info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-09

Дугаар 38

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

                                   

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөрийг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд хийв.

Тус хуралдаанаар иргэн Ч.Ж-ы өргөдлөөр, ... шүүгч Э.Э-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн С.Энхтөр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөр би, шүүгч Э.Э-т холбогдуулан Ч.Ж 2019 оны 9 дүгээр сарын 16-ныөдөр гаргасан өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцахад 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иас өмнө болсон үйл баримттай холбоотой байх тул мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийн 104.1.1-т "энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол;" гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах захирамж гаргах боломжгүй тул сахилгын хэрэг үүсгэсэн болно. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд "Шүүхийн сахилгын хороо байгуугагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ..." гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлийн 104.2 дах хэсэгт заасны дагуу сахилгын хэрэг үүсгээгүй байхад өргөдөл мэдээлэлтэй холбоотой ажиллагаа явуулах талаар хуульд заагаагүй байна. Иймээс мөн хуулийн 105 дугаар зүйлд зааснаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, 106 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийж, өргөдөлд бичсэн үйл баримт нь сахилгын хэрэг мөн эсэх талаар дүгнэж, үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал бичив.

Ч.Ж өргөдөлдөө: Миний бие ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г Б-д холбогдуулан нэхэмжлэл 2017 оны 4 сард гаргасан бөгөөд хариуцагчийн талаас шалтгаалан маш олон удаа хойшилсны эцэст 2019 оны 6 дугаар сарын 1-ныөдөр хуралдаж ... дугаартай шүүхийн шийдвэр гарсан болно. Гэтэл олон сая төгрөг буюу 215 000 америк долларын олон жил үргэлжилж байгаа маргааны давж заалдах гомдол гаргасан хариуцагч Г.Б-ыг шүүгч Э.Э нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхийг нь хойшлуулсан буюу үндсэндээ чөлөөлсөн байна. Шүүгч тухайн захирамж гаргахдаа нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироон хариуцагчийн эрх ашгийг илэрхий хамгаалсан шийдвэр гаргажээ. Миний бие Г.Б-д амины орон сууц захиалж 215 000 ам.доллар өгөөд авч чадахгүй шүүхээр заргалдан, олон жил хохирч байгаа юм. Г.Б- нь ... дүүргийн Гачуурт тосгонд амины орон сууцны бүхэл бүтэн хотхон барьж ашиглалтад оруулж байгаа бөгөөд уг хотхоны зарим хэсгийг 10 тэрбум төгрөгөөр зарахаар гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэтэл их хэмжээний хөрөнгөтэй атлаа зөвхөн хугацаа хожиж, нэг талаа чирэгдүүлэхийн тулд давж заалдах гомдол гарган улмаар тэмдэгтийн хураамж төлөхөөс хүртэл чөлөөлөгдсөн байх юм. Хариуцагч тал надаас авсан мөнгөний дүн дээрээ бол бодитойгоор үгүйсгэж маргаж чаддаггүй билээ. Шүүгч хэрвээ тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан бол тодорхой хугацаа зааж хойшлуулдаг билээ. Гэтэл тодорхой хугацаа зааж өгөөгүй, тэгээд ч хөрөнгө чинээтэй хүнийг тэмдэгтийн хураамж төлөхийг тодорхой хугацаа заахгүй хойшлуулж байгаа нь үндсэндээ чөлөөлсөнтэй нэг адил болжээ. Ийнхүү зальт этгээдүүдийг өөгшүүлэн хүнийг олон сая төгрөгөөр хохироож байгаа үйлдлийг бодит байдал дээр дэмжиж байгаа нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Миний бие олон зуун сая төгрөгөөр хохирсны дээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бас л 3 сая гаруй төгрөг төлж хохирсон дээрээ хохироод л явж байна. Энэ бүгд нь шүүгч дур зоргоороо авирлан, үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэхгүй, нэгталынэрх ашгийг илтэд хамгаалсан үйлдэл гаргаж байгаа тул хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна, гэжээ.

Улмаар шүүгч Э.Эт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл, захирамжийг гардуулан өгөх ажиллагааг явуулсан.

Шүүгч Э.Э гаргасан тайлбартаа: Гомдол болон Г.Б-ыг улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан захирамжаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т "Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно" гэснийг удирдлага болгон түүний хүсэлтдээ хавсарган ирүүлсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 2568 тоот, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0236581 тоот акт 236557 тоот шийдвэр, харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргийг үндэслэн шийдвэрлэжээ. Шүүгч би шийдвэрийг гаргахдаа Г.Б-ы эрх ашгийг илтэд хамгаалж шүүгчийн ёс зүйн зөрчлийг гаргасан гэж үзэх аливаа явцуу хандлага болон үйлдэл гаргаж, тодорхой ашиг сонирхлыг илэрхийлээгүй болно. Иймд зохих журмын дагуу хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Улмаар шүүгч Э.Эт 12 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл, захирамжийг гардуулан өгөх ажиллагааг явуулсан.

-Өргөдөлд бичигдсэн үйл баримтад хамааралтай, бүрдүүлсэн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийн тухай ... 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж, Г.Б-тай холбоотой ... дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 2568 тоот шийдвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0236581 тоот акт ... дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 236557 тоот шийдвэр, харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн 2019 онь 3 дугаар сарын 18-ныөдрийн тодорхойлолт, Г.Б-д холбогдох Ч.Жы 565 634 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон ... 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01803 дугаар шийдвэр, тус шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүүгээр сарын 16-ны өдрийн 1694 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2021 оны4дүгээрсарын 15-ны өдрийн ... дугаартогтоол зэрэгнотлох баримтаар авагдсан.

-Дээрх ажиллагаатай холбоотой хуулийн зохицуулалтууд: Шүүгч захирамж гаргах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д "Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана", гэж, улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хураамжаас чөлөөлөх талаар мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т "Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно" гэж тус тус заажээ.

-Санал: Шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах эсэх талаар захирамж гаргажээ. Хүсэлт хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах ажиллагаа нь шүүгчийг сахилгын хэрэг үйлдсэнд тооцож, хариуцлага оногдуулах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, ... шүүгч Э Э нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ес зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав.

... шүүгч Э.Э тайлбартаа:

Иргэн Ч.Ж нь шүүгч нэхэмжлэгчийг хохироож хариуцагчийн эрх ашгийг илэрхий хамгаалж ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

Гомдол болон Г.Б-ыг улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан захирамжаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т "Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно" гэснийг удирдлага болгон түүний хүсэлтдээ хавсарган ирүүлсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 2568 тоот, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0236581 тоот акт 236557 тоот шийдвэр, харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргийг үндэслэн шийдвэрлэжээ.

Түүнчлэн уг хүсэлт Иргэн-2014 программын дагуу над дээр хуваарилагдсаны дараа хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзан гарах хүсэлтийг ерөнхий шүүгчид гаргаж байсан ба хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүгч би шийдвэрийг гаргахдаа Г.Б-ы эрх ашгийг илтэд хамгаалж шүүгчийн ёс зүйн зөрчлийг гаргасан гэж үзэх аливаа явцуу хандлага болон үйлдэл гаргаж, тодорхой ашиг сонирхлыг илэрхийлээгүй болно.

Иймд зохих журмын дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн иргэн Ч.Ж-ы өргөдлийг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас ... шүүгч Э.Эт гардуулан шүүгч нь 2019 оны 10 дугаар сарын 02-нд тайлбар ирүүлжээ.

Шүүхийн сахилгын хорооны гишүүн ... шүүгч Э.Эт холбогдуулан, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сахилгын хэрэг үүсгэн шалгаж, өргөдөлд бичигдсэн үйл баримт нь сахилгын хэрэг мөн эсэхийг дүгнэж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал ирүүлснийг хүлээн авах нь зүйтэй байна гэж үзлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно” гэж заасан нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуулиар олгосон шийдвэрлэх эрх хэмжээний асуудал байна.

Өргөдлийг 2019 оны 9 дүгээр сарын сарын 16-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ирүүлсэн байх ба 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэнэ.

Илтгэгч гишүүний “...шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах эсэх талаар захирамж гаргажээ. Хүсэлт хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах ажиллагаа нь шүүгчийг сахилгын хэрэг үйлдсэнд тооцож, хариуцлага оногдуулах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, ... шүүгч Э.Э нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд илтгэгч гишүүний ирүүлсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн С.Энхтөрийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны  өдрийн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Ч.Ж-ы өргөдөлтэй ... шүүгч Э.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                          О.НОМУУЛИН

                                                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН