мөсөн татгалзаж, өөр өмгөөлөгч авах” хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шинээр өмгөөлөгч М.Т /.../-ийг сонгосон боловч 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагт хийгдэх хуралдаанд өмгөөлөгч М.Т нь хурал давхардсан учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн. Шүүхээс өмгөөлөгч М.Т-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагт хийхээр товлож хойшлуулсан боловч өмгөөлөгч М.Т нь мөн л Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан давхардсан тул хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн.

Хамгийн сүүлийн байдлаар тус шүүх хуралдаан нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 цагт товлогдоод байна. Шүүх хуралдаан хойшлуулах бүрд хэргийн оролцогч нарын саналыг харгалзсан бөгөөд Улаанбаатар хотоос ирэх өмгөөлөгч нарын хурлын товыг урьдчилан асуусан. Үндсэндээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр энэ шүүх хуралдаан нийт 4 удаа хойшлогдоод байна.

Жич: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь шүүгчийн туслах Б.Б-тэй уулзахдаа манай өмгөөлөгч Л.Б шүүгч Г.Намуунтуяаг сахилгын хороонд өгсөн байгаа. Тэр асуудлыг шийдэж дуустал энэ хурлыг хийлгэхгүй гэж хэлсэн байдаг.” гэжээ.

Шүүгч Г.Намуунтуяа 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:

“... Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Б нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг 60 хоногоор хойшлуулах” хүсэлт гаргасан бөгөөд шүүгч миний хувьд хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүгч шийдвэрлэж эрх зүйн акт гаргахаар хуульчилжээ.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэж, мөн хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана.” гэж тус тус заасан байна.

Шүүгч Г.Намуунтуяа миний бие тус хуралдаан дээр өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянаад “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж гаргаж хэргийн оролцогч нарт танилцуулж, захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан. Шүүгчийн захирамж албажаагүй байсан учир гардуулж өгөөгүй юм. Дараа нь шүүх хуралдааны бичлэг сонсоход шүүгчийн захирамж гаргаагүй гэж хэлсэн минь буруу болжээ. Гэхдээ миний хувьд уг захирамжид гомдол гаргах эрхгүй учир албажаагүй гэдэг агуулгаар шүүх хуралдаан дээр тайлбарласан юм. Тийм ч учраас өмгөөлөгч Л.Б нь шүүгчийн захирамжийг бичгээр авах хүсэлтийг гаргасан учир шүүх хуралдааныг завсарлуулж захирамжийг албажуулан оролцогч нарт танилцуулсан.

Шүүгчийн захирамжийг албажуулан гаргах хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заагаагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гаргах 15 хоногийн хугацаатай адилтган үзэх бөгөөд хуралдаан дээр өмгөөлөгч Л.Б нь “гомдол гаргах, гаргахгүй нь хамаагүй, бичгээр авмаар байна” гэж удаа дараа шаардсаны дагуу шүүгчийн захирамжийг албажуулан хэргийн оролцогч нарт танилцуулсан нь шүүх хуралдааны бичлэгт тусгагдсан байна.

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг 60 хоногоор хойшлуулах” хүсэлт нь шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг эхлүүлээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шатанд гаргах ёстой атал хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Б нь гэм буруугийн талаар талууд мэтгэлцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаагүй байхад дээрх хүсэлтийг гаргасан учир хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Л.Б-аас Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяад холбогдуулан өргөдөл ирүүлснийг Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2026/0016 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг хийх явцад өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт илэрсэн тул гишүүний 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/0039 дүгээр захирамжаар нэмж сахилгын хэрэг үүсгэн, нэгтгэн шалгаад, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ГНД/2026/0019 дүгээр “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийг гаргажээ.

Нэг. Өргөдөл гаргагчаас “... ажлын цаг дуусахаас өмнө мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч өөрийнхөө яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжийн дугаар авсан гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй нь мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг хязгаарлаж, хууль ноцтой зөрчсөн ...” гэж өргөдөл гаргажээ.

Яллагдагч Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ээс хуваарилагдсаны дагуу 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжаар “... талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт гаргаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зайлшгүй явуулах нөхцөл үүсээгүй ...” гэж дүгнэн, яллагдагч Б.Г-ийг шүүхэд шилжүүлж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, эсхүл хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх талаар шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж зааснаар тус хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх 15 хоногийн хугацаа 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусахаар байжээ.

Гэтэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийн дугаарыг “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ээс 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11:54 минутад авсан, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Б-ын “урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлтийг тухайн өдрийн 15:05 минутад dornod_tg@shuukh.mn хаягаар шүүх хүлээн авсан болох нь шүүгчийн тайлбар, түүнд хавсарган ирүүлсэн захирамжийн дугаар авсан хугацааг харуулсан системийн зураг, шүүгчийн туслах Б.Б-ийн гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Үүнийг илтгэгч гишүүн “... Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу тухайн ажлын өдрийн ажлын цаг дуусахаас өмнө өмгөөлөгч хүсэлт ирүүлсэн байх боловч “... хүсэлт ирүүлээгүй ...” гэж дүгнэсэн захирамж гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй нь дээрх 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтаас 6.17 дахь заалт хүртэл тодорхойлон заасан асуудлыг талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлан явуулж шийдвэрлэхээр шүүгчид үүрэг болгосон, ойлгомжтой, тодорхой нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж, хуульд заасан хугацаандаа ирүүлсэн өмгөөлөгчийн хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэн шийдвэрлээгүй үйлдлийг хууль зөрчсөнд тооцно.

Тус эрүүгийн хэргийн хувьд, яллагдагч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, өөрийн нөхрийг дайрч амь насыг нь хохироосон гэх үйлдлээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг хохирогчийн талаас эс зөвшөөрч, эрүүгийн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд хохирогчийн биед тээврийн хэрэгсэлд дайруулснаас үүсэх боломжгүй олон гэмтэл байсан, санаатай гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой гэж үзэн, яллагдагчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж марган, улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргажээ.

Дээр дурдсан шүүгчийн хууль зөрчиж, урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй үйлдлийн улмаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Б “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан нөхцөл байдлыг тогтоохын тулд шарилыг гарган бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах ...” үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн ... дүгээр захирамжаар хангахаас татгалзсан тул шүүх хуралдаан үргэлжлэн, хэргийг эцэслэн шийдвэрлэж болохуйц нөхцөл байдал үүссэн байна.

Хэдийгээр талуудаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах боловч хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тохиолдол бүр нь хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлэхээр байхад шийдвэрлээгүйн улмаас шүүгдэгчид давуу байдал үүсгэж, хохирогч талын урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.

Хоёр. Илтгэгч гишүүний шалгах ажиллагааны явцад тус эрүүгийн хэргийг хэлэлцсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэн, зөвлөлдөөд “захирамж гаргалгүй хүсэлтийг хэлэлцүүлэг хийхдээ шийдвэрлэх” шийдвэр гаргаснаа танилцуулсны дараа “захирамж бичгээр гаргаж, оролцогч нарт танилцуулах”-аар дахин завсарласан үйл баримтыг тодруулж, шалгах шаардлагатай гэж үзэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т заасны дагуу 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/20226/0039 дүгээр захирамжаар шүүгч Г.Намуунтуяад сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Б-аас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан дээр дурдсан агуулга бүхий хүсэлтийг хэлэлцсэний дараа шийдвэрлэхээр завсарлаж, хуралдааныг үргэлжлүүлэхдээ шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх хэлэлцүүлгээс өмнө шийдвэрлэх боломжгүй тул захирамж гарахгүй гэх агуулга бүхий шийвэрийг танилцуулсан атлаа дараа нь гомдол гаргах эрхгүй тул захирамжийг бичгээр гаргаагүй, тэмдэглэлд тусгаад шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн гэж зөрүүтэй тайлбарласан, харин өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан учаас захирамжийг бичгээр авч танилцах талаар шаардсаны дагуу дахин шүүх хуралдааныг завсарлаж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан ... дүгээр захирамжийг гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Үүнийг илтгэгч гишүүн “... шүүгч нь хүсэлтийг “шийдвэрлэлгүй хойшлуулсан” атлаа хангахаас татгалзаж шийдвэрлэсэн мэтээр захирамж гаргасан нь нэг хүсэлтийг 2 удаа “шийдвэрлэж” байгаа нөхцөл байдлыг бий болгож, шүүх хуралдааныг дэг, дарааллыг алдагдуулсан, зөвлөлдөж шийдвэрээ танилцуулан, шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэсэн боловч шүүгчийн гаргасан шийдвэрийг хүлээж авалгүй, шүүх хуралдааны “дэг зөрчсөн” гэж үзэхээр өмгөөлөгчийн тайлбарт автан хуулиар хүлээсэн дэг сахиулах үүргээ хэрэгжүүлэлгүй, гаргаагүй захирамжаа гаргасан мэт ойлголт үүсгэн, бичгээр гаргахаар шүүх хуралдааныг 3 цаг гаруй завсарлуулж, хуралдааныг сунжруулж даргалагчийн үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан илт тодорхой заалтыг зөрчсөн байна ...” гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласнаас үзэхэд, илэрхий, тодорхой буюу хэнд ч эргэлзээгүй, хоёрдмол утгагүйгээр ойлгогдох хуулийн зохицуулалтыг “илт тодорхой заалт”-д хамааруулж, харин хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана” гэж шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээг ерөнхий байдлаар тодорхойлж, хийж болох үйлдлийн хязгаарыг илэрхийлсэн, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэхийн тулд хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн хуулийн зохицуулалт байна.

Хуулийн уг зохицуулалтад шүүх хуралдааны явцад гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг хэргийг хэлэлцүүлсний дараа шийдвэрлэхээр байх тохиолдолд захирамж гаргах эсэх, захирамж гаргаагүйг хүсэлт гаргагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шүүх хуралдааны дэгийг зөрчсөн үйлдэлд хамаарах эсэх, үүнд шүүх хуралдаан даргалагч ямар арга хэмжээ авах талаар илэрхий тодорхой заагаагүй байх тул шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Харин шүүгч нь хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэрээ “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэний дараа шийдвэрлэхээр байна гэж үзэж шийдвэрлэлгүй орхисон тул захирамж гарахгүй” гэж, дараа нь “гомдол гаргах эрхгүй тул захирамж гаргаагүй” гэж хоёр өөр агуулгаар танилцуулсны улмаас хэргийн нэг талын шаардлагаар захирамжийг бичгээр гаргасан үйлдэл нь шүүгчийн хууль хэрэглэх ур чадварт эргэлзэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг үүсгэж байх тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа анхаарч ажиллахыг сануулах нь зүйтэй.

Иймд Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан “цалингийн хэмжээг хоёр сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ГНД/2026/0019 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяад “цалингийн хэмжээг хоёр сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                                    ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

                                                                                                О.НОМУУЛИН