info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-10

Дугаар 76

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, холбогдох шүүгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, нарийн бичгийн дарга М.Нарансолонго нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүүд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох” саналд: “...Нэг. Мэдээлэлд “... шүүгч Н.Хонинхүү нь өөрийнх нь охин тусгай зөвшөөрөлтэй компанитай, гадаадаас эмч ирж, ах дүү нартаа жижиг мэс ажилбар хийлгэнэ гэж ойлгуулаад “S” гоо сайхны эмнэлгийн өрөө, тоног төхөөрөмжийг 1 өдөр түрээсээр ашиглаж, тохирсон хөлсийг төлнө гэж, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Солонгос улсын эмч, сувилагч нар “S” гоо сайхны эмнэлэгт ирж, гаднын хүмүүст мэс засал хийхэд нь тус эмнэлгийн эмч болиулах гэсэн шаардлага тавихад үл тоомсорлосон, бүр эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан өөрийн нөхөртөө мэс засал хийлгээд эмнэлгийг нь бохирдуулаад, юу ч болоогүй мэт, харин ч бүр загнаад гараад явчихжээ. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.9 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон заалтыг зөрчсөн...” гэж дурджээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүүгийн охин Ж.Б нь Монгол Улсын иргэдийг Солонгос улсын гоо сайхан, үе мөч, нүдний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн болон улсын эмнэлгүүдтэй холбох, зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг Солонгос улсын “М” ХХК-ийн Монгол талыг хариуцсан захирлаар ажилладаг бөгөөд 2024 оны 08 дугаар сарын сүүлээр жил бүр зохион байгуулагддаг Олон улсын эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагуудын фестивальд оролцохоор өөрийн компанитай хамтран ажилладаг Солонгос улсын гоо сайхны эмнэлгийн эмч, сувилагч болон өөрийн компанийн төлөөлөл зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад ирэхээр болсон тул шүүгч Н.Хонинхүү өөрийн өмнө нь үйлчлүүлж байсан “S” гоо сайхны эмнэлгийн эмч Г.Б-тэй холбогдон өөрийн охинтой холбож өгсөн байна.

Улмаар “S” гоо сайхны эмнэлэгт Солонгос улсын эмч нар 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүгч Н.Хонинхүүгийн нөхөр Д.Ж болон шүүгчтэй хамт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хамт ажиллаж байсан ... нарт нүдний мэс ажилбар хийснээс шалтгаалан үл ойлголцол үүссэн болох нь тогтоогдож байна.

Харин гэрч Г.Б-ийн “... 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш буюу сарын сүүлээр над руу утсаар холбогдоод “манай хүү, охин хоёр Солонгос улсаас эмч зуучилж авчраад гоо сайхны эмнэлгүүдээр явж гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилж, танилцуулдаг. Солонгос улсын эмч нар нь Монгол улсад ямар нэгэн өдөрлөгт оролцох гэж байгаа. Танай эмнэлэг дээр сургалт явуулъя” гэсэн... Солонгос эмч нар Монголд өдөрлөгт оролцох гэж байгаа. Тэд Монголын гоо сайхны эмнэлгүүдэд сургалт, танилцуулга хийгээд гоо сайхны бүтээгдэхүүн танилцуулах, цаашдаа урт хугацааны хамтын ажиллагаа явуулах зорилготой. Манай хүү, охин 2 тусгай зөвшөөрөлтэй компанитай, байнга Солонгос улсаас эмч авчирдаг” гэж хэлж байсан. Мөн Н.Хонинхүү шүүгч “эмч нар нь том эмнэлгүүдээр явдаг тул танай эмнэлгийг голж магадгүй. Танай өрөөнүүдийг үзье” гэж хэлээд  манай өрөөнүүдийг үзээд явсан. Тухайн үед шүүгч эмнэлгээс тоног төхөөрөмж түрээслэх, үйлчлүүлэгч эсхүл ах, дүү нараа ч юм уу хэн нэгэн хүнд үйлчилгээ үзүүлэх талаар огт яриагүй, харин сургалт явуулна л гэж ярьсан ...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Б”гийн “  ... 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би үдээс хойш 17-18 цагийн үед “S” гоо сайхны эмнэлэгт очсон. Очсон шалтгаан нь өдөр Г.Б эмч мэс засал явагдаж байхад Солонгос улсын эмчийг “гар, боль, мэс заслаа зогсоо” гэж хэл ам хийсэн байсантай холбоотой юм.  Ер нь Солонгос улсын эмч, сувилагч нар надад энэ тухай утсаар хэлээд “яагаад ингээд байгаа юм бэ, ямар учиртай юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би Г.Б рүү залгаж ярьтал “өглөө ээж чинь ирээд гар хуруугаараа чичилж загнаад, намайг элдэв янзаар доромжилсон” гэж хэлэхэд нь би “ямар шалтгаантай юм бол, тэгэх учиргүй дээ. Би ээжтэй холбогдъё” гэхэд Г.Б “эмч нар чинь манай багаж төхөөрөмжийг ашиглаад байна. Ээж чинь гэнэт намайг загнаж доромжилсон тул мэс заслаа зогсоогоод манай эмнэлгээс одоо гар” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж рүү залгаад “мэс заслаа зогсоо гээд шаардаад байна шүү дээ. Та Г.Б”ийг загнасан уу” гээд лавлаж асуухад ээж “би аавыг чинь аваад явж байна, тийм зүйл болоогүй. Би яасан гэж тэгэх юм бэ. Харин Г.Б үдээс хойш Солонгос улсын эмчээр өөрийнхөө хамраа янзлуулж болох уу гэж байсан. Тэгэхээр нь би эмч нь үдээс хойш ажилтай гэж байсан, гэхдээ манай охинтой яриарай гэж хэлээд гарсан” гэсэн.

Тэгэхээр нь би Г.Б рүү дахин залгаад “адилхан эмч хүн учраас эмчийн ёс зүйг бодоод мэс засал явагдаж байхад саад болж болохгүй, мэс заслын өрөө ариун цэвэр сайн сахих  хэрэгтэй, гаднын хүн орж болохгүй шүү дээ. Мэс заслын өрөөгөөр битгий орж гараа, мэс заслыг дуусгах шаардлагатай байна. Мэс засал дууссаны дараа ярилцаад асуудлаа шийдвэрлэх боломжтой” гэснээр мэс засал дууссан. Тэр өдрийн өглөө аав Д.Ж-ы нүдний зовхи унжсаны улмаас сормуус нь нүд рүүгээ хатгаад нүдний өөх үүссэн тул өглөө нь тэнд мэс засалд орсон.

Дараа нь ... нүдний дээд доод зовхи татах мэс засалд орсон. ...ыг мэс засалд орж байхад дээрх нөхцөл байдал үүссэн. Ээж над руу “би аавыг нь аваад гарах гэж байна. Г.Б эмч өөрийнхөө хамрыг засуулмаар байна гэнээ” гээд ярихад нь би “эмч нар үдээс хойш ажилтай, боломжгүй. Тэгээд ч хамрын мэс засал хүнд мэс засал, шууд өнөөдөр хийх боломжгүй” гэхэд ээж “юу ч гэсэн Г.Б-тэй яриарай. Би ч гэсэн манай охинтой яриарай гэж хэлсэн шүү” гэсэн. Тэр үед би фестиваль дээр зөвлөгөө өгч байсан юм.

Миний бодлоор Г.Б нь тухайн үед өөрийнхөө хамрыг Солонгос улсын эмчээр янзлуулах гэсэн боловч боломжгүй болсон учраас гэнэт уурлаж, асуудал үүсгэн, манай ээжийг намайг доромжилсон гэж гүтгэсэн байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг,

 

Шүүгч Н.Хонинхүүгийн “...миний хувьд өөрийн садан төрлийн болон найз нөхөд зарим нэг таньдаг хүмүүст “Солонгос явах шаардлагагүйгээр Солонгосоос эмч ирсэн байдлыг ашиглан үнэгүй зөвлөгөө авах боломжтой юм байна” гэдэг талаар хэлж дуулгаж байсан бөгөөд ...зовхитой холбоотой асуудлаа зохих мэргэжлийн эмч ирснийг далимдуулан үзүүлсэн. Манай нөхрийн зовхины сорвитой хэсгийг эмч “мэс ажилбараар авах шаардлагатай,...” гэсэн тул мэс ажилбар хийлгэхээр болсон юм. Мөн хамт ажиллаж байсан бас нэг танил нүдний зовхи нь доош унжиж харахад төвөгтэй байгаа тул “мэс ажилбарт ормоор байна” гэснээр эмчтэй уулзуулахыг хүссэн, би тэр хүнийг охинтойгоо холбож өгсөн. Улмаар тэр хүн Солонгос эмчтэй уулзаж зөвлөгөө авсны үндсэн дээр зовхины мэс ажилбарт орохоор болсон юм билээ. Энэ талаар охин надад хэлсэн бөгөөд гоо сайхны ямар нэгэн эмнэлэгтэй холбогдож тус мэс ажилбаруудыг хийх шаардлагатай байна, эмнэлэг олох шаардлагатай танд таньдаг эмнэлэг байна уу гэж надаас асуусан. Би болон миний танил, хамаатны дүү нар эмчилгээ үйлчилгээ хийлгэдэг эмч Бийг таних учраас түүнтэй уулзаж “танай дээр БНСУ-аас ирсэн эмч мэс ажилбар хийж болох уу гэж асуулгаж байна чи зөвшөөрөх эсэх талаар манай охинтой холбогдож болох уу чиний утсыг охиндоо өгчих үү” гэж асуусан нь үнэн, Б эмч ...зөвшөөрсөн аястай байсан тул би түүний утсыг охиндоо өгөөд орхисон... Би Б эмчтэй утсаар ярихдаа “Манай охин Танай эмнэлэг дээр Солонгос эмч нараар хүнд юм хийлгэх гээд байгаа юм шиг байна. Чи манай охинтой тэр талаар нь ярилцаж болох уу. Би охиндоо чиний утсыг өгчих үү” гэж асуусан. Б “охиндоо миний дугаарыг өгчих, бид 2 холбогдоод учраа олчихъё” гэсэн. Манай охин уулзсан эсхүл утсаар ярьсныг нь сайн мэдэхгүй байна. Үүний дагуу охин маань холбогдоод нөхрийн маань нүдэнд мэс ажилбар хийхийг зөвшөөрсөн юм байна гэж ойлгосон. Харин эмнэлгийн эмч нарыг мэс ажилбар хийхийг орж харахыг Солонгос эмч нар зөвшөөрсөн гэсэн гэж охин маань надад хэлсэн. Гэрээ хэлцэл хийгээгүй гэж хэлсэн. Тэрнээс биш тэр гадаад эмч нар мэс ажилбар хийж байгаа ажиллагаагаа өөр бусад эмч нарт харуулдаггүй гэсэн. Ийм тохиролцоотойгоор л Солонгос эмч нарыг эмнэлэгтээ мэс ажилбар хийхийг зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Сүүлд нь охин маань надад хэлэхдээ мөнгө төгрөг өгөх ямар нэгэн гэрээ хэлэлцээр огт хийгдээгүй, зөвхөн мэс ажилбар хийж байгааг нь тэр эмнэлгийн эмч нар нь орж харах гэсэн тохиролцоотой байсан гэж хэлсэн ...” гэх тайлбар зэргээс үзэхэд, “эмнэлэгт сургалт явуулах, эсхүл мэс ажилбар хийлгэх”-ийн алинаар нь тохиролцсон болох нь зөрүүтэй байна.

 Мөн гэрч Г.Б-ийн “Н.Хонинхүү болон түүний хүү надтай уулзах үедээ Бүгд найрамдах Солонгос улсаас ирсэн эмч нар орчин үеийн эмчилгээ, шинэ эм тариа сурталчлах сургалт зохион байгуулах тухай асуудлыг зөвхөн санаа солилцож, амаар ярилцсан болно. Энэ хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж болон байр ашиглалттай холбоотой тохиролцоо хийгдээгүй, эмчилгээ болон ашиглалтын төлбөрийн талаар нарийн тохиролцоо яригдаагүй, хоёр талын хооронд төлбөр тооцоо, өглөг авлага үүсээгүй, ямар нэгэн төлбөрийн гүйлгээ хийгдээгүй. Иймд дээрх асуудалтай холбогдуулан миний гаргаж өгөх нэмэлт баримт, тайлбар байхгүй бөгөөд зөвхөн өөрийн мэдэж буй үнэн зөв нөхцөл байдлаа ийнхүү тайлбарлаж байна” гэх бичгийн тайлбар, Ж.Б-гийн “... Орой эмнэлэг дээр нь би Солонгос улсын сувилагчтай хамт асуудлыг шийдвэрлэхээр очиход төлбөр нэхэмжилсэн. Гэхдээ яг тодорхой тоо, хэмжээ хэлээгүй боловч төлбөр төл гэхээр нь би “тэгье, цагийн тооцооллыг хийе” гэхэд Г.Б нь“манай эмнэлгийн тавчиг, тариур ашигласан” гэсэн. Би ч “төлье” гэсэн боловч тодорхой тоо хэмжээ хэлээгүй. Мөн Г.Б эмчтэй орой уулзаад “ээжээс асуухад ямар ч уурласан зүйл болоогүй, би яагаад уурлах билээ дээ гэж байна” гэхэд эмч “ээж чинь намайг доромжилсон” гэсэн. Тэгэхээр нь би “танай байгууллага камертай юм байна, бичлэгээ үзүүлээд асуудлаа шийдье” гэхэд Г.Б гар утаснаасаа 1 цаг орчим бичлэгээ хайсан боловч “код нь орохгүй байна” гээд үзүүлээгүй. Энэ хугацаанд бид хүлээж байсан. Тэгээд би “нөгөөдөр бид буцна, бичлэгээ нээчихвэл холбогдоорой. Бичлэгээ үзүүлэх юм бол бид уучлалт гуйх, төлбөрийн тодорхой дүн хэлбэл эргэн ярилцаад шийдвэрлэе” гээд явсан, дахиж холбогдоогүй... Төлбөрийн хувьд ... мэс засал хийлгэдэг өдрөө төлбөрөө хийгээгүй, миний хувьд ээжийн таньдаг хүн гэсэн тул урьдчилан төлбөр аваагүй байсан. Мэс заслын дараа би “ахаа төлбөрөө яах билээ” гэж асуухад тэрээр “шилжүүлье” гэснээр ... нь миний Хны данс руу нэг билүү 2 удаа хувааж нийтдээ 5.500.000 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг, ...ын “... Хагалгааны төлбөрийн хувьд 5.000.000 төгрөгөөр тохиролцсон ба би төлөөгүй, миний эхнэр маргааш нь билүү дээ утасны аппликейшнээр шүүгч Н.Хонинхүүгийн охины данс руу төлсөн ...” гэх мэдүүлэг болон ...ын эхнэр Э.Э-ийн дансны хуулга, шүүгчийн тайлбар зэргээс үзэхэд, эмнэлгийн тоног төхөөрөмж, байрыг ашиглахтай холбоотой байгуулсан гэрээ хийгээгүй, тэдгээрийн хооронд ямар нэгэн төлөх ёстой төлбөр байхгүй, ... нь мэс ажилбарын төлбөрийг Ж.Б-гийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Нэмэлт шалгах ажиллагаагаар гэрч Г.Б-ээс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлэг авахад “... Тухайн маргаан болж байх үед би хүүгээс нь тусгай зөвшөөрлөө харуулаа, гэрээгээ хий гэж хэлсэн. Тэгээд хүү нь орчуулагчаар ажиллаж байгаа гэсэн болохоор миний яриаг Солонгос эмчид орчуулж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би өөрөө Солонгос хэл мэддэг таньдаг хүн рүүгээ яриад утсаар орчуулуулаад Солонгос эмчид хэлэхэд “Би гадны хүмүүстэй харьцахгүй” гэсэн гэж надад хэлсэн ...” талаар дурдсантай холбогдуулан Солонгос эмч нартай утсаар ярьж, Г.Б-т орчуулга хийж өгсөн гэх хүний нэр, утасны дугаарыг нь лавлахад “Тэр хүнтэй Солонгос эмч нар олон зүйл яриагүй. Зөвхөн өөртэй нь ярихгүй гэж хэлсэн гэсэн. Өөр ярьсан зүйл байхгүй учраас нэр, утасны дугаарыг нь өгөх боломжгүй” гэж хариулсан, мөн маргаан болсон үеийн бичлэг байгаа эсэхийг тодруулахад “Бичлэг байхгүй” гэснийг тус тус тэмдэглэлээр баталгаажуулан хавсаргасан болно.

Түүнчлэн шүүгч Н.Хонинхүүгийн ашигладаг ... гэх дугаар нь охин Ж.Б-гийн ажилдаа хэрэглэж байсан “Ү” гэх нэрийн хуудсанд бичигдсэн байсан бөгөөд Ж.Б-гийн “... нэрийн хуудсанд бичигдсэн Ү гэх эмнэлэг нь “М” ХХК-тай хамтран ажилладаг гоо сайхны эмнэлгүүдийн нэг байна. Тайлбарлахад Монгол улсын иргэд Солонгос улсын эмнэлэгтэй шууд холбогдох боломжгүй тул уг эмнэлэг зуучлах байгууллагын ажилтны буюу миний нэртэй түр нэрийн хуудас гарган тухайн үедээ ашиглаж байсан юм. Тухайн үед надад Монголын гар утасны дугаар байгаагүй, ямар ч ач холбогдолгүй байсан тул ээжийн дугаарыг бичсэн. Ач холбогдолгүй гэдэг нь Ү гэх эмнэлэг нь олон улсын фестивальд оролцсон ба тэд нэрийн хуудсанд “Монгол Улсын утасны дугаар байсан нь дээр биш үү, Монгол Улсаас Солонгос улсын манай эмнэлэгтэй шууд холбогдох боломжгүй шүү дээ” гэхээр нь бичсэн. Ээжийн дугаарыг өөрөөр ашигласан тохиолдол энэ тохиолдлоос өөр байхгүй. Нэрийн хуудсанд ээжийн дугаарыг бичихдээ олон улсын фестивальд оролцох гээд яаралтай байсан тул асууж ч амжаагүй, шууд бичүүлж, хэвлүүлсний дараа ээжид “ингээд бичсэн байгаа. Дугаараар нь хүн холбогдох юм бол манай фэйсбүүк хаягийг өгөөрэй” гэсэн. Ээж тэгэхэд “миний утасны дугаарыг хамаагүй бичиж болохгүй шүү дээ. Тэгээд ч чиний ажлыг би сайн мэдэхгүй, буруу зөрүү хэлбэл яах юм бэ” гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг, шүүгчийн “... Охины маань ажилладаг компанийн тараах материал дээр миний утасны дугаарыг тавьсан байсан юм байна лээ. Гэхдээ над руу миний охины ажилладаг компанийн талаар асууж нэг хүн ч залгаагүй. Дараа нь тараах материалд охины маань утасны дугаарыг сольж оруулсан байсан ...” гэж тайлбарласан.

Ж.Б нь ... гэх дугаарыг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ашиглаж байсан ба дээрх нэрийн хуудсыг хэвлүүлэх үед Монголд ашиглах гар утасны дугаар байхгүй байсан тул өөрийн ээж шүүгч Н.Хонинхүүгийн дугаарыг бичиж хэвлүүлсэн байна.

Дээрхээс үзэхэд, шүүгч Н.Хонинхүү  нь өөрийн төрсөн охин Ж.Б-гийн эрхэлдэг ажлыг дэмжих үүднээс таньж мэддэг хүмүүст гоо сайхны үйлчилгээний талаар ярьж, мэдээлэл өгсөн, охин Ж.Б нь аав Д.Ж-ы нүдэнд мэс ажилбар хийлгэхийн тулд өөрийн ээжийн үйлчлүүлдэг байсан гэх эмнэлэгтэй холбогдож тохиролцсон боловч тухайн эмнэлгийг ашиглах талаар ойлголтын зөрүү үүссэн, улмаар ... Солонгос улсын эмч нараар нүдэндээ мэс ажилбар хийлгэхээр тохиролцож хийлгэсэн, Солонгос улсын эмч нарыг өөрөө зуучлан аливаа төлбөр тогтоон ашиг олсон болох нь тогтоогдоогүй, мэс ажилбарын төлбөрийг шүүгч аваагүй, түүний охин Ж.Б “ээжийнхээ гар утасны дугаарыг ажилдаа зориулж, өөрийн нэрийн хуудсанд нэг удаа хэвлүүлсэн” байх боловч үүнд шүүгч зориудаар оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгчийг “гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байсан” гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэхгүй.

          Хоёр. Мэдээлэлд “... өмнө нь ч гэсэн гадаад эмч нарын төлөөлөл маягаар ажиллаж, ашиг орлого олж байжээ. Энэ нь хуульд зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчиж байна, ... шүүгчийн гуйлга, ятгалгаар янз бүрийн мэс ажилбарт орсон шүүгч, ажилтнууд Захиргааны шүүхэд байдаг, зарим нь одоо ч ажиллаж байж магадгүй ...” гэжээ.

   Шалгах ажиллагааны явцад шүүгч Н.Хонинхүүгийн “Х” ХХК-ийн ... дугаартай данс руу гэрч Э.Э-ээс ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй, харин дээр дурдсанчлан гэрч Э.Э-ийн “Х” ХХК-ийн ... дугаартай данснаас шүүгчийн охин Ж.Б-гийн “Х” ХХК-ийн ... дугаартай данс руу 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ...ын мэс ажилбарын төлбөр болох 5,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

Гишүүний 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ГЗБ/2025/0370 дугаар захирамжаар “Х” ХХК-иас шүүгч Н.Хонинхүүгийн ... дугаартай дансны 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг гаргуулахаар хүргүүлэхэд тус банкны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар албан бичгээр “...орлого, зарлагын гүйлгээний мэдээлэл буюу харилцагчийн нууцад хамаарах мэдээллийг гаргаж өгөх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн тул тус банкийг шалгах ажиллагаанд саад учруулсан гэж үзэн, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ГЗБ/2025/0505 дугаар захирамжаар Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.32 дахь заалтад зааснаар “Х” ХХК-ийг 4,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн.

Дахин гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ... дүгээр, мөн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/173 дугаар албан бичиг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ГЗБ/2025/0783 дугаар захирамжаар “2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ГЗБ/2025/0370 дугаар захирамжийн биелэлт буюу шүүгч Н.Хонинхүүгийн ...орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг гаргуулах”-аар “Х” ХХК-д хүргүүлэхэд тус банкнаас дахин “харилцагчийн нууцад хамаарах мэдээллийг гаргаж өгөх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн тул шүүгчийн дансны хуулгыг шалгах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Өмнө нь өөр гадаад улсын эмч нарыг зуучлан ажиллаж байсан эсэх талаар шүүгчээс “... Манай охин БНСУ-аас эмч нарыг авч ирж хагалгаа хийлгэж байгаагүй, тэр нь анхны удаагийнх байсан. Солонгос эмч нар хагалгаа хийх гэж ирээгүй, фестивальд оролцох гэж ирсэн. Манай нөхөр дархан хүн учраас нүднийхээ сорвиноос болоод ажлаа хийж чадахгүй байсан юм. Ийм учраас охин маань Солонгос эмч нарт үзүүлээд хагалгаа хийлгэе гэж л бодсон байх... миний дансаар охин маань аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан удаа байхгүй ...” гэж, гэрч Г.Б-ээс “... Н.Хонинхүү өөр гадаад эмч нар авч ирж эмчилгээ хийлгэж байсан тохиолдол гарч байгаагүй. Энэ нь анхны тохиолдол ...” гэж тус тус мэдүүлсэн.

Мөн фестивальд оролцохоор ирсэн тус Солонгос эмч нар өөр хүмүүст мэс ажилбар хийсэн эсэх талаар Ж.Б-гаас “... Өөр газарт мэс засал хийсэн зүйл байхгүй. Зөвхөн Б эмчийн эмнэлэгт л цаг товлож тохиролцоод хийсэн. Эмч нар өөр ажлын зориулалтаар ирсэн, тэр ажлынхаа дундуур хийсэн. Б эмч өөрөө над руу яриад үдээс хойш миний хамарт мэс засал хийгээд өгөөч гэдэг зүйл ярьсан. Эмч нар мэс заслаа дуусгаад буцаад үйл ажиллагаандаа оролцох шаардлагатай, хүлээгдээд байгаа, хамрынхаа мэс заслыг Та дараа нь Солонгост ирээд хийлгэчих ээ гэж хэлсэн, ... Тухайн фестивальд оролцохоор очсон, ингэж очихдоо эмч нь өөрөө биечилж очсон байсан учраас нэгдүгээрт, Монголын эмнэлгийн нөхцөл байдалтай танилцъя гэсэн, хоёрдугаарт, эмч нь тухайн мэс заслыг хийх нөхцөл нь таарсан, гуравдугаарт, Б эмч Солонгос эмч нарын мэс засал хийх арга барил болон мэс заслын кэйсийг хармаар байна гэсэн. Солонгос эмч нь өөрөө бусад улс орнуудад мэс заслын кейсээ харуулж хийдэг, ганцхан мэс засал учраас очоод хийчихье, мэс заслаа харуулъя гээд л хийсэн ...” гэж мэдүүлсэн.

 

Дээрхээс үзэхэд, шүүгч Н.Хонинхүүг аж ахуйн үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн, түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

Мөн шүүгч нь Э.Э рүү “...манай хүүхдийн компанитай хамтран ажилладаг эмч ирсэн гэсэн Зоригоо өөрөө уулзаад зөвлөгөө аваад зөвшөөрөөд хийлгэсэн...”, “орчин таалагдахгүй байсан бол эхнээсээ больж болох байсан, би ор гэж хүчлээгүй, би хийгээгүй...”, “...би бол хүүхдийн компанитай хамтарч ажилладаг эмч ирсэн юм хийж байгаа юм байна лээ шүү эхнэртээ хэлээрэй гоо сайхны үйлчилгээ зөвлөгөө авч болох юм байна гэж танилцуулсан. Зоригоо өөрөө хүүхдийн утсаар холбогдоод өөртөө юм хийлгэнэ гэж эмчтэй нь цаг авч бариад уулзсан талаар сонссон. Би ажил мэргэжлээрээ түрий бариад Зоригоог нүдэндээ хагалгаа хийлгэ энэ тэр гэж хэлээгүй шахаагүй шүү. Гэвч нэгэнт ийм хүн ирсэн, юм хийж байгаа юм байна гэж намайг хэлсэн гэдэг утгаар чи над руу ярихаар чинь би эмчтэй нь холбох арга чарга хайя гэхээр уурлаад хачин авир ааш гаргаад байгааг чинь үнэхээр ойлгохгүй байна...”, “...би бас үнэхээр Сөүлийн хамгийн мундаг эмнэлгүүд байрладаг дүүрэгт байрлаж ажилладаг сайн эмч гээд л хийлгэсэн. Өмнө нь огт уулзаж байгаагүй танихгүй...”, “та нар ч бас үр хүүхэдтэй хүмүүс ш дээ. Үр хүүхдээ ажил хийж байхад нь дэмжээд л хийж байгаа юмыг нь таньдаг хүмүүстэй сайн санааны үүднээс л хэлж танилцуулсан...” гэж зурвас бичсэн байна.

Мэдээлэл гаргагч өмгөөлөгч П.А-аас тайлбар авахад “... Энэ талаар би тодорхой мэдэхгүй, ... Ер нь миний гаргасан мэдээлэл нь өөр этгээдээс сонссон, дам дамаар сонссон мэдээллүүдийг нэгтгэсэн байгаа ...” гэж, гэрч Б.Л “... Хуучин хамт ажиллаж байсан хүмүүстэй таарахад тийм зүйл яриагүй. Одоо дандаа шинэ хүмүүс ажиллаж байгаа. Янз бүрийн юм ярих хэмжээний дотно биш, тааралдвал мэндийн зөрүүтэй явдаг. Шүүхийн захиргааны ажилтнуудын зүгээс гоо сайхны үзлэг шинжилгээ, мэс засал хийлгэсэн гэх яриа сонсож байгаагүй ...” гэж, гэрч ... “... Шүүгч Н.Хонинхүүтэй 2014 онд нэг зарлигаар давахын шүүгч болж, 2021 он хүртэл хамт ажилласан. Энэ хугацаанд эмнэлэгт үзүүлсэн, зуучлуулсан тохиолдол байхгүй. Харин охин нь гоо сайхны эмнэлэгт ажилладаг гэж сонсож байсан, гэхдээ шүүгч Н.Хонинхүү хамт явъя, үзүүлээч гэж байсан удаа байхгүй. Бусад албан хаагч, шүүгч нар гоо сайхны эмнэлэгт зуучлуулсан, үзүүлсэн эсэх талаар мэдэхгүй ...” гэж, Ж.Б “... ... ах өөрөө хийгээд өгөөч гээд гуйгаад, бүр өмнөх орой нь хүлээгээд, шөнөжин над руу залгаад, гуйсаар байгаад хийлгэхээр болсон ...” гэж тус тус мэдүүлэг өгсөн тул мэдээлэлд дурдагдсан “шүүгчийн ятгалгаар янз бүрийн мэс ажилбарт орсон шүүгч, ажилтнууд Захиргааны шүүхэд байдаг” гэх үйл баримтын эх сурвалж тодорхойгүй, ...ыг гуйж ятган мэс ажилбар хийлгэсэн гэж үзэх үндэслэлгүй, өөр бусад хамт ажилладаг хүмүүсийг мэс ажилбар хийлгүүлсэн гэх баримт тогтоогдохгүй байна.

          Гурав. Мэдээлэлд “... мөн өдрийн орой шүүгч эмнэлэг рүү залгаад “чи миний охин руу залгаж, түрээсийн мөнгө нэхэж дарамталсан байна. Танай эмнэлэгт аудит оруулна, шалгуулна шүү” гэх зэргээр загнаж, айлгаж, сүрдүүлсэн ...” гэж дурдсан байна.

   Сахилгын хэргийн ажиллагааны явцад шүүгч Н.Хонинхүү өөрийн ашигладаг ... дугаараас эмч Г.Б-ийн ... дугаарт 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 47 минутад “... Наад хэд чинь шахуу ажилтай яваа. Би чамайг залуу хүн, юмны учир ойлгоно гэж бодоод санал болгосон. Чи ийм муухай зан гаргах байсныг даанч мэдсэнгүй би өөр олон эмнэлэг танина. Ганц чи эмнэлэгтэй биш ш дээ. Чамайг эмнэлэг нээснээс хойших бүх зүйл дээр чинь аудит хийлгэе, ямар татвар төлснийг чинь, эмнэлэг чинь стандартын шаардлага хангасан үгүйг, яаж зөвшөөрөл авсныг чинь шалгуулна шүү чи ганц эмнэлэгтэй биш ш дээ, чамайг эмнэлэг нээснээс хойших бүх зүйл дээр чинь аудит хийлгэе, ямар татвар төлснийг чинь, эмнэлэг чинь стандартын шаардлага хангасан үгүйг, яаж зөвшөөрөл авсныг чинь шалгуулна шүү” гэх зурвас явуулсан үйл баримт тогтоогдсон.

Эмч Г.Б нь Н.Хонинхүүг шүүгчийн албан тушаал эрхэлдэг гэдгийг мэддэг байсан талаар тодруулахад “... Өмнө нь 2 удаа үйлчилгээ авч байхдаа өөрийгөө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч гэж танилцуулж байсан. Тэр үеэс эхлэн шүүгч гэдгийг нь мэддэг болсон... Мессеж дээрээ татвар, тусгай зөвшөөрлийн талаар хэлээд шалгуулна гэж хэлсэн. Захиргааны хэргийн шүүгч яг ямар хэрэг шийддэгийг би сайн мэдэхгүй ...” гэж мэдүүлсэн.

Энэ талаар шүүгчээс “... Би тус зурвасыг бичихдээ тухайн хүнтэй харилцахдаа шүүгч гэдэг албан тушаалтныхаа хувьд тухайн эмнэлгийн чанар, үйл ажиллагаа, татвар төлөлтийн байдлыг шалгуулна шүү гэж бичихдээ жирийн иргэний хувиар тус эмнэлэгтэй, тус эмчтэй харилцах явцад ор үндэсгүй, баримт нотолгоогүйгээр намайг өөрийг нь загнасан мэтээр гүтгэснийг сонсоод эмч мэргэжилтнийх нь хувьд түүний ор үндэсгүй худал гүтгэлэг, байгаа байдал, хандлага, ёс зүй, сахилга хариуцлагын асуудал нь надад болон үйлчилгээ авч байгаа гэр бүл цаашлаад нийтийн амь нас  эрүүл мэндэд хамаатай тул түүний эрхэлж байгаа эмнэлгийн үйл ажиллагаанд эргэлзэж эхэлсэн тул энэ талаар эрх бүхий мэргэжлийн байгууллага албан тушаалтанд нь хандаж шалгуулах боломжтой, хуулиар хязгаарлаагүй тул энэ талаар гомдол санал гаргах боломжтой гэдэг агуулгаар зурвас бичсэн... Миний хувьд тус эмнэлгээр өмнө нь үйлчлүүлж байхдаа мөн сүүлд энэхүү гомдолд дурдсан үйл баримт л баримт болсон тухайн өдөр ч шүүгчийн албан тушаалтны хувиар тус эмнэлэгтэй, эмчтэй харилцаагүй бөгөөд тус эмнэлгийн зүгээс болон Б эмчийн зүгээс надад та шүүгч учир бид тантай харилцаж байна, танд үйлчилж байна гэж огтоос хэлж хандаж байгаагүй ...” гэж тайлбарласан байна.

Мөн тус гоо сайхны эмнэлгийг хэрхэн мэддэг болсон, шүүгч гэдгийг эмч Г.Б мэддэг байсан талаар шүүгчээс тодруулахад “... Би ажлынхаа талаар яриагүй. Миний нэг танил л надад Б эмчийн эмнэлгийн талаар хэлсний дагуу л очиж үйлчлүүлж байсан. Танилыг маань А гэдэг юм. А-той санаандгүй тааралдахад тэр эмнэлгийн талаар надад хэлсний дагуу л очиж үйлчилгээ авч байсан, ... А Б-ийн эмнэлгээр байнга үйлчлүүлдэг, аятайхан эмнэлэг гэж надад хэлсэн. А-ийг миний ажлын талаар Б-т хэлсэн эсэхийг мэдэхгүй юм. Би Б-тэй маргалдахдаа “Би шүүгч, шүүгч учраас ингэнэ” гэх мэтээр ярьсан зүйл байхгүй, би огт тийм зүйл хэлээгүй, ... Би мессеж бичихдээ шүүгчийнхээ хувиар бичиж байна гэх агуулгатай зүйл бичээгүй. Шүүгч гэдэг нэг ч үг бичээгүй. Зөвхөн иргэн хүнийхээ хувиар үйлчилгээ авдаг эмнэлгийнхээ хувьд яагаад ийм худал гүтгэлэг хэлж, ийм муухай харилцаа хандлага гаргаж байгаа юм гэдэг агуулгаар л мессеж бичсэн. Миний бодлоор Б намайг шүүгч гэдгийг тухайн үйл явдал болсон үед мэдэж байсан бол тухайн цаг үедээ гомдол гаргаж болох байсан ...” гэж мэдүүлсэн.

Шүүгчид “С” гоо сайхны эмнэлгийг санал болгож, үйлчлүүлэх талаар хэлсэн гэх Н.А нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ... шүүгчийн туслахаар ажиллаж байсан, тухайн эмнэлгээр байнга үйлчлүүлдэг гэдгээ шүүгчид хэлж байсан талаар тайлбартаа дурдсан бөгөөд түүнээс нэмэлт ажиллагааны хүрээнд мэдүүлэг авахад “... С гоо сайхны эмнэлгийн эмч Г.Б-ийг танина. 2020 оны 02 билүү 03 дугаар сард үйлчилгээ авсан, тэр үеэс эхлээд таньдаг болсон. Нэлээн хэдэн удаа үйлчилгээ авч байсан, ... шүүхээс гарсныхаа дараа шүүгч Н.Хонинхүүтэй тааралдаж байсан. Би Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан гэхээр 2021 он хавьцаа Улаанбаатар галлериагийн орчимд тааралдаж байсан санагдаж байна. Шүүхээс гарсны дараа миний нүүр царайны хувьд арай өөрчлөгдсөн байсан юм болов уу, шүүгч Н.Хонинхүүтэй тааралдаад гоо сайхны талаар ярьж байсан санагдаж байна. Эмэгтэйчүүдийн дунд л болж байдаг нэг тиймэрхүү яриа болсон байх. С гоо сайхны эмнэлгийн талаар хэлж л байсан байх. Г.Б эмч намайг шүүхэд ажилладаг гэдгийг мэддэг байсан. Би үйлчилгээ авахаар очихдоо “Би олон эмэгтэйчүүдтэй хамт ажилладаг, Таны талаар хэлнэ ээ” гэх зэргээр хоорондоо энгийн яриа ярьж л байсан. Бас Г.Б эмчид “Би нэг шүүгчдээ Таны талаар хэлсэн, Таны утсыг шүүгчид өгсөн, удахгүй Тан руу залгах байх аа” гэж хэлж байсан. Ганц Н.Хонинхүү шүүгч гэлтгүйгээр шүүхийн бусад олон эмэгтэйчүүд Баяраа эмч дээр очиж үйлчилгээ авч л байсан. Би анх Баяраа эмч дээр очсоноос хойш дараа нь дахин нэг удаа нүүрэндээ утас татуулсан. Үүний дараа л шүүгч Н.Хонинхүүтэй тааралдсан санагдаж байна ...” гэж мэдүүлсэн.

Дээрхээс үзэхэд, Н.А нь эмч Г.Б-т Н.Хонинхүүг шүүгч гэдгийг хэлсэн, эмч Г.Б ч түүнийг шүүхэд ажилладаг гэдгийг мэддэг, шүүгч түүнтэй холбогдох талаар ойлголттой байсан гэж үзэхээр байх тул энэ үйл баримтаар шүүгч Н.Хонинхүүг буруутгах боломжгүй. Н.Хонинхүүг шүүгч гэдгийг эмч Г.Б өөр бусад этгээдээс мэдсэн байх энэ тохиолдолд шүүгч Н.Хонинхүүг өөрийн албан тушаалаа хэлсэн, илэрхийлсэн гэж дүгнэхгүй.

Шүүгчийн хувийн буюу иргэний эрхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т заасан хүрээгээр хязгаарлалт тогтоосон ба үүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэгч хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааны талаар гомдол, хүсэлтээ гаргах, энэ талаар тухайн байгууллагад нь хандахыг хязгаарлаагүй байна.

Шүүгчийн эмч Г.Б рүү бичсэн зурваст шүүгчийн албан тушаалын эрх мэдлээ ашиглан эрх бүхий байгууллагаар шалгуулах, улмаар хариуцлага тооцуулах агуулга илэрхийлэгдээгүй бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх тухай хуулийн хүрээнд иргэн өөрийн харилцдаг байгууллагаа шалгуулах талаар мэдэгдэх эрх нь тухайн иргэний албан тушаалын байдлаар хязгаарлагдахгүй, эрүүл мэндийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэгч этгээдийн талаар гомдол санал гаргах иргэний эрх хуулиар нээлттэй байна.

             Иймд шүүгчийн “... Миний бичсэн зурваст албан тушаалаа ашиглан ямар нэгэн байдлаар шалгуулах талаар, шалгуулсны үндсэн дээр тус байгууллагыг үндэслэлгүйгээр хохироох талаар огт дурдагдаагүй ...” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн, иргэний хувиар нийгмийн харилцаанд оролцохдоо аливаа байгууллагын үйл ажиллагааны талаар хуульд заасан хүрээнд эрх бүхий этгээдэд хандаж, хуульд заасан хүрээнд хяналт шалгалт хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх нь бусдыг дарамталсан үйлдэл гаргасанд тооцох боломжгүй тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-т “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

          Дөрөв. Мэдээлэлд “... албаны гадаад паспортыг ашиглан хувийн ажлаар гадаад улсад зорчдог байж магадгүй ...” гэж дурдсан.

Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2-... дугаар албан бичгээр шүүгч Н.Хонинхүү ... дугаарын албан гадаад паспорттой бөгөөд уг албан паспортоор 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд тус тус 2 удаа Бүгд найрамдах Солонгос улс руу явсан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар албан бичигт “шүүгч Н.Хонинхүү нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд тус зөвлөлөөс албан томилолтоор гадаад улсад зорчоогүй болно” гэжээ.

Мөн шүүгч Н.Хонинхүү нь шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар тушаалаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан, шүүгчийн “2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 17-ны өдрүүдэд Солонгос улсын Сөүл хотод анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нартай сургалт, семинарт оролцох ба сургалтын дараа 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах тул чөлөө олгоно уу” гэх хүсэлтийг нь тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дүгээр захирамжаар хүлээн авч, чөлөө олгосон байна.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн болон засаг захиргааны нэгж, хот, тосгоны өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий нам, төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг Засгийн газрын шийдвэр, түүнчлэн гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж байгаа байгууллагын ажлаар явахаас бусдыг гадаадад хувийн хэргээр зорчих гэнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, ...эрхтэй” гэж,  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 190 дүгээр “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.3-т зааснаар шүүгчид албан гадаад паспортыг паспорт мэдүүлэх эрх бүхий төрийн байгууллагаар дамжуулан мэдүүлснээр олгох ба 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар тухайн албан паспорт эзэмшигч нь гадаад улсын хил гаалиар болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөл бодисыг нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, тээвэрлэсэн, хууль бусаар худалдах үйл ажиллагаанд оролцсон талаар гадаад улсын эрх бүхий байгууллагаас дипломат шугамаар мэдэгдсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ.

Иймд  шүүгч Н.Хонинхүү нь 2024 онд Солонгос улсад зохион байгуулагдсан сургалт, семинарт хамрагдсан, сургалтын дараа эрүүл мэндийн шалтгаанаар тус улсад шинжилгээ хийлгэсэн, харин 2022 онд ээлжийн амралттай байх хугацаандаа албаны гадаад паспортоор Солонгос улс руу нэг удаа зорчсоныг албаны гадаад паспортыг байнга ашигладаг гэж үзэхгүй буюу холбогдох хууль, журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

Тав. Мэдээлэлд “... шүүгч нь өөрийн нэр хүндийг ашиглаж тус шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан, одоо Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст ажилладаг н.Л руу залгаж авч өгөхийг хүссэн ... гэжээ.

Мэдээлэлд дурдагдаж буй Б.Л нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч Э.Л-гийн туслахаар 2016-2021 он хүртэл ажиллаж байжээ.

Тэрээр “... Оны өмнө байх. Над руу нэг дугаараас залгаж шүүгч Н.Хонинхүү сурталчилгааны материал ирсэн байна үүнийг хаанаас очиж авдаг вэ гэж асуусан. Гадаадаас мод, зүлэг тарих эко био сурталчилгааны материал ирсэн байна хаанаас авах вэ гэсэн. Тэгэхээр нь Чингис хаан нисэх онгоцны буудлаас эсхүл шуудангийн Гаалийн газрын терминалаас очиж авах байх та тэндээс асуу гэж хэлсэн. Хэрэв онгоцоор ирсэн бол Чингис хаан гаалийн газарт байгаа байх гэж хэлсэн” гэж,

шүүгчийн охин Ж.Б “... 2024 оны 08 дугаар сарын сүүлээр Монгол Улсад болох үйл ажиллагаанд зориулж таны ажилладаг Солонгос Улсын компаниас бэлэгт өгөх хамтран ажиллаж байгаа эмнэлгүүд, манай байгууллагын нэрийн хуудас, боршур, гарын авлага, утасны гэр, наалт, тэмдэглэлийн дэвтэр, гарын тос, үзэг, бал, хэдэн ширхэг USB оруулж ирж байсан. Эдгээрийн талыг бид өөрсдөө авчирсан, талыг нь каргогоор явуулж байсан. Бид хилээр орж ирэхдээ албан бичигтэй ирж байгаа болохоор хураалгасан тохиолдол байхгүй. Каргогоор ирж байгаа материалуудыг аав авч, каргоны төлбөрийг төлсөн. Би аавд “төлбөрийн баримтаа өгөөрэй” гээд сүүлд нь аавд төлбөрийг нь өгсөн. Каргогоор цаасан материалууд хүнд тул боршур зэргийг явуулж байсан ...” гэж,

шүүгчийн нөхөр Д.Ж “... охин ачаа явуулсан гээд фейсбүүк мэссэнжэрээр карго хүлээж авах бичгийн зургийг явуулсан. Нисэхийн гааль дээр очих байх” гэсэн. Би авах гэж очиход “нэг бараа олон ширхэгтэй, өндөр татвар авна гээд байхаар нь гааль дээр үлдээсэн. Тэгээд би Н.Хонинхүү рүү яриад хэлэхэд “гаальд байдаг нэг хүнээс асуугаадахъя” гэсэн. Гаальд байсан гэх бараануудыг бүгдийг нэг бүрчлэн тоолуулж авсан болохоор би санаж байна. Тэнд гурав нугалсан тараадаг материал 100 ширхэг, гар утасны ард наадаг карт хийдэг наалт 50 ширхэг орчим, хөлтэй самбар шиг нэг зүйл 1 ширхэг байсан. Би гааль очиход “480.000 төгрөгийн татвар төл” гэсэн. Яагаад ингэж байгаа юм гэж асуухад гаалийн ажилтан “сонгуулийн тараах материал зэрэг нь гаалиар их ордог, нэг бараа олон төрөл байхаар татвар авдаг” гэж тайлбарласан. Тэгээд би авахгүй гээд орхиод явчихсан юм. Гэтэл охин “яршиг аа, маргааш Дархан хотод наадуул чинь байх ёстой учраас авчих” гэснээр би маргааш нь очиж авсан. Би Н.Хонинхүүд “каргонд нь үнийг нь төлсөн гэчхээд дахиад татвар авна гээд байна” гэж ярихад Н.Хонинхүү “хүнээс асууя” гэсэн. Гэхдээ эргүүлээд залгаагүй, би дахиад залгасан боловч утсаа аваагүй. Минийхээр Н.Хонинхүү хуралтай байсан санагдаад байх юм ...” гэж тус тус мэдүүлэг өгсөн.

Дээрхээс үзэхэд, шүүгч нь Б.Л-той утсаар холбогдон өөрийн охиноос ирүүлсэн барааг хаанаас авах талаар асууж ярьсан болох нь тогтоогдож байх боловч “шүүгч нь өөрийн нэр хүндийг ашиглаж гааль дээр байгаа барааг авч өгөхийг хүссэн” гэх мэдээлэл тогтоогдохгүй байна.

Зургаа. Мэдээлэлд дурдагдсан үйл баримтууд нь сахилгын зөрчилд тооцогдохгүй байх боловч шүүгч, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдалд холбогдох, бусдад шүүгчийн албан тушаалын эрх мэдлийг ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийж байгаа мэтээр ойлгогдохоос сэргийлж байхыг анхаарах шаардлагатай байна.

Хэдийгээр шүүгч нь өөрийн охины эрхэлдэг үйл ажиллагааг дэмжиж туслахын тулд, мөн өөрийн нөхрийн эрүүл мэнд болон танил хүмүүстээ гадаад улс руу явалгүйгээр эрүүл мэндийн үзлэг, зөвлөмжид хамрагдах боломжийг олгох зорилгоор мэдээлэл хүргэсэн байх боловч шүүгчийн харагдах байдал нь шүүн таслах ажиллагааг бодитоор хэрэгжүүлэхтэй адил чухал тул шүүгч хүн аливаа сэжиг, хардлага төрүүлэх үйлдлээс хол байж, сэжиг хардлага төрүүлэхгүйгээр биеэ авч явах, түүнийгээ өөрийн үйлдлээр харуулах нь чухал бөгөөд бусдад үлгэр жишээ болохуйц амьдрах шаардлагатай байдаг, овилгогүй зан байдалтай харагдах нь шүүхийн нэр хүндэд үл нийцдэг болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүүд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Н.Хонинхүү ирүүлсэн тайлбартаа: “...Шүүгч миний талаар гаргасан гомдол үнэнд огтоос нийцэхгүй, ор тас үндэслэлгүй байна. Түүний гомдолд бичсэнчлэн өөрийнх нь танилын дүү охиныг ноцтой хохироосон, дээрэлхсэн, харааж загнасан албан тушаалаараа түрий барьсан ноцтой хэргийг шүүгч миний бие огт гаргаагүй.

Миний төрсөн охин Ж.Б БНСУ-д маркетингийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд тус улсад 2008 оноос хойш тасралтгүй сурч ажиллаж амьдардаг. 2024 оны 8 дугаар сарын 28-31-ний өдрүүдийн үед Монголд БНСУ-ын эмнэлгүүдийн нээлттэй өдөрлөг /өөрийн ойлгосноор бичлээ/ болсон бөгөөд уг арга хэмжээнд охины ажилладаг өвчтөн, үйлчлүүлэгчийг БНСУ-ын эмнэлгүүдэд зуучлах үйл ажиллагаа явуулдаг компани ирж оролцсон, мөн тус компанитай хамтран ажилладаг зарим эмнэлгийн эмч нар ирж өвчтөн үйлчлүүлэгч нарт үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн, зарим нэг хүмүүсийн хүсэлтийн дагуу жижиг мэс ажиллагаа хийх гэж байгаа талаар охин маань бидэнд танилцуулж хэлсэн.

Харин миний хувьд өөрийн садан төрлийн болон найз нөхөд зарим нэг таньдаг хүмүүст “Солонгос явах шаардлагагүйгээр Солонгосоос эмч ирсэн байдлыг ашиглан үнэгүй зөвлөгөө авах боломжтой юм байна” гэдэг талаар хэлж дуулгаж байсан бөгөөд өөрийн өвчний зарим байдлын талаар болон нөхөр маань өмнө нь Солонгост байх хугацаандаа нүдний зовхины гэмтэл авснаас болж сорви нь дотогш чиглэлтэй эдгэсний улмаас нүдний эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөж байсан зовхитой холбоотой асуудлаа зохих мэргэжлийн эмч ирснийг далимдуулан үзүүлсэн. Манай нөхрийн зовхины сорвитой хэсгийг эмч “мэс ажилбараар авах шаардлагатай, удах тусам нүдэнд нь мах ургах, улмаар хараанд нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн тул мэс ажилбар хийлгэхээр болсон юм.

Мөн хамт ажиллаж байсан бас нэг танил нүдний зовхи нь доош унжиж харахад төвөгтэй байгаа тул “мэс ажилбарт ормоор байна” гэснээр эмчтэй уулзуулахыг хүссэн, би тэр хүнийг охинтойгоо холбож өгсөн. Улмаар тэр хүн Солонгос эмчтэй уулзаж зөвлөгөө авсны үндсэн дээр зовхины мэс ажилбарт орохоор болсон юм билээ. Энэ талаар охин надад хэлсэн бөгөөд гоо сайхны ямар нэгэн эмнэлэгтэй холбогдож тус мэс ажилбаруудыг хийх шаардлагатай байна, эмнэлэг олох шаардлагатай танд таньдаг эмнэлэг байна уу гэж надаас асуусан. Би болон миний танил, хамаатны дүү нар эмчилгээ үйлчилгээ хийлгэдэг эмч Бийг таних учраас түүнтэй уулзаж “танай дээр БНСУ-аас ирсэн эмч мэс ажилбар хийж болох уу гэж асуулгаж байна чи зөвшөөрөх эсэх талаар манай охинтой холбогдож болох уу чиний утсыг охиндоо өгчих үү” гэж асуусан нь үнэн, Б эмч Солонгос эмчийн мэс ажилбар хийж байгааг бид өөрсдөө харж юм сурч авъя гээд зөвшөөрсөн аястай байсан тул би түүний утсыг охиндоо өгөөд орхисон.

Маргааш нь өглөө охин маань өдөрлөг болж байгаа газар руу явахдаа Б эмчтэй ярьж тохирсон, Солонгос эмч, сувилагч болон орчуулагчтай очиж аавд болон таны танилд мэс ажилбар хийнэ гэж хэлээд явсан.

Манай нөхрийн нүдний зовхинд мэс ажилбар хийнэ гэсэн тул би нөхрөө аваад өглөө очсон. Манай нөхөрт мэс ажилбар хийж байх явцад С эмнэлгийн эмч /хэн гэдгийг нь мэдээгүй/ тухайн үед хамт байж харж байсан бөгөөд Солонгос эмч маш эвлэгхэн сайхан хийдэг юм байна гэж олон удаа магтаж, сайшааж байсан юм гэсэн, мөн хэн нэг эмч нь өөрийнхөө хамарт хагалгаа хийлгэмээр байна энэ эмчээр гэж хэлж байсан гэсэн.

Хагалгаа хийж дууссаных нь дараа би нөхрөө очиж авсан. Тэр үед надтай хамт ажиллаж байсан хүн /хувь хүний нууц гэдэг утгаар нэрийг нь бичихгүй байхаар шийдлээ/ мөн нүдэндээ мэс ажилбар хийлгэхээр ирсэн хүлээж байсан бөгөөд гарах үед Б эмч хагалгаа хийж байсан Солонгос эмчийг үдээс хойш эмнэлэг дээрээ байлгаж, бүтэн өдөр ажиллуулмаар байна гэсэн утгатай зүйл хэлсэн, тэр үед охин маань утсаар залгасан, би Б эмчийн хэлснийг буюу “Солонгос эмчийг өөрийнхөө эмнэлэг дээр үдээс хойш бүтэн байж ажиллах юм шиг байна” гэдгийг охиндоо хэлсэн, охин өөдөөс “эмч өөр товлосон ажлуудтай байгаа даа” гэж хэлж байсан. Охины ярьсныг би Б эмчид хэлсэн.

Өөрөөр хэлбэл, “Солонгос эмч нь үдээс хойш завгүй юм шиг байна, тиймэрхүү юм ярьж байна, чи өөрөө манай охинтой холбогдоно биз дээ” гэж хэлээд нөхрөө аваад явсан.

Харин намайг гарсны дараа Б эмч надтай хамт ажиллаж байсан хүнд хагалгаа хийж байхад нь Солонгос эмч рүү орж “одоо гар, боль, ер нь та нараар эмнэлэг дээрээ юм хийлгэхээ болилоо” гэх зэргээр гэнэт л уурлаж хагалгаа хийж байгаа эмчийг болон хагалгаа хийлгэж байгаа өвчтөнийг маш хүнд байдалд оруулсан гэсэн.

Тийнхүү уурлах болсон шалтгаан нь хагалгаа хийж байсан Солонгос эмчийг тухайн өдрийн үдээс хойш өөрийн эмнэлэг дээрээ ажиллуулсангүй гэж буюу өөртөө гоо сайхны ямар нэгэн үйлчилгээ хийлгэх боломжгүй боллоо гэж ойлгосон юм шиг байна лээ. Бас намайг үдээс хойш Солонгос эмчийг ажиллуулахгүй гэж хэллээ гэж ойлгосон юм билээ. Би уг нь “эмч нь үдээс хойш өөр ажилтай л юм шиг байна чи өөрөө манай охин руу залгаж яриарай” гэж маш тодорхой хэлээд гарсан.

Үдээс хойш нэлээд оройхон манай охин залгаад таныг загнасан гэж Б эмч хэлээд байсан гэхээр нь би Б эмч рүү залгаж “би уг нь чамайг Солонгос эмчийг хагалгаа энэ тэр хийхийг харж авъя гэхээр нь охинтойгоо холбож өгсөн юм сан юу болчхов, бас би өдөр чам руу огт уурлаагүй шүү дээ охин руу залгаарай гэж тодорхой хэлээд гарсан шүү дээ, буруу ойлголцов уу юу болчхов оо, танайх камертай байхаа тэрийг чинь үзье. би огтоос уурлаагүй шүү, чи санаж байгаа байлгүй дээ, ...яагаад ийм зүйл болов“ гэх зэрэг зүйл хэлсэн.

Б эмч тодорхой зүйл хэлээгүй санагдана, түүнээс хойш эмч дахиж надтай холбогдоогүй, би ч дахиж залгаагүй бөгөөд дараа нь охин Б эмчид “манай ээж уурлаж хэлэх ямар ч үндэслэлгүй, та бичлэгээ гаргаад ирээ тэгээд учраа ольё” гэхэд бичлэг гаргаж ирсэнгүй, төлбөр энэ тэр авахгүй гэсэн” гэж хальт хэлээд өнгөрсөн.

Энэ асуудал ингээд л өнгөрсөн. Өөрөөр хэлбэл тухайн үед Б эмчийг тийнхүү хүний ёс, эмчийн ёс зүйд үл нийцэх байж боломгүй ааш авир гаргасан гэдэгт итгэж ядаж байсан бөгөөд буруу зөрүү ойлголт үүссэн байх өөртөө солонгос эмчээр юм хийлгэх гэсэн юм болов уу тэр тухайгаа хэлэх боломжгүй байсан юм болов уу гэсэн юм бодоод л өнгөрсөн.

Гэтэл хэдэн сарын дараа гэнэт ийм асуудалтай холбогдуулан ор үндэсгүй зүйл олныг бичиж гомдол гаргуулж байгаад үнэхээр гайхаж байна.

Хэрэв хөлс мөнгөтэй холбоотой гомдол санал байгаа бол энэ олон сарын хугацаанд надтай манай хүүхэдтэй холбогдох бүрэн боломжтой байсан. Энэхүү боломж өнөөдөр ч нээлттэй. Хэрэв надтай болон манай хүүхэдтэй холбогдсон бол цааш нь мэс ажилбар хийсэн солонгос эмч нарт нь дамжуулах талаар охиндоо хэлэх зэрэг байдлаар гомдол саналыг нь барагдуулах арга хэмжээ авах боломж бүрэн нээлттэй.

П.А өмгөөлөгч яагаад ганцхан талын хэлсэн ярьсанд итгэж ийнхүү өөрийн нүдээр үзсэн харсан юм шиг “ноцтой хохироосон, харааж загнасан, албан тушаалаараа түрий барьсан ...загнаад гараад явчихжээ ...Н.Хонинхүү шүүгч залгаж... гэх мэтээр загнаж, айлгаж сүрдүүлсэн байна ...гадаад эмч нарын хууль бус эм тариаг гаргуулах талаар хөөцөлдсөн...” гэх зэрэг агуулгаар барин тавин худал зүйл бичиж гүжир гүтгэлгээр харлуулж байгааг гайхаж харамсаж байна.

Би өөрөө Б эмчээр үйлчлүүлж байсан өвчтөнийх нь хувьд охинтойгоо холбосон, мөн нөхрөө тэр эмнэлэг дээр мэс ажилбарт оруулсан, ямар ч асуудал гараагүй баярлаж талархаж байгаа хүн атлаа яахаараа гэнэт уурлаж загнаад гараад явчих билээ, ямар ч тэнэг хүн ийм үйлдэл гаргахгүй, гаргах өчүүхэн ч шаардлагагүй бөгөөд энэхүү гүтгэлэг нь ямар ч логикгүй, хүнийг гүтгэж, шалгуулж, бах таваа хангах гэсэн далд явуулга цаана нь байна даа гэж яах аргагүй хардахад хүргэж байна.

Өмгөөлөгч хүнд бас хуульчийн ёс зүй хамаатай, тэр тусмаа шүүгч гэдэг утгаар ийнхүү ор үндэсгүй гүтгэж байгаа нь ямар нэгэн хэрэг маргаантай холбоотой далд ашиг сонирхол байгаа эсхүл хэн нэгний намайг дээшээ дэвшчих вий дээ гэсэн нууц далдын атаа хорсол, өшөө авалт, хов жив, явуулга, ятгалгад бүрэн автагдаж жинхэнэ “хонгил” гэгчийг үүсгэх санаархлаа хэрэгжүүлэх гэсэн арга мэх гэж үзэхээс өөр ямар ч аргагүй байна.

Мөн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан "...үүнээс болж тухайн эмнэлгийн эмч ажилтнууд гайхан цочирдож...” гэх мэт гомдол бас зохиомол бөгөөд тухайн эмнэлэгт цалин хөлс авч ажилладаг бусад хүмүүст нөлөөлж худал мэдүүлэг өгүүлэх замаар гүжир гүтгэлгийг үнэн болгох санаархал агуулагдаж байж болзошгүй гэж үзэхээр байна. Тухайн үед намайг нөхрөө авахаар ороход олон эмч сувилагч байгаагүй би зөвхөн үүдний хэсэгт Б эмчтэй хальт уулзаад удалгүй гарсан гэдгийг бичих нь зүйтэй байна.

Мөн гомдлын “харамсалтай нь энэ явдал анхны удаа биш ажээ. Өмнө нь гэсэн гадаад эмч нарын төлөөлөл маягаар ажиллаж ашиг орлого олж байжээ...” гэх зэрэг гомдол ямар нэгэн баримт нотолгоогүй, ор тас үндэслэлгүй, гүжир гүтгэлгийн шинжтэй байна. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар Солонгос болон гадаад эмч нартай холбогдож, тэдний төлөөлөл болж ашиг орлого олох талаар санаанд байтугай зүүдэнд ч ороогүй юм байна.

Харин үр хүүхдийнхээ хүүхэд байхаасаа өнөөдрийг хүртэл Солонгост амьдарч байгаа, монголд ирээд ээж аавыгаа түшиж тулахаас өөр аргагүй, цаг хугацаа давчуу байсан тухайн байдал цаг үед өөрийг минь эмчилж байсан эмч хэмээн итгэж Б эмчтэй холбож өгсөн нь бас Б эмч өөрөө Солонгос эмчийн хагалгаа хийж байгааг харж, юм сурч авъя гэснийг нь дэмжсэн нь хүний л амьдралд байдаг өчүүхэн төдий эцэг эхийн тус гэж үзэж байна. Шүүгч хүн гэр бүлтэй үр хүүхэдтэй байж болохгүй, тэдэндээ энэ мэт өчүүхэн тус хүргэж болохгүй гэж юм бол хүний ёсноос гажсан зүйл болох байхаа. Шүүгч хүн шүүгч байхын тулд хамгийн түрүүнд хүн байх ёстой гэж сургадаг, гэтэл хүн ёсны наад захын үр хүүхдэдээ энэ мэт өчүүхэн тус хүргэх ч эрхгүй гэвэл дэндүү хүнлэг бус харгис зүйл болно гэж ойлгож байна. 

Харин гомдолд дурдсан шиг гуйвуулж, гүтгэж гүжирдэх асуудал бол цаанаа зорилготой болов уу гэж бодно. Тухайн үед би Б эмчийн намайг гарсны дараа адилхан эмч хүн атлаа хагалгаа хийж байгаа Солонгос эмчийг гэнэт хөөж тууж, уурласан аяг гаргасныг сонсоод буруу зөрүү ойлголцсон юм байлгүй, насанд хүрсэн хүмүүс байна манай охинтой өөрсдөө учраа олно биз гээд орхисон. Бодит үнэн бол энэ л байна. Яг энэхүү тайлбарыг бичиж суухдаа ч гэсэн Б эмчийг ийм ёс зүйгүй увайгүй, улайн цайм ор үндэсгүй, гүжир гүтгэлгээр хүнийг харлуулж суух хүн биш л байх шиг байсан даа, бусдын ятгалга элдэв хов жив, ашиг сонирхол бүхий өөр хүмүүсийн ятгалга нөлөөнд орсон болов уу гэж бодогдож байгаагаа бичихгүй байж чадахгүй нь ээ. Учир нь эмч хүн гэдэг бол шүүгчтэй мөн ялгаагүй, шүүгчээс ч илүү хүний хувийн нууцыг мэддэг, ойр дотно харилцаж ажилладаг хүний хувьд асуудалд нухацтай, чин сэтгэл зүрхээрээ ханддаг байхаас гадна хүн чанартай, чин шударга хүн байх ёстой гэдгийг би биш нийгэм өөрөө шаарддаг гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа.  Энэ утгаараа үнэхээр гайхаж байна, яагаад ийм ор үндэсгүй зүйл бичүүлээд байгааг.

Мөн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан "...бизнесийнхээ ажлаар байнга гадаад явдаг байж болзошгүй ...явах бүртээ төрийн албан паспортыг хувьдаа ашигладаг байж болзошгүй..." гэсэн агуулгатай гомдлын тухайд, аливаа хүн бусдыг хардах эрхтэй л байх гэхдээ хардалтын хязгаар хардалтын логик, хардаж байгаа хүний ёс зүй, ёс суртахуун гэж бас байдаг.

Миний бие охин маань БНСУ-д удаан хугацаагаар амьдарч байгаа өөрөө бас тус улсад 4 жил магистр хамгаалахаар суралцсан зэрэг шалтгааны улмаас хааяа охиноо эргэх, профессортойгоо уулзах, хүүхдээ эмчлүүлэх, эрүүл мэндийн шинжилгээнд орох гэх зэрэг хувийн шалтгаанаар, мөн албан ажлын томилолтоор БНСУ руу явах хэрэгцээ шаардлага заримдаа гардаг нь үнэн боловч гомдолд бичсэн шиг хувийн бизнес энэ тэр хийгээд давхар ашиг орлого олох зүйл хийгээд яваад байдаг тийм увайгүй, зальтай зайтай хүн бишээ би. Гүтгэлгийн хүрээ хязгаар бол үнэхээр увайгүй байна гэж хэлэхээр байна.

Гомдол гаргагчаас миний гадаад явсан шалтгаан байдлыг тодруулах талаар хүсэлт гаргасан, Шүүхийн сахилгын хороо энэ талаар тодруулах ажиллагаа хийсний дараа шаардлагатай бол гадаад явсан байдлын талаар дахин тайлбар өгөх нь зүйтэй болов уу гэж үзлээ.

Мөн гомдол гаргагчийн хүсэлтэд шүүгч намайг “Солонгос эмч нартай нягт холбоотой байна. Солонгос эмч нар Монголд ирэхдээ хууль бус эм тариа хураалгаж байгаад баригдаж хураалгасан... Л руу ярьж хураалгасан бараа авч өгөхийг хүссэн...” гэх зэрэг гүтгэлэг ор үндэсгүй байна.

Өмнө дурдсан 2024 оны 8 дугаар сарын сүүлээр Монголд болсон нээлттэй өдөрлөгт зориулан манай охины ажилладаг компаниас Монгол руу гарын авлага, тараах материал, цаасан тор зэргийг каргогоор илгээсэн байсан боловч гааль дээр хураагдсан байсан юм билээ. Тэр талаар охин аав руугаа ярьж төлбөр мөнгийг нь төлөөд аваад байж байгаач онгоцоор очоод шууд Дархан руу өдөрлөг рүү явах юм байна гэж цаг тулгаж ярьсан. 

Тухайн үед цаг давчуу байсан, манай нөхөр хаанаас очиж авах юм бол, Гаалийн ерөнхий газарт гомдол гаргадаг юм шиг байна, танай ажлын хажууд байдаг биз дээ асуугаадхаач гэж над руу утасдсан. Би Гаалийн ерөнхий газарт ажилладаг манай шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан н.Л руу залгаж гааль дээр гаргахгүй байгаа барааг хаанаас авдаг, танайд гомдол гаргавал хэдий хугацаанд шийддэг вэ гэх зэрэг юм асууж байсан санагдаж байна. /Энэ талаар н.Л-оос асуух боломжтой/

Улмаар манай нөхөр охины компанийн бичиг цаас, тараах материалыг өөрөө нисэхийг гааль дээрээс /хаана байдгийг нь би мэдэхгүй/ нэлээдгүй мөнгө төлж авсан гэж байсан бөгөөд каргонд мөнгө төллөө, гаальд мөнгө төлж бас давхар хохирлоо гэсэн зүйл яригдаж байсан санагдана. Харин мөнгийг нь тухайн үед бид төлсөн, дараа нь охины компаниас авсан санагдаж байна.

Энэ талаарх үйл баримтыг дутуу, буруу ойлгогдсон байж болох юм. Гэхдээ хүнд буруу хар санаж гутааж доромжлох асуудал бол үнэхээр хязгааргүй байдаг юм байна. Миний хувьд ямар ч Солонгос эмч танихгүй, таньдаг байлаа ч хууль бусаар авч яваад хураалгасан эм тариаг нь гаргаж өгөх гээд гүйж явдаг, завтай, арчаагаа алдсан хүн би бишээ. Арай л их доромжилсон агуулгатай зүйл бичсэн байгаад харамсаж байна гэхээс өөр хэлэх ч үг алга даа.

Энэ мэт гомдлууд нь бүхэлдээ ямар ч баримт нотолгоогүй, огтоос үндэслэлгүй, цэвэр гүжир гүтгэлгийн шинжтэй байна.

Тухайлбал, аль улсын хэн гэдэг эмч хэзээ хилээр орж ирээд юу хураалгасан, би тэр мэт зүйлийг яагаад хөөцөлдөж явах шаардлагатай болсон, хэрхэн яаж хөөцөлдөж гаргаж өгсөн гэх гэх мэт асуудал огт баримт нотолгоогүй, шалтгаан үндэслэл тайлбарлагдаагүй, таамагласан, гүтгэсэн, “хар пиар” гэдэгтэй адил огтоос үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй зүйл байна.

Эцэст нь Монголд тэр тусмаа төрийн байгууллага, шүүхийн системд хэн нэгэн ямар нэгэн албан тушаал горилох шалгалт шүүлэг өгөх, нэр дэвших цаг хугацаатай давхцуулан атаархагч, өрсөлдөгч нарын зүгээс хэргийн оролцогч, эсвэл буруу зөрүү ойлголттой ямар нэгэн хүмүүсийг башир аргаар уруу татаж өөрийн өрсөлдөгчөө гутаах, атаархаж явдаг хүнийхээ эсрэг гомдол бичүүлэх, шалгуулах зэрэг хэлбэрээр “тамын тогооны үлгэр”-ийг давтамжтайгаар хэрэгжүүлдэг арга тогтсон жишиг болсон нь нэгэнт нийтэд илэрхий зүйл болжээ.

Энэхүү гомдолд дурдагдсан Б эмч хэрэв хохирсон гэж үзэж байгаа бол надтай эсхүл манай хүүхэдтэй холбогдох хохирол төлбөр нэхэх бүрэн боломжтой атал энэ талаар чимээгүй хэдэн сар өнгөрсний дараа энэ цаг үед ийнхүү асуудлыг бүрэн дүүрэн гуйвуулж, утга агуулга бүхэн нь ор үндэсгүй гүжир гүтгэлгийн шинжтэй зүйлсээр дүүрсэн гомдол гаргуулснаас үзвэл “тамын тогооны үлгэр” давтагдаж байгааг илтгэж байгааг зориуд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

Шүүгч Н.Хонинхүүгээс Шүүхийн сахилгын хороонд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “шүүгчид дараах зүйлийг хориглоно”, ... 50.1.31 дэх заалтад “хүнийг үндэс, угсаа, ... нас хүйс, ... хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсрол, ... зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж тус тус заасан нь шүүгчид хориглосон зохицуулалт юм.

... Харин “дарамтлах” гэдэг үгийн утгыг Монгол хэлний тайлбар тольд “тээр саад болох дарамт болох; хүчлэн дарангуйлах, дарлах” гэх утгыг илэрхийлнэ гэж тайлбарласан байх бөгөөд “дарлах” гэх үгийн утгыг “бусдыг дарангуйлан зовоох” дээрэнгүйлэн доромжлох” гэж тайлбарласан байна.

Сахилгын хэргийн ажиллагааны явцад шүүгч Н.Хонинхүү өөрийн ашигладаг ... дугаараас эмч Г.Б-ийн ... дугаарт 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 47 минутад “... чи ганц эмнэлэгтэй биш ш дээ, чамайг эмнэлэг нээснээс хойших бүх зүйл дээр чинь аудит хийлгэе, ямар татвар төлснийг чинь, эмнэлэг чинь стандартын шаардлага хангасан үгүйг, яаж зөвшөөрөл авсныг чинь шалгуулна шүү” гэх зурвас явуулсан үйл баримт тогтоогдсон болно.

Иймд шүүгчийн гаргасан энэхүү үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31 дэх заалтад “хүнийг” ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчсөн нь нотлогдож байна гэж үзлээ.” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

...Сахилгын хорооны гишүүн шүүгч намайг дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэхдээ миний өөрийн ... дугаараас эмч Г.Б-ийн ... дугаарт 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 47 минутад илгээсэн “... чи ганц эмнэлэгтэй биш ш дээ, чамайг эмнэлэг нээснээс хойших бүх зүйл дээр чинь аудит хийлгэе, ямар татвар төлснийг чинь, эмнэлэг чинь стандартын шаардлага хангасан үгүйг, яаж зөвшөөрөл авсныг чинь шалгуулна шүү” гэх зурвастай холбон энэхүү зурвас бичсэн үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31 дэх заалтад “хүнийг” ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчсөн нь нотлогдож байна гэж үзлээ” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн уг дүгнэлтийг хийхдээ намайг шүүгчийнхээ албан тушаалыг ашиглаж, шүүгчийн албан тушаалтны үүднээс, шүүгчийн ажил албан тушаалтай холбоотойгоор Б гэх эмчтэй харилцаанд оролцоогүй, харин иргэн хүний хувиар иргэд хоорондын харилцааны хүрээнд харьцаж байгааг огтоос анзаараагүй, энэ тухайд огт дүгнэлт хийгээгүй орхигдуулснаас дүгнэлтийн тус хэсэг үндэслэл бүхий болоогүй байна.

Өөрөөр хэлбэл, би тус зурвасыг бичихдээ тухайн хүнтэй харилцахдаа шүүгч гэдэг албан тушаалтныхаа хувьд тухайн эмнэлгийн чанар, үйл ажиллагаа, татвар төлөлтийн байдлыг шалгуулна шүү гэж бичихдээ жирийн иргэний хувиар тус эмнэлэгтэй, тус эмчтэй харилцах явцад ор үндэсгүй, баримт нотолгоогүйгээр намайг өөрийг нь загнасан мэтээр гүтгэснийг сонсоод эмч мэргэжилтнийх нь хувьд түүний ор үндэсгүй худал гүтгэлэг, байгаа байдал, хандлага, ёс зүй, сахилга хариуцлагын асуудал нь надад болон үйлчилгээ авч байгаа гэр бүл цаашлаад нийтийн амь нас  эрүүл мэндэд хамаатай тул түүний эрхэлж байгаа эмнэлгийн үйл ажиллагаанд эргэлзэж эхэлсэн тул энэ талаар эрх бүхий мэргэжлийн байгууллага албан тушаалтанд нь хандаж шалгуулах боломжтой, хуулиар хязгаарлаагүй тул энэ талаар гомдол санал гаргах боломжтой гэдэг агуулгаар зурвас бичсэнийг шүүгчийн хувьд албан тушаалаа ашиглан эрхэлсэн, ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн, дээрэлхсэн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн сахилгын хорооны гишүүн уг дүгнэлтийг хийхдээ тухайн зурвасын өмнөх хэсэгт бичигдсэн “.... чамайг залуу хүн юмны учир ойлгоно гэж бодоод санал болгосон, чи ийм муухай зан гаргах байсныг даанч мэдсэнгүй ...” гэсэн хэсгийг ор тас бичээгүй, энэ хэсэгт огт ач холбогдол өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэгчлэн миний бичсэн танай эмнэлгийг шалгуулъя гэсэн хэсэг яагаад бичигдэх болсон шалтгаан үндэслэлийн талаар тайлбарласаар байхад тэр тусмаа Б эмч намайг нөхрөө хагалгаанаас аваад гарахдаа түүнийг загнасан, түүн рүү уурласан гэсэн ямар ч логикгүй, шалтгаант холбоо нь тайлбарлагдаагүй гүтгэж байгаад гайхаж харамсаж байгаа талаар бичсэн зурвасыг хэсгийг огт бичээгүй энэ талаар буюу сахилгын гомдлын гол хэсэг нотлогдоогүй байна.

Сахилгын хорооны гишүүний дүгнэлтийн цааш үргэлжлэх хэсэгт ... гэрч Б ... шүүгч Н.Хонинхүүтэй утсаар ярихад .... халтар тавчиктай захын хорооллын жижиг эмнэлэг байж юун сүртэй юм бэ ... гэж мэдүүлэг өгсөн боловч тэрээр уг явдлын талаар бичлэг хийгээгүй, байхгүй гэж мэдүүлэг өгсөн, дахин шалгах ажиллагааны явцад ... надад гаргаж өгөх нэмэлт баримт тайлбар байхгүй гэж бичгээр тайлбар ирүүлсэн бөгөөд өөр бусад баримтаар шүүгчийг зүй бус авирласан гэх үндэслэл тогтоогдоогүй болно” гэснээс үзвэл намайг анхнаасаа загнасан тул дараагийн хүний хагалгааг зогсоохыг шаардсан гэсэн нь баримтгүй ор үндэсгүй гүтгэлэг гэдэг нь нотлогдож байхад ийнхүү худал гүтгэсэнд гайхсан миний зурвасын хэсэг орхигдож дараагийн мөрөн дэх иймээс танай эмнэлгийг шалгуулъя гэснийг нь тастаж авч дарамталсан, дээрэлхсэн гэж үзэж байгаа нь сахилгын зөрчил гаргалаа гэх гомдлыг бүхэлд ойлгоогүй, эсвэл ойлгосон ч ямар нэгэн байдлаар буруутгая гэсэн мэт уншигдаж байна.

2.Гомдол гаргагчийн бичсэн гомдол сахилгын хэрэгт авагдсан бүх тайлбар бусад баримтуудаар тухайн өдөр С эмнэлэг дээр 2 хүнд зовхины мэс ажилбар хийлгэх талаар Б гэх эмчтэй нь урьдчилаад ярилцаж тохирсон болох нь, Солонгос эмч сувилагчийн хамт өглөө очиж эхний хүнд зовхины мэс ажилбар ямар ч асуудалгүй хийгдсэн, харин дараагийн хүнд мэс ажилбар хийгдэж байхад гэнэтхэн л Б гэх эмч нь одоо болилоо та нар гар гэж хөөсөн гэсэн асуудлууд тодорхой харагдаж байх боловч сахилгын дүгнэлтэд энэ талаар ямар ч дүгнэлт хийгдээгүй атлаа намайг бусдыг дарамталсан, дээрэлхсэн гэж байгаа нь логик авцалдаагүй байна.

Ийнхүү Б эмч гэнэтхэн л хоёр дахь хүн буюу ... /шүүгч/-т зовхи өргөх мэс ажилбар хийж байхад наад хагалгаагаа зогсоо гэж шаардах болсон шалтгаанаа тайлбарлахдаа эхэлж зовхины хагалгаанд ороод дууссан  нөхрөө дагуулаад гарахдаа намайг гэнэтхэн уурлаж загнасан гэх ямар ч логикгүй тайлбарыг хэлсэн байдаг боловч яагаад намайг гэнэт уурласан, уурлахдаа юу гэж хэлсэн талаар огтоос тайлбарлаагүй, энэ талаар ямар нэгэн камерын бичлэг өөр бусад ямар нэгэн баримт нотолгоо байхгүй, ор үндэсгүй гүтгэлэг болох нь тогтоогдож байна.

Би болон манай гэр бүл энэ тухайд нь яагаад ийнхүү худал гүтгэж байгааг нь үнэхээр ойлгоогүй, магадгүй өөрийнхөө хамрыг солонгос эмчээр засуулах өндөрлүүлэх мэс ажилбар хийлгэх гэсэн боловч эмч нь үдээс хойш ажилтай гэхээр тэгж уурласан юм болов уу л гэж ойлгосон. Үнэхээр уурласан шалтгааныг нь ойлгоё гэвч ойлгохын аргагүй байсан бөгөөд надтай утсаар ч яриагүй, зурвас ч бичээгүй шалтгаангүйгээр ямар ч утга учиргүйгээр гэнэтхэн уурлаж хүмүүсийг эвгүй байдалд оруулсан, тийнхүү ойлгомжгүй бүдүүлэг зан гаргаснаа надтай холбож тайлбарлаад байна гэсэн тул тухайн эмнэлгээс тэр тусмаа Б эмчээс маш аюултай эмчилгээ үйлчилгээ удаа дараа авч байсны хувьд Ер нь энэ эмнэлэг ямар учиртай  газар вэ? Эмч нь мэргэжлийн хүн мөн л байдаг байгаа даа, хууль журмын дагуу ажилладаг юм боловч уу? гэх зэрэг эргэлзээ хардлага өөрийн эрхгүй төрдөг юм билээ, тиймээс энэ талаар мэргэжлийн байгууллагад нь хандаж шалгуулах боломжтой шүү гэдгийг ойлгуулах нь зүйтэй юм байна гэж бодогдсон.

Яагаад гэхээр, эмч, эмнэлгийн мэргэжилтэн гэдэг бол Эрүүл мэндийн тухай хуулийн 27.1-т “Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийг их эмчийн мэргэжлээр төгссөн хүн бүр "Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая, тангараглая, тангараглая" гэсэн тангараг өргөнө”, 28.4-т “Эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэг хүлээнэ:”, 28.4.1-т “эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх”, 28.4.2-т “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.З-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх”, 28.4.3.үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэж зааснаар эрдэнэт хүний алтан амь нас эрүүл мэндийн төлөө эрдэм чадлаа зориулах, энэрэн сэтгэлтэн байхаар тусгайлан заасан этгээд билээ.

Хүний алтан амь, эрүүл мэндийг сахин хамгаалах тангараг өргөсөн эмч хүн гэдэг нь бол хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн дээдэлж мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх хуулиар хүлээсэн үүрэгтэй байна. Энэ ч утгаараа аливаа хүн эмч, эмнэлгийн мэргэжилтэнд итгэхийн дээдээр итгэж, тэднээс зөвхөн сайн сайхныг л хүсэн хүлээж байдаг. Миний хувьд ч С гоо сайхны эмнэлэг болоод Б гэдэг эмчид чин сэтгэлээсээ итгэж үйлчлүүлж, төрсөн охиноо хамтраад цааш ажиллаасай гэдэг үүднээс танилцуулаад явсан.

 Түүнчлэн миний бие өмнө нь хоёр удаа Б эмчээр маш эрсдэлтэй аюултай эмчилгээ, үйлчилгээ хийлгэж байсан.

3.Миний хувьд тус эмнэлгээр өмнө нь үйлчлүүлж байхдаа мөн сүүлд энэхүү гомдолд дурдсан үйл баримт л баримт болсон тухайн өдөр ч шүүгчийн албан тушаалтны хувиар тус эмнэлэгтэй, эмчтэй харилцаагүй бөгөөд тус эмнэлгийн зүгээс болон Б эмчийн зүгээс надад та шүүгч учир бид тантай харилцаж байна, танд үйлчилж байна гэж огтоос хэлж хандаж байгаагүй.

4.Миний хувьд тухайн үед иргэн хүнийхээ хувьд тус эмнэлэг эмчтэй өөрийн гэр бүлийн хүнд эмнэлгийн үйлчилгээ авхуулах, хүүхдээ тус эмнэлэгтэй хамтран ажиллахад нь зуучлах танилцуулах хэлбэрээр зөвхөн нийгмийн харилцаанд оролцсон боловч ямар ч үндэслэлгүйгээр намайг уурлаж загнасан гэж гүтгэсэн тул тус эмч Б-т болон эмнэлэгт нь эргэлзээ төрсөн бөгөөд шүүгчийн албан тушаалтай холбоотой харилцаа тогтоож явагдаагүй тул жирийн иргэн хүнийхээ хувьд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль журмын хүрээнд тус эмнэлгийн үйл ажиллагааны талаар гомдол саналаа гаргах иргэний эрхээ эдлэх боломжтой гэж үзсэн.

Тухайлбал, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх хяналт тавих журмыг батлан гаргасан байх бөгөөд уг журмын 1.2-т “иргэдээс яам болон яамны харьяа байгууллагуудад хандаж, амаар, бичгээр цахим сүлжээгээр, 1111 төвөөр болон нээлттэй утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх, хариу өгөх, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна”, 3.1-т “Өргөдөл гомдлыг хүлээн авсан албан хаагч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хугацааг баримтлан хариу өгнө”, мөн журмын 2 дугаар хавсралтын Өргөдөл гомдлын агуулга гэх хэсэгт “Эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмжтэй холбоотой, эмч, эмнэлгийн ажилчдын мэргэжлийн чадвар, харилцаа, хандлага, ёс зүйтэй холбоотой” гэх зэрэг зохицуулалтаас үзвэл Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд эрүүл мэндийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэгч этгээдийн талаар гомдол санал гаргах иргэний эрх хуулиар нээлттэй байна.

5.Түүнчлэн ийнхүү бусад иргэн, нийтэд хандаж эмчилгээ үйлчилгээ үзүүлэгч хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг буюу шүүгчийн хувийн иргэний эрхийг шүүх, шүүгчийн эрх зүйн байдлыг хуульчлан тогтоосон хуулиар ч мөн хязгаарлаагүй байна.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус, халдашгүй байдлын үндсэн зарчмаас хамааран шүүгчийн хувийн буюу иргэний эрхэд дараах хязгаарлалт тогтооно:”, 53.1.1-т “улс төрийн намд харьяалагдах”, 53.1.2-т “улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллага болон иргэдэд улс төр, шашны асуудлаар байр сууриа илэрхийлэх”, 53.1.3-т “хөдөлмөрийн маргаанаа зохицуулах зорилгоор албан үүргээ орхих, зогсоох” гэж заасан.

            Хуулийн дээрх зохицуулалтад шүүгчийн хувийн буюу иргэний бусдын талаар өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан хориглосон зохицуулалт Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгагдаагүй байна.

Бодит амьдрал дээр шүүгчийн хүүхдийг зодсон, элдвээр хараа хяналтгүй орхиж гэмтээсэн, гэр бүлийнх нь гишүүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан, ялгавартай хандсан, ажил албан тушаалаас нь халсан, сурч боловсрох эрхэд нь аливаа хэлбэрээр халдсан, хязгаарласан зэрэг төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалтантай холбоотой асуудал гарсан тохиолдолд шүүгч нараас сургууль, эмнэлэг, ажил олгогч зэрэгтэй биечлэн уулзаж, гомдол санал гаргасан талаар бие биедээ ярьж л байдаг, энэ мэт асуудал бол шүүгчийн хувийн буюу иргэний эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр гэдэг нь ямар ч эрх зүйн мэдлэггүй хэнд ч ойлгомжтой энгийн асуудал билээ.

Гэтэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэж, хэрүүл хов болгосон эмчийн үйлдэл үйл ажиллагаанд эргэлзэж энэ талаар нь шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг бусдыг дарамталсан гэж үзэж байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Жишээлэхэд шүүгчийг огт үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт гүтгэсэн байлаа гэж үзье, эсхүл жижиг хулгайн хэрэгт гүтгэсэн байлаа гэж үзье.

 Энэ тохиолдолд гүтгэгдсэн шүүгчийг гүтгэгч этгээдийн үйлдэл үйл ажиллагаанд эргэлзэж болохгүй, түүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал гаргаж болохгүй, хэрэв тийм үйлдэл гаргавал бусдыг дарамталсан гэж үзнэ гэх нь дэндүү өрөөсгөл, гүтгэгч этгээдийн бүх үйлдэл үйл ажиллагаа нь ариун цагаан хэн ч түүнд гомдол гаргаж, аливаа зүйлийг нь шалгуулж болохгүй гэж түүнийг хамгаалсан хаацайлсан үйлдэл үйл ажиллагаа гэж үзэхээр өөр аргагүй байна.

6.Мөн миний бие өмнө нь хоёр удаа тус эмнэлгээр тухайлбал, Б эмчээр үйлчлүүлж байсан бөгөөд төлбөр төлөх үед бэлэн мөнгөөр төлөх шаардлага тавьдаг байсан. Тухайн үед гайхаж байсан ч төлбөрийг бэлнээр төлж байсан. Мөн манайх ашиг орлого багатай байдаг гэсэн шалтгаанаар НӨАТ-ын баримт огт өгдөггүй байсан.      

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:” 2.7-д “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 8-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:” 8.1-т “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь”, 8.2-т “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 8.3-т “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх мэт байдлаар татвар төлөгч хуулийн этгээд үйлчлүүлж байгаа этгээдэд төлбөрийн баримт олгох үүрэгтэй.

Татварын ерөнхий хуулийн  3.1.Энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна”, 5 дугаар зүйлийн  5.1-т “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 5.1.1-т “зайлшгүй байх”, 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-т “шударга байх”, 5.1.4-ь “үр ашигтай байх” гэж заасан.

С эмнэлэг бол тусгай зөвшөөрлийн үндсэн дээр иргэдэд гоо сайхны эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд гэж ойлгож байгаа. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэн боловч хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах учиртай, иргэд хуулийн этгээдийн зүгээс өөрийн үйлчилгээ авсан, авдаг байгууллага, тэр тусмаа эмчийн үйлчилгээ нь тусгай зөвшөөрөл, үйлчилгээний чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлуулах эрхийг ямар нэгэн хязгаарлалттайгаар /албан тушаал эрхэлдэг хүн бол гомдол санал гаргаж болохгүй гэх мэтээр/ зааж хуульчилсан зүйл огт байхгүй гэж үзнэ.

Сахилгын хорооны гишүүний дүгнэлтэд шүүгч хүн иргэнийхээ хувиар нийгмийн харилцаанд оролцохдоо бусдын үйлдэл үйл ажиллагааны талаар тэр тусмаа өөрөө үйлчилгээг нь авдаг эмнэлэг, эмчийн талаар огт гомдол санал гаргаж болохгүй гэх хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт, тайлбар хийгдээгүй байна.

7.Миний бичсэн зурваст албан тушаалаа ашиглан ямар нэгэн байдлаар шалгуулах талаар, шалгуулсны үндсэн дээр тус байгууллагыг үндэслэлгүйгээр хохироох талаар огт дурдагдаагүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1-т “Шүүгчид дараах зүйлийг хориглоно:”, 50.1.31-т “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасан.

Хуулийн дээрх заалтад хэдийгээр албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэж тодотгон заагаагүй ч шүүгч хүн албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, эсхүл түүнтэй холбоотой аливаа тохиолдолд албан тушаалтайгаа холбосон байдлаар бусад хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхсан, дарамт шахалт үзүүлсэн бол яах аргагүй дарамталсан гэж үзэх боломжтой юм.

Харин иргэнийхээ хувиар нийгмийн харилцаанд оролцохдоо аливаа байгууллагын үйл ажиллагааны талаар хуульд заасан хүрээнд эрх бүхий этгээдэд хандаж, хуульд заасан хүрээнд хяналт шалгалт хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх нь бусдыг дарамталсан гэсэнд тооцогдох хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

8.Шүүхийн сахилгын хорооны гишүүний дүгнэлтэд …” дарамтлах” гэдэг үгийн утгыг Монгол хэлний тайлбар тольд “тээр саад болох, дарамт болох, хүчлэн дарангуйлах, дарлах” гэх утгыг илэрхийлнэ гэж тайлбарласан байх бөгөөд “дарлах” гэх угийн утгыг бусдыг дарангуйлан зовоох, дээрэнгүйлэн доромжлох” гэж тайлбарласан байна” гэжээ.

Дээрх дүгнэлтэд дарамтлах, дарлах гэсэн хоёр үгийн талаарх Монгол хэлний тайлбар тольд тайлбарласан тайлбарыг дурдсан байх боловч шүүгч миний Б эмч рүү илгээсэн танай байгууллагыг шалгуулна шүү гэсэн хэсэг нь иргэний хувиар тухайн байгууллагатай харилцсанд тайлбар дүгнэлт өгөөгүй буюу шүүгчийнхээ хувьд ийнхүү шалгуулна гэж дарамталсан  байна, тэр нь энэ байдлаас харагдаж байна гэх зэрэг байдлаар аливаа үндэслэл тайлбар тусгагдаагүй байх тул сахилгын нотлох дүгнэлт үндэслэл бүхий болоогүйг илэрхийлж байна. 

9.Мөн ийнхүү иргэнийхээ хувьд харилцдаг байгууллагаа шалгуулах талаар мэдэгдэх нь хуульд заагаагүй буюу иргэний үүрэгт хамаарахгүй, иргэн хүн харилцаж эмнэлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын үйл ажиллагаанд эргэлзсэн тохиолдолд Эрүүл мэндийн сайдын журамд заасанчлан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх, Татварын хуульд заасан хүрээнд татвар төлөгчтэй холбоотой гомдол гаргаж шийдвэрлүүлж болохоор заасан хуулийн зохицуулалтыг хэрхэн үгүйсгэж няцааж, Н.Хонинхүү гэх хүнийхээ хувьд миний бие энэ мэт гомдол санал гаргаж шийдвэрлүүлж болохгүй байхаар заасан хязгаарлалт хэрхэн үйлчилж байгаа талаарх эрх зүйн үндэслэлийг тайлбарлагдаагүй, дүгнэгдээгүй байхаас гадна ийнхүү тус байгууллагын үйл ажиллагаанд эргэлзэх шалтгаан нөхцөл үүссэн гэж тайлбарласан байхад энэ талаар огт дүгнэхгүйгээр иргэд хоорондын харилцааны зүйлийг шүүгчийн хувьд иргэний эрхийн хязгаарлалтад хамаарах нөхцөлд хамаарч байгаа мэтээр дүгнэж, албан тушаалын хувьд дарамталсан мэтээр ойлгож сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Өмгөөлөгч П.А-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүүд холбогдуулан гаргасан мэдээлэлд Сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ГЗҮ/2025/0055 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ГНД/2025/0020 дугаартай сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдсэнийг Сахилгын хорооны 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, СХТ/2025/0077 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаан шийдвэрлэсэн байна.

          Үүний дагуу илтгэгч гишүүнээс дахин шалгах ажиллагааг явуулаад, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ГНД/2025/0027 дугаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдсэнийг Сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн СХТ/2025/0117 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаажээ.

          Илтгэгч гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.3.4 дэх заалтад заасан үндэслэлээр гаргасан татгалзан гарах хүсэлтийг Шүүхийн сахилгын хорооны даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ДЗ/2025/0312 дугаар захирамжаар хангасан тул тус хэрэгт шалгах ажиллагаа явуулах илтгэгч гишүүнээр гишүүн Х.Хашбаатар томилогдон, хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шалгах ажиллагаа явуулан 2026 оны 02 дугаар сарын 25-ны  өдрийн СХТ/2026/0025 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн СХТ/2026/0025 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаан шийдвэрлэсний дагуу дахин ажиллагааг явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

          Нэг. “...шүүгч Н.Хонинхүү нь ... байрлах S гоо сайхны эмнэлгийн захиралтай ярилцаад 1 өдөр тоног төхөөрөмжийг нь түрээсээр ашиглахаар болсон байна. Тухайн үед ойлгуулахдаа өөрийн охин нь тусгай зөвшөөрөлтэй компанитай, гадаадаас эмч ирнэ, ах дүү нартаа жижиг мэс ажилбар хийлгэнэ, тохирсон хөлсийг төлнө. Гэвч 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хоёр солонгос эмч, сувилагч нар ирж гаднын хүмүүст мэс засал хийжээ. ...тухайн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан өөрийн нөхөртөө мэс засал хийлгээд эмнэлгийг бохирдуулаад, юу ч болоогүй мэт, ...загнаад гараад явчихжээ. ...мөн өдрийн орой Н.Хонинхүү шүүгч нь эмнэлэг рүү залгаад “Чи миний охин руу залгаж, түрээсийн өмнө нэхэж дарамталсан байна, танай эмнэлэгт аудит оруулна, шалгуулна шүү” гэх зэргээр загнаж, айлгаж, сүрдүүлсэн” гэх мэдээллийн тухайд:

          Шалгах ажиллагаагаар шүүгч Н.Хонинхүү нь өөрийн үйлчлүүлж байсан “S” гоо сайхны эмнэлгийн захирал Г.Б-ийг охин Ж.Б-тай холбон өгч, тус эмнэлэгт 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ж.Б-тай хамтран ажилладаг Бүгд Найрамдах Солонгос улсын эмч нар ирж, шүүгч Н.Хонинхүүгийн нөхөр Д.Ж, шүүгч ... нарт нүдний мэс ажилбар хийж, үүнээс шалтгаалан тус эмнэлгийн захирал эмч Г.Б, шүүгч Н.Хонинхүү нар хоорондоо маргалдсан болох нь тогтоогджээ.

Энэ талаар холбогдох шүүгч Н.Хонинхүү “.... Би болон миний танил, хамаатны дүү нар эмчилгээ үйлчилгээ хийлгэдэг эмч Э.Б-ийг таних учраас түүнтэй уулзаж “танай дээр БНСУ-аас ирсэн эмч мэс ажилбар хийж болох уу гэж асуулгаж байна чи зөвшөөрөх эсэх талаар манай охинтой холбогдож болох уу чиний утсыг охиндоо өгчих үү” гэж асуусан нь үнэн, Г.Б эмч Солонгос эмчийн мэс ажилбар хийж байгааг бид өөрсдөө харж юм сурч авъя гээд зөвшөөрсөн аястай байсан тул би түүний утсыг охиндоо өгөөд орхисон.

Маргааш нь өглөө охин маань өдөрлөг болж байгаа газар луу явахдаа Б эмчтэй ярьж тохирсон, Солонгос эмч, сувилагч болон орчуулагчтай очиж аавд болон таны танилд мэс ажилбар хийнэ гэж хэлээд явсан.

Манай нөхрийн нүдний зовхинд мэс ажилбар хийнэ гэсэн тул би нөхрөө аваад өглөө очсон. ...Хагалгаа хийж дууссаных нь дараа би нөхрөө очиж авсан. Тэр үед надтай хамт ажиллаж байсан хүн /хувь хүний нууц гэдэг утгаар нэрийг нь бичихгүй байхаар шийдлээ/ мөн нүдэндээ мэс ажилбар хийлгэхээр ирсэн хүлээж байсан бөгөөд гарах үед Б эмч хагалгаа хийж байсан Солонгос эмчийг үдээс хойш эмнэлэг дээрээ байлгаж, бүтэн өдөр ажиллуулмаар байна гэсэн утгатай зүйл хэлсэн, тэр үед охин маань утсаар залгасан, би Б эмчийн хэлснийг ...охиндоо хэлсэн, охин өөдөөс “эмч өөр товлосон ажлуудтай байгаа даа” гэж хэлж байсан. Охины ярьсныг би Б эмчид хэлсэн. ..Харин намайг гарсны дараа Б эмч надтай хамт ажиллаж байсан хүнд хагалгаа хийж байхад нь Солонгос эмч рүү орж “одоо гар, боль, ер нь та нараар эмнэлэг дээрээ юм хийлгэхээ болилоо” гэх зэргээр гэнэт л уурлаж хагалгаа хийж байгаа эмчийг болон хагалгаа хийлгэж байгаа өвчтөнийг маш хүнд байдалд оруулсан гэсэн” гэх тайлбарыг,

Гэрч Ж.Б /шүүгчийн охин/ “...2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би үдээс хойш 17-18 цагийн үед “S” гоо сайхны эмнэлэгт очсон. Очсон шалтгаан нь өдөр Г.Б эмч мэс засал явагдаж байхад Солонгос улсын эмчийг “гар, боль, мэс заслаа зогсоо” гэж хэл ам хийсэн байсантай холбоотой юм.  Ер нь Солонгос улсын эмч, сувилагч нар надад энэ тухай утсаар хэлээд “яагаад ингээд байгаа юм бэ, ямар учиртай юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би Г.Б рүү залгаж ярьтал “өглөө ээж чинь ирээд гар хуруугаараа чичилж загнаад, намайг элдэв янзаар доромжилсон” гэж хэлэхэд нь би “ямар шалтгаантай юм бол, тэгэх учиргүй дээ. Би ээжтэй холбогдъё” гэхэд Г.Б “эмч нар чинь манай багаж төхөөрөмжийг ашиглаад байна. Ээж чинь гэнэт намайг загнаж доромжилсон тул мэс заслаа зогсоогоод манай эмнэлгээс одоо гар” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж рүү залгаад “мэс заслаа зогсоо гээд шаардаад байна шүү дээ. Та Г.Б-ийг загнасан уу” гээд лавлаж асуухад ээж “би аавыг чинь аваад явж байна, тийм зүйл болоогүй. Би яасан гэж тэгэх юм бэ. Харин Г.Б үдээс хойш Солонгос улсын эмчээр өөрийнхөө хамраа янзлуулж болох уу гэж байсан. Тэгэхээр нь би эмч нь үдээс хойш ажилтай гэж байсан, гэхдээ манай охинтой яриарай гэж хэлээд гарсан” гэсэн. ...Тэр өдрийн өглөө аав Д.Ж-ы нүдний зовхи унжсаны улмаас сормуус нь нүд рүүгээ хатгаад нүдний өөх үүссэн тул өглөө нь тэнд мэс засалд орсон.

Дараа нь ... нүдний дээд доод зовхи татах мэс засалд орсон. ...ыг мэс засалд орж байхад дээрх нөхцөл байдал үүссэн. ...Миний бодлоор Г.Б нь тухайн үед өөрийнхөө хамрыг Солонгос улсын эмчээр янзлуулах гэсэн боловч боломжгүй болсон учраас гэнэт уурлаж, асуудал үүсгэн, манай ээжийг намайг доромжилсон гэж гүтгэсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлгийг өгсөн.

          Харин гэрч Г.Б /эмнэлгийн захирал/ “...2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш буюу сарын сүүлээр над руу утсаар холбогдоод “манай хүү, охин хоёр Солонгос улсаас эмч зуучилж авчраад гоо сайхны эмнэлгүүдээр явж гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилж, танилцуулдаг. Солонгос улсын эмч нар нь Монгол улсад ямар нэгэн өдөрлөгт оролцох гэж байгаа. Танай эмнэлэг дээр сургалт явуулъя” гэсэн. ...Тухайн үед шүүгч эмнэлгээс тоног төхөөрөмж түрээслэх, үйлчлүүлэгч эсхүл ах, дүү нараа ч юм уу хэн нэгэн хүнд үйлчилгээ үзүүлэх талаар огт яриагүй, харин сургалт явуулна л гэж ярьсан. ...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ...манай эмчилгээний нэг өрөөнд 1 эрэгтэй, 1 эмэгтэй Солонгос, 1 орчуулагч гээд шүүгчийн хүү нь мөн эмчилгээ хийлгэж байна гэсэн нэг эрэгтэй, түүний эхнэр нар байсан. Тэгэхээр нь би “та нар яагаад зөвшөөрөлгүй эмчилгээ хийж байгаа юм бэ? Та нар надтай эмчилгээ хийнэ гэсэн гэрээ байгуулаагүй, эмчилгээгээ яг одоо шууд зогсоо” гээд маргаан үүсгэхэд шүүгчийн хүү нь манай эгчтэй ярь танд тайлбарласан байх ёстой, хариуцдаг хүн нь юм” гээд ...эгч нь над руу яриад бид маргалдсан. ...би шүүгч Н.Хонинхүүтэй утсыг аваад ярихад тэрээр “чи яагаад хэл ам татлаад байгаа юм бэ, танайд аудит оруулна. Манайх олон эмнэлгээр явж байсан, ийм хэл ам гаргаж байсан  эмнэлэг байгаагүй. Халтар тавчиктай захын хорооллын жижиг эмнэлэг байж юу нь сүртэй юм бэ бусад эмнэлгүүд Монголд байхгүй Солонгос эмч нарын эмчилгээг хажуугаас нь хараад сурдаг байхад чи баярлалаа гэхийн орон хэл ам хийлээ” гээд загнасан” гэх мэдүүлгийг өгчээ.

Дээрх шүүгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “S” гоо сайхны эмнэлэгт Бүгд Найрамдах Солонгос улсын эмч нар ямар үйл ажиллагаа явуулахаар хоорондоо тохиролцсон болох нь тогтоогдоогүй, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй.

Гэвч тухайн маргаанаас үүдэн шүүгч Н.Хонинхүү өөрийн ашигладаг ... дугаараас эмч Г.Б-ийн ... дугаарт 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 47 минутад “... Наад хэд чинь шахуу ажилтай яваа. Би чамайг залуу хүн, юмны учир ойлгоно гэж бодоод санал болгосон. Чи ийм муухай зан гаргах байсныг даан ч мэдсэнгүй би өөр олон эмнэлэг танина. Ганц чи эмнэлэгтэй биш шүү дээ. Чамайг эмнэлэг нээснээс хойших бүх зүйл дээр чинь аудит хийлгэе, ямар татвар төлснийг чинь, эмнэлэг чинь стандартын шаардлага хангасан үгүйг, яаж зөвшөөрөл авсныг чинь шалгуулна шүү” гэх зурвас илгээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүгчийн энэхүү үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-т “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Тодруулбал, шүүгч Н.Хонинхүү нь эмч Г.Б рүү зурвас илгээхдээ өөрийн ажил, албан тушаалаараа дамжуулан эрх бүхий байгууллагаар шалгуулах талаар дурдаагүй байх тул шүүгчийг албан тушаалаа ашиглан бусдад дарамт үзүүлсэн гэж үзэх боломжгүй.

Мөн энэ талаарх илтгэгч гишүүний “…шүүгчийн эмч Г.Б рүү бичсэн зурваст шүүгчийн албан тушаалын эрх мэдлээ ашиглан эрх бүхий байгууллагаар шалгуулах, улмаар хариуцлага тооцуулах агуулга илэрхийлэгдээгүй. ...иргэний хувиар нийгмийн харилцаанд оролцохдоо аливаа байгууллагын үйл ажиллагааны талаар хуульд заасан хүрээнд эрх бүхий этгээдэд хандаж, хуульд заасан хүрээнд хяналт шалгалт хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх нь бусдыг дарамталсан үйлдэл гаргасанд тооцох боломжгүй” гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Хэдийгээр шүүгч Н.Хонинхүүд холбогдуулан гаргасан мэдээлэл нь сахилгын зөрчилд тооцогдохгүй байх боловч шүүгч бусадтай албан болон албан бус байдлаар харилцахдаа шүүгчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл гаргахгүй байхад цаашид анхаарч ажиллавал зохино.

 

Хоёр. “...өмнө нь ч гэсэн гадаад эмч нарын төлөөлөл маягаар ажиллаж ашиг орлого олж байжээ. Энэ нь хуульд зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчиж байна. ... шүүгчийн гуйлга, ятгалгаар янз бүрийн мэс ажилбарт орсон шүүгч, ажилтнууд Захиргааны шүүхэд байдаг, зарим нь одоо ч ажиллаж байж магадгүй” гэжээ.

 Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүгч Н.Хонинхүүгийн нөхрөөс гадна шүүгч ... нүдний мэс ажилбарт орсон байх ба энэ нь гэрч ...ын “...шүүгч Н.Хонинхүү 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр юм уу 28-ны өдөр “манай охины ажилладаг компанийн шугамаар Солонгос Ганнамд байдаг эмч нар ирэх гэж байгаа” гэж хэлэхэд нь би гадагшаа явахгүй амар боллоо гээд баярлаж байсан, би мөнгө төлөөгүй, миний эхнэр маргааш нь билүүдээ төлсөн. Эхнэр утасны аппликшейнээр шүүгч Н.Хонинхүүгийн охины данс руу төлсөн.” гэх мэдүүлгээр тогтоогджээ.

Тус мэс ажилбарын төлбөрийг шүүгч ...ын эхнэр Э.Э-ийн “Х” ХХК-ийн ... дугаартай данснаас шүүгчийн охин Ж.Б-гийн “Х” ХХК-ийн ... дугаартай данс руу 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 

Мөн шалгах ажиллагааны явцад ирүүлсэн холбогдох шүүгч Н.Хонинхүүгийн “... Манай охин БНСУ-аас эмч нарыг авч ирж хагалгаа хийлгэж байгаагүй, тэр нь анхны удаагийнх байсан. Солонгос эмч нар хагалгаа хийх гэж ирээгүй, фестивальд оролцох гэж ирсэн. Манай нөхөр дархан хүн учраас нүднийхээ сорвиноос болоод ажлаа хийж чадахгүй байсан юм. Ийм учраас охин маань Солонгос эмч нарт үзүүлээд хагалгаа хийлгэе гэж л бодсон байх... миний дансаар охин маань аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан удаа байхгүй ...” гэх тайлбар,

гэрч Г.Б-ээс “... Н.Хонинхүү өөр гадаад эмч нар авч ирж эмчилгээ хийлгэж байсан тохиолдол гарч байгаагүй. Энэ нь анхны тохиолдол ...” гэж,

гэрч Ж.Б “... Өөр газарт мэс засал хийсэн зүйл байхгүй. Зөвхөн Б эмчийн эмнэлэгт л цаг товлож тохиролцоод хийсэн. Эмч нар өөр ажлын зориулалтаар ирсэн, тэр ажлынхаа дундуур хийсэн” гэж,

гэрч ... “...2014 онд шүүгч Н.Хонинхүүтэй нэг зарлигаар шүүгч болсон ба хамтдаа 2021 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд эмнэлэгт үзүүлсэн, зуучлуулсан тохиолдол байхгүй. Харин охин нь гоо сайхны эмнэлэгт ажилладаг гэж сонсож байсан боловч шүүгч Н.Хонинхүү хамт явъя, шүүгч нар гоо сайхны эмнэлэгт зуучлуулсан, үзүүлсэн талаар мэдэхгүй байна” гэж,

гэрч Б.Л “..хуучин хамт ажиллаж байсан хүмүүстэй таарахад тийм зүйл ярьж байгаагүй” гэж мэдүүлснээс үзвэл шүүгч Н.Хонинхүү нь дээрх мэс ажилбараас ашиг орлого олоогүй, бусад этгээдийг эмчилгээ хийлгэхээр зуучилсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Түүнчлэн шүүгч Н.Хонинхүүгийн ашигладаг ... гэх дугаар түүний охин Ж.Б-гийн “Ү” гэх нэрийн хуудсанд бичигдсэн байх ба тус нэрийн хуудас сахилгын хэрэгт хавсаргагджээ.

Энэ талаар гэрч Ж.Б “...Тухайн үед надад Монголын гар утасны дугаар байгаагүй, ямар ч ач холбогдолгүй байсан тул ээжийн дугаарыг бичсэн. Ач холбогдолгүй гэдэг нь Ү гэх эмнэлэг нь олон улсын фестивальд оролцсон ба тэд нэрийн хуудсанд “Монгол Улсын утасны дугаар байсан нь дээр биш үү, Монгол Улсаас Солонгос улсын манай эмнэлэгтэй шууд холбогдох боломжгүй шүү дээ” гэхээр нь бичсэн. Ээжийн дугаарыг өөрөөр ашигласан тохиолдол энэ тохиолдлоос өөр байхгүй. ...Ээж тэгэхэд “миний утасны дугаарыг хамаагүй бичиж болохгүй шүү дээ. Тэгээд ч чиний ажлыг би сайн мэдэхгүй, буруу зөрүү хэлбэл яах юм бэ” гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг өгч,

Холбогдох шүүгч “... Охины маань ажилладаг компанийн тараах материал дээр миний утасны дугаарыг тавьсан байсан юм байна лээ. Гэхдээ над руу миний охины ажилладаг компанийн талаар асууж нэг хүн ч залгаагүй. Дараа нь тараах материалд охины маань утасны дугаарыг сольж оруулсан байсан ...” гэх тайлбар гаргасан.

Мөн “М” ХХК-аас Ж.Б нь ... гэх дугаарыг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ашиглаж байсан гэх талаарх лавлагааг ирүүлжээ.

Иймд, Ж.Б нь Монгол улсад ашиглах гар утасны дугаар байхгүй байсан тул өөрийн ээж шүүгч Н.Хонинхүүгийн дугаарыг бичиж нэрийн хуудас хэвлүүлсэн, шүүгч энэ талаар мэдээгүй, мэдсэн даруйдаа болохгүй гэдгийг хэлж анхааруулсан, мөн шүүгчийг охиныхоо компанийн үйл ажиллагаанд оролцсон гэх баримт байхгүй тул шүүгч Н.Хонинхүүг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-т “өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж, тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд орох, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Гурав. “...энэхүү бизнесийн ажлаар байнга гадаад явдаг байж болзошгүй бөгөөд хувийн ажлаар явах бүртээ Монгол Улсын шүүгч гэсэн эрхэм алдар, хүндтэй албыг хашиж буйн хувьд төрөөс олгосон албан гадаад паспортыг ашигладаг байж болзошгүй” гэх мэдээллийн тухайд:

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд шүүгч Н.Хонинхүүгийн гадаад зорчсон талаарх лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас авахад 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар албан бичгээр “шүүгч Н.Хонинхүү ... дугаарын албаны гадаад паспортоор 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд тус тус 2 удаа Бүгд найрамдах Солонгос улс руу зорчсон” гэх лавлагаа ирүүлжээ.

Шүүгч Н.Хонинхүү нь шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар тушаалаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан, шүүгчийн “2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 17-ны өдрүүдэд Солонгос улсын Сөүл хотод анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нартай сургалт, семинарт оролцох ба сургалтын дараа 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах тул чөлөө олгоно уу” гэх хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дүгээр захирамжаар хүлээн авч, түүнд чөлөө олгосон байна.

Дээрх баримтуудаас үзвэл шүүгч Н.Хонинхүүг албаны гадаад паспортыг байнга ашигладаг гэж үзэхгүй, шүүгч 2024 онд Солонгос улсад зохион байгуулагдсан сургалт, семинарт хамрагдсан, эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн, 2022 онд ээлжийн амралттай байх хугацаандаа зорчсон тул шүүгчийг энэ үндэслэлээр  хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй. 

Дөрөв. “...шүүгч Н.Хонинхүү нь Солонгос эмч нартай нягт холбоотой байна. Солонгос эмч нар Монголд ирэхдээ хууль бус эм, тариа улсын хилээр нэвтрүүлж байгаад баригдаж, улмаар хураалгасан байна. Гэтэл шүүгч Хонинхүү нь өөрийн нэр хүндийг ашиглаж тус шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан, одоо Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст ажилладаг н.Л гэдэг хүн рүү залгаж, авч өгөхийг хүссэн” гэх мэдээллийн тухайд:

Мэдээлэлд дурдагдаж буй Б.Л нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016-2021 он хүртэл ажиллаж байсан бөгөөд тэрээр тус мэдээлэлтэй холбоотойгоор “... Оны өмнө байх. Над руу нэг дугаараас залгаж шүүгч Н.Хонинхүү сурталчилгааны материал ирсэн байна үүнийг хаанаас очиж авдаг вэ гэж асуусан. Гадаадаас мод, зүлэг тарих эко био сурталчилгааны материал ирсэн байна хаанаас авах вэ гэсэн. Тэгэхээр нь Чингис хаан нисэх онгоцны буудлаас эсхүл шуудангийн Гаалийн газрын терминалаас очиж авах байх та тэндээс асуу гэж хэлсэн. Хэрэв онгоцоор ирсэн бол Чингис хаан гаалийн газарт байгаа байх гэж хэлсэн” гэх мэдүүлгийг өгчээ.

Гэрч  Ж.Б /шүүгчийн охин/ “... 2024 оны 08 дугаар сарын сүүлээр Монгол Улсад болох үйл ажиллагаанд зориулж таны ажилладаг Солонгос Улсын компаниас бэлэгт өгөх хамтран ажиллаж байгаа эмнэлгүүд, манай байгууллагын нэрийн хуудас, боршур, гарын авлага, утасны гэр, наалт, тэмдэглэлийн дэвтэр, гарын тос, үзэг, бал, хэдэн ширхэг USB оруулж ирж байсан. Эдгээрийн талыг бид өөрсдөө авчирсан, талыг нь каргогоор явуулж байсан. Бид хилээр орж ирэхдээ албан бичигтэй ирж байгаа болохоор хураалгасан тохиолдол байхгүй. Каргогоор ирж байгаа материалуудыг аав авч, каргоны төлбөрийг төлсөн. Би аавд “төлбөрийн баримтаа өгөөрэй” гээд сүүлд нь аавд төлбөрийг нь өгсөн...” гэх мэдүүлгийг,

гэрч Д.Ж /шүүгчийн нөхөр/ “... охин ачаа явуулсан гээд фейсбүүк мессенжэрээр карго хүлээж авах бичгийн зургийг явуулсан. Нисэхийн гааль дээр очих байх” гэсэн. Би авах гэж очиход “нэг бараа олон ширхэгтэй, өндөр татвар авна гээд байхаар нь гааль дээр үлдээсэн. Тэгээд би Н.Хонинхүү рүү яриад хэлэхэд “гаальд байдаг нэг хүнээс асуугаадахъя” гэсэн. Гаальд байсан гэх бараануудыг бүгдийг нэг бүрчлэн тоолуулж авсан болохоор би санаж байна. ...Би гааль очиход “480.000 төгрөгийн татвар төл” гэсэн” гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.

Энэхүү мэдүүлгүүдээр шүүгч нь Б.Л-той утсаар холбогдон өөрийн охиноос ирүүлсэн барааг хаанаас авах талаар асууж ярьсан болох нь тогтоогдож байх тул дээрх “...хууль бус эм, тариа улсын хилээр нэвтрүүлж байгаад баригдаж, улмаар хураалгасан. н.Л гэдэг хүн рүү залгаж, авч өгөхийг хүссэн” гэх мэдээлэл нь үндэслэлгүй байна.

            Иймд илтгэгч гишүүний шүүгч Н.Хонинхүүд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2026/0060 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүүд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                                    ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                                С.ЭНХТӨР